2021
Бурхан Тэргүүтэн гэж юу вэ?
2021 оны 6-р сар


“Бурхан Тэргүүтэн гэж юу вэ?,” Лиахона, 2021 оны 6-р сар

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2021 оны 6-р сар

Бурхан Тэргүүтэн гэж юу вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав бол нэг зорилготой гурван салангид биес юм.

Зураг
Анхны үзэгдэл

Анхны үзэгдлийн хэсгээс, Жон Макноотон

Нэгэн сонины редактор бошиглогч Иосеф Смитээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд юунд итгэдэг талаар асуужээ. Үүнд хариу болгон, бошиглогч Итгэлийн тунхаг хэмээн бидний нэрлэдэг итгэлийн 13 мэдэгдлийг бичсэн юм. Эхний тунхаг “Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:1) гэсэн байдаг. Эдгээр гурван бие Бурхан Тэргүүтэнийг бүрдүүлдэг.

Бурхан, Мөнхийн Эцэг

Бурхан мах, яснаас бүтсэн амилсан биетэй. Тэр бол бидний сүнсний Эцэг. Бурхан Өөрийн хүүхэд бүрийг төгс хайраар хайрладаг. Бурхан төгс бөгөөд Түүнд бүх хүч бий. Тэр бүгдийг мэддэг. Тэрээр шударга, энэрэнгүй, нинжин сэтгэлтэй. Бид энэ дэлхийд төрөхөөсөө өмнө Бурхантай хамт сүнсэн биеэрээ амьдарч байсан. Тэрээр биднийг сурч, өсөж хөгжөөсэй хэмээн дэлхий рүү илгээсэн. Өөрийн хүүхэд бүрд хүсдэг Бурханы хүсэл бол биднийг нас барсныхаа дараа Өөртэй нь дахин хамт амьдрахаар эргэн очих явдал юм. Бурханы оршихуйд эргэн очихын тулд Есүс Христийг дагах ёстойг Тэрээр бидэнд заадаг.

Зураг
Есүс Христ Сүнсний дэлхийд номлож байгаа нь

Христ Сүнсний дэлхийд номлож байгаа нь, Робэрт Т.Баррэтт

Есүс Христ

Есүс түүнчлэн мах, яснаас бүтсэн амилсан биетэй. Тэр бол Бурханы ууган Хүү билээ. Биднийг төрөхөөс өмнө Бурхан Түүнийг бидний Аврагч байхаар сонгосон. Энэ нь Есүс дэлхийд бидэнд үлгэр жишээ үзүүлэн, Өөрийн сайн мэдээг зааж, нүглийг маань цагаатган, үхлээс аврахаар ирсэн гэсэн үг юм. Есүс Христ байгаа учраас бид наманчлах юм бол нүглээсээ уучлагдах болно. Түүнчлэн Есүс Христ биднийг ойлгож мөн бидэнд туслахын тулд олон зүйлийг тэвчсэн. Хүн бүрд дахин амьдрах боломж олгохын тулд Есүс Христ нас нөгчин, дараа нь амилсан.

Зураг
Христийн оршуулга

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Ариун Сүнс

Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтний гурав дахь гишүүн бөгөөд бие махбодгүй. Тэр бол сүнс. Ариун Сүнс бидний сүнстэй шууд харилцаж чадна. Бурхан бол бодит бөгөөд Есүс Христ бидний Аврагч гэдгийг Тэр бидэнд гэрчилдэг. Ариун Сүнс бидэнд тайтгарал, удирдамж, хайрыг мэдрүүлэх Бурханы элчийн үүргийг гүйцэтгэдэг. Бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулах үедээ Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Бид баптисмынхаа дараа, Бурханы зарлигуудыг дагаснаар Ариун Сүнс бидэнтэй үргэлж хамт байх болно.

Зураг
Анхны үзэгдэл

Анхны үзэгдэл, Волтэр Рэйн

Иосеф Смитийн Анхны үзэгдэл

Удаан хугацааны турш хүмүүс Бурхан Тэргүүтний талаар будилсаар ирсэн. Хүмүүс Бурхан, Есүс Христ, Ариун Сүнс гурвын талаар санал зөрөлдсөөр байв. Энэ нь Иосеф Смитийн харсан Анхны үзэгдэл яагаад үнэхээр чухал байсны нэг шалтгаан юм. Тэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бие махбодтой, хоёр тусдаа биес гэдгийг харсан.

Зураг
Сонсох нь

Сонсох нь, Майкл Жарвис Нэлсон

Тусдаа боловч нэгдмэл

Судрууд мөн орчин үеийн бошиглогчид Бурхан, Есүс Христ, Ариун Сүнс гурвыг бидний үхэшгүй мөнх байдал болон мөнх амьдралын хувьд нэг зорилго бүхий тусдаа биес гэдгийг заадаг (Moсe 1:39-ийг үзнэ үү). Тэд бидэнд туслахын тулд нэг багийн гишүүд шиг өдөр бүр хамтарч ажилладаг. Нүглээ наманчлан, зөвийг сонгох үедээ бид Тэдэнд илүү ойр байгаагаа мэдэрч чадна.

Бурхан Тэргүүтэний талаарх судрууд

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр нэг зорилготой (Иохан 10:30-ийг үзнэ үү).

  • Тэнгэрлэг Эцэг Хүүтэйгээ ярив (Матай 3:16–17-г үзнэ үү).

  • Есүс Христ Эцэгтэйгээ ярив (Иохан 11:41-ийг үзнэ үү).

  • Есүс Христ биднийг хэзээ нэгэн цагт нэгдмэл болохын төлөө залбирав (Иохан 17:11-ийг үзнэ үү).

  • Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харсан (Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү).

  • Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг Ариун Сүнс гэрчилдэг (Иохан 15:26-г үзнэ үү).