Лиахона
Байнга залбирч бодгалиа тэтгэ
2024 оны 4-р сар


“Байнга залбирч бодгалиа тэтгэ,” Лиахона, 2024 оны 4-р сар

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2024 оны 4-р сар

Байнга залбирч бодгалиа тэтгэ

Бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцсанаар ирдэг сүнслэг тэжээл хэрэгтэй бөгөөд энэ нь бидэнд хаана ч үргэлж боломжтой байдаг адислал юм.

Зураг
Залбирч буй Инос

Иносын дүрд тоглож буй жүжигчний гэрэл зураг, зурагчин Матт Раер

Бид бүгд өлсөж үзсэн. Өлсөх мэдрэмж бидэнд хоол тэжээл хэрэгтэйг илтгэж буй бие махбодын дохио юм. Бид өлсөх үедээ юм идэх хэрэгтэй болсноо мэддэг.

Бидний сүнсэнд ч мөн адил сүнслэг тэжээл хэрэгтэй болсныг илтгэх дохио бий. Гэсэн хэдий ч бид бие махбодын өлсгөлөнгөөс илүү сүнслэг өлсгөлөнг үл тоох хандлагатай байдаг.

Өлссөн үедээ идэж болох олон өөр төрлийн хоол байдагтай адилаар сүнслэг өлсгөлөнгөө дарахын тулд хийж болох олон зүйл бий. Тухайлбал: Бид бошиглогчдын үгсээр дамжуулан мөн судруудаас “Христийн үгэн дээр найрла[ж]’ (2 Нифай 32:3) болно. Бид сүм рүү тогтмол явж, ариун ёслолоос хүртэж болно (Сургаал ба Гэрээ 59:9-ийг үзнэ үү). Бид Бурханд болон Түүний хүүхдүүдэд үйлчилж болно (Мозая 2:17-г үзнэ үү).

Гэвч бидний нөхцөл байдлаас үл хамааран амьдралын мөч бүрд үргэлж боломжтой байдаг сүнслэг тэжээлийн бас нэг эх сурвалж бий. Бид Тэнгэрлэг Эцэгтэй үргэлж залбирлаар дамжуулан харилцаж чадна.

“Бодгаль минь өлссөн байв”

Бошиглогч Инос ойд ан агнах үедээ “мөнх амьдрал, бас гэгээнтнүүдийн баяслын талаар эцгийнхээ ярьж байхыг олонтоо сонссон тэр үгс[ийн]” талаар боджээ. Эдгээр үг нь “[түүний] зүрх сэтгэлд гүнзгий шингэсэн байв” (Инос 1:3).

Иносын оюун сүнслэг төлөвт байсан учир тэрээр нэн шаардлагатай хэрэгцээг мэдэрсэн бөгөөд “бодгаль минь өлссөн байв” хэмээв (Инос 1:4, тодотгол нэмсэн).

Инос сүнслэг өлсгөлөнг буюу энэхүү сүнслэг тэжээлийн хэрэгцээг мэдэрсэн үедээ юу хийсэн бэ? Тэрээр “намайг Бий Болгогчийн өмнө сөхөрсөн би, мөн хүчит залбирлаар мөн бодгалийнхаа төлөө гуйлтаар түүнээс гуйсан” (Инос 1:4) хэмээжээ.

Инос сүнслэг байдлаараа маш их өлссөн байсан тул залбирахдаа “бүхэл өдрийн турш … мөн шөнө ирэхэд [тэр] дуугаа өндөрсгөн үргэлжлүүлсээр байсан учир энэ нь тэнгэрт хүрсэн бөлгөө” (Инос 1:4). Эцэст нь Бурхан түүний залбиралд хариулж, нүглүүдийг нь өршөөжээ. Инос гэм нь зайлуулагдсаныг мэдэрсэн. Гэсэн ч түүний сүнслэг тэжээл үүгээр дуусаагүй.

Тэр Есүс Христэд итгэх итгэлийн хүчний талаар сурч мэдэн, бүх сэтгэл оюунаа өөрийн ард түмэнд, бүр дайснуудынхаа төлөө дэлгэсэн. Тэрээр Их Эзэнтэй гэрээнүүд байгуулж, Түүнээс амлалтууд хүлээн авав. Инос хүчтэй залбирсны дараа сонсож, үзсэн зүйлсийнхээ талаар өөрийн хүмүүсийн дунд бошиглож мөн гэрчлэв. (Инос 1:5–19-ийг үзнэ үү.)

Залбирал бүр ийм онцгой байдлаар хариулагдахгүй хэдий ч залбирлаас олж авсан бидний туршлага амьдралд өөрчлөлт авчрахуйц утга учиртай байх боломжтой. Бид Иносын залбирлын туршлагаас зарим чухал зүйлийг сурч болно. Жишээ нь:

  • Сайн мэдээгээр бүрэн дүүрэн амьдрахыг хичээх нь бидэнд сүнслэг өлсгөлөнгөө олж харахад тусалдаг.

  • Бидний сүнслэг өлсгөлөн Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэн өвдөг сөгдөхөд хүргэж болох ба тэгэх ч ёстой юм.

  • Тэнгэрлэг Эцэгт хандан залбирснаар бидний сүнслэг өлсгөлөн дарагдаж мөн бусад олон хэрэгцээ маань хангагдах болно.

  • Бид хаана ч хэзээ ч залбирч болно.

  • Залбирал бидэнд наманчлахад тусалдаг.

  • Залбирал Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлдэг.

  • Бид Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсдог, биднийг мэддэг гэсэн хувийн гэрчлэлийг хүлээн авч чадна.

  • Залбирлаар дамжуулан бидний хүлээн авдаг гэрчлэл, хүч чадал нь бусдад үйлчилж тэднийг хүчирхэгжүүлэхэд бидэнд тусалдаг.

Зураг
Ахлагч Соарэс жаахан хүү байхдаа

Залбирлын хүчний талаарх миний туршлага

Иносын адил би хувийн туршлагаараа дамжуулан эдгээр сургамжаас заримыг нь ойлгож авсан. Намайг жаахан байхад эцэг эх маань Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдэж, би найман настайдаа баптисм хүртсэн юм. Би зүрх сэтгэлдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээ болон Сүмийн талаар сайхан, дулаахан мэдрэмжийг байнга мэдэрдэг байв. Гэвч би бараг 16 настай болтлоо эдгээр нь үнэн эсэхийг мэдэх гэж залбирч байгаагүй юм.

Сүнсээр нөлөөлөгдсөн бишоп маань надаас өсвөр үеийнхний Ням гаргийн ангид хичээл заахыг хүсэж билээ. Би залбирлаар дамжуулан сайн мэдээний талаар гэрчлэлтэй болох тухай хичээл заахаар болов. Бишопын надад өгсөн энэ даалгавар намайг гэрчлэлийнхээ тухай илүү гүнзгий бодоход хүргэсэн. Би Мормоны Номыг цаг гарган судалдаг байсан ба Сүм үнэн гэдгийг үргэлж мэдэрдэг байлаа. Би Аврагч Есүс Христэд үргэлж итгэдэг байсан ч Моронай 10:4–5 дээрх Моронайн амлалтыг нухацтай авч үзэж байгаагүй юм. Би сайн мэдээ үнэн эсэх талаар хэзээ ч залбирч байсангүй.

Хэрэв би эдгээр өсвөр үеийнхэнд залбирлаар дамжуулан гэрчлэлтэй болох тухай заах гэж байгаа бол өөрөө гэрчлэлтэй болохын тулд залбирах ёстой гэсэн мэдрэмж зүрх сэтгэлд минь төрж байсныг санадаг. Бодгаль минь өлссөн байв. Магадгүй Иносынхоос өөр байдлаар өлссөн байж болох ч би сүнслэг хэрэгцээг мэдэрсэн.

Тэр хичээлд бэлдэх явцдаа би өвдөг сөгдөн, миний мэдэрч буй үнэний талаар баталгаа өгөхийг Тэнгэрлэг Эцэгт хандан зүрх сэтгэлийнхээ хүслийг уудлан залбирсан. Би ямар нэг гайхалтай илэрхийлэлт хүлээсэнгүй. Харин намайг Их Эзэнээс сайн мэдээ үнэн эсэхийг асуух үед энэ нь үнэн бөгөөд хийж байгаа зүйлээ үргэлжлүүл гэсэн баталгааг өгсөн тэрхүү намуухан, зөөлөн дуу хоолой зүрх сэтгэлд минь дулаахан сайхан мэдрэмжийг төрүүлсэн юм.

Уг мэдрэмж үнэхээр хүчтэй байсан учир тэрхүү хариултыг би хэзээ ч үгүйсгэж эсвэл мэдэхгүй гэж хэлж чадахгүй. Тэр өдрийн турш би аз жаргалтай байсан. Зүрх сэтгэлдээ мэдэрсэн тэр сайхан мэдрэмжийг эргэцүүлэх зуур оюун бодол минь тэнгэрт байв.

Тэр долоо хоногийн ням гарагт би ангийнхаа надаас дүү гурав, дөрвөн хүүхдийн өмнө зогсоод, тэднийг итгэлтэй байвал Тэнгэрлэг Эцэг залбиралд нь хариулна гэж гэрчилсэн.

Зураг
Ахлагч Соарэс

Залбирлынхаа хариултыг хүлээн авснаар ахлагч Соарэс залуу эрэгтэй, номлогч (зураг дээрх), эцэг, нөхөр, төлөөлөгчийн хувьд Тэнгэрлэг Эцэгийг итгэлийн залбиралд хариулдаг гэдгийг гэрчлэх боломжтой болсон юм.

Тэр цагаас хойш энэхүү гэрчлэлээ би мартаагүй. Энэ нь шийдвэр гаргахад, тэр дундаа сорилт бэрхшээл тулгарсан мөчүүдэд надад тусалдаг байсан. Тухайн өдрийн залбирал, өнгөрсөн жилүүдэд хүлээн авсан бусад гэрчлэл маань надад хүмүүс Тэнгэрлэг Эцэгт хандан итгэлтэйгээр залбирах юм бол хариулт хүлээн авч чадна гэдгийг итгэл үнэмшилтэйгээр гэрчлэх боломжийг олгосон. Энэ гэрчлэл нь номлогч, Сүмийн удирдагч, эцэг, нөхөр хүний хувиар, бүр өнөөдөр төлөөлөгчийн хувиар гэрчлэх үед ч үнэн хэвээр байна.

Хэзээ, юуны төлөө залбирах

Бид зөвхөн сүнслэг хэрэгцээг хүчтэй мэдэрсэн үедээ залбирдаггүй. Тэгэхээр бид хэзээ залбирах ёстой вэ? Мөн бид юуны төлөө залбирах ёстой вэ? Товчхон хариулахад ямар ч цагт, бүхий л зүйлийн төлөө залбирах боломжтой.

Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг. Үүнийг ойлгох нь бидний залбирлыг өөрчилдөг. Бошиглогч Иосеф Смит: ”Бид Бурханы тухай мэдлэгтэй болсноор түүнд хэрхэн хандвал зохихыг, хариу авахын тулд хэрхэн асуувал зохихыг мэддэг. … Бид Түүн уруу ирэхэд бэлэн байх юм бол Тэрээр бидэн уруу ирэхэд бэлэн байдаг”1 хэмээн заасан.

Тэнгэрлэг Эцэг маань биднийг сонсоход үргэлж бэлэн байдаг бөгөөд Өөрт нь хандан байнга тасралтгүй залбирахыг биднээс хүсдэг. Бид өглөө, өдөр, орой “бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлө[дөг]” (Алма 37:37) байх ёстой. Бид гэртээ, ажил, сургууль дээрээ гээд хаана ч байсан алив бүхний төлөө залбирдаг байх ёстой (Алма 34:17–26-г үзнэ үү).

Бид гэр бүлээрээ залбирах ёстой (3 Нифай 18:21-ийг үзнэ үү). Бид “чангаар болон зүрх сэтгэлдээ, олны өмнө болон ганцаар” (Сургаал ба Гэрээ 81:3) залбирах ёстой. Мөн “[бид] Их Эзэнээс гуйгаагүй үедээ ч, зүрх сэтгэл[ээ] дүүрэн бай[лгаж], аз жаргалынхаа төлөө, мөн түүнчлэн [бидний] эргэн тойронд байгаа тэдний аз жаргалын төлөө залбирлаа үргэлжлүүлэн түүнд хандуулж бай[х] [ёстой]” (Алма 34:27). Бид Эцэгт Есүс Христийн нэрээр үргэлж залбирах ёстой (3 Нифай 18:19–20).

Зураг
Залуу Иосеф Смит

Волтэр Рэйний зурсан Иосеф Смитийн зураг, хуулбарлаж болохгүй

Тэнгэрлэг Эцэгтээ хандах нь

Тэнгэр дэх Эцэг маань биднийг адислахыг хүсдэг. Хэрэв бид хүсэх аваас Тэр адислах болно. Бошиглогч Иосеф Смит: “Бид гуйхгүйгээр юу ч хүлээн авч чадахгүйг санагтун. Тиймээс, итгэлээр гуй, тэгвэл өөрсдөд чинь тохирно гэж Бурханы үзсэн адислалуудыг та нар хүлээн авна”2 хэмээн заасан.

Бид өлссөн бодгальдаа сүнслэг тэжээлийг тэнцвэртэй авахын тулд байнга дахин дахин залбирах шаардлагатай. Залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй харилцах нь хаана ч хэдийд ч боломжтой бөгөөд нээлттэй.

Залбирахаар өвдөг сөгдөх үедээ Тэнгэрлэг Эцэгт хэрхэн хандах ёстой тухай заадаг миний дуртай судруудын нэгд, “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно” (Сургаал ба Гэрээ 112:10) гэсэн байдаг. Биднийг даруу, дуулгавартай байх үед Тэнгэрлэг Эцэг бидэнтэй хамт байх болно. Тэр биднийг хөтлөн удирдах болно. Тэр биднийг явах зүг, хийх зүйлс рүү маань сүнслэгээр нөлөөлөн чиглүүлэх болно. Тэр бидний залбиралд Өөрийн хүсэл, арга зам, цаг хугацаа, бидэнд юу сайн болохыг мэдэх үнэмлэхүй мэдлэгийн дагуу хариулах болно.

Бид үүнийг санаж мөн Бурханы сэнтийд ойртон, Түүний гарт буй адислалуудыг авах боломжуудыг нандигнах нь зүйтэй юм.

Эх сурвалж

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011), 48.

  2. Сургаал: Иосеф Смит, 150.