“20. Үйл ажиллагаа,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).
“20. Үйл ажиллагаа,” Ерөнхий гарын авлага.
20.
Үйл ажиллагаа
20.1
Зорилго
Сүмийн үйл ажиллагаа нь Сүмийн гишүүдийг болон бусад хүнийг “ариун хүмүүсийн адил нутгийн иргэд” (Ефес 2:19) болгон хамтад нь цуглуулдаг билээ. Үйл ажиллагааны зорилгод дараах зүйл орж болох юм. Үүнд:
-
Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх.
-
Хөгжилтэй байж, нэгдмэл байдлыг дэмжих.
-
Хувийн өсөлт хөгжилд боломж олгох.
-
Хувь хүн, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх.
-
Гишүүдэд Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход нь туслах (1.2-ыг үзнэ үү).
Сүмийн үйл ажиллагааны зарим жишээг доор өгөв:
-
Бусдыг адисалж, олон нийтийн харилцааг хөгжүүлэх үйлчлэл.
-
Номлолын ажил, ариун сүмийн ажил болон гэр бүлийн түүхийн ажил.
-
Бие даах болон удирдлагын ур чадваруудыг хөгжүүлэх боломжууд.
-
Боловсрол эзэмших ба мэргэжлийн сургалт.
-
Гадуур зохиогдох үйл ажиллагаанууд.
-
Урлагт талархах мэдрэмж ба авьяас хөгжүүлэх боломжууд.
-
Спорт болон дасгал сургуулилт.
-
Сүмийн, орон нутгийн түүхэн үйл явдлууд болон баярын өдөр зэрэг онцгой үйл явдлуудыг тэмдэглэх.
Энэхүү гарын авлагад ашигласан Үйл ажиллагаа гэдэг нэр томьёо нь Сүмийн нэгж, чуулгаас эсвэл байгууллагаас зохион байгуулан тэтгэж буй үйл ажиллагаанууд юм.
20.2
Үйл ажиллагаа төлөвлөх
Удирдагчид үйл ажиллагааг төлөвлөхөөсөө өмнө гишүүдийн сүнслэг болон материаллаг хэрэгцээг харгалзаж үзэх ёстой. Ямар үйл ажиллагаа гишүүдийн эдгээр хэрэгцээг хангахад тусалж чадах талаар удирдагчид Сүнсний удирдамжийг эрэлхийлдэг.
20.2.1
Үйл ажиллагаа төлөвлөх үүрэг хариуцлага
Гадасны болон гадас хоорондын үйл ажиллагааг төлөвлөх талаарх мэдээллийг 20.3-аас үзнэ үү.
Орон нутгийн хэрэгцээнээс хамаарч, тойргийн үйл ажиллагааг дараах аргуудаар төлөвлөж болно:
-
Тойргийн зөвлөл төлөвлөлтийг хянана.
-
Тойргийн зөвлөл нэг эсвэл олон үйл ажиллагааг төлөвлөхөд туслуулахаар тодорхой байгууллагыг томилж болно.
-
Шаардлагатай бол мөн хангалттай гишүүд байгаа тохиолдолд бишопын зөвлөл үйл ажиллагааны хороог байгуулж болно. Өсвөр үеийнхнийг хорооны гишүүдээр дуудаж болно. Энэ хороо нь тойргийн зөвлөлийн удирдлаган доор ажиллана. Тойргийн зөвлөл гишүүдийнхээ нэгийг үйл ажиллагааны хороотой тогтмол холбоотой байхаар томилно.
Тойргийн өсвөр үеийнхний үйл ажиллагааг төлөвлөх тухай мэдээллийг 10.2.1.3 болон 11.2.1.3-аас үзнэ үү.
20.2.2
Хүн бүрийг оролцоход урих
Үйл ажиллагааг төлөвлөж байгаа хүмүүс бүх хүнийг ялангуяа шинэ ба идэвх султай гишүүд, өсвөр үеийнхэн, ганц бие залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад шашны хүмүүст хүрч ажиллах ёстой. Төлөвлөж байгаа хүмүүс оролцогчдын бие махбодын чадавх бололцоонд мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Мөн тэд хэл, соёлын ялгаанд эмзэг хандах хэрэгтэй.
Үйл ажиллагааг төлөвлөж байгаа хүмүүс оролцогчдыг идэвх оролцоотой байх арга замуудыг хайх хэрэгтэй. Жишээлбэл: Тэд гишүүдийг болон бусдыг ур чадвар, авьяасаа үйл ажиллагаанд ашиглахад урьж болно.
Үйл ажиллагаа хийхээр цугларах нь адислал хэдий ч гишүүдэд үйл ажиллагаа бүрд оролцох үүрэгтэй гэсэн мэдрэмж төрүүлж болохгүй. Үйл ажиллагаа нь удирдагчдад болон гишүүдэд хэт хүндрэл учруулахгүй байвал зохино.
20.2.3
Жишиг
Сүмийн үйл ажиллагаанууд нь урам өгч, “ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай”(Итгэлийн Тунхаг 1:13) зүйлст ач холбогдол өгөх ёстой. Үйл ажиллагаа нь Сүмийн сургаалын эсрэг ямар нэг зүйл агуулсан байх ёсгүй. Үйл ажиллагаа нь аливаа зохисгүй зүйлийг хүлээн зөвшөөрөгддөг гэсэн ойлголт төрүүлэхүйц дуу, бичлэг эсвэл үзвэр агуулах ёсгүй.
Сүмийн үйл ажиллагааны үеэр болон Сүмийн байранд мэргэн ухааны үгэнд харшлах зүйлсийг байлгахыг зөвшөөрдөггүй. Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг Сүмийн үйл ажиллагаанд оролцуулахгүй. Ийм тохиолдол гарах үед удирдагчид нигүүлсэнгүй байдлаар хандах хэрэгтэй.
20.2.4
Үйл ажиллагааны тэнцвэрт байдал ба төрөл
Удирдагчид үйлчлэл, соёл урлаг, бие махбодын оролцоо зэргийг хамруулан тэнцвэртэй үйл ажиллагаа төлөвлөнө (20.1-ийг үзнэ үү). Гишүүд сонирхолдоо нийцсэн үйл ажиллагаануудад оролцох боломжтой байх хэрэгтэй. Тэд мөн бусдын сонирхлыг дэмжих хэрэгтэй.
Дараах хэсгүүд нь сайн үйл ажиллагаануудын жишээг үзүүлнэ.
20.2.4.1
Үйлчлэл
Үйлчлэлийн үйл ажиллагаа нь бусдыг хайрлах хайраа харуулах, тэдэнд туслахын баяр хөөрийг мэдрэх, нийгмийг хөгжүүлэх боломжийг олгодог.
Эдгээр үйл ажиллагаанд өвчтэй юм уу ганцаардсан хүмүүсийг эргэж очих, Сүмийн барилга, газрыг тохижуулах, нийгмийн үйлчлэлийн төслүүдэд оролцох зэрэг багтдаг. JustServe.org боломжтой газарт үүн дээр орон нутагт үйлчлэх боломжийг санал болгодог.
Үйлчлэлийн үйл ажиллагаа нь аюулгүй байдлын удирдамжийг дагах ёстой (20.7.6.1-ийг үзнэ үү).
20.2.4.2
Соёл урлаг
Соёл урлагийн үйл ажиллагаа нь авьяас чадвараа хөгжүүлж, хуваалцах боломжийг гишүүдэд олгодог. Түүнчлэн эдгээр үйл ажиллагаа нь бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл, хамтран ажиллах чадварыг хөгжүүлдэг. Үүнд гар урлалын үзвэр, авьяасын үзүүлбэр, бүжиг, дуу хөгжим, жүжигчилсэн тоглолт орж болно. Мөн орон нутгийн болон Сүмийн түүхэн үйл явдал, соёл, баяр ёслол тэмдэглэх нь орж болно.
20.2.4.3
Тоглоом наадам, эрүүл мэнд, дасгал сургуулилт, спорт
Гишүүдийг эрүүл мэнд, дасгал сургуулилтад нэмэртэй үйл ажиллагаанд ганцаараа, гэр бүлээрээ болон Сүмийн бүлгүүдээр оролцохыг нь дэмждэг. Сүмийн зарим хөгжөөнт үйл ажиллагааг гэр бүлүүд хамтдаа оролцож болохоор төлөвлөнө.
Спортын үйл ажиллагааны тухай мэдээллийг 20.5.9-өөс үзнэ үү.
20.2.5
Үйл ажиллагааны хуваарь
Сүмийн үйл ажиллагааг аль болох эртнээс төлөвлөнө. Удирдагчид хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан үйл ажиллагааны талаар эцэг эхчүүдэд байнга мэдээлнэ.
Үйл ажиллагааг тохиромжтой цагт зохион байгуулах ёстой. Оролцогчид гэртээ аюулгүй харьж болохын тулд үйл ажиллагаа нь хангалттай эрт дуусах ёстой.
Хэрэв үйл ажиллагаа нь цуглааны байранд эсвэл Сүмийн өөр байранд болох бол хуваарь давхцахаас сэргийлж, байрыг урьдчилан захиалах ёстой.
Даваа гаргийн орой нь гэр бүлийн үйл ажиллагаанд зориулагддаг (20.5.3-ыг үзнэ үү).
20.2.6
Үйл ажиллагааны санхүүжилт
Ихэнх үйл ажиллагаа энгийн бөгөөд бага зардалтай эсвэл огт зардалгүй байх ёстой. Аливаа зардлыг бишопын зөвлөл эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөл урьдчилан зөвшөөрсөн байх ёстой.
Гишүүд ерөнхийдөө үйл ажиллагаанд оролцохын тулд мөнгө төлөх ёсгүй. Үйл ажиллагааны санхүүжилтийн талаарх бодлого журам, удирдамжийг 20.6-аас үзнэ үү.
20.3
Гадасны, гадас хоорондын мөн бүсийн үйл ажиллагаа
20.3.1
Ерөнхий удирдамж
Сүмийн ихэнх үйл ажиллагаа тойргийн хэмжээнд явагддаг. 20.1-д тайлбарласан зорилгуудыг хэрэгжүүлэхэд туслах гадасны болон гадас хоорондын үйл ажиллагаануудыг үе үе зохион байгуулж байхад удирдагчдыг урамшуулдаг.
Гадасны болон гадас хоорондын үйл ажиллагаа нь ялангуяа цөөн гишүүнтэй бүсүүдэд өсвөр үеийнхэн, ганц бие гишүүд, эмэгтэйчүүдэд онцгой ашиг тустай. Сайтар төлөвлөсөн гадасны болон гадас хоорондын үйл ажиллагаа нь гишүүдэд найз нөхдийн өргөн хүрээлэлтэй болоход тусалдаг. Удирдагчид өөрсдийн үйлчилдэг хүмүүсийн хэрэгцээг тодорхойлж, уг үйл ажиллагаа нь эдгээр хэрэгцээг хангахад туслах эсэхийг авч үзнэ. Түүний дараа удирдагчид уг үйл ажиллагааг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд санал болгоно.
20.3.2
Гадасны үйл ажиллагаанууд
Гадасны Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд, Халамжийн нийгэмлэгийн болон Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд байгууллагынхаа гадасны үйл ажиллагааг төлөвлөх явцыг эхлүүлнэ.
Гадасны Ганц бие залуучуудын хорооноос ганц бие залуучуудад зориулсан үйл ажиллагааг төлөвлөх явцыг эхлүүлнэ.
Хэрэв гадасны ганц бие насанд хүрэгчдийн хороо зохион байгуулагдсан бол хорооны гишүүд ганц бие насанд хүрэгчдэд зориулсан үйл ажиллагааг төлөвлөх явцыг эхлүүлнэ.
Хэрэв гадасны үйл ажиллагааны хороо зохион байгуулагдсан бол тэд гадасны үйл ажиллагаануудыг төлөвлөж, гадасны байгууллагууд 20.3.2.1-д заасны дагуу үйл ажиллагаануудыг төлөвлөх эх сурвалж нь болж өгдөг.
Гадасны бүх үйл ажиллагаанд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрөл шаардлагатай. Эдгээр үйл ажиллагааг гадасны зөвлөлийн хурлуудаар зохицуулна.
Гадасны удирдагчид гадасны үйл ажиллагааны тухай тойргийн удирдагчдад хангалттай хугацааны өмнө мэдэгдэнэ. Гадасны үйл ажиллагаа нь тойргийн үйл ажиллагаатай өрсөлдөх биш харин тэдгээрт дэмжлэг болох учиртайг анхаарна.
20.3.2.1
Гадасны үйл ажиллагааны хороо
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны зөвлөлд гадасны үйл ажиллагаануудыг төлөвлөхөд нь туслуулах гадасны үйл ажиллагааны хороог байгуулж болно. Гадасны үйл ажиллагааны хороо нь тэргүүлэгч (дээд зөвлөлийн гишүүн), хорооны гишүүдээс бүрдэнэ (20.3.2.2 болон 20.3.2.3-ыг үзнэ үү). Гадасны зөвлөл түүнчлэн нэг эсвэл олон үйл ажиллагааг төлөвлөхөд туслуулах бусад гишүүнийг урьж болно.
20.3.2.2
Гадасны үйл ажиллагааны хорооны тэргүүлэгч
Хэрэв гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны үйл ажиллагааны хороо байгуулбал хорооны тэргүүлэгчээр дээд зөвлөлийн нэг гишүүнийг томилно. Түүний үүрэг хариуцлагуудад дараах зүйл орж болно. Үүнд:
-
Гадасны үйл ажиллагаануудын хуваарийг хянана.
-
Гадасны үйл ажиллагаануудыг төлөвлөхдөө хорооны гишүүдэд хяналт тавина.
-
Тухайн жил эхлэхээс өмнө жил бүр гадасны үйл ажиллагааны нарийвчилсан төсвийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд танилцуулна. Энэ төсөвт гадасны аль нэг байгууллагын төлөвлөсөн үйл ажиллагаа орохгүй.
-
Гадасны байгууллагуудын удирдагчдад үйл ажиллагаанууд төлөвлөхөд эх сурвалж нь болно.
20.3.2.3
Гадасны үйл ажиллагааны хорооны гишүүд
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн нь гадасны үйл ажиллагааны хороонд үйлчлэх гишүүдийг дуудна. Тэд хорооны тэргүүлэгчийн удирдлага доор үйлчилнэ. Хорооны гишүүд гадасны үйл ажиллагаануудыг төлөвлөхөд тусална.
20.3.3
Олон гадасны болон бүсийн үйл ажиллагаа
Цөөн өсвөр үеийн гишүүнтэй бүсэд удирдагчид өсвөр үеийнхэнд зориулсан олон гадасны үйл ажиллагааг үе үе зохион байгуулна, ингэснээр өсвөр үеийнхэнд илүү олуулаа уулзаж танилцах үр ашигтай юм. Мөн өсвөр үеийнхэнд зориулсан бүсийн үйл ажиллагааг үе үе зохион байгуулж болно.
Хэт их хугацаа эсвэл зардал шаардахгүй бол ганц бие залуучуудад зориулсан олон гадасны үйл ажиллагааг ойр ойр зохион байгуулах хэрэгтэй. Түүнчлэн ганц бие залуучуудад зориулсан бүсийн үйл ажиллагааг үе үе зохион байгуулж болно.
Ганц бие гишүүдэд зориулсан гадас хоорондын хамтарсан үйл ажиллагааны тухай мэдээллийг 14.2.1.3-аас үзнэ үү.
Гадас хоорондын үйл ажиллагаа нь энгийн бөгөөд олон төрлийн байх хэрэгтэй.
Гадасны ерөнхийлөгчид олон гадасны үйл ажиллагааг гишүүдэд нь ашиг тустай гэж үзвэл Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвшөөрөл хүсэж болно. Гадасны ерөнхийлөгчид гадас хоорондын үйл ажиллагааг санал болгохоос өмнө уг үйл ажиллагаа гишүүдийн хэрэгцээг хангах хамгийн сайн арга зам эсэхийг тодорхойлно. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл үйл ажиллагааны зардал, хугацаа, аялах зам зэргийг тооцно. Тэд мөн аюулгүй байдлыг бодох хэрэгтэй (20.7.6-г үзнэ үү).
Олон гадасны үйл ажиллагааг зохицуулах хурал нь бүсийн зөвлөлийн болон зохицуулах зөвлөлийн хурлын өмнө эсвэл дараа болж болно (5.2.3 ба 5.2.4-ийг үзнэ үү). Шаардлагатай үед, нэмэлт удирдагчдыг буюу гадасны Халамжийн нийгэмлэг, Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчдийг уг хуралд оролцоход урьж болно.
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны ерөнхийлөгчдийг эсвэл Бүсийн далыг олон гадасны эсвэл бүсийн үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх хороодыг удирдуулахаар томилж болно. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлүүд эдгээр хороонд үйлчлүүлэхээр гадасныхаа гишүүдийг дуудаж болно.
Олон гадасны ихэнх үйл ажиллагааг оролцогч гадаснуудын төсвөөс санхүүжүүлнэ. Бүсийн үйл ажиллагааны санхүүжилт нь зөвшөөрөгдсөний дараа бүсээс эсвэл Сүмийн удирдах газраас ирж болно.
20.3.4
Сүмийн аяллын бодлого журмыг мөрдөх нь
Гадасны, олон гадасны мөн бүсийн үйл ажиллагаа нь Сүмийн аяллын бодлого журмыг дагах ёстой (20.7.7-г үзнэ үү). ӨҮБББТ чуулганы захирал орон нутгийн удирдагчдад өөр заавар өгөөгүй тохиолдолд ӨҮБББТ чуулганд явахаар аялах аялал нь Сүмийн аяллын бодлого журмыг дагах ёстой.
20.4
Өсвөр үеийнхний чуулган
14 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн, залуу эрэгтэй болон залуу эмэгтэйчүүд өсвөр үеийнхний чуулганд хамтдаа оролцохоор уригдаж болно. Өсвөр үеийнхний чуулганыг тойргийн эсвэл гадасны түвшинд ихэвчлэн жилд нэг удаа зохион байгуулдаг. Чуулганыг түүнчлэн олон гадасны болон бүсийн түвшинд зохион байгуулж болно. ӨҮБББТ чуулганд өсвөр үеийнхнийг оролцуулах жилд, гадас, тойргууд өсвөр үеийнхний чуулган зохион байгуулахгүй.
Өсвөр үеийнхний чуулганы зорилго нь өсвөр үеийнхэнд дараах байдлаар тусалдаг. Үүнд:
-
Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх.
-
Гэрчлэл хүчирхэгжүүлэх.
-
Авьяасаа хөгжүүлэх.
-
Шинэ найзуудтай болох.
-
Ижил итгэл бишрэл, жишигтэй өсвөр үеийнхэнтэй хөгжилдөн зугаацах.
Өсвөр үеийнхэн чуулганыг төлөвлөхөд тусалснаараа удирдлагын ур чадварт суралцдаг.
Тойргийн өсвөр үеийнхний хороо нь бишопын зөвлөлийн удирдлаган дор тойргийн өсвөр үеийнхний чуулганыг төлөвлөн явуулдаг.(29.2.6-г үзнэ үү). Бишопын зөвлөл тойргийн өсвөр үеийнхний чуулганы төлөвлөгөөг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөр батлуулна.
Гадасны өсвөр үеийнхний чуулганыг гадасны өсвөр үеийнхний удирдлагын хороо төлөвлөн явуулдаг (29.3.9-ийг үзнэ үү). Хороонд туслуулахаар өсвөр үеийнхнийг аль болох өргөнөөр оролцуулахаар урих ёстой.
Өсвөр үеийнхний чуулганыг гадасны эсвэл тойргийн төсвөөс санхүүжүүлнэ. Өсвөр үеийнхний чуулганд зориулж мөнгө төлөхийг гишүүдээс хүсэж болохгүй (20.6-г үзнэ үү).
Удирдагчид болон өсвөр үеийнхэн чуулганыг төлөвлөхдөө энэ бүлэг дэх журам болон дараах удирдамжийг баримтлах ёстой. Үүнд:
-
Өсвөр үеийнхэнд сүнслэгээр нөлөөлж, чуулганы зорилгыг ойлгоход нь туслахын тулд судар зэргээс сайн мэдээний аль нэг сэдвийг сонгож авна. Сүмийн өсвөр үеийнхний жил тутмын уриаг чуулганы сэдэв болгон сонгож болно. Бишопын зөвлөл эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөл сэдвийг батлах ёстой.
-
Тухайн сэдэвт тохирсон үйл ажиллагаануудыг төлөвлөнө.
-
Үг хэлэх хүмүүсийг болон үйл ажиллагаануудыг бишопын эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөр батлуулна. Үг хэлэгчид нь Сүнсээр заадаг Сүмийн гишүүд байх ёстой. Үг хэлэгчтэй холбоотой бусад удирдамж зааврыг 38.8.18-аас үзнэ үү.
-
Хэрэв арга хэмжээ нь ням гарагт төлөвлөгдсөн бол Хүндэтгэлийн өдөрт нийцүүлсэн байх ёстой. Гэрчлэлийн цуглаан, бишопын зөвлөлтэй ярилцах ярилцлага эсвэл ижил төстэй бусад хурал цуглааныг зөвшөөрдөг. Гэхдээ гадас, тойргийн цуглааны байрнаас гадуур ариун ёслолын цуглаан зохион байгуулж, ариун ёслолыг адисалж болохгүй. Онцгой тохиолдолд Сүмээс санхүүжүүлсэн үйл ажиллагааны төлөө мөн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх ёстой. Гишүүд өсвөр үеийнхний чуулганд оролцохоор юм уу чуулганаас буцахаар ням гарагт аялах ёсгүй.
-
Бүхий л хугацаанд насанд хүрэгчдийн хараа хяналт хангалттай байгаа эсэхийг анхаарч байх хэрэгтэй. (20.7.1-ийг үзнэ үү).
-
20.7.6 дахь аюулгүй байдлын бүх удирдамжийг мөрд.
Насанд хүрсэн удирдагчдыг аль болох чуулганы бүх явцад оролцоход урих хэрэгтэй. Эдгээрт гадасны ерөнхийлөгчийн эсвэл бишопын зөвлөл, гадасны эсвэл тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл, гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд орно. Тойргийн Залуу эмэгтэйчүүд, Залуу эрэгтэйчүүдийн зөвлөгчид түүнчлэн оролцохоор уригдаж болно.
20.5
Үйл ажиллагааг сонгож, төлөвлөх бодлого журам ба удирдамж
Сүмийн үйл ажиллагааг сонгож, төлөвлөхдөө дараах журам, удирдамжийг баримтлах ёстойг удирдагчид анхаарна.
20.5.1
Арилжааны болон улс төрийн үйл ажиллагаа
Аливаа арилжааны болон улс төрийн зорилготой үйл ажиллагааг зохион байгуулахыг зөвшөөрөхгүй ( 35.5.6.1, 35.5.6.3-ыг үзнэ үү).
20.5.2
Хөгжим ба бүжиг
Бүжгэн дээрх хувцаслалт, үс засалт, гэрлэн чимэглэл, бүжгийн хэв маяг, дууны үг, хөгжим нь Их Эзэний Сүнс орших уур амьсгалыг бүрдүүлсэн байвал зохино (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч-ийг үзнэ үү).
Удирдагчид хамтлаг, найрал хөгжимчид, DJ хөлслөхдөө Тоглолтын гэрээний маягт-ыг ашиглана. Тус гэрээ бүжгийн үйл явц, хөгжим нь Сүмийн бүжигт тавигддаг шаардлагуудыг хангахад тусалдаг. Удирдагчид хөгжим тоглох хүнтэй Сүмийн үйл ажиллагаанд Сүмийн жишгүүдийг мөрдөх тодорхой гэрээг бичгээр үйлдэн байгуулах хэрэгтэй.
20.5.3
Даваа гаргийн орой
Гишүүдийг даваа гарагт эсвэл өөр цагт гэр бүлийн үйл ажиллагаа хийхийг урамшуулдаг. Даваа гаргийн оройн 6 цагаас хойш Сүмийн аливаа үйл ажиллагаа, хурал цуглаан, баптисмын ёслолыг зохион байгуулахгүй.
Удирдагчид Сүмийн барилга, бусад байгууламжийг даваа гаргийн орой хаалттай байлгах тал дээр анхаарна. Хүлээн авалт, ижил төстэй арга хэмжээг даваа гаргийн орой Сүмийн барилга байгууламжид зохион байгуулахгүй.
Харин ганц бие залуучуудын тойрог болон ганц бие насанд хүрэгчдийн тойрог даваа гаргийн орой Сүмийн байранд үйл ажиллагаа явуулж болно. Шинэ жилийн 31 даваа гарагт таарвал үүнд хамаарахгүй байж болно (20.5.4-ийг үзнэ үү).
20.5.4
Шинэ жилийн өмнөх оройн үйл ажиллагаа
Хэрэв гадас, тойрог шинэ жилд зориулсан үйл ажиллагаа төлөвлөж байгаа бол, мөн 12 сарын 31 бямба, ням эсвэл даваа гарагт таарвал удирдагчид дараах удирдамжийг мөрдөнө:
Бямба гараг Гадасны ерөнхийлөгч мацгийн өдрийг өөр ням гарагт шилжүүлэхээр төлөвлөж болно. Үйл ажиллагаа нь шөнийн 12 цаг өнгөртөл үргэлжилж болно. Гэхдээ оролцогчид маргааш нь ням гаргийн цуглаандаа ирж болохын тулд үйл ажиллагааг сунжруулалгүй дуусгах ёстой.
Ням гараг Сүмийн үйл ажиллагааг 12-р сарын 30-ны бямба гарагт зохион байгуулж болно. Өмнөх догол мөрөнд дурдсан удирдамжийг мөрдөнө. Гэр бүлүүдийг шинэ жилээ гэр орондоо тэмдэглэхийг урамшуулж болно. Үйл ажиллагааг Хүндэтгэлийн өдөрт тохируулан зохион байгуулах ёстой.
Даваа гараг Сүмийн барилгыг даваа гаргийн орой ашиглах зөвшөөрлийг гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп өгч болно.
20.5.5
Хоногоор явах үйл ажиллагаа
Сүмийн хоногоор явах бүх үйл ажиллагаанд, өсвөр үеийнхэн оролцох бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл шаардлагатай (20.7.4-ийг үзнэ үү).
Залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн хамтарсан Сүмийн хоногоор явах үйл ажиллагааг гадасны ерөнхийлөгч бишоп баталсан байх ёстой. Эрэгтэй, эмэгтэй ганц бие гишүүдийн үйл ажиллагаа нь мөн ингэж батлагдсан байх ёстой. Ийм үйл ажиллагааг олон удаа зохион байгуулахгүй. Жишээлбэл: Өсвөр үеийнхний чуулган, ӨҮБББТ чуулган эсвэл хол аялах шаардлагатай ариун сүмийн айлчлал багтана.
Эрэгтэй, эмэгтэй оролцогчид, мөн удирдагчид тус тусын байранд унтах ёстой. Гэхдээ, гэрлэсэн хосууд нэг өрөөнд эсвэл майханд байрлаж болно. Өсвөр үеийнхэн өөр өөрийн гэсэн ортой эсвэл аяны хөнжилтэй байх ёстой.
Хэрэв насанд хүрсэн удирдагчид болон өсвөр үеийнхэн зуслангийн нэг байр эсвэл майханд хамтдаа хонох бол өсвөр үеийнхэнтэй адил хүйсийн насанд хүрсэн дор хаяж хоёр хүн тэдэнтэй хамт байх ёстой.
Өсвөр үеийнхэн насанд хүрэгчийн ганцаараа байгаа өрөө, майханд байж болохгүй. Харин өсвөр үеийнхэн өөрийн эцэг эх эсвэл асран хамгаалагчтай хамт нэг өрөө эсвэл майханд байрлаж болно.
Хоногоор явах Сүмийн бүх үйл ажиллагаанд насанд хүрсэн дор хаяж хоёр удирдагч байх ёстой.
Хоногоор явах үйл ажиллагааны туршид дэмжлэг, хамгаалалт үзүүлэхийн тулд хангалттай тооны насанд хүрсэн санваартан үргэлж хамт байх ёстой. Залуу эмэгтэйчүүдийн үйл ажиллагааны үеэр санваартнууд залуу эмэгтэйчүүдээс тусдаа байранд байрлах ёстой.
Удирдагчид хоногоор явах бүх үйл ажиллагаанд зориулан Үйл ажиллагааны төлөвлөгөөний маягтыг бөглөнө.
Хоногоор явах үйл ажиллагааг Сүмийн болон цуглааны байрын газар дээр зохион байгуулахыг зөвшөөрөхгүй.
Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх “FAQs—What Should I Do?” (Түгээмэл асуугддаг асуултууд—Би юу хийх ёстой вэ?) хэсгээс үзнэ үү.
20.5.6
Бурханы дүрд тоглох
Хурал цуглаан, жүжиг, хөгжимт жүжигт Бурхан Эцэг, Ариун Сүнс хоёрыг дүрслэн үзүүлэхгүй.
Хэрэв Аврагчийн дүрд тоглох бол гүн хүндэтгэл бишрэлтэй үйлдэх ёстой. Энэ дүрд бүх талаараа зөвхөн шилдэг зан төлөвтэй ах тоглох ёстой. Аврагчийг дүрслэн харуулах хүн дуулж, бүжиглэхгүй. Тэрээр үг хэлэхдээ зөвхөн Аврагчийн хэлсэн судрын эшлэлүүдийг л хэлнэ. Тоглолтын төгсгөлд тэрээр энгийн хувцсаа даруй өмсөх ёстой.
Аврагчийн мэндэлж буй үйл явдлаас өөр тохиолдолд хүүхдүүд яриан жүжигт Аврагчийн дүрийг дүрслэн үзүүлэхгүй.
20.5.7
Үйл ажиллагаан дээрх залбирал ба сүсэг бишрэлийн хэсэг
Бүх үйл ажиллагаа залбирлаар эхэлж мөн боломжтой үед залбирлаар төгсөх ёстой. Сүмийн дуулал, сүнслэг бодол, удирдагчийн эсвэл оролцогчдын үг хэлэх хэсгийг багтааж болно.
20.5.8
Хүндэтгэлийн өдрийг сахих
Сүмийн ямар ч аялал зугаалга, спорт арга хэмжээ, хөгжөөнт арга хэмжээг ням гарагт зохион байгуулахгүй. Өсвөр үеийнхэн эсвэл бусад бүлгийн аль нь ч өсвөр үеийнхний чуулганд болон аялал зусланд оролцохоор эсвэл чуулганаас буцахаар ням гарагт аялж болохгүй.
Онцгой тохиолдолд, аюулгүй байдал болон аяллын зардал нь ноцтой асуудал үүсгэхээр байвал өсвөр үеийнхний зарим үйл ажиллагааг ням гаргийн цуглааны дараа залгуулан зохион байгуулж болно. Ийм үйл ажиллагаанууд нь ням гаргийн цуглааны хуваарьтай давхцахгүй байх ёстой. Тэдгээр нь Хүндэтгэлийн өдрийн уур амьсгалтай нийцсэн байх ёстой. Гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвшөөрлийг авах шаардлагатай.
20.5.9
Спортын үйл ажиллагаа
Сүмийн спортын үйл ажиллагаа нь найз нөхөд болох, бие бялдрыг хөгжүүлэх боломжоор хангадаг. Энэ нь идэвх оролцоо, спорт тоглох соёл, ур чадварын өсөлт хөгжлийг чухалчилдаг. Өрсөлдөөнтэй үйл ажиллагааны үеэр зөрчил сөргөлдөөн гарахаас зайлсхийх бүх арга хэмжээг авах ёстой. Багийн бүх гишүүн ур чадварын түвшнээс эс хамааран тоглох боломжоор тэгш хангагдах ёстой.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасныхаа хүрээнд зохион байгуулагдсан спортын үйл ажиллагааг хянана. Тэд мөн Сүмийн спорт үйл ажиллагаанд (1) оролцож болох тамирчдын нас, (2) оролцох боломжтой байдлыг тодорхойлох удирдамжийг гаргана. Ийм шийдвэрийг улирал эхлэхээс өмнө гаргасан байх ёстой.
Хэрэв олон гадасны спортын үйл ажиллагаа зохион байгуулахаар бол үүнийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл томилогдсон бүсийн дал хянадаг. Эдгээр үйл ажиллагааг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн томилсон хариуцах гадасны ерөнхийлөгчийн дуудсан спортын зохицуулагчид зохион байгуулна. Бүсийн спортын тэмцээн зохион байгуулахгүй.
Сүмийн спортын үйл ажиллагаануудад оролцогчид нь заавал Сүмийн гишүүд байх албагүй. Гэвч тэд тухайн нэгжийн хилийн дотор амьдардаг ба үйл ажиллагааны туршид Сүмийн бодлого журмыг болон жишгүүдийг дагахыг зөвшөөрөх ёстой.
Дүрэмт хувцас өмсөх бол энгийн даруу, хэт үнэтэй биш, тухайн үйл ажиллагаанд тохирсон байх ёстой. Ихэнхдээ өнгийн богино ханцуйтай цамц эсвэл бэлтгэлийн цамц байхад хангалттай. Дүрэмт хувцасны үнийг гадасны эсвэл тойргийн төсвөөс төлнө.
Багт эсвэл хувь хүнд шагнал, цом олгохыг дэмждэггүй.
20.5.10
Ариун сүмд орох
Харьяалагддаг ариун сүм рүү явах аяллыг гадас, тойргийн түвшинд зохион байгуулдаг.
Харин харьяа бус ариун сүм рүү гадас, тойргийн аялал хийхийг дэмждэггүй. Ийм аялалд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрөл шаардлагатай. Хоногоор явах ариун сүмийн аялалд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвшөөрөл мөн авах шаардлагатай.
Ариун сүмийн аялал нь 20.7.7 дахь аяллын журмыг мөрдөх ёстой. Хоногоор явах ариун сүмийн аялал нь 20.5.5 дахь журмыг мөн мөрдөх ёстой.
20.5.5
Зөвшөөрөгдөхгүй үйл ажиллагаа
Энэ бүлэг дэх удирдамжтай нийцэхгүй үйл ажиллагааг Сүмийн нэгжүүд зохион байгуулахгүй. Үүнд:
-
Гэмтэж бэртэх эсвэл өвчин гарах эрсдэл өндөртэй үйл ажиллагаа (20.7.6-г үзнэ үү).
-
Өндөр зардал эсвэл аялал шаардах үйл ажиллагаа (20.7.7-г үзнэ үү).
-
Дуу хөгжим, шүлэг, хувцаслалт болон бусад зүйл нь Сүмийн жишигт үл нийцэх дасгал сургуулилтын хөтөлбөр
Үйл ажиллагаа зохистой эсэх талаар бишопт асуулт гарвал гадасны ерөнхийлөгчид хандах хэрэгтэй. Гадасны ерөнхийлөгч асуултуудыг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд хандан тавьж болно.
20.6
Үйл ажиллагааг санхүүжүүлэх бодлого журам ба удирдамж
Сүмийн бүх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дараах бодлого журам, удирдамжийг баримтлах ёстойг удирдагчид анхаарна.
20.6.1
Тойрог эсвэл гадасны төсвөөр санхүүжих үйл ажиллагаа
20.6.2-т дурдсанаас бусад бүх үйл ажиллагаа нь гадасны эсвэл тойргийн төсвөөр санхүүжих ёстой.
Гишүүд материал, эд юмс өгөх, түрээс болон тасалбар, хол газар аялах тээврийн зардлыг өөрсдөө төлөхгүй. Хүндрэл учруулахгүй бол гишүүд хоол хүнсээр хангаж болно.
20.6.2
Өсвөр үеийнхний зугаалгыг санхүүжүүлэх
Дараах үйл ажиллагаануудын зардлыг төлөхөд гадасны эсвэл тойргийн төсөв хүрэлцэхгүй байвал удирдагчид зардлыг бүгдийг нь юм уу хэсэгчлэн төлөхийг оролцогчдоос хүсэж болно. Үүнд:
-
Аароны санваартнуудын жил тутмын зугаалга эсвэл үүнтэй төстэй нэг үйл ажиллагаа
-
Залуу эмэгтэйчүүдийн жил тутмын зугаалга эсвэл үүнтэй төстэй нэг үйл ажиллагаа
Жил тутмын зугаалгын зардал эсвэл тээвэрлэлт хэт өндөр байж болохгүй. Хувийн санхүүгийн гачигдлын улмаас аливаа гишүүний оролцох боломж хаагдах ёсгүй.
Хэрэв гадас, тойргийн төсөв болон оролцогчдоос авах санхүүжилт нь зугаалгад хүрэлцэхгүй байвал жилд нэг удаа тойргийн хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулахыг бишоп зөвшөөрч болно. Энэ арга хэмжээ нь 20.6.5 дахь удирдамжийг дагах ёстой.
Ганц бие залуучуудад зориулсан бүсийн эсвэл гадас хоорондын томоохон үйл ажиллагааг санхүүжүүлэх талаарх мэдээллийг 14.2.1.3-аас үзнэ үү.
20.6.3
ӨҮБББТ чуулганыг санхүүжүүлэх
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулганд оролцоход өсвөр үеийнхнээс хандивын хураамж хүсэж болно. Хэрэв өсвөр үеийнхэн хураамжийн улмаас оролцох боломжгүй байвал бишоп тойргийн төсвийг ашиглан төлбөрийн бүгдийг эсвэл хэсэгчлэн төлж болно. FSY.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.
20.6.4
Тоног төхөөрөмж, материал хэрэгслийг санхүүжүүлэх нь
Боломжтой бол өсвөр үеийнхний жил тутмын зугаалгад шаардлагатай тоног төхөөрөмж, материал хэрэгслийг тойргийн төсвөөс худалдаж авах хэрэгтэй. Хэрэв төсөв хүрэлцэхгүй бол жилд нэг удаа тойргийн хандив цуглуулах арга хэмжээ зохиохыг бишоп зөвшөөрч болно. Энэ үйл ажиллагаа нь 20.6.5 дахь удирдамжийг мөрдөх ёстой.
Тойргийн төсвөөс эсвэл хандив цуглуулах арга хэмжээгээр дамжуулан худалдаж авсан тоног төхөөрөмж, материал хэрэгслийг зөвхөн Сүмийн зорилгоор ашиглана. Тэдгээр зүйлийг хувийн зорилгоор ашиглахгүй.
20.6.5
Хандив цуглуулах арга хэмжээ
Гадас, тойргийн үйл ажиллагааны зардлыг ихэвчлэн төсвийн сангаас төлдөг. Зөвхөн дараах зорилгоор жилд нэг удаа хандив цуглуулах арга хэмжээ зохиох зөвшөөрлийг гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп олгож болно:
-
20.6.2, 20.6.3-т жагсаасан үйл ажиллагаануудын зардлыг төлөхөд туслахын тулд
-
20.6.4-д дурдсан жил бүрийн зугаалга явуулахад нэгжид хэрэгтэй тоног төхөөрөмж худалдаж авахад туслахын тулд зэрэг болно.
Хандив цуглуулах арга хэмжээ зохиох бол ач холбогдол бүхий үнэ цэн, үйлчлэлийг үзүүлэх хэрэгтэй.
Цуглуулсан хандивыг шударга зарцуулж байгаад удирдагчид анхаарал тавина. Аароны санваарын чуулгуудын төсвийг тойргийн залуу эрэгтэйчүүдийн тоон дээр үндэслэн гаргадаг. Залуу эмэгтэйчүүдийн төсвийг тойргийн залуу эмэгтэйчүүдийн тоон дээр үндэслэн гаргадаг.
Хандив цуглуулах арга хэмжээнд өгөх хандив нь сайн дурынх юм. Удирдагчид гишүүдэд хандив өгөх үүрэгтэй мэт ойлголт төрүүлэхгүй байхад анхаарна.
Хандив цуглуулах арга хэмжээ зохиож байгаа нэгж өөрийн хил хязгаараас гадуур сурталчлах эсвэл ажиллах ёсгүй. Мөн айл айлаар дамжин бараа бүтээгдэхүүн зарж эсвэл үйлчилгээ үзүүлж болохгүй.
Хандив цуглуулах арга хэмжээний дараах хэлбэрүүдийг зөвшөөрөхгүй. Үүнд:
-
Татвар оногдох үйл ажиллагаанууд.
-
Цалинтай, хөлслөн ажиллуулах эсвээс гэрээгээр гүйцэтгэх үйл ажиллагаанууд
-
Гадас, тойрог жүжигчин, дуучин зэргийг хөлсөлсөн үзвэр үйлчилгээ.
-
Арилжааны бизнесийн бараа, үйлчилгээ борлуулах.
-
Хонжворт сугалаа, бинго зэрэг тоглоомууд.
-
Аюул осолтой үйл ажиллагаа.
Эдгээр удирдамж хамаарахгүй тохиолдолд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх ёстой.
20.7
Үйл ажиллагааны аюулгүй байдлын бодлого журам ба удирдамж
Сүмийн бүх үйл ажиллагаанд дараах журам, удирдамжийг баримтлах ёстойг удирдагчид анхаарна.
20.7.1
Насанд хүрсэн хүмүүс хяналт тавих
Өсвөр үеийнхэн, хүүхдүүдэд зориулсан Сүмийн бүх үйл ажиллагаанд доод тал нь насанд хүрсэн хоёр хүн байлцах ёстой. Бүлгийн хэмжээ, үйл ажиллагаанд шаардагдах ур чадвар, өөр хүчин зүйлсээс хамаарч илүү насанд хүрэгчид хэрэгтэй байж болно. Эцэг эхчүүдийг туслахад урамшуулах хэрэгтэй.
Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг хүмүүс бүгд хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах сургалтад хамрагдсан байх ёстой. ProtectingChildren.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.
20.7.2
Өсвөр үеийнхний үйл ажиллагаанд оролцох насны шаардлага
Өсвөр үеийнхэн 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн эцэг эхийнхээ зөвшөөрлөөр хоногоор аялах зугаалгад оролцож болно. Тэд 14 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн бүжиг, өсвөр үеийнхний болон ӨҮБББТ чуулганд хамрагдаж болно.
20.7.3
Даатгал
20.7.3.1
Хувийн тээврийн хэрэгслийн даатгал
20.7.7-г үзнэ үү.
20.7.3.2
Хувийн эрүүл мэндийн ба ослын даатгал
Дэлхийн олон оронд засгийн газраас эсвэл ажил олгогч байгууллага эрүүл мэндийн болон ослын даатгалд хамруулах боломж байдаг. Ийм даатгалтай гишүүд Сүмийн үйл ажиллагааны үеэр гэмтэл авсан бол Сүмийн үйл ажиллагааны даатгалаас тусламж хүсэхээс өмнө өөрийн даатгалаас боломжтой бүх ашиг тусыг авах хэрэгтэй.(20.7.3.4-ийг үзнэ үү).
20.7.3.3
Бусдын хохирлыг даах даатгал
Боломжтой бол Сүмийн үйл ажиллагаануудад хяналт тавьж байгаа Сүмийн зөвлөлийн гишүүд болон удирдагчид бусдын хохирлыг даах зохих мөнгөн дүнгийн даатгалд даатгуулан, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Ийм төрлийн даатгалыг сууц өмчлөгчдийн болон бусад даатгалын гэрээгээр дамжуулан хийж болно. Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх “FAQs—What Should I Do?” (Түгээмэл асуугддаг асуултууд—Би юу хийх ёстой вэ?) хэсгээс үзнэ үү.
20.7.3.4
Сүмийн үйл ажиллагааны эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөр
АНУ болон Канадад Сүмийн үйл ажиллагааны эрүүл мэндийн тусламжийн (СҮАЭМТ) хөтөлбөр нь Сүмийн үйл ажиллагаанд оролцох үеэр авсан гэмтэл бэртэлд эмчилгээний мөн шүдний эмчилгээний тусламж үзүүлдэг. Шаардлагатай үед энэ нь мөн оршуулгын ажилд тусламж үзүүлдэг. Энэ хөтөлбөр нь тухайн хүний өөрийнх нь эрүүл мэндийн болон ослын даатгалыг орлодоггүй, харин нэмэлт тусламж болох зорилготой. Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх “FAQs—What Should I Do?” (Түгээмэл асуугддаг асуултууд—Би юу хийх ёстой вэ?) хэсгээс үзнэ үү.
Сүмийн үйл ажиллагааны үеэр осол гарвал удирдагч СҮАЭМТ хэрэгтэй эсэхийг тодорхойлдог. Аливаа удирдагч зөрчлийг incidents.ChurchofJesusChrist.org-оор дамжуулан Олон улсын зөрчил мэдээлэх системд мэдэгдэж болно. Хэрэв анхан шатны тусламжаас илүү эмчилгээ хэрэгтэйг тухайн удирдагч тогтоовол бишопт энэ тухай мэдэгдэж мөн бүртгэлийн мэдээлэл хүлээн авна. Бишоп тухайн хүний хувийн даатгал болон бусад эх сурвалж зэрэг түүний эмчилгээний төлбөрөө төлөх боломжийг авч үзнэ. Тэрээр тохиромжтой гэж үзвэл СҮАЭМТ-ийн санг ашиглахыг зөвшөөрч болно.
Нэмэлт мэдээллийг Church Activity Medical Assistance Handbook (Сүмийн үйл ажиллагааны эрүүл мэндийн тусламжийн гарын авлага) дээрээс үзнэ үү. Уг гарын авлагыг авах бол доорх хаягтай холбогдоно уу:
Deseret Mutual Benefit Administrators
P.O. Box 45530
Salt Lake City, UT 84145-0530
Утас: 1-801-578-5650 or 1-800-777-1647
Э-мэйл: churchactivity@dmba.com
Вэбсайт: dmba.com/churchactivity
20.7.3.5
Даатгалын гэрчилгээ
Үйл ажиллагааны даатгалтай гэсэн нотолгоог Сүмээс авахыг заримдаа хүсдэг. Үйл ажиллагаатай холбогдох түрээсийн гэрээ, хэлэлцээр, зөвшөөрлийн улмаас уг гэрчилгээг хүсдэг.
Нэгдсэн Улс болон Канадад удирдагчид InsuranceCertificates.ChurchofJesusChrist.org руу орж даатгалын баталгаа болох гэрчилгээг авч болно. АНУ, Канадаас бусад газарт удирдагчид бүсийн албатай холбоо барьж болно. Хүсэлт нь дараах мэдээллийг багтаах ёстой. Үүнд:
-
Даатгалын нотолгоо шаардаж буй байгууллагын нэр, хаяг.
-
Түрээсийн газар бол байгууламжийн байршлын тайлбар, байрлал.
-
Бусдын хохирлыг төлөх төлбөрийн дээд хэмжээ.
-
Үйл ажиллагаатай хамаатай бусад мэдээлэл.
Удирдагчид гэрчилгээнүүдийг бэлтгэх хангалттай цагтай байхын тулд эртнээс төлөвлөх хэрэгтэй.
20.7.4
Эцэг эхийн зөвшөөрөл
Хүүхэд, өсвөр үеийнхэн эцэг эхийн эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр Сүмийн үйл ажиллагаанд оролцохгүй. Хоногоор явах, урт аялал, энгийнээс илүү өндөр эрсдэл бүхий Сүмийн үйл ажиллагаанд бичгээр өгсөн зөвшөөрөл шаардлагатай. Зарим үйл ажиллагаа нь эрсдэлийг багасгах нэмэлт төлөвлөгөө шаардаж болно. Аюулгүй байдлыг үргэлж чухалчлан авч үзэх ёстой. 20.7.6.1-ийг үзнэ үү.
Эцэг эх, асран хамгаалагчид Permission and Medical Release form (Эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрөл ба эрүүл мэндийн маягт) дээр гарын үсэг зурснаар энэ зөвшөөрлийг олгодог. Үйл ажиллагааг удирдаж буй хүнд оролцогч бүрийн гарын үсэг зуруулсан маягт байх ёстой.
20.7.5
Хүчирхийллийн тухай мэдээлэх
Сүмийн үйл ажиллагааны үеэр тохиолдсон аливаа хүчирхийллийг иргэний эрх мэдэлтнүүдэд мэдэгдэх ёстой. Бишоптой тэр даруй холбоо барих ёстой. Гишүүдэд зориулсан зааврыг 38.6.2.7-д оруулсан. Бишопт зориулсан зааврыг 38.6.2.1-т оруулсан.
Хүчирхийллийн тодорхойлолтыг 38.6.2.3 болон 38.6.2.4-өөс үзнэ үү.
20.7.6
Аюулаас урьдчилан сэргийлэх, осол гарсан үед авах арга хэмжээ ба ослын тухай мэдээлэх
20.7.6.1
Аюулаас урьдчилан сэргийлэх
Удирдагч болон оролцогчид үйл ажиллагааг өвдөж бэртэх эрсдэл хамгийн багатай, аюулгүй зохион байгуулахад анхаарна. Мөн уг үйл ажиллагаа нь өмч хөрөнгөнд эвдрэл гэмтэл учруулах хамгийн бага эрсдэлтэй байх ёстой. Үйл ажиллагааны үеэр аюулгүй байдлыг хангахын төлөө удирдагчид бүх талаар хичээж чармайна. Удирдагчид аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлснээр осол аюул гарах эрсдэлийг бууруулж чадна.
Үйл ажиллагаа нь зохих сургалт, хяналттай байх ёстой. Эдгээр нь оролцогчдын нас, чадвар, төлөвшилтийн байдалд тохирсон байх ёстой.
Удирдагчид тухайн үйл ажиллагааны аюулгүй байдлын зааврыг бүх оролцогчид өгөх ёстой. Биеийн хүчний ур чадвар, туршлага шаардсан үйл ажиллагаа явуулах тохиолдолд мэргэжлийн сургалт эсвэл мэргэшсэн зөвлөгч авах шаардлагатай байж болно.
Удирдагчид яаралтай тусламжийн нөхцөл байдалд бэлтгэлтэй байх ёстой. Тэд орон нутгийн цагдаагийн болон түргэн тусламжийн албатай хэрхэн холбоо барихыг урьдчилан мэдсэн байх хэрэгтэй. Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх “FAQs—What Should I Do?” (Түгээмэл асуугддаг асуултууд—Би юу хийх ёстой вэ?) хэсгээс үзнэ үү.
20.7.6.2
Осол гарсан үед хариу арга хэмжээ авах
Сүмийн байран дээр эсвэл Сүмийн үйл ажиллагааны үеэр осол, гэмтэл бэртэл гарсан бол удирдагчид дараах холбогдох удирдамжийг баримтална. Үүнд:
-
Анхан шатны тусламж үзүүлнэ. Хэрэв тухайн хүнд нэмэлт эмнэлгийн тусламж хэрэгтэй бол түргэн тусламжийн албатай холбоо барина. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай эсвэл ойрын хамаатан, мөн бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчтэй холбоо барина.
-
Хэрэв хэн нэгэн нас барах юм уу алга болсон үед нэн даруй орон нутгийн цагдаагийн хүчний байгууллагад мэдэгдэнэ. Тэдэнтэй бүрэн хамтран ажиллана.
-
Сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ.
-
Хуулийн арга хэмжээ авахыг урамшуулах юм уу эсэргүүцэж болохгүй. Сүмийн нэрийн өмнөөс ямар нэг үүрэг амлалт өгч болохгүй.
-
Гэрчүүдийн нэр, холбогдох мэдээлэл, болсон явдлын тухай мэдээллийг болон зургийг цуглуулж, хадгална.
-
Ослын тухай мэдээлнэ (20.7.6.3-ыг үзнэ үү).
20.7.6.3
Ослын тухай мэдээлэх
Дараах нөхцөл байдал тохиолдвол онлайнаар incidents.ChurchofJesusChrist.org хаяг руу мэдээлэх ёстой. Гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп, ерөнхийлөгчийн томилсон ослын талаар мэдэж байгаа гишүүн даруй мэдээлнэ.
-
Сүмийн үйл ажиллагааны үеэр эсвэл Сүмийн өмчийн газар дээр осол, гэмтэл бэртэл гарах
-
Сүмийн үйл ажиллагаанд оролцож байсан хүн алга болох
-
Сүмийн үйл ажиллагааны үеэр хувийн, нийтийн болон Сүмийн өмчид эвдрэл учрах
-
Хуулийн арга хэмжээ авахаар сүрдүүлсэн мөн болзошгүй үед.
Хэрэв үйл ажиллагааны үеэр хүн ноцтой гэмтсэн, амь насаа алдсан эсвэл алга болсон бол гадасны ерөнхийлөгч, бишоп эсвэл түүний томилсон гишүүн даруй дараах арга хэмжээний нэгийг авна:
-
АНУ-д эсвэл Канадад, тэрээр Сүмийн удирдах газрын Эрсдэлийн менежментийн хэлтэст мэдэгдэнэ (1-801-240-4049 эсвэл 1-800-453-3860, дотуур утас 2-4049; ажлын бус цагаар эсвэл долоо хоногийн амралтын үеэр 1-801-240-1000, эсвэл 1-800-453-3860 дугаарын утас руу залгана уу. Оператор холбогдох хүнтэй тэр даруй холбоо барих болно). Дараа нь Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй холбоо барина.
-
АНУ, Канадаас бусад газарт бүсийн албатай холбогдоно уу.
Гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп түүнчлэн Сүмийн барилга байгууламж, өмч хөрөнгөтэй холбоотой гэмтэл, эвдрэл гарвал Сүмийн барилгын албаны менежерт мэдэгдэнэ.
Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх “FAQs—What Should I Do?” (Түгээмэл асуудаг асуултууд—Би юу хийх ёстой вэ?) хэсгээс үзнэ үү.
20.7.6.4
Даатгал ба даатгалтай холбоотой асуулт
Сүмийн арга хэмжээний үеэр гэмтэл бэртэл гарвал удирдагчид Сүмийн үйл ажиллагааны эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрт хамрагдаж болох эсэхийг тодорхойлно (20.7.3.4-ийг үзнэ үү).
Зарим тохиолдолд гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп аюулгүй байдлын талаар эсвэл Сүмийн эсрэг гаргаж байгаа хууль зүйн асуудлын талаар асуулттай байж болно. Гадасны ерөнхийлөгч (эсвэл түүний удирдлагаар нэг бишоп) нь тийм асуултуудыг Эрсдэлийн менежментийн Хэлтэст эсвэл бүсийн албанд хандан тавина.
20.7.7
Аялал
Сүмийн үйл ажиллагааны зорилгоор аялах тохиолдолд гадасны ерөнхийлөгчийн эсвэл бишопын зөвшөөрлийг авсан байх ёстой. Тухайн аялал нь гишүүдэд хэт хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй.
Оролцогчид үйл ажиллагаанд оролцохын тулд хол (олон цагаар) аялах ёсгүй. Онцгой тохиолдолд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Хэрэв Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл ийм аяллыг зөвшөөрсөн бол гишүүд хувиасаа мөнгө гаргах ёсгүй (20.6-г үзнэ үү).
Энэ хэсэг дэх аялалд баримтлах журам болон удирдамж нь нэг бүс дэх нэгжүүдийн эсвэл зохицуулах зөвлөлийн хувьд ижил байх ёстой. Гадасны ерөнхийлөгч зохицуулах зөвлөлийн хурлаар аялалд баримтлах журмыг хэлэлцэж, санал нэгдэж болно.
Удирдагчид холын аялал шаардах үйл ажиллагаанд зориулан Үйл ажиллагааны төлөвлөгөөний маягт-ыг бөглөнө.
Өсвөр үеийнхэнд зориулсан Сүмийн үйл ажиллагаанд холын болон хоногоор явах аялал багтаж байгаа бол хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч хүүхдүүдээ оролцуулах зөвшөөрлийг бичгээр өгөх ёстой (20.7.4-ийг үзнэ үү). Хариуцлага бүхий насанд хүрэгч хяналт тавих ёстой (20.7.1-ийг үзнэ үү).
Боломжтой бол Сүмийн бүлгүүд холын аялалд нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах ёстой. Тухайн тээврийн хэрэгсэл нь шаардлага хангасан зөвшөөрөлтэй, бусдын хохирлыг барагдуулах даатгалд хамрагдсан байх ёстой.
Сүмийн бүлгүүд хувийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол тээврийн хэрэгсэл бүр аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Бүх хүн суудлын бүсээ зүүх ёстой. Жолооч нь хариуцлага хүлээх чадвартай, насанд хүрсэн, жолооны үнэмлэхтэй байх ёстой. Бүх тээврийн хэрэгсэл болон жолооч нь автомашины бусдын хохирлыг барагдуулах мөнгөн хэмжээний даатгалд даатгуулсан байх ёстой. Жолооч сэргэг, сонор сэрэмжтэй байхыг хангах төлөвлөгөө гаргасан байх шаардлагатай. Өөрийн хүүхэд биш л бол насанд хүрэгч нь өсвөр үеийн хүүхэдтэй ганцаараа нэг тээврийн хэрэгсэлд зорчиж болохгүй.
Сүмийн байгууллагууд бүлгээр хийх аялалд зориулсан автомашин, автобустай байж болохгүй.
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн эхнэр, нөхөр биш бол эсвэл хоёулаа ганц бие биш бол Сүмийн үйл ажиллагаа, хурал цуглаанд оролцох, ажил үүрэг гүйцэтгэхийн тулд хоёулхнаа хамт явж болохгүй.
Нэмэлт мэдээллийг ChurchofJesusChrist.org дээрх “FAQs—What Should I Do?” (Түгээмэл асуугддаг асуултууд—Би юу хийх ёстой вэ?) хэсгээс үзнэ үү.
20.8
Үйл ажиллагааны удирдлагын бодлого журам
Сүмийн бүх үйл ажиллагааг явуулахдаа дараах бодлого журам, удирдамжийг баримталж байгааг удирдагчид анхаарна.
20.8.1
Зохиогчийн эрхтэй материал
38.8.11-ийг үзнэ үү.
20.8.2
Үйл ажиллагаанд зориулж Сүмийн бус барилга байгууламж түрээслэх
Сүмийн барилга байгууламж нь гадас болон олон гадасны үйл ажиллагаанд тохиромжгүй байвал гадасны ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр Сүмийн бус барилга байгууламжийг түрээсэлж болно. Ийм зөвшөөрөл авах хүсэлтийг Сүмийн барилгын менежер зохицуулна.
Сүмийн эзэмшдэггүй барилга байгууламжийг түрээсэлж байгаа эсвэл ашиглаж байгаа үед бусдын хохирлыг даах даатгалаа үзүүлэхийг орон нутгийн нэгжүүдээс хүсэж болно. Даатгалын гэрчилгээг хэрхэн олж авах тухай мэдээллийг 20.7.3.5-аас үзнэ үү.
20.8.3
Татвар ноогддог үйл ажиллагаа
Удирдагчид үйл ажиллагаа явуулахдаа татвараас чөлөөлөгддөг Сүмийн статуст хор хохирол учруулахгүй байхад анхаарна. Удирдамж зааврыг 34.8.1-ээс үзнэ үү.