Жил тутмын нэвтрүүлэг
Бид зөвхөн энд ирэх гэж л энэ хол ирээгүй


Бид зөвхөн энд ирэх гэж л энэ хол ирээгүй

2020 оны И ба С-ын жил тутмын сургалтын нэвтрүүлэг

2020 оны 6-р сарын 9, мягмар гараг

Хамтдаа байх сайхан байна. Та нар, танай гэр бүлийн гишүүн бүр аюулгүй, сайн байгаа гэж бид найдаж байна. Бид энэ жилийн турш Анхны үзэгдлийн 200 жилийн ойг тэмдэглэнэ. Би Иосеф Смитэд мөн түүний итгэл ба үнэнийг мэдэх хүслийн үлгэр жишээнд талархдаг. Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Иосеф Смитийн даруухан залбиралд хариулах хэмжээнд биднийг хайрладагт мөн би талархдаг. “Иеховатай уулзсан тэр хүнийг магтъя” гэж сонсох үедээ бид эдгээр үгийн хүчийг мэдэрдэг.1 Дахин хүмүүнтэй уулзсан Иеховад магтаалын дуу өргөе гэж би нэммээр байна. Ариун төгөлд Иосеф Смитэд тохиосон үйл явдал үнэхээр болж өнгөрсөнд би маш их талархдаг.

Үзэгдэл үзсэнийхээ дараа Иосеф гэртээ эргэж ирээд, ээждээ “Бүх юм зүгээр. … Би өөртөө мэдэж авлаа”гэж хэлсэн байдаг.2 Иосефын үнэнийг эрэлхийлэхдээ баримталсан загварыг манай суралцагчид дагавал зохино. Иосеф Смитэд тохиолдсон үйл явдал өөрөө олж мэдэхэд нь түүнд тусалсан шиг бүх суралцагч маань Тэнгэрлэг Эцэг тэдний хэн болохыг мэддэг мөн тэднийг хайрладаг, Есүс бол Христ бөгөөд энэхүү эцсийн өдрүүдэд Өөрийн Сүмийг тэргүүлдэг гэдгийг мэдээсэй хэмээн бид найддаг юм.

Институт, семинар эхэлснээс хойш заах, сурах талаар олон зүйл яригдсан. Хуваарьт хичээлээс эхлэн өнөөгийн заах, суралцах үндэс суурь хүртэлх бидний хүлээж авсан сүнсээр өдөөгдсөн удирдамж заавар нь судруудыг болон бошиглогчдын сургаалд агуулагддаг сэргээгдсэн сайн мэдээг үр дүнтэй, Ариун Сүнсний хүчээр заахад бидэнд тусалж байна. Бид хэзээ ч эдгээр үндэс сууриас гажиж болохгүй ч шинийг сурч мэдэхээс буюу суралцагчдадаа өөрсдөө бие даан суралцахад нь хэрхэн илүү сайн дэмжин тусалж болох талаарх өөрсдийн ойлголтыг өсгөн нэмэгдүүлэхээс эмээх хэрэггүй.

Гарч буй ахицдаа би талархаж байна. Бид зарим талаараа уул өөд хамтдаа мацаж байгаа мэт надад санагддаг. Өмнөх туршлага, хүлээн авсан илчлэлтгүйгээр бид энэ хүртэл явж чадахгүй байх байсан. Гэхдээ бид сэтгэл ханаад, дээшээ тэмүүлэхээ больж хэзээ ч болохгүй. Ахлагч Жэффри Р.Холландын хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр хэлсэн зүйл санаанд орж байна. “[Бид] зөвхөн энэ хол ирэх гэж л энэ хол ирээгүй” [Judith Mahlangu (multistake conference near Johannesburg, South Africa, Nov. 10, 2019), in Sydney Walker, “Elder Holland Visits Southeast Africa during ‘Remarkable Time of Growth,’Church News, Nov. 27, 2019, thechurchnews.com].3 Бид уулын оройд хүрэх замынхаа талд явж байгаа бөгөөд Их Эзэн бидэнд илүү ихийг өгөхөд бэлэн байгаа.

Үүний тулд бид юуг, хэрхэн заахаас гадна суралцагчид болон үйл явц, суралцсанаар гаргах үр дүнд анхаарлаа илүү төвлөрүүлэх талаар бодож үзэхэд ахлагч Ким Б.Кларк биднийг урьсан. Тэр биднийг “Суралцагчдад маань илүү гүн гүнзгий суралцах эрч хүч, чадавхаа өсгөн нэмэгдүүлэхэд ямар ямар туршлага хэрэгтэй вэ?” хэмээн өөрсдөөсөө асуухад урьсан. Гайхалтай түүхээ саяхан өгөгдсөн удирдамжтай нэгтгэн, “Илүү их Христэд төвтэй байж, суралцагчид дээрээ төвлөрөхийн тулд бид юу хийх ёстой вэ?” гэж асууж болох юм.

Ахлагч Дэвид А.Бэднар хамгийн сүүлийн Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш уулзалт дээр суралцагчид дээр төвлөрөх гэдэг нь ямар байдаг тухай гайхалтай жишээг үзүүлсэн. Бидэнд ямар нэгэн зүйлийг хэлэх биш, харин биднийг ямар нэгэн зүйл сураасай гэж хүсэж байгаа нь тодорхой байсан. Тэр асууж, ажиглаж мөн ойлгосон эсэхийг маань бататгахын тулд биднийг сонссон. Тэр бас “‘Би тэдэнд юу хэлэх вэ?’ гэж бодохын оронд ‘Би тэднээс юу асуух вэ?’ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл. “Би тэднээс юу асуух вэ?” гэхээс гадна, “Би тэднийг юу хийхэд урих вэ?” гэж бод.4

Нэрт профессор, рабби Жэйков Нойсенер “Агуу багш заадаггүй. Тэд сурч мэдэхэд нь сурагчдад тусалдаг” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Үр дүнтэй заах, суралцах нь хоорондоо харилцан хамааралтай гэдэг нь тодорхой. Гэхдээ миний бодлоор, доктор Нойсенер энэ мэдэгдлээрээ үр дүнтэй заах гэдэг нь юу болох талаарх өөрсдийн бодлыг өргөжүүлэн, ярьж хэлэхийн оронд сурч мэдэхэд суралцагчдыг урин дуудах туршлагыг тэдэнд суулгахад анхаарлаа түлхүү хандуулах хэрэгтэй хэмээн зөвлөсөн болов уу. Бидний хувьд энэ нь суралцагчдадаа үнэнийг мөн Бурханы тэднийг гэх хайрыг Ариун Сүнс гэрчлэхийг мэдрэхэд туслах гэсэн үг юм. Энэ нь тэдэнд асуултаа чөлөөтэй тавих, үнэнийг олж мэдэх, сургаалын уялдаа холбоог гаргах, хамт суралцаж байгаа хүүхдүүдийнхээ гэрчлэлийг сонсох, сурч буй үнэнийхээ талаарх бодол, мэдрэмж, сэтгэгдлээ дүгнэн, үгээр илэрхийлэх таатай орчинг бүрдүүлнэ гэсэн үг юм. Энэ нь бид сайн мэдээний дагуу амьдрахад мөн хэрхэн итгэлээр үйлдэж, алдаанаасаа суралцан, Христэд найдлага тавин дахин оролдож үзэхэд урамшуулдаг туршлагуудыг өгнө гэсэн үг юм. Ийнхүү тэд өөрсдөө сурч мэдэх болно.

Бидэнтэй хамт байх хугацаанд нь ямар туршлага суралцагчдад маань илүү хэрэгтэй болохыг бүрэн дүүрэн ойлгохын тулд бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол тэднээс асуух явдал юм байна гэдгийг бид мэдсэн. Судалгааны баг дөрвөн тивийн мянга мянган залуустай ярилцсан юм. Тэд хичээлд хамрагдаж байгаа болон хамрагдаагүй залуучуудын аль алинтай уулзсан. Бид асар их хэмжээний өгөгдлийг дүгнэх явцдаа өгсөн хариултуудыг гурван ангилалд хуваав.

Эхний ангиллыг бид “Хөрвөлт” гэж нэрлэсэн. Өсвөр үеийнхэн, залуучууд тэдэнд Бурханы хайрыг мэдэрч, Түүнтэй харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхэд нь туслах туршлага хэрэгтэй байгаа мөн авахыг хүсэж байгаагаа бидэнд хэлсэн. Тэд Есүс Христэд, Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлээ гүнзгийрүүлэхийг хүсдэг. Мэдээж энэ нь бидний хүсэлтэй яг таг нийцдэг.

Ангиуд маань үүнд хүрэхэд бидэнд тусалдаг гэдгийг судалгаа харуулж байгаа нь сайхан мэдээ юм. Сурах боломж бололцоог тогтмол ашиглаж, хичээлд суудаг хүмүүс өөрсдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлж, Есүс Христэд итгэх итгэлээ ихээхэн өсгөн нэмэгдүүлдэг. Энэ нь бидний залуучуудыг хамрагдахад урихыг хүсдэг олон шалтгааны нэг нь юм. Тэд та нартай хамт суралцсанаар итгэл, гэрчлэл нь өсдөг.

Тэдэнд хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд туслахын тулд та бүхний хийж байгаа бүхэнд талархаж байна. Бид гүн гүнзгий суралцахад нь суралцагчдадаа туслах заах зарчмуудыг дагаснаар маш их ахиц гаргасан. Их Эзэнд хандан удирдамж заавар авахыг хүсэх юм бол Түүнд бидэнд заахыг хүсэж буй олон зүйл байгаа гэдэгт би итгэлтэй байна. Та боломж бололцооны талаар тунгаан бодохдоо, Тэнгэрлэг Эцгийн төлөвлөгөөг мөн Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгох хүч, чадавхаа өсгөн нэмэгдүүлэхэд нь суралцагчдад хэрэгтэй туршлагуудын талаар залбиран бодож үзээрэй. Ариун Сүнсний нөлөөллийг эрэлхийлэх, таньж мэдэх, Түүний дагуу үйлдэн, дараа нь итгэлд үйлдэн, наманчилж, ариун гэрээнүүдийг байгуулж, сахихад нь та тэдэнд хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бодоорой. Эцсийн дүндээ тэдэнд буй туршлагууд Есүс Христийг таньж мэдэн, хайрлаж, Түүнтэй адил болохоор хичээхэд нь тусална байх хэмээн бид найдаж байна.

Хоёр дахь ангиллыг бид судалгаанд оролцсон хүмүүсийг сонссоны үндсэн дээр гаргасан бөгөөд үүнийг “Хувийн сүнслэг өсөлт хөгжлийн ач холбогдол” хэмээн нэрлэсэн. Судалгаанд оролцсон хүмүүс багш нар нь суралцагчдынхаа янз бүрийн нөхцөл байдал, цаадах учир шалтгааныг мэдэн, үнэлж мөн заах хичээлүүдийг хувь хүнийх нь хэрэгцээнд тохируулах үед хичээлүүд нь тэдний хувьд ач холбогдолтой болж ирдэг гэдгээ илэрхийлэв. Тэд мөн сургаал, Сүмийн түүх, өөрсдөд нь чухал нийгмийн асуудлуудын талаарх асуултуудаа ний нуугуй асууж болох газар хэрэгтэй байгааг илэрхийлсэн. Тэд эдгээр сэдвийн талаар маргах хүсэлгүй байгаагаа хэлжээ. Тэдэнд үнэхээр олж мэдье гэсэн асуултууд байгаа бөгөөд тэдгээрийг айж эмээлгүй, итгэл дүүрэн, нээлттэй орчинд судлах хэрэгцээ байна. Асуултад нь итгэлээр, илэн далангүй, энэрэл хайраар хариулах багш нар тэдэнд хэрэгтэй байна. Түүнчлэн хэрхэн суралцахад болон сүнслэг байдлын хувьд хэрхэн илүү бие дааж болох талаар сурахыг хүсэж байна. Тэд үзэл баримтлалд дүн шинжилгээ хийж, тэдгээрийг мөнхийн талаас нь харах чадварыг хөгжүүлэхийг хүсэж байна. Тэд бас судрын зарчим, Сүмийн бодлогыг бусдад тайлбарлах чадвартаа илүү итгэлтэй болоход нь туслахыг хүсэж байна. Мөн амьдралын өдөр тутмын саад бэрхшээлд нь туслах сайн мэдээний зарчмуудыг ашиглах чадвараа хөгжүүлэхийг тэд хүсэж байна.

Суралцагчдын хэлсэн хэрэгтэй, хүсэж байгаа зүйлс нь өнгөрсөн жил ахлагч Жэффри Р.Холландын өгсөн чиглүүлэгтэй нийцэж байгаа юм. Тэрээр бидэнд “суралцагчид бол дүүргэдэг сав биш, харин дүрэлзтэл асаах гал гэдгийг санаарай”5 гэж сануулсан билээ.

Багшийн хувьд бидний үүрэг бол суралцагчдадаа сурах хүсэл эрмэлзэл, хувийн илэрхийлэлт хүлээн авах, өөрсдийн хүчээр үнэнийг олж нээн, ойлгож, үүнийхээ дагуу амьдрах хүслийг суулгаж өгч туслах явдал мөн. Энэ нь зүгээр л өөрсдийн судалж эсвэл олж авсан туршлагаас олж авсан мэдлэгээ түгээх явдал биш юм. Бидний хувьд ач холбогдолтой гэж бодогдсон зүйлс амьдралынхаа өөр шатанд явж байгаа суралцагчдад маань ач холбогдолтой мэт санагдахгүй байж болохыг санавал зохино. Тиймээс бид үнэхээр тэднийг сонсож, ажиглаж; ялган таних чадварыг авахын төлөө залбирах хэрэгтэй.

Харамсалтай нь олон өсвөр үеийнхэн, залуучууд, ялангуяа хичээлд хамрагдахгүй байгаа хүмүүс бидний хичээлүүдийг хамааралтай ач холбогдолтой байж чадахгүй байна гэж бодож байна. Тэдний бодит хэрэгцээнд нийцүүлэхийн оронд бэлдсэн материалаа заахад л анхаарлаа илүү их хандуулж байна гэж тэд хардаг. Тэд бидний хичээл бодит бус зүйл дээр ихэвчлэн төвлөрч, амьдралынх нь бодит асуудлыг авч үзэн, асуултад нь хариулахад хангалттай анхаардаггүйг илэрхийлсэн.

Жишээлбэл, нэгэн институтийн багш селестиел гэрлэлт залуучуудад ач холбогдолтой гэж үзэн, үүнтэй холбоотой сургаалыг ярилцаж байна гэж төсөөлье. Анги дахь суралцагчид ариун сүмийн гэрлэлтийн ач холбогдолд аль хэдийн итгэдэг боловч зарим нь энэхүү сургаалыг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх талаар сайн мэдэхгүй байна. Зарим нь эцэг эх нь салсан гэр бүлээс гаралтай учраас гэр бүлийн амьдралд бэлтгэгдсэн гэдэгтээ эргэлзэж байгаа тул айдаг. Ангид буй зарим нь гэрлэж, гэр бүлээ санхүүгийн хувьд авч явж чадна гэдэгтээ эргэлздэг. Зарим нь хэзээ нэгэн цагт гэрлэх боломж гарч ирнэ гэдэгт итгэдэггүй байхад зарим нь ижил хүйстэнд татагдах асуудалтайгаа тэмцэлдэж, Сүмд байх орон зай түүнд байгаа эсэхийг боддог. Хичээл төлөвлөсний дагуу явагдах ч суралцагчдыг утга учиртай оролцох боломж олгодоггүй. Хичээлийн сэдэв тэдэнд хамааралтай л бол суралцагчдын хувьд ач холбогдолтой байж болох арга замаар холбогдсон гэж багш үздэг. Гэвч бодит байдалд, хэдийгээр сургаалыг заасан ч ийн заахдаа суралцагчдын эргэлзэж буй зүйлсийн тухай ярилцаж, хэрэгцээг нь тусгаж, амьдралынх нь бодит байдалтай холбодоггүй. Тодорхой нөхцөл байдалд сургаал ямар чухал болохыг олж харахад нь тэдэнд туслах боломжийг алддаг.

Суралцагчдынхаа сүнслэг өсөлт хөгжилд санаа тавьдаг багш тэдний байгаа тэр цэгт очиход бэлэн байдаг. Тэр тэдэнд найдвар төрүүлж, сайн мэдээний дагуу амьдрах нь хэрхэн тэднийг адислахыг олж харахад мөн эцсийн зорилгодоо хүрэхийн тулд ахиц гаргахад нь тусалдаг юм. Тэр судар, хожмын үеийн бошиглогчдын сургаал бодгалийнх нь асуултуудад үнэхээр хариулдаг гэдэгт итгэх итгэлийг нь хөгжүүлж тусалдаг.

Амьдралд нь сургаал ямар их ач холбогдолтой мөн ямар чухал болохыг олж харахад нь суралцагчдадаа туслахын тулд хэрхэн чин сэтгэлээсээ асууж, ойлголт, үзэл санаагаа хуваалцахад нь тэднийг урамшуулж болох талаар та залбиран бодох уу? Өөрсдийг нь мэддэг, ойлгодог мөн тэдний хэрэгцээнд тохируулахад бэлэн гэдэгт тэд танд итгэх хэрэгтэй. Өдөр бүр судраас суралцаж, судрууд, орчин үеийн бошиглогчдын сургаалаас удирдамж заавар авахад сүнслэгээр өдөөх туршлагуудыг тэдэнд өг. Өөрсдөө суралцахад нь туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах чадвар, загварыг тэдэнд заа.

Гурав дахь ангилал буюу суралцагчдаа, ялангуяа хичээлд суудаггүй хүмүүсийг сонссоноор бидний ойлгож авсан нэг зүйл бол тэд бидний нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд туслах орчинг бүрдүүлэхийг биднээс хүсдэг, ийм орчин хэрэгтэй гэдгээ ч илэрхийлсэн. Тэнгэрлэг Эцэгтэй болон багш, ангийн бусад суралцагчтай харьцаж, харилцаа холбоо тогтоосноор тэдний нэгэн хэсэг гэдгээ мэдрэх боломжтой. Хүн бүр халуун дотно хүлээн авч, дэмжлэг туслалцаа авахын зэрэгцээ хэрэгтэй, үнэ цэнтэй гэдгээ мэдэрсэн цагт нэгэн хэсэг болохоо мэдэрдэг. Түүнчлэн суралцагчид чухал үйл хэргийн хэсэг гэдгээ мэдрэх үед нэгэн хэсэг гэдгээ улам их мэдэрдэг.

Би дахин та бүхэндээ талархмаар байна. “Нэг хүнийг хар” сургалтын хариуд ирүүлсэн та бүхний саналд мөн хувь хүний хувьд суралцагч бүрийг хайрлан, хүндэлж туслахын тулд гаргаж буй хувь нэмэрт тань үнэхээр талархаж байна. Одоогийн байдлаар хичээлд хамрагдаагүй олон хүн өнөөг хүртэл бидний нэгэн хэсэг гэдгээ мэдрэхгүй байгаа тул бид энэ ажлаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Тэдний дунд олон хүн институт, семинарын анги нь тэдний харж байгаагаар ямар ч асуудал, асуултгүй төгс хожмын үеийн гэгээнтнүүдэд зориулагдсан гэж боддогоо илэрхийлсэн. Тэр буруу ташаа ойлголт нь өөрсдийгөө тохирохгүй гэдэгт итгэхэд хүргэж байна. Тэдний зарим нь хэрэв чин сэтгэлээсээ асууж, үнэн сэтгэлийн үзэл бодлоо хуваалцвал өөрсдийг нь шүүмжилж, итгэл дутуу юм байна гэж үзнэ гэж боддог. Өөрсдийн дотоод итгэл үнэмшил эсвэл гадаад үзэмжээс үл хамааран хүн бүрийг халуун дотно хүлээж авдаг тийм газар очих магадлал өндөр гэдгээ ч тэд мөн хэлсэн.

Саяхан Линфорд ах манай нэг барилгын өмнө нэгэн залуу эмэгтэй зогсож байхыг хараад, өөрийгөө танилцуулан, ангид хамрагдсан эсэхийг нь асуужээ. Тэр Сүмийн гишүүн бөгөөд институтийн талаар мэдэж байгаа ч хичээлд хамрагдаагүй гэдгээ хэлсэн байна. “Хэрвээ та намайг болон миний өнгөрсөн амьдралыг мэдэх юм бол энд байх орон зай надад байхгүй гэдгийг мэдэх байсан. Би энд тохирохгүй” гэж тэр нэмж хэлжээ. Азаар тэр залуу эмэгтэй Линфорд ахын халуун дотно мэндчилж, дотогш ороход урьсан урилгыг хүлээн авсан юм. Тэр ангид бүртгүүлж, тэр даруй хичээлд суух болжээ. Барилгын маань гадна зогсоод, ангиудад заагддаг зүйлс өөрсдөд нь хэрэгтэй ч таарч тохирохгүй байх гэсэн бодлоосоо болж айж эмээсэн хэдэн зуун, бүр хэдэн мянган залуу байгаа бол гэж би бодсон.

Зөвхөн бидний санал болгодог зүйлс тэдэнд хэрэгтэй биш, тэд ч бас бидэнд хэрэгтэй. Нэгэн хэсэг гэдгийг нь мэдрүүлдэг орчинг бий болгодог багш нар хичээлийг улам сайхан болгоход суралцагч бүрийн хувь нэмэр хэрэгтэй гэдгийг мэддэг.

Би үүний нэгэн гайхалтай жишээг Андрэ ахын хичээл дээр танилцсан нэгэн залуугаас харсан юм. Майкл эрүүл мэндийн шалтгаанаар номлолоосоо хугацаанаас өмнө буусан байв. Эргэж номлолдоо явахаар бэлдэж байхдаа тэрээр машинд мөргүүлж, хэд хэдэн яс нь хугарснаас болж эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэн байж. Эмнэлгээс гарахдаа тэрээр номлолоо дуусгана гэсэн мөрөөдлөө орхисон байлаа. Тэрээр экстрим спортоор хичээллэх болж, Сүмээс холдов. Нэгэн өдөр тэр ганцаараа, ямар ч аюулгүйн хамгаалалтын торгүйгээр хавцал дээгүүр хөндлөн татсан олсон дээгүүр явахаар шийджээ. Хавцлын нөгөө эрэгт гарсныхаа дараа тэрээр баярлан орилсон ч хавцлаас доош хараад, хэрэв унасан бол амьдрал нь дуусах байж гэдгийг ухаарав.

Яг тэр мөчид тэр ээж, охин дүү хоёроо мөн хэрэв амиа алдсан бол тэдэнд ямар их уй гашуу авчрах байснаа бодож эхлэв. Үүний дараа Аврагчийн талаар мөн түүний төлөө хийсэн зүйлсийг бодоод, зүрх сэтгэл нь Ариун Сүнсээр дүүрчээ. Тэрээр хаднаас бууж, Сүм рүүгээ эргэж очих аяллаа эхлүүлсэн байна. Тэр гайхамшигтай арга замаар Аврагчийн нигүүлсэл, хайр, биднийг гэтэлгэх хүчийн талаарх ойлголтыг олж авсан.

Хэсэг хугацааны дараа Майкл далайн эрэг дээр суунгаа номлолынхоо өмнө институтэд хамрагддаг байснаа санав. Тэр далайн эргээс шууд институтийн барилга руу алхан, хичээл эхлэхээс хэдхэн минутын өмнө оржээ. Яг тэр мөч хүртэл сая миний та нартай хуваалцсан зүйлсийн ихэнхийг Андрэ ах мэдэхгүй байв. Ямар ч байсан Майкл энд байх ёстойгоо мөн өгч чадах олон зүйл түүнд байсан гэдгийг л мэдэж байлаа. Андрэ ах Майклыг энд байхад урьсан ч Майкл хүмүүс өөрийг нь хүлээн авахгүй байх гэж бодож байв. Тэр усны хувцас, мөр нь ил гарсан майк өмссөн байсан ба бугуйнаас мөр хүртэлх шивээс нь харагдаж байв. Тэрээр ангид ирэхийнхээ өмнө тохиромжтой хувцас, урт ханцуйтай цамц өмсөж ирье гэж хэлжээ. Андрэ ахыг “Хэн ч анзаарахгүй дээ” гэж хариулахад Майкл ч үлдэв. Гэвч ангид орж ирж буй суралцагчдын нэг нь ч түүний хажууд суусангүй. Хичээл дууссаны дараа Андрэ ах Майклыг самбарын өмнө дуудаж гарган, танилцуулжээ. Тэр Майклыг хайрладгаа мөн тэр гайхалтай сайхан сэтгэлтэй бөгөөд түүнд өгч чадах олон зүйл байгааг хэлжээ. Дараа нь тэрээр Майклаас гэрчлэлээ хуваалцахыг хүсэв. Майкл нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, Бурханы хайр, өгөөмөр сэтгэл, уучлахад бэлэн байдгийг нь ярив. Тэнд байсан хүн бүр Майклын гэрчлэлээр адислагдсан юм.

Бусдын харж чадаагүй зүйлийг Андрэ ах Майклаас олж харсан. Багшийн хувьд тэрээр суралцагчдын янз бүрийн гарал үүсэл, нөхцөл байдлыг үнэлдэг байсан ба хүн бүрд бусдад өгөх ямар нэгэн зүйл байдгийг ойлгодог байв. Тиймээс тэр нэг нэгнээсээ мөн Аврагчийн амар амгалан, эдгээлт, нигүүлслээс хүртэх гэсэн нэгдмэл хүслээс хүч дэм авах боломж олгодог туршлагыг өгдөг. Хичээлийн дараа суралцагчид Майклыг халуун дотно хүлээн авч, тэдэнд хэрэгтэй гэдгийг нь ойлгуулахын тулд хэдэн суралцагч түүнийг хүрээлэн авахыг харах үед өөр нэгэн чухал үйл явдал болсон юм.

Миний өмнө нь дурдсанчлан, бидний нэгэн хэсэг гэдгийг мэдрүүлэх орчинг бий болгохын нэг хэсэг нь утга учиртай үйл хэрэгт оролцох явдал юм. Суралцагчид маань хүмүүнлэгийн ажилд оролцон, бусдыг нэр төртэй, тэгш эрхтэй, боломжоор дүүрэн амьдрахад нь дэмжиж туслахыг хүсдэг. Ерөнхийдөө тэд эдгээр үйл хэргээс сурч мэдсэн зүйлсээ эсвэл тэдгээрийн өгсөн боломжуудыг хооронд нь холбодоггүй. Хэдийгээр дэлхий ертөнц дээрх хамгийн агуу үйлс бол Христийн үйл хэрэг, хөшигний хоёр талд Израилыг цуглуулах явдал ч гэлээ, ихэнх нь семинар, институтээс хуримтлуулсан туршлагуудаа энэхүү үйл хэрэгтэй холбодоггүй.

Та бүхэн заахдаа, харилцахдаа, анги дотроо Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг илүү уриалан дуудах өөрчлөлтүүдийг хийх талаар бодож үзэх үү? Та нар үе үе цэнхэр цамц өмсөх хэрэгтэй ч байж болох юм. Гэхдээ үүнээс ч илүү та нар Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч, тэнгэрлэг мөн чанар, чадавхаа таньж мэдэхэд нь суралцагчдадаа туслах туршлагыг өгөхөөр залбиран эрэлхийлэх үү? Та тэднийг хайрлан халамжилдаг бөгөөд хувь хүнийх нь хувьд үнэлдэг гэдгийг мэдэхэд нь суралцагчддадаа туслаарай. Ангийнхаа гишүүдтэй холбогдож, аюулгүй, хэрэгтэй гэдгээ мэдрэхэд нь туслаарай. Бусдад гэрээний замдаа өсөж хөгжихөд нь туслах замаар Христийн үйл хэрэгт оролцоход тэднийг уриалаарай. Та эдгээр туршлагыг өгөх юм бол тэд нэгэн хэсэг гэдгээ мэдэх болно.

Бид энэ бүгдийг өдөр бүр хийж чадахгүй гэдгийг би ойлгож байна. Гэхдээ бид бэлдэж, зааж, суралцагчидтайгаа харилцахдаа санаж чадна. Та семинар, институт эсвэл анги танхимд юм уу онлайнаар, өглөөгүүр эсвэл орой зааж байгаагаас үл хамааран эдгээр зарчмыг хэрэгжүүлэх нь суралцагчдыг тань адисалж, хэрэгтэй туршлагуудыг тэдэнд өгөх болно.

Маш олон сайн зүйл тохиож байгаа ба хамгийн сайхан нь ирээдүйд ирнэ. Бид зөвхөн энд хүрэх гэж л энэ хүртэл ирээгүй гэдгийг санаарай. Бид чин сэтгэлээсээ илчлэлт эрэлхийлэх юм бол Их Эзэн Өөрийнх нь хүүхдүүдийг хэрхэн адислахыг танд мэдүүлж тусална. Тэрээр хүн нэг бүрд ганцаарчлан эсвэл хамтад нь хөрвөлтийг гүнзгийрүүлэх, хувийн сүнслэг өсөлтөд хамааралтай, нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд нь туслах туршлага өгөхөд бэлэн. Тэр бидэнд илүү ихийг өгөхөд бэлэн байгаа. Суралцагчдадаа үнэхээр сурч мэддэг болоход нь өөрсдөдөө хэрхэн туслахаа олж мэдэхийн тулд үргэлжлүүлэн Их Эзэнд итгэлээр хандах болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.