2017
Дайн үргэлжилсээр
April 2017


Дайн үргэлжилсээр

Tэнгэрт эхэлсэн дайн өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Үнэндээ гэгээнтнүүд Аврагчийг эргэж ирэхэд бэлтгэж байгаа энэ цаг үед дайн улам бүр ширүүсэж байна.

Зураг
clouds

Зургийг Катарина Стэфанович © iStock/Getty Images; Moment/Getty Images

Олон улсын мэдээ сонсдог хүн бүр бид “дайнууд хийгээд дайнуудын цуурхал сонсогдох” (С ба Г 45:26) үед амьдарч байгааг хүлээн зөвшөөрнө. Аз болж дэлхий дээрх хүн бүр дайнд тулалдаж байсан ахмад дайчид юм. Биднийг төрөхөөс өмнө, мөнх бус байдлын өмнөх оршихуйд эхлээд, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа дайнд бид чөтгөрийн дайчидтай тулалдсаар ирсэн.

Бид бие махбод хараахан хүлээн аваагүй байсан учраас тэнгэр дэх дайнд сэлэм, буу, тэсрэх бөмбөгөөр тулалдаагүй. Гэхдээ уг тэмцэл нь орчин үеийн ямар ч дайнтай адил ширүүн байсан ба үрэгдэгсдийн тоо хэдэн тэрбумаар хэмжигдэж байв.

Мөнх бус байдлын өмнөх дайнд үг, санаагаар болон мэтгэлцэх, итгүүлэх аргаар тулалддаг байсан юм (Илчлэлт 12:7–9, 11-ийг үзнэ үү). Сатаны арга барил хүмүүсийг айлгахад чиглэж байсан. Айдас бол итгэлийг үгүй хийх хамгийн шилдэг арга гэдгийг тэр мэдэж байсан. Тэр “Үнэхээр хэцүү юм байна,” “Цэвэрхэн эргэж ирэх боломжгүй,” “Хэт эрсдэлтэй юм байна,” “Та нар ямар үндэслэлээр Есүс Христэд итгэж байгаа юм бэ?” зэргээр маргах байсан байж болно. Тэр Аврагчид маш их атаархаж байсан.

Аз болж Бурханы төлөвлөгөө Сатаны худал үгийг ялан дийлсэн билээ. Бурханы төлөвлөгөөнд хүн төрөлхтний сонгох ёс зүйн эрх, агуу их золиослолыг багтаасан байсан. Бидний мэдэх Есүс Христ буюу Иехова сайн дураараа өөрийгөө золиосолж, бидний бүх нүглийн төлөө зовж шаналах болсон юм. Наманчилсан хүмүүст цэвэр байдалтай эргэн ирж, эцсийн эцэст Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болох боломж олгохын тулд Тэрээр өөрийн амийг ах дүүсийнхээ төлөө өргөхөд бэлэн байв. (Мосе 4:1–4; Абрахам 3:27-г үзнэ үү.)

Иеховад Бурханы хүүхдүүдийн зүрх сэтгэлийг татахад тусалсан өөр нэгэн давуу зүйл нь тэргүүн тэнгэр элч Михаилаар удирдуулсан Түүнийг дэмжигчдийн хуваалцсан хүчирхэг гэрчлэл байсан юм (Илчлэлт 12:7, 11; С ба Г 107:54-ийг үзнэ үү). Мөнх бус байдлын өмнөх амьдралд Адамыг Михаил, харин Сатаныг Люсифер буюу “гэрэл тээгч”1 гэж нэрлэдэг байсан. Энэ нь харанхуйн ханхүүд ахадсан нэр мэт санагдаж болох ч (Мосе 7:26-г үзнэ үү) судрууд Сатаныг унахаасаа өмнө “Эцэгийн дэргэд эрх мэдэлд байсан Бурханы нэг тэнгэр элч” (С ба Г 76:25–28-ыг үзнэ үү) байсан хэмээн заадаг.

Ийм их мэдлэг, туршлагатай сүнс яаж ийм гүнзгий ангалд унасан бэ? Үүний шалтгаан бардамнал байсан юм. Люсифер Бурханы хаант улсыг өөртөө авахыг хүсэж байсан учраас Тэнгэр дэх Эцэгийн эсрэг бослого гаргасан.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) “Beware of Pride” хэмээх нэгэн алдартай үгэндээ Люсифер “бусдаас илүү их хүндэтгэлийг авахыг хүссэн” ба “Бурханыг хаан сэнтийнээс нь буулгах бардам хүсэлтэй байсан”2 хэмээн заажээ. Сатан хүмүүний сонгох эрхийг устгахыг хүссэн гэдгийг та нар бас сонссон байх. Гэхдээ энэ нь түүний ач ивээлээс хүртэхээ больсон цорын ганц шалтгаан биш юм. Тэр Эцэг, Хүүгийн эсрэг бослого гаргасан учраас тэнгэрээс хөөгдсөн (С ба Г 76:25; Мосе 4:3-ыг үзнэ үү).

Яагаад та бид чөтгөрийн эсрэг тулалдсан бэ? Бид үнэнч байсан учраас тулалдсан. Бид Тэнгэр дэх Эцэгээ хайрлаж, дэмжсэн. Бид Түүнтэй адил болохыг хүссэн. Харин Люсифер өөр зорилготой байв. Тэр Эцэгийг орлохыг хүссэн (Исаиа 14:12–14; 2 Нифай 24:12–14-ийг үзнэ үү). Сатан урвасан нь Тэнгэрлэг эцэг эхийг хэчнээн их шархлуулсныг төсөөлөөд үз. Бид судраас “тэнгэр түүнээс болж уйлсан” (С ба Г 76:26) гэж уншдаг.

Ширүүн тулалдааны дараа Михаил армитайгаа хамт ялсан юм. Тэнгэрийн дайчдын гуравны хоёр нь Эцэгийг дагахаар сонгосон (С ба Г 29:36-г үзнэ үү). Сатан дагалдагчдынхаа хамт тэнгэрээс хөөгдсөн ч тэднийг тэр даруй гадаад харанхуй руу илгээгээгүй. Эхлээд тэднийг энэ дэлхий рүү илгээсэн (Илчлэлт 12:7–9-ийг үзнэ үү) бөгөөд энд Есүс Христ төрж, цагаатгагч золиослолоо хийх ёстой байсан.

Яагаад Сатаны элчүүдийг дэлхийд ирэхийг зөвшөөрсөн бэ? Тэд энд соригдохоор ирсэн хүмүүст сөрөг талыг үзүүлэхийн тулд ирсэн (2 Нифай 2:11-ийг үзнэ үү). Тэд эцэстээ гадаад харанхуй руу хөөгдөх үү? Тийм ээ. Мянган жилийн дараа Сатан элчүүдтэйгээ хамт үүрд хөөгдөнө.

Сатан өөрт нь богинохон хугацаа үлдсэн гэдгийг мэддэг. Есүсийн Хоёр дахь ирэлтийн дараа Сатан элчүүдтэйгээ хамт 1000 жилийн турш хоригдоно (Илчлэлт 20:1–3; 1 Нифай 22:26; С ба Г 101:28-ыг үзнэ үү). Хугацаа нь ойртож байгаа учраас хилэнцтийн хүч аль болох олон бодгалийг боолчлохоор шаргуу тэмцэж байна.

Илчлэгч Иоханд тэнгэр дэх дайныг нэгэн агуу үзэгдлийн хэсэг болгон харуулсан. Сатан хүн төрөлхтнийг уруу татахаар дэлхий рүү хэрхэн хөөгдөж байгааг түүнд үзүүлсэн билээ. Иохан үүнийг хараад, “Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа” (Илчлэлт 12:12) хэмээн хариулсан байна.

Сатан дэмий үрэх цаг байхгүй гэдгээ мэддэг учраас тэр цагийг хэрхэн зарцуулж байгаа бол? Төлөөлөгч Петр: “Диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг” (1 Петр 5:8) гэж бичжээ.

Зураг
family kneeling in prayer

Юу Сатанд сэдэл төрүүлдэг вэ? Тэр хэзээ ч бие махбодтой, эхнэр хүүхэдтэй болж мөн бүрэн дүүрэн баяр баяслыг эдэлж чадахгүй учраас бүх эрэгтэй, эмэгтэй хүнийг “өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг” (2 Нифай 2:27).

Чөтгөр бүх хүнийг, ялангуяа мөнхийн аз жаргалд хүрэх хамгийн их чадавхтай хүнийг өөрийн бай болгодог. Тэр өргөмжлөлд хүрэх зам дээр байгаа хэнд ч болов атаархдаг нь тодорхой. Сатан “Бурханы гэгээнтнүүдтэй дайтдаг, мөн тэднийг тойрон бүсэлдэг” (С ба Г 76:29) гэж сударт заадаг.

Tэнгэрт эхэлсэн дайн өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Үнэндээ, гэгээнтнүүд Аврагчийг эргэж ирэхэд бэлтгэж байгаа энэ үед дайн улам бүр ширүүсэж байна.

Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) “энэ Сүмийн эхэн үед Сүм тархан хөгжиж, өсөн нэмэгдэж мөн өргөжих бөгөөд дэлхийн бүх үндэстний дунд сайн мэдээ түгэхийн хэрээр Сатаны хүч улам бүр өсөн нэмэгдэх болно”3 гэж бошиглосон билээ.

Хилэнцэт нөлөө дэлхийн нийгмийн тогтолцоонд хэрхэн нэвчин орж буйг харахдаа энэ бошиглол биелж байгааг бид бүгд хүлээн зөвшөөрөх байх гэж би бодож байна. Бид дайснаа ялахын тулд арга барилыг нь судлах хэрэгтэй гэж ерөнхийлөгч Янг заасан. Би Сатаны нотлогдсон дөрвөн арга барилыг мөн тэдгээрийг хэрхэн эсэргүүцэх тухай зарим санааг хуваалцъя.

Сатаны арга барил

1. Уруу таталт. Чөтгөр бидний оюун ухаанд ёс бус бодол санааг ямар ч ичгүүр сонжуургүй оруулдаг. Сатан бохир, муу бодол санааг бидэнд шивнэн, эргэлзээ төрүүлдэг гэж Мормоны Номонд заадаг. Тэрээр донтуулагч хүслийнхээ дагуу үйлдэж, амин хувиа хичээх, шунахай сэтгэлээ хангахыг өөгшүүлэн дэмждэг. Тэр эдгээр санаа хаанаас ирж байгааг бидэнд мэдүүлэхийг хүсдэггүй учраас “Би бол чөтгөр биш, учир нь тийм юм гэж үгүй” (2 Нифай 28:22) гэж чихэнд маань шивнэдэг.

Бид өөрсөд рүүгээ чиглэсэн энэ уруу таталтыг хэрхэн сөрөн зогсох вэ? Хамгийн үр дүнтэй аргын нэг бол зүгээр л Сатаныг хөөж явуулах юм. Есүс ингэх л байсан.

Шинэ Гэрээнд уулан дээр уруу татагдсан Аврагчийн тухай сургамжтай түүх байдаг. Чөтгөр уруу татах болгонд Есүс хоёр шатлалт хамгаалах арга барилыг хэрэглэжээ. Эхлээд, Тэр Сатанд зайл гэж тушааж, дараа нь судраас эш татсан.

Та нарт нэг жишээ өгье. Есүс: “Зайл, Сатан аа!” хэмээн тушаагаад, “Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм” (Матай 4:10) гэсэн. Дараагийн шүлэгт: “Тэгээд диавол Түүнийг орхиход, тэнгэр элч нар ирж Түүнд үйлчилж эхлэв” (Матай 4:11) гэж гардаг. Аврагчийн хамгаалалт үнэхээр үр дүнтэй байсан!

Ерөнхийлөгч Хибэр Ж.Грантын (1856–1945) намтарт ерөнхийлөгч Грант залуу байхдаа хэрхэн чөтгөрийн эсрэг зогссон талаар өгүүлдэг. Сатан чихэнд нь шивнэн, зүрх сэтгэлд нь эргэлзээ төрүүлэхийг завдаж байгааг ерөнхийлөгч Грант мэдээд, зүгээр л чангаар “Ноён чөтгөр өө, дуугүй бай”4 гэж хэлжээ.

Уруу таталттай нүүр тулах үедээ Сатанд яв гэж хэлэх эрх танд бий. “Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна” (Иаков 4:7) гэж сударт заадаг.

Аврагчийн өөр нэг хамгаалалтын арга нь судраас эш татах байсан. Есүстэй адил судруудыг чээжлэх нь маш хүчтэй нөлөөтэй. Судрын шүлгүүд нь сүнслэг зэр зэвсгийн нөөц болж чадна.

Та уруу татагдахдаа “Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун,” “Дайснаа хайрла,” эсвэл “бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг” (Египетээс гарсан нь 20:8; Лук 6:27; С ба Г 121:45) зэрэг зарлигийг эш татаж болно. Судрын хүч Сатаныг сүрдүүлэхээс гадна Сүнсийг зүрх сэтгэлд тань авчирч, дахин баталж, уруу таталтын эсрэг хүчирхэгжүүлдэг.

2. Худал үгс, хууран мэхлэлт. Судрууд Сатан “худал бүхний эцэг” (2 Нифай 9:9) гэдгийг илчилдэг. Тэр танд “Чи хэзээ ч юуг ч зөв хийж чадахгүй,” “Чи өршөөгдөх боломжгүй хэт их нүгэлтэй нэгэн,” “Чи хэзээ ч өөрчлөгдөхгүй,” “Хэн ч чамайг хайхардаггүй,” “Чамд ямар ч авьяас чадвар байхгүй” гэх мэт санааг шивнэж байвал түүнд бүү итгэ.

“Чи зүгээр л туршлага хуримтлуулахын тулд бүх зүйлийг ядаж нэг удаа хийж үзэх хэрэгтэй. Ганцхан удаа хийх нь чамд ямар ч хор уршиг учруулахгүй” гэх нь түүний өөр нэгэн байнга хэрэглэдэг худал үгс юм. Нүгэл нь донтуулдаг болохыг танд мэдүүлэхгүй байх нь түүний бяцхан бохир нууц билээ.

Сатаны тан дээр хэрэглэх гэж үзэх өөр нэг үр дүнтэй худал үгс нь “Хүн бүхэн л үүнийг хийдэг шүү дээ. Зүгээр ээ, зүгээр” гэх үгс юм. Зүгээр биш ээ! Иймээс бусад бүх хүн телестиел хаант улс руу явж байсан ч та тийшээ явмааргүй байна гэдгээ чөтгөрт хэл.

Зураг
father teaching his family

Хэдийгээр Сатан танд худал хэлж болох ч Сүнс танд үнэнийг хэлнэ гэдэгт бүү эргэлз. Иймээс Ариун Сүнсний бэлэг юунаас ч илүү чухал.

Чөтгөрийг “агуу хууран мэхлэгч”5 хэмээн нэрлэсээр ирсэн. Тэр Их Эзэний санал болгосон бүх үнэн зарчмыг дуурайж хийх гэж оролддог.

Дуураймал зүйл эсрэг тэсрэг байдлаас өөр гэдгийг сана. Цагааны эсрэг тал нь хар боловч цагааны дуураймал нь цайвар эсвэл цагаан саарал байж болно. Дуураймал зүйл нь итгэмтгий хүмүүсийг хууран мэхлэхийн тулд бодит зүйлтэй төстэй байдаг. Тэдгээр нь ямар нэгэн сайн зүйлийн мушгин гуйвуулсан хэлбэр буюу хуурамч мөнгөтэй адил үнэ цэнгүй. Би танд үүнийг тайлбарлан харуулъя.

Сатаны итгэлийн дуураймал хэлбэр нь мухар сүсэг юм. Харин хайрын дуураймал хэлбэр нь шунал тачаал. Тэрээр санваарыг санваараар мэргэших явдлаар, харин Бурханы гайхамшгийг илбэ, ид шидээр дуурайлгадаг.

Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон ба харин ижил хүйстний гэрлэлт нь үүний зөвхөн дуураймал хэлбэр юм. Энэ нь өсөж үржих, өргөмжлүүлэх хоёрын аль алиныг авчрахгүй. Хэдийгээр түүний дуураймал зүйлс олон хүнийг мэхэлдэг ч гэлээ бодит зүйл биш билээ. Тэдгээр нь мөнхийн аз жаргалыг авчрахгүй.

Бурхан дуураймал зүйлсийн талаар Сургаал ба Гэрээнд сэрэмжлүүлсэн байдаг. Тэр “Сэнхэрдэггүй тэр нь Бурханаас бус, мөн харанхуй болой” (С ба Г 50:23) хэмээн хэлсэн.

3. Зөрчилдөөн. Сатан нь зөрчилдөөний эцэг юм. Аврагч “тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг” (3 Нифай 11:29) хэмээн заадаг.

Чөтгөр олон зууны туршлагаараа зөрчилдөөн байгаа газар Их Эзэний Сүнс байдаггүй гэдгийг мэдсэн билээ. Сатан Абелыг хөнөө хэмээн Каиныг ятгаснаас хойш ах дүү нарт өөр хоорондоо зөрчилдөн, тэмцэлдэхэд нөлөөлсөөр ирсэн. Тэр гэрлэлтэд мөн тойргийн гишүүдийн дунд болон номлолын хамтрагчдын хооронд зөрчил үүсгэдэг. Тэр сайн хүмүүсийг хэрэлдэхэд баясаж суудаг. Тэр ням гарагт, яг сүм рүү явах мөчид, даваа гарагт гэр бүлийн үдэш хийхэд мөн хосууд ариун сүмийн хуралдаанд суухын яг өмнө гэр бүлийн хэрүүлийг эхлүүлэх гэж оролддог. Түүний цагийг урьдчилан таах боломжтой.

Гэр оронд эсвэл ажлын газарт тань зөрчилдөөн гарвал тэр даруй хийж байгаа зүйлээ орхиод, эвлэрэх гэж оролд. Хэн зөрчилдөөнийг эхлүүлсэн нь чухал биш.

Зөрчилдөөн нь ихэвчлэн хэн нэгнээс бурууг хайснаар эхэлдэг. Иосеф Смит “бид бусдын алдаа дутагдал дээр анхаарал төвлөрүүлэхэд чөтгөр биднийг маш зөв шударга байна хэмээн зусарддаг”6 гэж заажээ. Үүнээс үзэхэд, өөрийн зөвт байдалд итгэх нь жинхэнэ зөв шударга байдлын дуураймал хэлбэр юм.

Сатан Сүмд зөрчилдөөн үүсгэх дуртай. Тэрээр Сүмийн удирдагчдаас өө хайж олоход мэргэшсэн нэгэн. Урвалт руу хөтлөх эхний алхам бол Сүмийн удирдагчдад итгэх итгэлээ алдах явдал гэдгийг Иосеф Смит гэгээнтнүүдэд анхааруулжээ.7

Бараг бүх Мормон шашны эсрэг ном зохиол Иосеф Смитийн зан чанарын талаарх худал хуурмаг дээр тулгуурласан байдаг. Сэргээлтийн захиас ариун ойн цоорхойд юу болсон талаарх бошиглогчийн түүхтэй холбоотой учраас дайсан Иосефийн нэр хүндийг унагаах гэж шаргуу зүтгэдэг. Чөтгөр гишүүдийг Сэргээлтийн тухай гэрчлэлдээ эргэлзэхэд хүргэхийн тулд урьд өмнөхөөсөө ч илүү шаргуу ажиллаж байна.

Манай эрин үеийн эхэнд олон санваартан ах бошиглогчид үнэнч байж чадаагүйдээ харамсан гашуудсан. Тэдний нэг нь зөв шударга бус үйлдлийнхээ улмаас Сүмийн гишүүнчлэлээс хасагдсан Лайман И.Жонсон байсан юм. Тэр хожим нь: “Би үүнд дахин итгэхийн тулд баруун гараа тасдан өгөхөд ч бэлэн байна. Тэр үед би баяр баяслаар дүүрэн байсан. Би сайн сайхан мөрөөдөлтэй байж, өглөө сэрэхэд сүнс маань баяртай байдаг байсан. Би өдөр, шөнийн алинд ч амар амгалан, баяр баясгалан, талархлаар дүүрэн байсан. Харин би одоо дэндүү харанхуй, өвчин, зовлон, гуниг, харуусал дунд байна. Би тэр үеэс хойш дахин аз жаргалтай цаг мөчийг харсангүй”8 хэмээн Сүмийг орхисондоо харуусан гашууджээ.

Эдгээр үгийн талаар тунгаан бод. Энэ нь Сүмийн гишүүдэд сэрэмжлүүлж байна.

Би Сүмд хөрвөсөн гишүүн юм. Би АНУ-ын Аризона дахь Анагаах Ухааны Их Сургуульд сурч, 23 настай ганц бие залуу байхдаа баптисм хүртэж билээ. Сатан сонирхогчдыг үнэнийг эрэлхийлэх үед нь төөрөгдүүлж, сэтгэлээр унагахын тулд хэрхэн ажилладгийг би өөрийн биеэр мэднэ.

Би өсвөр насандаа хожмын үеийн гэгээнтэн найзуудынхаа үлгэр жишээг хардаг байсан. Тэдний амьдралаа авч яваа байдал надад гүн сэтгэгдэл төрүүлдэг байж билээ. Би Сүмийн талаар илүү ихийг мэдэх шийдвэр гаргасан ч мормон шашныг судалж байгаагаа хэнд ч мэдэгдэхийг хүсээгүй. Би найз нөхдийнхөө дарамт шахалтаас зайлсхийхийн тулд нууцаар судлахаар шийдсэн юм.

Энэ нь интернэт үүсэхээс олон жилийн өмнөх үйл явдал тул тэр үед би нийтийн номын сан руу явдаг байв. Би Мормоны Ном болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Лигранд Ричардсын (1886–1983) A Marvelous Work and a Wonder нэртэй номыг олсон. Би эдгээр номыг маш их хүсэл эрмэлзэлтэй уншиж эхэлсэн бөгөөд надад урам зориг өгсөн юм.

Сүнс маань илүү ихийг мэдэхийг хүсэж байхад Сатан чихэнд минь шивнэж эхлэв. Тэр бүрэн үндэслэлтэй болгохын тулд Сүмийг шүүмжлэгчдийн бичсэн зүйлсийг бас унших ёстой гэж хэллээ. Би нийтийн номын сан руу буцаж очоод, хайж эхлэв. Мэдээж, би бошиглогч Иосефийн нэр хүндийг гутаасан нэгэн ном оллоо.

Мормон шашны эсрэг энэ номыг унших нь намайг эргэлзэхэд хүргэсэн юм. Би эрэл хайгуулыг маань чиглүүлж байсан тэр сайхан сүнс, нөлөөллийг алдав. Би сэтгэлээр унаж, үнэнийг эрж хайх ажлаа орхих гэж байлаа. Би мормон шашны эсрэг ном уншиж байхдаа хариу авахаар залбирч байсан гээд бод доо!

Харин гайхалтай нь тэр үед Бригам Янгийн Их Сургуульд сурч байсан дунд сургуулийн найз маань над руу ярьсан юм. Тэр намайг Ютад зочлон ирэхийг урьж, байгалийн сайхантай танилцах аялал болно гэж амлав. Тэр намайг Сүмийн талаар нууцаар судалж байгааг огт мэдээгүй байлаа.

Харин би түүний урилгыг хүлээн авав. Найз маань Ариун сүмийн талбай руу очихын тулд Солт Лэйк хот руу явахыг санал болголоо. Тэр намайг саналыг баяртай хүлээн авахад ихэд гайхаж билээ. Надад Иосеф Смит болон Сэргээлтийн талаар үнэнийг олж мэдэх ямар их сонирхол байгааг тэр мэдээгүй байв.

Ариун сүмийн талбай дахь номлогч эгч нар үнэхээр их тусалсан. Тэд өөрсдөө ч мэдэлгүй олон асуултад маань хариулсан юм. Тэдний гэрчлэл надад “эргэлзээндээ эргэлзэ[хэд],”9 нөлөөлж, итгэл маань өсөж эхэлсэн билээ. Сэтгэлийн угаас гарсан гэрчлэлийн хүчийг хэтрүүлэн үнэлнэ гэж үгүй.

Найз маань ч гэсэн надтай гэрчлэлээ хуваалцаж, Бурханд залбирч, энэ Сүм үнэн эсэхийг асуухад намайг урив. Аризона руу буцах урт замын турш би анх удаа “чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр” (Моронай 10:4) итгэлээр залбирсан юм. Уг аяллын үеэр сууж явсан машин маань хэсэг хугацаанд гэрлээр дүүрэх шиг санагдсан. Гэрэл харанхуйг сарниулан хөөдөг гэдгийг би мэдэж авав.

Намайг баптисм хүртэхээр шийдсэний дараа чөтгөр эцсийн дайралтаа хийж билээ. Тэр гэр бүлийнхэн дээр маань ажиллаж, тэд ч миний зоригийг мохоохын тулд чадах бүхнээ хийн, баптисмын ёслолд маань оролцохоос татгалзав.

Би ямар ч байсан баптисм хүртэж, тэдний зүрх сэтгэл ч бага багаар зөөлөрсөн юм. Тэд надад гэр бүлийн түүхээ судлахад тусалж эхэлсэн. Хэдэн жилийн дараа би эрэгтэй дүүдээ баптисм хүртээсэн бөгөөд намайг Ютад зочлон ир гэж урьсан найз маань одоо миний эхнэр болсон.

4. Урам хугарах. Өөр ямар ч арга үр дүнгээ өгөхгүй байгаа үед Сатан энэ аргыг хамгийн их итгэлтэй гэгээнтнүүдэд ашигладаг. Миний хувьд урам хугарч эхлэх үедээ хэн намайг сэтгэлээр унагахыг оролдож байгааг мэддэг. Энэ нь намайг яаж ч байсан чөтгөрт дийлдэхгүйн тулд уурандаа баяр хөөртэй болоход хүргэдэг.

Хэдэн жилийн өмнө ерөнхийлөгч Бэнсон “Do Not Despair” буюу битгий сэтгэлээр уна гэсэн сэдвээр үг хэлсэн юм. Энэхүү гярхай, гүн ойлголт өгсөн үгэндээ тэр: “Сатан гэгээнтнүүдийн горьдлогыг таслах, урмыг хугалах, бухимдуулах, сэтгэлээр унагаах зэрэг байдлаар дийлэхийг илүү их хичээх болжээ”10 хэмээн анхааруулсан. Ерөнхийлөгч Бэнсон Сүмийн гишүүдэд сэрэмжтэй байхыг уриалан, урам хугарахтай тэмцэх 12 бодит зөвлөгөөг өгсөн юм.

Зураг
family walking on Boston Massachusetts Temple grounds

Түүний зөвлөсөн зүйлд бусдад үйлчлэх, шаргуу хөдөлмөрлөх, залхуурлаас зайлсхийх түүнчлэн дасгал хийх, боловсруулаагүй хоол хүнс хэрэглэх зэргээр эрүүл мэндэд ашиг тустай дадал хэвшлийг дагах, санваарын адислалыг эрэлхийлэх, сүнсийг өдөөх дуу хөгжим сонсох, адислалаа тоолох, зорилго тавих зэрэг зүйлс орсон байна. Судруудад зааснаар хамгийн чухал нь Сатаныг ялан дийлэхийн тулд үргэлж залбирах ёстой (С ба Г 10:5-ыг үзнэ үү).11

Сатан бол

хамгийн сул дорой гэгээнтнийг залбирахаар өвдөг сөхрөхөд л12 дагжин чичирдэг.

Чөтгөрийн хүч хязгаартай гэдгийг мэдэх нь чухал. Бурхан Тэргүүтэн тэдгээр хязгаарыг тогтоодог ба Сатан тэдгээрийг давах эрхгүй. Жишээлбэл, судрууд бидэнд “бага насны хүүхдүүдийг уруу татах хүч Сатанд өгөгдсөн нь үгүй” (С ба Г 29:47) гэдгийг баталдаг.

Түүнээс гадна Сатан бидний бодол санааг өөрсдөө хэлэхгүй л бол мэдэхгүй гэдэг нь өөр нэгэн чухал хязгаарлалт юм. Их Эзэн “Бурханаас өөр чиний санаа бодол хийгээд зүрх сэтгэлийн тань хүсэл эрмэлзлэлийг мэдэх хэн ч үгүй” (С ба Г 6:16) хэмээн тайлбарласан.

Тиймээс л Их Эзэн “бүү бувтна” (С ба Г 9:6) мөн “Чи хөршийнхөө талаар шүүмжлэх … ёсгүй” (С ба Г 42:27) зэрэг зарлигийг бидэнд өгсөн байх. Хэрэв та хэл амаа хазаарлаж чадвал (Иаков 1:26-г үзнэ үү) чөтгөрт хэт их мэдээлэл өгөхгүй байх боломжтой. Тэр бувтнаж, гомдоллож, шүүмжилж байгааг сонсохдоо нарийн тэмдэглэл хөтөлж байдаг. Таны сөрөг үг хэллэг дайсанд сул талыг тань харуулдаг.

Харин надад та нарт хэлэх сайхан мэдээ байна. Бурханы арми Люсиферийн армиас их. Та эргэн тойрноо хараад, “Дэлхий улам бүр ёс бус болж байна даа. Сатан дайнд ялж байгаа бололтой” гэж бодож байж магадгүй. Үүнд бүү хуурт. Үнэндээ бид тоогоороо дайснаас илүү. Бурханы хүүхдүүдийн гуравны хоёр нь Эцэгийн төлөвлөгөөг сонгосон гэдгийг санаарай.

Ах, эгч нар аа, та нар Их Эзэний талд тулалдахад анхаар. Та нар Сүнсний сэлмийг авч явахад анхаар.

Та нар амьдралынхаа эцэст төлөөлөгч Паултай хамт “Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан” (2 Тимот 4:7) гэж хэлээсэй хэмээн би залбирч байна.

Эшлэлүүд

  1. Судруудын удирдамж, “Люсифер,” scriptures.lds.org.

  2. Эзра Тафт Бэнсон, “Beware of Pride,” Ensign, 1989 оны 5-р сар, 5.

  3. Discourses of Brigham Young, эмхэтгэсэн Жон А.Видцөү (1954), 72.

  4. Францис М.Гиббонс, Heber J. Grant: Man of Steel, Prophet of God(1979), 35–36-г үзнэ үү.

  5. Жишээлбэл, Дийтр Ф.Угдорф, “Та нар Түүнд чухал,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22; Гордон Б.Хинкли, “The Times in Which We Live,” Лиахона, 2002 оны 1-р сар, 86-г үзнэ үү.

  6. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 563.

  7. Teachings: Joseph Smith, 318-ыг үзнэ үү.

  8. Лайман И.Жонсон, Бригам Янгийн бичсэн нийтлэлд, Deseret News, 1877 оны 8-р сарын 15, 484.

  9. Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29.

  10. Эзра Тафт Бэнсон, “Do Not Despair,” Ensign, 1974 оны 11-р сар, 65.

  11. Эзра Тафт Бэнсон, “Do Not Despair,” 65–67-г үзнэ үү.

  12. Виллиам Каупэр, Орбэрт Андрьюзийн, The Concise Columbia Dictionary of Quotations-ны эмхэтгэлд, (1987), 78.