Ирээд, Намайг дага
Би Ариун Сүнсний бэлгийг хэрхэн хүлээн авдаг вэ?


Би Ариун Сүнсний бэлгийг хэрхэн хүлээн авдаг вэ?

Бид баптисм хүртсэнийхээ дараа гишүүнээр батлагддаг. Энэхүү ёслолын үеэр бидэнд “Ариун Сүнсийг хүлээн авна уу” хэмээн хэлдэг. Энэ нь бид хүсэлтэй байж, Ариун Сүнсийг амьдралдаа урин мөн тушаалуудыг итгэлтэйгээр сахих аваас Ариун Сүнс бидний мөнхийн хамтрагч байна гэсэн үг юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ариун Сүнсний бэлэг таныг хэрхэн тайвшруулж мөн тусалж байсан бэ? Та хэзээ Сүнсэнд ойр байгаагаа мэдэрсэн бэ? Та ямар туршлагаасаа залуу эрэгтэйчүүдтэй хуваалцаж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдэд Ариун Сүнсний бэлэгтэй холбоотой туршлага байгаа юу? Тэд Ариун Сүнстэй байхын тулд юу хийх ёстойгоо мэддэг үү?

Ариун Сүнс амьдралынх нь турш тусалж, адислах болно гэдгийг залуу эрэгтэйчүүд ойлгоход ямар судрууд болон хэлсэн үгс туслах вэ?

Үйлс 8:14–17; С ба Г 33:15; Итгэлийн тунхаг 1:4 (Ариун Сүнсний бэлэг гар тавилтаар хүртээгдэнэ)

1 Нифай 2:9–20 (Нифай Ариун Сүнсийг хүлээн авахуйц байхын жишээ юм)

1 Нифай 15:1–11 (Тушаалуудыг дагахгүй аваас Ариун Сүнсийг хүлээн авч чадахгүй)

1 Нифай 16:14–29; 18:8–22; Aлма 37:38–46 (Лиахонагийн жишээ)

С ба Г 20:77 (Ариун ёслолоос хүртсэнээр бид гэрээнүүдээ шинэчилж мөн үргэлж Сүнстэй байж чадна)

С ба Г 121:45–46 (Бид энэрэлтэй, ариун журамтай байх аваас Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байх болно)

Хэнри Б.Айринг, “Таны хамтрагч Ариун Сүнс,” Ensign эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 104-107

Дэвид А.Бэднар, “Ариун Сүнсийг хүлээн авна уу,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 94–97

Ариун Сүнсний үүргүүд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 32

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч эртний бошиглогч нартаа: “Би та нарыг тайтгаруулагчгүйгээр орхихгүй” хэмээн амласан (Иохан 14:18). Ариун Сүнс таныг дуудлагаа хийхэд зааж, удирдаж мөн тайвшруулна. Та Түүний нөлөөг эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Өнгөрсөн долоо хоногт уг долоо хоногийн хичээлтэй холбогдох ямар туршлага тохиолдсон тухайгаа хуваалцахад нэг залуу эрэгтэйг урь.

  • Хамгийн сүүлд хэн нэгнийг гишүүнээр батлуулахыг харсан тухайгаа бодохыг тэднээс хүс. Энэхүү ёслолын үед ямар үгс хэлсэн бэ? “Ариун Сүнсийг хүлээн авах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Залуу эрэгтэйчүүдийг хичээлийн турш энэхүү асуултыг тунгаан бодоход урь.

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь Ариун Сүнсийг хэрхэн хүлээн авахыг ойлгоход нь чуулгын гишүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Таны хамтрагч Ариун Сүнс” хэлсэн үгээс Ариун Сүнстэй хэрхэн байнга нөхөрлөж болох талаар ойлгоход туслах мэдэгдлүүдийг хайж олоход урь. Яагаад Ариун Сүнсний нөхөрлөл хэрэгтэй болох талаар мөн Түүний өдөөлтийг хүлээн авахад хэрхэн хариу үйлдэх ёстой талаар бодоход тэднийг урамшуулан дэмж. Залуу эрэгтэйчүүдийн өдөр тутам харж, бодож, хийж байдаг зүйлс нь тэдний Сүнс мэдрэх чадварт хэрхэн нөлөөлдөг вэ? Тэднээс амьдралдаа өөрчлөх хэрэгтэй байгаа зүйлсийн талаар тунгаан бодохыг хүс. Хүсэж байвал тэднийг бодол санаагаа хуваалцахад урь.

  • Залуу эрэгтэйчүүдээс дор бүрдээ 1 Нифай 2:9–19 ба 1 Нифай 15:1–11-ийг уншихыг хүс. Чуулгын нэг хэсэг гишүүдээс Нифай Ариун Сүнсийг хүлээн авахын тулд юу хийсэн болохыг олж мэдэн, энэ талаар хэлэлцэхэд урь. Нөгөө хэсэг гишүүдээс Лемен, Лемүел хоёр Ариун Сүнсийг хүлээн авахад юу саад болсныг олж мэдэн, энэ талаар хэлэлцэхэд урь. Уншсан зүйлийнхээ талаар самбар дээр бичихийг тэднээс хүс. Залуу эрэгтэйчүүд эдгээр жишээнээс Ариун Сүнсийг амьдралдаа хүлээн авахад туслах юуг сурсан бэ?

  • Залуу эрэгтэй бүрд Залуучуудын бат бөх байдлын төлөө ном байгаа эсэхийг магадал. Залуучуудын бат бөх байдлын төлөө номоос нэг бүлгийг сонгон уншаад, Ариун Сүнсийг хүлээн авахын тулд хийх ёстой зүйлсийг зурж тэмдэглэхийг тэднээс хүс. Тэднийг уншсан бүлгээсээ Ариун Сүнсний тухай сурсан зүйлээ хуваалцахад урь. Энэ нь тэдэнд Ариун Сүнсийг амьдралдаа хүлээн авахад хэрхэн туслах вэ?

  • Ахлагч Дэвид А.Бэднарын “Ариун Сүнсийг хүлээн авна уу” хэлсэн үгээс “Ариун Сүнсний бэлэг” гэсэн хэсгийн сүүлийн гурван догол мөрийг чуулгаараа хамт унш. Ахлагч Бэднарын хэлсэн гол санааг дүгнэхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Залуу эрэгтэй бүрд уг хэлсэн үгийн дараагийн гурван хэсгийг даалган өг. Дараах асуултуудын хариуг олоход урь: Бид хэрхэн Ариун Сүнсний нөхөрлөхүйц зохистой байх вэ? Ариун Сүнсийг хүлээн авахад бидэнд юу саад болдог вэ? Тэднийг уншсан зүйлийнхээ талаар хуваалцаж мөн ахлагч Бэднарын зөвлөгөөг даган хийх зүйлээ төлөвлөхийг хүс.

  • Тэдэнд Лихай ба Лиахонагийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга68-ыг үзнэ үү). Дараа нь тэднээс Лиахонагийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүс. Чуулгын нэг хэсэг гишүүдээс 1 Нифай 16:14–29-ийг, үлдсэн гишүүдээс 1 Нифай 18:8–22-ыг уншаад, “Лиахона Ариун Сүнстэй юугаараа адил төстэй вэ?” гэдэг асуултын хариуг олохыг хүс. Тэднийг бодол санаагаа хуваалцахад урь. Ариун Сүнсийг хүлээн авахад нь туслах юуг тэд Лихайн гэр бүлийн туршлагаас сурч болох вэ? Ярилцлагынхаа үеэр Aлма 37:38–46-г хамтдаа унш.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Ариун Сүнсийг хэрхэн хүлээж авч болохыг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Ариун Сүнс та нарын зааж байгаа хүмүүсийн нэг, хоёрт нь бусдынхаа сонсох хэрэгтэй зүйлийг нэмж хэлэхэд нөлөөлж болох юм. Зарим нэг хүнийг нэр цохон дуудах сүнслэг нөлөөг хүлээн авахад нээлттэй бай. Үзэл бодлоо илэрхийлэхийг сайн дураараа хүсээгүй хүн ч таныг гайхшируулсан оновчтой зүйлийг хэлж болно (Teaching, No Greater Call [1999], 63).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Чуулгын гишүүдийг бие даан суралцахдаа Сургаал ба Гэрээ 121:45–46-г уншаад дараагийн чуулгын цуглаанууд дээр Ариун Сүнсийг хүлээн авах талаар эдгээр шүлгээс сурсан зүйлээ бусадтайгаа хуваалцахад урьж болно.

  • Ариун Сүнстэй нөхөрлөх илүү зохистой болохын тулд хийх нэг зүйл бодож олохыг тэднээс хүсэж болно.