2010
Ариун сүм хэрхэн тусалдаг вэ
2010


Ариун сүм хэрхэн тусалдаг вэ?

Хүүхэд хүмүүжүүлэх нь санаанд оромгүй сорилт бэрхшээл бас олон адислал авчирдгийг эцэг эх бүр мэддэг. Эцэг эхчүүд мөнхийн үүрэг зорилготойгоо мэдсэн үед агуу итгэл найдварын хамт үүрэг хариуцлага үүрдгийг нөхөр бид хоёр ойлгосон юм.

Мэдээж хэрэг Их Эзэн бидний ачааг хөнгөлөх сүнсний урамшууллыг өгдөг. Манай гэр бүлийн хувьд сүнсний тийм агуу урамшуулал бол хүүхдүүд маань өсч, амьдрал улам ээдрээтэй болсон үед Түүний тусламжийг авахаар Их Эзэний өргөөнд орсоор байгаа явдал мөн. Ямар ч асуудлыг Их Эзэнд даатгаж, Түүний ариун сүмд авч очиж болдгийг бид ойлгосон.

Хүүхдүүд маань өсвөр насанд хүрэхдээ ноцтой алдаа гаргаж болохыг бид ойлгосон юм. Магадгүй хамгийн их санаа зовоосон, айдас төрүүлэм зүйл бол бид хийх ёстой бүхнээ хийсэн ч бидний өмнө аюулын дохио байсаар байдгийг мэдсэн явдал юм.

Дараа нь бид зөвийг сонгоход хүүхдүүддээ туслах бидний хүч чармайлтын чухал элемент бол ариун сүмийн шүтлэг мөн гэдгийг ойлгосон. Бид хүүхдүүдийнхээ төлөө мацаг барьж, залбиран, ариун сүмд орсноос агуу хүч чадал, адислалыг олдог билээ. Бид хувиараа бэлтгэхийн төлөө, ариун сүмд орохын өмнө зөв бодол санаа, зан төлөвтэй байхын төлөө залбирдаг. Бид ариун сүм дотор байхдаа эцэг эхийн үүргийнхээ талаар, аль нэг хүүхдийнхээ хэрэгцээний тухай зохих ёсоор тунгаан бодох хэрэгтэй.

Заримдаа хариу нь тэр дороо, тодорхой ирдэг. Ийнхүү хариу анх удаа ирэхэд бид үүнийг санаандгүй тохиолдол болов уу гэж бодож мэднэ. Гэвч удалгүй энэ нь чухамдаа тэнгэрийн адислалыг доош авчирсан үйл явц болох нь тодорхой болдог.

Зарим үед хариу нь хүүхдүүдийн маань амьдралд бусад хүмүүс нөлөөлснөөр, жишээ нь коллежийн насны охинд маань хүнд хэцүү хямралын үед нь хайр энэрлээр дүүрэн бишоп тусалснаар ирсэн. Бусад хүүхдүүд ч ийм байдлаар адислагдсан. Хүүхэд бүр сонгох эрхтэй. Иймээс тэд бидний бодсоноор хариулахаар сонгохгүй байж болно. Гэхдээ ариун сүм дэх үйлчлэл хүүхдүүдийн маань амьдралд тэнгэрийн тусламжийг авчирсан билээ.

Ариун сүмийн шүтлэг бишрэлийн ачаар хүүхдүүдэд маань олон адислал ирсэн юм. Нэг удаа манай нөхөр ажил дээрээ учир битүүлэг нэг асуудалтай тулгараад, уг асуудлыг ариун сүмд авч очихоор шийдсэн юм. Тэр өдөр түүний асуултанд нэг судар хариулж чадна гэсэн сэтгэгдлээр Их Эзэн нөхрийг минь адисалсан билээ.

Тэр гэртээ ирээд анхаарлаа төвлөрүүлэн судруудыг нээж үзэн, асуудалдаа тусламжийг олсондоо баяртай байлаа. Энэ туршлага судруудыг амьдралдаа хэрэглэх цоо шинэ арга барилыг бий болгосон юм. Бидэнд тохиолддог асуудал бэрхшээлийн хариуг агуулдаг судруудыг Их Эзэн бидэнд сануулснаар Тэрээр хүүхдүүддээ хандан ярьж болно. Ариун сүмд орсноор мэдсэн энэ зарчимд бид талархалтай байдаг.

Нүгэл хилэнцээр дүүрэн, Сатан гэр бүлүүдийг сүйрүүлэхийн тулд дураараа дургиж байгаа дэлхийд бид Их Эзэний өргөөнд очиж, удирдамж эрэлхийлж болохыг мэдэх нь тайтгаруулагч нөлөөтэй юм. Бид гэр бүлдээ анхаарал халамж тавих үед ямар асуудал бэрхшээл тохиолддогийг үл хайхран, ариун сүмээс хамгаалалт, тайтгарлыг эрснээр баяр баяслыг олдог билээ.