Жил тутмын нэвтрүүлэг
Багш нар асар их ач холбогдолтой


Багш нар асар их ач холбогдолтой

И ба С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2020 оны 6-р сарын 9, мягмар гараг

Хайрт минь, гэрчлэлээ хуваалц хэмээн намайг урьсанд баярлалаа.

Би 9 орчим настай байхдаа Сүмийн талаар анх сонсож байсан. Харин 8 жилийн турш ааваасаа баптисм хүртэх зөвшөөрөл хүссэн ч тэр үргэлж үгүй гэдэг байв. Тэр намайг ийм чухал шийдвэр гаргахад хэт залуу байна гэдэг байсан ба би үнэхээр хүртэхийг хүсэж байгаагаа түүнд бас харуулах ёстой байлаа.

Хэдийгээр би Сүмийн гишүүн байгаагүй ч өдөр бүр ордог семинарын дөрвөн жилийг дүүргэсэн. Семинарын анги өдөр бүр өглөө 6 цагт цуглааны байранд ордог байлаа. Багшийг ирж авсан тохиолдолд л аав намайг явуулдаг байв. Аз болоход, надад гайхалтай сайн багш таарсан бөгөөд тэр өдөр бүр үүрээр, 5:30 гэхэд намайг ирж авдаг байсан юм. Аав өглөө бүр намайг 5 цагт сэрээж, би хувцсаа өмсөн, багшаа хүлээдэг байлаа. Би дандаа маш их нойрмоглодог байсан ба дотроо “Битгий ирээрэй. Битгий ирээрэй,” гэж хэлдэг байсан ч тэр үргэлж баяртайгаар ирдэг байв.

Би хичээнгүй семинарын багшаар адислагдсан ба түүнд талархаж явдаг. Тэр надаас амархан залхаж болох байсан. Гэвч Тэр тэгээгүй юм.

Гучин жилийн дараа, хэсэг хугацаанд охиндоо гэртээ семинар заах боломж надад олдсон. Хичээлийн хуваариасаа болоод тэр жил охин маань цуглааны байранд очиж семинарт суух боломжгүй болсон байлаа. Тэр их хөдөлгөөнтэй байсан ба ялангуяа намайг багш нь байсан учраас 45 минут хөдөлгөөнгүй суух тийм ч дуртай байгаагүй. Тиймээс би өвөрмөц хичээлүүд бэлдэж, цорын ганц суралцагч байсан ч гэлээ охиндоо семинарын хамгийн сайн суралцагч мэт хандахаар шийдэв. Жилийн эцэс гэхэд тэр баяртай байсан ба Тэнгэрлэг Эцэгийнхээ өөрийг нь гэх хайрыг мэдэрсэн төдийгүй би ч бас үүнийг нь мэдэрсэн юм.

Ах, эгч нар аа, би охиныхоо адил Бурханы үг бидний оюун ухаан, хандлага, өөрсдийгөө болон бусдыг харах өнцгийг орвонгоор нь өөрчилдгийг мэднэ.

Би ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн нэгэн сайхан эшлэлээр үгээ төгсгөе.

“Гайхамшигт багш болох та нар үгийг заахаар бэлдэхдээ болон заахдаа мөн суралцагчдадаа анхаарал халамж тавихдаа аль хэдийн асар их хүчин чармайлт, золиос гаргасан. … Та нар одоо үүн дээрээ суралцагчдын маань дундаас илүү олон хүн жинхэнэ хөрвөлтөд хүргэх сонголтуудыг хийнэ гэдэгт итгэх итгэлээ нэмж болно.”1

Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэл

  1. Henry B. Eyring, “We Must Raise Our Sights,” in Scott C. Esplin and Richard Neitzel Holzapfel, eds., The Voice of My Servants: Apostolic Messages on Teaching, Learning, and Scripture, (2010), 17.