Жил тутмын нэвтрүүлэг
Хувийн илчлэлтийн хүч


Хувийн илчлэлтийн хүч

2019 Сүмийн Боловсролын Системийн сургалтын шууд нэвтрүүлэг • 2019 оны 6-р сарын 12 • Сүмийн удирдах албаны байр 1-р давхрын танхим

Би өнөөдөр яриагаа эхлүүлэхийн өмнө хайрлаж, талархаж явдгаа илэрхийлмээр байна. Есүс Христийн сайн мэдээнээс гүн гүнзгий суралцахад нь өсвөр үеийнхэнд туслах агуу ажилд та бүхэнтэй хамт гар бие оролцох нь баяр баясгаланг авчирдаг. Би та нарт хайртай бөгөөд Их Эзэн таныг болон танай гэр бүлийнхнийг адислаасай гэж залбирдаг.

Би өнөөдөр Мормоны Ном дахь хувийн илчлэлтийн гурван загварын тухай яримаар байна.

Нэгдүгээрт, Есүс Христ болон Эцэгийн төлөвлөгөөний талаар гэрчилдэг ариун цэдгүүд Хоёрдугаарт, Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийг гүнзгийрүүлдэг Ариун Сүнсний гэрч Гуравдугаарт, Есүс Христийн талаар гэрчилж, хилэнцийн эсрэг зогсдог амьд бошиглогчид

Эдгээр загвар нь өнөө үед Есүс Христэд итгэх итгэлийг нэмэгдүүлж, хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд маш чухал, бүр амин чухал үүрэг гүйцэтгэдэг учраас тэдгээрийн талаар Мормоны Номд маш тодорхой, хүчтэй өгүүлсэн байдаг.1

Бид муу муухай, төөрөлдсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайныг муу, мууг сайн гэж өсвөр үеийнхэнд ятган ойлгуулахын тулд чадах бүхнээ хийж байгаа цаг үед амьдарч байна. Тэд Мормоны Номон дахь Шерем, Нихор, Корихор нарын адил Бурхан бидний хоорондын харилцаа, хайр, хүлээцтэй байдал, гэрлэлт, мөнхийн мөн чанар, гэр бүл зэрэг өөр олон зүйлийн талаар хуурамч сургаалыг зохиохын тулд зальхай тайлбар, сэтгэл татам санаа, сайтар бодож өгсөн нэр, зураг дүрс зэргийг ашигладаг. Хүмүүний эдгээр санаа, сургаалын олон нь “тэд [бүгдээрээ] бурханлиг байдлын дүртэй боловч, түүний хүчийг үгүйсгэдэг.”2

Бидний суралцагчдыг өдөр бүрийн мөч тутамд иймэрхүү захиасаар бөмбөгддөг ба тэдэнд Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд хувийн илчлэлт хэрэгтэй. Та нарыг хувийн илчлэлтийн дараах загваруудад сайн суралцахад нь суралцагчдадаа туслахын тулд чадах бүхнээ хийнэ гэдэгт би найдаж мөн залбирч байна.

Есүс Христийн талаар гэрчилдэг ариун цэдгүүд

Би эхлээд Есүс Христийн тухай гэрчилдэг ариун цэдгүүдийн талаар ярья. Энэ сэдвийн талаар Мормоны Номд тэр чигт нь өгүүлсэн байдаг. Энэ нь гуулин ялтаснуудаас эхэлдэг.3

Кордон эгчийн ярьсан Лебентэй холбоотой олж авсан Нифайн туршлага түүний амьдралд тохиолдсон маш чухал үйл явдал байсан юм. Нифай эдгээр цэдэг өөрт нь төдийгүй гэр бүлийнхэнд нь ямар чухал болохыг мэдэж авсан. (эшлэл) “Эцэг өвгөдийн хэлийг үр хүүхдүүддээ хадгалуулан үлдээхийн тулд бид энэхүү цэдгүүдийг олж авах нь Бурханы мэргэн ухаан буюу. …Мөн … бүх ариун бошиглогчдын амаар тэдэнд хэлэгдсэн … тэдгээр үгсийг өвлүүлэн үлдээхийн тулд болой.”4

Гуулин ялтаснууд нифайчуудын сүнслэг болоод шашны мөн нийгмийн хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. Тэдгээр нь хувийн илчлэлтийн болон Бурханы Хүү, Израилын Ариун Нэгэний ирэлтийн талаарх сүр жавхлант бошиглолуудын эх үүсвэр болсон. Тэдгээр нь бас Эцэгийн авралын гайхамшигт төлөвлөгөөний талаар хүчтэй гэрчлэлийг хуваалцсан юм. Гуулин ялтаснууд дээр бичиглэсэн ариун бошиглогчид Мессиаг дэлхийнхний нүглийн төлөө цагаатгал үйлдэж, зовж, үхэн мөн нүгэл болон үхлийг ялан дийлж, дахин босох болно гэдгийг гэрчилсэн.5

Түүнчлэн гуулин ялтаснуудад Эцэгийн Абрахамтай болон Израилын бүх угсаатай байгуулсан гэрээнүүд багтдаг. Лихай өөрийгөө Иосефын удам байсныг мөн түүний үр удам гэрээний хүүхдүүд; Бурханы Абрахамд өгсөн, үүнд хожмын өдрүүдэд Израилыг цуглуулна гэсэн амлалтын өв залгамжлагчид болохыг олж мэдсэн.

Лихай гуулин ялтаснуудыг ашиглан Аврагчийн талаар мөн Эцэгийн Израилын угсаатай байгуулсан гэрээний талаар заасан. Нифай, түүний дүү Иаков хоёр тэрхүү уламжлалыг үргэлжлүүлж, хожим нь Их Эзэнээс ирсэн зарлигийн дагуу өөрсдийн цэдгийг нэмжээ.6 Нифай ялангуяа ариун нандин, усташгүй цэдгүүдийг хөтлөхийн ач холбогдолд хөрвөгдсөн нэгэн байсан юм.7

Амлагдсан нутагт ирсэн эхний өдрүүдээс эхлэн нифайчууд цэдгийг бичиж, уншиж мөн заахыг ариун нандин, эрхэм дээд үүрэг хариуцлага хэмээн үздэг соёл уламжлалыг бий болгосон байна. Есүс Христэд итгэх итгэлийг болон үгсийг нь хайрлаж, хадгалахыг өөрсдийн үүрэг болгосон нифайчууд ариун нандин цэдгийг хөтөлж, уншиж, заадаг нийгмийг бий болгож чадсан.8 Албан ёсны цэдгүүдийг ялтаснууд дээр хөтөлдөг байсан ч цаг хугацааны явцад нифайчууд хэвлэх системийг хөгжүүлж, улмаар ариун цэдгүүдийг арай хөнгөн материал дээр хуулбарлан бичиж, өргөнөөр тараах боломжтой болжээ.9

Ариун цэдгүүдийг өргөнөөр тарааж байсан нь эцэг эхчүүдэд Их Эзэний зарлигуудыг хүүхдүүддээ заах, хүүхдүүдэд нь өөрсдийн үр хүүхдүүдэд заах маягаар зуун зууныг дамжуулан үлдээх боломжийг олгосон юм.10 Мозаягийн хөвгүүд гэх мэт номлогчид цэдгийг авч яван, леменчүүдэд заахдаа ашиглаж, гайхалтай сайхан үр дүнд хүрч байлаа.11 Алмагийн Хиламанд зааснаар ариун нандин цэдгүүд нь (эшлэл) “энэ хүмүүсийн оюун ухааныг тэлж, тийм ээ, мөн … Их Эзэн Бурханых нь мэдлэгт мөн Есүс Христ өөрсдийн Гэтэлгэгчдээ баясахад [олон мянган леменчүүдийг] хүргэсэн болой.”12

Амилсан Аврагч Өгөөмөр нутаг дахь ариун сүмд хүмүүст үзэгдэх үед энэ баяр хөөр оргилдоо хүрсэн юм.13 Өнөөдөр бидэнд Бурханы нигүүлсэл, бэлэг, хүчээр дамжуулан Мормоны Номын амьд Христийн цагаатгагч золиослол болон сүр жавхлант амилалтын гайхамшигт, хүчтэй гэрч байгаа билээ.14 Нифайчуудад байсны адил мөн тэдний ачаар Есүс Христийн талаар гэрчилдэг Эцэгийн авралын ариун нандин цэдгүүд бидэнд байгаа. Олон жилийн тэртээ Алма өөрийн хүү Хиламанд бошиглосончлон, Их Эзэн (эшлэл) “тэрээр өөрийн хүчийг ирээдүйн үеийнхэнд үзүүлж болохын тулд, өөрт буй мэргэн зорилгын улмаас эдгээр зүйлийг хадгалан үлдээ[сэн].”15

Тэр ирээдүй нь одоогийн бидний цаг үе юм. Их Эзэн өсөж буй залуу үеийнхэнд Өөрийн хүч чадлыг гайхамшигт арга замаар үзүүлж байна. Биднийг Мормоны Номон дахь Есүс Христийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдлын талаар заахад суралцагчид маань тэр хүчийг нь мэдэрдэг. Бидний суралцагчид Мормоны Номын үгэн дээр найрлах замаар хувийн илчлэлтийг эрэлхийлэх юм бол энэ нь гуулин ялтаснууд нифайчуудын хувьд ямархуу зүйл байсантай адил буюу Есүс Христ, Түүний гэтэлгэгч хүчийн гэрч мөн хувийн илчлэлт, баяр баясгалангийн ундарга болох болно.

Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийг гүнзгийрүүлдэг Ариун Сүнсний гэрч

Бид одоо Арин Сүнсэнд ханддаг. Амлагдсан нутгийг зүглэсэн Лихайн аян бол сүнслэг хүчийн аян байсан юм. Энэ бол Их Эзэн сүнслэг өдөөлт, зүүд, үзэгдэл, Өөрийн дуу хоолой болон тэнгэрлэг элчүүдийн айлчлалаар дамжуулан Лихай, Сариа хоёрт болон тэдний бүх хүүхдэд Ариун Сүнсний хүчээр зааж, тэднийг удирдан залж, тайтгаруулж байсан цаг үе байв. Нифай сүнслэг хүчийн эдгээр адислал (эшлэл) “түүнийг хичээнгүйлэн хайгч хэн бүхэнд Бурханы бэлэг болох Ариун Сүнсний хүчээр”16 ирсэн хэмээн тунхагласан.

Нифай Их Эзэнийг үнэхээр эрэлхийлж, Ариун Сүнсээр дамжуулан агуу илчлэлтүүдийг хүлээн авсан. Түүний өөрийн биеэр олж мэдэх гэсэн хүсэл эрмэлзэл бидний Мормоны Номын туршид хардаг загварыг бий болгосон юм. Нифай “Бурханы нууцыг мэдэх асар их хүсэлтэй байлаа.”17 Тэрхүү хүсэл нь түүнд нөлөөлж, тэр чин хүсэлтэйгээр “Их Эзэнд хандаж гуйн залбир[сан].”18 Түүний эрэл хайгуулын талаар Их Эзэн Нифайд (эшлэл): “Адислагдсан буюу чи, Нифай, итгэлийнхээ учир, зүрх сэтгэлийн номхон байдалд байж, намайг хичээнгүйлэн эрэлхийлсний учир болой”19 хэмээн хэлсэн.

Тиймээс энэ загвар нь мэдэхийг хүсэх, зүрх сэтгэлээсээ хичээнгүйлэн залбирах, даруу байх, Есүс Христэд итгэх итгэлтэйгээр хичээнгүйлэн эрэлхийлэх мөн Ариун Сүнсний бэлэг зэрэг юм.20 Бид энэхүү загварыг Инос, Алма нар болон Мозаягийн хөвгүүд, Лемонай хаан болон түүний аав, Аммоны хүмүүс, Хиламан болон түүний зоригт дайчид, бусад олон хүний амьдралаас хардаг.21 Нифайчууд болон леменчүүд зөв шударга байсан цаг үед Ариун Сүнсээр дамжуулан хувийн илчлэлт хүлээн авах явдал тэдний дунд өргөн тархсан байв.22

Итгэлтэй нифайчууд болон леменчүүд Ариун Сүнсний өөрсдөд нь илчилсэн зүйлсийн дагуу үйлдэж мөн тэдгээрийг бичиж авах бүрийд Их Эзэн тэднийг илүү ихээр адисалж байсан. Тэд Их Эзэний өөрсдөд нь өгсөн зүйлсийг эрхэмлэн нандигнасан учраас 23 Тэрээр тэднийг Өөрт нь итгэх илүү их итгэл, илүү гүн хөрвөлт, илчлэлтийн суу билгээр адисалсан. Тэдний Ариун Сүнсний хүчээр илчлэлт хүлээн авах чадавх өсөн нэмэгдсэн.

Алмагийн туршлага энэ загварын сайхан жишээ юм. Та нар санаж байгаа байх, тэр тэнгэр элчүүдийг харж, гайхалтай үзэгдлүүдийг хүлээн авсан ч Их Эзэнээс Сүнсний гэрчийг эрэлхийлэхээ болиогүй. (эшлэл) “Болгоогтун, миний ярьсан эдгээр зүйлүүд үнэнийг би мэднэ хэмээн би та нарт гэрчилж байна. Мөн би тэдгээрийн гарцаагүйг яахан мэдэх билээ хэмээн та нар бодож байна уу ?

Болгоогтун, би та нарт хэлнэ тэдгээр нь Бурханы Ариун Сүнсээр надад мэдүүлэгдсэн билээ. Болгоогтун, би өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьж бас залбирсан. Мөн эдүгээ би өөрөө тэдгээр нь үнэнийг мэднэ; учир нь Их Эзэн Бурхан өөрийн Ариун Сүнсээр надад тэдгээрийг үзүүлсэн юм; мөн энэ нь надад байгаа тэрхүү илчлэлтийн суу билэг бөлгөө.”24 (эшлэл төгсөв)

Ариун Сүнсний гэрч нифайчуудад болон тэдний амьдарч байсан нийгэмд маш их нөлөөлсөн.25 Аврагчийг төрөхөөс 91 жилийн өмнө Мозаягийн хөвгүүдийн леменчүүдэд хийсэн номлолоос илүү сайн жишээ байхгүй. Судруудыг хичээнгүйлэн судалж, мацаг барин, залбирснаар тэр номлогчдод “бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаa.”26

Леменчүүдийн дунд хийсэн тэдний ажил нифайчууд, леменчүүдийн түүхэн замналд хүчтэй нөлөөлсөн юм. 500 жилийн туршид анх удаа “мянга мянга[н] [леменчүүд] Их Эзэний мэдлэгт авчрагдав, … мөн тэд … тэрхүү цэдгүүд хийгээд бошиглолуудад сургагдав.”27 Энэхүү явдлын талаарх Мормоны дүрслэл Ариун Сүнсээр дамжуулан хувийн илчлэлт хүлээн авах загварыг эрэлхийлдэг Бурханы хүүхдүүдэд юу тохиох тухай бошиглолын амлалт юм. (эшлэл) “Аммон болон түүний ах дүүсийн номлолоор, илчлэлт хийгээд бошиглолын суу билгийн, мөн тэднээр дамжуулан гайхамшгуудыг үйлдэх Бурханы хүчний дагуу үнэний мэдлэгт авчрагдсан болгон нь, Их Эзэнд хөрвүүлэгдсэн …болгон …хэзээ ч итгэл алдраагүй.”28 (Эшлэл дуусав.)

Ах эгч нараа, энэ нь Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийг гүнзгийрүүлдэг Ариун Сүнсний гэрч болон хүч юм.

Есүс Христийн талаар гэрчилж, хилэнцийн эсрэг зогсдог бошиглогчид

Хувийн илчлэлтийн гурав дахь загвар бол “Их Эзэн ийн хэлж байна” гэж бүх хүнд шууд хэлэх хүч чадал болон эрх мэдлийг хүртсэн амьд бошиглогчид юм. Энэхүү агуу бошиглолын загварыг бид Мормоны Номын туршид хардаг. Тухайлбал: бошиглогчид Есүс Христийн талаар гэрчилж, Түүний сайн мэдээг заан, хүмүүсийг наманчлалд дуудан мөн өөрсдийн цаг үеийн хилэнцийн эсрэг сэрэмжлүүлж, зогсдог.29 Илчлэлтээр, ялангуяа тэнгэр элчүүдээс ирсэн илчлэлтээр дамжуулан Мормоны Номын бошиглогчид Есүс Христ, Түүний сургаал болон Цагаатгалын талаар гүн гүнзгий, гайхамшигт мэдлэгийг бидэнд өгсөн билээ.30

Бошиглогчид хүмүүсийг наманчлалд дуудахдаа шулуун, зоригтой байсан. Тиймээс бидэнд Мормоны Номон дахь Нифай, Иаков, Бенжамин хаан, Алма, Амюлек, Мозаягийн хөвгүүд, Ахмад Моронай, Мормон, Моронай нарын наманчлалын талаарх гайхалтай сургаалууд байдаг.31 Эдгээр агуу бошиглогч тодорхой, шуудхан мөн хайр, найдвараар заасан. Тэдний сургаалууд одоо ч гэсэн Ариун Сүнсний хүчээр бидний чихэнд сонсогдсоор байгаа билээ.

  • “Та нар сүнслэг байдлаараа Бурханаас төрсөн үү?”32

  • “Хэрэв та нар гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол … та нар одоо тийн мэдэрч чадна уу?”33

  • “Болгоогтун, та нар бардамналаасаа ангижирсан уу?”34

  • “Наманчлагтун, наманчлагтун, учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан билээ! … тэрээр бүх хүмүүнд урилга илгээдэг, учир нь нигүүлслийн мутар тэдний зүг сунгагдаж, мөн тэрээр: Наманчлагтун, мөн би та нарыг хүлээн авах болно хэмээн хэлэх болно.”35

Мормоны Номын бошиглогчид хүмүүсийг Есүс Христээс холдуулж, Түүний Сүмийг устгахыг эрэлхийлж байсан хилэнцэт хүмүүсийн эсрэг зогссон. Шерим, Нихор, Амлисай, Корихор, Амаликая болон өөр бусад хүн дайсанд хөтлөгдөн, маш чадварлагаар будилуулж, хууран мэхэлж байсан.36 Тэд хэл ярианы асар их мэдлэгтэй байсан бөгөөд мууг сайн, сайныг муу гэж санагдуулахын тулд зальт арга мэтийг эсвэл тайлбар хэрэглэдэг байсан.

Тэр хүмүүст долигонож, тэдний хий хоосон байдал, бардамнал, хүч чадалд шунах, өөрсдийн хүслийг хангах хүсэлд тааруулдаг байсан. Сударт тэд (эшлэл) “чөтгөрийн хүчний дагуу ярих ихээхэн хүчийг”37 (эшлэл төгсөв) ашиглаж мөн (эшлэл)“дуу хадаан ярив”38 (эшлэл төгсөв) хэмээн бичсэн байдаг. Хэдийгээр тэрхүү заасан сургаал, тайлбар, амлалтууд бүгд хуурамч байсан ч бүгд эгэл хүний сэтгэлийг ихэд татдаг байсан бөгөөд олон хүн Сүмээс холдсон ба бошиглогчдыг хилэнцийг зэмлэн, эсэргүүцэх хүртэл төөрөлдсөн хэвээр байв.39

Харин, үг нь хангалттай сайн үйлчлэхгүй бол тэр хилэнцэт хүмүүс аймшигт зүйл, аллага, дээрэм үйлдэж, өөрсдийн хилэнцэт үйлийг нуухын тулд нууц хуйвалдаануудыг зохион байгуулсан.40

Бошиглогчид хилэнцийн эдгээр хэлбэрийн эсрэг Бурханы энгийн, тодорхой үгсээр, Ариун Сүнсний хүчээр үүссэн гэрчлэлээр мөн Их Эзэний мутраар авчрагдсан гайхамшгуудаар дамжуулан эсэргүүцэн зогссон. Иаковын Шеримтэй уулзахдаа хэлсэнчлэн (эшлэл) “Их Эзэн Бурхан өөрийн Сүнсийг миний бодгальд юүлж, үүний хэрээр би түүний бүх үгсийнх нь тул түүнийг ичгүүрлэсэн бөлгөө.”41 (эшлэл төгсөв)

Амьд бошиглогчид өнөө үед Их Эзэний өмнөөс ярьдаг. Бид тэдний үгсийг Сүнсээр сонссоноор хувийн илчлэлтийг шууд хүлээн авч, бошиглогчдын ярьсан зүйлс үнэн гэдгийг баталсан илчлэлтийг хүлээн авдаг.42 Бид асуултынхаа хариултыг амьд бошиглогчдын үгсээс эрэлхийлэхийг суралцагчдадаа заахдаа, тэднийг илчлэгдсэн үнэний агуу эх үүсвэр рүү хөтөлдөг. Биднийг Есүс Христийн талаар гэрчилж, хилэнцийн эсрэг зогсдог амьд бошиглогчдыг дагах үед хувийн илчлэлт амьдралд маань урсан орж ирдэг гэдгийг суралцагчид маань мэдэж авдаг.43

Хувийн илчлэлтийн зарчмыг сайн сурах

Ах, эгч нар аа, бид ариун нандин цэдгүүд, Ариун Сүнсний гэрч мөн амьд бошиглогчдын Мормоны Номд хүчирхгээр өгүүлсэн хувийн илчлэлтийн талаар хамтдаа авч үзсэн.44 Бид тэдгээрийг тус тусад нь авч үзсэн ч тэдгээр нь хоорондоо нарийн уялдаа холбоотой. Үнэхээр тэдгээр нь “бүх юмсыг Христ дотор нэгтгэ[х]”45 сүүлийн эрин үеийн нэгэн хэсэг юм.

Хувийн илчлэлтийн эдгээр загвар хамтдаа Есүс Христийг гэрчилж, Түүнд итгэх итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийг гүнзгийрүүлдэг. Манай суралцагчид хувийн илчлэлтийн зарчим гэж юу болохыг мэдэж, оюун ухаан, зүрх сэтгэлдээ ойлгохын тулд үүнийг сайн суралцах хэрэгтэй. Тэд үүнийг олж авахын тулд хэрхэн шударга үйлдлийг үр дүнтэй хийхээ мэдэж, илчлэлтийн зарчимд өсөн хөгжиж, Аврагч Есүс Христтэйгээ улам адил болохын тулд хувийн илчлэлтийн зарчмыг гүн гүнзгий судлах хэрэгтэй.

Харин би одоо бидний буюу та нарын суралцагчдыг хувийн илчлэлтийн мөнхийн зарчмыг гүн гүнзгий суралцахыг эрэлхийлэх явцад нь та нарыг тэдэнд заагаасай гэж хүсэж байгаа хэдэн зүйлийг зөвлөх гэсэн юм.

Нэгдүгээрт, хувийн илчлэлт бол хувийн шинж чанартай зүйл юм.

Хэрвээ суралцагчид маань зүрх сэтгэл, оюун ухаанаа Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээн дээр төвлөрүүлэх юм бол тэд Түүний хайрыг мэдэрч, Сайн мэдээнд нь баясаж, Түүнд илүү ойртох болно. Түүний дуу хоолойг сонсож, гэрлийг нь хүлээн авах тэдний хүсэл өсөн нэмэгдэнэ. Хувийн илчлэлт бол хувийн шинж чанартай зүйл юм. Их Эзэн суралцагчдыг маань хувь хүнийх нь хувьд сайн мэддэг. Тэр тэдэнд төгс хайр, өрөвдөх сэтгэл болон хэрэгтэй мэдлэгээр хувь хүнийх нь хувьд хандан ярих болно. Илчлэлт Ариун Сүнсээр дамжин ирдэг ч Их Эзэний үгс юм. Тэр хайрлаж, ярьж, удирдан залж мөн хамгаалдаг. Энэ бол хувийн шинж чанартай зүйл юм.

Хоёрдугаарт, бүх суралчагчид маань хувийн илчлэлт хүлээн авах чадавхтай.

Хувийн илчлэлт Сүнснээс сүнсэнд ирдэг ба энэ нь Ариун Сүнс суралцагчдын маань мөнхийн сүнстэй харилцдаг тэнгэрлэг харилцаа юм.46 Суралцагчид маань Бурханаас хувийн илчлэлт хүлээн авах төрөлхийн чадавхтай. Энэ нь тэнгэрлэг хуулийн дагуу ажилладаг. Үүний тулд залбирах, мацаг барих, суралцах, сонсох, бичих мөн Есүс Христэд итгэх зэргээр цөхрөлтгүй илчлэлт эрэлхийлэх шаардлагатай. Ийнхүү хийх нь буюу хувийн зөв шударга байдал тэдний хүн нэг бүрд байдаг хувийн илчлэлтийн сувгийг нээж өгдөг юм.

Гуравдугаарт, суралцагчдын маань илчлэлт хүлээн авах чадавх өсөн нэмэгдэх боломжтой бөгөөд өсөн нэмэгдэх ч ёстой.

Суралцагчдын маань хувийн илчлэлт хүлээн авах чадавх өсөн нэмэгдэх боломжтой. Үнэндээ тэд сүнслэг байдлын хувьд амьд үлдэж, мөнх амьдралыг хүлээн авах гэж байгаа бол үүнийг өсөн нэмэгдүүлэх ёстой. Энэ нь бидний хувьд ч боломжтой. Тиймээс ерөнхийлөгч Нэлсон тэднээс (мөн биднээс) “илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлэхийг”47 хүссэн. Бошиглогч Иосеф “Бурханы Сүнсийг мэддэг ойлгодог болсноор, [суралцагчид маань] Христ Есүст төгс болох хүртлээ илчлэлтийн зарчмыг эзэмшиж болно”48 хэмээн заасан.

Эцэст нь, бошиглогчийг дагаснаар ирэх илчлэлтийн хүчийг хэзээ ч бүү дорд үз.

Суралцагчид маань гайхалтай бөгөөд хүнд хэцүү цаг үед амьдарч байна. Хэрэв тэд Их Эзэний бошиглогчийн зөвлөгөө, урилгыг дагах юм бол хамгаалагдан, адислагдах ба амьдралд нь илчлэлт урсан орж ирэх болно. Бошиглогч Их Эзэний өмнөөс ярьдаг. Сүүлийн үеийн нэг жишээг авч үзье. Ерөнхийлөгч Нэлсон суралцагчдад маань хандан “Өмнөх үеийнхнээс илүү дэлхийнхэнд нөлөөлж чадах та нарын чадвар Есүс Христэд үнэнч байх түвшнээс тань бүрэн хамааралтай. Та нарын хүн нэг бүр хамт амьдардаг хүмүүстээ сайн мэдээг зааж туслах үүрэгтэй. Семинар, институт нь гэр орноо итгэлийн дуган буюу Есүс Христийн сайн мэдээг зааж, судалж, үүний дагуу амьдарч, хайрладаг газар болгон өөрчлөхөд тань туслах болно”49 хэмээн бичсэн.

Ах эг нар аа, бошиглогчийг дагахад нь суралцагчдадаа туслаарай. Гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгоход эцэг эхдээ дэмжин туслах талаар тэдэнд заагаарай. Бас тэдэнд гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө Их Эзэнийг болон Түүний сайн мэдээг хайрлах хайраа хуваалцах тухай заагаарай. Тэд ийн үйлдсэнээр “баяр хөөрийг авчирдаг, амьдралыг авчирдаг … [ба] илчлэлт дээр илчлэлт” 50 хүлээн авна. Тэд Хиламаны их цэргийн адил өөрсдийн мэддэг бүх хүнд, ялангуяа гэр орныхондоо сүнслэг өдөөгч нь байх болно.

Гэрч

Хайрт ах, эгч нар аа, биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийнхээ талаар би гэрчилж байна. Тэр амьд. Есүс бол Христ, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Тэр амьд гэдгийг би мэднэ. Ариун Сүнс бидний амьдралд ажилладаг. Тэнгэрийн үүд нээлттэй байгаа. Энэ бол гайхамшгуудын, “Эцэгийн тааллаар түүний Хүү Есүс Христээр дамжуулан урагш илгээгдсэн … Сүнс”-ний 51 хүчээр ирдэг илчлэлтийн өдөр билээ. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ. Бидний хүн нэг бүр энэ агуу зарчмыг гүн гүнзгий суралцаж мөн амьдралдаа одоо төдийгүй мөнхөд хувийн илчлэлт хүлээн авахад нь суралцагч бүрдээ туслахын тулд Их Эзэнээс илчлэлт эрэлхийлэх болтугай.

Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Лихайн гэр бүлийг амлагдсан нутаг руу аялах зуур дараах гурван загвар тэдний гэр бүлд тавигдсан байв. Лихай бошиглогч байсан бөгөөд гэр бүлийнхэндээ бошиглосон; тэр Есүс Христийн талаар гэрчилж, наманчлалд дуудан, тэдний дундах хилэнцтэй тэмцсэн; Нифай эцгийнхээ адил хувийн илчлэлт эрэлхийлж, үүнийг зүүд, үзэгдэл, Сүнсний шивнээ, Их Эзэний дуу хоолойгоор болон тэнгэр элчийн тохинууллаар дамжуулан хүлээн авсан. Мөн тэдэнд Есүс Христийн талаар гэрчилсэн гуулин ялтаснууд дээрх ариун цэдгүүд байв.

  2. Иосеф Смит—Түүх 1:19-ийг үзнэ үү.

  3. Аав Лихай нь мэдлэгтэй, хэлний боловсролтой хүн байсан гэдгийг Нифай тодорхой хэлдэг. Цэдгийнхээ хамгийн эхэнд Нифай “Би Нифай, буянт сайн эцэг эхээс мэндэлсний учир, тиймийн тул миний бие эцгийнхээ бүхий л эрдэм мэдлэгт зарим талаар сургагдсан байв; … би иудейчүүдийн эрдмээс мөн египетчүүдийн хэлнээс боловсорсон эцгийнхээ хэлэн дээр цэдгийг товчоолох ажгуу. … Би, Нифай, эцгийнхээ бичсэн зүйлүүдийн бүрэн шастирыг үйлдэхгүй” (1 Нифай 1:1–2, 16) хэмээн хэлсэн.

    Лихай боловсролтой хүн байсан бөгөөд зүүд, үзэгдэл, бошиглолуудынхаа талаар өөрийн түүхийг бичсэн. Гэсэн ч Их Эзэн Лихайд хөвгүүдээ Иерусалим руу буцааж, Лебений хадгалж байгаа иудейчүүдийн цэдгийг авахуул хэмээн зарлигласан.

  4. 1 Нифай 3:19–20.

  5. Бидний одоогийн Библид байдаггүй, гуулин ялтаснуудад агуулагддаг бошиглогчдын бичээсийн жишээг 1 Нифай 19:10-аас үзнэ үү.

  6. 1 Нифай 6:4; 19:1, 21-ийг үзнэ үү. Гуулин ялтаснууд нь нифайчуудын түүхийн туршид ойлголт, илчлэлтийн эх үүсвэр болсоор ирсэн. Лихайгаас хойш 1000 жилийн дараа Моронай Эцэгийн гэрээнүүдийн талаар гуулин ялтаснуудад бичигдсэн Исаиагийн үгсээс эш татаж, Есүс Христийн гэтгэлгэгч хүчийг “Сэрэгтүн, мөн шорооноос өндийгтүн, Ай Иерусалим; тийм ээ, мөн үзэсгэлэнт өмсгөлөө өмс, Ай Сионы охин; … Мөнхийн Эцэгийн, Ай Израилын угсаа, та нартай хийсэн гэрээнүүд биелэгдэж болохын тулд …

    Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзагтун” (Mоронай 10:31–32) хэмээн дууджээ.

  7. 1 Нифай 6:4; 19:21-ийг үзнэ үү.

  8. Хэлний мэдлэгтэй байж, сурч боловсрох буюу цэдгийг уншиж, бичиж, хөтлөх зэрэг нь нифайчуудын нийгэмд гүн шингэсэн байсан учир үл итгэгчид хүртэл тэр чадварыг эзэмшсэн байдаг байжээ. Жишээлбэл, Ноа хааны ёсон бус пристүүдийн нэг болох Амюлон нь леменчүүдийн багш болсон бөгөөд тэдэнд уншиж, бичиж, цэдэг хөтлөхийг заасан. Бүр Гадиантоны дээрэмчид ч уншиж чаддаг, захиа бичдэг байв. Түүнээс гадна, шүүгчдийн засаглалын үед Нифайн хүмүүсийн дунд хуулийн заалт боловсруулан гаргахад цэдэг хөтлөгч, уншигч болон багш нарын нийгмийг үүсгэх нь маш чухал байлаа. Цэдгүүд мөн цэдэг хөтлөхийн зэрэгцээ үүнийг уншиж, заах нь Их Эзэний нифайчуудыг материаллаг болон сүнслэг байдлын хувьд адисалдаг чухал арга зам байв. Тэрхүү туршлагад өнөөгийн бидний амьдралд зориулсан хэв загвар агуулагдсан байдаг.

  9. Эдгээр цэдэг үйл хэрэг болж байгааг бид Бенжамин хаан хэлсэн үгээ бичүүлж, үгсийг нь сонсож чадахгүй байсан хүмүүст тараасан явдлаас харж болно. Абинадай Ноа хааны ёсон бус пристүүдэд Их Эзэний зарлигуудыг гуулин ялтаснуудаас уншсан явдлаас үүнийг харж болно. Алма, Амюлек хоёрын үгсэд итгэж, “наманчилж, судруудыг судалж эх[элсэн]” (Aлма 14:1) аммонайхачуудаас бид үүнийг харж болно. Итгэгчдийн эхнэр, хүүхдүүдтэй хамт “ариун судруудыг тээсэн цэдгүүдийг авчирч” (Aлма 14:8) галд хаян шатааж, устгасан байдаг.

  10. Moзая 1:2–5-ыг үзнэ үү.

  11. Аммон “цэдгүүд болон ариун судруудыг [Лемонай хааны] өмнө дэлгэ[сэн]” талаар Алма 18:36-аас үзнэ үү.

  12. Aлма 37:8–9-ийг үзнэ үү.

  13. 3 Нифай 11:8–17-г үзнэ үү. Хүмүүс баяр баяслаар дүүрч, Есүс Христийн талаар тэр орой мөн үе үеийн туршид гэрчилсэн. Залуу Алмагийн ач Нифай эдгээр ариун нандин явдлыг цэдэглэсэн ба тэдгээр нь Бурханы Хүүгийн амилалт болон цагаатгагч золиослолын гайхамшигт гэрч болдог.

  14. Их Эзэн Иосефт “Бурханы нигүүлслээр” (Сургаал ба Гэрээ 1:29) Мормоны Номыг орчуулах хүчийг өгсөн хэмээн хэлсэн. Нифай амьдралынхаа эцэст гэрээний зам дээр гарсан бүх хүнд Христийн үгсийг эрхэмлэн нандигнах уриалгыг өгсөн юм. Тэрхүү уриалга нифайчуудын түүхийн зуу зуун жилийн туршид гэр оронд болон сүмд мөн бошиглогчдын сургаалаар давтагдсаар ирсэн. Энэ нь бидний зүрх сэтгэлд сүнсээр өдөөгдсөн амлалтынхаа хамт ийнхүү нэвтрэн ордог. “Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20; налуу бичилт нэмэгдсэн).

  15. Алма 37:18 мөн Алма 37:14–19-ийг үзнэ үү. Гуулин ялтаснууд хадгалагдан үлдэж, одоо Моронайн халамжид байгаа. 1878 онд Иосеф Ф.Смит болон Оорсон Пратттай хамт ярилцлага өгөхдөө Давид Витмер үүнийг үнэн гэдгийг ийн гэрчилжээ. “Иосеф, Оливер бид гурав Мормоны Номын ялтаснуудыг төдийгүй, гуулин ялтаснуудыг, бас Еферийн ялтаснууд болон өөр бусад ялтсыг харсан. Иосеф, Оливер бид гурвыг модны тайрдас дээр сууж байтал гэрэл туссан бөгөөд энэ нь нарны гэрлээс өөр … илүү сүр жавхлантай, үзэсгэлэнтэй байсан нь үнэн билээ. … Тэгээд Мормоны Номын ялтаснууд, Лебений сэлэм, Лихайд байсан Бөмбөг буюу Луужин мөн орчуулагчдаас гадна олон Цэдэгтэй ширээ мэт зүйл харагдсан. Би тэдгээрийг яг энэ орыг харж байгаа шиг тодорхой харсан. … Бас Мормоны Номын ялтаснууд дээрх цэдгүүд Бурханы хүч, бэлгээр орчуулагдсан хэмээн тунхаглахыг амьдралдаа урьд өмнө сонсож байгаагүй тийм тод томруун хэлэх Их Эзэний дуу хоолойг сонссон” (David Whitmer, in Joseph F. Smith letter to John Taylor, Sept. 17, 1878, Joseph F. Smith papers, 1854–1918, Church History Library, Salt Lake City, 8–9).

  16. 1 Нифай 10:17 2-р Нифайд хүн хэрхэн Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах эрхтэй болж, Ариун Сүнс юу хийдэг талаар Нифай ийн хэлжээ. “Та нарын орох ёстой хаалга нь наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой; мөн тэгээд Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ирэх бөлгөө. … Хэрэв та нар уг замаар орвол та нар хүлээж авна хэмээн түүний өгсөн амлалт гүйцэлдэж, та нар Эцэг мөн Хүүг гэрчилдэг Ариун Сүнсийг хүлээж авсан билээ” (2 Нифай 17–18).

    “Хэрэв та нар уг замд орох, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно” (2 Нифай 32:5).

  17. 1 Нифай 2:16

  18. 1 Нифай 2:16

  19. 1 Нифай 2:19

  20. Энэ загвар Мормоны Номд өгүүлсэн хувийн илчлэлтийн талаарх олон туршлагаас тодорхой болно. Дараах зүйлсийг бодож үзнэ үү.

    Бүх зүйлийг өөрсдөө олж мэдэх хүсэлтэй байх

    Үнэнийг мэдэх, хариулт хүлээн авах, удирдамж, тайвшрал эсвэл уучлал хүлээн авах зэрэг хүслийг ихэнх тохиолдолд Бурханы үг өдөөж, хувийн илчлэлт эрэлхийлэх сэдлийг төрүүлдэг. Нифай “Бурханы нууцыг мэдэх асар их хүсэлтэй байсан” (1 Нифай 2:16). Инос өршөөл хүсэн, “бодгаль [нь] өлссөн байв” (Инос 1:4). Алма зүрх сэтгэлдээ “Ай Есүс, Бурханы Хүү та, … намайг нигүүлсээч” (Aлма 36:18) хэмээн хэлсэн. Энэ бол Бурханаас илчлэлт хүлээн авах жинхэнэ хүсэл юм.

    Чин хүслээр залбирах

    Чин хүсэл нь ихэнхдээ чимээгүй газар залбирахад хүргэдэг. Бид Тэнгэрлэг Эцэгээсээ илчлэлт эрэлхийлдэг бөгөөд мэдэх гэсэн хүслээсээ үүдэн гарсан чин сэтгэлийн залбирлаар үйлддэг. Энэ нь хүлээн авсан хариултынхаа дагуу үйлдэх чин хүслийн залбирал юм. Нифай, Инос, Алма болон Мозаягийн хөвгүүд, Хиламан болон түүний зоригт дайчид тийм л залбирлыг хэлсэн билээ (1 Нифай 2:16; Инос 1:4; Алма 17:3; Алма 58:10–12-ыг үзнэ үү).

    Хичээнгүйлэн эрэлхийлэх

    Илчлэлт эрэлхийлэх нь хичээнгүйлэн эрж хайхыг шаарддаг. “Өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьж бас залбирсан” (Aлма 5:46) Алмагийн тухай бод доо. Илчлэлтийг хичээнгүйлэн эрэлхийлэх нь судруудаас эрж хайх, унших, сурсан зүйлсийнхээ талаар тунгаан бодох, залбирах, мацаг барихыг хэлдэг. Энэ нь Тэнгэрлэг Эцэгт байнга хандаж, Түүний цаг хугацаанд найдахыг хэлдэг.

  21. Иаковын зааснаар, Ариун Сүнсээр дамжуулан ирдэг хувийн илчлэлтийн бэлэг нь сүнслэг бэлгүүдийг авчирч, Есүс Христэд итгэх итгэлийг өсгөн нэмэгдүүлж, Их Эзэнд хөрвөгдөх хөрвөлтийг илүү гүнзгийрүүлдгийг ийн заажээ. “Иймийн тул, бид бошиглогчдыг судалж байв, мөн бидэнд олон илчлэлт болон бошиглолын суу билиг байв; мөн бид эдгээр олон нотолгоотой болсон учир найдлага олж, мөн итгэл маань гуйвшгүй болно, үүний хэрээр бид Есүсийн нэрээр зарлиглаж чадаад мөн модод, бас уулс, бас далайн давалгаа бидэнд дуулгавартай байв.

    Гэсэн хэдий ч, энэ нь түүний ач ивээл мөн хүмүүний үрсэд хандах түүний агуу их хүлцлээр бид эдгээр зүйлийг хийх хүчтэй гэдгийг бид мэдэж болохын тулд Их Эзэн Бурхан өөрсдийн маань сул доройг бидэнд үзүүлдэг болой” (Иаков 4:6–7).

  22. Энэ нь Бурханы Өөрийн хүмүүстэй харьцдаг бүх арга замын хувьд үнэн юм. Жишээлбэл, тэнгэр элчүүдийн тохинуулал зөв шударга хүмүүсийн дунд олон тохиолддог байв. Алма “Учир нь болгоогтун, тэнгэр элчүүд манай нутагт энэ цагт [наманчлалыг] олонд тунхаглаж байна” (Aлма 13:24) хэмээн тунхаглажээ. Аврагчийг төрөхийн өмнөхөн “Тэнгэр элчүүд хүмүүнд, мэргэн хүмүүнд үзэгдэж, мөн тэдэнд агуу их баяслын баярт мэдээг тунхагла[сан]” (Хиламан 16:14).

  23. Сургаал ба Гэрээ 84:85-ыг үзнэ үү.

  24. Aлмa 5:45–46

  25. Алма Аммонайхагийн хүмүүст нифайчуудын эдэлж байсан гайхамшигт адислалуудын талаар мөн тэдний дунд Их Эзэний тогтоосон гэрээт нийгмийн мөн чанарын тухай заасан. Aлма 9:20–22-т тэд “Их Эзэний маш ихээр таалсан хүмүүс,” “тэдний хүсэл, мөн тэдний итгэл, мөн залбирлуудынх нь дагуу байсан, байгаа, мөн байх тэдгээр бүх зүйл тэдэнд мэдүүлэгдсэн,” “Бурханы Сүнсээр зочлогдсо[н]; … тэнгэр элчүүдтэй ярилцаж, Их Эзэний дуу хоолой өөрсдөд нь [ярьсан]” мөн “бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг мөн түүнчлэн олон бэлэг[тэй]” байсныг хэлсэн.

  26. Алма 17:3 мөн Алма 17:1–3-ыг үзнэ үү.

  27. Алма 23:5 мөн Алма 23:5–7-г үзнэ үү.

  28. Алма 23:6

  29. Бид энд бошиглогчдын үүрэг дээр анхаарч байгаа ч бошиглогчид бол үзмэрчид болон илчлэгчид гэдгийг мэддэг. Аммоны зааснаар, “Үзмэрч мөн илчлэгч мөн түүнчлэн бошиглогч; … үзмэрч өнгөрсөн зүйлийг, мөн түүнчлэн ирэх зүйлийг мэдэж чадна, мөн тэдгээр бүх зүйл илчлэгдэх болно, эсвээс, чухамдаа, нууц зүйлүүд үзүүлэгдэх болно, мөн далдлагдсан зүйлүүд гэрэлд гарч ирэх болно, мөн мэдэгдээгүй зүйлүүд тэднээр мэдэгдэх болно, мөн түүнчлэн өөр нөхцөлд мэдэгдэж болох зүйлүүд тэднээр мэдэгдэх буюу” (Мозая 8:16–17).

  30. Тэд үүнийг туйлын сүнслэг хүчээр үйлдсэн тул тэдний захиас сонсоход бэлтгэгдсэн хүмүүсийн зүрх сэтгэлийг нэвтлэн орсон. 1000 гаруй жилийн түүхийн туршид хүмүүс “баяр хөөрөөр дүүргэгдсэн” (1 Нифай 5:1; Мозая 4:3), “тэдний бодгалиуд үүрдийн үгийн гэрлээр гэрэлтүүлэгдсэн” (Aлма 5:7) мөн “Их Эзэнээр гэтэлгэгдсэн; … Сүнсээр төр[сөн]” (Мозая 27:24) тухай бид уншдаг. Олон тохиолдолд “сүмд нэгдэн мөн наманчлалд хүргэгдэн баптисм хүртсэн нь мянга мянгаараа байв” (Хиламан 3:24). Христийн сургаалын талаар мэдлэгийг маань гүнзгийрүүлдэг илчлэлтийг бошиглогчдод өгөхөд тэнгэр элчүүд ямар үүрэг гүйцэтгэдэг жишээг Мозая 3-аас үзнэ үү.

  31. 2 Нифай 31; Иаков 2; Мозая 3; Алма 5; Алма 18, Алма 34; Алма 46; Моронай 7; Моронай 8; Моронай 10-ыг үзнэ үү.

  32. Алма 5:14

  33. Алма 5:26

  34. Алма 5:28

  35. Aлмa 5:32–33

  36. Иаков 7:1–20 (Шерем); Алма 1:3–15 (Нихор); Алма 2:1–31 (Амлисай); Алма 30:3–59 (Корихор); Алма 46:3–11 (Амаликая)-ийг үзнэ үү.

  37. Иaков 7:4-ийг үзнэ үү.

  38. Алма 30:31-ийг үзнэ үү.

  39. Аврагчийн төрөх цаг дөхөх тусам хилэнцэт хүмүүс хилэнцэт зүйлийн араас улам ихээр хөөцөлдөж, нууц хуйвалдаануудыг байгуулсан (Хиламан 1:9–12; Хиламан 2:4–5-ыг үзнэ үү). Бүр Адам, Ева хоёрын цаг үед байсан эртний энэ зан үйлээр хилэнцэт хүмүүс хүч чадлыг олж, эд хөрөнгийг хураан, Сүмийг болон засгийн газрыг нураахын тулд нууцаар алж, дээрэмддэг бүлгийг байгуулсан байна. Тэд үгсээр биш, харин шийдэм, сэлэм, хутгаар зэвсэглэдэг байв. Тэд өөрсдийн хилэнцэт үйлсийн нууцыг хадгалахын тулд нэг нэгэнтэйгээ гэрээ байгуулж, амь насаараа тангараглан гэрээлж, хамгаалдаг байжээ (Хиламан 6:20–33; 3 Нифай 1:27–30-ийг үзнэ үү).

  40. Хиламан 1:9–12; Хиламан 2:4–5; Хиламан 6:20–33; 3 Нифай 1:27–30-ийг үзнэ үү.

  41. Иaков 7:8-ыг үзнэ үү.

  42. Энэхүү зарчмын талаар ярилцахдаа Хэнри Б.Айрингийн “Илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа” хэлсэн үгийг Ensign, Nov. 2014, х. 70–73 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х. 79–83-аас үзнэ үү.

  43. Энэ бол Их Эзэний Иосефт өгсөн захиасын утга байв. Тухайлбал: “Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг” (Сургаал ба Гэрээ 50:24). Хэдийгээр нифайчууд дандаа зөв шударга байгаагүй мөн тэдний дунд эсэргүүцэгчид үргэлж байсан ч бошиглогчид итгэлийн дөлийг нь хурц тод бадраасаар байсан. Эр зориг болон илчлэлтийн хүчээр тэд сэтгэлээр унаж, хавчигдан гадуурхагдсан итгэлтэй хүмүүсийг урамшуулан дэмждэг байв. Тэд олон хүнд Аврагчийг амьдралынхаа зангуу болгоход мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд тэднийг хөтлөн эсвэл эргүүлэн авчирсан хувийн илчлэлтийг хүлээн авахад тусалсан.

  44. Суралцагчид маань нифайчууд болон леменчүүд ариун нандин цэдэг, хувийн илчлэлт, амьд бошиглогчдоор хэрхэн адислагдсан талаар уншиж, мэдэж авч чадна. Тэд эдгээр гайхамшигт адислалын талаар унших яг тэр мөчид хүлээн авахад бэлэн байх аваас өөрсдөө үүнийг мэдэрч чадна. Мормоны Номыг судалж, үүнээс эрэлхийлэн, сүнслэг удирдамж хүлээн авахын төлөө залбирснаар суралцагчид маань Есүс Христийн сайн мэдээ болон Эцэгийн төлөвлөгөөний талаар мэдлэг, ойлголтыг хүлээн авч, сайн мэдээний дагуу хэрхэн амьдрах талаар суралцаж, уншсан зүйл нь үнэн гэсэн гэрчийг хүлээн авч чадна. Энэ бүхнийг тэд Ариун Сүнсний хүчээр хүлээн авах юм.

  45. Ефес 1:10-ыг үзнэ үү.

  46. Иосеф Смит энэ мөнх бус амьдралын туршид хувийн илчлэлт “бидэнд бие махбод байхгүй мэтээр сүнсэнд маань ирдэг юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 475) хэмээн заажээ.

  47. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 117.

  48. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 132

  49. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2019 оны 3-р сарын 22-ны Инстаграм дээрх захиас. Энэ захиасаар 2020 оны 1-р сараас семинарын хуваарь, хөтөлбөрт өөрчлөлт гарах тухай зарласан.

  50. Сургаал ба Гэрээ 42:61

  51. Сургаал ба Гэрээ 50:27