Ирээд, Намайг дага
7-р сарын 29-өөс 8-р сарын 4. Үйлс 22–28: ‘Гэрч, үйлчлэгч’


“7-р сарын 29-өөс 8-р сарын 4. Үйлс 22–28: ‘Гэрч, үйлчлэгч’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“7-р сарын 29-өөс 8-р сарын 4. Үйлс 22–28,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Зураг
Шоронд буй Паул

7-р сарын 29-өөс 8-р сарын 4

Үйлс 22–28

“Гэрч, үйлчлэгч”

Ариун Сүнсний өдөөлтүүд нь ихэвчлэн намуухан, заримдаа агшин зуурынх байдаг. Төрсөн сэтгэгдэл, өдөөлтүүдээ бичиж тэмдэглэх нь тэдгээрийг илүү гүнзгий тунгаан бодох боломжийг танд олгоно. Та Үйлс 22–28-ыг уншихдаа өөрт төрсөн санаа бодол, мэдрэмжийг бичиж аваад, тунгаан бодох цаг гарга.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид Их Эзэний ажлыг гүйцэтгэх үeд, Их Эзэний туслалцааг авах эрхтэй” хэмээн амласан (“Сурах, хийх, байх,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 74–75). Гэсэн ч бид дардан зам, тасралтгүй урсан ирэх амжилтын эзэн байх эрх ямбатай гэсэн үг биш юм. Үүний нотолгоог олъё гэвэл бид төлөөлөгч Паул руу харахад л хангалттай. Түүний хийх ёстой Аврагчийн ажил бол “харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэх” (Үйлс 9:15) явдал байсан. Үйлс 22–28-р бүлгээс бид Паул энэхүү ажлыг гүйцэлдүүлж байсан бөгөөд гинжлүүлж, шоронд хоригдон, бие махбодын хүчирхийлэл, хөлөг онгоцны осол, бүр могойн дайралтад өртөх зэрэг агуу их сөргөлдөөнтэй тулгарч байсныг хардаг. Гэвч бид Есүс “Паулын дэргэд зогсон, —Зоригтой байгтун” (Үйлс 23:11) хэмээснийг түүнчлэн хардаг. Паулын туршлагууд нь Их Эзэний үйлчлэгчдийг “явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун” хэмээх Түүний дуудлагыг хүлээн авах үед тэдэнд өгсөн “Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” (Maтай 28:19–20) гэсэн амлалтаа Тэрээр биелүүлэх болно хэмээх сүнслэг өдөөлт бүхий сануулга болдог.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Үйлс 22:1–21; 26:1–29

Есүс Христийн шавь нар гэрчлэлээ зоригтой хуваалцдаг.

Паул Үйлс 22,  26-р бүлгүүдэд цэдэглэгдсэн хүчирхэг гэрчлэлүүдээ хүргэхдээ Ромын цэргүүдэд баригдан, хоригдсон байсан. Түүний ярьсан хүмүүс түүнд үхлийн ял оноох хүчтэй байсан. Гэвч тэрээр Есүс Христийн тухай болон өөрийн хүлээж авсан “тэнгэрлэг үзэгдлийг” (Үйлс 26:19) зоригтой гэрчлэхийг сонгосон. Түүний үгсийн юу нь танд сүнслэгээр нөлөөлдөг вэ? Гэрчлэлээ хуваалцах ямар ямар боломж танд байгааг эргэцүүлэн бод. Тухайлбал, та сайн мэдээний талаарх гэрчлэлээ хэрхэн олж авсан тухайгаа гэр бүлийнхэн эсвэл бусадтай хэзээ хамгийн сүүлд хуваалцсан бэ?

Үйлс 22:1–21; 26:9–20

Есүс Христийн талаарх Паулын үзэгдлийн гурван түүх яагаад хоорондоо ялгаатай байна вэ?

Үйлсийн номонд Дамаск орох зам дээр Паулын үзсэн үзэгдлийн тухай гурван түүх гардаг (Үйлс 9:3–20; 22:1–21; 26:9–20-ийг үзнэ үү). Түүх бүр хоорондоо бага зэргийн ялгаатай бөгөөд зарим нь бусдаасаа илүү нарийн тодорхой мэдээлэл агуулдаг. Түүхүүд нь өөр өөр хүмүүст өөр өөр зорилгоор хэлэгдсэн учраас Паул сонсогч бүрд туршлагынхаа ялгаатай хэсгүүдийг онцлон тодруулахаар сонгосон байх боломжтой.

Үүний адил Иосеф Смит Анхны үзэгдлийнхээ түүхийг хэд хэдэн удаа бичсэн байдаг (“First Vision Accounts,” Gospel Topics, topics.lds.org-ыг үзнэ үү). Олон төрлийн түүх өөр өөр хүмүүст янз бүрийн зорилгоор өгөгдсөн бөгөөд ганц түүх бичигдсэн байсан тохиолдолд тодорхойгүй байх байсан гүн ойлголтуудыг агуулдаг.

Үйлс 23:10–11; 27:13–25, 40–44

Их Эзэн Өөрт нь үйлчлэхийг хичээдэг хүмүүстэй хамт зогсдог.

Паулын үйлчлэл нь амьдралын маань хүнд хэцүү бэрхшээлүүд бидний хийж байгаа ажлыг Бурхан буруушааж байгаагийн тэмдэг биш гэдгийг тодорхой харуулдаг. Үнэн хэрэгтээ, бид заримдаа Түүний дэмжлэгийг хэцүү бэрхшээлтэй үедээ хамгийн их мэдэрдэг. Хамгийн сүүлд Паулын хийсэн үйлчлэлийн талаар уншсан зүйлсээ эргэцүүлэн дүгнэж, түүний тэвчсэн зарим зүйлийг жагсаан бичих нь сонирхолтой байж болох юм (жишээ нь, Үйлс 14:19–20; 16:19–27; 21:31–34; 23:10–11; 27:13–25, 40–44-ийг үзнэ үү). Их Эзэн хэрхэн түүнтэй хамт зогссон бэ? Энэ нь Их Эзэний үйлчлэл дэх таны хичээл зүтгэлийн талаар юу зааж байна вэ?

Үйлс 24:24–27; 26:1–3, 24–2927

Би Бурханы үйлчлэгчдийн үгсийг хүлээж авах эсвэл эсэргүүцэхийг сонгож болно.

Паул үйлчлэлийнхээ туршид Есүс Христ, Түүний сайн мэдээний талаар хүчирхэг гэрчлэлээ хуваалцсан. Олон хүн түүний гэрчлэлийг хүлээн авсан ч зарим хүн хүлээж аваагүй. Та Үйлс 24:24–27, Үйлс 26:1–3, 24–29-ийг уншихдаа Иуда дахь Ромын дараах захирагчид Паулын заасан зүйлсэд хэрхэн хандсаныг үзүүлсэн үг, хэллэгүүдийг бичиж тэмдэглэ.

Фелик

Фест

Агрийп хаан

Паул Цезариар соригдохоор Ром руу аялж байхдаа усан онгоцонд болон зорчигчдод “том гарз учрах” (Үйлс 27:10) болно хэмээн бошиглосон. Паулын сэрэмжлүүлгийг түүнтэй хамт явж байсан хүмүүс хэрхэн хүлээн авсан тухай 27-р бүлгээс олж уншина уу. Та тэдний туршлагаас өөртөө тохирох ямар нэгэн сургамж олсон уу?

Та Сүмийн удирдагчдын сургаалыг сонсоод, энэ хүмүүсийн хэн нэгнийхтэй нь адил үйлдэл гаргаж байсан уу? Иймэрхүү хариу үйлдлийн үр дагавар юу байж болох вэ? Та эдгээр түүхээс үйлчлэгчдээрээ дамжуулан өгдөг Их Эзэний зөвлөгөөг анхааран сонсох тухай юу сурч болох вэ?

Түүнчлэн 2 Нифай 33:1–2; Иосеф Смит—Түүх 1:24–25; Д.Тодд Кристоффэрсоны “Сэрэмжлүүлгийн дуу хоолой” хэлсэн үгийг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы 97–101-р хуудаснаас үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Үйлс 24:16

Паул хөрвөгдөхөөсөө өмнө Бурханы өмнө үйлдсэн зөрчлийн урт түүхтэй байсан. Гэвч тэр наманчлах хүсэлтэй байсан учраас “Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ” хэмээн хэлэх боломжтой болсон (мөн С ба Г 135:4-ийг үзнэ үү). Бид Бурхан болон хүмүүсийн өмнө үйлдсэн гэм буруугийн зовнилоосоо хэрхэн ангижрах вэ?

Үйлс 26:16–18

Эдгээр шүлэгт Их Эзэн Паулаар юу хийлгэхээр дуудсан бэ? Иймэрхүү зүйл хийх ямар ямар боломж бидэнд байгаа вэ?

Үйлс 28:1–9

Танай гэр бүлээс хэн нэг нь могойнд дуртай юу? Та тэр хүнээс эсвэл гэр бүлийн өөр нэг гишүүнээс Үйлс 28:1–9-д гардаг түүхүүдийг ярьж өгөхийг хүсэж болно. Танай хүүхдүүдийн хувьд эдгээр түүхийн талаар зураг зурах эсвэл жүжигчлэн үзүүлэх нь зугаатай байж болох юм. Бид эдгээр түүхээс ямар сургамж авч болох вэ? Нэг нь Их Эзэн үйлчлэгчдэдээ өгсөн амлалтуудаа биелүүлдэг гэсэн сургамж байж болно. Жишээ нь, та Марк 16:18-д өгөгдсөн амлалтуудыг Паулын туршлагуудад хэрхэн биеллээ олсонтой харьцуулж болно. Мөн та сүүлийн үеийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс Их Эзэний үйлчлэгчдийн амласан, гэр бүлийн тань хувьд утга учир бүхий амлалтуудын нэгийг олж, гэртээ байрлуулж болно. Бид энэхүү амлалт биелэх болно гэдэгт итгэх итгэлээ хэрхэн харуулж чадах вэ?

Зураг
Могой

Хортой могой Паулыг хазахад Бурхан түүнийг хамгаалсан.

Үйлс 28:22–24

Паулын үеийн Сүмийн адил (22-р шүлэгт бүлэглэл гэж нэрлэсэн) өнөөгийн Сүмийг ихэвчлэн “эсэргүүцэн ярьдаг”. Хүмүүс Аврагчийг болон Түүний Сүмийг эсэргүүцэн ярихад Паул хэрхэн хариу өгсөн бэ? Бид Паулын туршлагаас юу сурч болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Заах чадвараа сайжруулах

Гэр бүлийг тань адислах зарчмууд дээр анхаарлаа төвлөрүүл. Та судраас судлахдаа “Манай гэр бүлд чухал ач холбогдолтой байж болох юуг би эндээс олж болох вэ?” хэмээн өөрөөсөө асууж бай. (Аврагчийн арга барилаар заах нь, 17-р хуудсыг үзнэ үү.)

Зураг
Паул Агрийп хааны өмнө

Даниэл А.Луис, Есүс Христийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь Паул Агрийп хааны өмнө