Өсвөр үеийнхэн болон залуучуудад заах нь
2023 оны 6-р сар. Есүс Христийн хүч ба цэвэр үнэн сургаал


Есүс Христийн хүч ба цэвэр үнэн сургаал

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Есүс Христийн хүч ба цэвэр үнэн сургаал

2023 оны 6-р сарын 11

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Баярлалаа, ахлагч Гилбэрт. Баярлалаа, Вэбб ах аа. Энэ хоёр миний эрхэм найз, хамтрагч байгаа юм. Би тэдэнд маш их хайртай.

Найрал дуу үнэхээр гайхалтай байгаагүй гэж үү? Бас ямар хүндэтгэлтэй байв аа. Та нар үнэхээр гайхамшигтай байлаа. Маш их баярлалаа.

Та нарыг гурав дахь мөрийг хоршин дуулахад “Эзэн бол миний гэрэл. Миний хүч чадал. Энгүй төгс хүчээр нь би бүхнийг давна”1 гэх үгсийн талаар би бодлоо. Хэрэв бид энэ дууны үгийн мэдрэмжийг зааж байгаа хүмүүсийнхээ яс маханд нь мэдрүүлж чаддаг бол ч хэн нэгнийг аюулаас хамгаалж чадна даа.

Табэрнэклд байх гайхалтай сайхан байгаа биз? Бид энд өмнөх шигээ байнга ирэхээ больсон. Та нарын зарим нь бага залуу тул энд ирж ч байгаагүй байх. Харин бидний зарим нь энд цагаа өнгөрүүлдэг байлаа. Та нарын хэдэд нь Табэрнэклтай холбоотой сайхан дурсамж байдаг вэ? (Гараа өргөнө.)

Гучин жилийн өмнө ахлагч Кристоффэрсон бид хоёрт 4-р сарын чуулганаар дуудлага өгсөн юм. Тэр улаан сандлуудыг нүүлгэхээс өмнө бид яг тэр доор сууж байсныг би санаж байна. Төлөөлөгчдийн нэг, ахлагч Марвин Аштон тэр чуулганаар өвчтэй байсан тул ахлагч Кристоффэрсон бид хоёр даруухан гэрчлэлээ хуваалцаж билээ. Бидэнд бэлдэх цаг бараг байгаагүй.

Би та нартай өөр нэг дурсамжаа хуваалцъя.

1993 оны тэр гэрчлэлээс хойш би Табэрнэклд дахин үг хэлээгүй. Энэ Табэрнэклд болсон хамгийн сүүлчийн буюу 1999 оны 10-р сарын чуулган ойртож байсан тэр үед

намайг алмайруулсан нэгэн үйл явдал болсон. Чуулганы өмнөх баасан гаргийн өглөөний 7:30 цаг болж байлаа. Намайг оффистоо байхад утас дуугарч, утсаа авахад цаана нь байгаа хүн “Андэрсэн ах аа, ерөнхийлөгч Хинкли байна” гэв. Ерөнхий эрх мэдэлтэн байсан ч би ерөнхийлөгч Хинклитэй тийм ч олон удаа уулзаж байсангүй. Та нар итгэхгүй байж магад. Тэр надаас эхлээд “Чи ямархуу сэлгээний тоглогч вэ?” гэж асуусан юм. Би хэрхэн хариулахаа мэдэхгүй байсан ч ямар нэг юм бувтнаж амжив. Дараа нь тэр “Ахлагч Робэрт Хэйлс өвдчихлөө. Тэр даваа гарагт мэс засалд орох тул маргааш өглөө үг хэлж чадахгүй. Чамайг бямба гаргийн өглөө түүний оронд үг хэлэхийг бид хүсэж байна. За юу? Баяртай!” гэлээ. Би хэдэн цагийн турш тайвширч чадсангүй. Энэ бол миний хувьд энд, Табэрнэклд ерөнхий чуулганаар даалгавар авч үг хэлсэн цорын ганц тохиолдол байсан.

Цаг байсан бол бид та нарын бүгдийнх нь түүхийг сонсмоор байлаа.

Ах, эгч нар аа, юуны түрүүнд би, Тэргүүн зөвлөл, Арван хоёрын чуулгынхан та нарын хүн нэг бүрд хайртай гэдгийг илэрхийлье. Бид та нарын Аврагч Есүс Христэд болон Түүний ариун үйл хэрэгт итгэх итгэл, үнэнч байдлыг тань гүнээ хүндэлж, биширдэг. Энэ бол түүхэн чухал ач холбогдолтой цаг үе юм. Хэдэн зуун мянган залуу хожмын үеийн гэгээнтний амьдрал та нарын нөлөөн доор байна. Гадас, тойргийнхоо семинар, институтийн багшаар дуудагдсан уу, аль эсвэл дэлхий даяарх 638 институтийн болон хичээлийн цагаар ордог семинарын багшаар сонгогдсон эсэхээс үл хамааран та нар тэдэнд нөлөөлдөг. Бид хэдэн семинарын ангитай вэ гэж би сая Вэбб ахаас асуухад тэр надад 80 мянган семинарын анги байгаа гэж хэллээ. Харин хичээлийн цагаар ордог семинарууд мэдээж АНУ-ын баруун хэсэг, Канад болон Сүмийн сургуулиудад орж байна. Түүнчлэн хэрэв та семинар, институтийн ажилд ямар нэгэн байдлаар туслан үйлчилж байгаа бол би та нарт Тэргүүн зөвлөл болон Арван хоёрын чуулгын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Бид та нарт хайртай, та нарын төлөө залбирдаг. Бид та нарыг бидний нэгэн адил Есүс Христийн шавь нар гэж үздэг. Учир нь бид Аврагчийг дэлхийд алдар суутайгаар эргэн ирэхэд бэлтгэл болгож дэлхий даяарх, өөр өөр соёл, хэлтэй зөв шударга хүмүүсийг бэлддэг.

Та нарын хүн нэг бүрийг болон та нарын өмнө энэхүү агуу ажилд бие сэтгэлээ зориулсан багш нарыг хүндэтгэн би саяхан энд, Солт Лэйк Сити дахь гадасны ерөнхийлөгч Энди Диазтай хэдэн үг солилцсон. Бид түүнийг залуу байхад зааж байсан өглөөний семинарын багшийн талаар ярьсан юм. Ийн ярилцаж байхдаа нэг сонирхолтой мэдээллийг олж мэдсэн. 13 насандаа Флоридагийн Тампа хотод Сүмд нэгдсэнээс хойш нэг жилийн дараа ерөнхийлөгч Диаз миний гайхалтай эхнэр Кэтитэй хамт өглөөний семинарын нэг ангид явж эхэлсэн байна. Тэр одоо Кэтигээс олон насаар ах харагдаж байгааг та нар анзаарсан байх. Гэхдээ амьдрал хүн бүрийн хувьд адилгүй. Багш нь Кэтигийн ээж, миний ирээдүйн хадам эх Марта Виллиамс эгч байв. Ерөнхийлөгч Диаз болон бидний хооронд өрнөсөн яриаг сонсоно уу.

[Видео эхэлнэ]

Ахлагч Андэрсэн: Өнөөдөр би энд Солт Лэйк Ривэрсайд гадасны ерөнхийлөгч Энди Диазтай хамт байна. Ерөнхийлөгч Диаз бид хоёрын хооронд нэг нийтлэг зүйл бий. Энэ бол миний эхнэр Кэти 50 жилийн өмнө түүнтэй хамт нэг семинарын ангид байсан. Кэтигийн ээж Марта Виллиамс эгч тэдний багш байсан нь бүр ч сонирхолтой. Тэр гайхалтай эмэгтэй байсан. Мэдээж би түүнийг сайн мэднэ. Одоо бол тэр нас барсан. Гэхдээ би одоо энд гадасны ерөнхийлөгч болсон, 13 настайдаа Сүмд нэгдсэнээсээ хойш нэг жилийн дараа семинарт явсан хүнээс Марта Виллиамс эгчийн талаарх мэдрэмжийг нь 50 гаруй жилийн дараа асуухыг хүсэж байна. Ерөнхийлөгч Диаз аа, та семинарын тань багш байсан энэ эмэгтэйн талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач.

Ерөнхийлөгч Энди Диаз: Тэр миний амьдралд хамгийн ихээр нөлөөлсөн гурван эмэгтэйн нэг байсан. Нэг нь миний ээж, нөгөөх нь миний эхнэр, гурав дахь нь Виллиамс эгч байсан.

Ахлагч Андэрсэн: Та хэтрүүлээгүй биз?

Ерөнхийлөгч Диаз: Хэтрүүлээгүй ээ.

Ахлагч Андэрсэн: Тэр яагаад таны хувьд тийм чухал байр суурь эзэлдэг вэ?

Ерөнхийлөгч Диаз: Би 13 настайдаа Сүмийн шинэ гишүүн болж, 14 настайдаа семинарт явж эхэлсэн учраас тэр надад өсөж хөгжин, сайн мэдээнээс сурахад тусалсан. Үндсэндээ надад сайн мэдээнээс сурахад тусалсан хүн бол тэр байсан юм. Ахлах сургуулийн 11-р ангид байхдаа би шөнийн 2 цагт ажилладаг газар ажилд орсон. Семинар миний хувьд маш чухал байсан тул хоцрохгүйн тулд ажлаа тараад шууд 6 цагийн өглөөний семинар луугаа явдаг байсан. Тэр аль хэдийн “Сүнслэг дурсамж үлдээцгээе” гэсэн уур амьсгалыг бүрдүүлсэн байдаг байсан. Тийм дурсамжтай болохыг би ч гэсэн хүсэж байсан.

Ахлагч Андэрсэн: Тэр сайн мэдээг цэвэр ариун, энгийн байдлаар заасан уу эсвэл гүнзгий зааж байсан уу? Бид 50 жилийн өмнө зарим хичээл дээр огт мэдэхгүй зүйлсээ судалж байсныг санаж байна

Ерөнхийлөгч Диаз: Тэр надад гарцаагүй Христийн цэвэр үнэн сургаалыг зааж байсан. Тэр итгэл, наманчлал болон Тэнгэр дэх Эцэг рүүгээ эргэн очихын тулд бид юу хийх хэрэгтэй, эцсээ хүртэл тэвчих талаар ярьдаг байсан.

Ахлагч Андэрсэн: Тэр Аврагч Есүс Христтэй хувиараа ярилцах тал дээр тусалсан уу, энэ нь насан туршид чинь үргэлжилсэн үү?

Ерөнхийлөгч Диаз: Тийм ээ, тэр тусалсан. Тэр надад бидний Тэнгэр дэх Эцэг, Аврагч хоёртой харилцаа холбоотой болоход тусалсан. Би түүнээс Аврагчийн талаар мэдэж авсан. Мөн тэр судар дээр байсан ойлголт болон Аврагчийн заасан сургаалын хувьд бүх зүйлийг надад нээж өгсөн. Түүнд гэрчлэл байсан. Миний санаж байгаагаар тэр хэзээ ч хичээлийг Аврагчийн сайн мэдээ, тухайн өдөр заасан чухал зүйлсийнхээ талаар гэрчлэлээ хуваалцалгүй дуусгаж байгаагүй. Тэр эрч хүчтэй хүн байсан тул хүмүүсийг сайн мэдээг гэх өөрийн хайраар өлгийддөг байсан. Түүнийг харсан би дараа нь хийж байгаа зүйлийг нь дагахыг хичээдэг байж билээ.

Ахлагч Андэрсэн: Ерөнхийлөгч Диаз та эргээд бодоход, хэрэв семинар, институтийн багш нарт ямар нэгэн зүйл хэл гэвэл таны адил Сүмд дөнгөж шинээр орсон хүмүүсийн төлөө юу хийхэд тэднийг уриалах байсан бэ?

Ерөнхийлөгч Диаз: Суралцагчдаа хайрла. Та Тэнгэрлэг Эцэгийг хайрладаг мөн Тэнгэрлэг Эцэг, Аврагч тэднийг хайрладаг гэдгийг тэдэнд хэл. Түүнчлэн хэрэв та нар Бурханыг болон Түүний бошиглогчдыг дагавал Тэнгэрлэг Эцэгтээ эргэн ирж, Түүнтэй хамт дахин амьдарна гэдгийг хэлээрэй.

Ахлагч Андэрсэн: Таны эцэг эх ч гэсэн танаар ихээхэн бахархана гэдэгт би итгэлтэй байна. 25 жилийн өмнө энэ дэлхийгээс хальсан Виллиамс эгч ч гэсэн танаар бахархана.

Ерөнхийлөгч Диаз: Таны хэлсэн зүйл өдрийг маань гэрэлтүүллээ.

Ахлагч Андэрсэн: Маш их баярлалаа. Энэ бүхнийг бидэнтэй хуваалцсанд баярлалаа.

Ерөнхийлөгч Диаз: Зүгээр, зүгээр.

[Видео дуусна]

Ахлагч Андэрсэн: Диаз ах, эгч хоёр өнөөдөр бидэнтэй хамт энд байна. Диаз ах, эгч хоёр оо босно уу, бид та нарыг хармаар байна. Маш их баярлалаа.

Ерөнхийлөгч Диаз бол Гэтэлгэгчид итгэж, хэлж, хийж байгаа бүхэндээ Түүнийг гэрэл мэт дээш өргөж байгаа учраас өсөж буй залуу үеийнхэнд та нарын үзүүлж буй мөн цаашид үзүүлэх нөлөөг төлөөлж байна.

Үйлчлэлээрээ та нар аль хэдийн үлгэр дуурайлал болж байгаа тул та нарыг сүнслэгээр өдөөж, үзүүлж буй зөв шударга үйлчлэлийг тань бага ч гэсэн бэхжүүлэх хоёр ойлголтыг би өнөөдөр хуваалцмаар байна.

Та нарын авч үзвэл зохих эхний зүйл бол: Есүс Христийн талаар илүү их, илүү хүчирхгээр зааж, гэрчилцгээе.

Өнгөрсөн 4-р сарын ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгс та нарын заадаг суралцагчдад ямар цагаа олсон зүйл байсныг бодоцгоо. Тэр “Танд ямар ч асуудал тулгарсан бай хариулт нь үргэлж Есүс Христийн амьдрал болон сургаалаас олддог билээ. Түүний Цагаатгал, хайр, нигүүлсэл, сургаал хийгээд эдгээлт, өсөлт хөгжлийн сэргээгдсэн сайн мэдээнийх нь талаар илүү ихийг сурч мэд. Түүнд ханд! Түүнийг дага!”2 гэж хэлсэн.

30 жилийн тэртээ, 1990-ээд онд намайг Ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдаж байхад Америкийн 10 насанд хүрэгчдийн 9 нь өөрсдийгөө Христэд итгэгч гэж тодорхойлж байв. Пюү Судалгааны Төвийн судалгаагаар Америкийн Христэд итгэгчид одоо хүн амын 64 хувийг эзэлж байгаа бөгөөд хэдхэн арван жилийн дараа 50-иас бага хувь болон буурах магадлалтай гэж гарчээ. Итгэлийн хувьд өөр улс орнууд ч мөн адил асуудалтай тулгарсан эсвэл тулгарч байгаа.

Мэдээж өнөөдөр энд ирсэн бүх хүн Христийн шашин давамгай байдаг улсаас ирээгүй. Та нарын ихэнх нь Есүс Христэд итгэх итгэл хүчтэй хэвээр газраас ирсэн байна. Харин бид хаана байгаагаас үл хамааран мөнх амьдрал руу хөтлөх зам нь Аврагчид гүн гүнзгий, эргэлт буцалтгүй хөрвөгдсөн хөрвөлт, Түүний бурханлаг амьдрал, үйл хэргийг хүндлэх хүндлэлээр эхэлдэг юм байна гэдгийг ухааран ойлгодог.

“Томас Түүнд —Эзэн, … Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”3 гэсэн байдаг.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын оршил үгэнд Тэргүүн зөвлөл ийн бичсэн: “Та нар бол Тэнгэрлэг Эцэгийн сонгогдсон сүнснүүд бөгөөд энэ цаг үед чухал зүйлсийг гүйцэтгэхээр дэлхийд ирсэн билээ. … Аврагчид ханд. Тэр бол “өсвөр үеийнхний хүч чадал’ юм.”4 .

Би саяхан ач, зээ нарынхаа семинарын байранд очсон. Ханан дээр Аврагчийн олон зураг, Түүний үгс болон Түүнийг гэрчилсэн судрууд байсан нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн.

Чад Вэбб ах: “Өсвөр үеийнхэнд итгэлээ нэмэгдүүлэхэд нь туслах цорын ганц хамгийн чухал арга бол … Есүс Христийг заах, суралцах үйл явцынхаа гол цөм болгох [явдал юм]”5 хэмээх зарчмыг заасан.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн 4-р сарын ерөнхий чуулганы захиас бидэнд гүн гүнзгий нөлөөлөөгүй гэж үү. Тэрээр “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэл[нэ]”6 хэмээх Нифайн үгсийг эш татаж, дараа нь уг хүчирхэг захиасныхаа үлдсэн хэсэгт Шинэ Гэрээ болон Мормоны Номон дээрх “Аврагчийн хэлсэн үгсээс сонгон” хуваалцсан. Ерөнхийлөгч Өүкс “Би энэ бүхнийг үнэн гэдгийг Есүс Христийн нэрээр баталж байна, амен”7 хэмээх энгийн бошиглолын тунхгаар үгээ төгсгөсөн.

Есүс Христийн үгэнд ер бусын хүч агуулагддаг:

“Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.”8

“Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна.”9

Болгоогтун, би бол Есүс Христ, Бурханы Хүү бөлгөө. … Би бол дэлхийн гэрэл ба амь”10 гэх үгсийг уншив.

Юу хэлэхээ мэдэхгүй байвал Аврагчийн үгийг хэл. Түүнтэй тохиолдсон үйл явдал, сургаалт зүйрлэл, судрын болон Түүнийг гэрчлэх бошиглогчдын үгсийг хэл.

Хэрэв бид Есүс Христийн талаар зааж, гэрчилбэл Ариун Сүнс залуу шавь нарын маань зүрх сэтгэлд Түүний амьдрал, сургаалын талаарх үнэнийг бидний зааж байгаагаас хавьгүй бат бөх үлдээх хүчээр батлах болно.

Бид ерөнхийлөгч Нэлсоны хүссэнээр Түүний Цагаатгал, хайр, нигүүлсэл, сургаал хийгээд эдгээлт, өсөлт хөгжлийн сэргээгдсэн сайн мэдээнийх нь талаар зааж, гэрчлэхийн тулд чадах бүхнээ хийж байна уу гэдгээ даруухнаар эргэцүүлэн бодоцгооё.

Өмнөх заах загвар маань өнөөдөр болон ирээдүйд тохиох зүйлд хангалтгүй байж болох тул ойлголтоо тэлэн, ерөнхийлөгч Нэлсоны зөвлөснөөр өөрсдөө “илүү ихийг сурч мэдэн,” Сүмийн өсвөр үеийнхэн болон залуучуудыг “Есүс Христийн амьдрал ба сургаалын” талаар “илүү ихийг сурч мэд[эхэд]”11 урамшуулан дэмжицгээе.

Одоо харин авч үзвэл зохих хоёр дахь зүйл бол: Сургаалыг цэвэр, энгийн байлгацгаая.

Бидний Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ, мөнх бус байдлын өмнөх амьдрал, Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, итгэл, наманчлалын зарчмууд, авралын ёслолуудын талаар бид сайн мэднэ. Бас зарлиг, гэрээнүүд, дуулгавартай байдал, тэсвэр тэвчээр, энэхүү мөнх бус дэлхийгээс цааш үргэлжлэх бидэнд амласан адислалуудын талаар бид сайн мэдэх ба тэдгээр нь гайхалтай тодорхой өгөгдсөн байдаг тул судруудад зааснаар бидэнд хэзээ ч “зорилгоос алсуур хайх”12 хүсэл төрөх ёсгүй.

Бид өсвөр үеийнхнийхээ итгэлийг нэмэгдүүлж, Тэдэнд хөрвөгдөж, амлагдсан адислалуудыг нь хүртээхийн тулд хичээлээ бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд болон Тэдний илчилсэн сургаал дээр төвлөрүүлдэг.

Христийн сургаалыг судруудаас болон Их Эзэний тааллыг бидэнд уламжилдаг бошиглогчдын сургаалаас олж болно.

Судрууд дээрх болон бошиглогчдын заасан сургаалуудад олон гэрчийн зарчим байдаг бөгөөд энэ зарчмын талаар ерөнхий чуулганаар байнга заадаг ба та нар 10-аад жилийн өмнө миний хуваалцсан энэ үгээс сонссон. “Хэдэн арван жилийн өмнө Сүмийн нэг удирдагчийн хэлсэн үг манай Сүмийн сургаалтай нийцэхгүй байгаа юм шиг санагдсан үед цөөн хүмүүс өөрсдийн итгэлд эргэлзсэн явдал бий. Сүмийн сургаалд удирдлага болгодог нэг чухал зарчим байдаг. Аль нэг сургаалыг Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын 15 гишүүн бүгд адилхан заадаг. Бидний сургаал хэн нэгний хэлсэн тодорхой бус үгсээр халхлагдсан байдаггүй. Үнэн зарчмуудыг олон удаа, олон хүн заадаг. Бидний сургаалыг олоход хэцүү биш.”13

Бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг ангийнхаа хэлэлцүүлэгт байнга оруулахын ач холбогдлыг та харж байна уу? Бидний орчин үеийн дэлхий ертөнцийн асуулт, асуудалд зориулсан Их Эзэний удирдамж төлөөлөгчийн эрх мэдлээр томилогдсон хүмүүсээс ирдэг. Хэрэв бошиглогч, төлөөлөгчдөд итгэх итгэл суларвал дэлхийн анхаарлыг сарниулах зүйлс, буруу чиглүүлэг, арга мэх хүмүүнийг сүнслэг зангуунаас нь салгадаг. Ерөнхий чуулганыг тэсэн ядан хүлээж, заасан чухал сургаалуудыг нь ярилц. Их Эзэний тослогдсон хүмүүсийн ариун нандин үүргийг эргэлзэхийн аргагүй тодорхойл. Дэлхий ертөнц Бурханы зарлигуудаас холдохын хэрээр Төлөөлөгчдийн үүрэг төдий чинээ чухал болох болно.

Их Эзэний сургаалыг цэвэр бөгөөд ойлгомжтой байлгахын тулд таамаглал болон сургаалын бус хувийн санаа бодлоос үүдэлтэй алдаанаас зайлсхийж, Бурханы тогтоосон хил хязгаарын дотор байхыг эрхэмлэ. Иймэрхүү санаанууд нь зарим хүний анхаарлыг татаж болох ч итгэлийг бэхжүүлдэг үнэний хүчийг агуулдаггүй.

Хүү нь Христийн сургаалд тодорхой тайлбарлаагүй зүйлийн талаар асуухад ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хүүдээ өгсөн сургамж надад таалагддаг. Тэр “Хүү минь, би наад асуултын чинь хариултыг мэдэхгүй ч өөрийнхөө мэддэг асуултад хариулъя” гээд тэр бошиглогч Иосеф Смит, Анхны үзэгдлийн талаар гэрчилжээ. “Би мэдэхгүй. Харин би үүнийг мэднэ” гэж хэлэхэд бэлэн байцгаая.

Дараах асуулт, хариултыг авч үзээрэй.

“Жөүнс ах аа, Их тэсрэл болон Адам, Ева нар хоорондоо ямар холбоотой вэ?” “Би наад асуултын чинь хариултыг мэдэхгүй ч Адам, Евагийн талаар мэдэх зүйлээ хэлье.”

“Гонзалэс эгч ээ, бид Тэнгэр дэх Эхийнхээ талаар яагаад сайн мэддэггүй вэ?” “Би наад асуултын чинь хариултыг мэдэхгүй ч чи ‘тэнгэрлэг эцэг, эхийн хайртай охин бөгөөд бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилантай’14 гэдгийг мэднэ.”

Сайн ч гэлээ таамаглал хийхэд хөтөлдөг асуултуудыг Аврагч Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлдэг хариулт болгож болох талаар бод. Би та нарт нэг даалгавар өгье. Суралцагчдадаа бүх асуулт харилцан адилгүй гэх ойлголтыг суулгахад нь тусал. Сүнслэг ойлголт, төлөвшил нь чухал асуултыг, сонирхолтой асуултаас ялгаж салгахад тусалдаг.

Бид үнэн зөв, тодорхой, энгийн байлгаснаар Ариун Сүнсний батлах гэрчийг урин авчирдаг. “Үнэний Сүнс болох Туслагчийг Би та нарт Эцэгээс илгээхэд тэр Сүнс Намайг гэрчилнэ.”15

Бригам Янг Иосеф Смитийн сургаалыг ийн дүрсэлсэн: “зүйрлэн хэлбэл, тэр тэнгэрийг газарт буулган ирж; мөн тэрээр тэнгэрийг авчран, Бурханы зүйлүүдийг энгийн тодорхой байдалд нээсэн.”16

Ярьсан түүхийг, болсон явдлыг хачирлаж чимэглэхээс болгоомжил. Таны эш татсан судар, мэдэгдлүүдийг зорилгынх нь хүрээнд ашиглахад анхаар.

Бидний ойлголтын хүрээнээс хэтэрсэн шинэ юм уу сонирхлыг татсан зүйлд татагдах нь амархан. Цэвэр бөгөөд энгийн сургаалын аюулгүй хүрээн дотор бай.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн түүх, үзүүлэн хичээлийг сонгохдоо болгоомжтой ханд. Үр дүнтэй ашиглавал тэдгээр нь сонирхлыг татаж, гүн гүнзгий ойлголтыг өгдөг. Хэт их ач холбогдол өгвөл тэдгээр нь сургаалаас анхаарлыг нь сатааруулж болох юм. Арга барил нь захиасны ач холбогдлыг буруулна.

Бошиглогч Алма сайн мэдээний баярт мэдээ нь “бид ойлгож болохын тулд, бид алдаж чадахгүйгээр тодорхой үгээр бидэнд мэдүүлэгдсэн”17 болохыг гэрчилсэн.

“Хэрэв бүрээ тодорхой бус дуу авиа гаргавал хэн тулалдаанд бэлдэх вэ?”18

Дараах судрууд ямар гайхалтай тодорхой байгааг бод.

“Над уруу ир.”19

“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.”20

“Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна.”21

“Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно.”22

“Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун. Энэ Миний тушаал.”23

Бошиглогч Нэлсон “Түүнийг сонс” гэх хүчирхэг тунхаглалдаа “Тэрээр буруу ташаа ойлгохын аргагүй энгийн, намуухан бөгөөд маш тодорхой байдлаар ярьдаг”24 хэмээсэн.

Тодорхой, үнэн зөв, энгийн байх нь зааж сургах бурханлаг арга зам юм.

Заах сургаалаа тэнцвэртэй байлгахдаа ухаалаг ханд. Бусад холбогдох үнэний хүрээнд тухайн сургаалын ойлголтын ач холбогдлын талаар сайтар бодож үз. “Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм” хэмээн зарлигуудыг заах талаар Аврагчийн өгсөн зөвлөгөөг сана.

Ахлагч Нийл А.Максвэллын тайлбарласанчлан: “Сайн мэдээний зарчмуудыг бие биетэй нь нягт уялдаатай, тэнцвэртэй байлгадаг материалд сүлжин нэхсэн байдаг.”

Бурханы хайр, хууль, уучлал, наманчлал, Бурханыг болон бусдыг гэсэн хайр, сонгох эрх, хариуцлагатай байх талаар бодоод үз.

Би олон удаа хэлж байсан. Зөвхөн ойлгуулахын тулд бус харин буруу ойлгуулахгүйн тулд заа.

Эцэст нь, бидний сайн мэдэхээр эдгээр үнэнийг Сүнсийг урин авчирч, урамшуулдаг уур амьсгалд хуваалцах ёстой. Бид Сүнсийг хүчлэх боломжгүй. Бид Сүнсний төлөө залбирч, Түүнийг урьдаг. Гэхдээ бид сүнслэг дурсамж, үйл явдлыг зохиомлоор бүтээх гэж оролддоггүй.

30-аад жилийн тэртээ ерөнхийлөгч Даллин Х.Өүкс тухайн үед өсвөр насандаа байсан өөрийн охин Жэннитэй тохиолдсон үйл явдлын талаар надад ярьсан юм. Тэр ийн ярьсан юм: “Жэнни өсвөр насандаа Залуу эмэгтэйчүүдийн ангид ч юм уу үйл ажиллагаанд оролцсон юм. Түүнийг гэртээ ирэхэд эхнэр бид хоёр бусад эцэг эхийн адил цугларалт ямар болсныг асуулаа. Жэнни ‘Өнөө орой бүгдээрээ сүнслэг дурсамжтай болцгооно гэж багш хэлсэн. Хэрэв бид тойрог болоод гар гараасаа баривал сүнслэг дурсамж олж авна гэж хэлсэн’ гэлээ.”

Ерөнхийлөгч Өүкс “Намайг Жэннигээс ‘Чамд ямар санагдсан бэ?’ гэж асуухад тэр ‘Надад сонин санагдсан’ гэж хэлсэн юм.” 30 жилийн дараа бид ч гэсэн “Надад сонин санагдсан” гэж хэлэх байх. Би юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна л даа. Ерөнхийлөгч Өүкс “Би ‘Надад ч гэсэн ийм үг сонсох сонин санагддаг’ гэж хэлсэн” гэсэн. Дараа нь тэр “Би түүнд сүнслэг үйл явдлыг цаг тохирон товлодоггүй, харин биднийг Их Эзэний Сүнсний нөлөөг эрэлхийлэх үед тохиодог гэдгийг заасан” гэж хэлсэн.

Ерөнхийлөгч Диаз өөрийн семинарын багш Виллиамс эгчээс хайрыг мэдэрч байсныг санаж байна уу? Бид хайр, амар амгалан, дөлгөөн, хүлцэнгүй байдал, итгэлээр зааснаар Сүнсийг урин авчирдаг.

Та бүгд дараах судрыг сайн мэднэ: “Үгийг үнэний Сүнсээр хүлээн авдаг тэрээр үүнийг үнэний Сүнсээр номлогдсоны дагуу хүлээн авдаг. … Иймийн тул, номлодог тэр нь мөн хүлээн авдаг тэр нь бие биенээ ойлгодог, мөн хоёул сэнхэрч мөн хамтдаа баясдаг буюу.”27

Харин энэ нь зөвхөн танаас биш мөн анги дахь хүмүүсээс тань шалтгаална. Суралцагчид маань зөвхөн дуулгавартай байж, Түүнийг үргэлж санаснаар Сүнсийг нь өөрсөдтэйгөө байнга хамт байлгах боломжтой гэдгийг та нараас мэдэж авах болно.

Ерөнхийлөгч Айрингийн үгсээс эш татъя.

“Сургаалын үнэнийг Ариун Сүнс баталсан үед энэ нь хүчтэй байдаг. Бид заадаг хүмүүсээ намуун, зөөлхөн дуу хоолойн анир чимээгүйхэн өдөөлтүүдийг хүлээн авахад нь чадах бүхнээрээ бэлтгэдэг. Энэ нь наад зах нь Есүс Христэд итгэх итгэл, даруу байдал, бидний төлөөх Аврагчийн хүсэлд өөрсдийнхөө хүслийг захируулахыг шаардана. Өөрийн чинь туслах учиртай хүнд итгэл, даруу зан аль аль нь бага байж болно. Харин та итгэх хүслийг нь түүнд өдөөж чадна. Түүнээс гадна, та сургаалын хүчнээс улам их итгэлийг олж чадна. Үнэнийг тухайн хүн хүлээж авах өвөрмөц арга зам бэлтгэгдсэн байдаг. Сургаалын үгсийг зүгээр л сонсох нь зүрх сэтгэлд итгэлийн үрийг суулгаж чадна. Есүс Христэд итгэх итгэлийн бүр өчүүхэн үр ч гэсэн Сүнсийг урьдаг.”28

Сайхан хэлсэн байгаа биз. Та нар маш хүндэтгэлтэй байлаа. Энэ цаг хугацааг та нартай хамт өнгөрүүлэх боломжийг надад олгосонд баярлалаа. Бид та нарт хайртай. Манай өсвөр үеийнхэн, ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлж, тэдний Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлэхийн тулд хийж байгаа бүхэнд тань баярлалаа.

Их Эзэний үйлчлэгчийн хувьд мөн төлөөлөгчийн эрх мэдлээрээ би та нарын оюун ухаан, зүрх сэтгэлийг хайр, нигүүлсэл, сургаалуудаар мөн Их Эзэн Есүс Христийн маань юутай ч зүйрлэшгүй цагаатгагч золиослолыг гэх хүндлэл бишрэлээр дүүрэх болтугай хэмээн адисалж байна. Хэрэв та нар хүсвэл Христийн сургаалыг цэвэр ариунаар, хүчирхгээр заах ур чадвар тань өсөн нэмэгдэж, сайн суралцагчид тань Ариун Сүнсний батлах гэрчийг харж, мэдрэх болтугай хэмээн адисалж байна.

Есүс бол Христ гэдгийг баттай, тодорхой мэднэ гэх гэрчлэлээ би та нарт үлдээж байна. Мөн би та нарт “Тиймээс хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө”29 хэмээх Аврагчийн амлалтыг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.