Жил тутмын нэвтрүүлэг
Гүн гүнзгий суралцах ба Их Эзэн дотор баяр баясгалантай байх


Гүн гүнзгий суралцах ба Их Эзэн дотор баяр баясгалантай байх

Шашны институт, семинарын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг • 2017 оны 6-р сарын 13

Миний хувьд дэлхий даяарх И, С-ын хамт олонд хандан үг хэлэх нь адислал билээ. Түүнчлэн би та нарт, хийж буй бүх зүйлд тань, байгаа байдалд тань талархаж явдаг. Бидний өмнө тавигдсан агуу үйл хэргийг хийх явцад Их Эзэний адислал та нар дээр байх болтугай хэмээн би залбирч байна.

Хайрт ах, эгч нар минь, өсвөр үеийнхэнд зааж, тэднийг бэлтгэн, сүнслэгээр нөлөөлж, хүчирхэгжүүлэх нь маш чухал ажил билээ. Би энэ ажлын зайлшгүй шаардлага, эрч хүчийг мэдэрч байна. Их Эзэний Сүмийн өсвөр үеийнхэн, залуучуудад олон саад бэрхшээл тулгардаг бөгөөд олон сайхан боломж ч нээгддэг. Тэднийг хүрээлэн байх дэлхий ертөнц сайн үйлд ч, саар зүйлд ч ашиглаж болох хүчирхэг техник технологиор дүүрэн байдаг. Залуу хүмүүсийн маань олонх нь дайн, дайны цуурхал, террорист үйлдэл, ёс суртахууны доройтол, гэр бүлийн сүйрэл, улс төр, нийгмийн эмх замбараагүй байдал, бүх шашныг үгүйсгэсэн байдал, ядуурал хоосрол, өвчин тахал, өлсгөлөн ноёрхсон улсуудад амьдарч байна.

Энэ бүх үймээн самуун, бужигнаан дунд Их Эзэн Есүс Христ Хаант улс, хүмүүсээ Өөрийн ирэлтэд бэлдэж байна. Тэр тараагдсан Израилийг цуглуулан, Хаант улсаа босгож, Сионыг байгуулахын тулд дэлхийн өнцөг булан бүрд сүр хүчиндээ урагшлан яваа. Тэрээр Сүмийнхээ өсвөр үеийнхэн, залуучуудад хандан хайр, нигүүлслийн мутраа дэлгэсэн байгаа бөгөөд эдгээгч, хүчирхэгжүүлэгч, гэтэлгэгч хүчийг нь амьдралдаа хүлээн авахад тэднийг уриалдаг билээ.

Мөнх бус амьдралын өмнөх оршихуйд эхэлсэн сайн, муу хоёрын агуу дайн хожмын үеүдэд улам бүр ширүүсэж байна. Энэ дайнд өсвөр үеийнхэн, залуучууд маань арын эгнээнээс оролцдоггүй. Тэд тэргүүн шугаманд зогсдог бөгөөд Их Эзэний агуу ажилд нэн чухал үүрэг гүйцэтгэх болно. Тиймээс би та нарт хандан үг хэлэх гэсэн юм.

Та нар өсвөр үеийнхэнтэй хамт тэргүүн шугаманд зогсдог. Би та нарын тухай мөн өдөр бүр Их Эзэний Сүмийн олон зуун мянган өсвөр үеийнхэн, залуучуудын амьдралд хүрч ажиллахын тулд хийж буй зүйлийн тань тухай бодох үед бидний эрин үеийг харсан Нифайн дараах үзэгдэл санаанд минь орж ирдэг.

“Мөнхүү … би, Нифай, Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, мөн газрын гадаргуугаар нэг тархсан Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”1

Та нарын энэ бурханлаг үйл хэрэгт гүйцэтгэж буй чухал үүрэг хариуцлагыг Нифай тайлбарласан. Таныг институт, семинарт зааснаар юу хийж бүтээв гэж бодох үед энэ шүлэг толгойд тань орж ирэх байх гэж найдаж байна. Та нар энэ тэнгэрлэг үйл хэрэгт Бурханы мутар дахь зэмсэг нь болдог бөгөөд та нарын хүчинд Түүний эрхэм нандин гэрээт хүүхдүүд зөв шударга байдлаар адислагдаж, хүч чадал, алдар сууг нь хүлээн авдаг.

Та нар үүнийг л хийдэг. Та нар энэ сайхан залуучуудад Есүс Христийн сайн мэдээг зааж, тэдэнд санваар, ариун сүм, Ариун Сүнсний нөхөрлөл, судрууд, ариун нандин гэрээ, ёслолуудаас бурханлаг хүчийг олж авахад нь тусалдаг. Энэ нь Бурханы хүч бөгөөд Тэрээр хайрлаж, заан, Түүн дотор итгэл, найдвар тээн үйлчилж, Түүний үйл хэргийг насан туршдаа хийхэд нь туслах зорилгоор уг хүчээ Өөрийн эрхэм нандин охид, хөвгүүдэд өгдөг.

Бодит амьдрал дээр заримдаа Нифайн сүнслэг үзэгдлийг өглөөний 6:15-ын семинар эсвэл оройн институтийн анги дээрх ядарсан оюутан суралцагчидтайгаа холбон заах нь хэцүү байж болно. Би өглөө эрт нойрмог царайлсан олон өсвөр үеийнхнийг харж байсан. Мөн ядарч туйлдсан коллежийн оюутнууд ямар харагддагийг ч бас сайн мэднэ. Гэхдээ өсвөр үеийнхэн, коллежийн оюутнуудад хайрт багш нь Их Эзэний Сүнсээр заах үед тэдэнд юу тохиолддогийг би бас харсан. Багш нь судрын хүчийг нээж, Их Эзэний арга замаар гүн гүнзгий суралцахад нь туслах үед зүрх сэтгэл, бодгальд нь юу болж байгааг би харж байсан. Миний хүүхдүүдэд энэ бүхэн тохиолдож байсан болохоор би үүнийг мэднэ. Ач, зээ нарт маань ч гэсэн ийм зүйл тохиолдож байгаа.

Та нар гайхалтай өсвөр үеийнхэн, залуучуудад заадаг. Гэхдээ тэднээс илүү олон нь санваар, ариун сүмийн адислалыг хүртэж, номлолд үйлчлэн, ариун сүмд гэрлэж, мөнхийн гэр бүлийг бий болгон, Их Эзэнд Хаант улсад нь үйлчилж, дэлхийнхэнд гэрэл нь болох хэрэгтэй. Энэ нь та нар хувь хүнийхээ хувьд ч, хийж буй ажилдаа ч улам бүр сайжрах хэрэгтэй гэсэн үг юм. Их Эзэн та нараас энэ агуу үйл хэрэгт оролцохын тулд илүү хүчирхэг, илүү үр бүтээмжтэй байхыг хүсэж байна.

Их Эзэний дотор баяр баясгалантай байх

Би та нарт зарим бодлоосоо хуваалцахыг хүсэж байна. Тэдгээр нь бурханлаг зорилгоо биелүүлэхэд тань туслах байх гэж найдаж байна. Энэ нь Сүмийн өсвөр үеийнхэн, залуучуудад баяр баясгаланг, Их Эзэн, Есүс Христ дотор жинхэнэ, сүнслэг баяр баясгаланг мэдрэхэд нь туслахын тулд бид илүү ихийг хийх хэрэгтэй гэсэн энгийн захиас юм. Христийн сургаалыг Их Эзэний арга замаар гүн гүнзгий суралцах нь үүнийг хийх хамгийн тохиромжтой арга зам гэдэгт би итгэдэг. Есүс Христийн сургаалыг гүн гүнзгий суралцах нь Их Эзэний доторх баяр баясгалан руу хөтөлдөг гэдгийг би гэрчилж байна.

Ерөнхийлөгч Нэлсоний зааснаар

“Хайрт ах, эгч нар аа, бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдалтай биш харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.

Бид амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм.”2

Залуучууд маань энэ баяр баясгаланг мэдрэх хэрэгтэй. Энэ нь тэднийг хилэнцээс хамгаалж, зөв шударга байхад урамшуулан, Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах хүслийг нь өдөөж, Их Эзэнд ойртуулдаг.

Аврагч Мормоны Номонд Түүн дотор баяр баясгалантай байх олон гайхалтай загварыг өгсөн. Үүнд:

“Тиймийн тул, дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ—та нарын харсан тэдгээр нь миний үйлдсэн зүйлүүд болой. Болгоогтун Эцэгт хандан залбирахыг минь та нар харсан, мөн та нар бүгдээрээ харсан билээ.

Мөн би та нарын хэнийг нь ч зайлан явахыг та нарт зарлиг болгосонгүй, харин ч эсрэгээр та нар тэмтэрч мөн харж болохын тулд надад ирэхийг та нарт зарлиг болгосныг та нар харж байна; та нар түүнчлэн дэлхийхэнд үйлдэх болно.”3

Аврагч Өгөөмөр нутаг дахь ариун сүмд хүмүүст үзэгдэхдээ тэднийг хайрлаж, номлолоо зааж, адисалсан. Тэд агуу баяр баясгаланг мэдэрсэн юм. Энэ шүлэгт Аврагч та нарыг Өөрт нь Ариун Сүнсний хүчээр ирж, хэрхэн ажиллаж байгааг нь харж, хайрыг нь мөн баяр баясгаланг нь мэдрэхийг урьдаг. Дараа нь харсан, мэдэрсэн зүйлээ суралцагчдадаа хүргэн, тэднийг хайрлаж, Өөрийнх нь номлолыг заан, Өөрт нь ирж, баяр баясгаланг нь мэдрүүл хэмээн зарлигласан. Хэрэв Есүс Христийн хайр, номлол, гэрэл, баяр баясгалан танд байгаа бол та тэдэнд сүнслэгээр нөлөөлж, тэднийг өөрийн нууцлаг, хувийн, сүнслэг туршлагаа Их Эзэнтэй хамт эрэлхийлэхэд урамшуулан дэмжинэ.

Гүн гүнзгий суралцахын баяр баясгалан

Христийн сургаалыг гүн гүнзгий суралцах нь баяр баясгаланд хүргэдэг бөгөөд үүнийг Их Эзэний арга замаар хийх ёстой. Гүн гүнзгий суралцах гэдэг нь оюун ухаан, зүрх сэтгэл, бие махбод, үхэшгүй сүнс гээд бодгалийг бүрэн гүйцэд судлахыг хэлнэ. Энэ нь мөн суралцагчийн гурван зүйл хийх хүчийг нь өсгөн нэмэгдүүлдэг. Үүнд:4

1. Мэдэж ойлгох

Нэгдүгээрт, мэдэж ойлгох. Энэ бол оюун ухаан, зүрх сэтгэлийн мэдлэг юм. Жишээ нь, үүнийг Есүс Христэд итгэх итгэлийн хүрээнд авч үзэх юм бол суралцагчид Христэд итгэх итгэл нь үйлдэл, хүч чадлын зарчим гэдгийг суралцдаг. Сүнсний гэрчээр дамжуулан тэд уг зарчмын үнэнийг мэдрэхийн зэрэгцээ илүү тод томруун харж, илүү гүн гүнзгий мэдэхийг хүсэн, амьдралд нь хэрхэн үйлчилж байгааг зүрх сэтгэлдээ илүү бүрэн дүүрэн ойлгодог.

2. Үр ашигтай, зөв шударга үйлдэл хийх

Хоёрдугаарт, үр ашигтай, зөв шударга үйлдэл хийх. Суралцагчид Есүс Христэд итгэх итгэлийн зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхэд суралцаж, тэгээд бодит байдал дээр дагадаг. Жишээлбэл, тэд найзыгаа зориг гарган Мормоны Номыг уншихад урихын тулд Аврагчид итгэх итгэлээр үйлдэхээр шийдсэн байж болно. Аврагчид итгэх итгэлээр үйлдэхэд итгэл найдвар нь өсөн нэмэгдэж, Их Эзэн ч тэднийг илүү их итгэлээр адисалдаг юм.

3. Tэнгэрлэг Эцэгтэй илүү адилхан болох

Гуравдугаарт, Тэнгэрлэг Эцэгтэй илүү адилхан болох. Болох гэдэг нь суралцагчдын зан ааш, мөн чанарыг өөрчлөх үйл явцыг хэлнэ. Энэ нь Есүс Христийн гэтэлгэгч хийгээд хүчирхэгжүүлэгч хүчээр дамжин хийгддэг. Үүнийг Аврагчид итгэх итгэл хэмээх зарчмын хүрээнд авч үзэх юм бол тухайн суралцагч улам бүр итгэлтэй болж байна гэсэн үг юм. Тэд Христэд итгэх итгэлийн талаарх ойлголт, мэдлэгт үргэлж тууштайгаар өсөж хөгжин, Түүний хүслийн дагуу үйлдэх итгэлтэй байж, Түүнтэй мөн Түүний Эцэгтэй адилхан болохын тулд бэлэг, адислалыг нь эрэлхийлэх юм бол Есүс Христэд итгэх итгэл нь зан чанар, хувь хүнийх нь нэгэн хэсэг болдог байна.

Гүн гүнзгий суралцахын энэ гурван бүрэлдэхүүн хэсэг нь нэг нэгэнтэйгээ харилцан холбоотой байхын зэрэгцээ нэг нэгнээ дэмждэг. Итгэлтэй байх нь суралцагчийн мэдэж, ойлгох чадавхыг өсгөн нэмэгдүүлдэг. Гүн гүнзгий ойлголт нь үйлдлээ илүү үр дүнтэй хийх сэдлийг төрүүлдэг бөгөөд энэ нь эргээд шинэ ойлголтыг бий болгон, зан чанарыг илүү хүчирхэг болоход хүргэдэг байна. Шинэ ойлголт олж авах, зөв шударга үйлдэл хийх, Эцэг Хүү хоёртой илүү адилхан болох гээд гүн гүнзгий суралцахын бүрэлдэхүүн хэсэг бүрд баяр баясгалан оршдог.

Гүн гүнзгий суралцах Их Эзэний арга зам

Гурван урилга

Гүн гүнзгий суралцах Их Эзэний арга зам нь энгийн хийгээд хүчирхэг. Их Эзэн Өөрийнх нь арга замаар суралцахыг дараах байдлаар тайлбарласан.

“Хэрэв та нар миний сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах аваас, та нарын бүхэл бие гэрлээр дүүргэгдэх болно.”5

“Өөрсдийгөө бэлтгэ, мөн өөрсдийгөө ариусга.”6

“Хаант улсын сургаалыг бие биендээ заа.”7

“Хичээнгүйлэн заагтун та нар, мөн миний ач ивээл та нартай байх болно.”8

“Та нар хичээнгүйлэн эрэлхийлж мөн мэргэн ухааны үгсийг бие биендээ заагтун.”9

“Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн.”10

“Өөрсдийнхөө дунд багшийг томил, мөн бүгдээрээ нэг зэрэг яригчид бүү байг.”11

“Бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, … нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог.”12

“Мөн бүх зүйлээс дээгүүр, … өөрсдийгөө энэрлийн холбоогоор хувцаслагтун”13 хэмээсэн.

Сургаал ба Гэрээний 88-р бүлэг дээрх энэхүү гайхалтай сайхан үгс Их Эзэний арга замаар гүн гүнзгий суралцахын гурван харилцан холбоотой, нэг нэгнийгээ дэмждэг бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлсон байна. Нэгдүгээрт, хичээнгүйлэн суралцах, эрэлхийлэх, бэлтгэх, залбирах.14 Хоёрдугаарт, сүнслэгээр нөлөөлөгдсөн багшаар удирдуулан, Есүс Христийн нигүүлслээр оролцож, энэрлийн холбоогоор нэг нэгэндээ зааж сургахаар цугларах. Гуравдугаарт, Ариун Сүнсний хүчээр дамжин ирдэг илчлэлт, сүнслэг удирдамж, бусад сүнслэг бэлгийг хүлээн авах.

Их Эзэний арга замаар бол багш хүн суралцагчдыг гүн гүнзгий суралцахын бүх бүрэлдэхүүн хэсэгт татан оролцуулах сүнслэг үүрэг хариуцлага үүрдэг байна. Үүнийг хийхэд Ариун Сүнстэй байх мөн суралцагчдаа хайрлах гэсэн хоёр зүйл нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Та нарт Сайн мэдээг заах ба судлах нь15 гэх гайхамшигт эх сурвалж байгаа бөгөөд энэ нь танд Их Эзэний арга замаар суралцахыг суралцагчдадаа заахад тусална. Тэгэхлээр би та нарт уг гарын авлагыг, ялангуяа Есүс Христийн номлолыг, баяр баясгалан руу хөтөлдөг гүн гүнзгий суралцах арга барилаар уншиж судлах даалгавар өгөх гэсэн юм. Баяр баясгалантай болох нь таны зорилго учраас гүн гүнзгий суралцах гэдэг нь юу болохыг ойлгох нь гарын авлага дээр боловсруулан гаргасан хүчирхэг зарчмуудыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тань өөрчилнө. (Өөр олон жишээ байж болох ч) би гурван энгийн жишээ өгье.

  • Та суралцагчдаасаа нэг нэгэндээ заахад бэлдэж ирэхийг хүснэ.

  • Та суралцагчдадаа Христийнхтэй адилхан зан чанарыг хөгжүүлэхэд нь туслах ажлыг нэн тэргүүнд тавина.

  • Та баяр баясгалантай байхыг ангийнхныхаа нэгдмэл зорилго болгох тул суралцагчид тань тогтмол баяр баясгалангийн талаарх гэрчлэлээ хуваалцана.

Хайрт ах, эгч нар аа, та нар суралцагчдадаа Есүс Христийн сайн мэдээг зүрх сэтгэлдээ ойлгож, Түүний дотор баяр баясгаланг мэдрүүлэхийн тулд гайхалтай, сайхан зүйлсийг аль хэдийн хийж байгааг тань би мэднэ. Би та нарын гаргаж буй золиослол, үнэнчээр ажиллаж байгааг тань мэднэ. Их Эзэн ч мөн адил мэдэж байгаа.

Би өнөөдөр үгээ гурван зүйл хийхийг уриалан өндөрлөе. Хэрэв та нар эдгээр урилгыг хүлээн авч, үйлдэх юм бол суралцагчдадаа Их Эзэний арга замаар илүү гүн гүнзгий суралцаж, Түүн доторх баяр баясгаланг илүү ихээр мэдрэхэд нь тусална гэдгийг би мэднэ.

1 дэх урилга: Мөнхийн мөн чанар ба зорилго Би та нарыг суралцагчдадаа яг хэн болохоо олж мэдэхэд нь тусална уу хэмээн урьж байна. Тэдэнд үнэхээр Бурханы хүүхэд, Түүний хайртай охид, хөвгүүд гэдгээ олж харж, мэдэрч, мэдэхэд нь туслаарай. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дээр таны суралцагч бүр “бурханлаг шинж чанар, хувь тавилантай”16 хэмээн дурдсан уг тунхгийн утга санааг ойлгоход нь тэдэнд тусал.

Мөнх бус дэлхийд амьдарч байгаа сүнслэг хүмүүс гэдгийг нь зүрх сэтгэлийнхээ гүнд мэдрэхэд бас тэдэнд тусална уу. Их Эзэн, Аврагч Есүс Христ “мөнхийн амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн ухааран ойлгож төгс төгөлдөр болон хөгжин дэвших”17 боломж олгохын тулд тэдний төлөө зовж шаналан, амиа өгсөн билээ. Энэ бол Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд зориулсан төлөвлөгөө юм. Түүний энэ төлөвлөгөө тэдэнд биеллээ олоход тусална уу.

Тэд сурч мэдэж, өсөж хөгжин, Тэнгэрлэг Эцэг, Эхтэйгээ адилхан болохын тулд Тэднээс төрсөн гэж тэдэнд заа. Суралцах нь мөнх бус оршихуйн өмнөх болон мөнх бус амьдралын зорилгын төвд оршдог. Амьдралдаа Бурханы зорилгыг биелүүлэхийн тулд тэд Бурханы болон дэлхийн зүйлсийг суралцах хэрэгтэй. Суралцах нь Бурханы мөнхийн төлөвлөгөөнд мөн тэдний мөнхийн зорилго, хувь заяанд нэн чухал гэдгийг олж харахад нь тусал.

2 дахь урилга: Гүн гүнзгий суралцах Их Эзэний арга зам Би та нарыг суралцагчдадаа Бурханы арга замаар хэрхэн суралцахыг зааж тусална уу хэмээн урьж байна. Та заримдаа үүнийг үлгэр жишээ үзүүлэх байдлаар хийдэг. Их Эзэний арга замаар суралцах талаар таны хэрхэн зааж байгаа байдал юу зааж байгааг тань маш хүчирхэг арга замаар тодорхойлдог. Хэрэв та нар тэдэнд Их Эзэний арга замаар суралцах орчинг нь бүрдүүлж өгөх юм бол тэд Түүний арга замаар л суралцана. Бүрдүүлж өгөхгүй бол тэд суралцахгүй.

Та нар суралцагчдадаа Их Эзэний арга замаар суралцахыг өөрийн үлгэр жишээгээр заана байх гэж найдаж байна. Түүнчлэн та нар тэдэнд Түүний арга замыг шулуун шударга, ухамсартайгаар мөн санаа зорилготойгоор заана гэж найдаж байна. “Сүнслэг мэдлэгийг олж авах нь” зарчим нь яг л Их Эзэний арга замаар суралцахыг заадаг учраас Төгс эзэмших сургаал нь үүнийг хийх гайхалтай сайхан боломж юм. Тэдэнд энэ зарчмыг жилийн туршид заах явцдаа Их Эзэний арга замаар суралцахыг бас заана. Үүнийг та зааж байгаа институтийн ангидаа ч гэсэн зааж болно.

Их Эзэний арга зам нь бидний суралцаж буй бүх зүйлд хамаатай гэдгийг ойлгоход нь суралцагчдадаа туслаарай. Дунд болон дээд сургуулийн ангид ашиглах багшийн арга барил тухайн багшаас л шалтгаална. Гэхдээ суралцагчид тань үргэлж идэвхтэй оролцон, хичээнгүйлэн суралцаж, Ариун Сүнсний нөхөрлөлөөр адислагдах боломжтой. Сургуульд явахдаа үргэлж Ариун Сүнстэй хамт байхыг суралцагчдадаа уриалж байгаарай.

3 дахь урилга: Наманчлах ба суралцах Наманчлал нь гүн гүнзгий суралцахын төвд байдаг гэдгийг суралцагчдадаа заана уу хэмээн урьж байна. Наманчлал нь хувиараа суралцах, сүнслэгээр өсөж хөгжих, Түүнтэй улам бүр адилхан болох зэрэгт зориулсан Их Эзэний үйл явц юм. Суралцагчид тань Есүс Христийн гэтэлгэгч хийгээд хүчирхэгжүүлэгч хүч амьдралд нь хэрхэн ажиллаж байгааг мөн нигүүлсэл, ач ивээлийг нь хэрхэн нээж өгч байгааг харснаар Их Эзэний арга замаар суралцдаг.

Наманчлал нь ямар ч үед Аврагчтай илүү адилхан болоход тусалдаг бурханлаг үйл явц гэдгийг ойлгоход нь суралцагчдадаа туслаарай. Заримдаа наманчлал нь хийхээ болих ёстой ямар нэгэн зүйлийн талаар байхад заримдаа хийж эхлэх ёстой зүйлийн талаар байдаг. Наманчлал гэдэг нь буруу зүйл хийсэн гэдгээ Их Эзэнд болон бишоптоо хэлэхээс хавьгүй том зүйл гэдгийг олж мэдэхэд нь туслаарай. Нүгэл үйлдэх нь Их Эзэнээс нүүр буруулахыг хэлнэ. Харин наманчлах нь Түүн рүү эргэхийг хэлдэг. Наманчлал нь та нараас суралцагчдын хувийн нөхцөл байдалд тааруулан амьдралдаа болон зүрх сэтгэл, оюун санаандаа өөрчлөлт хийхийг шаарддаг.

Гэхдээ наманчлал нь тэднийг үргэлж адисалдаг гэдгийг бас заагаарай. Их Эзэн тэдэнд энэ арга замаар амьдралынхаа туршид илүү сайн үйл хийж, илүү сайн хүн болоход нь тусалдаг. Харин үүний тулд өөрчлөгдөн, өсөн хөгжих шаардлагатай бөгөөд энэ нь наманчилж, Аврагч руу бүрэн эргэж, зүрх сэтгэлээ тэр чигээр нь өгөх хэрэгтэй гэсэн үг юм. Энэхүү өөрчлөгдөх, өгөх үйл явц нь бүхэл амьдралын туршид үргэлжилдэг. Үүнийг хийх нь гүн гүнзгий суралцахад нэн чухал.

Гэрчлэл

Би та нарт дараах амлалтыг өгье. Хэрэв та суралцагчдадаа яг хэн гэдгийг нь, Их Эзэний арга замаар хэрхэн гүн гүнзгий суралцаж болохыг мөн наманчлалын бурханлаг зарчмыг заах юм бол тэд Христийн номлолыг гүн гүнзгий суралцаж, Түүнд итгэх итгэл, хайрлах хайр нь өсөн нэмэгдэж, Их Эзэний дотор баяр баясгалантай байх болно. Та болон таны суралцагчид Их Эзэний энэхүү гайхамшигт амлалтыг хүртэх болно. “Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, оюуныг чинь гэгээрүүлж, сүнсийг чинь баяраар дүүргэх Сүнснээсээ би чамтай хуваалцах болно.”18

Энэ амлалт үнэн гэдгийг би мэднэ. Би та бүхэнд бидний Бурхан Эцэг амьд гэдгийг гэрчилж байна. Есүс бол Христ. Тэр амьд! Энэ бол Тэдний ариун ажил. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж, та бүхэндээ хайраа илгээж байна, амен.