Бид суралцаж, өсөж хөгжиж болохын тулд Бурхан биднийг энэ дэлхий рүү илгээсэн ба алдаа гаргана гэдгийг маань мэдэж байсан. Тиймээс Тэр бидэнд наманчлах, бие махбодын үхлээс аврагдах арга замыг өгөхийн тулд Аврагч Есүс Христийг илгээсэн.
Бурхан Эцэг, Ариун Сүнстэй хамт Бурхан Тэргүүтэний тусдаа гишүүн болох Бурханы жинхэнэ Хүү, Есүс Христийн бурханлаг мөн чанарт бид итгэдэг. Есүс мөнх бус амьдралын сорилтуудыг мэдэрч, Бурханы талаар заан гэрчилж, сүр хүчит гайхамшгуудыг үйлдэж, бидэнд нүглээс цэвэршиж, амилах боломжийг олгох Өөрийн цагаатгагч золиосыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн юм.
Тэр энэ бүх зүйлийг бидний төлөө—таны төлөө хийсэн.
Есүсийн үлгэр жишээ бол цэвэр хайрын илэрхийлэл юм. Тэр бидэнд Бурханы хүслийг бүхнээс дээгүүр тавихыг зорьсноор Түүнийг хэрхэн хайрлаж болохыг харуулсан. Тэрээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эдгээн, өлссөнийг хооллон, үхэгсдийг амилуулан, ядуусыг халамжлан, нийгмээс гадуурхагдсан тэдэнтэй нөхөрлөн, Өөрийг нь итгэлтэйгээр эрэлхийлсэн тэдэнд хайраар тохинуулсан.
Аврагч энэхүү хайр, энэрлийг танд ч мөн адил үзүүлнэ гэдэгт та итгэлтэй байж болно.
Христэд итгэгчдийн хувьд бид Есүсийн адил байж мөн Түүний хайрыг харуулахыг хичээдэг.
Есүс агуу багш байсан. Түүнийг 12 настайдаа Иерусалимын ариун сүмд шашны хүндлэл хүлээсэн багш нарын хамт сууж байх үед “Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв” (Лук 2:47).
Хожим нь олон мянган хүн Түүний номлолыг сонсохоор цуглаж байсан ба Түүний номлол өнөө үед ч дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст илүү сайхан амьдрал руу тэмүүлэх сүнслэг урам өгсөөр байна. Есүс мөн хүн бүрд хэрэгтэй сургамжуудыг өгөхдөө тэдэнд цаг гаргадаг байсан тухай Библи өгүүлдэг. Мормоны Ном нь Аврагчийн болон Түүний сургаалын талаарх бидний мэдлэгийг тэлдэг.
Та өөрөө Есүсийн сургаалын дагуу амьдарч үзсэнээр илүү их амар амгалан, аз жаргалыг олж чадна. Танай орон нутаг дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цуглаан бол Түүний сургаалын тухай болон тэдгээр нь хэрхэн таны амьдралд тусгалаа олдог талаар илүү ихийг мэдэж авч болох гайхалтай газар юм.
Есүс төгс төгөлдөр амьдарсан хэдий ч олонх нь Түүний нөлөөг заналхийлэл гэж үзэн, тэднийг хоёр нүүртэн гэдгийг нь илчлэх үед Түүнд уурлаж байлаа. Тэд Есүсийг хөнөөхөөр хуйвалдсан юм.
Есүс цовдлуулахынхаа өмнөх орой Гетсеманийн цэцэрлэгт залбирахаар очсон. Тэрээр Бурханы хүүхэд нэг бүрийн, тэр дундаа таны зовлон шаналлыг тэнд мэдэрсэн юм. Дараа нь Түүнээс урваж, Түүнийг баривчилж, зодож, доромжлон, улмаар хөнөөхөөр загалмай дээр цовдолсон. Есүс Христийн амьдралынхаа туршид туулсан бүхэн хийгээд цагаатгагч золиос нь бидний хүн нэг бүрийг ямар ч нөхцөл байдалд бүрэн ойлгох боломжийг Түүнд олгосон юм.
Таны төлөө хийсэн Есүсийн золиослолын ачаар та наманчилж, бүрэн өршөөгдөх боломжтой. Түүнчлэн таны тэвчсэн шударга бус зүйл бүхэн Есүс Христээр дамжуулан хэзээ нэгэн цагт зөв болгогдох болно.
Есүсээр дамжуулан бид зөвхөн нүглийн шалтгаант сүнсний үхэл төдийгүй бие махбодын үхлийг мөн даван туулж чадна. Тэрээр цовдлуулсныхаа дараа гурав дахь өдрөө үхлээс амилсан учир та ч мөн адил хэзээ нэгэн цагт амилж, Бурхан болон хайртай хүмүүстэйгээ төгс бие махбодод, өвчин шаналлаас ангид амьдарч чадна.
Есүс таныг ойлгодог. Тэр таны хүнд хэцүү зовлон зүдгүүрийн ачаа дарамтыг мэдэрч, нүглийн төлөө зовж шаналсан. Тэр таныг Өөрийг нь дагаж, амар амгаланг олоход урьдаг.