2011
Сайныг үйлдэх боломжууд
Луу 2011


Сайныг үйлдэх боломжууд

Хайр энэрлээрээ өөрсдийгөө болон өөрт буй зүйлсээ Бурхан болон Түүний ажилд золиослох хүмүүс Их Эзэний замаар бусдад материаллаг тусламж үзүүлэхэд хэрэгтэй болоод байна.

Хайрт ах эгч нар минь ээ, Их Эзэний хийсэн зүйлсийг болон Тэрбээр дэлхий дээрх ядуу, тусламж хэрэгтэй нэгэнд нь үйлчлэхийн тулд хийж байгаа зүйлсийг нь тэмдэглэж, хүндэтгэх нь миний захиасын гол зорилго юм. Тэрбээр тусламж хэрэгтэй болон туслахыг хүсч байгаа хүүхдүүддээ хайртай билээ. Мөн тусламж хэрэгтэй болон тусламжийн гараа сунгах хүүхдүүдээ адислахын тулд замуудыг бэлтгэсэн билээ.

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүд нь идэх хоол хүнс, биеэ халхлах хувцас, бие даасан амьдралаас ирэх сэтгэл хангалуун байдлын төлөө дэлхийн хаанаас ч гуйсан Тэрээр сонсдог юм. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүнийг энэ дэлхий дээр авчирснаас л хойш тийм гуйлтуудыг сонссоор ирсэн юм.

Та өөрийн амьдардаг газар болон дэлхийн хаана ч гэсэн хүмүүсийн тэрхүү хэрэгцээнүүдийг ойлгон таны зүрх сэтгэл тэднийг өрөвдөн энэрэх болно. Ажилд орохын тулд хичээж яваа нэгнийг хараад та туслахыг хүснэ. Бэлэвсэн эмэгтэйн гэрт очоод, түүнд хоол байхгүйг харахдаа та мөн адил өрөвдөн хайрлана. Газар хөдлөлтөнд нэрвэгдэж, галд шатсан гэрийнхээ нурангид уйлан суугаа хүүхдийн зургийг хараад таны зүрх сэтгэл өвдөнө.

Учир нь Их Эзэн тэдний уйлахыг сонсож, тэдний төлөөх таны өрөвч зөөлөн сэтгэлийг мэдэрдэг. Бүр цагийн эхлэлээс л Тэрбээр бусдад туслах арга замыг дагалдагч нартаа зааж өгдөг байсан юм. Тэрээр хүүхдүүдээ цаг зав, мөнгө хөрөнгө, өөрийгөө золиослон бусдад үйлчлэхэд түүнтэй нэгдэхийг урьдаг.

Түүний бусдад туслах арга зам нь тэр үед өргөлийн хуулиар амьдрах хэмээн нэрлэгддэг байж. Өөр нэгэн цаг үед энэхүү арга зам нь Нэгдсэн Журам гэж нэрлэгдсэн байжээ. Одоо бидний үед энэ нь Сүмийн халамжийн хөтөлбөр гэж нэрлэгддэг юм.

Ийнхүү нэр болон үйл явцууд нь хүмүүсийн хэрэгцээ, нөхцөлд тохируулан өөрчлөгдсөөр байдаг. Гэхдээ материаллаг тусламж хэрэгтэй тэдэнд туслах Их Эзэний арга зам нь, хайрын үүднээс өөрсдийгөө болон өөрсдөдөө байгааг Бурханд болон Түүний үйлсэд зориулахыг хүмүүсээс үргэлжид шаарддаг.

Тусламж хэрэгтэй хүмүүст туслах Түүний ажилд нэгдэхийг урьж бас зарлигласан билээ. Бид энэхүү зарлигийг дагах гэрээг баптисмын усанд орохдоо болон Бурханы ариун сүмүүдэд хийдэг. Бид ням гарагуудад ариун ёслолоос хүртсэнээр гэрээгээ шинэчилдэг.

Тусламж хэрэгтэй хүмүүст туслах Түүний бидэнд өгсөн зарим боломжуудын талаар тайлбарлах нь өнөөдрийн миний зорилго юм. Би энэ богино хугацаанд бүх боломжуудын талаар ярьж чадахгүй. Харин таны амлалтыг үйлдэл болгон хүчирхэгжүүлэх нь миний найдвар билээ.

Энэхүү ажилтай холбоотой Их Эзэний өгсөн урилгын талаар нэгэн дууг би бяцхан хөвгүүн байхаасаа дуулдаг байсан юм. Хүүхэд насандаа би хүчирхэг үгнүүдээс илүүтэйгээр аз жаргал, баяр баясалтай дууны аясад татагддаг байж билээ. Та нарыг энэ дууны үгсийг зүрх сэтгэлдээ мэдрэхийн төлөө би залбирч байна. Үгсийг нь дахин нэг сонсоцгооё:

Өнөөдөр би энэ дэлхийд ямар нэг сайн юм хийв үү?

Тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслав уу?

Уйтгар гунигт автсан хэн нэгнийг би хөгжөөж, хэн нэгнийг баярлуулав уу?

Хэрэв үгүй бол би үүргээ биелүүлээгүй хэрэг.

Миний ачаар

хэн нэгний ачаа дарамт өнөөдөр хөнгөрсөн үү?

Өвчтэй болон зовж зүдэрсэн хүмүүст зохих ёсоор тусалсан уу?

Тусламж хэрэгтэй газарт би байсан уу?

Тэнгэр дэх орд харшийг зүүдлэхээс өөрийг хий

Тэгвэл сэрээд илүү ихийг хий

Сайныг үйлдэх нь хүсэл, хэмжээлшгүй баяр баясал

Хайр болон хариуцлагын адислал.1

Их Эзэн бидэнд үргэлж сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо өргөж байдаг. Заримдаа энэ нь магадгүй тусламж хэрэгтэй хэн нэгнийг өрөвдөн хайрлах мэдрэмж байж болно. Эцэг хүн бүдэрч унаад өвдөгөө шалбалсан хүүхдийг хараад өрөвддөг. Харин эх хүн шөнө дунд хүүхэд нь айгаад уйлахыг сонсоод сэтгэл нь өвддөг. Хүү эсвэл охин нь сургууль дээрээ айн сандарч, гуниглаж яваа хэн нэгнийг хараад өрөвч зөөлөн сэтгэлийг үзүүлдэг.

Бидний ихэнх нь бүр танихгүй хэн нэгнийг хараад өрөвдөж, хайрладаг. Жишээлбэл: та нар Японд болсон газар хөдлөлтийн дараа хүчит далайн давалгаа Номхон далайн орнуудыг чиглэн явааг сонсохдоо хүмүүсийг гэмтэж бэртэх вий хэмээн санаа зовсон байх.

Та нарын маш олон нь Австралийн Квийнслэндэд болсон үерийн талаар сонсохдоо өрөвч зөөлөн сэтгэлийг мэдэрсэн байх. Мэдээгээр ихэнхдээ гачигдалтай байгаа хүмүүсийн тоог мэдэгдэж байсан. Харин та нарын олон нь тэдгээр хүмүүсийн зовлон шаналлыг мэдэрч байсан. Энэхүү сэрэмжлүүлгийн дуу хоолой 1500 гаруй Сүмийн гишүүнд хүрч, тэд Австрали уруу тусламж хэрэгтэй хүмүүст тусалж, тайтгаруулахаар сайн дураараа явсан билээ.

Тэд тэрхүү өрөвч зөөлөн сэтгэлээ Бурхантай хийсэн гэрээгээ сахих шийдвэр болгосон юм. Тусламж хүлээн авсан болон туслах боломжийг алдалгүй ашигласан хүмүүст ирдэг адислалуудыг би харсан юм.

Ухаалаг эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ амьдралд адислал авчрах бүх л тусламж хэрэгтэй хүмүүсийг анзаарч чаддаг. Саяхан гурван хүүхэд хоолны саван дотор амттай оройн хоол хийн манай урд хаалган дээр биднийг зорин ирж билээ. Тэдний эцэг эх бидэнд тусламж хэрэгтэйг мэдсэн бөгөөд бидэнд үйлчлэх боломжиндоо хүүхдүүдээ оролцуулсан юм.

Тэрхүү эцэг эх агуу үйлчлэлээрээ манай гэр бүлийг адисалсан. Хүүхдүүдээ бусдад туслах үйл явцад оролцуулах сонголтыг хийснээрээ тэд ирээдүйн ач зээ нартаа адислалыг авчирсан юм. Хүүхдүүд манайхаас явахдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулсон бөгөөд энэ нь надад тэдний ач зээ энэхүү үйлчлэлээр дамжуулан адислагдана гэсэн итгэлийг төрүүлсэн юм. Их Эзэнд өгсөн эелдэг үйлчлэлдээ мэдэрсэн баяр баяслаа тэд хүүхдүүддээ хэлэх болно. Хүүхэд насандаа би аавынхаа хэлснээр хөршийнхөө зэрлэгийг зулгааж туслахдаа мэдэрсэн аз жаргалын мэдрэмжийг үргэлж санадаг. Туслахаар дуудагдах бүхий л үедээ би “Үйлс нь сайхан билээ, миний Бурхан, миний Хаан” гэх дууны үгсийг санаж мөн үүнд итгэдэг билээ.2

Эдгээр үгс нь Хүндэтгэлийн өдөр Их Эзэнийг магтан дуулснаар ирдэг баяр баяслыг илэрхийлэхийн тулд бичигдсэн гэдгийг би мэднэ. Харин бидэнд оройн хоол авчирсан хүүхдүүд Их Эзэний ажлыг хийснээр ирэх баяр баяслыг ажлын өдрөөр ч мэдэрч байсан. Тэдний эцэг эх сайныг үйлдэх боломжийг олж харсан бөгөөд баяр баясгаланг хойч үеийнхэндээ дамжуулсан юм.

Ядарч зүдэрсэн хүмүүсийг халамжлах Их Эзэний арга зам эцэг эхчүүдэд хүүхдүүдээ адислах боломжийг олгодог. Би үүнийг нэгэн Ням гарагт сүмд харсан юм. Нэгэн бяцхан хүүхэд ариун ёслолын цуглааны өмнө сүмийн байр уруу орохдоо гэр бүлийнхээ өргөлийн дугтуйг бишопт өгсөн юм.

Би тэр хүүг болон түүний гэр бүлийн мэддэг байсан. Түүний гэр бүл тойргийнхоо тусламж хэрэгтэй нэгний талаар олж мэджээ. Хүүгийн эцэг урьд урьдынхаас арай илүү мацгийн өргөлийг төлөхдөө түүнд ийн хэлжээ. “Бид өнөөдөр мацаг барьж, тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө залбирсан. Энэ дугтуйг бидний өмнөөс бишопт өгөөрэй. Бишоп үүнийг биднээс илүү тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд өгнө гэдгийг би мэдэж байна.”

Бяцхан хүү тэр нэгэн ням гарагт өлссөн гэдгээсээ илүүтэйгээр тэрхүү өдрийн халуун дулаан хайрын мэдрэмжийг санах болно. Уг хөвгүүний инээмсэглэл болон дугтуйгаа чангаар атгасныг нь хараад би, гэр бүлийнхээ өргөлийг ядууд зориулан өгч байгаа аавынхаа өөрт нь тавьсан найдварыг мэдэрч байсныг нь би харж байлаа. Тэр дикон болох үедээ болон бүр үүрд мөнхөд тэр өдрийг санан дурсах болно.

Би үүнтэй адил баяр баяслыг хэдэн жилийн өмнө Айдаход Их Эзэнд тусалж байсан хүмүүсийн нүүрнээс харсан юм. 1976 оны 6-р сарын 5-ны бямба гарагт Тетон Дамд байгалын гамшиг болж, арван нэгэн хүн нас барсан юм. Мянга гаруй хүн хэдхэн цагийн дотор гэр орноо орхин явах хэрэгтэй болсон. Зарим гэр орон бүр үерээс болж сүйтгэгдсэн байлаа. Олон зуун байшинг эзэмшигчдийн боломжоос илүү хөрөнгө хөдөлмөрийг заран зассанаар л амьдарч болохуйц болгохоор байсан.

Энэхүү гамшигийн талаар сонссон хүмүүс гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг өрөвдөн хайрлаж, туслахыг хүссэн юм. Хөрш айлынхан болон бишоп, Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхийлөгч, чуулгын удирдагч, гэрийн багш болон айлчлагч багш нар хүмүүсийн эвдэж сүйтгэгдсэн орон гэрийг цэвэрлэх ажилд туслахын тулд гэр орон, ажил албаа орхин ирсэн юм.

Нэгэн хос үерийн дараахан амралтанд явчихаад Рэксбүргт буцаж ирээд байсан ба тэд гэрээ шалгахаар явсангүй. Харин хаана тусламж хэрэгтэй байгааг мэдэхийн тулд бишоп дээр иржээ. Бишоп тэдэнд тусламж хэрэгтэй гэр бүлийг зааж өгсөн юм.

Хэдэн өдрийн дараа тэд өөрсдийнхөө гэрийг шалгахаар явлаа. Гэр нь байхгүй байсан бөгөөд үерт автагдан арчигджээ. Тэд юу ч болоогүй мэт бишоп уруу буцаж очоод “Одоо бид яаж туслах вэ?” гэж асуусан юм.

Та хаана ч байсан гэсэн өрөвч зөөлөн сэтгэл аминч бус үйлдэл болон өөрчлөгдсөн гайхамшгийг харсан байгаа. Энэ нь магадгүй аймшигт байгалийн гамшигийн зорилго биш байж болно. Өөрсдийгөө болон гэр бүлээ тэтгэхээр ажлын боломж хайж буй ах эсвэл эгчийн хэрэгцээг нэгэн ах тайлбарлах үед би үүнийг санваарын чуулгад харсан юм. Би өрөвдөх сэтгэлийг мэдэрч байсан ч зарим нь ажил хэрэгтэй байгаа тэр хүнийг ажилд авч магадгүй хүмүүсийн нэрийг санал болгож байсан.

Санваартны чуулга дээр болон Айдаход үеэрт автагдсан байшингуудад тохиолдсон зүйлс нь тусламж хэрэгтэй тэднийг биеэ даахад нь туслах Их Эзэний арга зам байжээ. Бид өрөвч зөөлөн сэтгэлтэй, бид бусдад туслахын тулд Их Эзэний замаар хэрхэн үйлдэхээ мэддэг.

Бид Сүмийн халамжийн хөтөлбөрийн 75 жилийн ойг энэ жил тэмдэглэж байна. Энэхүү хөтөлбөр нь анх Эдийн засгийн их уналтын үеэр ажил хөдөлмөр, аж ахуй, бүр гэр орноо хүртэл алдсан хүмүүст туслах зорилгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан юм.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд байсан мөн ирээдүйд ч байх тоо томшгүй материаллаг хэрэгцээ нь бидний үед ч мөн адил байсаар байна. Сүмийн халамжийн хөтөлбөрийн үндсэн зарчмууд нь зөвхөн нэг удаад, нэг газарт зориулагдсан зүйл биш юм. Эдгээр нь бүх цаг үед, бүх газруудад зориулагдсан.

Эдгээр зарчмууд нь сүнслэг бөгөөд мөнхийн юм. Энэ шалтгааны учир эдгээрийг ойлгож мөн зүрх сэтгэлдээ суулгах нь Их Эзэний хүссэн бүх цаг үед болон газарт туслах боломжийг олж харан, хэрэгжүүлэх явдлыг бидэнд боломжтой болгож өгдөг.

Их Эзэний замаар туслахыг хүсэхэд, бусдаас тусламж авах үед намайг удирдан чиглүүлдэг зарим зарчмуудыг би хуваалцъя.

Нэгдүгээрт: хүн бүр өөрсдийгөө болон гэр бүлээ тэтгэн тэжээж, бусдыг анхааран халамжлах үедээ илүү их аз жаргал, итгэлтэй байдлыг мэдэрдэг. Хэрэгцээгээ хангахад маань тусалсан хүмүүст би талархаж явдаг. Намайг биеэ даахад тусалсан хүмүүст би жил ирэх тусам улам их баярладаг. Мөн тэгээд өөртөө илүү байгаа зүйлийг бусдад туслахын тулд яаж ашиглахыг зааж өгсөн тэр хүмүүст би хамгийн ихээр талархдаг.

Бусдад өөртөө илүү байгаа зүйлсээ өгнө гэдэг нь олдог орлогоосоо багыг зарцуулах гэсэн үг гэдгийг би суралцсан юм. Энэ нь үнэхээр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй еэ гэсэн үг болохыг би ойлгосон юм. Бид Их Эзэний замаар бусдад тусламжийн гараа сунгахад Тэрбээр биднийг адисалдаг учраас шударга юм.

Ерөнхийлөгч Марион Ж.Ромни халамжийн ажлын талаар “Та нар өөрсдөө ядуу болтлоо бусдад өгнө гэж хэзээ ч байхгүй” гэж хэлжээ. Тэгээд тэрээр номлолын ерөнхийлөгч Мелвин Ж.Баллардын хэлсэн үгнээс ийн иш татлаа: “Хүмүүн нь, оронд нь бүтэн талх хүлээн авахгүйгээр Их Эзэнд талхны гадаргыг өгнө гэж байхгүй.”3

Энэ нь үнэн болохыг би өөрийн амьдралаасаа олж мэдсэн юм. Би Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд өгөөмөр хандахад Тэр ч мөн адил надад өгөөмөр ханддаг.

Халамжийн ажлыг хийхэд намайг удирдан залдаг хоёр дахь сайн мэдээний зарчим бол эв нэгдлийн хүч болон адислалууд юм. Бид тусламж хэрэгтэй хүмүүст туслахаар тусламжийн гараа нэгтгэхэд Их Эзэн бидний зүрх сэтгэлийг нэгтгэдэг. Ерөнхийлөгч Бага Ж.Рюбен Кларк ийнхүү хэлсэн юм. “Тусламжийн ногооны талбайд эсвэл өөр төсөл дээр мөр зэрэгцэн ажилласан янз бүрийн мэргэжил, туршлагатай эрчүүд ах дүүсэг нийтэч байдлыг бусдад тусалснаар мэдэрдэг”4

Ийм халуун дулаан мэдрэмж нь тусламж хүлээн авч байгаа болон өгч байгаа аль алинд нь мэдрэгддэг юм. Рексбург дэх гэрийнх нь гаднах шаврыг хамт хүрздэн цэвэрлэж байсан тэр ах өдийг хүртэл надтай ойр дотно сэтгэлийг мэдэрдэг юм. Мөн тэр залуу өөрийнхөө төлөө болон гэр бүлийнхээ төлөө хийж дуусгасан ажилдаа маш ихээр сэтгэл хангалуун байсан. Хэрвээ бид тусдаа ганц ганцаараа ажилласан бол бид хоёр хоёулаа сүнслэг адислалыг алдах байсан.

Энэ нь халамжийн ажлын гурав дахь зарчим уруу хөтөлж байна. Хийх үйлчлэлдээ гэр бүлийнхнээ оролцуулвал тэд бусдыг анхааран халамжилдаг шигээ бие биеэ ч мөн адил хайрлан халамжлах болно. Гачигдалтай хүмүүст үйлчлэхээр та нартай хамт ажиллаж байгаа охид хөвгүүд чинь өөрсдөө хэрэгцээтэй болсон үедээ бие биедээ илүү ихээр туслах болно.

Би бишоп байхдаа Сүмийн халамжийн талаарх дөрөвдэх үнэт зарчмыг сурч байсан бөгөөд энэ нь ядуу зүдүү нэгнийг эрж хайж олох сүнслэг зарлигийг дагаснаар ирсэн юм. Ганцаараа, бүр гэр бүлээрээ хийж чадах бүхнээ хийсний дараа ч тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг хайж олж, туслах нь бишоп хүний үүрэг юм. Ядуу зүдүү нэгнийг “эрэлхийл тэгвэл та нар олох болно”5 гэх үгсийг боломжтой болгохоор Их Эзэн Ариун Сүнсээ илгээдэг гэдгийг би олж мэдсэн. Тэрбээр үнэнийг эрж олоход ч мөн адил ийн үйлддэг. Мөн би Нийгмийн Халамжийн Ерөнхийлөгчийг энэхүү эрж хайх ажилдаа оролцуулах хэрэгтэй гэдгийг сурсан юм. Тэр бүр таниас ч өмнө илчлэлт хүлээн авсан байж магадгүй.

Ирэх саруудад та нарын заримд нь тэрхүү удирдамж хэрэг болж магад. Сүмийн халамжийн хөтөлбөрийн 75 жилийн ойг тохиолдуулан дэлхий даяарх сүмийн гишүүдийг нэг өдрийн үйлчлэлд нэгдэхийг урьсан юм. Удирдагчид болон гишүүд энэхүү төслийн чиг хандлагыг тодорхойлохын тулд илчлэлтийг эрэлхийлэх хэрэгтэй болно.

Би үйлчлэлийн төслөө боловсруулахад тань туслах гурван зөвлөгөөг та бүхэнд өгье.

Нэгдүгээрт: өөрийгөө болон сүнслэгээр удирдаж буй хүмүүсээ бэлтгэ. Аврагчийн цагаатгалаар зүрх сэтгэл нь зөөлөрсөн хүн л энэхүү төслийн зорилго нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн амьдралыг сүнслэг болон материаллаг байдлаар аль алинаар нь адислах гэдгийг тод томруунаар харж чадна.

Миний хоёр дахь санал бол үйлчлэн тусалж байгаа тэдний зүрх сэтгэлийг хөндөх тийм хэрэгцээтэй хүмүүсийг, үйлчлэлийнхээ хүлээн авагчаар сонгоорой. Тэдний үйлчилж байгаа хүмүүс тэдний хайрыг мэдрэх болно. Зөвхөн материаллаг тусламжнаас илүүтэйгээр үйлчилж буй хүмүүстээ үзүүлж буй тэдний хайр нь баяр баясгаланг авчирдаг юм.

Гэр бүл, чуулга, туслах бүлгүүд болон эргэн тойронд тань байгаа хүмүүсийн эв нэгдэл, хоорондын холбооны хүчийг ашиглах нь миний өгөх сүүлийн зөвлөгөө юм. Эв нэгдлийн мэдрэмж нь таны хийж буй үйчлэлүүдийн сайн нөлөөг улам нэмэгдүүлдэг юм. Гэр бүл, Сүм, амьдарч байгаа газарт тань орших эв нэгдлийн мэдрэмж нь улам өсөн нэмэгдэж, төсөл дууссан хойно ч олон жилийн турш оршсоор байх дуусашгүй өв хөрөнгө болон үлдэнэ.

Энэ нь та нарт ямар их талархаж байгаагаа илэрхийлэх надад олдсон боломж юм. Таны тусалсан хүмүүстэй би уулзахад тэд надад Их Эзэнд өгсөн халуун дулаан үйлчлэлийн тань хариуд талархал илэрхийлж байсан юм.

Та нар Их Эзэний замаар тэдэнд туслахдаа тэднийг илүү их аз жаргалтай болгох арга замыг олж харсан. Та нар өгөөмрөөр бусдад тусалж, харин та нарын тусалсан хүмүүс надад хэмжээлшгүй ихээр баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм.

Та нартай хамт хөдөлмөрлөсөн тэр л хүмүүсээс би мөн адил баярлаж талархсан сэтгэлийг хүлээн авсан. Би Ерөнхийлөгч Езра Тафт Бенсоны хажууд зогсож байсан тэр нэгэн цаг үеийг санадаг. Бид Их Эзэний сүм дэх халамжийн үйлчлэлийн талаар ярилцаж байлаа. Тэрээр “Би энэ ажилд хайртай, энэ бол үнэхээр ажил” гэж залуу хүний эрч хүчтэйгээр, гараа атган хэлэхэд миний гайхширал төрж билээ.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн төлөө үйлчилсэнд тань Их Эзэний өмнөөс талархал илэрхийлье. Тэрбээр биднийг мэддэг бөгөөд Тэр бидний хичээл зүтгэл, золиослол, хүч хөдөлмөрийг хардаг юм. Их Эзэний өмнөөс үйлчилсэн тэрхүү хүмүүсийнхээ баяр баяслаас хөдөлмөрийнхөө үр шимийг харах адислалаар Тэрбээр та нарыг адислахын төлөө би залбирч байна.

Бурхан Эцэг амьд бөгөөд бидний залбирлыг сонсдог гэдгийг би мэднэ. Есүс бол Христ гэдгийг би мэднэ. Та болон таны үйлчилж буй хүмүүс Түүнд үйлчилж, Түүний зарлигуудыг дагаснаараа цэвэршин, хүчирхэгжих болно. Иосеф Смит бол үнэн бөгөөд амьд Сүмийг сэргээхээр дуудагдсан Бурханы бошиглогч байсан гэдгийг та нар миний адилаар Ариун Сүнсний хүчээр мэдэх боломжтой. Ерөнхийлөгч Томас С.Монсон бол Бурханы амьд бошиглогч гэдгийг би гэрчилж байна. Тэр бол Их Эзэний хийсэн зүйлсийн агуу жишээ юм: Тэрбээр сайныг хийхээр замнаж байсан. Бид “доош унжсан гарнуудыг өргөж, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгох” боломжийг алдалгүй хэрэгжүүлэхийн төлөө би залбирч байна.6 Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэл

  1. “Өнөөдөр би энэ дэлхийд ямар нэг сайн юм хийв үү?” (Hymns, no. 223).

  2. “Sweet Is the Work,” Hymns, no. 147.

  3. Марион Ж.Ромни “Welfare Services: The Savior’s Program,” Ensign, 1980 оны 11-р сар, 93.

  4. Бага Ж.Рюбен Кларк, Conference Report, 1943 оны 10-р сар, 13.

  5. Матай 7:7–8; Лук 11:9–10; 3 Нифай 14:7–8-г үз.

  6. Сургаал ба Гэрээ 81:5.