2017
Шинэ аялалд бэлдэх нь
April 2017


Шинэ аялалд бэлдэх нь

Зохиогч нь Бразилийн Паранад амьдардаг.

Нифай үл таних газар руу завиар аялж байсантай адил би ч бас гэр бүлтэй болох талаар Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэх хэрэгтэй байлаа.

Зураг
sail boat on the water

© Getty Images-ийн гэрэл зураг

Би гэрлэж, ариун сүмд лацдан холбуулахын өмнөх долоо хоногуудад шинэ гэр бүлтэй болохоосоо өмнө хийх хэрэгтэй олон зүйлийн талаар бага зэрэг тэвдэн сандарч эхлэв. Тухайн үед баяр баясгалантай байсан ч шинэ дэг жаяг тогтоох, санхүүгээ зохицуулах, эд зүйлсээ хадгалах агуулах олох гээд эхнэр хүний бүхий л үүрэг хариуцлагын талаар санаа зовниж байлаа. Хэдийгээр бид завгүй байсан ч зарлигуудыг сахих, эхнэр нөхрийн хувьд хамтдаа цагийг өнгөрүүлэх гэх мэтээр чухал үйл ажиллагаанд цаг зав гарган, гэрлэлтээ зөв замаар эхлүүлэхийг хүссэн юм.

Хуримын өдөр ойртох тусам гэр бүлд нөлөөлж болох янз бүрийн бэрхшээлийн талаар хар даран зүүдлэх болсондоо би гайхаж билээ. Би бие биенээ хайрладаг ч байнгын, хурц хэрүүл маргаантай, шархалсан зүрх сэтгэлээс болж цөхөрч ядарсан гэр бүлээс гаралтай болохоор хар дарсан зүүд маань бусад хүнтэй харьцуулахад надад илүү их нөлөөлж байв. Нэгэн шөнө би ийм зүүдийг хэд хэдэн удаа зүүдэлсний дараа хамаг бие маань хөлөрчихсөн сэрээд, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Нийл Ф.Марриот эгчийн “Зүрх сэтгэлээ Бурханд зориулах нь” (2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14–16) үгэндээ өгсөн зөвлөгөөг дагахаар шийдсэн юм. Би нүдээ аниад, “Тэнгэрлэг Эцэг минь, би энэ бүх муу зүйлээс гэр бүлээ хамгаалахын тулд юу хийж болох вэ?” гэж залбирав.

Хариулт нь хэн нэгэн хүн толгойд маань нэгэн бодол хийчихэж байгаа мэт маш хурдан, маш хүчтэй ирсэн юм. Намуухан, зөөлөн дуу хоолой “Хийх ёстой зүйлээ л хий. Алхам бүрдээ итгэлтэй бай” гэсэн сүнслэг өдөөлтийг надад өгсөн билээ. Сүнс надад тодорхой зөвлөгөө өгсөн бөгөөд тэрхүү зүйлийг хийх л юм бол бүх зүйл сайхан болно гэсэн мэдрэмж надад төрсөн юм.”

Би инээмсэглэсэн ба чээж маань халуу оргих мэт болов. Би энэ бүхэн үнэн гэдгийг мэдэж байсан учраас санааг маань зовоож байсан бүх зүйл гэв гэнэт замхран алга болсон юм. Би урьд нь Ариун Сүнсийг мэдэрч байсан ч гэлээ, хэзээ ч тэр шөнийнх шиг хүчтэй мэдэрч байгаагүй. Би Тэнгэрлэг Эцэгийн болоод Аврагчийн хайрыг эргэн тойрноосоо мэдэрч, гэр бүлийн маань амар тайван байдал, аврал миний хувьд ямар чухал байдгийн адил Тэнгэрлэг Эцэгт ч чухал гэдгийг мэдсэн.

Үүний зэрэгцээ Их Эзэний Нифайд усан онгоц барихыг зааварласан судрын түүх санаанд минь орж ирснээр илүү их итгэл өгсөн юм. “Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад ярьж, өгүүлсэн нь: Би чиний хүмүүсийг энэ усыг гаталгахын тулд, чамд миний үзүүлэх тэр жаягаар, чи усан онгоц барих болно хэмээв” (1 Нифай 17:8; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Нифай гэр бүлийн хамт аглаг буйдад олон жил амьдарч, бүхий л зовлон зүдгүүрийг амссан. Тэр далайг гатлах аяллыг эхлүүлэхээс айж, айдас нь итгэлийг нь дарж болох байсан. Гэвч тэр айгаагүй бөгөөд Бурханы зааврыг хүлээн авч, дагасан билээ. Тэр Бурханы өгсөн амлалтууд биелнэ гэдэгт итгэж байсан. Их Эзэн Нифайд шуурга болохгүй, давалгаа завийг нь нүдэхгүй гэж хэлээгүй. Харин Өөрийнх нь удирдамжийг дагавал далай дундуур гэр бүлийг нь эсэн мэнд гатлуулан, амлагдсан нутаг руу хүргэнэ хэмээн Нифайд хэлсэн юм.

Би ч гэсэн олон жил аглаг буйдаар аялсан ч яг одоо далайн өмнө зогсоод, гэрлэлт гэх шинэ аялалд бэлтгэж байгаагаа ухааран ойлгосон. Би өөрийгөө бүх хожмын үеийн гэгээнтэн гэр бүлийн адил Бурханы зааврын дагуу усан онгоц барихаар дуудагдсан гэж боддог.

Нөхөртэйгөө гэрлэсний дараа асуудлууд гарч билээ. Би өвдөж мөн санхүүгийн хувьд зохицуулж, дагахаар шийдсэн бүх сайн дадал хэвшлээ амьдралдаа суулгах гэж хичээв.

Гэхдээ тэр оройн хүлээж авсан зөвлөгөө зүрх сэтгэлд маань хоногшин үлдсэн юм. Бид өдөр бүр Бурханы үгнээс судалж, зүрх сэтгэлдээ нандигнаж, хайрт удирдагчдынхаа болон Христийн сайн үлгэр жишээг дагаж, зан чанараа сайжруулахыг хичээж байлаа. Би залбирлын талаар илүү хүчтэй гэрчлэлтэй болсон бөгөөд биднийг хайрлах Эцэгийн хайраас амссан. Мөн итгэл маань өсөж, айдас маань багассан. Бидний амссан зовлон бэрхшээл өсөлт хөгжил рүү хөтөлсөн шатууд байсан гэдгийг бид ухаарсан юм. Өнөөдөр манай гэр орон яг л бяцхан диваажинтай адил санагддаг.

Бид аяллынхаа эхэнд явж байгаа ч гэрлэж, гэр бүлтэй болох нь миний хийж байсан хамгийн зөв сонголт байв. Хүлээн авсан ариун сүмийн ёслолынхоо талаар бодоход мөн уг холболтыг Бурханы эрх мэдлээр хийлгэсэн гэж бодоход зүрх сэтгэл маань баяр баяслаар дүүрдэг. Би Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэр бүлийн ач холбогдол болон хийсэн гэрээнийхээ ариун нандин байдлын тухай илүү ихийг мэдэх тусам бусад гэр бүлд уг ёслолыг хүлээн авахад нь туслахыг төдий чинээ хүсдэг.

“Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн” (2 Тимот 1:7) учраас бид ирээдүйд юу болох талаар санаа зовох хэрэггүй гэдгийг би олж мэдсэн. Бид зүгээр л дуулгавартай байж, судруудаар болон орчин үеийн бошиглогчдын үгсээр дамжуулан өгсөн заавруудыг даган, илүү олон хувийн зааварчилгаа авахын тулд залбирах хэрэгтэй. Хэрэв бид эдгээр зүйлийг хийвэл, ямар ч саад бэрхшээл тулгарсан байлаа ч хайртай хүмүүс маань хожмын өдрүүд гэх далайгаар эсэн мэнд гаталж чадна.