2000–2009
Ай санагтун, санагтун
2007 оны 10-р сар


Ай санагтун, санагтун

“Ай санагтун, санагтун” хэмээн Мормоны Номон дахь бошиглогчид олонтоо хүссэн.1 Бурханы өгөөмөр сэтгэлийг санаж, таньж мэдэх арга замыг олохыг та нарт ухуулах нь миний зорилго юм.

Би өнөө өглөөний Аврагчийн тухай шууд нэвтрүүлэгт оролцсон найрал дуучдад талархаж байна. Мөн би тэдний дуулсан дуунуудын нэг болох ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын зохиосон “This is the Christ” хэмээх дууны үгийг харсандаа баяртай байна. Намайг Ньювэлл ахын дэргэд сууж байхдаа түүнд ойртон, “Хүүхдүүд чинь сайн уу?” хэмээн асуухад тэр “Ерөнхийлөгч Фауст энэ сандалд суухдаа үргэлж тэгж асуудаг байсан” хэмээн хэлж билээ. Үүнд гайхах юм огтхон ч байхгүй, учир нь ерөнхийлөгч Фауст бол үргэлж л өнөөдрийн Хөгжимт өгүүлэмж дээр дүрсэлсэн шавь хүний төгс үлгэр жишээг үзүүлдэг байсан. Би өсөж том болоод ерөнхийлөгч Фаусттай адилхан болох юмсан гэсэн мэдрэмжийг үргэлж мэдэрдэг байсан. Одоо ч цаг байгаа байх.

Хүүхдүүдээ бага байхад би өдөр бүрийн тохиолдсон зүйлсийн талаар цөөн зүйлийг бичиж эхэлсэн юм. Хэрхэн эхэлснээ би та нартай хуваалцъя. Би сүмээс нэлээд оройтож гэртээ ирсэн юм. Бүр харанхуй болсон байлаа. Би гэрийнхээ хаалга руу алхаж явахдаа манайхтай ойролцоо амьдардаг хадам аавыгаа хараад цочив. Тэр мөрөн дээрээ хэдэн төмөр хоолой үүрчихсэн, ажлынхаа хувцсыг өмсчихөөд их л яаруу алхаж байв. Би түүнийг манай эзэмшил газар луу доогуур урсах булгаас ус татах төхөөрөмж суурилуулж байсныг мэдэж байсан.

Тэр инээмсэглэн, намуухан яриад, ажилдаа гарахаар харанхуйн дундуур намайг орхин яаран явсан юм. Би түүний бидний төлөө хийж байгаа зүйлийн талаар бодонгоо хэд алхаж, хаалган дээрээ ирэнгүүт оюун бодолд минь минийх бус нэгэн дуу хоолой “Би энэ туршлагыг зөвхөн чиний төлөө өгөөгүй. Тэдгээрийг бичээд ав” гэхийг сонсож билээ.

Би гэртээ ороод, орондоо орсонгүй. Хэдийгээр би ядарч байсан ч хэдэн ширхэг цаас аваад бичиж эхлэв. Тэгж байхдаа би оюун бодолдоо сонссон тэрхүү захиасыг ойлгосон юм. Би Бурханы мутар манай гэр бүлийг адисалж байгааг хэрхэн харсан тухайгаа ирээдүйд хэзээ нэгэн өдөр унших хүүхдүүддээ зориулж бичих ёстой байлаа. Өвөө нь бидний төлөө хийж байгаа энэ ажлаа заавал хийх албагүй байв. Тэр өөр нэгнээр хийлгэх юм уу бүр огт хийхгүй байсан ч болох байсан. Гэвч тэр Есүс Христийн гэрээт шавь нар үргэлж хийдэг байсан тийм замаар бидэнд буюу өөрийнхөө гэр бүлд үйлчилсэн. Би үүнийг үнэн гэдгийг мэдэж байсан. Тиймээс би үүнийг бичсэн. Тэгснээр хүүхдүүд маань хэрэгтэй үедээ хэзээ нэгэн өдөр энэ тухай дурсаж байх болно.

Олон жилийн турш би өдөр бүр хэдэн мөр бичдэг байлаа. Би хэчнээн их ядарсан эсвэл маргааш нь хэчнээн эрт босох ёстой байсан ч хамаагүй нэг ч өдөр алгасаж байгаагүй. Би бичиж эхлэхээсээ өмнө “Би өнөөдөр биднийг буюу хүүхдүүдийг маань, болон гэр бүлийг маань адисалж буй Бурханы мутрыг харсан уу?” хэмээх асуултыг тунгаан боддог байсан. Үүнийг үргэлжлүүлэн хийж байхад нэгэн зүйл тохиолдож эхэлсэн юм. Би тухайн өдрийнхөө талаар эргэн бодох үедээ, завгүй өнгөрүүлсэн цаг мөчүүд дунд анзаарч харж амжаагүй, бидний хэн нэгний төлөө Бурханы хийсэн зүйлсийн нотолгоог олж хардаг болсон. Энэ нь удаа дараа тохиож байсан ба би санахыг хичээснээр Бурхан надад юу хийснээ үзүүлэх боломжийг олгож байсныг анзаарч билээ.

Зүрх сэтгэл маань талархлаар бялхаж эхэлсэн юм. Гэрчлэл минь өсөж байв. Би Тэнгэрлэг Эцэг залбирлуудыг маань сонсож мөн хариулдаг гэдэгт илүү их итгэх болсон. Би Аврагч Есүс Христийн Цагаатгалын улмаас ирдэг зүрх сэтгэлийн уярал, ариусалд илүү их талархах сэтгэлтэй болсон. Ариун Сүнс бидэнд бүгдийг, тэр бүү хэл тухайн үед анзаараагүй, анхаарлаа хандуулаагүй өнгөрүүлсэн зүйлсийг ч сануулах боломжтой гэдэгт би илүү итгэлтэй болсон юм.

Цаг хугацаа өнгөрч, хөвгүүд маань нас биед хүрэв. Заримдаа тэдний нэг нь “Аав, би тэмдэглэл дээрээс … -ны талаар уншиж байхдаа …” гэж ярьж мөн олон жилийн өмнө тохиолдсон зүйлийн талаар уншаад, Бурхан тэр өдөр өөрийнх нь төлөө юу хийснийг анзаарч харахад нь хэрхэн тусалсныг хэлэх болно.

Бурханы өгөөмөр сэтгэлийг санаж, таньж мэдэх арга замыг олохыг та нарт ухуулах нь миний зорилго юм. Энэ нь бидний гэрчлэлийг өсгөх болно. Та нар өдрийн тэмдэглэл хөтлөхгүй байж болно. Бичиж тэмдэглэсэн зүйлсээ өөрсдийн хайртай болон үйлчилдэг хүмүүстэй хуваалцахгүй ч байж болох юм. Гэвч Их Эзэний хийсэн зүйлсийг санаснаар тэд болон та нар өөрсдөө адислагдах болно. Бидний заримдаа дуулдаг “Адислал бүрээ тоол. Нэг нэгээр тоолж үз. Бурханы хийснийг ухааран та биширнэ”2 гэсэн дууг та нар санаж байгаа байх.

Аливааг санах нь амар хялбар биш. Бид нүднийхээ өмнүүр хөшигтэй буюу өмнөх амьдралынхаа талаар дурсах зүйлгүй амьдардаг учраас мөнх бус байдлын өмнөх дэлхийд Тэнгэрлэг Эцэгтэйгээ болон Түүний Хайртай Хүү Есүс Христтэй хамт байх нь ямар байсныг санаж чаддаггүй төдийгүй бие махбодын нүдээр юм уу зөвхөн учир шалтгааны үүднээс амьдралд маань оролцож байгаа Бурханы мутрыг олж харж чаддаггүй. Ийм зүйлсийг харахад Ариун Сүнстэй байх шаардлагатай. Энэ ёс бус дэлхийд Ариун Сүнстэй нөхөрлөхүйц зохистой байх нь тийм ч амар биш.

Тийм ч учраас Бурханыг мартах нь дэлхийн үүслээс эхлээд Түүний хүүхдүүдийн дунд байнгын бэрхшээл болсоор ирсэн. Бурхан хүүхдүүдээ маннагаар хооллож, гайхамшигтай бөгөөд бодит арга замаар удирдан хамгаалж байсан Мосегийн үеийг бод. Бошиглогчид үргэлж сэрэмжлүүлж байсан, цаашид ч сэрэмжлүүлсээр байх бөгөөд ихээхэн адислал хүлээн авч байсан хүмүүст ч гэсэн “Өөрийгөө анхаарч, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартахгүй байж, амьдралын чинь бүх өдрүүдэд тэдгээр нь зүрхнээс чинь замхрахгүй байхын тулд”3 хэмээн сэрэмжлүүлж байсан.

Санах гэдэг нь элбэг дэлбэгээр адислагдаж байсан хүмүүсийн хувьд үргэлж хамгийн хэцүү зүйл байсаар ирсэн. Бурханд итгэлтэй хүмүүс хамгаалагдаж, өсөн дэвждэг. Энэ нь Бурханд үйлчилж, Түүний зарлиг тушаалуудыг сахисны үр дүнд ирдэг. Гэвч эдгээр адислалтай хамт эх үүсвэрээ мартах уруу таталт ирдэг. Адислалууд нь бидний хамааралтай Бурханы хайраар биш, бидний өөрсдийн хүч чадлаар ирсэн хэмээн мэдэрч эхлэх нь амархан байдаг юм. Бошиглогчид энэхүү гасланг дахин дахин давтаж байсан.

“Мөн хүмүүний үрс ямар хуурамч, мөн түүнчлэн зүрх сэтгэл нь тогтворгүй болохыг бид тийн болгоож чадах буюу; тийм ээ, Их Эзэн өөрт нь найдлага тавьдаг тэднийг хэмжээлшгүй агуу сайн сайхнаараа адисалж мөн дэгжүүлэхийг бид харж чадна.

Тийм ээ, мөн тэрээр өөрийн хүмүүсийг дэгжүүлэх чухам үед, тийм ээ, талбайг нь, бог болон бод малыг нь, мөн алт, мөн мөнгө, мөн бүх төрлийн мөн янз бүрийн уран хийц бүхий үнэт зүйлсийг зүйл бүрээр нь нэмэгдүүлэхэд; амийг нь хэлтрүүлж, мөн тэднийг дайснуудынх нь гараас чөлөөлөхөд; тэдний эсрэг дайн зарлахгүй байлгахын тулд дайснуудынх нь зүрхийг зөөллөхөд; тийм ээ, эцэст нь өөрийн хүмүүсийн сайн сайхан болон аз жаргалын төлөө бүх зүйлийг тэрээр хийхэд; тийм ээ, тэгэхэд тэд зүрх сэтгэлээ хатууруулж, мөн Их Эзэн Бурханаа мартаж, мөн Ариун Нэгэнийг хөл дороо дэвсэлдэг тийм цаг үе байдгийг бид харж болох бөлгөө---тийм ээ, мөн энэ нь тэдний амар хөнгөн амьдрал, мөн тэдний үлэмж агуу дэгжлийн учир бөлгөө.”

Тийм ээ, бардамналд хөөрөхдөө хичнээн хурдан бэ; тийм ээ, сагсуурахдаа, мөн алдас болох түүний бүх төрлийг хийхдээ хичнээн хурдан билээ; мөн Их Эзэн Бурханаа санахдаа, мөн түүний зөвлөмжүүдэд чих тавихдаа хичнээн удаан, тийм ээ, мэргэн ухааны замуудаар алхахдаа хичнээн удаан билээ!”4 хэмээн бошиглогч хэлсэн.

Харамсалтай нь, өсөн дэгжиж, чинээлэг байх нь Бурханыг мартах цорын ганц шалтгаан биш. Мөн амьдрал маань буруугаар эргэх үед Түүнийг санахад хэцүү байж болно. Олон хүний адил бид гачигдал зовлон туулахаар хичээх үед болон дайсан бидний эсрэг давамгайлах үед эсвэл өвчин зовлон эдгэрэхгүй байх үед бодгалийн маань дайсан Бурхан тэнд байдаггүй эсвэл байдаг юм гэхэд биднийг халамжилдаггүй гэсэн хилэнцэт санаагаа илгээж болно. Тиймээс нялх байхаас маань эхлээд бүхий л амьдралын турш Их Эзэний өгсөн адислалуудыг хүнд бэрх цаг үед маань бидэнд сануулахад Ариун Сүнсний хувьд хэцүү байж магадгүй.

Бурханыг болон Түүний адислалуудыг мөн Түүний бидэнд өгсөн захиасыг мартах муухай эмгэг өвчнийг анагаах энгийн эмчилгээ бий. Есүс Христ цовдлуулж мөн амилж, дараа нь шавь нараасаа холдон, Эцэг рүүгээ сүр жавхлантай одох гэж байхдаа тэдэнд үүнийг амласан. Тэд Түүнийг өөрсөдтэй нь цаашид хамт байхгүй үед хэрхэн тэвчиж амьдрахаа мэдэхийн тулд санаа зовж байв.

Тэрхүү амлалт нь энэ байна. Энэ нь тэр үед тэдний хувьд биелсэн. Мөн өнөө үед бидний хувьд биелж болно.

“Би та нартай хамт байхдаа үүнийг хэллээ.

Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.”5

Гэрчлэлийг авчирч, хадгалдаг санах түлхүүр бол Ариун Сүнсийг хамтрагчийн хувиар хүлээн авах явдал юм. Бурханы бидний төлөө хийсэн зүйлсийг харахад бидэнд тусалдаг хүн нь Ариун Сүнс билээ. Хүмүүсийн төлөө Бурханы хийсэн зүйлсийг харахад бидний үйлчилдэг хүмүүст тусалдаг хүн нь Ариун Сүнс билээ.

Тэнгэрлэг Эцэг бидэнд Ариун Сүнсийг ганцхан удаа биш, харин өдөр тутмын амьдралынхаа бужигнаан дунд үргэлжлүүлэн хүлээн авах энгийн хэв маягийг өгсөн. Тэрхүү хэв маяг нь ариун ёслолын залбиралд давтагддаг бөгөөд бид Аврагчийг үргэлж санана хэмээн амладаг. Бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авах амлалтыг өгдөг. Бид Түүний зарлигуудыг сахихаа амладаг. Хэрэв бид эдгээрийг хийвэл үргэлж Түүний Сүнстэй хамт байна гэсэн амлалтыг хүлээн авдаг.6 Эдгээр амлалт гайхалтай арга замаар бидний гэрчлэлийг хамтдаа хүчирхэгжүүлэхээр мөн биднийг өөрсдийн амлалтыг биелүүлэх үед Цагаатгалаар дамжуулан төрөлх чанарыг маань өөрчлөхөөр цаг хугацааны явцад биелэгддэг.

Биднийг хайрладаг мөн биднийг гэр бүлээрээ Өөртэй нь хамт амьдрах мөнх амьдралыг хүлээн аваасай хэмээн хүсдэг Тэнгэрлэг Эцэгийн Хайртай Хүү Есүс Христийг гэрчилдэг нь Ариун Сүнс юм. Бид тэрхүү гэрчлэлийг олж авч эхлэх үедээ Түүнд үйлчлэх, зарлигуудыг нь дагах хүсэлтэй болж байгаагаа мэдэрдэг. Бид үүнийг тууштай үйлдэх үедээ бидний үйлчлэлд хүч өгөх Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Бид Бурханы мутрыг илүү тодорхой, яваандаа зөвхөн Түүнийг санах биш, харин Түүнийг хайрлаж, Цагаатгалаар дамжуулан Түүнтэй илүү адил болох хүртэл тодорхой харж эхэлдэг.

“Гэвч Бурханы тухай юу ч мэдэхгүй, сүнслэг туршлагын ямар ч дурсамж байхгүй гэж хэлэх хүний хувьд энэхүү үйл явц хэрхэн эхлэх вэ?” хэмээн та нар асууж болох юм. Хүн бүрд өөрсдөө ч анзаараагүй байж болох сүнслэг туршлага байдаг. Хүн бүрийг энэ дэлхийд ирэх үед Христийн Сүнс өгөгддөг. Уг сүнс хэрхэн ажилладгийг Моронайн номонд ийнхүү дүрсэлсэн.

“Учир нь болгоогтун, Христийн Сүнс хүн бүрд тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг, иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье; учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно.

Гэвч хилэнцтийг хийхийг мөн Христэд үл итгэхийг, мөн түүнийг үгүйсгэхийг, мөн Бурханд эс үйлчлэхийг хүмүүнд ятгах юуг боловч, тэгвэл та нар энэ нь чөтгөрөөс гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно; учир нь чөтгөр энэ маягаар ажилладаг, учир нь тэрбээр, бас түүний элчүүд ч гэсэн адил; бас түүнд өөрсдийгөө харъяалуулах тэд ч гэсэн сайныг хийхийг хүмүүнд ятгадаггүй, үгүй, хэнд ч үгүй. …

Иймийн тул, ах дүүс минь, та нар сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тул Христийн гэрлээр шаргуу судлахыг би та нараас гуйя; мөн хэрэв та нар сайн зүйл болгоноос зууран барьж, мөн үүнийг үл буруушаах аваас, та нар гарцаагүй Христийн хүүхэд байх болно.”7

Тиймээс хүмүүс Сүмийн гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлгийн эрхийг хүлээн авахаасаа өмнө буюу баптисм хүртэхээс ч өмнө, тэр байтугай Ариун Сүнс тэдэнд үнэнийг нотлохоос өмнө сүнслэг туршлагыг мэдэрсэн байдаг. Христийн Сүнс аль хэдийн тэдний хүүхэд ахуйгаас сайныг үйлдэхэд урьж, хилэнцтийн эсрэг сэрэмжлүүлсэн. Тэд эх үүсвэрийг нь таньж мэдээгүй ч эдгээр туршлагын дурсамжтай байдаг. Номлогчдыг эсвэл биднийг тэдэнд Бурханы үгсийг зааж, тэд үүнийг сонсох үед тэдгээр дурсамж нь эргэн ирдэг. Тэд сайн мэдээний үнэнийг заалгах үедээ баяр баяслын эсвэл харууслын мэдрэмжийг эргэн санах болно. Тэрхүү Христийн Сүнсний дурсамж нь тэдний зүрх сэтгэлийг зөөлрүүлж, тэдэнд гэрчлэх боломжийг Ариун Сүнсэнд олгодог. Тэр нь тэдэнд зарлигуудыг сахиж, Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авахыг хүсэхэд удирдах болно. Тэднийг баптисмын усанд ийн үйлдэх үед мөн Бурханы эрх мэдэлтэй үйлчлэгчийн хэлэх “Ариун Сүнсийг хүлээн авна уу” хэмээх баталгааны үгсийг сонсох үед Бурханыг үргэлж санах хүч нь нэмэгдэх болно.

Энэхүү чуулган дээр яригдсан үнэнийг сонсох үед мэдэрсэн дулаахан мэдрэмж Ариун Сүнснээс ирж байгаа гэдгийг би та бүхэнд гэрчилж байна. Ариун Сүнс ирэх болно хэмээн амласан Аврагч бол Тэнгэрлэг Эцэгийн хайртай, алдар суут Хүү билээ.

Өнөө орой болон маргааш орой та бүхэн дараах асуултуудыг тунгаан бодож, залбирч болно. Бурхан яг надад зориулж захиас илгээсэн үү? Би Түүний мутрыг өөрийн эсвэл хүүхдүүдийнхээ амьдралд харсан уу? Би тэгэх болно. Тэгээд би болон миний хайртай хүмүүс Бурхан бидэнд хэчнээн их хайртайг мөн Тэр бидэнд хэчнээн их хэрэгтэйг санах ёстой гэсэн энэ өдрийн дурсамжийг хадгалах арга замыг олох болно. Тэрээр бидний ухаарч ойлгосноос ч илүү ихээр биднийг хайрлаж, биднийг адисалдаг гэдгийг би гэрчилж байна. Энэ нь үнэн гэдгийг мөн Бурханыг санах нь надад баяр баясал авчирдаг гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.