Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Эцэгийн өгсөн бэлэг: Хүлээн авсан эсвэл аваагүй


Эцэгийн өгсөн бэлэг: Хүлээн авсан эсвэл аваагүй

Ямар сайхан хөгжим байна вэ. Юбанк эгч ямар гайхамшигтай захиас хэлэв ээ. Гэтэлгэх ач ивээлийн өглөө үүрээр ямар гайхамшигтай байсан гээч! Тийм дээ, арван хоёрдугаар сар ч гарлаа. Гадаа хүйтэрч, цас ч багахан орлоо. Ихэнх хүний хувьд энэ нь Христийн мэндэлсний баяр ойртож байна гэсэн үг юм. Гэхдээ миний хувьд цас орж, хүйтрэх нь Христийн мэндэлсний баяр ойртож байна гэдгийг илтгэдэггүй.

Энэ дэлхий дээр амьдарсан он жилүүдэд маань урт удаан, халуун өдрүүд л надад Христийн мэндэлсний баярын улирал дөхөж байгааг сонордуулсаар ирсэн. Яагаад гэвэл, арван хоёрдугаар сар нь Австралийн зуны улирал юм. Мөн эхнэр бид хоёрын сүүлийн таван жил амьдарсан Баруун Африкт дандаа халуун байдаг.

Тиймээс арван хоёрдугаар сар бол ерөнхийдөө далайн эргээр зугаалах, далайн давалгаа дээгүүр гулгах мөн гал дээр мах шарах зэрэг өдрүүдийг авчирдаг. Христийн мэндэлсний баяраар манай гэр манго жимсний үнэр, инээд хөөрийн чимээгээр дүүрдэг. Гэхдээ Христийн мэндэлсний баярын уур амьсгал хаа ч адилхан. Сидней, Солт Лэйк эсвэл Сиерра Леонд байна уу, Нүкүалофа, Ньюфаундланд, Нигерт байна уу, хаа ч байлаа гэсэн Аврагчийн маань төрөлт сайн сайхан зүйлийг хийхэд хүмүүсийг сүнсээр өдөөдөг.

Ихэнх газарт Христийн мэндэлсний баярыг хүмүүс бэлэг солилцох, бусад хүн дээр айлчлан очих, сайн үйл хийх зэргээр тэмдэглэдэг. Самоад байдаг найзууд маань Христийн мэндэлсний баярын маргааш нь хайрцган дотор хоол хүнс, амттан хийгээд, зөвхөн тойргийнхоо биш, харин орон нутгийнхаа хамгийн ядуу гэр бүлд өгдөг юм. Тэд бас хоёр акр ногооны талбайтай бөгөөд ихэнх ургацаа хэрэгцээтэй хүмүүст өгдөг.

Баруун Африкийн Сенегалд амьдардаг дотнын нэг найз маань Зааны ясан эрэг дэх төрсөн тосгондоо Христийн мэндэлсний баяраар хүмүүст бэлэг өгөхийн оронд шийдвэрлэгдээгүй асуудлуудыг нь тосгоных нь удирдагчдад өргөн мэдүүлдэг гэж ярьж байсан юм. Харин тэр удирдагчид нь тэдний асуудлуудыг шийдвэрлэхээр гэр бүлүүдтэй хамт ажилласнаар өдрийн үлдсэн цагийг өнгөрөөдөг байна. Тэд Христийн мэндэлсний баярыг буюу дэлхийд амар амгаланг авчрах зорилгоор төрсөн Түүний төрөлтийг тэмдэглэдэг учраас энэ баярын үеэр тосгоны айл бүрийг амар амгалан, нэгдмэл байхыг шаарддаг ажээ.

Энэ жилийн эхээр бид Руандаас Либерид номлолд үйлчилж байгаа Жийн Ингабайрэ хэмээх нэгэн залуу номлогч эгчтэй танилцсан юм. Тэрээр 1994 онд Руандад болсон хоморголон устгах ажиллагаа түүнд хэрхэн нөлөөлсөн тухай зүрх шимшрэм түүхийг надад ярьсан билээ. Түүний аав Түци овгийн гишүүдийг үнэн голоосоо үзэн яддаг Хүтү овгоос гаралтай хүн байв. Харин ээж нь Түци овгийн хүн байжээ. Эхнэр, дөрвөн охиныхоо амийг аврахын тулд энэ зоригт аав гэр бүлийнхнээ хол газар нуугаад, тосгон руу ганцаараа явсан аж. Эхнэр, охид нь түүнийг ахиж хэзээ ч хараагүй бөгөөд тэд амиа зогоох гэж зовжээ. Эцэст нь тэд есөн жилийн дараа засгийн газраас зохион байгуулсан эвлэрлийн цуглаанд оролцохоор буцаж ирсэн бөгөөд нөхөр нь буюу аав нь тосгон руугаа буцаж очоод алуулсныг олж мэдсэн байна. Гэсэн ч Ингабайрэ эгчийн ээж, эгч, дүү нар нь түүний амийг хороосон хүмүүсийг уучилжээ.

1838 оны Христийн мэндэлсний баярын үеэр Иосеф Смит олон сарын турш гэм зэмгүйгээр Либерти шоронд хоригдож байснаасаа болоод уур омогтоо идэгдэж байсан байж болох ч тэр үед Их Эзэн Сургаал ба Гэрээний 121-р хэсгийг түүнд илчлэлт болгон өгсөн юм. Энэ илчлэлтэд Их Эзэн Иосефт энэ хэсгийн эхний хэсгээс тодорхой харж болох сэтгэлээр унасан байдлаа даван гарахад нь тусалдаг бөгөөд нинжин сэтгэл, тэсвэр тэвчээр, эелдэг зөөлөн, номхон даруу байдал мөн чин сэтгэлийн хайр нь шавь хүнд байвал зохих Христийн адил зан чанарууд болохыг заадаг.

Миний хувьд Христийн мэндэлсний баяр гэр бүлийн үнэт дурсамжуудтай минь холбоотой. Гэхдээ энэ бүх дурсамж сайхан дурсамж байдаггүй. Жаахан хүү байхдаа би ааваасаа жижигхэн ногоон уралдааны машин авснаа санадаг. Манайх харьцангуй ядуу айл байсан бөгөөд би тэр бэлгээ маш хайрладаг байв. Гэтэл нэг өдөр би өчүүхэн зүйлээс болж уурласандаа хашаа даван ургасан өтгөн бут руу тоглоомон машинаа шидчихэж билээ. Зөвхөн тоглоом шидсэндээ ч биш, бас аавынхаа хайрын илэрхийллийг үл тоосон мэт санагдсан учраас би тэр даруй хийсэн зүйлдээ харамссан. Би машинаа ахин дахин хайсан ч олсонгүй. Өвөл болж, бутны навч унах үед би дахин хайгаад ч олоогүй. Би аавыгаа гомдоосон гэх тэр сэтгэлийн шархыг одоо ч мэдэрдэг. Одоо ч гэсэн сэтгэл өвддөг.

Үүнийг Тэнгэрлэг Эцэгийн биднийг гэх хайр болон бидэнд өгсөн Түүний бэлгүүдийг, тэр дундаа Түүний хамгийн агуу бэлэг болох Өөрийн Хүүг бидний төлөө зовж, цагаатгал хийлгүүлэхээр илгээсэн явдлыг заримдаа эсэргүүцэж байгаатай адилтгаж болох юм. Бид Түүний цагаатгагч золиослол, сайн мэдээнийх нь гэрээ, ёслолуудыг эсэргүүцэх юм бол юутай эмгэнэлтэй хэрэг болох билээ!

Бид бусдад хайраа үзүүлэхийг үргэлж хичээдэг хүмүүстэй адилхан байдаг ч болоосой. Саяхан хүчтэй шуурганд нэрвэгдсэн Флорида, Каролина мужуудын оршин суугчдад болон Калифорнид гарсан гал түймэрт өртөж зовсон хүмүүст туслахаар мөн дэлхий даяар үүний адил зовж байгаа хүмүүст тусламж үзүүлэхээр маш олон хүн ажилласан.

1974 оны 12 сарын 25-нд Австралийн Хойд Бүсийн нийслэл сүйрсэн юм. Христийн мэндэлсний баярын өглөө үүрээр Трэйси хар салхи Дарвин хотыг дайрав. Олон хүн нас барж, Дарвин хотын ихэнх оршин суугч орон гэргүй үлджээ. Саяхан Флоридад болсон байгалийн гамшгийн сүйрлийг харуулсан зургууд Дарвинд болсон гамшгийг санагдуулж байлаа. Гэхдээ Христийн мэндэлсний баярын уур амьсгал цөхөрсөн сэтгэлийг ялан дийлсэн юм. Австралийн өнцөг булан бүрээс хандив, тусламж ирж, олон хүн хийж байсан зүйлээ орхин, Дарвиныг дахин барьж босгоход туслахаар ирж билээ.

Олон жилийн өмнө, том охин маань хоёрхон настай байхдаа Христийн мэндэлсний баярын өмнөхөн хөлөө хугалснаас хөлөө дээш сойлгон, эмнэлэгт олон долоо хоногийг өнгөрүүлсэн юм. Тэр Христийн мэндэлсний баяраар их л хүнд байж билээ. Манай тойргийн, санхүүгийн хувьд тийм ч сайнгүй нэгэн гэр бүл Христийн мэндэлсний баярын өдөр түүнийг эргэж ирсэн. Тэдний жаахан хүүхдүүд бүгд тэр өглөө авсан бэлгүүдээсээ өөр өөрийн хамгийн дуртай бэлгийг сонгож, охинд маань өгөхөөр авчирсан байв. Манай эхнэр Кэй бид хоёр энэ хүүхдүүдийн болон эцэг эхийнх нь өгөөмөр, сайхан сэтгэлийг хараад, нулимс дуслуулж билээ.

Чухам үүнд л, тухайлбал хувь хүмүүс бусдад туслахад л Христийн мэндэлсний баярын сүнс оршиж байгаа юм. Энэ бүхний эцэст, Аврагчийн үлдээсэн өвийн чухал хэсэг бол “тэрхүү нэгэнд” тохинуулах явдал байсан. Энэ бол Африк дахь Түүний Сүмийн гишүүдийн хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлдэг зарчим бөгөөд Тэрээр энд ч бас биднээс үүн шиг үйлдэхийг шаарддаг.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард Цагаатгал бол бидний хүн “нэг” бүрийн төлөө яг үүнийг хийж байгаа Аврагчийн хамгийн агуу үйлдэл болохыг хэлсэн. Ерөнхийлөгч Баллард:

“Хэрвээ бид Цагаатгалыг болон бодгаль бүрийн мөнхийн үнэ цэнийг үнэхээр ойлгодог байсан бол Бурханы төөрөлдсөн … хүүхэд бүрийг хайж олох … байсан. Бид тэдэнд Христийн тэднийг гэх хайрыг ойлгож мэдэхэд нь туслах байсан. Бид бас тэдэнд сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээж авахаар бэлтгэхэд нь чадах бүхнээрээ туслах байсан.

Хэрэв Христийн Цагаатгал тойрог, салбарын удирдагчдын оюун ухааны төвд байсан бол шинэ, эргэж идэвхжсэн ямар ч гишүүнийг хайхралгүй өнгөрөөхгүй байх байсан. …

… Цагаатгалын нэгэн сонирхолтой зүйл бол энэ нь хэмжээлшгүй бөгөөд мөнхийн хэрнээ хувь хүн бүрд, нэг бүрчлэн хэрэглэгддэг. …

Ах эгч нар аа, тэрхүү нэгний үнэ цэнийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй”1 гэж заасан.

Хэрвээ бид бүгдээрээ энэ болон хоёр агуу зарлигийг илүү дээд түвшинд, ариунаар дагаж амьдрах тухай ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зөвлөгөөг дагадаг бол гайхалтай биш гэж үү? Хэрэв та ийн үйлдсэнээр өөрийн оруулж чадах хувь нэмэрт эргэлзэж байгаа бол “Хэрвээ та өөрийгөө өөрчлөлт хийж чадахааргүй өчүүхэн жижиг гэж боддог бол та хэзээ ч ганц шумуултай хамт шөнийг өнгөрөөж байгаагүй гэсэн үг” гэсэн нэгэн африк зүйр цэцэн үгийн талаар бодож үзээрэй.

Бид өөрчлөлт хийж эсвэл Аврагчтай илүү ойр байхын тулд Ариун Газар руу очих хэрэггүй. Христийн мэндэлсний баяр бол бусдыг үргэлж хайрлан, тэдэнд тусалснаар Аврагчид өгөх хувийн бэлэгтээ анхаарлаа төвлөрүүлэх цаг үе. Тэгэх юм бол бидний хүн нэг бүрийн хувьд Бетлехем тийм ч хол биш байх болно. Христийг амьдралынхаа нэг хэсэг болгож, бидэнд өгдөг Түүний бэлгүүдийг хүлээн авч, зүрх сэтгэлээ Түүнд бэлэг болгон өгөх эсэх нь бидний сонголт юм. Би Түүнд хайртай бөгөөд Түүний бидний хүн нэг бүрийг гэх цуцашгүй хайрын талаар Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэл

  1. М.Рассэлл Баллард, “The Atonement and the Value of One Soul,” Liahona, 2004 оны 5-р сар, 86.