2011
Гэрчлэл, гэрээ ба гэрч
2011 оны аравдугаар сар


Гэрчлэл, гэрээ ба гэрч

Мормоны Ном бол шинэ гэрээ, Шинэ Дэлхийгээс бүх дэлхийд хандсан шинэ гэрээ мөн гэдгийг би гэрчилж байна.

Зураг
Elder Jeffrey R. Holland

Аврагч болон Түүний сэргээгдсэн Сүмийн тухай ариун баталгаа намайг залуу байхдаа Мормоны Номыг унших үед ирсэн юм. Энэхүү ариун цэдгийг унших үед энэ ном үнэн гэдгийг Ариун Сүнс үгүйсгэх аргагүйгээр бодгальд минь шивнэдгийг би дахин дахин мэдэрсэн билээ.

Энэ номыг уншсан нь миний гэрчлэлийн эхлэл болсон. Энэ ном бол Бурхан амьд бөгөөд Тэр бол миний Тэнгэрлэг Эцэг, аз жаргалын төлөвлөгөө мөнх амьдралд миний төлөө зориулагдсан гэдгийг мэдсэн анхдагч эх сурвалж. Энэ ном Ариун Библи болон Сүмийн бусад жишиг бүтээлүүдэд намайг дуртай болгосон юм. Энэ нь Их Эзэн Есүс Христийг хайрлах хайрыг, Түүний энэрэнгүй нинжин сэтгэл хийгээд Түүний цагаатгагч золиослолын ач ивээл, агуу мөн чанарыг харж ойлгохыг надад заасан билээ.

Мормоны Ном нь Есүс бол Христ гэдгийн үнэн гэрч, бас нэгэн шинэ гэрээ болохыг би өөрөө мэдсэн учраас Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсныг би бас мэдсэн юм. Миний хуланц эцэг Сэргээлтийн эхний өдрүүдэд, “Ёс бус хүн үүн шиг ном бичиж чадахгүй; хэрэв энэ нь үнэн бус бөгөөд ийм ном бичихийг Бурхан түүнд зарлиг болгоогүй л бол сайн хүн ч ийм ном бичиж чадахгүй.”1

Өдгөө миний амьдралыг, амьдралын минь зорилгыг болон гэрчлэлийн бат бөх үндэс суурийг гүнзгий утга учиртай болгож буй гэгээрүүлэгч, ариусгагч бусад зүйлс миний анхны итгэл үнэмшил дээр нэмэгдээд байна.

Би Жаредын ахтай хамт далай тэнгисийг гатлан хөвөөгүй, Бенжамин хааны тэнгэр элчийнхтэй адил номлолыг сонсоогүй. Би Амилсан Их Эзэний шархны сорвиудад нифайчуудын адил гараа хүргэж үзээгүй, нэгэн бүхэл соёл иргэншил устгагдахыг хараад Мормон, Моронай хоёртой хамт уйлаагүй хүн. Гэвч энэ цэдгийн тухай миний гэрчлэл, хүмүүний зүрх сэтгэлд үүний авчирдаг амар амгалан нь Ариун Сүнсний шивнээгээр дамжуулан тэднийхтэй адил тод томруун гэрчлэлийг та нарт бас өгсөн. Би энэ номны тухай, Гурван гэрчтэй хамт тэнгэр элч Моронайг харсан юм шигээр, эсвэл Найман гэрчтэй хамт байж, алтан ялтсуудыг барьж үзсэн юм шигээр гэрчилж байна.

Хэрэв хүн Мормоны Ном болон энэ номын гэрчилдэг Их Эзэн Есүс Христийн бурханлаг мөн чанарыг баяртайгаар хүлээн авахгүй бол бидний хэн нь ч өнөө үед амар амгалан болоод тайтгарлыг бүрэн дүүрнээр олж, энэхүү хожмын үеийн ажилд бүрэн итгэлтэй болж чадахгүйг би гэрчилж байна. Мормон хамгийн хүнд үеүдийн нэгэнд Моронайд хэлсэн лүгээ адил би өнөөгийн хэцүү бэрх цагт: “Христэд итгэлтэй байгтун. … Дээр тэнгэрт хаан ширээндээ залардаг Бурхан Эцэгийн ач ивээл, түүний баруун гар талд залардаг бидний Их Эзэн Есүс болон түүний хүч … та нартай хамт үүрд мөнхөд байх болтугай (Moронай 9:25–26).

Мормоны Ном бол хүн төрөлхтөнтэй байгуулсан Христийн сүүлчийн агуу ариун гэрээ мөн. Энэ бол шинэ гэрээ, Шинэ Дэлхийгээс бүх дэлхийтэй хийсэн шинэ гэрээ мөн. Миний замаа гэрэлтүүлдэг гэрэл бол Түүний гэрэл. Түүний нигүүлсэл хийгээд агуу мөн чанар намайг бас та нарыг Түүний тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахад удирдан хөтөлдөг билээ.

Эшлэл

  1. Жорж Каннон, Андрю Женсоны хянан тохиолдуулсан “The Twelve Apostles-”д эш татжээ, The Historical Record, 6:175.

Библи, Мормоны Ном хоёр Христийн тухай гэрчилдэг, Грег К.Өүлсен