Жил тутмын нэвтрүүлэг
Нутгийн бошиглогч: Залуучуудад өгөх бошиглолын сүүлийн үеийн захиас


Нутгийн бошиглогч: Залуучуудад өгөх бошиглолын сүүлийн үеийн захиас

2023 оны И&С-ын жил тутмын нэвтрүүлэг

2023 оны 1-р сарын 27

Оршил

Шашны боловсролын багш нартаа хандан хэлэхэд, Сүм даяарх өсвөр үеийнхэн болон залуучуудын төлөө хийж байгаа бүх зүйлд тань талархаж байгаагаа илэрхийлье. Та нарын ангид Сүмийн ирээдүй сууж байгаа. Та нарын суралцагчдадаа үйлчилж, санаа тавьж байгаа байдлаас би үргэлж урам зориг авдаг.

Энэ намар Солт Лэйк Ситигээс Айдахогийн Рэксбург хүрэх замын хамгийн өндөр цэг болох Маладын оргил дээр байхад надад тохиолдсон үйл явдлаар би яриагаа эхэлье. Сүмийн томилолтоор явж байх замд надад ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны залуучуудад зориулсан онцгой цугларалт дээр хэлсэн “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” хэмээх үгийг дахин сонс гэсэн онцгой сэтгэгдэл төрөв. Оргил дээр гарахад надад хоёр онцгой мэдрэмж төрлөө. Эхлээд зүрх сэтгэл минь Сүмийн залуучуудыг хайрлах сэтгэлээр дүүрэв. Дараа нь, хүнд хэцүү цаг үед энэхүү залуучуудад зааж сургахаар дуудагдсан амьд бошиглогчтой байгаадаа туйлын их баярлан бахдав. Би машинаа замаас гарган зогсоогоод, тэдгээр сэтгэгдлээ тэмдэглэж авсан ба энэ нь эцэст нь өнөөдөр та бүхэнтэй хуваалцах энэ үг рүү намайг хөтөлсөн юм.

Бид ороо бусгаа цаг үед амьдарч байгаа ч Их Эзэн “Мөн дахин, та нар мэхлэгдэхгүй байж болохын тулд бибээр та нарт бүх зүйлд загвар өгнө; учир нь Сатан уг нутагт тархсан байна, мөн тэрээр үндэстнүүдийг мэхлэхээр урагш одох ажгуу”1 хэмээн тунхагласан. Харин Вэнди В.Нэлсон эгчийн заасанчлан, Сатан энэ нутагт хүрсэн хэдий ч бидэнд бошиглогч байгаа бөгөөд бид түүнээс үнэн ба тодорхой ойлголтыг энэхүү хожмын өдрүүдэд авах боломжтой.2

Өнөө орой би бошиглогч, төлөөлөгчдийн, нэн ялангуяа Сүмийн залуучуудад онцгойлон захисан бошиглолын таван сэдвийг онцолно. Хэрэв би дараагийн улиралд Амьд бошиглогчдын сургаал хичээлийг хөтлөн явуулах байсан бол эдгээр сэдвийг сургалтын хөтөлбөрийнхөө суурь болгох байсан. Та нарын зааж буй тодорхой хичээлээс үл хамааран эдгээр захиас таны сургалтын хөтөлбөр, суралцагчдадаа зааж, тохинуулах арга барилд нөлөөлнө гэж би найдаж байна.

Та нарыг төвлөрөөсэй гэж бидний хүсэж буй бошиглолын сүүлийн үеийн таван захиасанд дараах зүйлс орно.

  1. Өөрсдийн тэнгэрлэг мөн чанарыг таньж мэд.

  2. Есүс Христийн болон гэрээнүүдийнхээ хүчинд тулгуурла.

  3. Бурханыг ялуулж, Түүний бошиглогчийг дага.

  4. Үнэнийг хайраар заа.

  5. Гэрчлэлээ хамгаал.

1. Өөрсдийн тэнгэрлэг мөн чанарыг таньж мэд.

Хэрэв би бошиглогчийн өнөөгийн залуучуудад зориулсан бошиглогчийн онцгой захиасыг ойлгоё гэвэл түүний дэлхий даяарх залуучуудад хандан саяхан хэлсэн “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” гэсэн захиаснаас эхлэх байсан. Өнөөгийн олон залуу өөрсдийн жинхэнэ мөн чанарыг мэдэхгүйгээс болж зовж байна. Ерөнхийлөгч Нэлсон

Та хэн бэ?” гэж асуугаад,

“Юуны түрүүнд та бол Бурханы хүүхэд.

Хоёрдугаарт, Сүмийн гишүүний хувьд та бол гэрээний хүүхэд. Гуравдугаарт, та бол Есүс Христийн шавь юм” гэж хэлсэн.3

Ерөнхийлөгч Нэлсон нинжин сэтгэл, хайраар заахын зэрэгцээ тэнгэрлэг мөн чанарын тухай гол үнэнийг орхигдуулаагүйг анзаараарай. Түүний үгээс дараах хэсгийг сонсъё.

[Видео эхэлнэ]

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Мэдээж, та нарын хувьд маш чухалд тооцогдох олон таних тэмдэг бий. Намайг буруугаар бүү ойлгоорой. Би бусад ялгарах шинж тэмдэг, загвар шийдлийг ач холбогдолгүй гэж хэлээгүй. Би зөвхөн өөр ямар ч шинж тэмдэг ‘Бурханы хүүхэд,’ ‘гэрээний хүүхэд,’ ‘Есүс Христийн шавь’ гэсэн эдгээр гурван өөрчлөгдөшгүй загварын урдуур орох, орлох, үгүй болгох ёсгүй гэж хэлж байгаа юм.

Эдгээр үндсэн гурван загвартай нийцэхгүй аливаа онцлог шинж эцэстээ та нарын урмыг хугалах болно. Бусад таних тэмдэг яваандаа та нарын урмыг хугалдаг болох ба тэдгээр нь та нарыг Бурханы селестиел хаант улсад мөнх амьдрал өөд чиглүүлэх хүч чадалгүй юм.”4

[Видео дуусна]

Залуучуудад зориулан онцолж буй бошиглолын эхний захиас маань тэнгэрлэг мөн чанараа мэдэхэд нь тэдэнд туслах явдал юм. Сүмийн өсвөр үеийнхэн болон залуучуудтай ажилладаг шашны сурган хүмүүжүүлэгчдийн хувьд би та бүхэнд ерөнхийлөгч Нэлсоны “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” захиасыг бүтнээр нь уншиж, гол эх сурвалжаа болгохыг санал болгож байна.

2. Есүс Христ болон гэрээнүүдийнхээ хүчинд тулгуурла.

Хоёрдугаарт, тэнгэрлэг мөн чанараа хадгалж үлдэхийн тулд гэрээнүүдээ сахих замаар Есүс Христийн болон гэрээнүүдийнхээ хүчинд тулгуурлахыг бид залуучууддаа заах ёстой. Ерөнхийлөгч Нэлсон ийн заасан. “Сүнсээр болон заавраар дамжуулан ариун сүмд заагддаг бүх зүйл Есүс Христийн талаарх бидний ойлголтыг тэлдэг. Түүний амин чухал ёслолууд ариун нандин санваарын гэрээнүүдээр дамжуулан биднийг Түүнтэй холбодог. Улмаар биднийг гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг бидэнд хүртээдэг. Ай, ирэх өдрүүдэд Түүний хүч бидэнд ямар их хэрэгтэй гээч.”5

Өнгөрсөн жил би БЯИС-ийн “Finding Christ’s Peace in Perilous Times [Аюултай цаг үед Христийн амар амгаланг олох нь]” сэдэвтэй онцгой цугларалт дээр үг хэлэхдээ ерөнхийлөгч Нэлсоны үгийг хэд хэдэн удаа эш татаж билээ.6 Онцгой цугларалтын дараа удирдлагуудын маань нэг нь надад ерөнхийлөгч Нэлсоны нэг үгийг ахин дахин эш татсан нь ихэд таалагдсан гэж хэлсэн. Үнэндээ бүгд ижил төстэй бүтэцтэй дөрвөн өөр эшлэл байсан гэдгийг би тайлбарласан юм.

Ерөнхийлөгч Нэлсон мэдэгдэл бүрийнхээ эхэнд сүүлийн өдрүүдэд тохиох бэрхшээл, аюул, түгшүүр, үймээн самууныг дурдсан хоёр хэсгээс бүрдсэн өгүүлбэрийг ашиглах болсон. Өгүүлбэрийнхээ төгсгөлд тэрээр Есүс Христээр дамжуулан гэрээнүүдээ сахиснаар бид Түүгээр дамжуулан тэдгээр сорилт бэрхшээлийг даван туулж чадна гэдгийг итгэл, найдвартайгаар тунхагладаг. Бошиглогч болсон цагаасаа хойших ерөнхийлөгч Нэлсоны өгсөн Ерөнхий чуулганы захиасанд ийм хоёр хэсгээс бүрдсэн хамгийн багадаа долоон өгүүлбэр байна гэж би тоолсон. Түүний “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь” захиаснаас тэдгээрийн хоёрыг нь авч үзье л дээ.

Нэг дэх эшлэл: “Хайрт ах, эгч нар минь, тэр үе бол энэ хожмын өдрүүд юм. Та бидний хүн нэг бүр ирж буй аюул, дарамтыг даван гарахын тулд Есүс Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр сүнслэг сууриа бат бөх тавьсан байх нь зайлшгүй чухал”7 гэж заасан.

“Урьд өмнө тохиож байгаагүй өнөөдрийн сорилт бэрхшээлийг үл харгалзан Есүс Христ дээр сууриа тавьдаг, Түүний хүчээр хэрхэн зэвсэглэхээ мэддэг хүмүүс энэ эрин үеийн өвөрмөц түгшүүрт эрсдэх нь үгүй хэмээн Их Эзэн тунхаглажээ.”8

Дахин хэлэхэд, хоёр мэдэгдлийн аль алинд бошиглогч хожмын өдрүүдэд бидэнд тулгарах сорилтуудыг өгүүлэн эхлүүлж байна. Дараа нь тэрээр бид Аврагчид хандаж, Түүний хүчин дээр тулгуурлаж сурснаар тэдгээр сорилт бэрхшээл, тэдгээртэй холбоотой түгшүүрийг даван гарч чадна гэсэн амлалтыг өгч байна.

Би энэ загварыг анх олж хараад, хэрэв би Аврагчийн тухай гэрчлэлээсээ зууран баривал эцсийн өдрүүдэд ирэх сорилтуудыг сөрөн зогсож чадна гэсэн утгаар Есүс Христийг дурдаж байгаа юм байна гэж бодсон. Гэвч яваандаа ерөнхийлөгч Нэлсон биднийг Аврагч шиг байхыг уриалж байгаа гэдэгт би улам бүр итгэх болсон.

Ахлагч Жэффри Р.Холланд БЯИС-ийн залуучуудад зориулсан онцгой цугларалт дээр хуваалцсан захиасандаа “‘Их Эзэн Христийн Цагаатгалаар гэгээнтэн’ болох”-д уриалахдаа энэ талаар ярьж байсан болов уу.

[Видео эхэлнэ]

Ахлагч Жэффри Р.Холланд: “Хаан Бенжамин мөнх бус амьдралын гол буюу магадгүй хамгийн чухал зорилго бол ‘Их Эзэн Христийн Цагаатгалаар гэгээнтэн болж’ түүнчлэн ‘хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн’ [Мозая 3:19; тодотгол нэмсэн]9 болох явдал” гэж заасан.

[Видео дуусна]

Бурханыг ялуулж, Түүний бошиглогчийг дага.

Залуучуудад өөрсдийн тэнгэрлэг мөн чанарыг таньж мэдэн, Есүс Христийн хүчин дээр тулгуурлахад нь туслахын тулд бид Бурханыг нэгдүгээрт тавьж, Түүний бошиглогчийг дагахыг тэдэнд заах ёстой. Ерөнхийлөгч Нэлсоны “Бурхан ялах болтугай” гэсэн урианаас өөр хаана ч үүнийг ийн хүчирхэг заагаагүй. Бошиглогч Сүмийн хүмүүстэй бүгдтэй нь ярилцаж байгаа мэт дараах зургаан асуултыг тавьсан.

  • Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү?

  • Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү?

  • Та Түүний үгс, зарлиг, гэрээнүүдэд өдөр бүр үйлддэг зүйлдээ нөлөөлөх боломж олгох уу?

  • Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг та хүлээн зөвшөөрөх үү?

  • Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихад та бэлэн үү?

  • Та өөрийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхэд бэлэн үү?”10 гэж асуусан.

Бурханыг амьдралдаа ялуулна гэдэг нь миний хувьд ямар утгатай болохыг би олон жилийн өмнө мэдэрсэн. Залуудаа зүүн эрэгт эрдмийнхээ ажлыг эхлүүлсний дараахан Их Эзэн манай гэр бүлд өөр замыг бэлтгэсэн нь тодорхой болсон ба энэ нь эцэст нь биднийг Айдахогийн Рэксбург руу авчирсан юм. “Надад яг баян залуу захирагч шиг санагдаж байна. Би сургаалт зүйрлэл яаж төгсдөгийг мэддэг учраас чиглүүлэгдсэн тэр замаа л дагая” гэж хааяа эхнэртээ харуусан ярьдаг байсан.

Энэ бол яав ч миний сонгож болох байсан хамгийн сайн хандлага байсангүй. Маргааш өглөө нь гадасны удирдагчдын хурал дээр үг хэлэгчдийн нэг нь урьд шөнийн миний эхнэртээ эш татан хэлсэн сургаалт зүйрлэлийн талаар ярив. Уг сургаалт зүйрлэлээс сэдэвлэн зурсан Хайнрик Хоффманы уран зурагт дүрсэлсэн шиг баян залуу захирагчийг ихэд өрөвдсөнөө тэр хэллээ. Тэрээр залуу захирагчийг алдах байсан зүйлээ бодсоор нүүр буруулж байгаа мэт харагддаг талаар дурдав. Нүүр буруулсан яг энэ үйлдэл нь түүнийг Аврагчийн заасан илүү сайн замыг олж харахад нь саад болсон байлаа. Бид Бурханыг амьдралдаа ялуулах болгондоо Есүс Христ дотор илүү сайн сайхан зүйлийг авахын төлөө эгэл өөрийгөө орхиж байдаг.

Бурханыг ялуулах загвар нь мөн биднээс хувийн илчлэлт эрэлхийлж, хүлээн авахыг шаарддаг. Ерөнхийлөгч Нэлсон “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт”11 захиасандаа үүнийг заасан. Тэнгэрийн удирдамж түүнд зөвхөн Сүмийн үйлчлэлд бус, харин амьдрах газар, эзэмших боловсрол, гэрлэх хүн, ажил мэргэжил, эцэг эх болохоо сонгоход нь ирсэн. Хувийн илчлэлт хүлээн авах энэхүү загварт суралцах нь Бурханыг амьдралдаа ялуулах эхний алхам юм. Энэ нь мөн манай залуучуудад энэхүү шийдвэр гаргах эгзэгтэй цаг үед тэднийг адислах илчлэлтийг эрэлхийлж, хүлээн авахад тусална.

4. Үнэнийг хайраар заа

Хэрэв та манай бошиглогч, төлөөлөгчдийн заадаг арга барилыг ажиглавал шүүмжлэлтэй тулгарсан ч үнэнийг заадаг загвар харагддаг. Тэд үүнийг хайр, нинжин сэтгэлээр мөн бусдын төлөө Христтэй адил санаа тавих замаар хийдэг ч гэсэн тэд зарлигласнаар үнэнийг заахаа орхигдуулдаггүй. Ерөнхийлөгч Нэлсон дэлхий даяарх залуучуудад өгсөн захиасаараа мөнхийн мөн чанарын ач холбогдлын талаар заахдаа, үнэнийг хайраар заах энэхүү загварыг харуулсан.12 Тэрээр БЯИС дээр Бурханы хайр болон хуулиудын хоорондын хамаарлын тухай заахдаа үүнийг харуулсан билээ.13 Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс өнгөрсөн жил Энсайн коллежид болон залуучуудад хандан үг хэлэхдээ энэ үүрэг хариуцлагын талаар ярьсан.

[Видео эхэлнэ]

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Хүндэлж байгаагаа харуулна гэдэг нь бид Гэр бүлийн тунхагт илчлэгдсэн гэр бүлийн талаарх итгэл үнэмшил, үндсэн сургаал, Бурханы ‘хүүхдүүдийн мөнхийн хувь тавилангийн төлөө Түүний төлөвлөгөөн’ дэх үүний ач холбогдлын талаарх ойлголтоосоо ухарна гэсэн үг биш юм.

“Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёрын чуулгын гишүүд бидний Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчдийн хувьд хүлээдэг үүргийг санаарай. Бид үнэнийг Бурханы илчилснээр тунхаглах ёстой. Бид ямар үнэнийг тунхаглаж эсвэл хамгаалахаа сонгох эрхгүй.”14

[Видео дуусна]

Энэ үгэндээ ерөнхийлөгч Өүкс үнэнийг хайраар заах таван арга замыг тайлбарласан. Нэгдүгээрт:

  1. Хэт зөрчилдөөнтэй нөхцөл байдлаас зайлсхий.

  2. Бусдыг хайрла, санал нийлэхгүй байсан ч нийтлэг ойлголтыг ол.

  3. Бусдад хүрч ажиллахдаа ч үнэнийг баримтал.

  4. Дэлхийн гэрэл бол.

  5. Христэд зангуугаа тавь.

Бусдыг хайрлахын тулд бид Бурханы үнэнүүдийг дарж, ач холбогдлыг бууруулах шаардлагатай гэж зарим хүн маргана. Гэхдээ ерөнхийлөгч Өүксийн бусдад хүрч ажиллахдаа ч үнэнийг баримтлах талаар өгсөн зөвлөгөөг анхаараарай. Өөрөөр хэлбэл, энэ бол хоёр зүйлээс аль нэгийг нь сонгох сонголт биш юм. Ахлагч Холланд БЯИС-ийн багш, ажилтнуудад хандан үг хэлэхдээ энэ тэнцвэрийг зөв олохын ач холбогдлын талаар ямар зөвлөгөө өгснийг сонсоцгооё.

[Видео эхэлнэ]

Ахлагч Холланд: “Бид хайр, нинжин сэтгэлийг өршөөл үзүүлэх, өмгөөлөх явдал гэж ойлгохоос болгоомжлох хэрэгтэй. Эсвэл зарчимд үнэнч байх, хүлээн зөвшөөрөх гэдэг нь хүмүүст муухай, шударга бус хандана гэсэн үг гэж ойлгож болохгүй. Миний хэлж чадахаар Христ хэзээ ч бүр нэг ч удаа хэн нэгнээс хайраа татаж байгаагүй. Харин Тэр мөн хэзээ ч хэнд ч ‘Би чамд хайртай тул чи Миний зарлигуудыг дагах хэрэггүй’ гэж хэлж байгаагүй. Бид амьдралдаа үүний адил нарийн, нэн шаардлагатай тэнцвэрийг олохыг хичээх үүрэгтэй.15

[Видео дуусна]

Бурханы үнэнийг үл тоомсорлох үедээ бид үнэндээ Түүний хүүхдүүдэд хамгийн агуу хайраа харуулах чадвараа хязгаарлаж байж болох юм. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон БЯИС-ийн залуучуудад учрыг нь ийн тайлбарлажээ.

“Эхний зарлигийг эхэнд тавих нь удаах зарлигийг дагах бидний чадварыг үгүйсгэдэггүй мөн хязгаарладаггүй. Харин ч эсрэгээрээ энэ нь үүнийг өсгөн нэмэгдүүлж, бататгадаг. Энэ нь бид өөрсдийн хайрыг тэнгэрлэг зорилго, хүч чадалд бэхлэх замаар улам сайжруулдаг гэсэн үг юм. … Үнэндээ бид Бурханы хамтрагчийн хувьд Түүнтэй хамт Түүний хүүхдүүдийг харж халамжилдаг учраас Бурханыг гэх бидний хайр бусдыг илүү бүрэн дүүрэн, төгс хайрлах чадварыг маань өсгөн нэмэгдүүлдэг юм.”16

5. Гэрчлэлээ хамгаал.

Залуучуудад зориулан миний онцлох хамгийн сүүлийн бошиглолын захиас бол гэрчлэлээ хамгаалах явдал юм. Хэрэв та нар бошиглогчийг дагахыг хүсвэл түүний давтан хэлж буй үгийг анзаарч, “Би та нараас гуйя” гэдэг үгийг хэрэглэх үед нь анхаарлаа онцгой хандуул. Ерөнхийлөгч Нэлсон Ерөнхий чуулганд хэлсэн “Ертөнцийг ялж, амралтыг олох нь” үгэндээ “Эцэст нь би өнгөрсөн тавдугаар сард өсвөр үеийнхэнд өгсөнтэй ижил үүргийг Сүмийн бүх гишүүнд өгч байна. Би тэр үед Есүс Христийн мөн Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хамгаалахыг тэдэнд уриалсан бол одоо та нараас гуйя.17

Залуучуудад хандан түүний хэлсэн “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” үгэнд ямар ижил даалгавар байгааг бүгдээрээ сонсоцгооё.

[Видео эхэлнэ]

Ерөнхийлөгч Нэлсон: “Би та нараас гэрчлэлдээ эзэн болохыг гуйж байна. Үүний төлөө зүтгэ. Үүндээ хариуцлага хүлээ. Үүнд анхаарал тавь. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүнийг үнэнээр хоолло. Гэрчлэл тань суларсныг дараа гайхаж суухгүйн тулд итгэлгүй хүмүүний хуурамч гүн ухаанаар үүнийг бүү булингартуул.18

[Видео дуусна]

Гэрчлэлдээ эзэн болно гэдэг нь залуучуудыг асуултаа итгэлтэйгээр тавихад урамшуулна гэсэн үг юм. Асуулт тавих загварыг И&С-ын Төгс эзэмших сургаалын эх сурвалж хуудсан дахь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсэгт тодорхойлсон байгаа. Ахлагч Лорэнс Э.Корбриж энэ сэдвийн талаар үндсэн болон хоёрдогч асуултуудын хоорондын ялгааг дурдаж ярилцсан.19 Анхдагч асуултууд гэрчлэлийн төвд нь байдаг. Тэдгээрт Бурхан бол бидний Эцэг, Есүс бол Христ, Мормоны Ном үнэн гэдгийг мэдэх нь багтдаг. Хоёрдогч асуултуудад Сүмийн түүх, олон эхнэртэй байх ёс, санваарын эрх мэдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах асуултууд багтдаг. Хоёрдогч асуултуудад хариулах боломжтой мөн хариулах хэрэгтэй ч тэдгээр нь эцэс төгсгөлгүйн дээр итгэл үнэмшил, анхдагч асуултуудынхаа хариултыг авалгүйгээр гэрчлэл рүү хөтлөх нь ховор.

Ахлагч Робэрт С.Вүд хоёрдогч асуултууд дээр ажиллах явцдаа анхдагч асуултуудын хариулт дээрээ хэрхэн тулгуурлаж байсан өөрийн замналын талаар ийн хуваалцсан байдаг.20 Айдахо дахь БЯИС-ийн оюутнуудад зориулсан онцгой цугларалт дээр хэлсэн үгэндээ ахлагч Вүд Мормоны Номыг шөнөжин уншаад, уг ном үнэн гэдэг анхны тод томруун гэрчлэл олж авсан тухайгаа дурдсан юм. Дараагийн долоо хоногт сургуулийн нэг найз нь түүнд Мормоны Ном худлаа гэдгийг нотлох баримт буюу уг номон дахь гажуудлуудын жагсаалт байгаа гэжээ. Ахлагч Вүд найздаа тэрээр аль хэзээ хожимдсон ба өөрөө гэрчлэл олсон гэдгээ хэлжээ. Өөрөөр хэлбэл, тэр анхдагч асуултынхаа хариултыг аль хэдийн авсан байлаа. Гэхдээ тэр найзынхаа жагсаалтыг авч, асуултуудын дагуу ажиллахаа хэлжээ. Заримынх нь хариултыг тэр даруйд олж, заримынх нь хариултыг олоход цаг хугацаа шаардагдсан байна.

Энэ хооронд ахлагч Вүд Сүмд үйлчилж, ариун сүмд гэрлэж, боловсрол эзэмшин, гэр бүлээ сайн мэдээнд өсгөжээ. Түүнийг Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсанаас хойш хэдэн жил өнгөрсний дараа түүний жагсаалтын сүүлчийн гажуудлын хариултыг Корнэллын Их Сургуулийн профессор өгсөн юм. Ахлагч Вүд итгэлээр урагшлалгүй, хоёрдогч асуулт бүрийн хариултыг авахыг хүлээсэн бол юу болох байсныг та нар төсөөлж байна уу?

Ерөнхийлөгч Нэлсон залуучуудад асуултуудынхаа хариултыг хэрхэн олох талаар ийн тайлбарлажээ.

[Видео эхэлнэ]

Ерөнхийлөгч Нэлсон: “Хэрэв та нарт асуулт байвал, би та нарт асуулт байгаа гэж найдаж байна—хариултаа итгэх чин хүсэл эрмэлзэлтэйгээр эрэлхийл. Сайн мэдээний талаар чадах бүхнээ мэдэж авч, үнэнээр дүүрэн эх сурвалж бүхий удирдамжийг ашигла. Бид ‘юу ч нууцлагдахгүй болох’ [Сургаал ба Гэрээ 121:28] эрин үед амьдарч байна. Цаг нь ирэхэд Их Эзэн бидний бүх асуултад хариулах болно.”21

[Видео дуусна]

Дүгнэлт

Ах, эгч нар аа, хайрт найзууд аа, бид аюултай цаг үед амьдарч байна.22 Гэхдээ биднийг мэхлэгдэхгүй байхад хэрэгтэй бүх зүйлийн загварыг Их Эзэн бэлдсэн. Энэ загварын нэг хэсэг бол бидэнд үнэнийг заах бошиглогч энэ нутагт байгаа явдал юм. Бид сонсож байна уу? Энэ нь биднийг суралцагчдадаа хэрхэн зааж, тохинуулахад нөлөөлж байна уу?

Өнөө орой би шашны багш нарын тань хувьд та нарын эргэцүүлэн бодвол зохих бошиглолын таван онцлох захиасыг тоймлолоо. Эдгээр сэдэв болон тэдгээрийн үндсэн агуулгыг дараах хүснэгтэд хураангуйлан нэгтгэлээ.

Залуучуудад өгөх бошиглолын сүүлийн үеийн захиас

Үндсэн захиас үгс

1. Дахин хэлэхэд, өөрсдийн тэнгэрлэг мөн чанарыг таньж мэд.

Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), ChurchofJesusChrist.org

2. Есүс Христийн болон гэрээнүүдийнхээ хүчинд тулгуурла.

(Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Лиахона, 2021 оны 11-р сар, 93–96)

Jeffrey R. Holland, “A Saint through the Atonement of Christ the Lord” (Brigham Young University devotional, Jan. 18, 2022), speeches.byu.edu

3. Бурханыг ялуулж, Түүний бошиглогчийг дага.

Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102

Рассэлл М.Нэлсон, “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120

4. Үнэнийг хайраар заа.

Dallin H. Oaks and Clark G. Gilbert, “Stand Fast with Love in Proclaiming Truth” (Ensign College devotional, May 17, 2022), ensign.edu

D. Todd Christofferson, “The First Commandment First” (Brigham Young University devotional, Mar. 22, 2022), speeches.byu.edu

5. Гэрчлэлээ хамгаал.

Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), ChurchofJesusChrist.org

Lawrence E. Corbridge, “Stand Forever” (Brigham Young University devotional, Jan. 22, 2019), speeches.byu.edu-г үзнэ үү.

See Robert S. Wood, “Be Ye Transformed by the Renewal of Your Mind” (Brigham Young University–Idaho devotional, May 13, 2003), byui.edu/devotionals

“Acquiring Spiritual Knowledge,” S&I Doctrinal Mastery

Эдгээр сэдвийг тодорхойлохдоо бид бошиглогчийн суурь захиас болох “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” дээр төвлөрлөө. Сүмийн боловсролын системээр залуучуудад хандан бошиглогч, төлөөлөгчдийн шууд биечлэн өгсөн өөр олон захиас бий. Эдгээр сэдэв бүрийг И&С-ын удирдагч Чад Вэбб ах болон Сүмийн боловсролын зөвлөлийн гүйцэтгэх хорооны удирдлага зэрэг СБС-ийн их сургуулийн ерөнхийлөгчидтэй хамтдаа сайтар нягтлан судалсны үндсэнд тодорхойлсон. Эдгээр эш татсан үндсэн захиас үгсээс суралцахыг бид та нараас хүсэж байна. Тэдгээрийг мэдэж ав. Заах аргачлал, сургалтын хөтөлбөртөө оруул. Хамгийн чухал нь асуултад хариулах арга замдаа эдгээрийг оруулж, суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулан тохинуул.

Бурханы бошиглогч энэ хүнд хэцүү цаг үед биднийг удирдаж байгааг би мэднэ. Бид энэ болон бусад бошиглолын зөвлөгөөг дагаж, цаашид ч хүлээн авах болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.