Судрууд
Мормоны үгс 1


Мормоны үгс

Бүлэг 1

Мормон Нифайн том ялтаснуудыг хураангуйлав—Тэрээр бага ялтаснуудыг бусад ялтаснуудтай хамт тавив—Бенжамин хаан уг нутагт энх амгаланг тогтоов. Ойролцоогоор МЭ 385 он.

1 Мөн эдүгээ Мормон би, хийсэн цэдгээ өөрийн хүү Моронайн гарт дамжуулан өгөх гэж байна, болгоогтун би өөрийн хүмүүс, нифайчуудын бараг л бүрэн устгалыг гэрчилсэн бөлгөө.

2 Мөн Христийн ирэлтээс олон зуун жилийн дараа би эдгээр цэдгийг хүүгийнхээ гарт дамжуулж байна; мөн тэрээр миний ард түмний бүрмөсөн устгалыг үзэх болно хэмээн надад санагдана. Гэвч тэрээр тэдгээрийн талаар зарим зүйлийг, мөн Христийн талаар зарим зүйлийг бичиж болохын тулд, хэзээ нэгэн өдөр энэ нь тэдэнд ашиг тус болж болохын тулд Бурхан хүүд минь амьд үлдэхийг зөвшөөрөх болоосой.

3 Мөн эдүгээ, би бичиглэснийхээ талаар зарим зүйлийг ярья; учир нь би Нифайн ялтаснуудаас, Амаликайн ярьсан тэрхүү Бенжамин хааны хаанчлалыг хүртэлх хураангуйллыг хийснийхээ дараа, гарт минь дамжуулагдсан уг цэдгүүдийн дундаас би хайж, мөн Иаковоос энэхүү Бенжамин хааны хаанчлалыг хүртэлх бошиглогчдын бага цэдгийг мөн түүнчлэн Нифайн олон үгийг агуулсан эдгээр ялтсыг олсон бөлгөө.

4 Мөн эдгээр ялтас дээрх зүйлс нь Христийн ирэлтийн тухай бошиглолууд учир намайг баясгана; мөн миний эцэг өвгөд тэдгээрийн олон нь биелэгдсэнийг мэддэг бөлгөө; тийм ээ, энэ өдрийг хүртэлх бидний талаар бошиглогдсон зүйл болгон нь биелэгдсэнийг мөн энэ өдрөөс хойш тохиох болгон нь гарцаагүй улиран тохиох ёстойг би түүнчлэн мэднэ—

5 Иймийн тул, би Нифайн ялтаснуудаас авах цэдгийн үлдэгдлийг дээр нь дуусгахаар эдгээр зүйлийг сонгосон бөлгөө; мөн би өөрийн ард түмний тухай зүйлсээс зууны нэг хэсгийг нь ч бичиж чадахгүй болой.

6 Гэвч болгоогтун, би эдгээр бошиглолыг мөн илчлэлүүдийг агуулсан, эдгээр ялтсыг авах болно, мөн тэдгээрийг өөрийн цэдгийн үлдэгдэлтэй хамт байлгана, учир нь тэдгээр нь надад сонгомол болой; мөн тэдгээр нь ах дүүсийн минь хувьд ч сонгомол байх болно гэдгийг би мэднэ.

7 Мөн би үүнийг мэргэн зорилгын учир хийх бөлгөө; учир нь надад байх Их Эзэний Сүнсний нөлөөний дагуу, энэ нь надад ийн шивнэнэ. Мөн эдүгээ, би бүх зүйлийг мэдэхгүй; гэвч Их Эзэн ирэх бүх зүйлийг мэднэ; иймийн тул, тэрээр тааллынхаа дагуу хийхээр надаар дамжуулан ажиллах буюу.

8 Мөн Бурханд хандсан залбирал минь миний ах дүүсийн талаар болой, тэд дахин нэгэнтээ Бурханы, тийм ээ, Христийн гэтэлгэлийн мэдлэгт ирж болохын тулд буюу; тэд дахин нэгэнтээ тааламжит сайхан хүмүүс байж болохын тулд буюу.

9 Мөн эдүгээ Мормон би, Нифайн ялтаснуудаас авах өөрийн цэдгийг дуусгахаар зорьё; мөн би үүнийг Бурханы надад өгсөн тэр мэдлэг болон ойлголтын дагуу хийх буюу.

10 Иймийн тул, улиран тохиох дор Амаликай эдгээр ялтсыг Бенжамин хааны гарт дамжуулан өгсний дараа, тэрээр тэдгээрийг авч мөн үеэс үед Бенжамин хааны өдрүүдийг хүртэл хаадаар дамжуулагдан ирсэн тэрхүү цэдгүүдийг агуулсан бусад ялтастай хамт тавилаа.

11 Мөн Бенжамин хаанаас доош тэдгээр нь миний гарт ортлоо үеэс үед гардуулагдсан бөлгөө. Мөн Мормон би, тэдгээр нь энэ цагаас хойшид ч хадгалагдан үлдэж болохын төлөө Бурханд залбирнам. Мөн тэдгээр нь хамгаалагдах болно гэдгийг би мэднэ; учир нь бичигдсэн буй Бурханы үгийн дагуу, чухам түүнээс миний ард түмэн мөн тэдний ах дүүс агуу бөгөөд эцсийн өдөр шүүгдэх агуу зүйлс тэдгээрийн дээр бичиглэгдсэн байгаа болой.

12 Мөн эдүгээ, энэ Бенжамин хааны тухайд—түүний ард түмний дунд зарим зөрчил байв.

13 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн их цэрэг түүнчлэн түүний ард түмний эсрэг байлдахаар Нифайн нутгаас уруудан ирэв. Гэвч болгоогтун, Бенжамин хаан их цэргээ нэгтгэн цуглуулж, мөн тэрээр тэдний эсрэг зогсов; бас тэрээр гарынхаа хүчээр, Лебений илдээр тулалдсан бөлгөө.

14 Мөн Их Эзэний хүчээр тэд дайснуудынхаа эсрэг, леменчүүдээс олон мянгыг устгах хүртлээ тэмцэлдсэн билээ. Мөнхүү улиран тохиох дор тэднийг өвийн бүх нутгаасаа хөөн гаргатлаа тэд леменчүүдийн эсрэг тэмцэлдсэн болой.

15 Мөнхүү улиран тохиох дор хуурамч Христүүд гарсны, мөн тэдний ам хамхигдаж, мөн тэд гэмт хэргүүдийнхээ дагуу шийтгэгдсэний дараа;

16 Мөн хүмүүсийн дунд хуурамч бошиглогчид, мөн хуурамч номлогчид, бас багш нар гарч, мөн тэд бүгд гэмт хэргүүдийнхээ дагуу шийтгэгдсэний дараа; мөн олон зөрчил болж мөн олон нь леменчүүдэд урваж одсоны дараа, болгоогтун, улиран тохиох дор Бенжамин хаан, өөрийн хүмүүсийн дунд байсан ариун бошиглогчдын тусламжтайгаар—

17 Учир нь болгоогтун, Бенжамин хаан ариун хүн байв, мөн тэрээр өөрийн ард түмний дээр зөв шударгаар засаглаж байв; мөн уг нутагт ариун эрчүүд олон байлаа, мөн тэд Бурханы үгийг хүчтэйгээр мөн эрх мэдэлтэйгээр ярьдаг байв; мөн ард түмний гөжүүдийн учир тэд ихэд хурцыг хэрэглэдэг байв—

18 Иймийн тул, тэдний тусламжтайгаар, Бенжамин хаан мөн түүнчлэн бошиглогчид маханбодынхоо бүх хүч чадлаар мөн бодгалийнхаа бүх чадавхаар хөдөлмөрлөснөөр, уг нутагт энх амгаланг дахин тогтоожээ.