“Бурхан таныг мэддэг бас хайрладаг”, Лиахона, 2026 оны 10-р сар.
Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2026 оны 10-р сар
Бурхан таныг мэддэг бас хайрладаг
Тэнгэрлэг Эцэг маань биднийг хайрладаг иөн хэзээ ч мартахгүй, орхихгүй гэдэг нь баттай бөгөөд мөнхийн үнэн юм.
Эцэг эх маань Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдэхээсээ бүр өмнө миний гурван ахад болон надад Бурхан, Есүс Христ хоёрын тухай зааж сургасан. Бурхан байдаг, Тэр намайг мэддэг бас хайрладаг гэдгийг би үргэлж мэддэг байсан. Би хэзээ ч эргэлзэж байгаагүй.
Он жилүүд өнгөрөх тусам Бурхан намайг хэр сайн мэддэг, ямар их хайрладаг тухай миний ойлголт, гэрчлэл улам гүнзгийрч байлаа. Өнөөдөр би Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд Бурхан бүх хүүхдээ мэддэг бас хайрладаг гэдгийг гэрчилж байна.
Бурхан таныг хэр сайн мэддэг, төгс хайрладгийг ойлгохын агуу адислалын талаар надтай хамт эргэцүүлэн бодоход урьж байна.
Бурхан таныг Эхлэлээс мэддэг бөгөөд хайрладаг.
Их Эзэн бошиглогч Иеремиад “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан” ( Иеремиа 1:5) гэж хэлсэн. Энэ нь хүн бүрд, тэр дундаа танд хамаатай.
Бурхан бол таны Тэнгэрлэг Эцэг юм. Тэр таныг аль эртнээс мэддэг байсан. Үнэндээ, та “Эхлэлд … Эцэгтэй хамт” (Сургаал ба Гэрээнүүд 93:23) байсан. Түүний сүнсэн хүүхдүүдийн нэгний хувьд та Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөөгөө танилцуулсан тэнгэрийн зөвлөлд оролцсон. Бурханы төлөвлөгөөний зорилго бол “[Өөртэй нь] адилхан болж хөгжих [мөн] … түүнтэй хамт өргөмжлөгдөх … боломжийг” олгох явдал гэж бошиглогч Иосеф Смит бидэнд заасан. Тэнгэрлэг Эцэг таныг энэ давуу эрхийг эдлээсэй гэж хүссэн бөгөөд Түүнтэй адил болохыг сонгох боломжийг танд өгсөн.
Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хийсэн, хийж буй бүх зүйл биднийг гэсэн Түүний төгс хайрын илрэл юм. Түүнд баяр баясгалангийн бүрэн байдал байдаг бөгөөд биднийг ч мөн тэрхүү бүрэн баяр баясгалантай байгаасай гэж Тэр хүсдэг. “Тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнсэн хүү, охин” болох биднийг Тэнгэрлэг Эцэгтэй холбож, Түүний биднийг хэрхэн хардгийг тодорхойлдог энэхүү тэнгэрлэг чадавх бидэнд бий.
Тэнгэрлэг Эцэг танд зориулсан үгээр илэрхийлэхийн аргагүй хязгааргүй, төгс, ариун, цэвэр хайраар дүүрэн байдаг. Та Түүний хүүхэд учраас Түүнд чухал. Түүний таныг гэсэн хайр нь таныг төрөхөөс бүр өмнө мөнхөд эхэлсэн. Мөн энэ нь таны мөнх бус амьдралын туршид болон үүрд мөнхөд үргэлжилнэ.
Бурхан таныг мэддэг бас хайрладаг
Мөнх бус байдлын үед бидний мөнх бус байдлын өмнөх оршихуйн дурсамж нигүүлслийн үүднээс халхлагдсан байдаг бөгөөд энэ нь бидэнд итгэлээр алхаж, Тэнгэрлэг Эцэгийн төгс төлөвлөгөөний дагуу сонгох эрхээ ашиглах боломжийг олгодог. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг санаж байдаг. Тэр тухайн үед бидний хэн байсныг санаад зогсохгүй одоо бидний тухай бүх зүйлийг мэддэг.
Тэр бидний амьдралын бүх нөхцөл байдал, бүх бэрхшээл, баяр баясгалан, уй гашууг мэддэг. Бидний бодол, зүрх сэтгэлийн хүсэл эрмэлзлийг зөвхөн Тэр л мэддэг (Сургаал ба Гэрээнүүд 6:16-г үзнэ үү). Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд “Хэн ч таныг [Тэнгэрлэг Эцэг] шиг сайн мэдэж эсвэл танд Түүн шиг санаа тавихгүй” гэж заасан.
Тэнгэрлэг Эцэг биднийг хэнээс ч илүү мэддэг бөгөөд халамжилдаг тул бидний энэ дэлхий дээр хийх алхмуудад санаа тавьдаг. Түүний хүү, охины хувьд бидний бурханлаг чадавхыг бүрэн дүүрэн ашиглахад аль нь туслахыг Тэр мэддэг. Бидний төсөөлж чадахаас хавьгүй илүүтэйгээр Тэр биднийг селестиал хувь тавиланд хүрч, тэнгэрлэг гэртээ буцаж ирээсэй гэж хүсдэг.
Бид төгс биш ч Тэрээр биднийг төгс хайрладаг. Тэнгэрлэг Эцэгийн биднийг ямар гүн гүнзгий хайрлан халамжилдгаа “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” (Иохан 3:16) хэмээн хамгийн тодорхой харуулсан нэгэн арга зам бий.
Бурхан биднийг маш их, үнэхээр их, бүрэн дүүрэн хайрласан тул Өөрийн Ууган Хүү, “эхлэлээс Сонгогдсон Хайрт Хүү” (Мосе 4:2) Есүс Христийг Түүний Цорын Ганц Төрсөн Хүү бөгөөд дэлхийн Аврагч болгон илгээсэн. Есүс Христийн цагаатгагч золиос бол биднийг болон бүх хүүхдээ хайрлах Эцэгийн хайрын хамгийн агуу, хамгийн алдар суут илэрхийлэл юм.
Есүс Христ Эцэгийн хүслийг гүйцэлдүүлэхээр ирсэн. Тэрээр Эцэгийн агуу аз жаргалын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд номхон дөлгөөн зан, зүрх сэтгэлийн даруу байдлаар бүхнээс дордыг үзэж (Сургаал ба Гэрээнүүд 122:8-ыг үзнэ үү), цагаатгагч золиосоо үйлдсэн. Бүх хүн наманчилж, өршөөгдөх боломжтой болж, амилуулагдахын тулд Тэрбээр нүгэл, үхлийг ялан дийлсэн. Тэрээр бидэнд “онцгой хайр, нигүүлслийг хүртэх эрх” олгодог гэрээнүүдийг, мөнх амьдралыг болон “Эцэгт байгаа бүх[нийг]” ( Сургаал ба Гэрээнүүд 84:38) хүлээн авах боломжийг санал болгодог.
“Эцэгт байгаа бүхэн” гэдэгт зөвхөн энэ амьдралын дараа бидэнд өгөх адислалууд төдийгүй, мөн Түүний одоо бидэнд өгч буй адислалууд багтдаг гэдгийг санаарай. Тэр бидэнд болон бидний нөхцөл байдалд тохируулсан аргуудаар “[биднийг] нэг хормоос нөгөөд дэмжи[ж]” (Мозая 2:21) байдаг.
Бид Түүнд болон Түүний Хүүд ойртож, Хүүгийн нэрээр Эцэгт залбирч, Тэдний зарлигуудыг сахих тусам бүр ч их адислалаар “тэр [биднийг] тэр даруй адисалдаг” (Мозая 2:24).
Энэ амьдралд Бурхан “бид бүхний хэнээс нь ч холгүй байдаг” (Үйлс 17:27).
Би ахлагч Нийл А.Максвэллийн (1926–2004) хэлсэн дараах үгтэй санал нэг байдаг. Тэрээр “Нэгэн алс хэтийн өдөр хайрт Эцэг маань бидэнд туслахын тулд хийж чадах бүхнээ хийж байгаа нь одоогийнхоос ч илүү тодорхой болно!” гэж итгэдэг байсан.
Бурхан таныг үүрд мэдэж, хайрлах болно
Энэ амьдралд бидний хамгийн их найддаг хүмүүс бол бидний хамгийн сайн мэддэг, биднийг хамгийн сайн мэддэг, биднийг хайрладаг, бидний ашиг сонирхлыг эрхэмлэдэг, итгэл даахуйц гэдгээ баталсан хүмүүс байдаг. Тэнгэрлэг Эцэг маань биднийг маш сайн мэддэг, маш их хайрладаг, бидний төлөө маш ихийг хийсэн, хийж байгаа, төгс бөгөөд өөрчлөгддөггүй тул бид Түүнд үргэлж итгэж болно.
Бид заримдаа итгэл үнэмшилдээ эргэлздэг үү? “[Бидний] өр зүрх шаналан, хүнд ачаа үүрч явна уу?” Цаашдын зам тодорхой бус санагдаж байна уу? Бид юу ч хийсэн, хэчнээн чин сэтгэлээсээ тусламж гуйн залбирсан ч дуусашгүй мэт санагдах бэрхшээл байдаг уу? Бид найдаж, залбирч байсан ч биелээгүй адислал байна уу?
Бурхан биднийг хэзээ ч мартахгүй, хэзээ ч орхихгүй гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг мэддэг бөгөөд амьдралын маань хором бүрд бидэнд юу хамгийн сайн болохыг мэддэг. Тэр эхлэлээс төгсгөл хүртэл мэднэ. Тэр яг энэ мөчид биднийг, бидний сэтгэл санааг, бидний сүнслэг болон материаллаг хэрэгцээг, мөн бидний эргэн тойрон дахь бүх хүнд юу хэрэгтэйг мэддэг.
Түүний адислалууд Түүний таалал, арга зам, цаг хугацааны дагуу ирдэг гэдгийг ойлгох нь чухал юм. Түүний цаг хугацаа биднийхээс өөр байж болох ч Түүний адислал гарцаагүй ирдэг. “Тэмцэлдэхээ больж [Тэр бол] Бурхан гэдгийг мэд” (Дуулал 46:10) гэсэн үгийн дагуу Түүнд итгэ. Тэр бүхнийг мэддэг, бидний хүн нэг бүрийг мэддэг. Биднийг Түүнд итгэх үед Түүний хайр биднийг бүрэн дүүрэн бүрхэж чадна. Биднийг тусламж, удирдамж авахаар хэзээ ч Түүнд хандаж болно гэж Тэр амласан. Тэр биднийг үүрд мэдэж, хайрлах болно.
Бид хайрт Тэнгэрлэг Эцэгтээ болон Түүний хайрт Хүүд итгэн найдаж, гэрээнүүдээ сахиж, итгэлээрээ эцсээ хүртэл тэвчвэл нэг л өдөр оршихуйд нь эргэж очиход маань туслахын тулд Өөрийн чадах бүхнийг хийхэд бэлэн Эцэгийнхээ амлалтуудыг хүртэх болно гэдгийг би гэрчилж байна. Ингэснээр бид эрт дээр үеийн бошиглогч Исаиагийн адил “[Бурханы] үлэмж их энэрэл хайрыг” (Исаиа 63:7) гэрчилж чадна гэж би амлаж байна.
Тэнгэрлэг Эцэг биднийг үргэлж мэддэг бөгөөд хайрласаар ирсэн. Тэр биднийг хайрладаг бөгөөд одоо ч бидэнд тусалдаг. Тэр бидний залбиралд үргэлж хариулахад бэлэн байдаг гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг хэр их мэддэг, халамжилдаг, хайрладаг ба одоо ч, үүрд мөнхөд ч бидэнд тусалж, адислахад бэлэн байгааг бид үргэлж мэдрэх болтугай.
© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Liahona Message, October 2026-ын орчуулга. Mongolian. 20059 363