Номлолын дуудлагууд
9: Би хичээл заалгах хүмүүсийг хэрхэн олох вэ?


9: Би хичээл заалгах хүмүүсийг хэрхэн олох вэ? Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 159–176

“9 Хүмүүсийг олох,” Миний сайн мэдээг номло, 159–176

9

Би хичээл заалгах хүмүүсийг хэрхэн олох вэ?

Зураг
Хурга дүүрсэн Христ

© 1990 Del Parson. Хуулбарлахыг хориглоно.

Үүнийг эргэцүүлэн бод

  • “Та нарыг хүлээн авах тэднийг [ол]” (Сургаал ба Гэрээ 42:8) гэсэн нь ямар утгатай вэ?

  • Би заах хүмүүсийг олох итгэлээ хэрхэн өсгөн нэмэгдүүлэх вэ?

  • Заалгах хүн олох хүчин чармайлтдаа би яагаад гишүүдийг оролцуулах ёстой вэ?

  • Гишүүд, номлогчдоос болон Сүмийн удирдах газраас ирүүлсэн сонирхож байгаа хүмүүсийн мэдээлэл ямар үүрэгтэй вэ?

  • Олох, заах хоёр нь хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?

  • Заалгах хүмүүс олохын тулд миний ашиглаж үзээгүй ямар санаанууд байгаа вэ?

Олох итгэлийг хөгжүүл

Энэ бүлэг дэх сургаал, зарчмууд нь таныг болон сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авах хүмүүсийг Их Эзэн бэлтгэдэг гэдэгт итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлнэ. Тэрээр таныг тэдэн рүү эсвэл тэднийг тань руу хөтлөх болно. Заах хүмүүсийг олох арга барил дэлхийн өөр өөр оронд өөр өөр байдаг. Номлогчид болон номлолын ерөнхийлөгчид нөхцөл байдалд тааруулах хэрэгтэй. Ялгаатай байдлаас үл хамааран, олох зарчмууд нь нийтлэг юм.

Бурханы гэр бүл. Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд дэлхий дээрх бүх хүн Бурханы гэр бүлийн гишүүд байсан (Үйлс 17:26–29; Еврей 12:9-ийг үзнэ үү). Энэ амьдралд ч бид Бурханы гэр бүлийн нэг хэсэг бөгөөд ирэх амьдралд Түүний гэр бүлийн гишүүдийн хувьд үүнээс ч илүү агуу адислалуудыг эдлэх болно. Бурханы гэр бүлд бид бүгдээрээ ах, эгч, дүүс билээ. Энэ мэдлэг бидэнд хэн гэдгээ мөн хоорондоо хамааралтай болохыг маань мэдүүлдэг. Энэ нь Бурханы оршихуйд мөнх амьдралыг хүлээн авна гэдэгт найдах шалтгааныг бидэнд өгдөг. Сэргээлтийн улмаас бид энэ энгийн үнэнүүдийг ойлгодог. Сэргээгдсэн үнэнүүдийг ах, эгч, дүү нартаа заах нь таны үүрэг хариуцлага бас адислал юм. Тэрслэгч зорамчуудад туслахыг эрэлхийлж байсан Алмагийн адил та: “Ай Их Эзэн, тэднийг дахин Христээр танд авчрахад амжилттай байхыг та бидэнд зөвшөөрнө үү. Болгоогтун, Ай Их Эзэн, тэдний бодгаль нь эрхэм үнэт … ; тиймийн тул, бид тэднийг, ах дүүсээ дахин танд авчирч болохын тулд, Ай Их Эзэн, хүчин чадал хийгээд мэргэн ухааныг бидэнд өгөөч” (Алма 31:34–35) хэмээн залбирч болно.

“Та нарыг хүлээн авах тэднийг та нар ол.” “Та нарыг хүлээн авах тэднийг ол[сноор]” та Сүмийг өсгөн бэхжүүлэх ёстой (Сургаал ба Гэрээ 42:8). Та нарыг Их Эзэний үйлчлэгчид гэдгийг тэр хүмүүс танина. Тэд таны захиасны дагуу үйлдэхэд бэлэн байна. Энэ хүмүүсийн олон нь “үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас [гагцхүү] үнэнээс хол байдаг” (Сургаал ба Гэрээ 123:12).

Тэр хүмүүсийн хэн болохыг ихэнхдээ та мэдэхгүй. Их Эзэний үйлчлэгчид гэдгийг тань тэд тэр даруй танихгүй байж ч болно. Агуу амар амгалан, удирдамж заавар болон амьдралын зорилго сэргээгдсэн сайн мэдээгээр дамжин өөр юунаас ч илүүгээр ирнэ гэдгийг тэд ойлгохгүй байж болно. өөрсдөө олж мэдэх хүртлээ, эрж байгаа зүйл нь сэргээгдсэн сайн мэдээ гэдгийг ихэнхдээ тэд ухаардаггүй. Жишээ нь, нэгэн хөрвөгч “Сайн мэдээг сонсоход, энэ нь байгааг нь ч мэдэхгүй байсан зүрхэн дэх нүхийг минь бөглөсөн юм” гэжээ. өөр нэг нь “Эрэлхийлж байснаа ч мэдэхгүй байсан тэр зүйлээ би олсон” гэж хэлсэн.

Та хаана ч үйлчлэхээр дуудагдсан бай, Их Эзэн “энэ газарт та нарыг очихыг зөвшөөрч байна; учир нь энэ нь бодгалиудын авралын тулд [Түүнд] шаардлагатай байна” гэдгийг сана. “Энэ хүмүүст дуу хоолойгоо өргөгтүн; зүрх сэтгэлд тань [Их Эзэний] тавих бодлуудыг ярих[ын]” тулд идэвхтэй ажилла. Хэрэв та ийнхүү үйлдэх аваас “та нар хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй” мөн “та нар юу хэлэх ёстой нь яг тухайн цагт та нарт өгөгдөх болно” (Сургаал ба Гэрээ 100:4–6) хэмээх амлалтыг хүлээн авах болно. Сүнсээр олох нь Сүнсээр заахтай адилхан чухал. Заахын хувьд, хэрэв та Сүнсээр хөтлөгдөх аваас хичээл заалгах хүн олох хүчин чармайлт тань үр дүнтэй байна. Өөрийг тань хүлээн авах хүмүүсийг олохын тулд юу заах, юу хийхээ мэдэх болно гэдэгтээ итгэлтэй бай.

Үйл ажиллагаа: Хамтрагчтайгаа суралцах

Таны айлчлан очих гишүүдийн ихэнх нь Сүмийн хөрвөгчид байж болох юм. Тэд Сүмтэй хэрхэн холбогдсон мөн номлогчид тэдэнд үнэнийг зааж байгааг хэрхэн мэдсэн талаар асуу. Тэдний туршлагыг судлах тэмдэглэлдээ хураангуйлж бич.

Судраас суралцах

Бурханы хүүхдүүдийг сэргээгдсэн сайн мэдээнд хэрхэн бэлтгэж мөн чиглүүлдэг вэ?

Хүн бүхэнтэй ярь

Зураг
Ярьж буй номлогчид

Бошиглогч Иосеф Смитийг бүлэг номлогчтой хамт Миссури мөрнөөр аялж байхад Их Эзэн “хоёр талд оршин суугчид итгэлгүйд мөхөж буй үед миний ахлагчдын … шаламгайлан урагш ахих нь шаардлагагүй” (Сургаал ба Гэрээ 61:3) хэмээн илчилжээ. Төлөвлөсөн үйл ажиллагаанд шаламгайлан урагш явахдаа та “итгэлгүйдээ мөхсөн” хүмүүст үйлчлэх мөн заах урьдчилан төлөвлөөгүй боломжуудыг харах чадварын төлөө залбир. Боломжуудыг танин мэдэх сүнслэг мэдрэмжийн төлөө залбир. Бурхан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэгдэж байгаа хүүхдүүдээ таны замд тавихыг та мэдэх болно.

Заах хэн нэгнийг олох хүртэл номлолын тань ажил хийгдэхгүй. Өдөр бүр боломжийнхоо хэрээр олон хүнтэй ярилц. Хүмүүстэй ярихаас ямар нэгэн хэмжээгээр сүрдэх нь хэвийн үзэгдэл ч та сэргээгдсэн сайн мэдээг тунхаглахаар амаа нээхдээ илүү зоригтой байх итгэл, хүч чадлын төлөө залбирч болно. Уулзсан хүн бүхэнтэй ярихыг эрэлхийлэхдээ доорх санаануудыг ашиглахыг хичээ. Үүнд:

  • Юу заахыг зүрх сэтгэл, оюун ухаанд тань Сүнс хэлж өгнө гэдэгт итгэ.

  • Хүмүүсийн танд хэлж буй зүйлсийг чин сэтгэлээсээ сонс.

  • Халуун дулаан, өөрийнхөөрөө, нөхөрсөг мөн хөгжилтэй бай. Туслахыг санал болго.

  • Хүмүүстэй гэр бүлийнх нь тухай ярь. Сэргээгдсэн сайн мэдээ тэдний гэр бүлийг хэрхэн адислахыг олж харахад тэдэнд тусал.

  • Эмээ өвөө, элэнц эмээ өвөө, бусад өвөг дээдсийнх нь нэрсийг олоход тэдэнд туслахаа хэл. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийн тусламжийг ав.

  • Сэргээгдсэн сайн мэдээний талаар суралцахад хүн бүрийг урь.

  • Тараах хуудас өг.

  • Захиасыг тань сонирхож магадгүй таньдаг хүмүүсийнх нь нэрийг хүмүүсээс асуу.

Доорх болсон явдлыг уншихдаа, тухайн хүн номлогчдыг хүлээн авахад хэрхэн бэлтгэгдсэн байсан мөн түүнд сайн мэдээг заах гэнэтийн боломжийг номлогчид хэрхэн ашигласныг олж мэд.

Хүүхэд байхад маань надад Библиэс уншихыг заагаагүй. Би ням гарагт сүмд явдаг байсан ч ямар ч хувь нэмэр оруулалгүй мөн юу ч мэдрэхгүйгээр буцаж ирдэг байсан юм. Би санаагаар унасан байлаа. … Би … Бурхан ер нь оршдог эсэхийг мэдэхийг хүсэн Түүнийг эрэлхийлж байв. Түүнийг болон Түүний үгсийг мэдэхийн төлөө би анган цангаж байлаа. Гэвч би хайж буй зүйлээ олохгүй л байв.

Цангаагаа тайлах дөхлөө гэсэн мэдрэмж үе үе төрдөг байлаа. Би гартаа анхны хүүхэд болох охиноо тэврэн авахдаа Бурхан үнэхээр оршдог гэсэн мэдрэмжийг мэдэрсэн юм. Олон жилийн дараа охин дүү нь төрөхөд надад мөн л адил мэдрэмж төрсөн. … Гэсэн ч, ихэнхдээ миний бодгалийг тайлбарлашгүй хүнд зүйл дардаг байлаа. Би сүнслэг байдлын хувьд цангаж, цангаа тайлах газраа олж чадахгүй байсан юм.

1994 оны 4-р сард би Мексикийн Монтеррей хотод амьдарч байсан ба таксины жолооч хийн мөнгө олдог байв. Нэг өдөр олон цагийн турш бороо үргэлжлэн орж, уулнаас ус хуйлран бууж байлаа. Бороон дундуур олон цаг машин барьсны дараа би Монтеррейгоос найман километрийн (таван миль) зайтай жижигхэн хотхонд ирсэн байв. Бараг гэртээ харих цаг … болчихсон байсан. Гэнэт би хоёр залуу алхаж явааг олж харав. Тэд хар өмд, цагаан цамц өмссөн бөгөөд толгойноосоо хөлөө хүртэл шалба норсон байлаа.

Би тэдэнд дөхөж очоод, таксиныхаа хаалгыг онгойлгоод, “Суу, би Монтеррей руу явах гэж байна” хэмээн хэлсэн юм.

Өндөр нь “Бидэнд ямар ч мөнгө байхгүй” хэмээн хариулав.

“Үнэгүй” гэж намайг хариулахад,

тэд маш хурдан таксинд суулаа.

Явж байхдаа бид ярилцав. Есүс Христийн тухай захиасыг надтай хуваалцаж болох эсэхийг тэд асуулаа. Би зөвшөөрч, хаягаа өгсөн юм.

Гэртээ ирээд би эхнэрээ сэрээж, хоёр залуугийн талаар хэлэв. “Ямар сонин тохиолдол байв аа? Нэг нь мексик, нөгөө нь америк, тэд хоёулаа ахлагч гэдэг нэртэй юм байна” гэж би хэллээ.

“Ахлагч гэдэг чинь номлогч гэсэн үг” хэмээн Сүмийн талаар бага зэрэг мэддэг эхнэр маань хариулав.

Миний сэтгэлийн гүнд ямар нэг зүйл хөдлөхийг би мэдэрлээ. Тэр залуус зүрх сэтгэлд минь ер бусын сэтгэгдэл үлдээсэн байв. Цангаа тайлах усаа олоход ойртсон, гар сунгахад хүрэх мэт сэтгэгдэл надад төрж билээ.

Номлогчид гэрт маань 6-р сарын 5-нд ирсэн бөгөөд тэднийг сонсохдоо би баяртай байв. Хоёр долоо хоногийн дараа буюу 6-р сарын 19-нд би баптисм хүртсэн. Харин эхнэр минь [охины минь хамт] дөрвөн сарын дараа, 10-р сард баптисм хүртсэн юм.

1995 оны 12-р сард Мексикийн Мехико хотын ариун сүмд бид энэ амьдралд болон мөнхөд лацдан холбогдсон. Эдүгээ бид эвтэй, амар амгалан, аз жаргалтай гэр бүлийн амьдралыг эдэлж байна. Хэнийг шүтэн биширдгээ бид мэднэ. Бид хаанаас ирсэн мөн хаашаа явж байгаагаа мэднэ. Бурханы үгсэд, ялангуяа Мормоны Номд бид хайртай бөгөөд Түүний Сүмд буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хайртай. Эдгээр бэлгээр дамжуулан бид Самарийн эмэгтэйд Аврагчийн хэлсэн амьд усны худгийг олсон. “Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно” (Иохан 4:14). [Victor Manuel Cabrera, “Thirsting for the Living Water,” Ensign, Aug. 2001, 60–61]

Үйл ажиллагаа: Хувиараа эсвэл хамтрагчтайгаа суралцах

  • Сэргээгдсэн сайн мэдээнд уг хүн хэрхэн бэлтгэгдсэн байсан бэ?

  • Сайн мэдээний захиасыг хуваалцахаар ахлагчид амаа нээгээгүй бол юу болох байсан бэ?

  • өчигдөр юу хийснээ эргэн бод. Та боломжийнхоо хэрээр олон хүнтэй ярьсан уу? Хэрэв үгүй бол, өнөөдөр ийн хийхээр төлөвлөж, зорилго тавь.

Судраас суралцах

Амаа нээх талаар Их Эзэн юу гэж хэлсэн бэ? Та юу заах ёстой вэ? Танд юу гэж амласан бэ?

Олох үедээ заа, зааж байхдаа ол

Олох, заах хоёр нь харилцан хамааралтай, уялдаа холбоотой үйл ажиллагаа юм. Хүмүүстэй уулзахдаа та сэргээгдсэн үнэний тухай товч заах бэлтгэлтэй бай. Ингэснээр та нарыг Их Эзэний үйлчлэгчид гэдгийг тань Ариун Сүнс гэрчлэх болно. Олон тохиолдолд, захиасыг минут юм уу үүнээс ч бага хугацаанд танилцуулах хэрэгтэй болно. Хүмүүс богино, хүчтэй мэдэгдэл сонсож сурсан байдаг. Жишээ нь, та Сэргээлтийн тухай захиасыг хоёр юм уу гуравхан өгүүлбэрээр гэрчилж болох юм. Тухайлбал:

Бурханы жинхэнэ үнэн (Есүс Христийн сайн мэдээ) олон зуун жил алдагдсан байсны эцэст амьд бошиглогчоор дамжин, хайрын Бурханаар сэргээгдсэн. Үүнийг үнэн эсэхийг өөрөө мэдэж авахын тулд гартаа барьж, уншиж, зүрх сэтгэлдээ тунгаан бодож, залбирч болох нотолгоо бидэнд байна. Та бидэнд … зөвшөөрч байна уу?

Хэрэв илүү цаг байвал та цааш нь ийн үргэлжлүүлж болно.

Бидний захиас энгийн. Бурхан бол бидний Эцэг. Бид бол Түүний хүүхдүүд. Бид бол Түүний гэр бүлийн нэгэн хэсэг. Тэр биднийг хайрладаг. Дэлхий бүтээгдсэн цагаас эхлэн Тэр биднийг хайрлаж, халамжилдаг загварыг дагасан билээ. өөрийнх нь хүүхдүүд хэрхэн Өөр дээр нь эргэж очихыг мэдэж болохын тулд Тэрээр Есүс Христийн сайн мэдээг илчлэхээр олон удаа хайрын үүднээс мутраа сунгаж байсан. Тэрээр Адам, Ноа, Абрахам, Мосе зэрэг бошиглогчдод үүнийг илчилсэн юм. Гэвч зарим хүн уг сайн мэдээг хүлээн авахгүй байх сонголтыг хийсээр ирсэн билээ. Хоёр мянган жилийн өмнө, Есүс Христ өөрийн сайн мэдээг өөрөө заасан. Хачирхалтай нь, хүмүүс Есүсийг хүртэл хүлээн аваагүй. Хүмүүс үнэн сургаал, ёслолуудыг үл ойшоож эсвэл мушгин гуйвуулах тутамд Бурхан Сүмийг удирдах эрх мэдлээ эргүүлэн татаж авдаг.

Бидний танд өгөх урилга бол таны аль хэдийн нандигнан хайрладаг үнэнүүд дээр нэмэх явдал юм. Тэнгэрлэг Эцэг маань дахин хүүхдүүддээ хайраар мутраа дэлгэн, үнэн сургаал, ёслолуудыг нэгэн бошиглогчид илчилсэн нотолгооны талаар бод. Энэ бошиглогчийн нэрийг Иосеф Смит гэдэг. Энэхүү алдар суут үнэний тухай нотолгоо Мормоны Номд байдаг. Та үүнийг гартаа барьж, уншиж, үүний үнэнийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ тунгаан бодож чадна.

Хүмүүстэй уулзах бүрдээ зааж мөн гэрчилж эхэлдэг дадал хэвшлийг хөгжүүл. Гэрчилж мөн Ариун Сүнсний хүчийг мэдрэх боломжийг хүмүүст олгосноор та заах илүү олон хүн олох болно.

Эхлээд хэрхэн уулзсанаас үл хамааран сайн мэдээний Сэргээлтийг цаг алдалгүй, энгийнээр заа. Учир нь энэ бол бидний дэлхийнхэнд өгөх онцгой захиас юм. Таны зааж байгаа хүмүүст сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэгдсэн найз нөхөд эсвэл хамаатан саднууд ихэнхдээ байдаг. Хүмүүсийг олох, заах, гишүүдтэй ажиллах зэрэг заах бүх тохиолдолд “Энэ захиасыг сонирхож, ашиг тусыг нь хүртэх хэнийг та мэдэх вэ?” гэж асуу. Сонирхсон хүний мэдээллийг авсныхаа дараа, “Бидний захиас өөр хэнд ашиг тусаа өгөх вэ?” гэж асуу. Дараа дараагийн уулзалтдаа ахин дахин ийн асуухаас бүү эргэлз. Заалгаж байгаа хүмүүс тань сайн мэдээний адислалуудыг мэдэрснээр бусадтай хуваалцах хүсэл нь өсөн нэмэгдэх болно (1 Нифай 8:12-ыг үзнэ үү). Тэд сайн мэдээнээс суралцах явцдаа ихэвчлэн шинэ найз нөхөдтэй болдог. Энэ зарчмыг хэрэгжүүлдэг номлогчид ихэнхдээ заах олон хүнтэй байдаг.

Үйл ажиллагаа: Хамтрагчтайгаа суралцах

  • Аль нэг хичээлд тулгуурласан нэг минутын захиас бэлтгэ. Олж байгаа нөхцөл байдалд энэ хичээлийг заах арга замын тухай бод.

  • Энэ захиасыг Сэргээлттэй хэрхэн хурдан холбохоо олж тогтоо.

  • Уг захиасаа хамтрагчтайгаа хуваалц.

  • Заах хүмүүсийн сандаа шинэ хүнийг нэмэхийн тулд өнөөдөр тохиромжтой үед энэ захиасыг заах зорилго тавь.

  • Одоогоор хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ жагсаалтыг эргэн хар. Сонирхож байгаа хүнийхээ мэдээллийг өгөхийг асуусан, асуугаагүй хүмүүсийн жагсаалт гарга. Хоёр бүлгийн хүмүүст сонирхож байгаа хүмүүсийн мэдээлэл өгөх урилгыг хэрхэн хэлэх дадлага хий. Төлөвлөгөөндөө дараачийн уулзалтуудаар ийн урихаа тэмдэглэ.

Гэр бүлийн ач холбогдлын талаар ярь

Зураг
Номлогч эгч нар ярьж байгаа нь

Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт нь гэр бүл, хувь хүмүүсийг адисалдаг. Сэргээгдсэн сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарснаар гэр бүлүүд болон хувь хүмүүс хүчирхэгжиж, амар амгалан, баяр баясгаланг эдэлж, холбоо хамааралтай гэдгээ мөн өөрийн хэн болохыг мэдэх болно.

өдөр бүр уулзаж буй хүмүүстэйгээ гэр бүлийн ач холбогдлын талаар ярих нь хичээл заалгах хүмүүс олоход тань тусална. Ихэнх хүн гэр бүлийн талаар цаанаасаа л сонирхдог. Хичээл заалгах хүн олох ихэнх тохиолдолд та гэр бүлийн талаар ихэнх хүний мэддэг зүйлийг Сэргээлтийн захиастай маш хурдан холбож чадна. Та заалгах хүн олохдоо доорхын адил зүйлийг хэлж болох юм.

Гэр бүлээс маань өөр чухал зүйл бидэнд байхгүй. Гэр бүл биднийг хооронд маань холбож, нэр өгч, хэрэгтэй мөн хайрладаг гэсэн мэдрэмжийг өгч бидэнд тусалдаг. Гэр бүлээсээ бид хувийн зан чанар, шинж байдал болон бие бялдрын онцлогийг өвлөн авснаар бидний өвөрмөц хувь хүний чанар бий болдог.

Бат бөх, аз жаргалтай гэр бүлтэй байх нь дэлхий дээрх олон хүний хувьд хамгийн эн тэргүүнд тавьдаг зүйл юм. Энэ зорилгод хүрэх нь ихэнхдээ хэцүү. Нүгэл хилэнц бидний эргэн тойронд хүрээлсэн өнөөдрийн энэ дэлхийд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, бат бөх гэрлэлттэй байх боломжгүй мэт байж болно.

Дараа нь та Сэргээлтийн захиас руу шилжиж болно.

Гэр бүлээ гэсэн бидний хайр, халамж мөнх бөгөөд бидний бодгальд гүн шингэсэн байдаг. Тэдгээр нь Бурхантай харилцах бидний харьцаанд төвлөрдөг. Төрөхөөсөө өмнө та Бурханы гэр бүлийн нэгэн хэсэг байсан. Тэр бол бидний Эцэг. Бурхан бидний Эцэг учраас бид бүгдээрээ ах, эгч, дүүс юм. Тэнгэрлэг Эцэг биднийг Өөрийнх нь гэр бүлийн хувьд Өөртэй нь хамт амьдрахаар эргэн ирээсэй хэмээн хүсдэг. Энэ дэлхий дээрх гэр бүлүүд Бурханы гэр бүлтэй холбоотой. Энэ амьдралын дараа гэр бүлүүд хамтдаа амьдарч чадна. Учир нь олон зууны турш алдагдсаны эцэст үнэн сургаалыг болон усанд умбуулах баптисм зэрэг ёслолуудыг амьд бошиглогчоор дамжуулан хайрт Тэнгэрлэг Эцэг дэлхий дээр сэргээсэн тул бид үүнийг мэднэ. Эдгээр сэргээгдсэн үнэн нь Бурханы гэр бүлд эзлэх байр сууриа ойлгоход бидэнд туслахын зэрэгцээ энэ амьдралд хүчтэй, аз жаргалтай гэр бүлтэй байх бидний хамгийн агуу найдвар юм. Энэ … талаар бид танд илүү ихийг зааж өгч болох уу?

Аз жаргал, зовлон бэрхшээл, амьдралын зорилго эсвэл үхэл зэрэг бусад сэдвийг заахдаа үүнийг дагаж болно. Сонирхож буй хүнийг олох арга барил тань ямар ч байлаа гэсэн үүнийг дэлхийнхэнд өгөх бидний онцгой захиастай яаж хурдан холбохоо сана.

Гишүүдийн ач холбогдол

Хичээл заалгах хүмүүс олохдоо Сүмийн гишүүдтэй хамтран ажилла. Тохиромжтой нөхцөл бол гишүүд бусдыг заалгахад урьж, заах үед нь хамт байх явдал юм. Гишүүд ийн үйлдэхэд илүү олон хүн баптисм хүртэж, Сүмд идэвхтэй үлддэг. Гишүүдтэй харилцах харилцаа маш чухал. Яагаад гэвэл, энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөллөж, голдуу сэргээгдсэн сайн мэдээний талаар илүү ихийг сурч мэдэхэд хөтөлдөг. Энэ нь ихэнхдээ идэвхтэй гишүүд, Сүмд эргэн ирж буй гишүүд, шинэ хөрвөгчид мөн гэр бүлийнх нь зарим нь Сүмийн гишүүн гэр бүл зэрэг хүмүүсийг багтаасан Сүмийн гишүүдийн найз нөхдийн хүрээнд тэднийг оруулдаг гэсэн үг юм.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Бидний дунд олон хүн номлогчийн ажлыг зүгээр л гадуур явж хүмүүстэй уулзах ажил гэж боддог. Энэ ажлыг мэддэг хүн бүр илүү сайн арга зам бий гэдгийг мэддэг. Сүмийн гишүүдээр дамжуулан хийх нь тэрхүү арга зам юм. Гишүүн хэн нэгнийг танилцуулсан тохиолдолд дэмжих систем нь шууд байж байдаг. Гишүүн энэ ажлын үнэний талаар гэрчлэлээ хуваалцдаг. Тэр … найзынхаа аз жаргалын төлөө санаа зовдог. Найз нь сайн мэдээнээс суралцах явцдаа өсөж байгаад тэр баярладаг.

Бүрэн цагийн номлогчид заах ажлыг нь хийж байгаа ч боломжтой бол гишүүд гэртээ хичээл заахыг санал болгож, заасан зүйлсийг нь бататгаснаар энэхүү номлогчийн үйлчлэлийг үргэлжлүүлдэг. Тэрээр энэ ажлын бурханлаг байдлын талаар чин сэтгэлээсээ гэрчлэх болно. Номлогч ойр байхгүй тохиолдолд тэр асуултад нь хариулна. Маш том бөгөөд ихэнхдээ хүнд хэцүү өөрчлөлтийг хийхэд нь тэрээр хөрвөгчийн найз нөхөр нь байх болно. … Шинэ хүмүүсийг Сүмд авчрах үйл явц бол дан ганц номлогчдын үүрдэг үүрэг хариуцлага биш юм. Шинэ [хүн] олох эх сурвалж нь гишүүд байх тэр үед тэд хамгийн амжилттай ажиллах болно” (“Find the Lambs, Feed the Sheep,” Ensign, May 1999, 105–106).

Гишүүдтэй бат бөх харилцаатай болох нь бишопоос эхэлнэ. Түүний хүссэн аливаа зөв шударга арга замаар тусалж, үйлчлэхийг санал болго. “Би бишопод адислал болж байна уу эсвэл ачаа дарамт болж байна уу?” гэж өөрөөсөө байнга асуу. “Би яаж тусалж чадах вэ?” гэсэн хандлагыг төлөвшүүл. Хэрэв та нар хайрлах, үйлчлэх, заах боломжийг эрэлхийлэх аваас бишоп болон тойргийн гишүүд гэр бүлийнхээ гишүүдийг болон найз нөхдөө танд итгэл хүлээлгэн өгөх магадлал илүү өндөр байх болно.

Нэгэн номлогчийн номлолын ерөнхийлөгчдөө бичсэн захидлаас авсан доорх хэсгийг авч үзнэ үү.

Хүндэт ерөнхийлөгч өө,

Туслахууд өнөөдөр над руу утасдаад, шилжиж байгааг маань надад хэллээ. Намайг энэ бүсэд илгээсэнд тань баярлаж байгаагаа бичих ёстой гэсэн сэтгэгдэл надад төрлөө. Та надад миний өмнө тулгарч буй сорилтуудын талаар хэлж байсан нь дөнгөж өчигдөр мэт санагдаж байна.

Бидний эхний ням гараг таны хэлснийг баталж өгсөн. Биднийг тойргийнхон тийм ч халуун дулаанаар угтаж аваагүй. Тэр анхны ням гаргийн цорын ганц гэрлийн цацраг нь тойргийн шинэ номлолын удирдагч Скотт байсан юм. Тэрээр Агаарын хүчний баазад сарын өмнө шилжиж ирсэн бөгөөд тойргийн номлолын удирдагчаар хоёр долоо хоног үйлчилж байв. Ажлаа урагшлуулахын тулд юу хийх талаар ярилцахын тулд Скотт тэр ням гарагт биднийг гэртээ оройн хоолонд урьсан. Оройн хоолны дараа бид өвдөг сөхрөн суугаад, Тэнгэрлэг Эцэгээс удирдамж хүсэн залбирсан. Залбирч байхдаа бид амар амгалан мөн шийдвэр төгс байдлыг мэдэрсэн билээ. Ажлаа урагшлуулах хамгийн шилдэг арга зам бол гишүүдийн итгэлийг олж авах явдал гэж бид шийдсэн. Бид Аммоны жишээг дагаж, тэдэнд үйлчлэхээр шийдлээ.

Бид бишопоос эхлэв. Уг бүсэд баптисм цөөрч, өмнөх номлогчид хичээл зүтгэл бага гаргадаг байснаас болж, уулзъя гэсэн бидний хүсэлтийг тэр дурамжхан хүлээн авч билээ. Эцэст нь тэрээр биднийг гэртээ оройн хоолонд урьсан юм. Тэрээр зочныхоо өрөөний шалны хивсийг авч, доорх модон шалаа сэргээх гэж байгааг бид мэдэж авлаа. Бид өөрсдийн хүслээр тусалъя гэхэд, тэр ч зөвшөөрөв. Уг ажлыг хийж дууссаны дараа бишоп биднээс ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхийг хүслээ. Бид үүнийг тэр бидэнд итгэж эхэлж байгаагийн шинж тэмдэг гэж хүлээн авав.

Бид бусад гишүүнтэй уулзахдаа энэхүү загварыг дагасан юм. Бид тэдэнд олон янзын энгийн арга замаар туслах боломжийг олж байв. Гишүүдтэй уулзаагүй үедээ бид хаалга тогшиж, чадахынхаа хэрээр олон хүнтэй сэргээгдсэн сайн мэдээний талаар ярилцаж байлаа. Бид заах хүмүүсээр адислагдсан ба өөрсдийн олсон хүмүүсийг сүмд авчрахыг гишүүд харав. Тойргийнхны хандлага бүхэлдээ өөрчлөгдөж эхэлсэн юм. Номлогчийн ажилд баярлан хөөрч байгаа нь мэдрэгдэж байв. Гишүүд бидэнд нэгэнтээ итгэсний дараа ажил урагшилж эхэлсэн. Олон баптисм ар араасаа болсон.

Зураг
Гэр бүлд зааж буй номлогчид

Сүмийн олон гишүүн номлогчийн ажил хийхээс зүрхшээдэг. Хаанаас эхлэх, юу хэлэхээ мэдэхгүй олон хүн бий. Сайн мэдээг хуваалцвал ойр дотнын найз нөхдөө алдана гэж олон хүн эмээдэг. Гишүүдэд туслах олон арга байдаг. Жишээ нь, Сэргээлтийн захиас болон хичээлийн бусад сургаалыг тэдэнд зааснаар итгэлээ хөгжүүлэхэд нь тусал. Сүнсийг болон захиасныхаа хүчийг мэдрэхэд тэдэнд тусал. Христийн сургаалын талаарх тэдний ойлголтыг хүчирхэгжүүлэх нь таны хийх өөр ямар ч зүйлээс илүүгээр танд итгэх тэдний итгэлийг нэмэгдүүлж, номлогчийн ажил хийх баяр хөөрийг нь өсгөн нэмэгдүүлэх болно. Гэр бүлийн гишүүд, найз нөхдөө хайрлаж, үйлчлэхийг эрэлхийлж байгаа нөхцөлд сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах амархан гэдгийг ойлгоход тэдэнд тусал. “Сайныг үйлдэхээр яв” хэсгийн зарчмуудыг тэдэнд заа (1-р бүлгийг үзнэ үү). “Бурханыг мэдэхгүй тэдний бодгалиудын аз жаргалын төлөө мацаг барих болон хүчирхэг залбиралд нэгдэх[ийг]” (Алма 6:6) гишүүдэд уриал. Тэдэнтэй хамт хийх бүх зүйлдээ мөн гишүүдэд номлолын ажил хийхэд нь туслахын тулд урам дэм өгч, итгэлийг нь хөгжүүлэхийг эрэлхийл.

Идэвхтэй гишүүдтэй ажиллахаас гадна, гэр бүлийн зарим нь гишүүн гэр бүл, ахлагч болох боломжтой ах нар, эргэж ирсэн гишүүд, шинэ гишүүд зэргээр дамжуулан хичээл заалгах хүмүүс олохыг эрэлхийл. Эдгээр гишүүнд өөр шашинтай олон найз нөхөд байх магадлалтай бөгөөд тэд сэргээгдсэн сайн мэдээг гэр бүлийнхээ гишүүд, найз нөхөдтэйгөө хуваалцсанаар маш ихээр адислагдах болно.

Гишүүдтэй уулзах бүрдээ, бүхий л чадлаараа доорх зүйлсийг үйлдэхэд урамшуул. Үүнд:

  • Залбирч, Сүнсийг дага.

  • Үйлчил.

  • Нөхөрлө.

  • Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцахаар амаа нээ.

  • Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэх зүйлс хийхэд бусдыг урь.

Гишүүдийг сонирхогч хүний мэдээллийг өгөх бүрд үнэ цэнтэй зүйл мэт ханд. Гишүүд утасдаж, айлчилж болох найз нөхдийнхөө нэрийг өгсөн бол хурдан хариулж, үр дүнг уг гишүүнд буцаан мэдэгд. Заахад тань туслахыг уг гишүүнээс хүс.

Гишүүдэд туслах санаа

Номлогчийн ажилд илүү түлхүү оролцоход нь гишүүдийг урамшуулах олон арга зам байдаг. Дараах санаануудыг авч үзнэ үү. Үүнд:

  • Бишоп болон тойргийн бусад удирдагчийн зааварчилгааг эрэлхийл. Энэ тал дээр нэмэлт тусламж хэрэгтэй бол 13-р бүлгийг үзнэ үү.

  • Сэргээлтийн тухай захиас болон бусад хичээлийг Сүмийн удирдагч, гишүүдэд заа.

  • Хөршүүд, орон нутгийнхан болон найз нөхдөө хайрлах, үйлчлэхийг тэдэнд заа. Тэд үйлчлэх боломжуудын талаар JustServe.org-аас олох боломжтой.

  • Номлогчийн үйлчлэх боломжийн төлөө мацаг барьж, залбирахад тэднийг урамшуул.

  • Саяхан амьдралд нь том өөрчлөлт (хүүхэд төрүүлсэн, гэр бүлд үхэл хагацал тохиолдсон, гэрлэсэн эсвэл саяхан нүүж ирсэн) гарсан хүмүүсийн гэрт зочлон очиход тэднийг урамшуул.

  • Заахад тань туслахыг тэднээс хүс. Болж өгвөл таны зааж байгаа хүнтэй адилхан сүмд харьяалагддаг байсан Сүмийн гишүүнтэй хамт байвал сайн.

  • Сэргээлтийн тухай захиасны талаар суралцахад найз нөхдөө урих өдөр товлоход тэдэнд тусал.

  • Мормоны Номын хувь, видео бичлэг, тараах картууд зэрэг тэдний хүмүүст өгч болох зүйлсийг тэдэнд үзүүл.

  • Найз нөхдөө сүмд эсвэл гэр бүлийн үдшид ирж оролцон, Сүмээс гаргасан видео бичлэг үзэх, сайн мэдээний тухай ярианд оролцохыг урихад урамшуул.

  • Найз нөхдөдөө юу хэлж болох талаар тэдэнтэй дадлага хий.

  • Сайн мэдээний тухай ярилцахад хүргэх ямар зүйлийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавьж болохыг мэдэхэд тэдэнд тусал.

  • Найзынхаа мэдээллийг номлогчид өгснөөр биеэр болон техник хэрэгслийн тусламжтайгаар хичээлд оролцож болно гэдгийг тэдэнд ойлгуулан тусал. Дэлгэрэнгүй мэдээллийг Сүмийн вэбсайт дээрээс үзнэ үү.

  • Үр дүн нь ямар байхаас үл хамааран сайн мэдээг хуваалцах нь яагаад үнэ цэнтэй болохыг тэдэнд заа.

Илүү идэвхтэй оролцоход гишүүдэд туслах өөр олон арга зам бий. Энэ жагсаалт дээр нэмэх зүйлийг номлолынхоо турш эрэлхийл. өөрийнхөө санааг бусад номлогчтой хуваалц.

Үйл ажиллагаа: Хамтрагчтайгаа суралцах

Өнгөрсөн сард бишопод болон бусад удирдагч, гишүүдэд үйлчилж мөн туслахын тулд юу хийснээ хамтрагчтайгаа ярилц. Тэдэнтэй харилцаагаа сайжруулахын тулд ирэх сард юу хийхээ ярилцаж мөн төлөвлө.

“Гишүүдэд туслах санаа” хайрцагт жагсаасан санаануудыг авч үз. Оролдож үзээгүй санаануудыг тодорхойл. өдөр тутмын төлөвлөгөөгөө эсвэл цахим хэрэгслүүд ашиглан ирэх долоо хоногт зарим санааг гүйцэлдүүлж үзэхээр төлөвлө.

Гишүүн, номлогч, Сүмийн удирдах газар зэргээс ирсэн, сонирхсон хүмүүсийн мэдээлэл

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд бэлтгэгдсэн хүмүүсийг олох өөр нэгэн чухал эх сурвалж бол сонирхсон хүмүүсийн мэдээлэл юм. Сонирхсон хүмүүсийн мэдээлэл гишүүд, бусад номлогч болон Сүмийн удирдах газраас ирж болно. Сүм нь хэвлэл мэдээллийн сурталчилгаа, зочдын төв, түүхийн дурсгалт газар, халамжийн болон хүмүүнлэгийн тусламж, интернэт зэрэг хүчин чармайлтаар дамжуулан Бурханы хүүхдүүдэд олон арга замаар хүрч очдог.

Сонирхсон хүний мэдээллийг авахдаа үүнийг танд илгээсэн гишүүнтэй эсвэл номлогчидтой холбогдож, тухайн хүнд хэрхэн туслахаа асуу. Та уг хүнд заахдаа гишүүнийг эсвэл номлогчдыг (номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр) техник технологи ашиглан хичээлд оролцоход урьж болно.

Томилогдсон бүсэд чинь амьдардаггүй ч илүү ихийг олж мэдэх сонирхолтой хэн нэгэнтэй уулзахдаа тухайн хүнд сайн мэдээг танилцуулж, амьдарч байгаа газрынх нь гишүүд, номлогчидтой уулзахаар бэлтгэхэд тусал. Сонирхож байгаа хүний мэдээллийг илгээснийхээ дараа уг мэдээллийг хүлээн авсан номлогчидтой ажиллаж, зааж эхлэхэд нь тусал. Номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр мэдээллийг нь өгсөн хүмүүстээ дэмжлэг туслалцаа үргэлжлүүлэн үзүүлж, сайн мэдээг хүлээн авах явцад нь тэдэнд тусалж болно.

Та мөн таньдаг хүмүүстэйгээ сайн мэдээг хуваалцахад нь гишүүдэд тусалж болно. Гишүүдийг найз нөхдөө номлогчидтой уулзахад бэлдэж, урих явцад нь сонирхож буй хүмүүсийнхээ мэдээллийг хэрхэн илгээх, номлогчидтой хэрхэн холбоо барих мөн мэдээллийг нь өгсөн хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлэхэд туслахын тулд хичээлд нь хэрхэн оролцохыг үзүүл.

Сүмийн мэдээллийн компанит ажлын хариуд холбоо барьсан ихэнх хүн Сүмийн төлөөлөгчдийг айлчлан ирж, сайн мэдээний талаар илүү ихийг хуваалцахыг зөвшөөрсөн байдаг. Та эдгээр заах боломжийг ариун нандин боломж гэж үзэх ёстой.

Зарим тохиолдолд, сонирхож байгаагаа илэрхийлсэн хүмүүс Бурханы бэлдэж буй өөр хүмүүс рүү таныг хөтөлдөг. Хэрэв таны холбогдсон хүмүүс сонирхохгүй бол сонирхож болох өөр хэн нэгнийг мэдэх эсэхийг тэднээс асуу. Гэрийнх нь бусад гишүүнтэй болон хөршүүдтэй нь ярилц. Хүн бүрээс таны захиасыг сонирхож магадгүй өөр хэн нэгнийг асуу. Гэрийнх нь эсвэл хөршийнх нь өөр хүн сайн мэдээнд бэлтгэгдсэн учраас та тэр хүн рүү хөтлөгдөн ирсэн байж болно.

Мэдээллийг нь авсан хүмүүстэй ажиллаж байхдаа доорх зүйлсийг сана.

  • Тухайн хүнд хэрхэн хамгийн сайн тусалж болохоо мэдэхийн тул түүний мэдээллийг өгсөн гишүүнтэй эсвэл номлогчидтой холбоо барь. Тухайн хүний мэдээллийг өгсөн гишүүн эсвэл номлогчид (номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр) тантай зөвлөлдөж эсвэл зааж байхад тань техник технологи ашиглан туслахыг хүсэж болно.

  • Мэдээллийг нь авсан хүнтэйгээ утас, мессеж, э-мэйлээр эсвэл бусад арга замаар цаг алдалгүй эхлээд холбоо барих гэж оролд. Айлчлах цагийг аль болох хурдан товло. Тухайн хүн хариулахгүй бол дуут мессеж үлдээгээд, дараа дахин холбогдохыг оролд.

  • Түүнтэй биечлэн эсвэл технологи хэрэгслээр уулзах цаг товло.

  • Хүссэн ном, материалыг нь өг.

  • Уг хүний асуудал, хэрэгцээ, сонирхлыг тодорхойлж, сайн мэдээ хэрхэн тэдгээр хэрэгцээг хангахад туслахыг олж тогтоо.

  • Номлогчийн хичээлүүд дээрээс сайн мэдээний үнэнийг хуваалц.

  • Хувь хүний Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх зүйлийг хийх урилга өг.

  • Сонирхсон хүмүүсийн мэдээллийг өгөхийг хүс.

  • Дахин ирэх цаг тохир.

  • Хэн нэгэнтэй товлосон уулзалт цуцлагдвал эргэн тойрон дахь газраар нь явж ажилла. Хөршүүдтэй нь ярьж байхдаа уулзалтын талаар юм уу мэдээллийг нь авсан хүний нэрийг хэлж болохгүй.

Үйл ажиллагаа: Хамтрагчтайгаа суралцах

өнгөрсөн сард өөрийн бүсэд хүлээн авсан бүх сонирхсон хүний мэдээллийг ол. Холбоо бариагүй ямар нэг хүн байгааг олж тогтоогоод, айлчилж очоорой. өмнө нь холбоо тогтоосон хүмүүсээс хэнийд нь дахин очих хэрэгтэйг шийд.

Гэр бүлийн түүх, ариун сүмийн ёслолууд

Гэр бүлийн түүх болон удмын бичиг нь хичээл заалгах хүмүүс олох өөр нэгэн арга зам юм. Гэр бүлийн түүх нь эдүгээ дэлхийд хамгийн өргөн тархсан хоббины нэг болоод байна. Заримдаа бидний Елиагийн Сүнс хэмээн нэрлэдэг зүйл бол “өмнө нь амьдарч байсан мөн одоо амьдарч байгаа өвөг дээдэс, гэр бүлийн гишүүдээ олж тогтоон, баримтжуулж, нандигнан хайрлахад хүмүүсийг татан оролцуулдаг Ариун Сүнсний өвөрмөц нөлөө юм” (David A. Bednar, “The Hearts of the Children Shall Turn,” Ensign or Liahona, Nov. 2011, 25-ыг үзнэ үү). Энэ Сүнс өвөг дээдсээ хайж олоход дэлхий дээрх сая сая хүнд нөлөөлж байна. Хүмүүс гэр бүлийн талаар ярихдаа ихэнхдээ Сүнсийг мэдэрдэг. Олон хүн хамаатан садантайгаа харилцаа холбоогоо бэхжүүлэхийг хүсдэг. Энэ нь Бурханы гэр бүлийн нэгэн хэсэг гэсэн харилцаа холбоог болон дүр төрхийг олох хүсэл рүү хөтөлж болно. Ёслолоо үйлдүүлэхийг хүсэж буй өвөг дээдэс дэлхий дээрх үр удам нь таны заах сургаалыг хүлээн авч, ариун сүмд өөрсдийг нь төлөөлөн тэдгээр ёслолыг гүйцэтгээсэй хэмээн залбирч байгаа.

Орон нутагт тань гэр бүлийн түүхийн ямар эх сурвалжууд байгааг тодорхойл. Жишээ нь, та Миний гэр бүл товхимлын хувийг өгч, хичээл заалгаж байгаа хүмүүсээ FamilySearch.org-ийн талаар суралцахад нь туслах ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхтэй эсвэл гишүүнтэй танилцуулж болно. Гишүүдийг оролцуул, ингэснээр хичээл заалгаж байгаа хүмүүс тань найз нөхөд болох хүмүүстэй танилцана. FamilySearch.org дээр үзүүлдэг үйлчилгээнүүд үнэгүй болохыг тайлбарла.

Олон хүний хувьд гэр бүлийн түүх нь гэр бүлийн түүх, гэрэл зургуудыг олж тэмдэглэх, амьдралын чухал үйл явдлуудын огноог бичиж тэмдэглэх явдал юм. Та хичээл заалгаж байгаа хүмүүстээ энэ мэдээллийг FamilySearch.org эсвэл Миний гэр бүл товхимол дээр бичихэд нь тусалж болно. Мөн тохиромжтой гэж үзвэл гэр бүлийнхээ түүх, гэрэл зургийг уулзсан эсвэл хичээл заалгаж байгаа хүмүүстэйгээ хуваалцвал сайн.

Бусдыг хайртай хүмүүсийнхээ тухай дурсамжаа хуваалцахад урьснаар Бурханы төлөвлөгөөнд гэр бүл ямар чухал болох талаар Ариун Сүнсний гэрчлэхийг тэд мэдэрч болох юм. Эдгээр мөч нь амьдралын зорилго, Бурханы аз жаргалын төлөвлөгөө болон уг төлөвлөгөөнд гүйцэтгэдэг Аврагчийн үүргийн тухай яриа руу хөтөлж болно.

Эхлэхээсээ өмнө доорх зүйлсийг гүйцэтгэхэд анхаар.

  • өдөр бүр уулзах хүмүүстээ гэр бүлийн түүхийн ажилд нь туслахыг хүсэж байгаа талаараа бишоптой болон тойргийн зөвлөлтэй ярилц.

  • Энэ хичээл зүтгэлээ хэрхэн хамгийн сайнаар зохицуулж болох талаар тойргийн удирдагчидтай ярилц. Үүнд:

    • Тойргийн гишүүдэд туслахад тань бишоп дуртай байна уу?

    • Тойргийн аль гишүүд ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхөөр үйлчилдэг вэ?

    • Эдгээр гишүүнээс хэрхэн хамгийн оновчтой тусламж хүсэж болох вэ?

  • Хэрэв танай бүсэд гэр бүлийн түүхийн төв байдаг бол тэнд үйлчилдэг гишүүдтэй мөн уг төвийг ажилдаа үр дүнтэй ашиглах арга замуудтай танилц.

  • Өөрийн гэсэн FamilySearch.org-ийн бүртгэлтэй болж, өөрийн гэр бүлийн түүхийг сайн мэддэг болоход анхаар.

  • Гэр бүлийн түүхийн талаар илүү ихийг олж мэдэн, түүх, дурсамжаа бичиж тэмдэглэн, мэдээлэл, зургуудаа FamilySearch.org дээрх үнэ төлбөргүй эх сурвалжуудыг ашиглан эмхэлж цэгцэлж эхлэхэд хүмүүст тусал.

  • Заах хүмүүс олох явцдаа Миний гэр бүл товхимол, гэр бүлийнхээ гэрэл зураг эсвэл FamilySearch.org дээрх эх сурвалжийг ашигла.

  • Боломжтой бол олон нийтийн газар гэр бүлийн түүхийн хичээл зааж, ганцаарчилсан зөвлөгөө өг.

Нэг ахмад номлогчийн ярьсан доорх түүхийг унш. Тэрхүү хосын хөрвөлтөд гэр бүлийн түүх ямар үүрэг гүйцэтгэснийг анзаар.

Милдрэд Шүльц өөр сүмийн итгэлтэй гишүүн байв. Номлогчид хаалгыг нь тогшиход тэр эмэгтэй өөрөө тэдэнд “үнэнийг” заах зорилгоор цаг алдалгүй шууд гэртээ орохыг урьсанд гайхах зүйл байсангүй. Номлогчид түүнд зааснаар, сэргээгдсэн сайн мэдээний үнэн түүний сэтгэл зүрхийг хөндөж, тэр баптисм хүртжээ. Бүхий л заах явцын туршид түүний нөхөр Франк тэднийг ер сонсдоггүй байв.

Энэ үеэс би тэдэнтэй танилцсан юм. Ахлагчид биднийг Шүльц эгчтэй танилцуулав. Бид түүнд гэр бүлийн модоо эхлүүлэхэд нь тусалж, дараа нь гэр бүлийн түүхийн төвд ирж бидэнтэй уулзахад урьж билээ. Уулзах өдөр маань болоход, өөрийн эцэг өвгөдийг хайж олохын тулд ирж болох уу хэмээн Франк асуув. Мэдээж, ийм боломж гарч ирсэнд тэр маш их баярлаж байсан бөгөөд тэд уг төв рүү явлаа.

Ахлагчид тэр өдрийн сүүлээр бидэнтэй тэнд уулзахаар тохирсон байв. Тэднийг ирэхээс өмнө бид Франк, Милдрэд хоёрт номын сангаа үзүүлж, Врайт эгчтэй танилцуулсан юм. Врайт эгч гэр бүлийн түүхийн мэргэжилтэн байсан бөгөөд Франкийн аавын талаарх мэдээллийг олоход туслахаар амлав. Тэрээр түүний нэрийг номон дээрээс олж, эцгийнх нь төрсөн газрын байршлыг харуулсан Германы газрын зургийг Франкад өглөө. Олж нээсэн зүйлдээ тэр маш их баярлаж байсан бөгөөд ахлагчдыг ирэхэд зургуудаа үзүүлж, гэр бүлийнхээ түүхийг хуваалцахын тулд оройн хоолонд урив. Елиагийн Сүнс түүний зүрх сэтгэлд хүрч, зөөлрүүлсэн бөгөөд амьдралд нь сайн мэдээ орж ирэх үүдийг нээжээ.

Сайн мэдээг илүү сонирхоход нь Франкад туслахын тулд юу хэлж болох талаар Милдрэд тэр үдэш бодов. Нэгэн асуулт бодолд нь орж иржээ. “Франк, энэ амьдралын дараа ч гэсэн чи надтай мөнхөд хамт байхыг хүсэж байна уу? Чи мөнхийн гэр бүлтэй болохыг хүсэж байна уу?” гэж тэр асуув. “өө, Милдрэд минь, мэдээж би хүсэж байна. Би үүнийг яаж хийх вэ?” хэмээн тэрээр шууд хариулав. Энэ асуулт бол Милдрэдийн залбирч байсан зүйл мөн байлаа. “Номлогчдын хэлэхийг сонс” хэмээн тэр хариулав. Тэр ч зөвшөөрлөө. Ахлагчдыг зааж байхад Сэргээлтийн халуун дулаан захиас эргэлзээ, айдсыг нь арилгажээ. Тэрээр номлогчдын хуваалцсан үнэнийг тэр дор нь хүлээн авсан байна. Тэрээр баптисм хүртэх урилгыг хүлээн зөвшөөрөв. Түүнээс хойш Франк, Милдрэд хоёр Сүмд хүчирхэг мөн идэвхтэй гишүүд хэвээр байгаа.

Гэр бүлийнхнийхээ төлөө авралын ёслолууд гүйцэтгэхийн тулд Франк, Милдрэд хоёр уг ажлыг хийж дуусгахаар шаргуу ажиллажээ. Гэр бүлийнхээ гишүүдийн өмнөөс баптисм хүртсэн тэр өдөр тэдний хувьд баярт өдөр байв. Ариун сүмийн ажлыг хийж дуусах явцдаа Шүльц ах аавынхаа талаар зүүдэлжээ. Эцэг нь хүүхэд байхдаа амьдарч байсан гэрийнхээ ферм дээр байгааг тэрээр харжээ. Эцэг нь довжоон дээрх савладаг сандлын дэргэд, цагаан хувцастай, гараа хүү рүүгээ сунган зогсож байв. Франк зүүднээсээ уйлсаар сэржээ. Хийсэн ажлыг нь эцэг нь хүлээн авсныг тэрээр мэдсэн юм.

Үйл ажиллагаа: Хамтрагчтайгаа суралцах

  • Номлогчдоор заалгах шийдвэр гаргахад нь Франкад юу нөлөөлсөн бэ?

  • Та гэр бүлийн түүхийн ажлыг гэр бүлд зориулсан Бурханы төлөвлөгөөтэй хэрхэн илүү сайн холбож чадах вэ?

  • Та гэр бүлийн түүхийг хэрхэн заах хүн олох арга хэрэгсэл болгон ашиглаж байна вэ?

  • Та өдөр бүр уулзаж байгаа хүмүүстээ гэр бүлийн түүхийн мэдээллийг ямар арга замаар өгч болох вэ? Заалгах хүн олохоор хичээхдээ гэр бүлийн түүхийг илүү түлхүү ашиглаж эхлэх төлөвлөгөө гарга.

Гэр бүлийн түүх бол сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахаар Их Эзэний бэлдэж байгаа хүмүүсийг олоход ашиглах хүчирхэг эх сурвалж юм. Хичээл заалгах хүн олохоор хичээж чармайхдаа гэр бүлийн түүхийг ашиглах боломжуудыг олж мэдэхийн төлөө залбир. Гэр бүлийн талаар ярих үед ихэнх хүнд сүнслэг мэдрэмж төрдөг. Бид яагаад гэр бүлийн түүхийн ажил хийдэг талаарх сургаалыг заалгахдаа хүмүүс бас Сүнсийг мэдэрдэг. Үүнээс гадна, шинэ гишүүд гэр бүлийнхээ үндэс угсааг хайж, эцэг өвгөдийнхөө өмнөөс нандин ёслолуудыг гүйцэтгэснээр хөрвөгчдийн Сүмд үлдэх магадлал нэмэгддэг.

Судраас суралцах

Елиагаар дамжуулан Их Эзэн дэлхийд юуг сэргээсэн бэ?

Үйл ажиллагаа: Хувиараа болон хамтрагчтайгаа суралцах

Гэр бүлийн түүхийн ажил хийж байсан туршлагатай гишүүнтэй уулзах цаг тохир. Орон нутгийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдээр дамжуулан ямар үйлчилгээ авч болохыг мэдэж ав.

Уулзсан хүмүүстээ гэр бүлийн түүхийн талаар тусламж үзүүлэхээ хэрхэн илэрхийлэх тухайд дадлага хий. Заах хүн олохоор хичээж чармайхдаа гэр бүлийн түүхийг санал болгох төлөвлөгөө гарга.

Гэр бүлийн түүхийн үйлчлэлийн талаар ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд Гэр бүл ба ариун сүм товхимлыг уншиж, ярилц. Мэдэж авсан зүйлээ судлах тэмдэглэлдээ бич.

Өмнө нь заалгаж байсан хүмүүс

Зураг
Хурга тэвэрсэн Христ

Өмнө нь хичээл авч байсан хүмүүс заах хүн олоход үнэтэй эх сурвалж болдог. Хүмүүс олон шалтгаанаар номлогчидтой уулзахаа больдог. Уг шалтгаануудад номлогчид шилжсэн, хүмүүс аяллаар явсан, хүмүүс ирэхийг нь хүлээж байсан ч номлогчид очихоо больсон мөн номлогчид өөрсдөд нь ямар ч шинэ зүйл заахгүй гэдэгт итгэсэн зэрэг багтана. Өмнө нь номлогчдоор заалгаж байсан олон хүн номлогчидтой дахин уулзахыг зөвшөөрдөг.

Өмнө нь заалгаж байсан хүмүүсийг олж тогтоохын тулд бүсийн номоо үе үе эргэн шалга. Бүсийн ном дээрх хүн бүртэй Сүмээс хэрхэн эхлээд холбоо тогтоосон, тэдэнд юу заасан, хэрхэн хүлээж авсан мөн яагаад хичээл авахаа больсон зэрэг мэдээллүүдийг залбирч байгаад судал. Хэрэв тэр хүмүүст заахад оролцож байсан, найзлан нөхөрлөж байсан гишүүд байсан бол уг үйл явдлаас санаж байгаа зүйлийг нь гишүүдээс асуу. Уг мэдээлэл дээр тулгуурлан тухайн хүнтэй дахин холбоо барих төлөвлөгөө гарга.

Хэрэв заалгаж байгаа хүн тань сайн мэдээний талаар суралцахаа болихоор шийдэх юм бол ирээдүйд тэдэнтэй холбоо барихад номлогчдод тус болох мэдээллийг бүсийн номдоо тэмдэглэн үлдээ.

Доорх үйл явдлыг уншихдаа, өмнө нь хичээл заалгаж байсан хүнтэй холбоо барихаас ирэх хүчийг анзаар.

Гайхлыг минь төрүүлэн, жилийн өмнө эгч маань үйлчилж байсан тэр номлолд би үйлчлэхээр дуудагдсан юм. Номлолын талбарт очоод хэдэн сар болсны дараа, эгчийнхээ өмнө нь үйлчилж байсан бүсүүдийн нэгэнд би шилжиж очив. Намайг шилжиж очих болсныг сонсоод эгч минь хамтрагчтайгаа хамт зааж байсан гэр бүл дээрээ очихыг хүссэн захидлыг надад бичсэн юм. Тэрээр Норманы гэр бүлийг хайрладгаа мөн ойр дотно байснаа хэлээд, Сүмийг сонирхохоо болиход нь хэрхэн урам хугарснаа бичсэн байв.

Би хамтрагчтайгаа Норманы гэр бүлийг олж очиход, тэд биднийг халуун дотно хүлээн авлаа. Сэргээгдсэн сайн мэдээг дахин сонсох бидний урилгыг тэд хүлээн зөвшөөрөв. Энэ удаад юу нь өөр байсныг би сайн мэдэхгүй байсан ч бидний захиасыг хүлээн зөвшөөрөхөд тэд бүрэн бэлтгэгдсэн байлаа. Тэд гэр бүлээрээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулав.

Энэ үйл явдлын дараа би эгчийнхээ ажиллаж байсан өөр [хүмүүсийн] талаар бодов. “Норманы гэр бүл ийн хүлээн авсан юм чинь, түүгээр хичээл заалгуулж байсан бусад хүн ч бас ийн хүлээн авч болох юм” гэж би бодов. Хичээл заалгаж байсан бусад хүнтэй нь холбоо барих санаагаа эгчдээ бичихээр би шийдлээ. Тэрээр тэмдэглэлээ үзэж байгаад, уг бүсэд байсан өөр хүмүүсийн нэрийг надад явуулсан юм.

Дараагийн долоо хоногийн турш би хамтрагчтайгаа хамт тэр хүмүүстэй холбоо барив. Баярламаар зүйл нь, бараг хагас нь сэргээгдсэн сайн мэдээг дахин сонсох урилгыг хүлээн авсан юм. Энэ бүлэг хүний дундаас нэлээн хэдэн хүн баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан билээ. Тэр [хүмүүстэй] уулзахдаа бид бас захиасыг маань сонирхох найз нөхөд, хамаатан садныхаа мэдээллийг өгөхийг хүссэн. Үүний үр дүнд бид заах нэмэлт хүмүүсийг олсон. Энэ үе бол номлолын минь хамгийн завгүй өдрүүд байв.

Үйл ажиллагаа: Хамтрагчтайгаа суралцах

  • Бүсийн номон дээрээс өмнө нь заалгаж байгаад орхисон бүх хүнийг олж тогтоо.

  • Тэдэнтэй аль болох хурдан холбоо барих төлөвлөгөө гарга.

өөрсдийн хүчин чармайлтаар олох

Бурхан өөрийн хүүхдүүдийг Сэргээлтийн захиасыг хүлээн авахад бэлдэж байгаа гэсэн итгэлээ хүчирхэгжүүлэхийг эрэлхийл. Хичээл заалгах хүмүүс олохын тулд Ариун Сүнсний удирдамжин доор өөрсдийн чадах бүхнийг хийвэл Их Эзэн ийм хүмүүсийг таны замд тавих болно.

Сэргээгдсэн сайн мэдээнд бэлтгэгдэж байгаа хүмүүсийг олох олон сайн арга зам байдаг. Бэлтгэгдэж байгаа хүмүүсийн замд нь тааралдахын тулд та нар өөрсдийн чадах бүх зүйлийг хийх хэрэгтэй. Доорх санаанууд өөрийн хүчин чармайлтаар хичээл заалгах хүмүүс олоход нь тусалсан болохыг номлогчид олж мэдсэн байна. Уг жагсаалтыг судалж байхдаа шинэ санаануудыг оролдож үзэх төлөвлөгөө гарга. Энэ жагсаалт нь заах хүмүүс олох өөр шинэ санаануудыг бодож олоход эхлэлийг нь тавина.

Зураг
Ярилцаж буй номлогчид
  • Саяхан хүүхэдтэй болсон, бүсэд нүүж ирсэн эсвэл гэр бүлд нь үхэл хагацал тохиолдсон хүмүүсийг олж, холбоо тогтоохын тулд бишоп болон тойргийн зөвлөлтэй хамтарч ажилла.

  • Энгийн үйлчлэл үзүүлэх боломжуудыг эрэлхийл.

  • Идэвхтэй гишүүд болон эргэж ирсэн гишүүд, шинэ хөрвөгчид, түүнчлэн гэр бүлийнх нь зарим нь Сүмийн гишүүн гэх мэт гишүүдэд Сэргээлтийн захиасыг заа. Зааж болох хүмүүстэй танилцуулахыг тэднээс хүс.

  • Найз нөхдөө авчирч болох эсвэл сайн мэдээг зааж мөн сонирхож буй хүмүүсийн мэдээлэл өгөхийг асуух боломж олгох, гишүүдэд зориулсан галын дэргэдэх ярилцлага зохион байгуул.

  • Гэр бүлийн үдшийг хэрхэн явуулдгийг хүмүүст заа.

  • Уулзсан хүмүүсээ цуглааны байртай танилцуулах санал гарга.

  • Бишоптой уулзуулах цаг тохирох санал гарга.

  • Хүмүүсийг Сүмээс зөвшөөрөгдсөн вэбсайт, онлайн эх сурвалж руу ороход урь.

  • Судраас суралцах анги зохион байгуул.

  • Хоёр дахь хэл болгон англи хэлийг заа.

  • Семинар эсвэл институтэд явахад зохих насны хүмүүсийг урь.

  • Айлаас айлд зочилж, гудамжинд хүмүүстэй ярилц.

  • Сүмээс зөвшөөрөгдсөн хэвлэл, цахим эх сурвалж, үүнд урам зориг өгөх хэвлэл мэдээллийг ашигла.

  • Яг одоо хичээл заалгаж байгаа, өмнө нь заалгаж байсан хүмүүсээс мөн Сүмдээ эргэж ирсэн гишүүд, зарим нь Сүмийн гишүүн гэр бүл, ахлагч болох боломжтой ах нар болон уулзсан хүн болгоноос сонирхож байгаа хүмүүсийн мэдээлэл авахыг хүс.

  • Сүмийн цуглаан, үйл ажиллагаа, нээлттэй хаалганы өдөрт хүмүүсийг урь.

  • Баптисмын үйл ажиллагаанд хүмүүсийг урь. Энэ нь Сүмийг хүмүүст таниулах сайхан боломж бөгөөд хүмүүст Сүнсний нөлөөг мэдрэх онцгой боломжийг олгох юм.

Ямар ч хүчин чармайлт дэмий үрэгддэггүй

Хүмүүс сэргээгдсэн сайн мэдээний талаар суралцахаа болихоор шийдсэн үед ч таны ажил дэмий үрэгдэхгүй. Чадлынхаа хэрээр аль болох олон хүнд байнга үйлчилж, заах нь Бурхан хүүхдүүдээ өөрийнх нь үйлчлэгчдийг яваандаа хүлээн авахад бэлддэг нэг арга зам юм. Тэрээр танаар дамжуулан өөрийн хүүхдүүдэд олонтоо ханддаг. Сайн мэдээнээс суралцах боломжийг хүмүүс хүлээн авахгүй байсан ч таны үйлчлэл болон үгс тэднийг гэх Бурханы хайрын илрэл бөгөөд ирээдүйд номлогчид болон Сүмийн гишүүдийн хураах үрийг суулгаж болох юм.

Хүмүүс сайн мэдээг хүлээн авахгүй байвал сэтгэлээр бүү уна. Та сэрэмжлүүлэх дуу хоолойгоо өргөсөн. Та тэдэнд ойлгомжтой сонголтыг өгсөн. Хүмүүсийг наманчлах сонголт хийгээгүйд Христийн шавь нар гашууддаг ч тэд хэн болохоо мөн юу хийж байгаа талаарх алсын хараагаа алддаггүй. Тэд хичээнгүйлэн урагшилсаар байдаг.

Үүнийг сана

  • “Та нарыг хүлээн авах тэднийг” олсноор Сүмийг өсгөн бэхжүүл (Сургаал ба Гэрээ 42:8).

  • Хүмүүс олохдоо Сүнсийг эрэлхийлж, мөн дага.

  • Таны бүс дэх хүмүүс сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэгдэж байгаа.

  • Сүмийн гишүүд, үүний дотор идэвхтэй гишүүн, эргэж ирсэн гишүүд, ахлагч болох боломжтой ах нар, гэр бүлийнх нь зарим нь Сүмийн гишүүн гэр бүл болон шинэ хөрвөгчид бол заах, баптисм хүртээх мөн гишүүнээр батлах хүмүүсийг олох таны хамгийн сайн эх сурвалж юм.

  • Бишоптой болон гишүүдтэй бат бөх харилцаа үүсгэ.

  • Олох үедээ заа, зааж байхдаа ол.

  • Төлөвлөгдөөгүй олох боломжуудад анхааралтай ханд.

  • Сайныг үйлдэх, Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиасыг номлох боломжуудын төлөө залбир.

  • Хичээл заалгах хүмүүсийг олох олон арга зам байдаг. Зөвхөн нэг эсвэл хоёр арга замд анхаарлаа төвлөрүүлэхээс зайлсхий.

Суралцах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа суралцах

  • Номлогчийн эцэг эхдээ бичсэн дараах захидлыг уншина уу. “Би нэг гайхалтай эмэгтэйд автобусанд заасан. Бид дүүргийн [зөвлөлөөс] буцаж явсан бөгөөд ганцхан байсан сул суудал дээр би суугаад захиануудаа үзэж эхэлсэн юм. Мэдээж, хамгийн түрүүнд уншсан захидал бол нялх Эваны зурагтай таны захидал байлаа. Миний хажуу дахь хүн зураг руу бас харж байгааг би анзаарав. Би хажуу тийш хараад, настай эмэгтэйн харцтай тулгарлаа. Тэрээр над руу харан инээмсэглэснээ, цонх руу харав. Тэгээд тэр яг унтах гэж байгаа мэт нүдээ анилаа. ‘Тэнгэрлэг Эцэг минь, би энэ эмэгтэйтэй ярихыг хүсэж байна. Надад туслаач’ хэмээн би залбирав. Нэг минутын дараа тэрээр нүдээ нээн, цэх суухад нь би хурдхан шиг ‘Тэр хөөрхөн байгаа биз?’ хэмээн хэллээ. Би түүнд нялх Эваны зургийг үзүүлээд, гэр бүлийнхээ тухай ярьж эхлэв. Би түүнээс хүүхдүүдийнх нь тухай асуухад нүдэнд нь нулимс хурж, охин нь түүнийг ямар их үзэн яддаг мөн танихгүй хүн шиг байхыг хүсдэг болохыг надад ярив. Түүнийг уйлахад, би ч бас даган уйлсан юм. Би түүнд авралын төлөвлөгөөний талаар мөн хэрхэн Тэнгэрлэг Эцэг түүний хэн болохыг бас юуг туулж байгааг нь мэддэг болохыг хэлсэн. Би уйлж, намайг хайрладаг эхийн охин тул би ээждээ хайртай, тиймээс охин нь ч бас түүнд хайртай гэдгийг хэлэв. Заримдаа хүмүүс муу шийдвэр гаргадаг бөгөөд охинд нь сонголт хийх эрх байгааг би түүнд тайлбарласан. Тэрээр инээмсэглээд, ‘Ээж чинь чамайг маш их санаж байгаа байх даа. Тэр чамтай уулзаад дахин явуулахгүй байх’ гэж хэлж билээ. Өөртэй нь ярьсанд тэр талархаад, өөртэй нь сайн мэдээ хуваалцаж болохын тулд хаягаа надад өгсөн юм. Автобуснаас буухдаа тэр ‘Би буруу автобусанд суусан байсан ч буугаагүй. Чамайг ирэх хүртэл хэн ч миний хажууд суугаагүй. … Тэгээд юу болсныг хар даа’ гэж хэлсэн. Бурханы төлөвлөгөө төгс юм!”

    Энэ түүхээс уг бүлэг дэх ямар зарчмыг та олж харсан бэ? Бүлгийг дахин уншаад, судлах тэмдэглэлдээ жагсаалт гарга. Энэ зарчмуудаас алиныг нь та өнөөдөр хэрэгжүүлэхийг хичээж чадах вэ?

  • Иохан 15:12–13; 21:15–17; 1 Тесалоник 2-ыг мөн Мозая 18:8–10-ыг уншина уу. Та бусдыг хайрлаж, үйлчлэх үүрэг хариуцлагаа хэр сайн биелүүлж байна вэ? Та хэрхэн сайжрах вэ? Судлах тэмдэглэлдээ хариултаа бич.

  • Таныг Их Эзэний үйлчлэгч гэдгийг хүмүүс хэрхэн мэдэх вэ? Энэ асуултыг тунгаан бодохдоо Моронай 7:3–5; Матай 7:20; Иохан 13:34–35-ыг судална уу. Бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бич.

  • 3 Нифай 18:31–32; Алма 8:16; Алма 24:7–8 болон Алма 32:41-ийг уншина уу. Өмнө нь хичээл авч байсан хүмүүстэй ажиллах талаар эдгээр шүлэгт юу зааж байгааг бодож үз. Сурсан зүйлээ судлах тэмдэглэлдээ бичээд, хамтрагчдаа заа.

Хамтрагчтайгаа суралцах

  • өдөр тутмын төлөвлөх хуудсаа ашиглан, шинэ хөрвөгчидтэй уулзах төлөвлөгөө гарга. Сайн мэдээнд хэрхэн бэлтгэгдсэн байснаа хуваалцахыг тэднээс хүс. Дараахын адил асуултуудыг тавь. Та Сүмтэй анх хэрхэн холбогдсон бэ? Чухам юу таныг номлогчидтой уулзахад хүргэсэн бэ? Мэдэж авсан зүйлээ судлах тэмдэглэлдээ бич.

  • Доорх сэдэв бүрийг дахин унш. Уг хичээлүүдийг ашиглан, заах хүн олох энгийн арга зам бэлд. Хүн олсон нөхцөлд заах, сэдэв бүрийг Сэргээлттэй шууд холбох дадлага хий.

    • Амьдралд илүү их удирдамж заавар, зорилго хэрэгтэй гэсэн мэдрэмж төрнө.

    • Бурханд илүү ойрхон байхыг хүснэ.

    • Чухал шийдвэр гаргахад тусламж хэрэгтэй болно.

  • FamilySearch.org дээрх “хэрхэн хийх вэ?” видео бичлэгүүдээс нэгийг үз. Гэр бүлийн түүхийн ажлын талаар богино захиас бэлдээд, хамтрагчтайгаа хуваалц.

  • Хамтрагчтайгаа хамт шинэ бүсэд шилжиж ирсэн гэж төсөөл. Бүсийн номыг сайн хөтөлсөн байгааг та хоёр олж мэдсэн ч хичээл заалгах ямар ч хүн байсангүй. Заах хүмүүсийн сандаа хүмүүс хурдан нэмэхийн тулд та юу хийх вэ? Эдгээр санаанаас заримыг нь өнөөдөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга.

  • Доорх санаа олон номлогч болон гишүүдэд амжилттай байсан. Энэ санааг хамтрагчтайгаа уншиж, судал.

    • Сайн мэдээг хуваалцаж болох найз нөхөд, хамаатан садан болон мэддэг хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг гаргахад гишүүдэд тусал. Жагсаалтыг нь гишүүдтэй хамт авч үзээд, сайн мэдээг сонсоход бэлтгэмээр байгаа хэн нэгнийг залбиран сонгоход тэдэнд тусал.

    • Тэдэнд (а) уг хүнийг эсвэл гэр бүлийг гэрт нь заахад бэлтгэхээр ажилла эсвэл (б) тэднийг бэлтгэхийн тулд найзалж нөхөрлөх өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах өдөр товлоход тусал. өдөр товлох нь гишүүдийг зорилготой болгож, итгэлээ хэрэгжүүлэхэд нь тусална.

    • Одоогоос эхлэн уулзахаар товлосон өдөр болтол юу хийхээ төлөвлөхөд тэдэнд тусал.

    • Тэднийг дэмжиж, урамшуулахын тулд байнга холбоо барь. Амжилт, санаа зовж байгаа зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.

    Энэ санааг үйлчилж буй бүсдээ хэрхэн хэрэгжүүлж болохоо ярилц.

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • “өөрсдийн хүчин чармайлтаар заах хүнээ олох” хэсгийг уншаад, ярилц.

    • Энэ санаанууд нь заах хүнээ олоход номлогчдод хэрхэн тусалж байсан талаар ярилц.

    • Хичээл заалгах хүмүүсийг олох өөр санаануудыг самбарт бич. өөрсдийн санааг үзүүлэхэд номлогчдыг урь.

    • Хүн олох хичээл зүтгэлээ сайжруулах хувийн зорилго тавихад номлогчдыг урь.

  • Хүн олох нөхцөл байдлын жагсаалт гарга.

    • Номлогч бүрд нэг нэг нөхцөл өг. Сэргээлтийн захиасыг хэрхэн заахаа бэлтгэхэд номлогч бүрд 5 минут өг. Хэрэв шаардлагатай бол “Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас” хичээлийг үзэхийг тэднээс хүс.

    • Захиас хэр урт байхыг нөхцөл байдалдаа тааруулахын ач холбогдлыг онцол. Жишээ нь, номлогчид дэлгүүрт биш, харин гишүүдийн гэрт заахдаа илүү цаг зарцуулж болох юм.

    • Цаг байвал, оноож өгсөн нөхцөл байдалд Сэргээлтийн захиасыг заах боломжийг аль болох олон номлогчид олго.

  • “Олох үедээ заа, зааж байхдаа ол” хэсэг дэх зарчмуудыг заа.

    • Хүн олсон нөхцөлд нэг минутад хуваалцаж болох захиас бэлдэх даалгаврыг номлогч бүрд өг. Энэ захиаснууд нь номлогчийн хичээлүүд дээрх сургаалд үндэслэгдсэн байх ёстой.

    • Нэг минутын захиасаа бие биетэйгээ хуваалцах дадлага хийхэд номлогчдыг урь. Гишүүний гэрт, үүдэнд, явган хүний зам дээр заах эсвэл сонирхож буй хүмүүстэй холбоо барих зэрэг заах хүн олох янз бүрийн нөхцөл байдлыг бэлдэж болно. Эдгээр нөхцөл бүрд номлогчдоор заах дадлага хийлгэ.

Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч болон зөвлөхүүд

  • Гэр бүлдээ гишүүн номлогчийн ажлын үлгэр жишээг үзүүл. Туршлагаа номлогчид болон гишүүдтэй хуваалц.

  • Өөрийн номлолд номлогчид хичээл заалгах хүмүүс олж болох хамгийн сайн арга замын талаар санваарын болон туслах бүлгийн удирдагчидтай зөвлөлд.

  • Номлолынхоо хичээл заалгаж байгаа хүмүүстэй ярилцах боломжтой номлогчийн галын дэргэдэх ярилцлага зохион байгуул. Галын дэргэдэх ярилцлагад найз нөхдөө авчрах боломжийг гишүүдэд олгох талаар орон нутгийн номлолын удирдагчидтай ярилц. Үг хэлэхийнхээ өмнө энэ цуглааны нэгэн хэсэг болгон, хөрвөгдөөд удаагүй байгаа хүнд гэрчлэлээ хуваалцаж, хөрвөлтийн түүхээ ярих боломж олго. Хэлэх үгээ Сэргээлтийн захиасанд төвлөрүүл.

  • Гэр бүлийн мод, гэрэл зураг, түүхээ номлогчидтой хуваалцаж, заах хүн олохоор хичээж чармайх үедээ үүнийг хэрхэн ашигладгаа тайлбарла.

  • Заах хүн олоход нь номлогчдод туслахын тулд үе үе тэдэнтэй хамт яв.