2022
Гэрээнүүд биднийг Бурхантай холбодог
2022 оны 2-р сар


“Гэрээнүүд биднийг Бурхантай холбодог,” Лиахона, 2022 оны 2-р сар

Сар тутмын Лиахона дээрх захиас, 2022 оны 2-р сар

Гэрээнүүд биднийг Бурхантай холбодог

Гэрээ хийж мөн гэрээгээ сахих нь адислалуудыг авчирдаг.

Гэрээ гэдэг нь Тэнгэрлэг Эцэг болон Түүний хүүхдүүдийн хоорондох амлалт юм. Их Эзэн Өөртэй нь байгуулсан бидний гэрээний нөхцөлийг тавьдаг. Бид Түүний хүссэн зүйлсийг хийх үедээ олон адислалыг хүлээн авдаг. Бид зөвхөн энэ дэлхий дээр адислагдаад зогсохгүй гэрээнүүд хийж, мөн сахиснаар нэг л өдөр тэнгэрт Бурхантай болон гэр бүлтэйгээ хамт амьдрахаар эргэн очих болно.

Зураг
баптисм

Гэрээ ба ёслолууд

Бид тодорхой ёслолуудаар дамжуулан гэрээнүүд хийдэг. Бид Бурхантай амьдрахаар буцаж очихын тулд эдгээр ёслолыг хүлээн авч, уг гэрээнүүдийг дагах хэрэгтэй. Ёслолуудыг санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг. Эдгээр ёслолд баптисм хүртэх, гишүүнээр батлуулах, Мелкизедек санваар хүлээн авах (эрэгтэйчүүдэд) болон ариун сүмд бидний хүлээн авдаг ёслолууд багтдаг. Ариун ёслолоор дамжуулан Сүмийн гишүүд Бурханд өгсөн амлалтуудаа шинэчилдэг (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү).

Зураг
ариун ёслол

Гэрээнүүд биднийг зөв шударга амьдрахад тусалдаг

Баптисм хүртэхдээ бид Есүс Христийг дагаж, Түүнийг үргэлж санаж, зарлигуудыг сахина хэмээн амладаг (Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү). Бурхан бидэнтэй Ариун Сүнсийг үргэлж хамт байлгах болно хэмээн амладаг.

Эрэгтэйчүүд санваар хүлээн авахдаа Бурханы санваарын хүчийг хүлээн авахуйц зохистой амьдарна хэмээн амладаг. Бурхан тэднийг адислахаа амладаг. (Сургаал ба Гэрээ 84:33–40-ийг үзнэ үү.)

Зураг
Бразилын Хэсифи ариун сүм

Бразилын Хэсифи ариун сүмийн зургийг Жэймс Портэр

Ариун сүмд бидний хийдэг гэрээнүүд

Сүмийн гишүүд ариун сүмд хишиг хүлээн авахдаа зөв шударга амьдарч, сайн мэдээний төлөө золиослол гаргахаа амладаг. Бурханы хүч тэдэнд амлагддаг (Сургаал ба Гэрээ 38:32; 109:22-ыг үзнэ үү).

Ариун сүмд лацдан холболтын үеэр эхнэр, нөхөр хоёр үүрд мөнхөд гэрлэж, бие биедээ болон Бурханд үнэнч байхаа амладаг. Бурхан тэднийг Өөрт нь эргэн ирж, гэр бүлээрээ үүрд амьдарна хэмээн амладаг. (Сургаал ба Гэрээ 132:19–20-ийг үзнэ үү.)

Зураг
номлогч нар

Бид гэрээт хүмүүс

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн хүмүүс Бурханы гэрээт хүмүүс болдог. Тэд мөн Абрахамын гэрээний адислалууд болон үүрэг хариуцлагуудыг өвлөн авдаг (Галат 3:27–29-ийг үзнэ үү). Бурханы гэрээт хүмүүс байна гэдэг нь бид Христэд улам ойртох үедээ бие биедээ тусална гэсэн үг юм. Энэ нь бас бид Бурханы Сүмийг дэлхий дээр хүчирхэгжүүлэхийн төлөө ажиллана гэсэн үг юм. Бид гэрээнүүдээ сахих үедээ Бурханаас хүч чадал, хүчийг олж авч чадна.