Жил тутмын нэвтрүүлэг
Хэлэлцүүлэг


Хэлэлцүүлэг

2021 оны И ба С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2021 оны 1-р сарын 19

Вэбб ах: Бидэнтэй хамт байгаад баярлалаа. Энэ бол Рори Бигэлөү ах. Тэр бол манай Сүмийн удирдах газар дахь хүний нөөц, санхүү, барилгын алба зэрэг үйл ажиллагаа хариуцсан туслах захирал юм. Энэ бол Адам Смит. Тэр сургалт хариуцсан туслах захирал бөгөөд манай Сургалт, сургалтын хөтөлбөр, суралцагчдад үзүүлэх үйлчилгээ зэрэг манай хэлтсүүдтэй ажилладаг.

Эхлэхийн өмнө би ярилцах гэж байгаа зүйлийнхээ агуулга, алсын харааны талаар хэдэн минут яримаар байна. Яг одоо бид Институт, семинарт (И& ба С) одоогоор хамрагдсан ихэнх суралцагчийнхаа хэрэгцээ шаардлагад тааруулах тал дээр гайхалтай ажил хийгдэж байна. Гэвч бодит байдал дээр хамрагдаж байгаа хүмүүс маань Сүмд идэвхтэй оролцдог, итгэлтэй гишүүд байдаг. Ерөнхийдөө энэ нь бусдад нөлөөлөхгүй байгаа бөгөөд үнэндээ дэлхий даяар И& ба С-ын хөтөлбөрийн элсэлтийн үзүүлэлт буурч байна.

Бид үүний өөрчлөхийг юу юунаас илүү хүсэж байгаа билээ. И& ба С нь өсвөр үеийнхэн, залуучуудын бүхэл бүтэн үеийнхнийг нэн яаралтай “цуглуулах” ажилд илүү чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж бид найдаж байна. Ерөнхийлөгч Нэлсон Израилыг цуглуулах нь дэлхий дээрх хамгийн чухал ажил хэмээн заасныг та нар санаж байгаа байх. Мэдээж үүнд номлогч, ариун сүмийн ажил орох ч гэлээ өөрсдийн үйлчилж байгаа хүмүүсийн итгэл, гэрчлэлийг хөгжүүлэх ажил үүнд мөн ордгийг ерөнхийлөгч Нэлсон хэлсэн. Хэн нэгэнд Бурхантай гэрээ байгуулж, түүнийгээ сахихад нь туслах ямар нэгэн зүйл хийснээр бид Израилыг цуглуулж байгаа хэрэг хэмээн тэр хэлсэн билээ.

Бид зарим өсвөр үеийнхэн залуучуудаа алдаж байгаадаа санаа зовдог. Судруудад энэ талаар алдаж, олсон утгаар ярихын оронд ихэвчлэн тараагдсан, цуглуулсан талаас нь олонтоо дурдсан байдаг. Итгэлийн хувьд асуудалтай хүмүүс бий. Гэхдээ тэд хаана байгааг нь бид мэднэ. Бид тэднийг алдаагүй. Тэд зүгээр л дэлхийнхний нөлөөнд автан тараагдаж, бидэнтэй нэгдэхээ больсон юм. Бидэнд Израилын энэ хэсгийг “цуглуулахад” туслах гайхалтай боломж, зайлшгүй шаардлага гарч ирээд байна.

Бид хөрвүүлдэг мөн ач холбогдлыг нь ойлгуулдаг, бидний нэгэн хэсэг гэдгийг мэдрүүлдэг туршлагыг бий болгон, үүнийг аль болох олон хүнд хүртээмжтэй болгох замаар үүнийг хийх юм. Бид бас үүнийг өөрсдийн үндэс суурийг өөрчлөхгүйгээр хийнэ. Хийх зүйл байхгүйдээ бид өөрчлөх гэсэнгүй. Би сайн мэдээг Ариун Сүнсний хүчээр, сударт байгаагаар цаашид ч заана. Гэхдээ эдгээр туршлагыг бий болгохын тулд бид зарим нэгэн өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

Бид дараах байдлаар өөрчлөгдөх хэрэгтэй. Үүнд:

  • Ярьж, хэлэхийн оронд оролцуулж, урьдаг болох

  • Хаана байх ёстойг нь суралцагчдад хэлэхийн оронд байгаа газар нь очиж уулзах

  • Зөвхөн сайн сайхныг нь магтан сайшаахын оронд зовлон бэрхшээлийг нь ч хүндэтгэн үзэх

  • Олон нийтийн үйл ажиллагаанаас үр дүнтэй харилцаа холбоо руу шилжих

  • Хичээлийн кредит, төгсөлтийн оронд сүнслэг өсөлт хөгжил, хэн болж байгаа дээр нь анхаарлаа төвлөрүүлэх

  • Үйлдүүлдэг идэвхгүй суралцагчийг Ариун Сүнсний зэмсэг бүхий идэвхтэй оролцогч болгох.

Бид хөтөлбөрийн удирдагч, институт, семинарын захирал, зохицуулагчидтай уулзан, заах, суралцах туршлага, хүлээлтийг илүү тодотгон тодорхойлж, сургалт, зааварчилгаа өгөх, хаана амжилт гаргаж байгаагаа олж мэдэхэд бидэнд туслах хэмжүүрүүдийг гаргана.

Та нарын авах сургалт, эх сурвалж мөн хийгдэх өөрчлөлт нь өсвөр үеийнхэн, залуучуудын эрэлт хэрэгцээнд таарсан туршлагуудыг өгч, илүү өргөн далайцтай хамрагдах боломж олгох замаар Израилыг цуглуулах зорилготой юм. Наад зах нь дараагийн гурван жил бид энэ зорилго дээр төвлөрнө. Тэр үед бид амжилт ололтоо дүгнэж, зохих өөрчлөлтийг хийх болно.

Та нарын хүн нэг бүрийг ерөнхийлөгч Нэлсонтой хамт дэлхий дээрх хамгийн агуу ажилд буюу Израилыг болон Бурханыг өөрсдийн амьдралд нэн тэргүүнд тавих хүмүүсийг нэн яаралтай цуглуулах энэхүү ажилд нэгдэнэ үү хэмээн уриалж байна. Агуу, бүр гайхамшигт зүйлс тохиолдох болно. Үүний нэгэн хэсэг байна гэдэг ямар их адислал вэ!

Тиймээс би институт, семинарын зарим өөрчлөлтийн талаар асуухаасаа өмнө хэзээ ч өөрчлөгдөхгүй зүйлсийн талаар асуувал яаж байна?

Бигэлөү ах: За, үндсэн зорилго маань хэвээр үлдэнэ гэж би бодож байна. Бид өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгож, үүнд найдахад нь туслахын тулд оршдог. Бид тэднийг өөрсдийг нь хүлээж байгаа адислалуудыг авах шаардлагад тэнцэн, үүнд бэлтгэхэд нь туслахыг хүсдэг. Энэ зүйл харин хэзээ ч өөрчлөгдөхгүй. Үндсэндээ бид анхаарлаа тэдэнд хандуулж, тэднийг хайрлах болно. Тэд бол чухал. Мөн бид тэдний хүн нэг бүрд институт, семинарт зөв зүйтэй туршлага олж авахад нь туслахыг хүсдэг.

Адам Смит ах: Таны дурдсанчлан, бид үргэлж суралцагчийн хэрэгцээнд анхаарлаа хандуулах буюу хичээлийн явцад тэдэнд үнэхээр ямар туршлага хэрэгтэй болохыг мөн уг хэрэгцээг хангахын тулд хийдэг ажлын маань төвд судрууд байдаг бөгөөд Аврагч бол энэ бүхний төвд байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй гэдгийг нэмж хэлмээр байна.

Бас миний бодлоор хэзээ ч өөрчлөгдөхгүй өөр хоёр зүйл бол бид бошиглогдсон нэн чухал зүйлсэд төдийгүй бошиглогч, төлөөлөгчдөөс хүлээн авсан удирдамжид үргэлж үнэнч байх явдал юм. Бид бас хувийн амьдралдаа болон хичээлдээ бэлдэхдээ, ялангуяа ангид суралцагчидтай хамт байх үедээ Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахыг үргэлж хичээх болно.

Вэбб ах: Ингэж хэлсэнд тань баярлалаа. Энэ нь маш чухал гэж бодож байна. Хамгийн чухал гэсэн зүйлс хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бидний хэн болох үндсэн мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Юу өөрчлөгдөж байгаагаа ярих зуур энэ нэвтрүүлэг өмнөхөөсөө өөр гэдгийг хэлье. Бид жилийн яг энэ үед явуулдаг байсан Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт өнгөрүүлэх нэгэн үдэш нэвтрүүлгийн оронд дэлхий даяарх сургалтыг явуулах болсон. Та хоёрын аль нэг нь яагаад ийн өөрчлөх болсон талаар бидэнд ярьж өгөх үү?

Бигэлөү ах: Үүнд олон шалтгаан бий. Гэхдээ хоёр гол шалтгааныг нь мэдэх хэрэгтэй байх. Нэгдүгээрт, 1912 онд Гранит семинарыг явуулж эхэлснээс хойш бид олон жилийн туршид ихэнх сургалтын мөчлөгийг АНУ-ын хичээлийн жилийн хуваарьт тааруулахад анхаардаг байсан. 1991 онд бидний хувьд байдал өөрчлөгдөж эхэлсэн. 1991 онд үнэндээ хилийн чанд дахь институтийн суралцагчдын тоо Нэгдсэн Улсынхаас давсан.

Тиймээс, олон улсын хүрээнд өргөжин тэлсээр байгаа үед Нэгдсэн Улсын хичээлийн жилийн хуваарьт үндэслэн үйл ажиллагаагаа цаашид явуулах нь утгагүй. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст баримталдаг хичээлийн жилийн хуваарийн оронд жилийн хуваарь лүү шилжих гэсэн хүсэл нь үүнийг хийх болсон шалтгаануудыг нэг юм.

Өөр нэгэн зүйлийг нэмж хэлэхэд бидний үзэл санаа, сургалтад ханддаг хандлага маань өөрчлөгдсөн болов уу. Маш удаан хугацааны туршид бид савх мод дамжуулдаг буухиа уралдаанд гүйж байгаа мэт л байдаг байсан. Удирдах албанаас сургалт, нэн чухал зүйлсийг бэлтгэснийхээ дараа бүсийн захирлын хурлаар бид уг савхыг бүсийн захирлуудадаа дамжуулан өгдөг байв. Харин тэд дараа нь бүсийн сургалт дээр савхаа бүсүүддээ гардуулан өгдөг байлаа.

Одоо бид үүнийг аль болох бүсийн удирдагчийн нүдээр харж, сургалтыг явуулахдаа хамтдаа зөвлөлдөж, хамтдаа чиглэлээ гаргахад илүүтэй анхаардаг болох юм. Одоо харин 4-р сард хуралдах байсан бүсийн удирдагчийн хурлыг 10-р сард болгож өөрчилсөн нь 10-р сард тэдэнтэй уулзаад, дараа нь 1-р сард яг өнөөдрийнх шиг дэлхийг хамарсан сургалтын нэвтрүүлэг явуулахад бэлэн байх боломжийг бидэнд олгоно.

Вэбб ах: Энэ нь өөр нэгэн өөрчлөлтийг сануулж байна. Үнэндээ бүсийн удирдагчдын маань тоо одоо хоёр дахин багассан байгаа. Тиймээс манай зөвлөлүүдэд тэднийг өмнөхөөсөө илүү татан оролцуулж байна. Харин энэ нь дэлхий даяарх бүс бүрийн хэрэгцээг тэдгээр зөвлөл дээр илүү сайн танилцуулж, зөвлөлдөх уур амьсгалаар илүү чөлөөтэй харилцан ярилцах боломжийг олгох юм. Тиймээс би үүнийг маш чухал гэж бодож байна.

За, олон хүний асууж байгаа өөр нэгэн өөрчлөлт бол хөтөлбөрөө хичээлийн жилийн хуваарийг дагуу явуулахын оронд, Ирээд, Намайг дага хөтөлбөрийн жилийн хуваарийг дагахаар болсон явдал юм. Бид мөн энэ өөрчлөлтөд дасан зохицоход хүн бүр бэлэн байгаад талархаж байна. Адам, та энэ өөрчлөлтийн талаар ярих уу?

Смит ах: Тэгэлгүй яахав. Дуртайяа ярья. 2019 оны 3-р сарын үеэр бид Инстиут, семинарын сургалтын хөтөлбөрийг Ирээд, Намайг дага хөтөлбөрийн судруудтай уялдуулах анхны алхмыг хийхээр шийдсэн юм. Ахлагч Кларкийн хэлсэн үгийг маш нөлөө бүхий гэж үзсэн тул би үг нэг бүрчлэн уншмаар байна.

Үүнийг дэлхий даяар зарласны дараа ахлагч Кларк “Их Эзэний бошиглогч ерөнхий чуулганаар босоод, ‘Бид гэр оронд төвлөрсөн, сүмээс дэмжсэн хөтөлбөрийн дагуу сайн мэдээг заах хэрэгтэй байна.’1 Тэр ингэж хэлсэн учир бүх зүйл өөрчлөгдсөн” гэж хэлсэн юм.

Тиймээс ч бид та нарын мэдэж байгаачлан 2019 оны намар Шинэ Гэрээ рүү, 2020 оны 1-р сард Мормоны Ном руу орохоор шийдсэн. 2019 оны намар хавьцаа бидэн дээр хичээлийн цагаар ордог семинарын хөтөлбөр орж ирсэн бөгөөд туршиж үзэхийг биднээс хүссэн юм. Тэд семинарын хөтөлбөрийг Ирээд, Намайг дага хөтөлбөрийн унших материалын хуваарьт илүү нягт уялдуулан зааж үзэхийг хүссэн. Бид үнэхээр сонирхолтой зүйлс сурч магадгүй гэж бодсон тул хийгээд үзэхэд тэднийг урьж билээ.

Мөн бид судлаачдын бүлгийг дуудан, суралцагчид, эцэг эх, семинарын багш нар болон удирдлагуудтай ярилцаж, гарах үр дүнг, туршлагыг нь есөн сарын турш уламжлалт хөтөлбөрийн дагуу зааж, судрын номыг дэс дарааллаар нь үзэн, есөн сарын хуваариар семинарын хөтөлбөрийг зааж байсан хүмүүсийнхтэй харьцуулахаар болсон.

Харин бидний уг судалгаанаас сурч мэдсэн зүйл надад үнэхээр урам зориг өгсөн. Нэг талаар энэ нь гайхмаар байсан. Суралцагчид аливаа давталтаас нэг их залхдаггүй юм байна гэдгийг бид олж мэдсэн. Түүнчлэн суралцагчийн судрын талаарх ойлголт аль ч тохиолдолд адил байгааг бид олж мэдсэн.

Зөвхөн Ирээд, Намайг дага хөтөлбөрийн хуваарийг дагах юм бол зун, хавар, намрын амралтаас болж семинарын ангид зарим зүйл заагдахгүй үлдэх вий гэдэгт бид санаа зовж байв. Гэсэн ч суралцагчдын судрын ойлголт адилхан байгаа нь нотлогдсон.

Харин өөр байсан зүйл нь бидний анхаарлыг татсан юм. Ангидаа тухайн өдрийн хичээлээр суралцах зүйлээ бэлтгэж ирсэн суралцагчдын тоо асар ихээр, статистик тоо хэмжээ нь үнэхээр өссөн нь тун чухал байв. Сайтар бодож тунгаасан санал бодлоо ангид хуваалцаж, хичээлд идэвхтэй оролцож байгаа суралцагчийн тоо ч өссөн.

Семинараас гадуур гэртээ судраа уншиж байгаа суралцагчдын тоо бас маш их нэмэгдсэн нь намайг их баярлуулсан. Тиймээс бид энэ судалгааг харж, харьцуулалтыг үзээд, ингэж өөрчлөх нь суралцагчдыг болон гэр бүлүүдийг адислах юм байна гэдгийг үнэхээр ойлгосон юм. Энэ нь мөн ахлагч Кларкийн манай захирал байхдаа бидэнд олонтоо заадаг байсан зүйлийг онцлон харуулсан.

Тэр бидэнтэй хамт байхдаа гүн гүнзгий суралцах, хөрвөгдөх туршлага олж авахад нь суралцагчдадаа туслахыг бидэнд заасан. Ирээд, Намайг дага хөтөлбөртэй уялдуулсан нь бүгдийг амжиж заах гэсэн ачааллыг бага ч гэсэн хөнгөвчлөхөд тусалдаг гэж би боддог. Одоо бид судрыг алгасахгүй судлах бөгөөд тэдгээр нь үргэлж хичээлийн төвд байх болно. Мөн Ирээд, Намайг дага хөтөлбөр нь бидэнд судрыг эхнээс нь дуустал унших боломж олгодог. Гэвч бид бүгдийг авч үзэх боломжгүй гэдгээ мэднэ. Тиймээс бид суралцагчийн хэрэгцээнд төвлөрөн, тэднийг Аврагчтай холбож, үүнийг судруудаар болон Ариун Сүнсээр дамжуулан гүйцэтгэхэд төвлөрнө.

Гэхдээ энд байгаа нэг асуудлыг анхаарч үзэлгүй өнгөрмөөргүй байна. Дэлхийн хаана ч байсан бай, аль ч сургуулийн хуваарьт ихэвчлэн 2-3 сарын турш хичээл сургуульдаа явах хэрэггүй амралт орсон байдаг. Энэ бол суралцагчид 2-3 сарын турш семинараар дамжуулан судрын агуулгыг авахгүй гэсэн үг. Судрын багш нарын хувьд энэ нь бидний санааг зовоодог.

Төгс эзэмших сургаал эхнээсээ л чухал байсан учраас энэ нь илүү их тодорч, ач холбогдлыг нь нэмэгдүүлнэ гэж би бодож байна. Хэрэв багш нар дэлхий даяарх хичээлийн жилийн хуваариас үл хамааран долоо хоног тутам Төгс эзэмших сургаалыг заахад анхаарлаа төвлөрүүлэх юм бол суралцагчид хамгийн амин чухал гэсэн хэсгүүдийг сурсан байна. Багш нар дэндүү сайн учраас заримдаа судрын аль нэгэн хэсгийг заах хүсэлдээ хөтлөгдөн, Төгс эзэмших сургаалыг хичээлийн төгсгөлд цаг гарвал заана гэж үлдээдэг. Харин бидэнд хэзээ ч цаг үлддэггүй. Заах зүйл маш их байдаг.

Төгс эзэмших сургаал заримдаа семинарын хичээлийн нэмэлт хэсэг мэт санагдаж байж болох юм. Яг үнэндээ Төгс эзэмших сургаал бидний ажлын үндэс суурь. Энэ нь бидэнд зорилгодоо хүрэхэд төдийгүй бошиглогчдын биднээс хүссэн зүйлсийг хийхэд үнэхээр тусалдаг. Тиймээс Төгс эзэмших сургаал дээр анхаарлаа төвлөрүүлснээр бид зарим зүйлийг хичээлийн жилийн хуваарийн дагуу зааж чадалгүй өнгөрдөг асуудлыг арилгаж, суралцагч, гэр бүлүүдийг адислах замаар Ирээд, Намайг дага хөтөлбөртэй уялдуулан холбох боломжтой юм.

Вэбб ах: Бид энэ судалгааг ахлагч Жонсонд үзүүлж, энэ боломжийн талаар ярилцсанаа би санаж байна. Бүр эхнээсээ л тэр Ирээд, Намайг дага хөтөлбөр нь гэр бүлүүдийг адисалдаг мөн гэртээ суралцаж байгаа зүйлтэй нь холбодог учраас үүнтэй уялдуулан холбохыг илүүд үзэж байсан. Гэхдээ тэр бас бидний нэг адил дэлхийн зарим хэсэгт сургууль амрах үед Аврагчийн амьдралын сүүлчийн долоо хоног, Анхны үзэгдэл эсвэл сайн мэдээний маш чухал үйл явдал, зарчмууд гэх мэт тодорхой сэдвүүдийг заалгүй өнгөрөх вий гэж санаа зовж байсан.

Тиймээс таны хэлснээр бид Төгс эзэмших сургаал дээр төвлөрч, хичээлийн амралтаар заалгалгүй алгассан байсан ч тэдгээрийг нөхөх, шууд Ирээд, Намайг дага хөтөлбөрийн хуваариар явалгүй орхигдсон хичээлүүдийг хооронд нь холбох, хураангуйлан авч үзэх хичээлүүдийг боловсруулан гаргаж, тэдгээрийг эхэлж заагаад, Ирээд, Намайг дага хөтөлбөрийн унших материалын хуваарь руу аажим эргэж орох юм бол бид Ирээд, Намайг дага хөтөлбөрийн хуваарьтай уялдуулсны үр ашгийг хүртэхээс гадна тэдэнд заагдахгүй өнгөрөх байсан зүйлстэй холбоотой асуудлыг шийдвэрлэж болох талаар ярилцсан юм. Бид түүнчлэн гэр бүл, хувь хүмүүс бидэнтэй хамт байхгүй байсан ч тэдгээр хэсгийг судалснаар туршлага хуримтлуулж, Ариун Сүнсээр дамжуулан сурвал зохих зүйлсээ сурч мэднэ гэдэгт итгэж найдах хэрэгтэй. Маш сайн тайлбарлалаа, баярлалаа. Танд баярлалаа.

Энэ нь хичээлийн материалыг уншихыг шаарддаг байснаа өдөр бүр судраас суралцах дадал хэвшилтэй болохыг шаардах болсон тухай асуулт л даа. Харин та бидэнд уг шийдвэрийн талаар юу хэлэх вэ?

Смит ах: Бид хичээлийн ирцийг бүртгэх, хичээлийн материалыг уншихад урих зэрэг семинар төгсөж, диплом авахад тавигддаг шаардлагыг бүгд ухамсарладаг. Дараа нь сурч мэдсэн зүйлээр маань шалгалт авдаг гэдгийг мэднэ. Бид мөн унших материалд тавигдах шаардлагыг, тухайлбал семинарт байх хугацаандаа дөрвөн жишиг бүтээлийг бүрэн унших ёстой байсныг өдөр бүр судраас унших дадал хэвшил суулгах болгож бага зэрэг өөрчилсөн.

Бид институт, семинарт хамрагдсанаар суралцагчдын маань амьдрал, оюун ухаан, зүрх сэтгэлд юу болоосой гэж хүсэж байгаа талаар орон нутгийн удирдлагуудтай ярилцахад маш их цаг зарцуулсан.

Мөн семинараас авах туршлага, суралцагчийн амьдралд юу тохиогоосой гэж найдаж байгаа талаар ярилцах зуураа бид семинарын судраас унших материалд тавигддаг шаардлагыг эргүүлэн авчрах талаар ярилцсан юм. Гэхдээ үнэхээр онцлохыг хүсэж байгаа хамгийн чухал зүйл бол суралцагчдад амьдралынх нь туршид үлдэх өдөр тутмын дадал хэвшлийг суулгахад нь туслах боломж байсныг бид ойлгосон.

Энэ үед надад өөр нэгэн эшлэл орж ирсэн. Энэ бол Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага дээрх эшлэл бөгөөд үүнийг маш сайн дүгнэн хэлсэн гэж би боддог. Энд “Багш хүн суралцагчдадаа судрыг хайрлаж, өдөр бүр судраас суралцдаг болоход нь туслахаас илүү суралцагчдынхаа амьдралд удаан хугацаанд, сайн нөлөө үзүүлж чадах өөр зүйл маш ховор юм”3 гэсэн байдаг. Тиймээс хэрвээ бид семинарын дипломыг дөрвөн жилийн туршид үр дүнтэй, гүн гүнзгий, хөрвөгдөх туршлага өгснийг бэлгэдэл болгохыг хүсэж байгаа бол судраас суралцах нь үүний нэг хэсэг байх хэрэгтэй.

Түүнчлэн суралцагчдын судартай хэрхэн ажилласныг олон арга замаар хэмжиж болох ч бид хамгийн чухал зүйл дээр нь буюу суралцагчдад судраас өдөр бүр суралцах дадал хэвшил суулгахад нь туслах тал дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хүссэн юм. Тиймээс бид үүнийг багш, орон тооны удирдагчид маань орж ашиглана гэж найдан, орон тооны удирдагчийн маш сайн эх сурвалжийг дагалдуулан өгсөн. Эдгээр нь суралцагчдад ур чадвар суулгаж, зорилго тавьж, Тэнгэр дэх Эцэг, Аврагч хоёртойгоо Ариун Сүнсээр дамжуулан судраар үнэхээр холбогдож сурахад нь тусалснаар шаардлагыг хангахад тусалдаг. Гэхдээ энэ шаардлага хамгийн чухал бөгөөд дипломоор төлөөлүүлж байгаа зүйлд маань хүргэдэг гэж боддог.

Вэбб ах: Тиймээс бид цуврал хичээлийн материалыг уншихад урамшуулсаар байгаа. Үнэндээ өдөр тутмын унших материалын шаардлага буюу хүлээлт сургалтын хөтөлбөрт орсон байх хэрэгтэй.

Вэбб ах: Тиймээс бид семинарын бүх суралцагч хичээлийн материалаа цаашид ч уншина гэж найдаж байна. Тэд таны дурдсанчлан, үүнийг үр дүнтэй болгох зорилго тавина байх гэж би найдаж байна. Гэхдээ хичээлийн кредитийг авахын тулд тэд уг семестрийн хичээлийн 75 хувьд нь оролцсон байх ёстой. “Өдөр тутам унших” гэдгийн учрыг бид тодорхойлохгүй. Тэд цуврал хичээлийн 75 хувьд ямар нэг байдлаар өдөр бүр судраас суралцах нь энэ туршлагыг семинарын хичээлийн цагийн нэгэн хэсэг болгоход урамшуулахад дөхөм үзүүлэх юм.

Бигэлөү ах: Зорилго болоод хувь хүн бүрийн хүссэн үр дүн өөр өөр байж болох ч тэд өдөр болгон судраас судалж байна гэдгийг дурдсанд би баярлаж байна. Семинар явагддаг дэлхийн зарим хэсэгт, уншиж болох хэвлэсэн судрууд хүртэл байдаггүй. Тиймээс энэ нь дэлхийн хаана ч байсан таарч тохирох жишгийг боловсруулан гаргах боломжийг бидэнд олгодог. Энэ нь “Бид үгээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаагаа сайжруулахад тань тусалмаар байна” гэж хэлэх боломжийг бидэнд олгодог. Харин Бурханы үгээс өдөр бүр суралцахыг дадал хэвшил болгосноор үүнд хүрэх боломжтой.

Вэбб ах: Тиймээс Түүний дуу хоолойг сонсох боломжийг өдөр бүр ашигла.

Бигэлөү ах: Яг зөв.

Вэбб ах: Мөн энэ нь багш нарт суралцагч бүртэй ажиллан, хэрэгцээ, чадварт нь таарсан туршлагыг тэдэнд өгнө гэсэн итгэл найдвар хүлээлгэж байгаа хэрэг, тийм үү? Бид ч гэсэн та нарт итгэдэг. Иймээс бид үүнийг яг ямар утга учиртай болохыг тодорхойлохгүй байгаа.

Бигэлөү ах: Яг зөв.

Вэбб ах: Баярлалаа. Тэгэхээр өөрчлөлтүүдийг аль хэдийн зарлаж, хэрэгжүүлж байгаа нь мэдээж. Бид мөн суралцагчдыг адислахын тулд хамгийн тохиромжтой арга замаар тэдгээрийг хэрэгжүүлэх хүчин чармайлтад тань талархаж байна. Өөр нэгэн өөрчлөлт буюу асуудал бол цар тахал бөгөөд цар тахлын улмаас сүүлийн хэдэн сарын туршид онлайн сургалт маань олон удаа тасалдаж, өөрчлөгдсөнтэй холбоотой манай анги тэнхимд өөр олон өөрчлөлт хийгдсэн. Рори, цар тахлын улмаас бид юу сурсан гэж бодож байна вэ, бас үүнээс болж цаашид юу өөрчлөгдөх вэ?

Бигэлөү ах: Өнөөдрийн сургалтын эхэнд таны хэлсэнчлэн юуны өмнө, бас хамгийн чухал нь бидэнтэй хамт гайхамшигтай хүмүүс ажиллаж, үйлчилж байдаг юм байна гэдгийг ойлгосон. Хэрэв Сүмийн сургуулиудаас гадна бүх номлогч, дуудагдсан багш, бүтэн цагийн болон хагас цагийн ажилтныг бүгдийг нь нэмэх юм бол дэлхий даяар 60000 гаруй хүн байгаа. Мөн тэд маш чадварлаг. Гэхдээ цар тахал бидэнд урьд өмнө байгаагүй ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг мэдүүлсэн юм болов уу.

Хувийн туршлагаасаа хуваалцахад, бараг долоон жилийн өмнө эхнэр бид хоёрыг Бразилд номлолын удирдагчдаар үйлчлэхийг хүссэн юм. Бид ч португали хэл сурч эхэлсэн. Би залуудаа испани хэлээр үйлчилж байсан болохоор энэ нь бидний хувьд шинэ хэл байсан ч португал хэлээр ярих тодорхой хэмжээний чадвар бий гэж бодож байлаа.

Номлолд очсон анхны өдөр тухайн үед үйлчилж байсан номлолын ерөнхийлөгч биднийг гэртээ авчирсныг би санаж байна. Барилга хариуцсан менежер тэнд байсан бөгөөд биднийг гал тогооны өрөө рүү орох үед тэр “За, та нарт усаа захиалах хэрэгтэй” гэв. Тэр гараа усны саван дээр тавиад, “Та нар энд устай шинэ сав авч тавих хэрэг гарна даа” гэж хэлж билээ. Би португал хэлээр “усны сав” гэж хэлж чадахгүйгээ ухаараад ихэд сандарсан. Үнэндээ би өөр олон үг сурсан байв. Бид сурсан бас ойлголцож чадна гэж бодож байлаа. Тиймээс би түүнээс “Чи надад аваад өгөх үү? Тэгж чадах уу?” гэж асуухад тэр “Тэгэлгүй яахав” гэж билээ.

Харин түүнийг утсаар ярьж байхад нь би цааш харан, жижиг цаасан дээр хэрхэн ус захиалахыг үг бүрчлэн бичиж авсныг тэр хараагүй юм. Би бас усаа авч чадахгүйгээс болж гэр бүл маань хоёр долоо хоног ч тэсэлгүй үхэх нь дээ гэж бодож билээ.

Харин энэ туршлага надад би мэддэг гэж бодож байсан зүйлээ ч үнэндээ мэддэггүй юм байна гэдгийг ухаарсан мөч байсан юм. Миний бодлоор цар тахал үүнийг бидэнд ухааруулсан. Шашны боловсролыг онлайнаар хүргэх бидний ур чадварын түвшин шаардлагад хүрэхгүй байна. Зарим нь хурдан дасан зохицсон ба цаанаас өгөгдсөн, төрөлх ур чадварынхаа ачаар чадсан байхад зарим нь чадаагүй.

Тиймээс байнга ур чадвараа сайжруулах нь бидний сурсан мөн үргэлжлүүлэх хэрэгтэй нэг зүйл юм байна гэж би бодож байна. Бид өөрсдийн чадавхыг нэмэгдүүлэх арга замаа олох хэрэгтэй.

Таны нээлтийн үгэндээ дурдсан зүйлийг би ахин дахин эш татаж байгаа ч үнэхээр маш чухал зүйл гэж бодож байна. Ахлагч Кларкийн хэлснээр “Дуулгавартай байдал, найдвар, эсвэл энэрлийн цар хүрээ, олж авсан мэргэжлийн ур чадвар, чадамжийн түвшин ямар байхаас үл хамааран тэдгээр нь бидний өмнө буй ажилд хангалтгүй байх болно.”4

Цар тахлын ачаар хувь хүнийхээ хувьд сурч мэдсэн нэг зүйл бол өнөөгийн ихээхэн өөрчлөгдсөн дэлхийд Их Эзэний өсөн нэмэгдэж буй хүлээлтэд хүрэхийн тулд сайжрах гэсэн чин хүсэл юм. Тэгэхээр энэ нь онлайн сургалтад хэрхэн нөлөөлөх вэ? Сайн мэдэхгүй байна аа. Энэ нь манай онлайн сургалтад хэрхэн нөлөөлөх вэ? Та энэ асуултад хариулахад яг тохирсон хүн болов уу.

Смит ах: За, би таны хэлснийг давтан хэлье. Бид цар тахлын ачаар мэдэж авсан хоёр нэн чухал зүйлийг цаашид хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Нэг нь, таны хэлснээр бид үнэхээр маш сайн хүмүүстэй ажилладаг. Манай бүтэн цагийн багш болон сайн дурынхан ямар ч үед бэлэн байдаг, гайхалтай сайн, ариулан адислагдсан хүмүүс байдаг. Тэд хэцүү цагт гайхалтай сайн байж чадсан.

Тэд бас сайжрах боломж байгааг мэдэж авсан. Бид бас сурч мэдэх хэрэгтэй хариултаа олж авахын тулд ямар асуултуудыг тавих хэрэгтэйгээ сурч мэдсэн гэж бодож байна.

Сүмийн удирдах албаны байранд бидний хийсэн нэг зүйл бол Цахим сургалтын менежментийн хэлтсийг байгуулсан явдал юм. Энэ нь онлайн Институт, семинараар заах хөтөлбөрийг сайжруулахад туслах мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хэлтэстэй болж байгаа хэрэг байв. Онлайн гэдэг үг олон утга агуулгаар хэрэглэгддэг тул бид уг хэлтсийг Цахим сургалтын менежмент гэж нэрлэсэн юм. Технологиор дамжуулан зайнаас заах ямар ч сургалт үүнд хамрагдаж байгаа юм. Энэ нь видео бичлэг, танхимд орох хичээл хоёрыг хослуулах эсвэл видео хурал юм уу синхрон бус хэлбэр гээд маш олон арга замаар явуулахыг харж болно.

Бид бас ямар ямар асуулт тавих хэрэгтэй вэ гэдгээ мэдэж авсан гэж бодож байна. Бид ч гэсэн уг асуултуудыг тавьж эхэлж байгаа бөгөөд тэгснээр инстиут, семинарын аль алиных нь цахим хэлбэрээр орох хичээлийн тоог нэмэгдүүлэхэд дэмжиж туслах эх сурвалж, дэд бүтэц болон хөтөлбөрийг боловсруулж чадах юм.

Өнөө маргааш, хожим нь гээд хэзээ нэгэн цагт КОВИД-оос салах үед цахим хичээлийн хэрэгцээ одоогийнхоос буурах ч өмнөхөөсөө өссөн байна. Учир нь бид өмнө нь хүрч чаддаггүй байсан зарим суралцагчдаа хүрч чадсан. Бид нэг талаасаа ийм арга замаар хүрч заах шахалт шаардлагад орсон тул энэ нь өмнө нь хүрч чаддаггүй байсан хүмүүсийн болон гэр бүлүүдийн амьдралыг адислах боломж болсноор үүний ашиг тусыг одоо харж байна. Бид бас одоо сайжрахын тулд ямар ямар асуулт тавихаа мэддэг болж, хариултыг нь олохын тулд хүчин чармайлтаа төвлөрүүлэн ажиллаж байна. Тиймээс удахгүй сайн сайхан шийдлүүд гарч ирнэ гэж би бодож байгаа.

Вэбб ах: Зарим хүн “Зөвхөн онлайнаар заадаг ажилтнуудтай болох цаг ирэх болов уу?” гэж асууж байсан. Бид уг асуултын талаар одоо ч бодож байгаа гэж хэлмээр байна. Зөвхөн онлайнаар заадаг бүрэн цагийн семинарын багштай болох өдөр ирэх магадлал өндөр. Гэхдээ бид бүгдээрээ онлайнаар хэрхэн үр дүнтэй заах талаар үндсэн ойлголттой болсон байх хэрэгтэй нь ч бас үнэн. Бид бүгд хэзээ нэгэн цагт үүнийг хийхээр дуудагдаж магад. Мөн ийн дуудагдах үед бид бүхий л чадлаараа хийхийг хүснэ, хийх ч болно. Зарим багш маш сайн ажиллахыг бид харсан. Зарим нь онлайнаар үнэхээр үр дүнтэй зааж байсан болохоор инстиутийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийнх нь тоо дөрөв дахин нэмэгдсэн байхыг бид харсан. Тиймээс бид зохион байгуулалтын бүтцээс илүү боловсролыг онлайнаар үр дүнтэй олгоход шаардагдах ур чадварт суралцаж, энэ арга замаар зааснаар хүмүүсийг үнэхээр адисалж чадах уу үгүй гэдэг нь чухал юм.

Харин бид энэ талаар сурч мэдсэн бүх зүйлээ сургалт явуулах болгондоо хуваалцаж байх бөгөөд тэгснээр шашны боловсролыг хамгийн үр дүнтэй заах боломжийг хүмүүс олгоно. Сайхан хэллээ. Танд баярлалаа.

Бигэлөү ах:Онлайнаар заах болж өөрчлөгдөж байгаа нь өмнө нь хийж байснаа орвонгоор нь өөрчилж байгаа хэрэг биш юм. Гэхдээ бид дасан зохицож, институт, семинарын хагас цагаар ажиллах олон багшийг ажилд авах хэрэгтэй гарах байх. Онлайнаар орох нь бүрэн цагийн ажилтны ачааллыг авалгүйгээр заах боломжийг хүмүүст олгодог.

Вэбб ах: Гэхдээ хэнийг ч энэ өөрчлөлтийг гаргахад хүчлэхгүй. Бид урагшлах явцдаа, шинэ боломж бололцоо гарч ирэх болгонд эдгээр өөрчлөлтийг хийнэ. Үүний нэг шалтгаан бол манай ажилтнуудын эгнээнд орж ирж буй эмэгтэйчүүдийн тоо өссөөр байгаа явдал болохыг бид цухас дурдах гэсэн юм. Мөн бид тэдний оруулж байгаа хувь нэмэрт үнэхээр талархаж байна. Тэдний зарим нь гэр бүлийн нөхцөл байдлаас болж эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар хагас цагаар юм уу онлайнаар заах сонголт хийсэн байдаг.

Түүнчлэн ажилтнуудын эгнээнд багтах эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэнээр удирдах албанд томилогдох боломж нь ч бас нэмэгдсэн. Дашрамд дурдахад, Сүмийн удирдах байран дахь хэлтсийн арван захирал байдгийн гурав нь эмэгтэй. Тэднийг эмэгтэй болохоор нь уг ажилд томилсон эсвэл авсан юм биш. Тэд уг ажилд хамгийн сайн тохирсон хүмүүс байсан бөгөөд бидний хийж байгаа ажилд асар их хувь нэмэр оруулж байна.

Гэхдээ энэ бол зөвхөн жишээ юм. Байгууллага маань өргөжин тэлэх тусам бүсийн захирал, ажилтнуудад эсвэл хөтөлбөрийн удирдлагад эмэгтэйчүүд томилогдох болно. Энэ нь манай ажилтнуудын эгнээнд гарч байгаа өөрчлөлт бөгөөд бид энэ талаар мэдэж байх ёстой учраас би үүнийг дурдлаа. Хөтөлбөрийн удирдлагууд өөр өөр үзэл бодлыг мэддэг байх хэрэгтэй бөгөөд хамтдаа зөвлөлдөж, хүмүүсийн туршлагад үндэслэн, тэдний харах өнцгөөс хардаг байхад суралцах хэрэгтэй.

Бид янз бүрийн хүмүүсээс бүрдсэн ажиллах хүчнээс ирэх үр ашгийг сайн мэддэг байх хэрэгтэй гэж би бодож байна. Энэ нь ажилтнуудаас гадна багшлахаар дуудагдсан эрэгтэй, эмэгтэй, янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүсээр дүүрэн дэлхийд хамааралтай. Тэдэнд байгууллагын маань суралцагчдыг адисалж чадах бидний сонорт хүргэж, ойлгуулах гэсэн маш олон үзэл бодол, туршлага бий.

Бигэлөү ах: Олон хүн мэдэхгүй байж болох ч бид салбар хариуцсан багуудыг бүрдүүлж байгаа. Энэ нь дэлхий өнцөг булан бүрд сургалтын материал бичдэг, сургалт өгдөг хүмүүс, багтай байх боломж олгох юм. Энэ нь бидэнд дэлхий даяар юу болж байгааг ганцхан өнцгөөс биш, харин олон талаас сайтар харах боломж олгоно.

Вэбб ах: Баярлалаа. Адам аа, бид одоо эргээд тантай ярья. Иновацийн хүрээлэнд (Innovate Institute) олон ажил хийгдэж байгаа бөгөөд энэ талаар маш олон хүн сонирхож, хувь нэмэр оруулсан. Иновацийн хүрээлэнгийн талаар та бидэнд ямар шинэ мэдээ өгмөөр байна вэ?

Смит ах: Тэгэхээр, бид ихээхэн цаг, нөөц боломжийг үүнд зарцуулсан бөгөөд институтийн олон захирал, багш орчныг бодитоор өөрчлөх, шинэ цуврал хичээлийг эсвэл бүр хичээлийн нэр гарчгийг өөрчлөх гэх мэт ажлыг хийх боломж бололцоог судалсан. Эдгээр нь бүгд гайхалтай. Бидний хийж байгаа хамгийн чухал ажил бол институтийнхээ суралцагчдын үгийг, ялангуяа бидэнтэй хамт байж болох ч хараахан байхгүй байгаа суралцагчдыг сонсоход анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэж би үзэж байна. Тэд нэг удаа ирсэн ч буцаж ирээгүй эсвэл институтэд огт сууж байгаагүй ч байж болно. Тиймээс бид тэднийг сонсоход анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа.

Үүний ачаар хийж болох хамгийн чухал шинэлэг зүйл бол заах арга барилаа тааруулан бага зэрэг өөрчлөх явдал гэж би бодож байна. Рори, таны хэлснээр энэ нь бүхэлдээ өөрчлөгдөж байгаа хэрэг биш, харин байнга хийдэг зүйлээ бага зэрэг тохируулан өөрчилж буй хэрэг юм. Вэбб ах та өнгөрсөн 6-р сард бидэнд хандан хэлэхдээ, хөрвүүлдэг мөн ач холбогдлыг нь ойлгуулдаг, бидний нэгэн хэсэг гэдгийг мэдрүүлдэг ангиудтай болох нь институтийг жинхэнэ ёсоор шинэчлэх арга зам гэдгийг онцолсон.

Би институтийн багш нарын Бүсийн захирлын надтай хуваалцсан нэг түүхийг хуваалцъя. Тэр хамгийн эхний Zoom хичээл дээрээ мөнхийн гэр бүл сэдвийг заахаар бэлтгэж байв. Бэлтгэх явцдаа суралцагч бүрээс өөрсдийгөө танилцуулсан богино видео бичлэг хийхийг тэр хүсжээ.

Ангийнх нь нэг эрэгтэй суралцагч институтийн ангийнхандаа өөрийгөө гомо гэж танилцуулсан байсан ба гэр бүл, гэрлэлтийн тал дээрх Сүмийн байр суурьтай санаа нийлдэггүйгээ хуваалцсан байв. Харин тухайн багш гэр бүлийн талаарх сургаал, зарчмуудыг заах гэж байгаагаа мэдэж байлаа. Тиймээс тэр энд маш хянуур, сэрэмжтэй хандаж, залбирахаар шийджээ. Багш тэр залууд чин сэтгэлээсээ хандаж, институтийнхээ ангийг сургаалыг болон бошиглогч, төлөөлөгчдийн заасан зүйлсийг тодорхой гэгч зааж болох газар болгохын зэрэгцээ суралцагчид чөлөөтэй, шүүмжлэлд өртөхгүй байж, санааг нь зовоож байгаа асуудал, асуултуудаа хуваалцдаг тийм газар байлгахыг хүсэж байгаагаа хэлжээ.

Багш нь уг залууд хүрч ажилласны эцэст, тэр ердийнх шигээ бүхэл хичээлийн туршид чимээгүй суухаар төлөвлөж байснаа багштайгаа хуваалцсан байна. Сүмийн хүрээлэлд хэн нэгэн нь гэр бүлийн талаар зааж эхлэхэд тэр оролцолгүй, чимээгүй суудаг байж. Гэхдээ энэ багш түүнтэй ийм арга барилаар хүрч ажилласан явдал түүнийг хичээлдээ ирж, идэвхтэй оролцох шийдвэр гаргахад хүргэжээ. Харин тэр залуу ангид асар их хувь нэмэр оруулсан төдийгүй, тавьсан асуулт, авч үзсэн асуудлын талаар үнэхээр үр дүнтэй ярилцлага өрнүүлэхэд тусалсан тул хичээл нь үнэхээр гайхалтай болсон юм. Энэ нь үнэнийг зааж, сэтгэлийн угт байдаг үнэн зөв асуултуудаа тавьж болох итгэлцлийн орчинг бүрдүүлсний ач байв.

Хичээлийн дараа уг суралцагчийн багшдаа бичсэн захидлыг тэр надтай хуваалцсан юм. Энэ нь институтийг шинэчлэхийн тулд бид яг юу хийх ёстойг харуулсан гэж би боддог. Тэр:

“Хичээл хэрхэн явагдсанд би танд талархмаар байна. Би бага зэрэг сандарч, ямар нэг зүйл хэлье гэж төлөвлөөгүй байсан ч хичээл дуусах үед ‘баярлалаа’ гэж чанга хашхирмаар санагдсан. Хичээл ч гайхалтай болж өнгөрсөн. Өөр ангид байхдаа гомо гэдгээ хэлсний дараа юу болсныг хэлэхэд намайг дэмжсэн ахлах сургуулийн семинарын багшийн минь заасан нэг хичээлтэй энэ хичээл адилхан байлаа. Түүний болон таны заасан хичээл хайр, дэмжлэгээр дүүрэн байсан төдийгүй миний бүхий л амьдралыг өөрчилсөн. Би сайн мэдээнд үлдэж, энэ арга замаар амьдрахын тулд чадах бүхнээ хийх хүсэл дахин шинээр төрөхийг мэдэрч, амьдралыг маань өөрчиллөө. Танд баярлалаа. Мөн миний асуултуудад хариулж, надтай илүү сайн танилцахыг хүсэж, дэмжиж тусалсанд тань баярлалаа. Би сүнсийг маш хүчтэй мэдэрсэн тул бүх зүйлийн талаарх өөрийн бодол санааг бичсэн билээ. Би судрын тэмдэглэлдээ маш их баярлаж, талархаж байгаагаа бичсэн. Би одоо баярын нулимс унагаж байна. Баярлалаа, Таны дүү бөгөөд Бурханы хүү” гэж бичсэн байв.

Энэ багш Аврагч дээр ирэх, гэрээний зам дээрээ үлдэх итгэл найдвар, эр зоригийг өгөх замаар үр дүнтэй харилцаа холбоо тогтоосныг бид харж байна. Энэ багшийн анги хөрвүүлдэг, ач холбогдлыг нь ойлгуулдаг, бидний нэгэн хэсэг гэдгийг нь мэдрүүлдэг орчин байсан тул ийн чадсан юм.

Вэбб ах: Энэ асуултад хэрхэн хариулсан тань надад их таалагдаж байна. Бид орчны өөрчлөлт, хичээлийн тойм болон янз бүрийн зүйл дээр ажиллана. Та бүхэн институтийг шинэчлэх шинэлэг арга замуудыг олтлоо, одоо оролцохгүй байгаа олон суралцагчийг уриарай. Харин тэднийг ирэхэд нь үлдээж, Тэнгэрлэг Эцэгтэй холбох ийм туршлагыг өгөх нь энэ бүх шинэчлэлтийн жинхэнэ зорилго юм, тиймээс баярлалаа.

За би сүүлчийн асуултыг асууя, та хоёр хоёулаа үүнд хариулна уу. Бид хүмүүсийн мэдэж байгаа олон зүйлийн талаар ярилаа. Гэхдээ Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагад гарч байгаа зарим өөрчлөлтийг мөн шинэ гарын авлагад оруулах сургалттай холбоотой зарим зүйлийн талаар тэд мэдэхгүй байж болох юм. Тиймээс та хоёр сургалттай холбоотой гарч байгаа өөрчлөлтийн талаар тэдэнд юу хэлмээр байна вэ?

Смит ах: Бид анхаарлаа төвлөрүүлж, хялбарчилж, нэгтгэх тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгаа. Бид Санваар, гэр бүлийн хэлтсийн харьяа Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажиллаж, Сүмийн багш нарт зориулан нэгэн гарын авлага гаргах боломжтой болж байгаадаа маш их баяртай байна. Аврагчийн арга барилаар заах нь, Сайн мэдээг заах ба судлах нь хоёрыг нийлүүлж, илүү хялбарчилсан, тодруулсан, нэгтгэсэн гарын авлагад бидэнд яг юу заах, ангид ямар туршлага өгөх, суралцагчид бидэнтэй хамт байхдаа юуг мэдэрсэн байх ёстойг тодорхой заасан байна. Энэ нь дуудагдсан болон инстиут, семинарын багш нарт зориулсан ерөнхий удирдамж болох юм.

Тиймээс үүнд туслах үүднээс бид ямар нэгэн ур чадварын талаарх тодорхойлолтыг унших үед нь багшид тайлбарлаж өгдөг, жишээг нь харуулдаг, тэр тал дээр нь зааж сургадаг, дадлага хийж, амьдралд хэрэгжүүлэхийг урьдаг Сургалтын эх сурвалжийн сан гэсэн нэртэй газрыг байгуулж эхлээд байна. Тиймээс бид багш нартаа сайжруулахыг хүсэж байгаа ур чадвараа тодорхойлж, үүн дээр ажиллахад нь туслахыг үнэхээр хүсэж байна. Үүний зэрэгцээ бид хийж байгаа, хийхийг хүсэж байгаа зүйлээ хэмжих арга замуудыг олохыг үнэхээр хүсэж байна. Бид залуу хүмүүсийн амьдралд нөлөөлөх зорилгодоо хүрч байна уу?

Тиймээс бид багш нарт өөрсдийгөө үнэлж, дүгнэх мөн багш нар хэрхэн зохицуулагчийнхаа тусламжтайгаар өсөж, хөгжин, өөрсдийгөө сайжруулахад туслах, түүнчлэн суралцагчдаас туршлагынх нь талаар мөн амьдралд тохиолдож байгаа зүйлсийг нь асуух арга замыг сайжруулах үр дүнтэй, утга учиртай арга замуудыг харж, судалж байгаа. Энэ бүх зүйлийг урамшуулан дэмжих, хөгжил дэвшил, өсөлт хөгжлийг хангах сүнсээр мөн сайн багш байхын тулд боломжит бүх эх сурвалжаа ашиглах хүслээр хийгдэнэ гэж бид найдаж байна.

Бид Аврагчийн хоёр дахь ирэлтийн өмнөх өдрүүдэд амьдарч байгаагаа бөгөөд ангид маань ирж байгаа залуучууд дэлхийд амьдарч байсан хүмүүсийн хамгийн шилдэг нь гэдгийг мэдэж байгаа. Тэд маш сайн учраас бид ч бас сайн байх хэрэгтэй. Тиймээс бид сайжрахыг хүсэж байна.

Бигэлөү ах: Адамын тоймлон хэлсэн зүйлийг сонирхлыг маань ихэд татлаа. Энэ нь бид яг юунд хүрэх гэж байгаагаа тодорхойлж чадах болов уу? гэсэн санаа юм. Бид хүсэн хүлээж байгаа зүйлдээ хүрэхийн тулд зааж сургаж чадах уу? Тийм бол энэ хэмжүүр бидэнд маш чухал. Бид уг хэмжүүрийг харуулах арга замуудын талаар ярилцаж, хаана байгаа, хаана очихыг хүсэж байгаа дээрээ үндэслэн зарим нэгэн зорилго тавьсан.

Вэбб ах: Бид гүйцэтгэлийн менежментийн талаар ярихдаа мэргэжлийн нэр томьёо хэрэглэхэд хүмүүс “За, би чинь сайн мэдээг зааж байгаа шүү дээ, энэ л намайг сандаргаж байна” гэж боддог. Та нар бүгдээрээ суралцагчдадаа хайртай бас тэднийг адислахыг хүсдэг. Үүнд хажууд тань байж, өсөж хөгжин, суралцагчдаа адислахыг хүсдэг мөн ангид болж байгаа зүйлсийн тусгал болж, хөгжиж дэвшин, суралцагчдаа адислахад тань тусалдаг тийм хүнтэй байхыг хүсдэг нь оргүй зүйл биш юм. Та нар төгс багш болохыг хүсэж байгаадаа биш, харин суралцагчдадаа хамгийн сайн туршлага өгөхийг хүсэж байгаа учраас ийн хүсэж байгаа.

Тиймээс би энэ бүх зүйл үнэхээр хийгдэх гэж байгаа мөн шинэ гарын авлага, Сургалтын эх сурвалжийн сан, хэмжүүр зэрэг нь үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл бөгөөд бүгд эерэг, тус болох зүйл гэж бодож байгаа. Мөн би та нарыг энэ бүхнийг харах болно гэж бодож байна. Үүнд бид найдаж болно, тийм үү?

Смит ах: Тийм ээ.

Вэбб ах: За, өндөрлөхийн өмнө танд хэлмээр зүйл байна уу?

Бигэлөү ах: Тийм ээ, миний хувьд чухал гэж бодож байгаа өөр нэгэн зүйл бол бид зааж сургахад мөн заах чадварыг сайжруулахад анхаарлаа илүү хандуулж, удирдлагын тал дээр буюу семинарын захирал, зохицуулагч, бүс, орон нутгийн удирдагчид гэх мэт удирдлагын талаа орхигдуулдаг юм шиг санагддаг. Одоо бид үүнийг орхигдуулахгүй байхыг хичээж байгаа. Бид тэднээс юуг хүсэн хүлээж байгааг олж мэдэхэд нь туслах ажил үүргийн тодорхойлолтыг захирлуудад гаргаж өгөх санаанд анхаарлаа төвлөрүүлж байна. Тиймээс бид хэмжүүр гэж ярихдаа, заах хэмжүүрээс гадна удирдлагын хэмжүүрийн талаар ярина. Тиймээс хэдэн жилийн өмнө надаас захирал болохыг хүсэх үед энд ярилцаж байгаа зүйлийг хэлсэн бол би дуртайяа хүлээн авах байсан.

Би ажилтнууд, албаныхаа хүмүүст болон захиргааны туслахууддаа жишгийн дагуу “Хэрхэн ажиллаж байгаагаа болон сайжрахын тулд юу хийж болохоо мэдэхэд туслаач” гэж хэлэхэд нь өгөх зүйлтэй болно. Би чадах чинээгээрээ хамгийн сайн удирдагч болохыг хүсэж байгаа бөгөөд үүнд хүрэх цорын ганц арга зам бол хаана байгаагаа болон хаана байх ёстойгоо мөн тэнд очихын тулд юу хийхээ мэдэх явдал юм. Тиймээс бидний ярилцсан бүх зүйл өсвөр үеийнхэн, залуучуудад илүү сайхан туршлага өгөх хүрээнд явагдсан бөгөөд энэ нь мөн миний удирдах чадварт ч хамаатай.

Вэбб ах: Эдгээр өөрчлөлтийн зарим нь маш хурдан, ойрын хэдэн сард хийгдэх бол, зарим нь арай хожуу хийгдэнэ гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

Танд баярлалаа. За, нэвтрүүлгийн энэ хэсгийг өндөрлөхийн өмнө би ерөнхий өөрчлөлтийн талаар нэг зүйл хэлмээр байна. Бид дэлхийн хаана ч байхгүй шинэ хөтөлбөр, эх сурвалжуудыг гаргаж болох ч нэгдмэл байж, Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэхгүй л юм бол эдгээр огтхон ч хэрэггүй болох бөгөөд аль нь ч амжилтад хүрэхгүй. Энэ бүгдийн төлөө бид бүхий л хүч чадлаа зориулах болно. Энэ нь Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихыг биднээс шаардана. Энэ нь бас өөрчлөлтийг баяртай хүлээн авахад бэлэн байхыг шаардах болно. Амьдралыг өөрчлөх хүчтэй байхын тулд бид зүрх сэтгэлээ өөрчлөн байж зааж, гэрчлэх ёстой.

Бид Христийн үйл хэрэгт бие сэтгэлээ бүрэн зориулахад сэтгэл зүрхээ нэгдэх болтугай. Мөн бид Түүнийг илүү бүрэн дүүрэн тулж түших болтугай. Ийн үйлдсэнээр бид гарч болох ямар ч өөрчлөлтөд дасан зохицно. Ариун Сүнс хувийн амьдралдаа болон заах явцдаа өөрчлөх хэрэгтэй зүйлсээ олж харахад мөн тэдгээрийг өөрчлөхөд тусална. Түүнчлэн бид Бурхан маань гайхамшгийн Бурхан гэдгийг мэдрэх болно. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн үг,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3–4.

  2. (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага (2012), 20).

  3. Kim B. Clark, “Encircled about with Fire” (address given at the Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 4, 2015), ChurchofJesusChrist.org.