Хуучин Гэрээ 2022
4-р сарын 4–10. Гэтлэл 14–17: “Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа”


“4-р сарын 4–10. Гэтлэл 14–17: ‘Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“4-р сарын 4–10. Гэтлэл 4–10,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Улаан тэнгис

Улаан тэнгис

4-р сарын 4–10

Гэтлэл 14–17

“Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа”

Бурхан Мосед өөрийн туршлагаасаа “үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл” (Гэтлэл 17:14) хэмээн тушаасан. Үүнтэй адилаар, сүнслэг туршлагаа тэмдэглэн бичих нь танд болон таны хайртай хүмүүст Их Эзэний сайн сайхныг санахад туслах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Израилчууд гацсан. Улаан тэнгис нэг талд нь байсан бөгөөд нөгөө талаас Фараоны арми ирж байв. Тэдний Египетээс зугтсан нь богино хугацааных байх юм шиг харагдаж байсан. Гэхдээ Бурхан израилчуудад үе удмынхаа турш санах захиасыг өгсөн: “Бүү ай. … ЭЗЭН та нарын төлөө байлдана” (Гэтлэл 14:13–14).

Тэр цагаас хойш Бурханы хүмүүст итгэл, зориг хэрэгтэй болох үед Израилын гайхамшигт чөлөөлөлтийн талаарх энэхүү шастирт ханддаг байсан. Нифай өөрийн ах нараа урамшуулахыг хүссэн үедээ “Мосегийн адил хүчтэй байцгаая; учир нь тэрбээр үнэнээр Улаан тэнгисийн усанд хандан ярьсан бөгөөд тэр нь нааш цааш хуваагдан, ингээд бидний эцэг өвгөд дарангуйллаас ангижирч, хуурай газар дээгүүр хөндлөн гарсан буюу” (1 Нифай 4:2) хэмээн хэлдэг. Хаан Лимхай дарангуйлалд байгаа өөрийн хүмүүсийг “[тэднийг] тэргүүнээ өргөцгөө, мөн баяс” (Moзая 7:19) гээд адилхан түүхийг тэдэнд сануулав. Алма өөрийн хүүдээ Бурханы хүч чадлын талаар гэрчлэхийг хүссэн үедээ мөн энэхүү түүхийг хэрэглэдэг (Алма 36:28-ыг үзнэ үү). Бид чөлөөлөгдөх хэрэгтэй болоход—бидэнд илүү их итгэл хэрэгтэй болох үед, бид “Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаах”—болох үед бид хэрхэн “Эзэн тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварсныг” санах болно (Гэтлэл 14:13, 30).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Гэтлэл 14

Бурханд намайг чөлөөлөх хүч чадал бий.

Та Гэтлэл 14:1–10-ыг уншихдаа израилчууд Фараоны арми бүслэн ирж байгааг хараад юу мэдэрч байсныг төсөөлөөд үз дээ. Магадгүй танд тулгараад байгаа хүнд сорилтыг даван туулахын тулд танд гайхамшиг хэрэгтэй юм шиг танд санагдаж байж болох юм. Та Гэтлэл 14:13–31-ээс амьдралдаа Бурханы чөлөөлөлтийг эрэлхийлэхэд туслах юуг мэдэж авсан бэ? Бурханы саад тотгороос чөлөөлөх арга замуудын талаар та юуг мэдэж авсан бэ? Та амьдралдаа Түүний чөлөөлөх хүч чадлыг хэрхэн харж байгаагаа тунгаан бод.

Мөн Сургаал ба Гэрээ 8:2–3; Л.Toм Пэрри, “Чөлөөлөлтийн хүч,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 102; Библийн газрын зураг, д. 2, “Израилчууд Египетээс гарч Канаанд ирсэн нь.”

Гэтлэл 15:22–27

Их Эзэн гашуун зүйлийг амтлаг болгож чадна.

Гэтлэл 15:22–27 дээрээс амлагдсан нутаг руу аялж буй израилчуудын аяллын талаар уншиж байхдаа өөрийн амьдрал дахь Марагийн усны адил “шорвог” мэт санагдаж байсан зүйлсийн талаар бод. Эдгээр шүлгийг эргэцүүлэн бодохдоо дараах асуултуудыг эргэцүүлэн бодоорой: Их Эзэн таны амьдрал дахь гашуун зүйлийг хэрхэн амтлаг болгох вэ? Эдгээр туршлага таны амьдралд ямар ач холбогдолтой байсан бэ? 26, 27-р шүлэг нь бид Их Эзэний дуу хоолойг сонсвол Тэр биднийг хэрхэн адислах талаар юу хэлж байгаа вэ?

Гэтлэл 15:23–27; 16:1–15; 17:1–7

Би хүнд хэцүү үед ч гэсэн Их Эзэнд найдаж чадна.

Бурхан израилчуудын төлөө бүхнийг хийсний дараа тэдний нөхцөл байдал улам хүндрэх үед тэд бувтналдан, гомдоллож байсанд израилчуудыг шүүмжилмээр санагддаг. Гэтлэл 15:23–27; 16:1–15; 17:1–7-г уншиж байхдаа та бас шүүмжлэлтэй хандсан эсэхээ бодоод үзээрэй. Та израилчуудын туршлагаас Бурханд илүү их найдаж, харин бага бувтналдахад туслах юуг сурч мэдсэн бэ? Жишээлбэл, та израилчууд хүнд байдалд хэрхэн хандсан мөн Мосе хэрхэн хандсан хоёрт ямар ялгаа байгааг ажигласан бэ? Эдгээр шүлэг Бурханы талаар танд юу заадаг вэ?

Мөн 1 Нифай 2:11–12; “Sin of Murmuring” (видео), ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

Зураг
Манна түүж буй эмэгтэй

Бурханаас өгөгдсөн манна израилчуудыг бие махбодын хувьд тэжээж байсан шиг бидэнд ч гэсэн өдөр тутмын сүнслэг тэжээл хэрэгтэй. Ханын зураг, Лийполд Бракнэр

Гэтлэл 16

Би өдөр тутмын сүнслэг тэжээлээ эрэлхийлэх хэрэгтэй.

Гэтлэл 16-д буй маннагийн гайхамшгаас бид олон сүнслэг зүйлийг сурах боломжтой. Маннаг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах талаар израилчуудад өгсөн дэлгэрэнгүй зааврыг анхаарна уу (Гэтлэл 16:16, 19, 22–26-г үзнэ үү). Өдөр бүр сүнслэг тэжээл эрэлхийлэхдээ эдгээр заавраас танд хамаатай юуг та олсон бэ?

Мөн Иохан 6:31–35, 48–58 болон “Daily Bread: Pattern,” “Daily Bread: Experience,” ба “Daily Bread: Change” видеонуудыг үзнэ үү (ChurchofJesusChrist.org).

Гэтлэл 17:1–7

Есүс Христ бол миний сүнслэг хад, миний амьд ус юм.

Гэтлэл 17:1-7-г уншихдаа Аврагчийн талаар бод. Есүс Христ таны хувьд яагаад хадтай адилхан бэ? (Дуулал 62:6–7; Хиламан 5:12-ыг үзнэ үү). Тэрээр устай юугаараа адилхан бэ? (Иохан 4:10–14; 1 Коринт 10:1–4; 1 Нифай 11:25-ыг үзнэ үү).

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэтлэл 14:13–22.Мосе Улаан тэнгисийг хуваасан шиг гэр бүлийн тань гишүүд аяганд эсвэл ваннанд байгаа усыг хуваахыг хичээх нь зугаатай байж болох юм. Бурханы хүч чадалгүйгээр Улаан тэнгисийг хувааж чадахгүй байсан гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал. Бурханы хүчийг бид хэрхэн өөрсдийн болон өвөг дээдсийнхээ амьдралд олж харсан бэ?

Гэтлэл 15:1–21.Улаан тэнгисийг гайхамшигт арга замаар гаталсныхаа дараа израилчууд Мосегийн дуу гэгдэх Гэтлэл 15:1–21 дээрх магтаалын дууг дуулжээ. Гэр бүлээрээ эдгээр шүлгийг Бурхан израилчуудын төлөө юу хийснийг гэрчилсэн үг хэллэгүүд болон бусад утгатай үг хэллэгээс хай. Дараа нь та гэр бүлийнхэндээ Бурхан та нарын төлөө юу хийснийг сануулах дуулал дуулж болно.

Гэтлэл 16:1–5; 17:1–7.Гэтлэл 16:1–5 мөн 17:1–7-г унших нь Аврагч Амьдралын Талх, Амьд Ус мөн бидний Хад байх тухай ярилцахад хөтөлж болох юм. Эдгээр түүх нь бидэнд Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлсийг хэрхэн сануулж байна вэ? Ярилцлагынхаа хэсэг болгон Иохан 4:10–14; 6:29–35, 48–51; Хиламан 5:12; Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг та уншиж болно.

Гэтлэл 17:8–16.Аарон, Хур хоёрын Мосегийн гараас барьж буй түүхийг та жүжигчлэн тоглож болно. Мөн тэгээд энэ нь биднийг удирдахаар дуудагдсан хүмүүсийг бид хэрхэн дэмжин батлахыг бэлгэдэн харуулж буйг ярилцаж болно. Та нар Аарон, Хур хоёрын жишээг израилчууд Мосегийн эсрэг бувтналдаж байгаатай харьцуулж болно (15–17-р бүлэг дээр дүрсэлсэн). Бидний удирдагчдадаа тусалж, дэмжин баталж болох ямар ямар арга зам байдаг вэ? Үүнийг хийснээр бидэнд болон удирдагчдад маань ямар ямар адислал ирдэг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Санал болгох дуу: “Израилын Цагаатгагч,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 6.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Та өөрөө сүнслэг ойлголт олж авахаар эрэлхийл. Хувиараа болон гэр бүлээрээ судлахдаа эдгээр тоймд өгөгдсөн шүлгүүдээр өөрсдийгөө бүү хязгаарла. Энд онцлон тэмдэглээгүй бүлгүүдэд танд зориулсан Их Эзэний захиас байж болно. Залбирлаар дамжуулан илчлэлт эрэлхийл.

Зураг
Мосе Улаан тэнгисийг хувааж байгаа нь

Мосе Улаан тэнгисийг хувааж байгаа нь зураг, Робэрт T.Баррэтт