Номын сан
Шашны институт, семинарын үндсэн сургаал


Үндсэн сургаалууд

Шашны институт, семинар

1. Бурхан тэргүүтэн

Бурхан тэргүүтэн бол тусдаа гурван хүн юм. Энэ бол Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ, Ариун Сүнс гурав юм (Үйлс 7:55–56-г үз). Эцэг Хүү хоёр, яс махан бодит биетэй бол Ариун Сүнс нь сүнсэн хүн юм (С ба Г 130:22–23-г үз). Энэ гурван хүн зорилго, сургаалын хувьд нэг юм. Тэд Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг авралын төлөвлөгөөг тохиолгон авчрахад төгс эв нэгдэлтэй байдаг.

Бурхан Эцэг

Бурхан Эцэг бол ертөнцийн Аугаа Дээд Залуурч мөн. Тэр бол бидний сүнсэн Эцэг. Тэрбээр төгс бөгөөд бүх хүч Түүнд буй, мөн бүх зүйлийг мэддэг. Тэр бол бас төгс нигүүлсэл, нинжин сэтгэл хийгээд хайр энэрлийн Бурхан юм.

Есүс Христ

Есүс Христ бол сүнсээр төрсөн Эцэгийн Ууган Хүү, махан биеэр төрсөн Эцэгийн Ганц Хүү билээ. Тэр бол Хуучин Гэрээний Жехова, Шинэ Гэрээний Мессиа мөн.

Тэрбээр нүгэлгүй амьдарч байсан бөгөөд бүх хүн төрөлхтний нүглийн улмаас төгс цагаатгал хийсэн билээ. Түүний амьдрал бол бүх хүн төрөлхтөн хэрхэн амьдрах ёстойн төгс үлгэр жишээ мөн (3 Нифай 27:27-г үз). Тэр бол энэ дэлхий дээр амилсан анхны хүн юм. Есүс Христ хүч, алдар суундаа дахин ирж, Мянган жилийн турш дэлхий дээр хаанчлах болно.

Бүх залбирал, адислал, санваарын ёслолуудыг Түүний нэрээр гүйцэтгэх ёстой.

Ариун Сүнсний бэлэг

Ариун Сүнс бол Бурхан тэргүүтний гурав дахь гишүүн юм. Тэр бол мах хийгээд ясан биегүй сүнсэн хүн юм. Түүнийг ихэвчлэн Сүнс, Ариун Сүнс, Бурханы Сүнс, Их Эзэний Сүнс эсвэл Тайвшруулагч гэдэг.

Ариун Сүнс Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилж, бүх зүйл үнэнийг илчлэн, наманчилж, баптисм хүртсэн хүмүүсийг ариусгадаг (Moронай 10:5-ыг үз).

2. Авралын Төлөвлөгөө

Мөнх бус оршихуйн өмнөх үед Тэнгэрлэг Эцэг Өөртэйгөө адилхан болж, үхэшгүй байдал, мөнх амьдралыг олж авах боломжийг бидэнд олгосон төлөвлөгөөг танилцуулсан юм (C ба Г 14:7; Moсe 1:39-г үз). Судрууд эл төлөвлөгөөг “авралын төлөвлөгөө,” “аз жаргалын агуу төлөвлөгөө,” “нигүүлслийн төлөвлөгөө” гэж нэрлэдэг.

Авралын төлөвлөгөөнд Бүтээлт, Уналт, Есүс Христийн Цагаатгал, түүнчлэн сайн мэдээний бүх хууль, ёслол, сургаалууд багтдаг. Ёс суртахууны сонгох эрх буюу өөрсдийнхөө төлөө сонгож, үйлдэх чадвар нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд нэн чухал юм. Бид энэ төлөвлөгөөний ачаар Цагаатгалаар дамжин төгс, бүрэн баяр баясалтай болж, Бурханы оршихуйд үүрд мөнх амьдарч чадна. Гэр бүлүүд үүрд мөнхөд байж чадна.

Мөнх бус байдлын өмнөх амьдрал

Бид дэлхий дээр төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгийнхээ дэргэд Түүний сүнсэн хүүхдүүд хувиар амьдарч байсан билээ. Энэхүү мөнх бус байдлын өмнөх оршихуйд бид Тэнгэрлэг Эцэгийн бусад хүүхдүүдтэй хамт тэнгэрт болсон зөвлөгөөнд оролцсон юм. Тэнгэрлэг Эцэг уг зөвлөгөөн дээр Өөрийн төлөвлөгөөг танилцуулж, мөнх бус байдлын өмнөх Есүс Христ Аврагч болохоор гэрээ хийсэн билээ.

Сонгох эрхийн бэлгээр адислагдсан бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагах зэрэг чухал шийдвэрүүд гаргасан юм (2 Нифай 2:27-г үз). Бид дэлхийд ирэхээр бэлтгэгдсэн бөгөөд энд өсч хөгжих ёстой байлаа.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагасан хүмүүст дэлхий дээр ирж мөнх бус байдлын туршлага эзэмшин, өсч хөгжин, улмаар мөнх амьдралд хүрэх боломжийг олгосон юм. Бурханы өөр нэг сүнсэн хүү Люсифер авралын төлөвлөгөөг эсэргүүцэн бослого гаргажээ. Тэрээр Сатан болж, дагалдагчдынхаа хамт тэнгэрээс хөөгдсөнөөр, бие махбодтой болж, мөнх бус байдлын туршлагыг эзэмших боломжгүй болсон юм.

Мөнх бус амьдрал

Бидний оршихуйн энэ хэсэг бол бид мөнх амьдралд бэлтгэж, Их Эзэний зарлиг болгосон бүхнийг хийхэд сонгох эрхээ ашиглан, өөрсдийгөө нотлон харуулах үе мөн. Бидний сүнс бие махбодтой нэгдсэнээр, мөнх бус байдлын өмнөх амьдралд бидэнд боломжгүй байсан арга замаар өсч, хөгжих боломж бидэнд нээгдсэн юм.

Үхлийн дараах амьдрал

Биднийг нас барахад бидний сүнс сүнсний ертөнцөд очиж амилуулалтыг хүлээх болно. Зөв шударга хүмүүсийн сүнс диваажин гэж нэрлэгддэг аз жаргалын байдалд орно. Итгэлтэй хүмүүсээс олон нь сүнсний шорон дахь хүмүүст номлохоо үргэлжлүүлэх болно.

Сүнсний шорон бол үнэнийг мэдэлгүйгээр нас барсан буюу мөнх бус байдалд дуулгаваргүй байсан хүмүүст зориулсан мөнх бус амьдралын дараах ертөнц дэх түр хугацаанд орших газар юм. Тэнд сүнснүүдэд сайн мэдээг зааж, наманчилж, ариун сүмд гүйцэтгэдэг авралын ёслолуудыг хүлээн авах боломжийг тэдэнд олгох болно. Тэнд сайн мэдээг хүлээн авсан хүмүүс амилуулалт хүртэл диваажинд амьдарна.

Амилуулалт бол бидний сүнс мах, ясан биетэйгээ дахин нэгдэх үйл явц мөн (Лук 24:36–39-г үз). Амилуулалтын дараа сүнс, бие хоёр хэзээ ч дахин салахгүй бөгөөд бид үхэшгүй болно. Есүс Христ үхлийг ялсан учраас дэлхий дээр төрсөн хүн бүр амилуулагдана (Иов 19:25–26; 1 Коринт 15:20–22-г үз). Зөв шударга хүмүүс ёс бусчуудаас өмнө Эхний амилуулалтаар босч ирнэ.

Амилуулалтын дараа эцсийн шүүлт болох болно. Мөнхийн алдар сууг хүлээн авах эсэхийг тодорхойлохын тулд Есүс Христ хүн бүрийг шүүнэ. Энэхүү шүүлт нь хүн бүр Бурханы зарлигуудад хэр зэрэг дуулгавартай байсан дээр үндэслэгдэх болно (Илчлэлт 20:12–13-г үз).

Алдар суугийн гурван хаант улс бий (1 Коринт 15:40–42-г үз). Гурван хаант улсын хамгийн дээд нь селестиал хаант улс юм. Есүсийн тухай гэрчлэлдээ тууштай, сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байсан хүмүүс Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс хоёрын дэргэд амьдрах болно.

Алдар суугийн гурван хаант улсын хоёр дахь нь террестиал хаант улс юм. Есүс Христийн тухай гэрчлэлдээ тууштай биш байсан дэлхийн шударга эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд энэ хаант улсад очих болно.

Телестиел хаант улс бол алдар суугийн гурван хаант улсын хамгийн доодох нь юм. Энэ хаант улсад очих хүмүүс мөнх бус амьдралынхаа үед зөв шударгыг биш харин ёс бусыг сонгосон хүмүүс юм. Энэ хүмүүс сүнсний шоронгоос гэтэлгэгдсэнийхээ дараа өөрсдийн алдар сууг хүлээн авах болно.

3. Бүтээлт ба Уналт

Бүтээлт

Тэнгэрлэг Эцэг бол Аугаа Дээд Бүтээгч мөн. Есүс Христ Эцэгийн удирдлагаар тэнгэр, газрыг бүтээсэн билээ. Дэлхийг оргүй хоосноос бүтээгээгүй юм. Үүнийг оршин буй материас зохион байгуулжээ. Есүс Христ тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн ажээ.

Дэлхийг бүтээх нь Бурханы төлөвлөгөөнд зайлшгүй чухал байв. Дэлхий бол бид бие махбодтой болж, соригдон, бурханлаг зан төлөвийг хөгжүүлэх газар юм.

Бид дэлхийн баялгийг мэргэн ухаан, тооцоо судалгаа, талархалтайгаар ашиглах ёстой.

Адам бол дэлхий дээр бүтээгдсэн анхны хүн. Бурхан Адам Ева хоёрыг Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн (Эхлэл 1:26–27-г үз). Бүх хүмүүс—эрэгтэй, эмэгтэйчүүд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн юм.

Уналт

Адам, Ева хоёрын зөрчил болон үүнээс үүдэлтэй өөрчлөлтүүд, түүний дотор сүнсний болон биеийн үхлийг Уналт гэдэг.

Едений Цэцэрлэгт сайн ба мууг ялган таних мэдлэгийн модны жимснээс идэхгүй байхыг Бурхан Адам, Ева хоёрт зарлиг болгожээ. Энэ модны жимснээс идвэл сүнс болон биеийн үхэл ирэх ёстой байв. Бурханаас салан тусгаарлагдахыг Сүнсний үхэл гэнэ. Биеийн үхэл бол мөнх бус биеэс сүнс салах үйл явц мөн.

Адам, Ева хоёр зөрчил гаргаж, сайн ба мууг ялган таних мэдлэгийн модны жимснээс идсэн учраас тэд Их Эзэний дэргэдээс хөөгдөж, сүнсний үхлийн эрхшээлд орсон юм. Тэд бас мөнх бус байдал буюу биеийн үхлийн эрхшээлд орсон билээ.

Адам Ева хоёрын үр удам бид мөнх бус байдлын үед уналтын нөхцөлийг өвлөн авдаг бөгөөд амьдралын бэрхшээл, дайсны уруу таталтуудаар соригддог (Moзая 3:19-г үз).

Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй хэсэг мөн. Уналт нь урагшаа ахисан, хойшоо ухарсан хоёр талтай юм. Уналт биеийн болон сүнсний үхлийг бий болгосноос гадна дэлхий дээр төрж, сурч, өсч хөгжих боломжийг бидэнд олгосон билээ.

Уналтын үр дүнд Адам, Ева хоёр болон тэдний үр удам баяр баясгалан, уй гашууг биеэрээ туулж, сайн ба мууг ялган таньдаг болж, үүр хүүхэдтэй болсон юм (2 Нифай 2:22–25-г үз).

4. Есүс Христийн Цагаатгал

Цагаатгах гэдэг нь нүглийн төлөөх шийтгэлийг өөр дээрээ авснаар нүглийн үр дагаврыг наманчлагч нүгэлтнээс шилжүүлэн авч, Бурхантай дахин эвлэрэх боломжийг түүнд олгох явдал мөн. Есүс Христ бол бүх хүн төрөлхтний төлөө төгс цагаатгал хийж чадах цорын ганц хүн байв. Түүний Цагаатгалд хүн төрөлхтний нүглийн төлөө Гетсеманий Цэцэрлэгт зовон шаналсан, Түүний цус урсаж, загалмай дээр нас эцэслэсэн болон булшнаас Амилан босч ирсэн нь багтдаг (Исаиа 53:3–5; С ба Г 19:16–19-г үз). Аврагч Өөрийгөө нүглээс ангид байлгаж, үхлийг ялах хүчтэй байсан учраас Цагаатгалыг гүйцэлдүүлэх боломжтой байсан юм. Тэрээр үхэлт чанарыг мөнх бус эхээсээ өвлөн авсан бол амиа эргүүлэн олж авах чадварыг үхэшгүй Эцэгээсээ өвлөн авчээ.

Есүс Христийн Цагаатгалаар дамжин хүн бүр амилуулагдаж, биеийн үхлийг ялах болно. Наманчилж, Түүний зарлигуудыг дуулгавартай даган, авралын ёслолуудыг хүлээн авсан хүмүүс сүнсний үхлийг ялж, мөнх амьдралын бэлгийг хүлээн авах болно.

Есүс Цагаатгалынхаа нэг хэсэг болгон бүх хүмүүсийн өвчин эмгэг, сул дорой байдлыг Өөртөө авсан юм (Aлмa 7:11–12-г үз). Тэрээр өөрөө зовлон амссан учраас бидний зовлонг ойлгодог.

5. Эрин үе, Урвалт ба Сэргээлт

Эрин үе

Эрин үе бол Их Эзэн Өөрийн сайн мэдээний сургаал, ёслолууд болон санваарыг илчилдэг нэгэн тодорхой үе юм. Энэ бол дэлхийн оршин суугчдад сайн мэдээг өөрийнхөө үед хүргэх бурханлаг итгэмжлэл хүлээсэн, ариун санваар эзэмшигч, эрх мэдэл олгогдсон, наад зах нь нэг үйлчлэгчийг Их Эзэн дэлхий дээр томилон ажиллуулсан үе юм. Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе бол эцсийн эрин үе мөн. Энэ эрин үе Иосеф Смитэд сайн мэдээг илчилснээр эхэлсэн билээ.

Өмнөх эрин үеүд нь Адамын, Енохын, Ноагийн, Абрахамын, Мосегийн түүнчлэн Есүс Христийн эрин үе байлаа. Түүнээс гадна, бусад эрин үеүд, тухайлбал, Нифайчуудын болон Жаредчуудын эрин үе байлаа.

Авралын төлөвлөгөө болон Есүс Христийн сайн мэдээг эрин үе болгонд илчилсээр иржээ.

Урвалт

Хүмүүс сайн мэдээний зарчмуудаас нүүр буруулж, санваарын түлхүүрүүдгүй байвал урвалтын байдалд байдаг.

Ерөнхий урвалтын үеүд дэлхийн түүхийн туршид тохиосоор ирсэн билээ. Нэг жишээ нь, Аврагч Өөрийнхөө Сүмийг байгуулсны дараа тохиосон Их Урвалт юм (2 Tесалоник 2:1–3). Аврагчийн Төлөөлөгчдийг нас барсны дараа хүмүүс сайн мэдээний зарчмуудыг гуйвуулж, Сүмийн зохион байгуулалт болон санваарын ёслолуудыг эрх мэдэлгүйгээр өөрчилжээ. Энэхүү өргөн цар хүрээтэй ёс бус хэрэг явдлын улмаас Их Эзэн санваарын эрх мэдэл болон түлхүүрүүдийг дэлхийгээс татан авсан юм.

Их Урвалтын үед хүмүүст амьд бошиглогчдын бурханлаг удирдлага чиглүүлэл байсангүй. Олон сүм байгуулагдсан боловч Ариун Сүнсний бэлэг өгөх болон санваарын бусад ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэл тэдэнд байсангүй. Ариун судруудын зарим хэсэг мушгин гуйвуулагдсан буюу алга болж, Бурханы тухай үнэн мэдлэг хүмүүст байхгүй болсон байлаа.

Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайртай Хүү хоёр Иосеф Смит дээр хүрч ирэн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлтийг эхлэх хүртэл энэ урвалт үргэлжилсэн юм.

Сэргээлт

Сэргээлт бол Бурхан Өөрийн сайн мэдээний үнэнүүд болон ёслолуудыг дэлхий дээр хүмүүний дунд дахин бий болгож сэргээсэн үйл явц мөн (Исаиа 29:13–14; Илчлэлт 14:6–7-г үз).

Их Эзэн Сэргээлтэд бэлтгэхийн тулд Дахин Сэргэлт хэмээн түүхэнд нэрлэгдсэн үед хүнлэг шударга хүмүүсийг өсгөн өндийлгөсөн юм. Тэд шашны сургаал, зан үйл, зохион байгуулалтыг Аврагчийн үндэслэн байгуулсан арга хэлбэр рүү буцааж оруулахыг оролдож байлаа. Гэвч тэдэнд санваар, сайн мэдээний бүрэн байдал аль ч байсангүй.

1820 онд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр залбирлынх нь хариуд Иосеф Смит дээр хүрч ирснээр Сэргээлт эхэлсэн юм (Иосеф Смит—Түүх 1:15–20-г үз). Сэргээлтийн зарим гол үйл явдал гэвэл Мормоны Номын орчуулга, Аароны болон Мелкизедек санваарын сэргээлт, 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Сүмийг зохион байгуулсан явдал мөн.

1829 оны тавдугаар сарын 15-нд Иохан Баптист Аароны санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээв. Төлөөлөгч Петр, Иаков, Иохан гурав Мелкизедек санваар болон хаант улсын түлхүүрүүдийг 1829 онд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээжээ.

Сайн мэдээний бүрэн байдал сэргээгдэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” болов (С ба Г 1:30). Сүм эцэстээ бүх дэлхийг бүрхэж үүрд орших болно (Даниел 2:44–45-г үз).

6. Бошиглогчид

Бошиглогч бол Түүнийг төлөөлөн ярихын тулд Бурханаас дуудагдсан хүн юм (Aмос 3:7-г үз). Бошиглогчид Есүс Христийн тухай гэрчилж, Түүний сайн мэдээг заадаг. Тэд Бурханы хүслийг болон зөв зан төлөвийг таниулж, нүглийг буруушаан, үр дагавруудаас нь сэрэмжлүүлдэг. Бошиглогчид заримдаа ирээдүйн үйл явдлуудыг бошиглодог.

Бид Сүмийн Ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч илчлэгчийн хувьд дэмжин баталдаг бөгөөд тэр бол Сүмийг бүхэлд нь удирдах илчлэлтийг хүлээж авдаг дэлхий дээрх цорын ганц хүн юм. Бид бас Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогчид, үзмэрчид, илчлэгчид хэмээн дэмжин баталдаг билээ. (С ба Г 1:38-г үз).

7. Санваар

Санваар гэдэг нь Бурханы эрх мэдэл ба мөнхийн хүч. Бурхан санваараар дамжуулан газар, тэнгэрийг бүтээсэн бөгөөд тэдгээрийг үүгээр удирддаг билээ. Тэрбээр энэ хүчээр дамжуулан Өөрийн хүүхдүүдийг гэтэлгэн, өргөмжилж, “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчирдаг” (Moсe 1:39).

Бурхан санваарыг Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд олгодог бөгөөд тэд Түүний хүүхдүүдийн авралын төлөө Түүний нэрээр ажилладаг. Сайн мэдээг номлох, авралын ёслолуудыг гүйцэтгэх, дэлхий дээрх Бурханы хаант улсыг удирдах эрх мэдлийг санваар эзэмшигчдэд олгодог. Энэхүү эрх мэдэл нь санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг удирдагчдаас ирдэг билээ.

Аароны санваартан

Аароны санваарыг бэлтгэл санваар хэмээн нэрлэх нь олонтаа тохиолддог. Аароны санваарын албан тушаалууд нь дикон, багш, прист, бишоп юм. Өнөөдөр Сүмийн зохистой гишүүд 12 настайгаасаа эхлэн Аароны санваар хүлээн авч болно.

Аароны санваар нь тэнгэр элчүүдийн үйлчлэлийн, наманчлалын сайн мэдээний болон баптисмын түлхүүрүүдийг эзэмшдэг (С ба Г 13:1).

Мелкизедек санваар

Мелкизедек санваар нь дээд буюу илүү агуу санваар бөгөөд сүнсний зүйлүүдийг гүйцэтгэдэг. Энэхүү дээд санваарыг Адамд өгсөн бөгөөд Их Эзэн Өөрийн сайн мэдээг илчилсэн цагаас хойш дэлхий дээр байгаа билээ.

Мелкизедек санваарыг эхний үед “Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун Санваар” гэж нэрлэдэг байжээ. (С ба Г107:3). Хожим нь үүнийг бошиглогч Абрахамын үед амьдарч байсан агуу дээд санваартны нэрээр Мелкизедек санваар хэмээн нэрлэх болсон байна. (Эхлэл 14:18; C ба Г 107:2-г үз).

Мелкизедек санваарын албан тушаалууд нь ахлагч, дээд прийст, патриарх, Дал, Төлөөлөгч юм. Мелкизедек санваартнуудын ерөнхийлөгч нь Сүмийн Ерөнхийлөгч байдаг.

8. Анхны зарчмууд ба ёслолууд

“Бид Ариун Сургаалын анхны зарчим болон ёслол нь: нэгдүгээрт: Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, хоёрдугаарт: Наманчлал, гуравдугаарт: Нүглээс ангижрахын тулд усанд умбуулан хийгдэх баптисм, дөрөвдүгээрт: Толгой дээр гар тавиулан хүртэх Ариун Сүнсний бэлэг гэдэгт итгэдэг” (Итгэлийн Тунхаг 1:4).

Итгэл

Итгэл нь “үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах” болно (Aлмa 32:21). Итгэл нь Бурханы үгсийг сонссоноор ирэх сүнслэг бэлэг юм. Бид залбирч, судруудаас судалж, Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар итгэлээ хөгжүүлж чадна.

Итгэл нь идэвхгүй сүсэг бишрэлээр биш бидний амьдралын хэв маягаар илэрдэг.

Итгэл нь хүнийг аврал уруу хөтлөхийн тулд Есүс Христэд төвлөрөх ёстой. Есүс Христэд итгэх итгэлтэй байна гэдэг нь Түүнд болон Түүний хязгааргүй Цагаатгал, хүч, хайранд бүрэн итгэж, найдах ёстой гэсэн үг юм. Түүний сургаалуудад итгэх итгэл, бид бүх зүйлийг ойлгодоггүй бол Тэр ойлгодог гэдэгт итгэх итгэл нь бас үүнд багтдаг.

Хожмын Үеийн Гэгээнтнүүд бас Бурхан Эцэг, Ариун Сүнс, санваарын хүч болон сэргээгдсэн сайн мэдээний бусад чухал зүйлүүдэд итгэдэг. Итгэл нь сүнсний болон бие махбодын эдгэрэлтэд, мөн үргэлж урагш давшиж, тулгарсан бэрхшээл, уруу таталтуудыг даван туулах хүч чадалтай байхад бидэнд тусалдаг. Итгэл нь бас бидэнд амар амгаланг өгдөг. Их Эзэн бидний итгэлийн дагуу бидний амьдралд хүчирхэг гайхамшгуудыг үйлдэх болно.

Хүн итгэлээр нүглийн уучлалыг олж эцэстээ Бурханы дэргэд амьдрах боломжтой болно.

Наманчлал

Наманчлал бол Бурханыг, өөрсдийгөө бас дэлхийг шинээр харах боломжийг бидэнд олгодог зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. Нүглийг орхиж, уучлалын төлөө Бурхан уруу эргэх нь наманчлал юм. Наманчлал нь Бурханыг хайрлах хайр, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах чин сэтгэлийн хүслээр өдөөгддөг.

Нүгэл биднийг цэвэр ариун биш, өөрөөр хэлбэл Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очин, Түүний дэргэд амьдрахад зохистой биш болгодог. Тэнгэр дэх Эцэг маань Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидний нүгэл уучлагдаж болох цорын ганц арга замаар хангадаг билээ (Исаиа 1:18-г үз).

Нүгэл үйлдсэнийхээ төлөө харамсах, Тэнгэрлэг Эцэгт, хэрэв шаардлагатай бол бусад хүмүүст үнэнээ хүлээн гэмших, үйлдсэн нүглийнх нь улмаас хүнд учирсан хохирлыг аль болохоор бүрэн нөхөн төлөхийг хичээх, Бурханы зарлигуудад дуулгавартайгаар амьдрах нь наманчлалд багтана (С ба Г58:42–43-г үз).

Баптисм

Эрх мэдэлтэй хүнээр хийлгэсэн усанд умбуулах баптисм бол сайн мэдээний авралын анхдагч ёслол бөгөөд Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болох хүн энэ ёслолыг заавал хийлгэх ёстой. Баптисм нь бас селестиел хаант улсад орох хүнд зайлшгүй чухал юм. (Иохан 3:5-г үз).

Баптисм гэдэг үг грек хэлнээс гаралтай бөгөөд “шумбах,” “умбах” гэсэн утгатай ажээ. Усанд умбуулах нь тухайн хүний нүгэлт амьдралын төгсгөл буюу “үхлийн,” түүнчлэн Бурхан болон Түүний хүүхдүүдэд бие сэтгэл бүхнээ зориулан үйлчлэх сүнслэг амьдралд дахин төрж буйн бэлгэдэл юм. Энэ нь бас үхэл, амилуулалтын бэлгэдэл мөн.

Дэлхий дээр төрсөн бүх хүмүүс мөнх бус амьдралынхаа үед сайн мэдээг хүлээн авах боломжгүй байдаг учир Их Эзэн нас барагсдын өмнөөс хийх баптисмд эрх мэдэл олгосон ажээ (1 Коринт 15:29-г үз). Энэ нь Бурханы хаант улсад ороход тэнцэх боломжийг сүнсний шоронд сайн мэдээг хүлээн авсан хүмүүст олгодог.

Ариун Сүнсний бэлэг

Хүн баптисм хүртсэний дараа нэг буюу түүнээс олон Мелкизедек санваар эзэмшигчид толгой дээр нь гараа тавьж, түүнийг Сүмийн гишүүнээр баталдаг. Гишүүний баталгаа гэж нэрлэдэг энэхүү ёслолын нэг хэсэг нь Ариун Сүнсний бэлэг өгөх ёслол юм (Иохан 3:5-г үз).

Ариун Сүнсний бэлэг нь Ариун Сүнний нөлөөнөөс ялгаатай. Хүн баптисмаас өмнө Ариун Сүнсний нөлөөг үе үе мэдэрч, энэхүү нөлөөгөөр дамжуулан үнэний тухай гэрчлэлтэй болж болно. Хүн Ариун Сүнсний бэлэг хүлээн авсны дараа зарлигуудыг сахих юм бол Ариун Сүнсний байнгын хамтрагч байх эрхтэй болдог.

9. Ёслолууд ба Гэрээнүүд

Ёслолууд

Сүмийн ёслол нь сүнслэг утга учиртай ариун нандин, албан ёсны зан үйл юм. Сүнсний үнэнүүдийг заахын тулд Бурхан ёслол бүрийг санаачлан бий болгожээ. Эрх мэдэл бүхий санваартан санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүсийн удирдлагаар авралын ёслолуудыг гүйцэтгэдэг.

Зарим ёслол өргөмжлөлд зайлшгүй чухал бөгөөд авралын ёслолууд гэж нэрлэгддэг. Эдгээр ёслолуудад баптисм, гишүүний баталгаа, Мелкизедек санваарт томилох (эрэгтэйчүүдийг), ариун сүмийн хишиг, гэрлэлтийг лацдан холбох нь багтдаг. Санваарын бүх авралын ёслолыг гэрээнүүд дагалддаг.

Ариун ёслол, патриархын адислал, өвчтэй хүмүүсийг адислах зэрэг бусад ёслолууд байдаг.

Гэрээнүүд

Гэрээ бол Бурхан, хүн хоёрын хоорондох ариун тохиролцоо юм. Бурхан гэрээний нөхцөлүүдийг өгдөг. Харин бид, Бурхан биднээс хийхийг хүсдэг зүйлсийг хийхээр зөвшөөрдөг. Бидний дуулгавартай байдлын хариуд Бурхан тодорхой адислалуудыг бидэнд амладаг билээ (C ба Г 82:10; 84:33–39-г үз).

Санваарын бүх авралын ёслолыг гэрээнүүд дагалддаг. Бид баптисмаараа Их Эзэнтэй гэрээ хийдэг бөгөөд ариун ёслолоос хүртсэнээр эдгээр гэрээгээ шинэчилдэг. Мелкизедек санваар авсан ах нар санваарын тангараг ба гэрээнд ордог. Бид илүү олон гэрээг ариун сүмд хийдэг.

10. Зарлигууд

Бурханаас хүн төрөлхтөнд өгсөн хууль, шаардлагуудыг зарлигууд гэдэг. Бид Түүний зарлигуудыг сахиснаар Бурханыг хайрлах хайраа харуулдаг (Иохан 14:15-г үз). Зарлигуудыг сахих нь Их Эзэний адислалуудыг авчирдаг (C ба Г 130:20–21-г үз).

Хамгийн чухал хоёр зарлиг бол “бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Удаахи нь хөршөө өөрийн адил хайрла” юм (Maтай 22:37, 39).

Арван Зарлиг бол сайн мэдээний амин чухал хэсэг, бидний өргөмжлөлд шаардлагатай мөнхийн зарчмууд юм (Египетээс гарсан нь 20:3–17-г үз). Их Эзэн эрт дээр үед эдгээр зарлигуудыг Мосед илчилсэн бөгөөд хожмын үеийн илчлэлтүүдэд дахин давтсан байдаг. (Moзая 13:12–24-г үз). Бусад зарлигууд түүний дотор ариун явдлын хуулийг сахих, аравны нэгийг бүрэн төлөх, шударга байх, өдөр бүр залбирч байх, талархлын сүнстэй байх, Мэргэн Ухааны Үгийг дагах зэрэг зарлигууд байдаг.

11. Гэрлэлт ба Гэр бүл

“Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг Бурханаас заяадаг” бөгөөд “гэр бүл нь” Түүний аврал ба аз жаргалын төлөвлөгөөний “төв” мөн.

“Түүнчлэн үр удмаа үлдээх энэхүү ариун нандин хүч чадал нь зөвхөн хууль ёсоор эхнэр нөхөр болсон эцэг эхчүүдийн хэрэг байх ёстой.” Эцэг эхчүүд нь “үр хүүхэдтэй болж, энэ дэлхийгээ нөхөн үржүүлэх”, “үр хүүхдээ хайрлан, халамжилж, зөв шударга хүмүүжүүлэн өсгөх” мөн “бие бялдар, оюун санааных нь хэрэгцээг хангах” үүрэгтэй.

“Эхнэр нөхөр хоёр бие биеэ хайрлан халамжлах албан ёсны хариуцлага хүлээнэ.” “Эцэг нь өрх гэрээ энэрэл хайр, зөв шударгаар тэргүүлэн, ахуй амьдралын хэрэгцээт зүйлсээр хангаж, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй.” “Эхийн үндсэн үүрэг нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү ариун үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой.”

“Аз жаргал баяр баясгалангийн бурханлиг айлдвар нь нас эцэслэсний дараа ч гэр бүлийн харьцааг мөнхжүүлэх боломжийг олгоно.” Гэр бүлүүд бүрэлдэж, лацлагдан, үүрд мөнхөд өргөмжлөгдөж болохын тулд дэлхий бүтээгдсэн, сайн мэдээ илчлэгдсэн юм.

(“Гэр бүл: Дэлхий дахинаа Өргөх тунхаг,” Ensign, 1995 оны 11-р сар, 102.)

Энэ сэдвээр илүү их мэдээллийг lds.org уруу орж, Gospel Library, Gospel Topics; эсвэл Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл-ээс үз [2004].