2017 оны онцгой цугларалтууд
Чи бол Иосеф


Чи бол Иосеф

Ахлагч Ким Б.Кларктай хамт нэгэн үдэш

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2017 оны 5-р сарын 7 • Солт Лейк Табернекл

Хайрт ах, эгч нар аа, би энэ орой та нартаа хамт байгаадаа баярлаж байгаа бөгөөд зүрх сэтгэл минь та нарыг гэсэн хайраар дүүрэн байна. Сүмийн залуучууд та нартай хамт байхдаа би үргэлж хайр, баяр баяслыг мэдэрдэг.

Би энэ орой та бүхнийг надтай хамт танин мэдэхүй, итгэл, урам зоригийг бадраах аянд гарахыг урьж байна. Би та бүхнийг Иосеф Смитийн залуу нас буюу Сэргээлтийн эхэн үе рүү аваачих гэсэн юм. Би та нарыг өөрийн хийсэн аялалд урьж байна. Би амьдралынхаа ихэнх хугацааг удирдагчид, тэдний удирддаг байсан байгууллагуудыг судлахад зарцуулсан. Надад олон агуу удирдагчтай танилцаж, дэлхийн өнцөг булан бүрд байх хүмүүсийн бүтээсэн хамгийн шилдэг байгууллагуудад орох хувь тохиосон билээ. Хэдий тийм ч гэлээ, Сэргээлтийн үеийн Иосефын залуу насны туршлагуудыг судлах энэхүү аян маань та бид бол дэлхий дээрх хамгийн гайхалтай байгууллага болох Их Эзэний үнэн бөгөөд амьд Сүмийн нэгээхэн хэсэг гэсэн итгэл үнэмшлийг минь бататгасан юм.

Би та нарыг Иосефын амьдралын тодорхой бус бөгөөд хүнд хэцүү байдалтай тулгарсан цаг үе рүү аваачмаар байна. Энэ бол тэр өөрийнхөө хэн болох тухай мөн Их Эзэн гэж хэн болох, Их Эзэн түүнтэй хэрхэн ажиллах талаар суралцаж байсан цаг үе нь юм.

Цаг нь ирэхэд Иосеф Ричмонд шоронгийн зэвсэглэсэн хуягуудийг салгалан чичиртэл зэмлэж, Сүмийг зохион байгуулж, агуу гайхамшгийг үйлдэн, сайн мэдээг гайхалтай ойлгомжтой байдлаар номлож, хот суурин газар болон ариун сүмүүдийг барьж, Израилийн цугларалт болон хөшигний хоёр талд авралын ажлын суурийг тавих Сэргээлтийн агуу бошиглогч болно.Гэхдээ би та бүхнийг үүнээс өмнөх үеийн буюу хараахан ийм түвшинд хүрээгүй байсан Иосефтой уулзуулах гэсэн юм. Иосефын тэр үеийн амьдрал, та нарын өнөөдрийн амьдрал хоёр төстэй учраас би тэр цаг хугацаа руу аялахыг хүсэж байна. Иосефын залуу насны амьдралаас та нар Их Эзэн Есүс Христ, Түүний сайн мэдээний тухай болон бошиглогч Иосеф Смитийн талаар сурч мэдэх олон чухал зүйл байгаа гэдэгт би итгэдэг. Та нар энэ орой Их Эзэний Сүнсийг сонсох аваас Их Эзэнийг хайрлах хайр, Түүнд болон Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэл тань өсөн нэмэгдэж, Сэргээлт болон бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэл тань хүчирхэгжих болно гэдгийг би мэднэ.

Түүх

Би алтан ялтсуудаар түүхээ эхлүүлье. 1827 оны 9-р сард 21 настай Иосеф Смит тэнгэр элч Моронайгаас ялтсуудыг нифайчуудын хөрвүүлэгчид буюу Урим, Туммим хэмээн нэрлэдэг байсан мөнгөн нуман дахь хоёр чулуутай хамт хүлээн авчээ.1 Нью Иоркийн Палмира дахь асар их дарамт шахалтаас болж, тухайн жилийн намрын сүүлчээр Иосеф эхнэр Эммагийн хамт Эммагийн төрсөн нутаг болох Пеннсильванийн Хармони руу нүүжээ.2

Иосеф Хармонид байхдаа ялтсууд дээрх үсгүүдийг хуулбарлан, судалж байв. Тэр найз Мартин Харрисаас ялтсуудыг орчуулах хүн олохыг гуйсан боловч Мартин олж чадаагүй байлаа.3

1828 оны 2-р сар гэхэд Иосеф цэдгийг хөрвүүлэгчдийн тусламжтай орчуулах ёстой гэдэг нь тодорхой болов.4 Цаг нь ирэхэд Иосеф уг цэдгийг “Бурханы бэлэг болон хүчээр” орчуулж сурсан билээ.5

Эмма ууган хүүхдээ тээж байхдаа Иосефын анхны бичээч нь байсан юм. Иосеф тэр хоёр 1828 оны 4-р сар хүртэл буюу Мартин Харрисыг Иосефын бичээч болохоор Хармонид ирэх хүртэл цэдэг дээр ажиллажээ.

6-р сар гэхэд Иосеф Лихайн ном орсон цэдгийн эхний хэсгийг орчуулж дуусаад байв. Мартин Харрис гар бичмэлийг Нью-Иорк дахь эхнэртээ болон гэрийнхэндээ үзүүлэхийг маш их хүсжээ. Иосеф хоёр удаа Их Эзэнээс зөвшөөрөл гуйсан боловч гуйх бүрдээ үгүй гэсэн хариулт хүлээн авсан аж. Мартин шалсаар байсан учир Иосеф Их Эзэнээс гурав дахь удаагаа асуужээ. Энэ удаад Их Эзэн нэг болзолтойгоор зөвшөөрсөн юм. Тэр нь Мартин Харрис гар бичмэлийг эхнэртээ, бас цөөн тооны хүнд л үзүүлэхээр гэрээ хийх явдал байв. Баярлаж хөөрсөн Мартин тэр даруй гар бичмэлийг авч, Палмираг зорив.

Харин Иосефын санаа зовж байлаа. Энэ үеэр Моронай Иосеф дээр ирж, Мартинд гар бичмэлийг өгөхөөр удаа дараа хүсэлт тавьсныг нь зэмлэжээ. Иосеф хөрвүүлэгчид болон ялтсуудыг Моронайд эргүүлэн өгөх ёстой болсон юм.6

Эмма хүү төрүүлсэн боловч хүүхэд нь эндэж, байдлыг улам хүнд болгов. Эмма өөрөө амиа алдах шахсан бөгөөд Иосеф хоёр долоо хоног түүнийг сахиж дэргэд нь байв. Бие нь тэнхэрч эхэлсэн Эмма Мартины болон гар бичмэлийн сургийг гарга гэж Иосефыг шавдуулж эхэлжээ.

Иосефыг Палмирад буцаж ирсэн өдөр Мартин Харрис Иосефын хамгийн их айж байсан зүйлийг хэллээ. Гар бичмэл алга болсон байв. Иосефын ээж энэ явдлыг:

“Иосеф сандлаасаа үсрэн босож, ‘Мартин, чи гар бичмэлийг алдчихсан юм уу?’

‘Тийм ээ; алга болсон, би хаана байгааг нь мэдэхгүй’ гэж Мартин хариулав.

Иосеф гараа зангидан, ‘Өө, … Бүх зүйл өнгөрлөө! Бүх зүйл өнгөрлөө! Одоо би яана аа? Би чинь нүгэл үйлдлээ шүү дээ.… Би Их Эзэнээс хүлээн авсан эхний хариултаа дагах ёстой байсан юм. …’ гэж тэр уйлан, халагласаар нааш цааш нь холхиж байлаа.

‘… Бүхнээс Дээдийн тэнгэр элчийн ямар ч зэмлэл надад зөөлдөх биш үү?’ гэж хэлсэн.

…Гэр бүлийнхнийх нь сэтгэл санааны байдал түүнийхтэй адил, уйлан хайлах, хамгийн гашуун гаслан гэрийг дүүргэж байхад би түүнийг тайтгаруулах юу хэлж чадах билээ дээ. … Тэр нар жаргах хүртэл нааш цааш алхаж, уйлан хайлсан бөгөөд гуйлгуулан байж өчүүхэн зүйл идсэн.

Маргааш өглөө нь тэр гэр рүүгээ буцсан юм. Бидний хүсэн хүлээж байсан, бидэнд нууцхан баяр баяслыг өгч байсан зүйл болох хүсэл мөрөөдөл минь хоромхон зуурын төдийд үүрд алга болсон учраас бид уйтгар гунигт автацгаасан юм” 7 хэмээн дүрсэлжээ.

Хармони руу буцах дөрвөн өдрийн аялал Иосефын хувьд хүндхэн байсан нь лавтай. Тэр Эммад санаа зовж, анхны хүүхдээ алдсандаа гашуудсан хэвээр байсан. Тэр гар бичмэлийг алдаж, ялтсууд болон хөрвүүлэгчид түүнээс авагдсан байв. Гэртээ харих зам нь урт байлаа.

Иосеф Их Эзэнд хандах шийдвэр гаргасан.8 Тэр Хармонид эргэж ирснийхээ дараа, юу болсон талаар дараах байдлаар дүрсэлжээ.

“Ирснийхээ дараа би Их Эзэний мутраас нигүүлслийг олж, …түүний хүслийн эсрэг үйлдсэн бүхнийхээ төлөө уучлагдахын төлөө чин сэтгэлийн хүчтэй залбирал хэлж, Түүний өмнө өөрийгөө даруусгав.”9

“Би цааш хэсэг алхсан ба … өнөөх тэнгэрлэг элч үзэгдэж, надад Урим ба Туммимыг [хөрвүүлэгчийг] дахин өгөв. … Би тэднээр дамжуулан Их Эзэнээс асуусан бөгөөд дараах илчлэлтийг хүлээн авсан”10 гэжээ.

Иосефын хүлээн авсан илчлэлт Сургаал ба Гэрээний 3-р хэсэгт цэдэглэгдсэн байдаг. Энэ бол амлалт бүхий хурц зэмлэл, наманчлах дуудлага юм. Эхлээд

“Мөн болгоогтун, Бурханы хуулиуд хийгээд зарлигуудыг чи хичнээн олон удаа зөрчиж, мөн хүмүүний ятгалгад хөтлөгдсөн билээ.

Учрыг болгоогтун, чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ. Хэдийгээр хүмүүн нь Бурханы зөвлөгөөг үл ойшоон, мөн түүний үгсийг эс хэрэгслээ ч гэсэн тэр---

Чи итгэлтэй байх ёстой байсан юм; мөн тэрбээр гараа сунган мөн дайсны бүх галт сумны эсрэг чамайг дэмжих байсан юм; мөн гай зовлон тохиолдох бүрийд тэрбээр чамтай хамт байх байсан юм”11 хэмээн зэмлэв.

Гар бичмэлийг Мартин Харрист өгөхийг Их Эзэнээс ахин дахин гуйж байхдаа Иосеф хүмүүний ятгалга, хүмүүнээс айх айдастаа автсан байв. Иосеф наманчилж эхэлсэн бөгөөд Их Эзэн түүнд хийх илүү олон зүйл байгааг заажээ.

“Болгоогтун, чи бол Иосеф, мөн чи Их Эзэний ажлыг хийхээр сонгогдсон байсан болой, харин гэм буруугийн улмаас, хэрэв чи сонор сэрэмжгүй байх аваас, чи унах болно.

Гэвч санагтун, Бурхан нигүүлсэнгүй юм; тиймийн тул, миний чамд өгсөн зарлигийн эсрэг хийсэн зүйлээ наманчлагтун, мөн чи сонгогдсон хэвээр байгаа, мөн тэр ажилд дахин дуудагдсан бөлгөө;12

Моронай хөрвүүлэгч болон ялтсуудыг эргүүлэн өгөхийг Иосефоос шаардсан хэдий ч “хэрэв чи даруу байж мөн гэмшвэл чи тэднийг дахин хүлээн авч магадгүй” хэмээн амлажээ.13 Иосеф үргэлжлүүлэн наманчилж, удалгүй Моронайгаас ялтсуудыг болон хөрвүүлэгчдийг хүлээн авсан.14

Үүний дараагаар орчуулгын явц удаан байгаад санаа нь зовсон Иосеф 1829 оны өвөл өөрт нь бичээч илгээхийг Их Эзэнээс гуйжээ.15 Оливер Каудерийг гайхамшигтайгаар хөрвүүлэгдсэний дараа Их Эзэн түүнийг 4-р сард Иосефын бичээчээр үйлчлүүлэхээр илгээв.16

Оливер ирснээр орчуулгын явц гайхалтай хурдан урагшлав.

Мормоны Номыг орчуулах явц Иосефын хувьд гайхамшиг болоод адислалаар дүүрэн байсан юм.

Гэсэн хэдий ч, Лихайн номыг яах вэ гэдэг асуулт түүнийг зовоож байсан нь гарцаагүй. Лихайн ном байхгүй бол Лихайн гэр бүл, амлагдсан нутаг руу хийсэн аялал, нифайчууд, леменчүүдийн гарал үүслийн тухай тэмдэглэл байхгүй байх байлаа.

1829 оны 5-р сард Их Эзэн Лихайн номыг Нифайн жижиг ялтсуудаар орлуулах олон зууны турш боловсруулсан төлөвлөгөөг Иосефт илчилжээ. Эдгээр ялтас нь Лихайн номын хураангуйг мөн Нифайн болон өөр бошиглогчдын бошиглол, сургаалуудыг агуулдаг. Мормоны Номонд 1 Нифайгаас Мормоны үгс хүртэлх бүлгүүдэд агуулагдаж буй эдгээр бичээс нь Их Эзэнээр бэлтгэгдэж, олон зууны турш хадгалагдсан бөгөөд Моронай Их Эзэний удирдамжаар цэдэгт нэмсэн.17

Иосеф, Оливер хоёр Лихайн номыг дахин орчуулаагүй. Ёс бус хүмүүс гар бичмэлийг өөрчилсөн бөгөөд Их Эзэний ажлыг саатуулахаар хүлээж буйг Их Эзэн Иосефт анхааруулжээ. Иосеф Нифайн жижиг ялтсуудыг орчуулж, үүнийгээ Мормоны Номын эхэнд оруулсан.

Мормоны Номын орчуулга гайхамшигтай зүйлсийг тохиолгон авчирсан. Санваар сэргээгдэн, Иосеф, Оливер хоёр баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авав.18 Арван нэгэн гэрч ялтсуудыг харж, бодит гэдгийг нь гэрчилсэн.

Мормоны Ном гурван гэрчийн гэрчлэлийн хамт 1830 онд хэвлэгджээ. Гэрчүүдийн нэг болох Мартин Харрис фермээ барьцаалан зээл авч, хэвлэх зардлыг төлсөн.

Надад Сүмийн түүхийн холбогдолтой цуглуулгуудаас та нарт үзүүлэхийг хүссэн хоёр үнэт эрдэнэс энд байна. Эхнийх нь Мормоны Номын анхны гар бичмэлийн нэг хуудас. Энэ хуудсанд 1 Нифай 3:7-ийн англи орчуулга байдаг.

“Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Хоёр дахь үнэт эрдэнэ бол Мормоны Номын анхны хэвлэл юм.

Иосефын илчлэлтээр хүлээн авсан зүйлүүд нь Палмирад хэвлэгдсэн бөгөөд энэ Мормоны Номонд орсон байдаг. Идэр залуу Иосефын тухай болон Эмма, Мартин Харрис, Оливер Каудери, Моронай, Мормоны Ном зэргийн тухай миний та нарт ярьсан түүх бол үнэн.

Энэ түүх та нарын хувьд ямар утга учиртай вэ?

Хайрт ах эгч нар аа, би та нарыг өөрсдийн туршлагыг энэ түүхтэй адилтган бодож үзээсэй хэмээн урьж байна. Их Эзэн та нарыг залуу Иосефыг бэлдэж, түүнд заасантай адил бэлтгэж, заах болно. Иосефын туршлагаас та нар олон чухал сургамж авч болно. Энэ орой би гурван зүйлийг онцолмоор байна. Энэ нь Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, Мормоны Номын сүнслэг хүч.

Нэг дэх сургамж: Есүс Христэд итгэж, найдах

Би Есүс Христэд итгэж, найдах гэсэн нэг дэх сургамжаас эхэлье.

Мартин Харрис Иосефоос Их Эзэнд гурав дахь удаа асуухыг хүсэхэд Иосеф ямар нөхцөл байдалд байсныг түр бодож үзээсэй хэмээн би та нараас хүсэж байна. Их Эзэн хоёр удаа үгүй гэж хэлчихээд байсан. Мартины гурав дахь хүсэлт Иосефыг ацан шалаанд оруулсан юм. Энэ бол түүний итгэлийн сорилт байсан.

Бодоод үз дээ! Иосеф Есүс Христэд болон Тэнгэрлэг Эцэгт итгэлтэй байсан бөгөөд олон гайхамшигтай сүнслэг туршлагаар адислагдсан байв. Тэр Эцэг, Хүү хоёрыг харж мөн тэдэнтэй ярилцсан. Түүнчлэн Моронай болон бусад бошиглогчтой ч гэсэн ярилцсан. Тэр хөрвүүлэгчид болон үзмэрч чулуу ашиглан, Лихайн номыг гайхалтайгаар дөнгөж орчуулж дуусчихаад байв.19

Нөгөөтэйгүүр, Иосеф 22 настай байсан бөгөөд санаа нь зовниж байсан. Түүний сайхан хань анхны хүүхдээ хэвлийдээ тээж байлаа. Иосефт мөнгө ч, боловсрол ч, гэр бүлээ тэжээж тэтгэх арга зам ч байгаагүй. Тэр үл итгэгчид, хавчин гадуурхагчдаар хүрээлэгдсэн байсан бөгөөд цөөхөн хэдхэн найз нөхөртэй байлаа. Түүнд туслалцаа үзүүлэх зөвлөхүүд, төлөөлөн удирдах зөвлөл, хөрөнгө мөнгө болон зөвлөгөө өгөх банкны ажилтнуудын аль аль нь байгаагүй. Тэр цэдгийг хэвлүүлэх ёстойгоо мэдэж байсан ч Мартин Харрис түүнээс нүүр буруулбал хэвлэлийн зардлыг хэрхэн төлөхөө огт мэдэхгүй байв. Түүний амьдрал эргэлзээ тээнэгэлзлээр дүүрэн байлаа.

Сүнслэг туршлагаар арвин байсан хэдий ч Иосеф “Бурханаас илүүгээр хүмүүнээс айсан”20 бөгөөд гурав дахь удаагаа асууж, Их Эзэний эгдүүцлийг хүргэн, гар бичмэлийг алдах эхлэлийг тавьжээ. Гэсэн хэдий ч Их Эзэн Иосефт нигүүлсэнгүй хандсан. Тэр Иосефыг итгэл дээрээ тулгуурлан наманчлахад нь тусалж, алдагдсан гар бичмэлийн хохирлыг арилгах арга замыг бэлтгэсэн.

Та нарын нөхцөл байдал олон талаараа Иосефынхтой төстэй. Залуучууд та нарт гэрлэлт, гэр бүл, боловсрол, ажил мэргэжил, дэлхийд болон Их Эзэний хаант улсад хөлөө олох гэх мэт сэтгэлийн зовнил, эргэлзээ бий. Та нарын амьдралд өөр бэрхшээл, асуудлууд ч байж болно.

Иосефтой адил та нар аль хэдийнээ сүнслэг эх сурвалж, туршлагатай болсон. Та нар залбирч, судар судалж, бусдад үйлчилж байхдаа Их Эзэний Сүнсийг мэдэрсэн. Түүнчлэн наманчлал, ариун ёслол, ариун сүмд Их Эзэн Есүс Христийн хайр, ач ивээл, хүч чадлыг мэдэрсэн.

Та нар сорилт бэрхшээлтэй зайлшгүй тулгарах бөгөөд тэр үед айдастаа автан, хүмүүний ятгалгад орж болохгүй. Харин би та нарыг Их Эзэний Иосефт хийхэд нь тусалсан зүйлсийг хийхэд урьж байна. Тэдгээр нь та нарын амьдралд сүнслэг хүчийг авчирна гэдгийг би амлаж байна.

Нэгдүгээрт, Есүс Христэд илүү ихээр итгэж, найдахын тулд аль хэдийн хүлээн авсан сүнслэг туршлага, эх сурвалжийг ашигла. Аврагчид итгэн урагш тэмүүлэх хүч чадалтай болохын тулд үзэж, мэдэрсэн сүнслэг адислалууддаа найд. Тэр бол хамгийн чухал адислал. Түүний хайр хэзээ ч дуусашгүй. Саад тотгор тохиолдох бүрд Тэр та нартай хамт байх болно.

Хоёрдугаарт, Аврагч амьдралд чинь нөлөөлж байгааг харахын тулд итгэлийн мэлмийгээр урагш хар. Их Эзэн хэрхэн Оливер Каудерийг Иосефын бичээч байхаар бэлтгэж, алдагдсан 116 хуудасны хохирлыг Нифайн жижиг ялтсуудаар нөхсөнийг сана.21 Их Эзэн Иосефын амьдралд нөлөөлсөн бөгөөд та нарын амьдралд ч бас нөлөөлөх болно. Та нар мөнхийн шинж чанар, зорилго, тэнгэрлэг хувь тавилантай. Их Эзэн яг одоо та нарын амьдралд нөлөөлж байгаа. Тэр та нарын өмнө явж, боломжуудыг нээж, та нарт туслах хүмүүсийг бэлтгэж, арга замуудыг нээхээр ажиллаж байгаа.

Хоёр дахь сургамж: Наманчлал

Одоо би наманчлал гэх хоёр дахь сургамжийн талаар ярья.

Иосефын гар бичмэл алдагдсан гэдгийг олж мэдсэн тэр үеийг эргэн санацгаая. Иосеф Их Эзэний эсрэг нүгэл үйлдэж, Түүний зарлигуудыг зөрчсөнөө мэдсэн. Тэр гэмшиж, гашуудаж байв. Гэсэн хэдий ч Иосеф Их Эзэнд хандсан бөгөөд өршөөлийн гайхамшиг, гэтэлгэлийн баяр баясгаланг мэдэрсэн.

Их Эзэн ямар ч эргэлзээгүйгээр Иосефт маш өндөр жишиг тавьсан байв. Тэрээр Иосефт болоосой гэж хүсдэг байсан тэрхүү агуу бошиглогч лугаа ханддаг байсан. Харин Иосеф Бурханаас биш хүмүүнээс илүү айсан. Тэр Бурханы бус өөрийн ойлголтод найдсан байв. Иосефын хувьд наманчлал нь “Би алдаа гаргачихлаа. Гар бичмэлийг алдсанд уучлаарай” гэж зүгээр нэг хэлэхээс илүү ноцтой зүйл байсан. Иосеф нүглүүдийнх нь уг үндэс болсон амьдралд хандах хандлага, айдас, хүслээ ялан дийлэх хэрэгтэй болсон. Тэр мөн амьдралынхаа туршид өсөж хөгжин, суралцаж, өөрчлөгдөх хэрэгтэй байсан юм.

Иосефт зөвхөн Есүс Христийн нигүүлсэл, хайр, хүчээс ирдэг зүрх сэтгэлийн өөрчлөлт хэрэгтэй байв. Иосеф яг үүнийгээ хүлээн авсан билээ. Их Эзэн Иосефын эрхэм зан чанарын чадамжийг мэдэж байсан. Түүний Иосефт хандан, “Чи бол Иосеф. … Наманчлагтун, мөн чи сонгогдсон хэвээр байгаа”22 хэмээн хэлсэн үгээс та нар Аврагч хайр, нигүүлслээрээ Иосефт хандаж, түүнээс өөрчлөгдөхийг хүсэж байгааг сонсож болно.

Та нар бас Их Эзэн Иосефт бодит байдалд хэн болохыг нь зааж байгааг сонсож болно. Тэр ядуу тарчиг, ферм дээр өссөн боловсролгүй хөвгүүн болон өссөн ч энэ нь түүний жинхэнэ мөн чанар биш байв. Тэр бол бошиглогч Иосеф бөгөөд Есүс Христ түүгээр дамжуулан сайн мэдээнийхээ бүрэн байдлыг дэлхий дээр сэргээх сонгогдсон үзмэрч байсан юм.

Их Эзэн Иосефыг наманчлалд дуудсан нь Иосефын хувьд Есүс Христийн Цагаатгалын хүчээр жинхэнэ мөн чанар бүхий эзэн болоход мөн хийх шаардлагатай өөрчлөлтүүдийг босож, хийхэд уриалсан дуудлага байсан юм. Аврагч Иосефын үзэж туулсан бүхнийг биеэр амссан бөгөөд тэдгээр нь бодитой төдийгүй туйлын хүнд бэрх байсан. Есүс Христ Иосефт өршөөл, гэтэлгэлд хүрэх арга замыг гаргаж өгсөн. Иосеф олон өдөр, долоо хоног, сарын хугацаанд Их Эзэний өршөөл, гэтэлгэгч хүчийг эрэлхийлсэн бөгөөд эдгээрийг хүлээн авсан билээ.

Ах, эгч нар аа, Их Эзэн ямар нэг шалтаг тоочилгүй та нарт ч бас маш өндөр жишиг тавьдаг. Тэр та нарыг ямар болоосой хэмээн хүсдэг билээ, өөрийнхөө зоригтой, энэрэнгүй тийм шавийн адил та нарт ханддаг. Тэр бас та нарыг Иосефыг хайрладаг байсны адил хайрладаг. Бид хааяа хааяа алдаа гаргадаг учраас бүгдэд маань наманчлалын адислал хэрэгтэй.

Иосефын туршлагаас харж байгаачлан, наманчлал гэдэг нь буруу зүйл хийсэн гэдгээ Их Эзэнд болон бишоптоо хэлэхээс хавьгүй илүү зүйл юм. Нүгэл үйлдэх нь Их Эзэнээс нүүр буруулахыг хэлнэ. Харин наманчлах нь Түүн рүү эргэхийг хэлдэг. Наманчлал та нараас хувийн нөхцөл байдалдаа тохируулан зүрх сэтгэл, оюун санаандаа өөрчлөлт хийхийг шаарддаг.

Түүнчлэн наманчлал нь та нарыг тасралтгүй адисалдаг. Энэ бол Их Эзэний бидэнд амьдралынхаа туршид илүү сайн хийж, илүү сайн болоход тусалж буй арга зам юм. Энэ нь бас та нарын босож, Бурханы хөвгүүн, охин мөн Есүс Христийн үнэн дагагч гэсэн мөнхийн мөн чанараа олж авах арга зам билээ.

Ах эгч нар аа, амлалтууд бодит шүү. Их Эзэн Есүс Христэд хандаж, нүглээ наманчилж, зарлигуудыг нь сахь. Тэрээр хязгааргүй нигүүлсэнгүй23 бөгөөд Иосеф хожим нь “Тэнгэрлэг Эцэгийн маань нигүүлсэл, адислалууд нь бидний итгэж эсвэл хүлээн авахад бэлэн байгаа хэмжээнээс илүү энгүй юм”24 хэмээн заасан. Есүс Христ та нарын нүглүүд, өвчин зовлон, уй гашууг амссан учраас та нарыг өршөөн, эдгээж, өөрчилж, хүчирхэгжүүлж, адисалж чадна. Тэр бол үнэхээр бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч мөн.

Гурав дахь сургамж: Мормоны Номын сүнслэг хүч

Би одоо Мормоны Номын сүнслэг хүч гэх гурав дахь сургамжийн талаар ярья.

Иосефын нүглүүд өршөөгдсөний дараа тэр ялтас, хөрвүүлэгчдийг дахин хүлээж авахдаа баяртай байлаа.25 Алдагдсан гар бичмэлтэй холбоотой олж авсан туршлага нь түүнд Мормоны Ном Их Эзэний ажилд ямар чухал болохыг яс маханд нь тултал ойлгуулжээ. Мормоны Номын бошиглогчдын гол захиас бол Есүс Христ ба Түүний сургаалын тухай өөрсдийнх нь гэрчлэл юм. Энэ ном сүнслэг хүч агуулдаг.

Бид энэ хүчийг Иосефын орчуулгын явцаас харж болно. Орчуулга нь механик ажил байгаагүй. Энэ нь сүнслэг ажил байсан бөгөөд Иосефт Их Эзэн болон Ариун Сүнс хэрхэн ажилладгийг заасан. Мормоны Ном эхнээсээ дуусах хүртлээ Иосефын хувьд илчлэлтээр дүүрэн туршлага байсан. Мормоны Ном Иосефт Есүс Христийн сургаалыг заасан бөгөөд Их Эзэн түүнийг Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэн, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авах замаар сургаалын дагуу амьдрахад уриалсан.26

Эдгээр туршлагаар дамжуулан Их Эзэн Иосефыг илүү их сүнслэг хүчээр адисалсан. Жишээлбэл, тэр баптисм хүртсэнийхээ дараа “Ариун Сүнсээр дүүргэгдэж” мөн “судруудын жинхэнэ утга санаа” “түүний ойлголтод нээгдсэн”27 гэж хэлжээ.

Их Эзэн Мормоны Номыг авчрахтай холбоотой үйл явдлыг ашиглан Иосефыг өсгөн хүмүүжүүлж, Өөртөө ойртуулсан. Их Эзэн уг номыг Ариун Сүнсний хүчээр авчрах явцдаа Иосефыг сургаж, хүчирхэгжүүлсэн юм.

Мормоны Ном Иосефт туршлага суулгасантай адил та нарын хувьд ч илчлэлт бүхий туршлага болж болно.

Мормоны Номыг бичсэн бошиглогчид бидний цаг үеийг харсан. Тэд бидэнд зориулж бичсэн бөгөөд тэдний үгс бидний цаг үе, хэрэгцээ, зорилгод нийцдэг. Мормоны Номыг уншиж, үүний талаар залбирах үед та нарын зүрх сэтгэл нээлттэй байвал Ариун Сүнс28 “үүний үнэнийг та нарт мэдүүлэх болно.”29 Та нар Их Эзэн Есүс Христ бол та нарын Аврагч, Гэтэлгэгч гэдгийг мөн Иосеф Смит бол сэргээлтийн бошиглогч гэдгийг мэднэ.

Сүмийн гишүүн болоогүй эсвэл гишүүн болоод удаж байгаа эсэхээс тань үл хамааран би та нарыг Иосефын адил Мормоны Номыг уншин, үүний талаар залбирч, наманчлахын тулд Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авахыг урьж байна. Дараа нь ариун сүмд лацдан холбох ёслолыг оруулан авралын бүх ёслол, гэрээг хүлээн авахаар урагш тэмүүл.

Би Мормоны Номын хүчийг хувийн олон туршлагаасаа мэднэ. Би тэдгээрийн нэгийг та нартай хуваалцахыг хүсэж байна. Энэ нь намайг залуу байхад тохиолдсон юм. Би Германд номлолоо эхлээд хоёр сар болж байв. Тэр хоёр сар тун хэцүү байсан бөгөөд би сэтгэл санаагаар унасан байлаа. Нэг өглөө би өвдөг сөгдөн залбирч, Тэнгэрлэг Эцэгт бүх асуудлаа хэлсэн юм. Би Түүнд: “Тэнгэрлэг Эцэг минь, надад туслаач” гэж билээ. Залбирч байхдаа би нэгэн онцгой дуу хоолойг дэргэдээ байгаа хүнээс сонсож байгаа юм шиг тодхон сонссон юм. Уг дуу хоолой: “Бурханд итгэ” гэж хэлэв.

Би орон дээр суугаад, Мормоны Номын Мозаягийн 4-р бүлгийн 9, 10-р шүлгийг гарган, Бенжамин хааны үгсийг уншлаа.

“Бурханд итгэ; тэр байдагт итгэ, мөн тэр, тэнгэрт болон газарт аль алин дээрх бүх зүйлийг бүтээсэнд итгэ тэр бол тэнгэрт мөн газарт аль алинд нь бүх мэргэн ухааныг мөн бүх хүч чадлыг эзэмшигч гэдэгт итгэ; …

…та нар нүглүүдээ наманчилж мөн тэдгээрийг орхих ёстой, мөн өөрсдийгөө Бурханы өмнө даруусгах ёстойд итгэ; … мөн эдүгээ, хэрэв та нар эдгээр бүх зүйлд итгэвэл тэдгээрийг өөрсдөө үйлдэхэд анхаарагтун.”30

Энэ үгсийг уншихад хаан Бенжамин надад хандан ярьж байгаа мэт санагдаж билээ. Би зүрх сэтгэлдээ Ариун Сүнсний хүчийг мэдэрсэн. Энэ бол миний залбирлын хариу гэдгийг би мэдсэн. Би Их Эзэнд итгэж, наманчилж мөн гарч ажлаа хийх хэрэгтэй байсан юм. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Мормоны Ном амьдралын маань сүнслэг хүч чадлын эх сурвалж байсаар ирсэн.

Хайрт ах, эгч нар аа, Мормоны Ном та нарыг Есүс Христ рүү болон Түүний сургаал руу хөтөлнө гэдгийг би мэднэ. Ерөнхийлөгч Монсоны бидэнд хий хэмээн зөвлөснөөр Мормоны Номыг өдөр бүр уншин, судалж, үүний талаар залбирч, үүнийг оюун санаа, зүрх сэтгэлдээ нөөцөл. Амьдралын тань ямар ч үед Их Эзэн, Аврагч энэ номоор дамжуулан Ариун Сүнсний хүчээр та нарын бодгальд амар амгаланг ярьж, та нарыг өргөж, хүчирхэгжүүлж, Өөртөө улам бүр ойртуулах болно.

Гэрчлэл

Иосефын залуу насны амьдралаас авах гурван сургамж Есүс Христийг болон Түүний сургаалын хүчийг гэрчилдэг. Би Есүс бол Христ бөгөөд амьд Бурханы амьд Хүү гэдгийг гэрчилж байна. Бидэнд Гэтэлгэгч байгаа. Тэр амьд!

Та бүхэн Иосефын амьдралаас суралцана гэж би найдаж, залбирч байна. Тэр залуу насандаа зовж зүдэрсэн ч гэлээ Их Эзэнд найдсан ба Их Эзэн түүнийг Сэргээлтийн агуу бошиглогч болгож адисалсан. Иосеф Бурханы ариун ажлыг хийсэн билээ. Сэргээлт бол үнэн юм! Есүс бол Христ, Иосеф бол Түүний бошиглогч гэдгийг санаж яваарай. Иосеф Смитийг Томас С.Монсонтой холбосон санваарын түлхүүрүүд, эрх мэдэл, хүч чадлын үл тасрах хэлхээ холбоос байдаг. Ерөнхийлөгч Монсон бол өнөөдөр дэлхий дээрх Их Эзэний бошиглогч мөн. Энэ бүгд үнэн.

Тиймээс энэ үдэш дэлхий өнцөг булан бүрд буй хайрт ах, эгч та нартаа би Их Эзэн Есүс Христэд итгэж найд хэмээн хэлье. Тэр Иосефын нэрийг мэддэг байсан ба та нарын нэрийг ч гэсэн мэднэ. Тэрээр та нарт хайртай бөгөөд амьдралд тань нөлөөлдөг. Бошиглогч Иосефын адилаар та нар Түүний нигүүлсэл, ач ивээл, хайраар дамжуулан бэрхшээл бүрийг даван туулж мөн хүчтэй, итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн, мөнхийн гэр бүл болон Өөрийн үнэн хийгээд амьд Сүмийнхээ удирдагч нь байж, Есүс Христийн гэрэл ба хайраар дүүрэн, Аврагчийг эргэн ирэх үед хүлээн авахад бэлтгэгдсэн жинхэнэ шавь байх хувь тавилангийнхаа эзэн нь болж чадна. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Моронай дөрвөн жилийн турш Иосефт зөвлөгөө өгч, зааж сургасан. Иосеф 1823 оноос хойш жил бүр 9-р сарын яг нэг өдөр Кумора толгод дээр очдог байсан. Тэрээр жил бүр ялтсуудыг хүлээн авна гэсэн итгэл найдвар тээн очдог байсан ч Моронай түүнд (Иосефт) бэлэн биш байгааг нь хэлдэг байв. 1827 оны 9-р сар гэхэд тэр бэлэн болсон байлаа. Хөрвүүлэгчдийн тухай унших бол Aлма 37:21–24-ийг үзнэ үү. Хоёр чулуу нь эрт цагт Урим ба Туммим гэгддэг байсан зүйлийг бүрдүүлдэг гэж Иосеф Смит хэлсэн. Иосеф Смит—Түүх 1:35 болон Ричард Э.Төрлий, Робин С.Жэнсэн ба Марк Ашхөрст Макгий, “Joseph the Seer,” Ensign(2015 оны 10-р сар), 49–55-ыг үзнэ үү.

  2. Эммагийн аав Исаак Хейл Иосеф, Эмма хоёрт Пеннсильванийн Хармони руу буцаж ирэх л юм бол ферм, байшин, малын байр болон өөр олон зүйлийг өгнө гэсэн байна (The Joseph Smith Papers, Documents, Volume 1: July 1828–June 1831, Майкл Хаббард Маккэй ба бусад [2013], 29; йкл Хаббард Маккэй ба Гэррит Ж.Дөркмаат, From Darkness unto Light: Joseph Smith’s Translation and Publication of the Book of Mormon (2015), 32–33-ийг үзнэ үү). Орон нутагтаа чинээлэгт тооцогддог Иосефийн найз Мартин Харрис Эмма тэр хоёрт өрөө төлж, Пеннсильвани руу нүүхэд нь туслах зорилгоор 50 ам.доллар өгчээ(The Joseph Smith Papers, Histories, Volume 1, Joseph Smith Histories, 1832–1844, Карэн Линн ба бусад [2012], 15-ыг үзнэ үү).

  3. Мормоны Номын үсгүүдийн хуулбар болон Мартин Харрисын аяллын тухай ярилцах болДэннис Л.Ларгий ба бусад (2015),The Coming Forth of the Book of Mormon: A Marvelous Work and a Wonder дахь Ричард Э.Бэннэт, “Martin Harris’s 1828 Visit to Luther Bradish, Charles Anthon and Samuel Mitchill”-ийг үзнэ үү.

  4. Мартин Харрис наад зах нь гурван хүнд тэмдэгтүүдийн хуулбарыг “орчуулуулах болох байгаа эсэхийг судлахаар мөн [Иосеф Смит] зөвхөн Харрис орчуулагчгүй иргэж ирсэний дараа л орчуулж эхэлсэн₮ гэдгийг хэд хэдэн хүний хэлсэн зүйл баталдаг (The Joseph Smith Papers, Histories, Volume 1, Joseph Smith Histories, 1832–1844, 241-т). Эхэн үеийн түүхэн бичгүүдэд Мартин Харрис “Их Эзэн түүнд хэдэн тэмдэгтүүдийн авч Нью Йорк хот руу явах хэрэгтэй гэдгийг үзүүлсэн хэмээн хэлсэн тул бид заримыг нь хуулсан бөгөөд тэр ч Зүүн зүгийн хотуудаар явж, эрдэмтэн мэргэдэд, ‘Үүнийг үншаад өгөөч, би гуйж байна’ гэж хэлэхэд нь тэд, ‘Би чадахгүй‘, харин … ялтсуудыг авчрах юм бол уншиж болох л юм гэв. Их Эзэн тэдэнд өгөхийг хориглосон бөгөөд [Мартин Харрис] иргэж ирээд намайг орчуул гэхэд нь би ‘[Би] мэдлэггүй нэгэн учраас чадахгүй’ гэлээ. Харин Их Эзэн номыг унших нүдний шилийг бэлдсэн байсан учраас би тэмдэгтүүдийг орчуулж эхэлсэн юм” (The Joseph Smith Papers, Histories, Volume 1, Joseph Smith Histories, 1832–1844, 15-д; том үсэг, цэг тэмдэг, зөв бичгийн дүрмийг ойлгомжтой болгох үүднээс орчин үеийн стандартад оруулсан болно) хэмээн Иосеф Смит тэмдэглэсэн байна.

  5. Иосеф Смит, 1830 онд хэвлэгдсэн Мормоны Номын удиртгал. Мормоны Номын орчуулгын ерөнхий тоймыг харах бол Сайн мэдээний сэдвүүдийн эссэ, “Мормрны Номын орчуулга” topics.lds.org хаягаар орж үзнэ үү.

  6. Manuscript History of the Church, боть. A-1, х. 10, josephsmithpapers.org-ийг үзнэ үү.

  7. Люси Мак Смит, Biographical Sketches of Joseph Smith, the Prophet, and His Progenitors for Many Generations (1853), 121, -22.

  8. Энэ муу мэдээг сонсох үедээ Иосеф Нью Йоркт, гэр бүлийнхнийхээ дунд байсан нь түүний хувьд адислал байсан. Түүнийг Пеннсильванийн Хармони руу буцаж явахаас өмнө ээж нь: “Богино хугацаанд сахилгажиж мөн наманчилсны дараа Их Эзэн түүнийг өршөөж магад” гэж зөвлөж байжээ (Смит, Biographical Sketches, 121.

  9. Смит, Biographical Sketches, 125.

  10. Иосеф Смит, “Manuscript History of the Church,” боть. A-1, х. 10, josephsmithpapers.org.

  11. Сургаал ба Гэрээ 3:6–8.

  12. Сургаал ба Гэрээ 3:9–10.

  13. Смит, Biographical Sketches, 125-ийг үзнэ үү.

  14. Мормоны Номын ялтсуудыг эргүүлж өгсөн цаг хугацааны талаар зөрүүтэй тэмдэглэлүүд байдаг. Иосефийн түүхэнд хэдэн хоногийн дотор гэсэн байхад Люси Мак Смитийн түүх дээр есдүгээр сард эргүүлж өгсөн гэсэн байдаг ( Manuscript History of the Church, боть. A-1, х. 11, josephsmithpapers.org; Люси Мак Смит, Biographical Sketches, 126-г үзнэ үү).

  15. Тэр намар, өвлийн үеэр Иосеф Эммаг бичээчээр ажиллуулан, хэсэг орчуулга хийсэн боловч тэр хоёр ихэнх цагаа ферм дээр ажиллаж, гэр орныхоо хэрэгцээг хангахад зарцуулж байсан (Смит, Biographical Sketches, 131-ийг үзнэ үү).

  16. Оливер Каудери Нью Йоркийн Манчестерт сургуульд багшилж байхдаа Смитийн гэр бүлтэй танилцжээ. Тэр алтан ялтсууд болон Мормоны Номын түүхийг сонссон ба “нэг орой орондоо орсныхоо дараа эдгээр зүйл үнэн эсэхийг мэдэхээр Их Эзэнд хандан залбирсан бөгөөд Их Эзэн тэдгээр нь үнэн гэдгийг түүнд илчилжээ” (Иосеф Смит, “Manuscript History of the Church”, боть. A-1, х. 15). Тэр энэ мэдлэгийг олж аваад, Иосефын бичээч болох дэврүүн хүсэлд автсан байна.

  17. Сургаал ба Гэрээ 10:38-42-ийг үзнэ үү. Нифай жижиг ялтсуудыг бүтээх илчлэлт авсан (1 Нифай 9:3–6-ыг үзнэ үү) бөгөөд Мормон тэдгээрийг цэдэгт оруулах илчлэлт авснаа дараах байдлаар дүрсэлжээ. Тухайлбал: “…болгоогтун, би эдгээр бошиглолууд мөн илчлэлтүүдийг агуулсан, эдгээр ялтсуудыг авах болно, мөн өөрийн цэдгийн үлдэгдэлтэй хамт тэдгээрийг хийнэ, учир нь тэдгээр нь надад сонгомол болой;… Мөн би үүнийг мэргэн зорилгын учир хийх бөлгөө; өөрөөр хэлбэл энэ нь, надад байх Их Эзэний Сүнсний нөлөөний дагуу надад ийн шивнэнэ” (Мормоны үгс 1:6–7).

  18. Иосеф цэдгийг орчуулж дуусаад, Оливерын хамт ой руу орж, 3-р Нифайн орчуулгад дурдагдсан нүглүүдээс ангижрахын төлөө хийгдэх баптисмын талаар залбирах сүнслэг өдөөлт хүлээн авчээ.(3 Нифай 11:21–28; 19:9–13; 27:16–20-ийг үзнэ үү). Тэдний залбирлыг хариулсан юм. Иосеф, Оливер хоёр Иохан Баптистаас Аароны санваарыг хүлээн авч, нэг нэгэндээ баптисм хүртээв (Иосеф Смит—Түүх 1:68–73-ийг үзнэ үү). Удалгүй тэд Петр, Иаков, Иохан нараас Мелкизедек санваарыг хүлээн авсан бөгөөд энэ нь тэдэнд Ариун Сүнсний бэлэг өгөх эрх мэдлийг олгожээ (Иосеф Смит—Түүх 1:68–73-ыг үзнэ үү).

  19. The Joseph Smith Papers, Revelations and Translations, Volume 3, Part 1: Printer’s Manuscript of the Book of Mormon, 1 Nephi 1–Alma 35, Роял Скаусэн, ба Робин Скотт Жэнсэн [2015], xvii–xix; Маккэй ба Дөркмаат, From Darkness unto Light, 67–69-ийг үзнэ үү.

  20. Сургаал ба Гэрээ 3:7.

  21. Иосеф Мартин Харрис гар бичмэлийг алдсан гэдгийг олж мэдэх үед Их Эзэн Нифайн жижиг ялтсуудыг цэдэгт оруулах илчлэлтийг Мормонд өгсөн гэдгийг мэдээгүй байсан. Их Эзэн Мартин Харрист наманчилж, Мормоны Номын гэрч болж, хэвлэлтийнх нь зардлыг төлөхөд сүнслэгээр нөлөөлнө гэдгийг ч бас тэр мэдээгүй. Иосеф эдгээрийн талаар юуг ч мэдээгүй байсан. Их Эзэн Иосефын өмнө явж, өмнөх замыг нь бэлтгэж байсан юм.

  22. Сургаал ба Гэрээ 3:9–10.

  23. Moзая 28:4-ийг үзнэ үү.

  24. Иосеф Смит, “Manuscript History of the Church”, боть. D-1, хөтөлбөр, х. 4, josephsmithpapers.org-ийг үзнэ үү.

  25. Орчуулах чадваргүй өнгөрөөсөн хэдэн сард мэдэрсэн харанхуй байдал нь эрс тэс ялгаатай байв. Их Эзэн Иосефт “[хөрвүүлэгчдийн] аргаар орчуулах хүч” өгсөн ч тэрээр “тэрхүү] бэлгээ алдаж,мөн оюун [нь] харанхуйлсан буюу” (Сургаал ба Гэрээ 10:1–2). Иосефын оюун санаа Ариун Сүнсний хүчээр гэгээрсэн байсан ба тэр уг гэрлийг алдсанаар оюун санаандаа сүнслэг түнэр харанхуйг мэдэрсэн. Энэ гарз хохирлын улмаас илчлэлтийн сүнс ба Сүнсний удирдамж Иосефын хувьд үнэ цэнтэй болж хувирчээ.

  26. Аврагч Өгөөмөр нутаг дахь ариун сүмийн эргэн тойронд байсан хүмүүс дээр айлчилсан үеийн баптисм, Ариун Сүнсний бэлгийн тухай түүхийн орчуулга нь Иосеф, Оливер хоёрыг баптисм хүртээх, Ариун Сүнсний бэлгийг өгөх эрх мэдлийн тухай илчлэлтийг эрэлхийлэхэд хүргэсэн байна (The Joseph Smith Papers, Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, 42; мөн Latter Day Saints’s Messenger and Advocate, 1834 оны 10-р сар, 15–16 дээрх Оливер Каудеригийн В.В. Фелпсд 1834 оны 9-р сарын 7-нд хаягласан захиаг үзнэ үү).

  27. Иосеф Смит—Түүх 1:73–74.

  28. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртсэн хүмүүс Ариун Сүнсний бэлэг хүлээн авдаг бөгөөд энэ нь Ариун Сүнстэй байнга нөхөрлөх эрх юм. Баптисм хүртээгүй хүмүүс Мормоны Номын үнэнийг гэрчлэх Ариун Сүнсний хүчийг хүлээн авч болох ч Ариун Сүнс тэдэнтэй хамт байхгүй.

  29. Moронай 10:4.

  30. Moзая 4:9–10.