Жил тутмын нэвтрүүлэг
СБС-д гарч буй өөрчлөлтийн өв


СБС-д гарч буй өөрчлөлтийн өв

2021 оны И&С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2021 оны 1-р сарын 19, Мягмар гариг

Би та бүхэндээ талархахын сацуу хэдэн минутыг хамтдаа өнгөрүүлэх болсондоо баяртай байна. Чад болон Их Эзэний ажилд туслахаар бүхнээ зориулан ажилладаг түүний чадварлаг, хичээнгүй багийнханд би талархаж явдаг. Өнөөдөр Жийн Б.Бингам эгч бидэнтэй хамт байгаа нь адислал билээ. Би түүний захиасыг сонсохыг тэсэн ядан хүлээж байна. Тэр бол хүчирхэг, сүнслэг нөлөө бүхий удирдагч бөгөөд түүнийг Сүмийн боловсролын албанд үйлчилдэгт нь би баярладаг.

Шашны институт ба семинарт (И&С) оруулах чухал өөрчлөлтүүдийн талаар хэлэлцэж байхдаа би Сүмийн боловсролын түүхэн дэх өөрчлөлтүүдийн талаар мөн бодож байлаа. Хэд хоногийн өмнө би Сүмийн боловсролд тохиолдож буй зүйлсийг өөрийнхөө гэр бүлийн түүхтэй уялдуулан бодож эхэлсэн юм. Миний ээжийн эцэг, эх нь залуу байхдаа Швейцарьт Сүмд хөрвөгдсөн ба нагацын маань талаас ээжийн үеийнхэн хамгийн түрүүнд Сүмийн боловсролтой танилцсан юм. Аавын маань талын зарим өвөг дээдэс энэ эрин үеийн нэлээд эхэн үед Сүмийн гишүүд байсан. Би тэдний заримынх нь талаарх энгийн хэдэн жишээг хуваалцаж, тухайн үед Сүмийн боловсролын албаны хийж байсан ажлын талаар дурдъя. Он цагийн явцад гарсан өөрчлөлтүүдийг та нар харах болно. Тэдгээрийн зарим нь маш чухал өөрчлөлт юм.

Миний элэнц эмээ Сара Жэйн Анжэлл жаахан охин байхдаа гэр бүлийнхээ хамт Көртланд, Миссури, Наувуд амьдарч байсан. Тэрээр 1848 онд 14 настай байхдаа Солт Лэйкийн хөндийд ирсэн бөгөөд тэнд байсан орон нутгийн сургуулиудад суралцан, боловсрол эзэмшиж байжээ.

Жарвис Жонсон, өсвөр насандаа Наувуд амьдарч байсан ба сүүлд Саратай гэрлэв. Түүний эзэмшсэн боловсролын хувьд тэрээр уг хотын хэдэн сургуулийн нэгэнд сурсан байх. Гэгээнтнүүд Наувуг орхин өрнөдийг зорьсны дараа Жарвис 17 насандаа Мормон Батальонд гишүүнээр элсжээ. Сара, Жарвис нарын өсвөр, залуу насанд нь тухайн суурин газрын Сүм ба хувь хүмүүс сургууль ажиллуулдаг байсан боловч өнөөдөр бидний мэддэг шиг Сүмийн боловсролын систем гэж байгаагүй.

Тэр хоёрын хүү Райс бол миний элэнц өвөг юм. Тэрээр Ютад өссөн ба Хонивилл гэгдэх хотын сургуульд сурсан. Сургуулийнх нь байрыг мөн сүмийн зориулалтаар ашигладаг байжээ. Хожмоо Райстай гэрлэсэн Шарлоттын хувьд Коллс Фортод ойрхон байрлах жижигхэн чулуун байшинд сургуульд сурдаг байсан. Тэд 1870-аад оны сүүл, 1880-аад оны эхээр буюу Сүм ихэнх сургуулиа нээхээс хэдхэн жилийн өмнө өсвөр насны хүүхдүүд байсан. 1880-аад оны үеэр уг хотуудад байдаг илүү олон сургууль улсынх болох үед тэдгээр сургуульд шашны талаар заахыг хоригложээ. Энэ нь Сүмийн эзэмшлийн сургуулиудыг өргөтгөх шалтгаан болсон ба Райс, Шарлотт хоёрыг сургуулиа төгссөний дараа болсон үйл явдал байв.

Райс Шарлоттыг Лоттий гэж дууддаг байсан бөгөөд түүнд гэрлэх санал тавьсан тухайгаа ийнхүү бичиж үлдээсэн: Тэрээр

“Намайг анх Лоттийг харахад тэр худалдааны тэрэг уначихсан явж байв. Түүний аав гэрийнхээ урд дэлгүүр ажиллуулдаг байлаа. Тэр яг л цэцэг шиг харагдсан. Дараа нь би түүнтэй бүжгэн дээр танилцаж, жил хүрэхгүй хугацаанд үерхсэний эцэст би түүнээс надтай гэрлэхийг гуйсан. Тэр ‘Чи надад дургүй биз дээ’ гэхэд нь ‘Чи надад таалагддаг шүү дээ’ гэж би хэлэв. Бид сүй тавиад гурван сар болсон.”1

Райс романтик киноны зохиолч болсон бол амжилт олохгүй байсан нь лавтай. Гэвч Шарлотт түүнтэй гэрлэж, тэд 12 хүүхэдтэй болсон юм.

Тэдгээр 12 хүүхдийн нэг болох Алф гэж дуудагддаг байсан Алфалус бол миний өвөө. Тэрээр Ютагийн Логан дахь Бригам Янг коллежид суралцсан. Миний эмээ Бланч мөн Сүмийн сургуулиудын нэг болох Бригам Янг коллежид сурсан. Тэднийг сурч байхад энэ нь яг л ахлах сургууль, технологийн коллежийг нэгтгэсэнтэй адил байжээ. Эдгээр сургуульд сурагчдад шашны болон шашны бус хичээлүүдийг зааж, олон төрлийн үйл ажиллагаа зохиодог байсан. Манай өвөө бэйсболл, сагсан бөмбөгийн багт тоглодог байсан бол эмээ маань тулгууртай харайлтын тамирчин байсан.

Хичээлийн цагаар ордог анхны семинарын анги Солт Лэйк Ситид 1912 онд эхэлсэн ба түүнээс хойш уг хөтөлбөр бусад хотуудад түгж эхэлжээ. Эдгээр семинарын анги улсын сургуульд сурдаг сурагчдад шашны сайн суурь боловсрол олгож байгаа нь харагдаж эхэлсний дараа Сүм Бригам Янг коллеж зэрэг ихэнх сургуулийн удирдлагад оролцохоо болих шийдвэр гаргасан. Үүнээс улбаалан манай гэр бүлийн дараагийн үеийнхэн улсын сургуульд сурч, семинарт суудаг болсон.

Алф, Бланч хоёрын нэг хүү болох Вир миний аав юм. Тэр амьдралынхаа турш семинарын багш нарынхаа талаар санадаг байсан. Миний ээж Винифрэд ахлах сургууль, семинарт сурч байсан бөгөөд багш нараа мөн сайн санадаг.

1926 онд Айдахогийн Москва хотод Шашны институтын хөтөлбөр эхэлж, 1928 он гэхэд хоёр дахь институт Ютагийн Логанд байгуулагдсан. Аав, ээж хоёр маань хоёулаа 1940-өөд оны үед Логан дахь одоогийнхоор Юта мужийн их сургуульд сурсан. Тухайн үед институтын хөтөлбөр Логанд их сайжирсан байсан бөгөөд тэр хоёр институтын үйл ажиллагааны үеэр албан бус байдлаар анх танилцжээ. Яваандаа тэд гэрлэж, Логаны ариун сүмд хуримласны дараа институтын байранд хуримын хүлээн авалтаа хийжээ.

Би Ютагийн Логан хотод өссөн бөгөөд ээжийнхээ сурч байсан сургууль, семинарт суралцсан. Тэрхүү ахлах сургууль нь өмнө нь Бригам Янг коллеж байсан юм. Мөн би хичээлийн нэг жилийн хэсэгхэн хугацааг Ютагийн Монтисэллод өнгөрүүлэхдээ надаас нэг насаар дүү нэгэн гайхалтай охинтой нэг семинарын ангид явсан. Түүнийг Жилл гэдэг байлаа. Үнэндээ, нэр нь одоо ч Жилл хэвээрээ л дээ. Би романтик зохиол бичих тал дээр элэнц өвөг Райсаасаа дээрдэх юмгүй байсан ч тэр яагаад надтай гэрлэснийг би ойлгодоггүй.

Би 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр семинарт хамрагддаг байсан. Энэ нь институт, семинарыг дэлхийн өөр хэсгүүдэд анх дэлгэрүүлэн хөгжүүлж байсан үе юм. Тухайн үед өглөөний семинарын ангиудыг хичээллүүлэх бага зэрэг туршлага байсны сацуу семинарыг дэлхий даяар өргөжүүлэх боломжийг олгож байсан гэрээр судлах семинарыг туршиж үзэж байлаа. Энэ үе бол И&С-т байсан хүмүүсийн хувьд сорилтын үе байсан. Тэд хичээлийн цагаар ордог семинарт болон коллеж дахь институтид зориулан гаргасан хөтөлбөрийг дэлхийн нөгөө талд маш өөр нөхцөл байдалд ашиглахыг оролдож байв. Мөн тэр үед тэд орчуулгын төдийгүй хэвлэлийн маш том бэрхшээлүүдтэй тулгарч байсан.

Би 1970 оны эхээр Норвегид номлолд үйлчилж байхад тэр жил тэнд семинарыг анх эхлүүлж байсан. Би Том Рүй гэдэг залуу эрэгтэйд өөрөө өмнө нь огт харж байгаагүй зүйл дээрээ буюу гэрээр судлах семинарын хичээлд нь тусалж байснаа санадаг. Тэгэхэд би анх семинар гэж хичээлийн дундуур, сургуулийн нэг хэсэг болж ордог нэг ангиас өөр зүйл байж болох юм байна гэдгийг ухаарч билээ.

Одоо би өвөг дээдсээсээ хойч үе рүүгээ шилжье. Манай хүүхдүүд хичээлийн цагаар ордог хөтөлбөр бүхий семинарт хамрагдсан. Гэхдээ хоёр хүүхэд маань биднийг томилолтоор Чилид амьдарч байх үед өглөөний семинарт суралцсан. Сургалтын хөтөлбөр нь Жилл бид хоёрыг семинарт сууж байх үеийнхээс өөрчлөгдсөн. Судруудыг дэс дарааллаар заах арга барилыг анх танилцуулж байхад би семинарын залуу багш байсан юм. Энэ аргаар хэрхэн хамгийн сайн заахаа олж тогтооход амаргүй байлаа. Шууд л автоматаар энэ арга барил руу шилжээгүй ч тэр үед заалгаж байсан үеийнхэнд хэрэгтэй үр дүн гарч байсан. Тэд судруудыг илүү сайн мэдэж авч, үр дүнд нь судруудын нөлөөнд амархан орж, тэдгээрт итгэх итгэлийг хөгжүүлсэн. Аав, ээж хоёрыг нас барахаас хэдэн жилийн өмнөх дуу бичлэг бидэнд байдаг. Ээж маань өөрчлөлт анзаарсан тухайгаа ярьсан байдаг юм.

Түүний сэтгэгдлийг сонсоцгооё.

“Хүүхдүүдэд одоо заадаг шиг бид заалгаж байгаагүй ба тэд судраа уншдаг шиг судар уншдаг зуршил бидэнд хэзээ ч байгаагүй. Ээж маань Судруудын үлгэр нэртэй жижигхэн номноосоо уншдаг байсан юм. Гэхдээ бид нар тэр номноос уншиж байсныг би санадаггүй. Хүүхдүүд, ач зээ нар маань сургаалыг илүү сайн ойлгодог учраас улам хүчирхэг гэрчлэлтэй болов уу. Тэд маш бага байхаасаа судруудыг уншиж эхэлсэн ба судруудыг жинхэнэ утгаар нь уншдаг. Иймээс тэдэнд тун их хүч нэмэгддэг гэж би боддог.”2

Ач, зээ нарын маань зарим нь одоо семинарын насных, хамгийн томууд нь институтын насных. Cеминар дээр суралцаж байгаа зүйлсээ, Ирээд, Намайг дага гарын авлагаас гэртээ сурч буй зүйлстэйгээ нийцүүлэх зэрэг И&С-т хийгдэж байгаа өөрчлөлтийг тэд одоо ч харсаар байна. Одоо тохиож буй цар тахлын улмаас бид хичээлүүдийг зайнаас заах талаар олон зүйл суралцах ёстой болсон. Бид өсөж буй үеийнхний “нөхцөл байдалд”3 нийцэх өөрчлөлтүүдийг хийж байгаа энэ үед би та бүхнийг зоригжуулан дэмжиж байна. Өсөж буй үеийнхэн гэдэгт бидний ач, зээ нар орж байгаа тул би илүү ихээр дэмжиж байна.

Чухал өөрчлөлт хийх нь ер нь хэцүү байдаг. Заримдаа удирдамж заавар нь тодорхой боловч хэрэгжилт нь маш хүнд бэрх байж болдог. Мозаягийн хөвгүүдийн талаар бодож үзье. Тэд “аврал бүтээл бүрд тунхаглагдвал зохино”4 “бодгалиудаас цөөн хэдийг боловч аварч болох магад”5 гэсэн тодорхой зорилготой байсан. Зөвхөн гайхамшигтай амжилтад нь анхаарлаа хандуулж, энэ бүхэн хэчнээн хүнд бэрх байсныг мартах бол амархан. Тэд бүхнээ зориулсан. 14 жилийн турш энэ бүхнийг хийхдээ тэд гудамжинд, гэрт нь, ариун сүмүүдэд, синагогуудад заах, хөөгдөх, доромжлуулах, нулимуулах, зодуулах, чулуугаар шидүүлэх, хүлүүлэх, шоронд хоригдох зэрэг бүхий л зовлон зүдгүүрийг6 амссан. Гэвч тэд зорилгоо үл умартан, номлолоо гүйцэлдүүлэхэд Их Эзэний хүчийг хүлээн авсан билээ.

Тухайн үед ахлагч байсан Рассэлл М.Нэлсоны зүүн Европ дахь туршлага буюу 1985-1990 оны үед дэлхийн тэр хэсэгт үүрэг хариуцлага хүлээн ажиллаж байх үеийн туршлагын тухай би саяхан дахин уншсан юм. Тэр үед тэрээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байсан. Тэр 1985 онд Европ болон Африкт томилогдон, үүрэг хүлээн авахдаа сайн мэдээг тунхаглахаар Зүүн Европын улсуудыг (тэр үед коммунист удирдлага дор байсан) нээх онцгой даалгавар хүлээн авсан.7 Энэхүү даалгаврыг Берлины ханыг нураахаас дөрвөн жилийн өмнө, Зөвлөлт Холбоот Улсын албан ёсны задарлаас зургаан жилийн өмнө өгчээ.

Ахлагч Нэлсоны зорилго нь тодорхой ч даалгавар нь маш хэцүү байсан. Тэрээр анхаарлаа энэхүү онцгой даалгавартаа эргэлт буцалтгүй төвлөрүүлсэн байв. Тэр “хуучин ЗХУ-д хорин долоон удаа… зүүний бусад холбоот улсад хэдэн арван удаа”8 айлчилсан байдаг. Шэри Дью Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson хэмээх номондоо түүний ажлыг дараах байдлаар дүрсэлжээ.

Түүний айлчлалыг хэзээ ч хүсэн хүлээдэггүй байсан бөгөөд түүнийг найрсаг угтан авах нь ховорхон байсан. Төрийн олон удирдагч Бурханд итгэдгээ ил тод хүлээн зөвшөөрдөг хүнтэй уулзах цаг ч товлохгүй байсан. Цаг хугацааны явцад түүний ажилд саад ч учруулж байсан, тус дэм болж ч байсан. Зарим нөхцөлд түүнийг дорд үзэж байхад бусад үед найрсаг харилцаж байв. Тусгай цагдаа түүнийг тагнаж байсан ч сүүлд нь таньж мэдсэний дараа албаны хүмүүс найзын ёсоор угтаж байсан. Зарим хэсэгт сэжиглэгдэж байхад бусад нь анагаахын зөвлөгөө авч байжээ. Зарим айлчлал ямар ч үр дүнгүй, хий дэмий болж байхад түүний хэзээ ч таамаглаж, төлөвлөж байгаагүйгээр үүд хаалгууд нээгдэж байсан.9

Ахлагч Нэлсоны Европ дахь томилолт өөрчлөгдсөний дараа түүний араас уг томилолтыг хүлээн авсан ахлагч Өүкс тэр хоёр одоо зүүн Европын бүх улсад Сүм байгуулагдсан байна хэмээн Сүмийн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсонд тайлагнаж байжээ.10 Дью эгч ерөнхийлөгч Нэлсоны туршлагыг нэмж тайлбарлахдаа:

Зүүн Европын улсуудад сайн мэдээг тунхаглах үүд хаалгыг нээх үүрэг даалгавраасаа, ялангуяа олон зогсолт, эхлэл, амжилт ололт, уналтыг бодолцож үзэхэд юу сурсан бэ гэж Ахлагч Нэлсоноос хожим нь асуухад шууд л “Их Эзэн хичээл зүтгэлд дуртай. Тэр Мосед ‘Замын талд уулзъя’ гэж хэлж болох л байсан. Гэвч Мосе Синай уулын оргил руу мацах хэрэгтэй байсан. Тэрээр Мосе, Иошуа, Иосеф Смит болон Сүмийн бусад бүх ерөнхийлөгчөөс хичээл зүтгэл шаардсан. … Та маш хүнд бэрх зүйлсийг хийхэд бэлэн байна уу? Таныг өөрийн хэсгийг хийхэд бэлэн гэдгээ харуулахад Тэр танд туслах болно11 хэмээн хариулсан.

Ахлагч Нэлсоны зөв шударга хичээл зүтгэл нь сайн мэдээг Бурханы олон сая хүүхдүүдэд боломжтой болгох үр дүнг авчирсан маш чухал өөрчлөлтөд гол үүргийг гүйцэтгэсэн юм.

Гайхамшигт шаргуу хөдөлмөр шаардагддаг. Бидний хүсдэг гайхамшгийг үзэхэд, биднээс асар их хичээл зүтгэл шаардагдана.

Заримдаа шаардлагатай өөрчлөлт хийхэд бүхнээ зориулсан хичээл зүтгэлийнхээ бүрэн үр дүнг олж харахад цаг хугацаа ордог. Зарим тохиолдолд бид Их Эзэний хүчтэй нийлсэн өөрсдийн хичээл зүтгэлийн үр жимсний бүрэн ургацыг харж чадахгүй байж ч болно. Гэвч бидний өсөлт дэвшил нэн чухал юм. Бид өөрсдийн үйлчилдэг хүмүүсийн амьдралыг адислах өөрчлөлтүүдийг хийхийн төлөө хичээж чадна мөн хичээх ч болно. Мөн энэ нь дараагийн үе буюу бидний жич, зээнцрүүдийн үед зориулан үндэс суурийг тавьж байдаг. Одоогоор Жилл бид хоёрт жич, зээнцэр байхгүй ч удахгүй энэ дэлхийд ирж эхлэх бөгөөд тэд нэг л мэдэхэд та нарын ангид сууж байх болно доо.

И ба С дахь бидний зорилго тодорхой бөгөөд өөрчлөгдөөгүй. Бид залуу хүмүүсийг адисалж, тэдэнд “Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгон, тэдгээрт найдаж, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд”12 туслахын төлөө хичээсээр байна. Учир нь бид хөтөлбөртөө өөрчлөлт оруулах, хүргэх арга барилаа төгсрүүлэх, институт шинээр санаачлах, сайжрах бусад хичээл зүтгэлд нээлттэй байх тэрхүү зорилгодоо хүрэхийн төлөө ажиллаж байгаа. Бид залуу хүмүүст хайртай учраас хичээнгүйлэн ажиллах, шинэ зүйлсийг туршиж үзэх, бүхий л хичээл зүтгэлдээ Их Эзэний удирдамж, хүчийг хүсэхэд бэлэн байна.

Өсөж буй үеийнхний амьдралыг адислах хичээл зүтгэлд тань, та бүхний хувийн бэрхшээл сорилтод Их Эзэн та нарыг түүнчлэн адислах болтугай. Би та нарт хайртай, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийг гэрчилж байна. Тэд амьд.

Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Райс А.Жонсон, “The Story of Rais A. Johnson,” өөрийнх нь хувийн намтар зохиол.

  2. Винифрэд А.Жонсон, дуу бичлэг, 2001 оны 2-р сарын 19.

  3. Сургаал ба Гэрээ 46:15.

  4. Moзая 28:3.

  5. Aлмa 26:26.

  6. Aлма 26:28-29-ийг үзнэ үү.

  7. Шэри Дью, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson, (Солт Лэйк Сити: Deseret Book, 2019, 140-р хуудсыг харах.

  8. Шэри Дью, Insights from a Prophet’s Life,157-р хуудас.

  9. Шэри Дью, Insights from a Prophet’s Life,153-р хуудас.

  10. Шэри Дью, Insights from a Prophet’s Life,158-р хуудас.

  11. Шэри Дью, Insights from a Prophet’s Life,157-158-р хуудас.

  12. (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], x).