2017
Биднийг удирдах бошиглогчид
September 2017


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2017 оны 9-р сар

Биднийг удирдах бошиглогчид

Хэдэн жилийн өмнө би Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын долоо хоногт нэг удаа уулздаг Солт Лэйкийн ариун сүмийн өрөөнд сууж байлаа. Би Тэргүүн Зөвлөл рүү харсан хана руу ширтээд, ханан дээрх Сүмийн ерөнхийлөгч бүрийн хөргийг ажигласан юм.

Би өмнөө байгаа тэднийг ажиглан суухдаа бошиглогч Иосеф Смитээс (1805–44) авахуулаад Гордон Б.Хинкли (1910–2008) хүртэлх “бошиглогч бүрийн удирдамжид хэчнээн талархдаг” тухайгаа бодсон.

Тэд бол хэзээ ч гуйвж, эргэлзэж мөн уруудаж байгаагүй эрчүүд. Тэд бол Бурханы эрс. Би таньдаг, хайрладаг байсан орчин үеийн бошиглогчдынхоо тухай бодохдоо тэдний амьдрал, зан байдал, сүнслэгээр өдөөгдсөн сургаалуудыг эргэн санасан.

Намайг төрөх үед ерөнхийлөгч Хибэр Ж.Грант (1856–1945) Сүмийн ерөнхийлөгч байсан юм. Би Түүний амьдрал болоод сургаалын талаар бодон, ерөнхийлөгч Грантын байнга үлгэр жишээ үзүүлдэг байсан нэгэн зан чанар бол сайн сайхан, журамт аливаа зүйл рүү үргэлж цөхрөлтгүй тэмүүлэх явдал байсан гэдэгт итгэдэг.

Намайг Солт Лэйк хотод тойргийнхоо бишопоор үйлчилж байх үед ерөнхийлөгч Жорж Албэрт Смит (1870–1951) Сүмийн ерөнхийлөгч байлаа. Тэрээр Их Эзэн, дайсан хоёрын хооронд нэгэн агуу олс татах тэмцээн болж байгааг ажиглажээ. “Хэрэв та нар Их Эзэний талд зогсох юм бол түүний нөлөөн доор байж, бурууг хийх хүсэлгүй байх болно” гэж тэр заасан.1

1963 онд ерөнхийлөгч Дэвид О.Маккэй (1873–1970) намайг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчлүүлэхээр дуудсан юм. Тэр өөрийн амьдралын хэв маягаар бусдыг хэрхэн халамжлах тухай заасан. Тэрээр “жинхэнэ Христийн шашин бол үйлдэлд суурилсан хайр байдаг юм”2 гэж заасан.

Сүмд хамгийн бүтээл арвинтай зохиолчдын нэг болох ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит (1876–1972) сайн мэдээний эрдэм мэдлэгийг амьдралынхаа зарчим болгосон хүн юм. Тэр судруудыг тогтмол уншдаг байсан бөгөөд доторх сургаалыг миний мэдэх хэнээс ч илүү мэддэг байлаа.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) намайг жаахан хөвгүүн байх үед манай гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байв. “Ариун газруудад зогсогтун та нар, мөн бүү шилжин нүүлгэгд”3 гэдэг нь түүний дуртай эшлэл байсан. Тэрээр гэгээнтнүүдийг Ариун Сүнсний шивнээг сонсож, хариулах хэмнэлтэй байхад урамшуулан дэмжсэн.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) амьдралын гол зарчим нь өөрийгөө бүрэн зориулах явдал байсан гэдэгт би итгэдэг. Тэрээр өөрийгөө Их Эзэнд бүрэн, тодорхой зориулдаг байлаа. Тэр мөн сайн мэдээний дагуу амьдрахад өөрийгөө зориулсан.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) Сүмийн ерөнхийлөгч болох үедээ намайг Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчлүүлэхээр дуудсан юм. Тэрээр хайрыг гол зарчмаа болгосон бөгөөд энэ нь ч “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу”4 гэх Аврагчийн хэлсэн, түүний дуртай шүлгээс харагддаг.

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–95) бусдаас үргэлж хамгийн сайн сайхныг нь олж хардаг байсан ба үргэлж эелдэг, даруу байсан. Түүний хоёрдугаар зөвлөхөөр үйлчлэх нь миний хувьд онцгой боломж байв.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли бидэнд хамгийн сайнаараа хийхийг заадаг байсан. Тэрээр Аврагчийн талаар мөн Түүний номлолын талаар хүчирхэг гэрчлэлээ хуваалцаж, бидэнд хайраар заасан. Түүний нэгдүгээр зөвлөхөөр үйлчлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй адислал байсан билээ.

Аврагч бидэнд хайртай учраас бидэн рүү бошиглогчдыг илгээдэг. Энэ 10-р сарын Ерөнхий чуулганаар Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүд Түүний үгийг дахин хуваалцах онцгой эрхээ эдлэх болно. Бид энэхүү үүрэг хариуцлагадаа маш хянамгай, даруу ханддаг.

Есүс Христийн сэргээгдсэн Сүм дэлхий дээр байгаа нь мөн Сүм илчлэлтийн суурин дээр баригдсан байгаа нь ямар агуу адислал вэ! Үргэлжлэн ирэх илчлэлт бол Есүс Христийн сайн мэдээний нэгэн амин чухал хэсэг билээ.

Бид Ерөнхий чуулганаар арвин их хувийн илчлэлт хүлээн авахаар бэлтгэх болтугай. Бид амьд бошиглогч, төлөөлөгчдийг дэмжихээр гар өргөн батлахдаа зоримог шийдэмгий байх болтугай. Бид тэдний захиасыг сонссоноор гэгээрч, өргөгдөн, тайтгарч, хүчирхэгжих болтугай. Бид өөрсдийгөө Их Эзэн Есүс Христэд буюу Түүний сайн мэдээ болон ажилд өргөл болгон өргөж, зарлигуудыг нь шийдэмгий дагаж, хүслийг нь биелүүлэхээ дахин дахин амлах болтугай.