2017
Патриархын адислалаа ойлгох нь
April 2017


Патриархын адислалаа ойлгох нь

Зохиогчид нь АНУ-ын Иллинойс, Нью-Йорк мужид тус тус амьдардаг.

Адислалынхаа зарим хэсгийг тодорхойлох нь танд амьдралын зүг чигээ олоход тусална.

Зураг
man with a map in a maze

Man in maze © Digital Vision Vections/Getty Images

Амьдрал Би ямар сургуульд сурах хэрэгтэй вэ?, Би ямар мэргэжлээр сурах вэ?, Би номлолд үйлчлэх үү?, Би хэнтэй гэрлэх вэ? гэх мэт үл мэдэх зүйлээр дүүрэн. Хэрэв танд амьдралынхаа шийдвэрийг гаргахад чиглүүлдэг хувийн газрын зураг өгсөн бол та түүн дээр заасан замыг дагах байсан уу?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд ийм газрын зураг буюу амьдралыг маань удирдан залах патриархын адислалыг өгсөн. Хэдийгээр бидэнд өөрсдийн хүслийн дагуу шийдвэр гаргах сонгох эрх өгсөн ч гэлээ, патриархын адислал нь аль арга зам бидэнд илүү их аз жаргал авчрахыг тодруулж өгдөг.

Гэхдээ зөвхөн газрын зурагтай байх нь хангалттай бус. Бид газрын зурган доторх утга агуулгыг судалж, ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Үүний адилаар, та амьдралынхаа хувийн хөтөч болох патриархын адислалд тань хэрэглэсэн хэлийг ойлгох юм бол Бурханы мэлмийд өөрийгөө хэн болохыг мөн ямар хүн болох боломжтой гэдгээ харж чадна.

Язгуур угсаагаа олж мэд.

Хамгийн чухал зүйл бол таны патриархын адислал язгуур угсааг тань эсвэл таны харьяалагдах Иаковын (хожим Израиль хэмээн нэрлэсэн) арван хоёр овгийг тодорхойлдог. Хэдийгээр бид Иаковын шууд угсааных биш ч Сүмийн гишүүдийг Израилийн угсаанд үрчлэн авдаг болохыг судрууд “Учир нь энэ Сайн мэдээг хүлээн авах болгон нь чиний нэрээр дуудагддаг байх болно, мөн чиний үр удам хэмээн тооцогддог байх болно, мөн тэдний эцгийн хувьд, чамайг магтан дуулах болно” (Абрахам 2:10) хэмээн заадаг.

АНУ-ын Ютагийн Шэлиса Шроуппэл: “Иаковын угсааных гэдгээ олж мэдсэн маань энэ амьдралынхаа зорилгыг болон яагаад Сүмийн тодорхой дуудлагад дуудагдсан гэдгээ ойлгоход надад тусалдаг” гэж хэлжээ.

Түүнчлэн патриархын адислал тань таны патриархын овогтой холбогдсон адислалуудыг тайлбарласан байж болно. Жишээлбэл: Сүмийн олон гишүүн Ефраимын овогт харьяалдаг. Энэ овог нь сэргээсэн сайн мэдээний захиасыг дэлхийд түгээх онцгой үүрэг хариуцлага үүрдэг юм (Дэд хууль 33:13–17; С ба Г 133:26–34-ийг үзнэ үү).

Өөртөө чиглэсэн зөвлөгөөг олж ав

Газрын зургийг зөв хэрэглэх юм бол энэ нь аялагчийг төөрөлдөхөөс урьдчилан сэргийлдэг. Үүнтэй адил, патриархын адислал нь энэ дэлхий дээрх аялалд тань мөн амьдралд тань тус болох зөвлөгөө, удирдамжийг өгч болно. Патриархын адислал танд юу хийхийг зүгээр л хэлээд өгдөггүй, харин Тэнгэрлэг Эцэгийн хүсэлтэй амьдралаа нийцүүлэх юм бол аль зам нь мөн итгэлтэй дагаж чадвал танд хэрхэн тустай болох талаар зөвхөн танд зориулсан ойлголтыг өгнө. Та патриархын адислалаа судалж, Их Эзэний Сүнсийг урих байдлаар амьдрахыг эрэлхийлбэл аюулгүй байдал, баяр баясгалан, удирдамж зааврыг олох боломжтой.

Перугийн Лимагийн Габриэл Парэдэс: “Адислалаар дамжуулан надад өгсөн зарим зөвлөгөөг би зөвхөн эхнэртэйгээ лацдан холбуулсны дараа гэр бүлдээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Саяхнаас бид шинэ гэр бүлээ хүчирхэгжүүлж, хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэж бодох боллоо. Бидний асуултын хариу патриархын адислалаар минь дамжин ирсэн. Адислал дээр Есүс Христийн сайн мэдээний чухал үндэс суурь бол гэр бүл учраас надад гэр бүлийн доторх хүндэтгэл, тэвчээр, хайрыг нэгд тавихыг зөвлөсөн байв.

Эхнэр бид хоёр үүн дээр анхаарлаа хандуулах болсноор асуудлыг даван туулах боломжтой болсон юм. Гэр бүлийн хувьд бидэнд асуудал тулгарсан хэвээр байгаа ч бид аз жаргалтай байдаг. Их Эзэний надад өгнө гэж амласан тэр гэр бүлийг би хэрхэн бий болгох боломжтой гэдгийг Тэр сануулж байгаа юм шиг санагдсан. Их Эзэн патриархын адислалаар дамжуулан ярьдаг бөгөөд түүнд орсон зөвлөгөөг бид амьдралдаа ашиглах ёстой гэдгийг би мэднэ” гэв.

Сануулгыг чих тавин сонс

Газрын зураг дээр замын туршид учрах аюул бүрийг заавал тэмдэглэдэггүй ч аз болоход патриархын адислал дээр замын туршид биднийг хамгаалах сэрэмжлүүлэг орсон байдаг. Зарим сануулга нь биднийг Сатаны нөлөөнөөс хамгаалж тусалдаг байхад зарим нь өөрийн доторх эгэл хүнийг хэрхэн ялан дийлэх тухай сэнхрүүлдэг.

Ютагийн Кэйтлин Каррын хувьд түүний патриархын адислалд дээрх зарим сануулгыг тэр даруй ойлгоогүй ч адислалаа судалсны дараа түүнд шинэ ойлголт төрсөн байна.

“Намайг адислалаа авч байхад сэтгэл татам үг яриагаар үнэнээс холдуулах гэж оролдох хүмүүсийн талаар анхааруулсан. Би энэ тухай нэг их бодоогүй бөгөөд заалгасан сургаалдаа итгэл төгс байв.

Гэтэл дараа жил нь өнгөн дээрээ шударга ёс, хайранд үндэслэсэн мэт санаа, гүн ухааны үзэлтэй тулгарсан юм. Эдгээр захиас нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сургууль, тэр бүү хэл дотно найз нөхөд гээд тал талаас ирж байгаа мэт санагдсан. Хэдийгээр эдгээр гүн ухааны үзэл нь Бурханы төлөвлөгөөний эсрэг гэдгийг би мэдэж байсан ч дэлхийнхний энэхүү шинэ үзэл бодол болон Сүмийн сургаалын аль алиныг дэмжих хүсэлтэй байгаагаа олж мэдсэн юм. Тун удалгүй би ‘хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй’ (Maтай 6:24) мөн хүмүүний мэргэн ухаанд найдах хэрэггүй гэдгийг ухаарсан. Тэнгэрлэг Эцэг судраар дамжуулан миний эргэлзээг тайлсан бөгөөд оюун ухаан, зүрх сэтгэлд минь амар амгаланг өгсөн билээ. Үүний үр дүнд миний гэрчлэл хүчирхэгжин, үнэн болохыг мэддэг зүйлээ илүү шийдэмгий хамгаалдаг болсон.”

Бэлэг болон авьяасаа хөгжүүл

Таны патриархын адислал дээр Их Эзэний хаант улсыг байгуулахын тулд танд өгсөн сүнслэг бэлэг болон авьяасыг мөн дурдаж болно. Хэрэв адислал дээр мэдэхгүй авьяас дурдсан байвал энэ нь танд авьяасаа нээж илрүүлэх эсвэл хөгжүүлэх боломж хараахан гараагүй байгаа учраас байж болох юм. Та шаргуу эрэлхийлснээр мөн Их Эзэний тусламж дэмжлэгээр энэ болон өөр олон авьяасаа таньж нээхийн тулд өсөж хөгжих боломжтой.

Авьяасаа хөгжүүлэх нь Их Эзэний ажилд хувь нэмэр оруулж болох онцгой зүйлсээ танин мэдэхэд танд тусалдаг. АНУ-ын Калифорнийн Жоанна Блэквэлл өөрийгөө бусадтай харьцуулах уруу таталттай тулгарах үедээ адислал дээрх авьяас, бэлгийнхээ тухай тунгаан боддог байна. Тэр: “Патриархын адислал дээрх үгс сорилт бэрхшээлийг даван туулах, Их Эзэний ажлыг яаравчлуулахад оролцоход хувь хүнийхээ хувьд хэрэгтэй бэлгээр адислагдсан гэдгийг надад сануулдаг.

Адислал маань миний хайрлах, уучлах чадвартайг мөн эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ харилцах зүрх зоригтой гэдгийг хэлсэн. Эдгээр бэлгээ ашиглахын хэрээр Их Эзэн намайг шинэ хүмүүс, шинэ соёлтой танилцах, холбоо тогтоох илүү их хүслээр адисалсан. Ингэснээр, бидний Тэнгэрлэг Эцэгийн хайртай хүүхдүүд хэмээх гэрчлэл өссөн бөгөөд бидний хүн нэг бүр Христтэй илүү адил болохыг эрэлхийлдэг учраас би бусдад үйлчлэх боломжтой болсон” гэв.

Зураг
points on the map

Амлагдсан адислалуудыг эрэлхийлэх нь

Эцэст нь хэлэхэд, хэрэв бид итгэлтэй хэвээр үйлдвэл бидний патриархын адислал Тэнгэрлэг Эцэгийн амлагдсан адислалуудыг илчилдэг. Эдгээр амлалт хэзээ биелэхийг хэлж мэдэхгүй ч сайн мэдээний дагуу дуулгавартай амьдарч чадах юм бол энэ амьдралд эсвэл дараачийн амьдралд биелэх болно гэдгийг би мэднэ.

АНУ-ын Невадагийн Сэржио Гутиеррэз ирээдүйн ажил мэргэжлийнхээ талаар санаа зовох болгондоо патриархын адислал дээрх амлалтад найддаг. Тэр: “Ирээдүйн амьдралаа тодорхой бус байгаад санаа зовох үед сэтгэл санааг маань тайвшруулдаг нэгэн амлалт патриархын адислал дээр минь байдаг. Энэ амлалт нь шаргуу хөдөлмөрлөж, итгэлтэй хэвээр байвал гэр бүлээ авч явах мөн Сүмийг хүчирхэгжүүлэхэд шаардлагатай эх сурвалж надад байна гэдгийг олж мэдэхэд надад тусалдаг. Яг одоо ямар ажил мэргэжлийн замаар явахыг хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа ч ийм амлалт байгаа нь надад итгэл, найдвар төрүүлдэг.

Хэрэв та өмнө нь Тэнгэрлэг Эцэгийн өөрөөс тань хүсэж байгаа зүйл юу болох талаар бодолхийлж байсан бол ганцаараа биш гэдгийг чинь хэлэх гэсэн юм. Та амьдралдаа замнаж болох олон замтай учирна гэдгийг Их Эзэн ойлгодог учраас амьдралыг тань сайн мэдээтэй нийцүүлэхийн тулд танд зориулсан газрын зураг өгсөн. Патриархын адислал бидний өмнөөс шийдвэр гаргахгүй ч хувийн илчлэлт биднийг хөтлөх боломжтой. Бид патриархын адислалаар дамжуулан ямар овгийнх болохоо мэдсэнээр Израилийг цуглуулах Их Эзэний төлөвлөгөөнд хэр тохирч байгаагаа харж, хувь хүн рүү чиглэсэн зөвлөгөө, сэрэмжлүүлэг, амлалтыг хүлээн авдаг төдийгүй Тэнгэрлэг Эцэгээс бидэнд өөрсдөдөө үйлчлэхэд зориулан өгсөн онцгой бэлэг, авьяасын талаар заадаг. Та патриархын адислал дээрх энэ бүх зүйлийнхээ дагуу амьдрахаар хичээх л юм бол гаргаж буй шийдвэр тань Их Эзэний хүссэн тэр амьдралд нийцсэн гэдгийг мэдэх болно” гэжээ.