2021
Тосгоныхныгоо аварсан хүү
2021 оны 4-р сар


“Тосгоныхныгоо аварсан хүү,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 4-р сар, 10–11.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2021 оны 4-р сар

Тосгоныхныгоо аварсан хүү

Самоа арлын нэгэн тосгоныхон аймшигт өвчинд нэрвэгдэхэд, 12-хон настай Том Фэнэйнэ хүү агуу зүйл хийхээр дуудагджээ.

Зураг
Самоа арлын хүү тосгоныхоо өвчтэй хүмүүст тусалж байгаа нь

Зураг чимэглэлийг Жэймс Мэйдсэн, гэрэл зургийг Getty Images

Та нар “агуу ажлын суурийг тавьж байна” (Сургаал ба Гэрээ 64:33) гэж өсвөр үеийнхний энэ жилийн урианд хэлсэн байгаа. Сүмийн түүхээс харахад, Бурханы хаант улсыг байгуулах шийдвэрлэх цаг үед өсвөр үеийнхэн үргэлж чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ. Нэгэн жишээ хэлье.

Арал дээрх цар тахал

100 гаруй жилийн өмнө, Номхон далайн Самоа арлууд дээр амьдардаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн амь нас аюулд өртсөн байсан тэр үед нь Том Фэнэйнэ гэдэг нэгэн хүү чухал тус хүргэжээ.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хамтдаа цугларч, бие биенээ дэмжих зорилгоор байгуулсан Сауниату нэртэй тосгонд Том амьдардаг байжээ. Бусад улс оронд болон өөр өөр цаг хугацаанд амьдарч байсан гэгээнтнүүдийн адил Бурханы хаант улсыг байгуулахаар хөдөлмөрлөж байхад нь Бурханы гэгээнтнүүдэд сорилт бэрхшээл ба гайхамшгуудын аль аль нь тохиож байлаа. Эдгээр бэрхшээлийн нэг нь 1918 онд тосгонд дэгдсэн томуугийн цар тахал байв.

Цар тахал маш аймшигтай байсан ба тосгонд хурдацтай тархжээ. Тосгоны 400 орчим хүн тахлаас болж хэвтэрт оров. Нэгэн настай эр, 12 настай Том хүү хоёр л босож явах хүчтэй байв.

Итгэл ба шаргуу хөдөлмөр

Томын гэр бүл цар тахалтай нүүр тулах үедээ итгэлтэй хэвээр байсныхаа үр дүнд гайхамшгийг харсан юм. Цар тахал дэгдэхээс хэдэн жилийн өмнө Томын дүү Айлама өвдсөн байна. Тэдний аав Элисала хүү Айламагаа эдгээхийн тулд вили-вили мод олоод, холтослож, шүүсийг нь шахаж гаргах нарийн зааварчилгааг зүүдэндээ авчээ. Элисала зааврын дагуу үйлдэж, Айламад модны шүүсийг авчирч уулгасанд хүү удалгүй эдгэрэв. Том итгэлээр үйлдэх нь өвчин зүдүүрийг даван туулахад хэрхэн тусалдгийг үүнээс олж харжээ.

1918 онд тохиосон томуугийн тахлын үед Том итгэлээ харуулж, тосгоныхоо хүмүүсийг асрахаар шаргуу хөдөлмөрлөв. “Би өглөө бүр айл бүрээр орж тэднийг хооллож, цэвэрлэж, хэн нас барсныг олж мэддэг байв” хэмээн тэр хэлжээ.

Тэрээр том хувингаар булгаас ус зөөн, айл бүрд хүргэдэг байв. Тэр наргил мод руу авирч, самрыг нь цайруулаад, шүүсийг нь хурааж өвчтэй хүмүүст өгдөг байжээ. Мөн тосгоныхоо бүх тахиаг нядлан, шөл хийж, айл бүрд өгчээ.

Өөрчлөлт гаргах

Энэхүү ханиад томуугаар Самоа арлын хүн амын дөрөвний нэг нь нас баржээ. Томын амьдардаг арал дээр ч хэд хэдэн хүн нас барсан байна. Том 20 гаруй хүний шарилын газрыг ухаж, оршуулахад нь тусалсан ба нас барагсдын дунд түүний аав Элисалагийнх ч байсан байна.

Томын шаргуу хөдөлмөр, хайр халамжийн ачаар тосгоны олон хүн амьд гарчээ. Тэрээр Самоа аралд Бурханы хаант улсыг байгуулах ажилд болон эргэн тойрныхоо хүмүүст томоохон өөрчлөлтийг авчирсан юм. Том “агуу ажлын суурийг тавьсан.”

Та ч мөн адил өөрийн арга замаар, агуу ажлын суурийг тавьж чадна.

Та Томын хийсэнтэй адил зүйлийг хийхээр дуудагдаагүй байж болох ч үнэндээ итгэлээ янз бүрийн арга замаар үйлдэл болгосноор өөртөө болон бусдад, Бурханы хаант улсыг байгуулах ажилд асар их өөрчлөлт гаргаж чадна.

Та ариун журам, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэл, хайр энэрлийг үзүүлснээр гэр бүл, найз нөхдөдөө болон бусад хүнд үлгэр жишээ болдог. Та бусдад үйлчилдэг. Та судраас суралцаж, залбирдаг. Та Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэнийг хуваалцдаг.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд та нарын олонх нь цар тахлын нөлөөг даван туулж байхдаа эдгээр зүйлийг хийсээр байсан билээ. Та усанд явж, наргил модны шүүс цуглуулан, 400 гаруй хүнийг асраагүй байж болох ч өөр олон арга замаар аль хэдийн хүмүүст тайтгарал, найдвар, баяр хөөр, амар амгаланг түгээсэн.

Хэдэн настай байхаас тань илүүтэй итгэл, бусдад үйлчлэх, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэл тань чухал юм. Том Фэнэйнэгийнх шиг, өнгөрсөн үед дэх жишээнүүд Бурханы агуу ажлын суурийг тавихад хэрэгтэй гэдгээ ойлгоход танд тусална.