2016 оны онцгой цугларалтууд
Жинхэнэ Мянган жилийнхэн болох нь


Жинхэнэ Мянган жилийнхэн болох нь

Ерөнхийлөгч Рассэл М.Нэлсонтой хамт нэгэн үдэш

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2016 оны 1-р сарын 10 • Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль

Хайрт ах, эгч нар аа, энэ шинэ жил үйл явдлаар дүүрэн байхаар байна. Энэ оны эхээр бид энэ мөнх бус амьдралаас одсон хүндэт эгч Маржоритай салах ёс гүйцэтгэлээ. Бид гэр бүлдээ шинэхэн гишүүд болох Вэйд Ричард Волкэр болон Исаак Рассэлл Макдоноф нарыг хүлээн авсан. Одоо бидэнд дэлхий даяарх гайхалтай залуучуудад хандан үг хэлэх онцгой боломж тохиож байна. Бид та бүхэнд талархаж байна.

Би Вэндигийн өгсөн чухал захиас, түүний урам төрүүлэм үлгэр жишээнд гүнээ талархаж байна! Бид Далын ахлагч, Сүмийн Боловсролын албаны хариуцлагатай ажилтан Ким Б.Кларк, түүний эхнэр Сью болон институт, Шашны институт, семинарын захиргааны ажилтан Чаад Х.Вэб эхнэр Кристигийнхээ хамт оролцож байгааг талархан мэдэгдэж байна.

Би та бүхэнд Тэргүүн Зөвлөлийн болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын мэндчилгээ, хайрыг хүргэж байна. Бид Их Эзэнд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд өөрсдийгөө бүрэн зориулдаг та нарт талархалтай байна. Бид та нарт, ялангуяа олон нь дургүйцсэн үед ч үнэний төлөө зогсож, ярьдагт тань талархалтай байдаг юм шүү.

Олон хүн та нарыг "Millennials" буюу "Мянган жилийнхэн" гэж нэрлэдэг. Судлаачид та бүхнийг энэ үгээр нэрлэж, тэдний хийсэн судалгаа нь та нарын дуртай, дургүй зүйлс, сэтгэлийн хөдөлгөөн, сонирхол, сул, давуу талуудын талаар юу гэж илчилснийг тайлбарлахад үнэндээ надад эвгүй санагддаг. Би тэдний "Мянган жилийнхэн" гэсэн энэхүү нэр томьёог хэрхэн яаж хэрэглэж байгаад нь санаа зовдог. Үнэндээ шинжээчид та нарын талаар юу гэж хэлж байгааг би сонирхохгүй, харин Их Эзэн та нарын талаар надад юу гэж хэлснийг илүүтэй сонирхдог.

Би залбирч, та нарын талаар Их Эзэн ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэхийг Түүнээс хүсэхэд надад эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаас огт өөр мэдрэмж ирдэг. Та бүхний талаар хүлээн авсан Сүнслэг мэдрэмжүүд нь "Мянган жилийнхэн" гэх энэхүү нэр томьёо та нарт хамгийн төгс тохирно гэдэгт итгэхэд хүргэсэн юм! Гэхдээ шинжээчдийн ойлгож чадахаас огт өөр шалтгаан байгаа учраас юм шүү.

"Мянган жилийнхэн" гэх энэхүү нэр томьёо нь та нарын үнэхээр хэн болохыг, амьдралын тань зорилго үнэхээр юу болохыг сануулж өгч байгаа бол та нарт төгс зохисон нэр гэж ойлгож болно. Жинхэнэ "Мянган жилийнхэн" гэж мөнх бус байдлын өмнөх оршихуйд Есүс Христийн сайн мэдээг заалгаж мөн зааж, тэнд бидний Тэнгэрлэг Эцэгтэй энэ дэлхий дээр байхдаа хийхэд зориг, тэвчээр шаардагдах зүйлс - бүр ёс суртахууны талаар зориг гаргах шаардлагатай болох зүйлүүдийн талаар гэрээ байгуулсан хүмүүсийг хэлнэ.

Жинхэнэ Мянган жилийнхэн гэж энэ дэлхийн түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй давж туулахад хамгийн хүнд эрин үед Бурханы дэлхий рүү илгээхдээ итгэл найдварыг нь дааж чадна хэмээн үзсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэлнэ. Жинхэнэ Мянган жилийнхэн гэдэг нь одоо амьдарч байгаа, энэ дэлхийн хүмүүсийг Есүс Христийн Хоёр дахь ирэлт болон Түүний мянган жилийн хаанчлалд бэлтгэхэд туслах эрэгтэй, эмэгтэй хүмүүс юм. Та нар бол Жинхэнэ Мянган жилийнхэн байхаар төрсөн хүмүүс гэдэгтээ бат итгэлтэй байгаарай.

Асуулт нь юу вэ гэвэл: Жинхэнэ Мянган жилийнхний хувьд та нар хэрхэн бат зогсож, амьдарч чадах вэ? Надад та бүхэнд өгөх дөрвөн зөвлөмж бий.

Өөрийгөө жинхэнэ хэн болох талаар судал

Миний нэгдүгээр зөвлөмж: Өөрийгөө жинхэнэ хэн болох талаар суралц!

Эдгээр зүйлийн талаар залбиран тунгаан бодох цаг гарга.

  • Та нар бол Бурханы сонгогдсон хүү, охин мөн.

  • Та Түүний дүр төрхөөр бүтээгдсэн.

  • Та нар Сүнсний дэлхийд байхдаа энэ л хожмын үеийн сүүлийн хэсэгт тулгарч болох аливаа мөн бүхий л зүйлтэй тулгарахад бэлтгэгдэн заагдсан юм.1Тэнд заалгасан зүйлс та нартай хамт байгаа!

Та нар “арваннэг дэх цагт” амьдарч байна. Их Эзэн үүнийг дэлхийн өнцөг булан бүрээс сонгомол тэднийг Өөрийн усан үзмийн талбайд цуглуулахаар үйлчлэгчдээ дуудах сүүлийн цаг хэмээн тунхагласан юм.2 Мөн та нар ч гэсэн энэ цугларалтад оролцохоор илгээгдсэн. Жинхэнэ Мянган жилийнхэн бусдыг үнэний мэдлэгт авчрахдаа тэдэнд хүчтэй нөлөөллийг үзүүлж байгааг би нүдээрээ олонтоо харж байсан билээ. Абрахамын үр удмын хувьд энэ нь та нарын жинхэнэ байдал мөн бөгөөд та нарын зорилгын нэг хэсэг юм!3

Хэдэн сарын өмнө Вэнди бид хоёрыг алсын Сибирьт аялж байхад нэгэн гайхалтай явдал тохиолдсон юм. Бидний Бэлтгэлийн өдрөөр Эрхүү хотоор хамтдаа аялсан хүмүүсийн дунд номлолын ерөнхийлөгч Грегори С.Бринтон, түүний эхнэр Салли мөн тэдний Орост номлолд үйлчилсэн буцаж ирсэн номлогч хүү Сэм нар байлаа. Бид үзэсгэлэнт Байгаль нуур дээр очиж мөн эрэг дээрх дэлгүүрүүдээр орж үзсэн юм.

Бид автобус руугаа буцахдаа Сэм байхгүй байгааг гэнэт мэдэв. Хэдэн хормын дараа тэр Валентина гэх нэгэн дундаж насны эмэгтэйтэй хамт буцаж ирсэн. Валентина төрөлх орос хэлээрээ “Би энэ залуугийн ээжтэй нь уулзмаар байна. Тэр сайхан харьцаатай, ухаантай, найрсаг залуу байна! Би түүний ээжтэй уулзмаар байна!” гэж их л өөдрөг хэлсэн юм. Валентина Сэмийн баяр хөөртэй, гэрэлтсэн дүр төрхөд татагдсан байлаа.

Сэм Валентинаг эцэг, эх хоёртойгоо танилцуулаад, түүнд Аврагчийн тухай товхимол өгч, номлогчид түүн дээр очих талаар тохиролцож, зохицуулж өгсөн. Дараа нь номлогчид түүн дээр Мормоны Номыг аваад очиход тэр уншина гэж амлажээ. Түүнтэй хамт ажилладаг хэдэн эмэгтэй Валентинагийн хүлээн авсан шинэ номын талаар бас сонирхож эхэлсэн. Бид энэ түүхийн төгсгөлийг одоохондоо сайн мэдэхгүй ч Сэмээс цацарч байсан тод гэрлээс Валентина болон түүний найзууд сайн мэдээтэй танилцжээ.

Сэмийн адил Жинхэнэ Мянган жилийнхэн өөрсдийгөө хэн гэдгийг сайн мэддэг. Тэд Есүс Христийн итгэл дуулгавартай шавь нар бөгөөд бидний Аврагчийн мянган жилийн хаанчлалд өөрсдийгөө болон бусдыг бэлтгэхэд туслахаар зөн совингоороо аливаа боломжийг ашигладаг юм.

Тиймээс, өөрсдийнхөө хэн болохыг мэдэж ав гэдэг нь миний анхны зөвлөмж юм. Тэнгэрлэг Эцэгээсээ Есүс Христийн нэр дээр Түүнийг таны талаар болон таны энэ дэлхий дээрх үүрэг хариуцлагын талаар ямар бодолтой байдгийг асуугаарай. Хэрэв та чин сэтгэлийн хүсэл эрмэлзэлтэйгээр асуувал Сүнс амьдралыг тань өөрчлөх үнэнүүдийг танд цагаас цагт шивнэх болно. Тийм мэдрэмжийг сайтар тэмдэглэж аваад, ойр ойрхон эргэж харж байх хэрэгтэй. Тэгээд тэдгээрийг яг таг дагаж мөрдөөрэй.

Таныг Тэнгэрлэг Эцэг яаж харж, Өөрийнх нь төлөө юу хийхийг танаас хүсэж найдаж байдгийн өчүүхэн хэсгийг нь та зурвасхан харж эхлэх үед амьдрал тань хуучных шигээ хэзээ ч байхгүй гэж би та нарт амлаж байна!

Боломжгүй зүйлийг ч хийнэ гэж бодож, бэлтгэлтэй бай.

Миний өгөх хоёрдугаар зөвлөмж: Боломжгүй зүйлийг ч хийнэ гэж бодож, бэлтгэлтэй бай.

Бурхан Өөрийн гэрээт хүүхдүүдээс үргэлж хүнд, хэцүү зүйлийг хийхийг хүсэж ирсэн. Та нар гэрээгээ сахидаг мөн хожмын өдрүүдийн сүүлийн хэсэгт амьдарч байгаа Бурханы хөвгүүд, охид учраас Их Эзэн та нараас хүнд хэцүү зүйлүүдийг хийхийг хүснэ. Та нар үүнд итгэж болно- Абрахамд ирсэн сорилт Абрахамыг зогсоогоогүй юм шүү.4

Таны чадвар, чадавхаас хол давсан мэт санагдах зүйлийг хийхийг танаас шаардах нь ямар санаа зовмоор байдаг гэдгийг би мэднэ. Намайг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн болоод дөнгөж 19 сар болж байхад ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл нас барсан. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоныг албанд нь томилсны дараа Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын эхний хурал цугларалтаар тэрээр Арванхоёрын чуулгад тодорхой үүрэг даалгавар өгсөн байдаг. Түүний надад өгсөн үүрэг даалгаврт: “Ахлагч Нэлсон, та Дорнод Европын улс орнуудыг сайн мэдээ номлоход нээлттэй болгох хэрэгтэй” гэсэн даалгавар байсан юм.

Тэр бол 1985 он байлаа. Улс төрийн хувьд бэрхшээлтэй, бидний Хүйтэн дайн хэмээн нэрлэдэг тэр он жилүүдэд зөвхөн Берлин хот ханаар тусгаарлагдаад зогсохгүй, Дорнод Европ тэр чигээрээ коммунизмын дарлалд байлаа. Сүмүүд нь хаагдсан бөгөөд сүсэг бишрэлийг хатуу хориглодог байсан.

Би амьдралынхаа ихэнх үеийг мэргэжлийн дагуу хүмүүсийн амь насыг аврахаар зүрхийг нээн, мэс засал хийхэд зориулсан. Гэхдээ улс орнуудыг сайн мэдээний номлолд нээж чадна гэж итгэхэд хүргэх туршлага надад огт байгаагүй юм. Гэсэн хэдий ч бошиглогч надад ийм даалгавар өгсөн тул би энэ огт боломжгүй гэж санагдаж байсан зүйлийг хийхээр сэтгэл шулуудсан билээ.

Бүр эхнээсээ л миний замд саад тотгор тулгарч байлаа. Би ихэнх улс орнуудад очихдоо хаашаа явахаа ч мэдэхгүй байдаг байсан. Засгийн газрынх нь холбогдох албаны хүний нэрийг олох боломж олдсон ч уулзалтыг сүүлчийн мөчид цуцлах эсвэл хойшлуулах нь хэвийн үзэгдэл байлаа. Нэг улсад уулзалтыг хоёр хоногоор хойшлуулах үед намайг шалгахаар - хар зах дээр валют солиулах хавх мөн өөр бусад хууль бус үйл ажиллагаа явуулах уруу таталт тохиолдож байсан. Өөр нэгэн тохиолдолд уулзалтыг намайг нэн даруй явахыг шаардаж эхлүүлсэн юм!

Гэвч Их Эзэн Өөрийн ажлыг хийж чаддаг5 бөгөөд би гайхамшгууд ар араасаа тохиолдохыг харах онцгой боломжтой байлаа. Намайг чадлынхаа хэрээр бодож, хамгийн зоригтой хичээл зүтгэлээ гарган, уг даалгаврын талаар хичээнгүйлэн залбирсны дараа л эдгээр гайхамшиг үргэлж тохиолддог байсан.

Тэдгээр улс орны зарим нь Берлиний ханыг нураахаас өмнө Сүмийг хүлээн зөвшөөрсөн. Бусад нь хожим хүлээн зөвшөөрсөн. 1992 онд би ерөнхийлөгч Бэнсонд Сүмийг Дорнод Европын бүх улс орнуудад байгуулсан гэж илтгэх боломжтой болсон юм!

Их Эзэний итгэлийг хүлээн авсан Жинхэнэ Мянган жилийнхний хувьд та нар ч гэсэн түүхийг бүтээх болно! Та бүхнээс бас бэрхшээлтэй үүрэг даалгавар хүлээн авахыг хүсэх бөгөөд та нар Их Эзэний гарт зэмсэг байх болно. Тэр та нарыг боломжгүй зүйлийг хийж гүйцэтгэх чадвараар хангана.

Та нар хэрхэн боломжгүй зүйлийг хийж гүйцэтгэх вэ? Та нар Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлснээрээ, Түүний сэргээгдсэн Сүмд заагддаг сургаалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхээр чадах бүхнээ хийснээрээ мөн үнэнийг цөхрөлтгүй хайснаараа энэ бүхнийг хийж гүйцэтгэж чадна. Ариун сургаалд бөхлөгдсөн Жинхэнэ Мянган жилийнхний хувьд танаас боломжгүй зүйлийг хийхийг хүсэхэд та Их Эзэний зорилгуудыг гүйцэлдүүлэхийн тулд өөрийн чадах бүхнийг бууж өгөлгүй, урамтай мөн итгэлтэй хийхээр урагшилж чадах болно.6

Та бүхэнд бүрмөсөн шантрах өдрүүд тохиолдох болно. Тиймээс бууж өгөлгүй, зоригтой байхын төлөө залбирагтун. Та бүхэнд энэ хүч чадал хэрэгтэй байх болно, яагаад гэвэл Хожмын үеийн гэгээнтэн байх нь илүү нэр хүндгүй болох юм. Бас таны найзаа гэж бодсон хүмүүс та нарыг хуурах болно. Мөн нэлээд зүйл шударга бус мэт санагдах болно.

Гэвч та нар Есүс Христийг дагаснаараа тогтвортой амар амгалан, жинхэнэ баяр баясгаланг олох болно гэдгийг би амлаж байна. Та нарыг гэрээнүүдээ илүү чанд сахих үед, өнөөгийн дэлхийд Сүм болон Бурханы хаант улсыг хамгаалах үед Их Эзэн та бүхнийг боломжгүй зүйлүүдийг бүтээх хүч чадал, мэргэн ухаанаар адислах болно.

Тэнгэрийн хүчийг ашиглаж сурах

Миний өгөх гуравдугаар зөвлөмж: Тэнгэрийн хүчийг ашиглаж сурах.

Бидний хүн бүр асуулт асуудаг: Үнэнийг сурч, ойлгож авах ба мэдэхээр эрэлхийлэх нь бидний мөнх бус аяны амин чухал хэсэг юм. Миний амьдралын ихэнх хугацаа нь судалгаа шинжилгээ хийхэд зарцуулагдсан. Та нар ч гэсэн сүнслэг өдөөлт бүхий асуулт асууснаараа сайн суралцах болно.

Яг энэ мөчид та нарын зарим нь амьдралдаа юу хийх ёстойг мэдэх гэж зовниж байгаа. Та нарын зарим нь нүглээсээ уучлагдсан юм болов уу гэж санаа зовж байгаа. Та нарын ихэнх нь мөнхийн хань минь хаана байгаа, хэн гэдэг хүн бол гэж бодож байгаа - тэгж бодоогүй хүн байвал бодох ёстой шүү.

Зарим нь Сүм яагаад ийм зүйлүүдийг хийдэг юм бол гэж гайхширч байж болох юм. Магадгүй та нарын олонх нь залбирлынхаа хариултуудыг хэрхэн хүлээн авахаа мэдэхгүй байгаа.

Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёр Ариун Сүнсний тохинууллаар дамжуулан та бүхний асуултуудад хариулахад бэлэн байдаг. Харин тэдгээр хариултын төлөө хэрхэн зохистой болж мөн хүлээн авахыг суралцах нь та нараас шалтгаална.

Юунаас эхэлж болох вэ? Юуны түрүүнд ариун газруудад илүү их цагийг өнгөрөөснөөр эхэлж болно. Ариун Сүм бол ариун газар юм. Түүнчлэн та нарын ням гараг бүр ариун ёслолын шинэ гэрээнүүдийг хийдэг цуглааны байр ч гэсэн ариун газар мөн. Би та бүгдийг өөрсдийн орон сууц, оюутны байр, гэр орноо эсвэл өрөөгөө дэлхийн харанхуй анхаарал сарниулах зүйлсээс аюулгүй орогнох ариун газар болгогтун хэмээн урьж байна.

Залбирал бол түлхүүр нь юм. Юу хийхийг болихоо мөн юу хийж эхлэх ёстойгоо мэдэхийн тулд залбир. Өөрийнхөө орчинд юуг нэмэх эсвэл юуг зайлуулах ёстойгоо мэдэхийн тулд залбир. Тэгснээр Ариун Сүнс та нартай элбэг дэлбэг байж чадна.

Ялгаж таних бэлгийг өгөхийг Их Эзэнээс гуй. Тэгээд та нар уг бэлгийг хүлээн авахаар зохистой амьдарч, ажиллах юм бол дэлхийд самуун үйл явдлууд тохиолдох үед ч аль нь үнэн, аль нь худал гэдгийг тодорхой мэдэх болно.7

Хайраа үзүүлэн үйлчил. Замаасаа төөрсөн эсвэл гэмтсэн сүнстэй тэдэнд хайраа үзүүлэн үйлчлэх нь та нарын зүрх сэтгэлийг хувийн илчлэлт хүлээн авахад нээж өгөх болно.

Сүнс байгаа газарт илүү их цагийг - бүр үлэмж их цагийг зарцуул. Энэ нь Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахыг хүсэж буй найз нартайгаа илүү их цагийг өнгөрүүл гэсэн үг юм. Илүү их цагийг өвдөг сөгдөн залбирч өнгөрүүл мөн судруудад, гэр бүлийн түүхийн ажилд, ариун сүмд илүү их цагийг зарцуул. Хэрэв та нар Их Эзэнд өөрийнхөө цагаас илүү их хэсгийг өгөөмрөөр тогтмол өгвөл Тэр үлдэгдлийг нь үржүүлэх болно гэж би амлаж байна.

Бид 15 хүнийг бошиглогч, үзмэрч, илчлэгч байхаар томилогдохыг нь дэмжин баталсан. Хүнд хэцүү асуудал тулгарч - тэдгээр нь өдөр ирэх тусам улам бүр ширүүссээр байвал - эдгээр 15 хүн уг асуудалтай тэмцэж эхэлдэг бөгөөд авч болох арга хэмжээнүүдийн чиглэлийг цэгнэж, Их Эзэний дуу хоолойг сонсохыг хичээнгүйлэн эрэлхийлдэг юм. Мацаг барьж, залбиран, судалж, тунгаан бодон, ах нартайгаа хүнд асуудлуудын талаар зөвлөлдсөний дараа санаа зовоож буй асуудлынхаа талаарх нэмэлт өдөөлтүүдийг шөнө дунд авч нойрноосоо сэрэх нь миний хувьд хэвийн үзэгдэл байдаг.

Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга нь хоорондоо зөвлөлдөж, Их Эзэн биднийг хувиараа болон хамтдаа юу ойлгож, мэдрэхэд чиглүүлснийг хуваалцдаг юм. Энэ бүгдийн дараа бид Их Эзэн Сүмийн ерөнхийлөгч дээр ирж, Өөрийн хүслийг тунхаглахыг хардаг.

Энэхүү бошиглолын үйл явцыг 2012 онд номлогчдын насны доод хязгаарыг өөрчлөх үед баримталсан мөн зарим улс оронд ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх болсонтой холбогдуулж Сүмийн гарын авлагад саяхан нэмэлт өөрчлөлт хийх үеэр дагаж хэрэгжүүлсэн билээ. Бүх хүнийг, нэн ялангуяа хүүхдүүдийг хайрлах энэрлээр дүүргэгдэж, бид тухайн асуудлуудын талаарх Их Эзэний хүслийг ойлгохын тулд ихээхэн тэмцэлдсэн юм. Бид Бурханы авралын төлөвлөгөө, Түүний Өөрийнхөө хүүхэд бүрд зориулсан мөнхийн амьдралын найдварын талаар санан, гарч болох тоолж баршгүй олон шийдэл, өөрчлөлт, хувилбарыг авч үзсэн. Бид ариун сүмд мацаг барин, залбирч, ойр ойрхон цуглан, нэмэлт удирдамж, сүнслэг өдөөлтүүдийг эрэлхийлсэн. Тэгээд Их Эзэн бошиглогч Томас С.Монсонд Сүнсээр нөлөөлж, Их Эзэний бодол, хүслийг тунхаглахад бидний хүн бүр тэрхүү ариун цаг мөчид сүнслэг баталгааг мэдэрсэн. Ерөнхийлөгч Монсоноор илчлэгдсэн зүйлсийг дэмжин батлах нь Төлөөлөгч бидний хувьд онцгой эрх байлаа. Их Эзэнээс Өөрийнхөө үйлчлэгчдэд өгдөг илчлэлт нь ариун үйл явц байдаг. Мөн хувийн илчлэлтийг хүлээн авах нь бас та нарын онцгой эрх юм.

Хайрт ах, эгч нар аа, Түүний Сүмийн талаар юу хийхээ мэдэх боломж Төлөөлөгч бидэнд байдаг шиг, амьдралынхаа талаар Их Эзэний бодол хүслийг мэдэх тийм их боломж та нарт ч байдаг шүү. Их Эзэн биднээс хүнд асуудлуудынхаа тухайд хайж, тунгаан бодох, мацаг барьж залбирах, судалж тэмцэхийг шаарддагтай адил, Тэрээр та нарыг өөрсдийнхөө асуултуудад хариулт хайж олохын тулд адил зүйлийг хийхийг шаарддаг юм.

Та нар Их Эзэний дуу хоолойг Ариун Сүнсний шивнээгээр дамжуулан сонсож, сурч чадна.8 Гүүгл, Твиттер, Фэйсбүк зэрэг нь тус нэмэртэй байж болох мэт санагдах боловч тэдгээр нь хамгийн чухал гэсэн асуултуудад хариулт өгч чаддаггүй!

Миний хайрт залуу анд нөхөд минь, та нар амьдралынхаа талаар Их Эзэний бодол, хүслийг мэдэж авч чадна. Та нар өөрсдийгөө Их Эзэний хүссэн газар байна уу эсвэл Түүний та нараар хийлгэх хэрэгтэй зүйлийг хийж байгаа болов уу гэж гайхширах хэрэггүй юм. Та нар мэдэж чадна! Ариун Сүнс та нарын “хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”9

Бошигчлогчдыг дага

Миний өгөх дөрөвдүгээр зөвлөмж: Бошиглогчдыг дага.

Би 1979 онд Ням гаргийн ангийн Ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа Бүсийн Төлөөлөгчдийн Семинарт оролцохоор уригдсан бөгөөд энэ үеэр ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл тухайн үедээ Сүмийн хувьд хаалттай Хятад гэх зэрэг зарим улс үндэстний хаалгыг нээх тухай сүнслэг өдөөлт бүхий үг хэлсэн юм. Ерөнхийлөгч тухайн арга хэмжээнд оролцож байсан бүх хүнийг хятад хэл сурахад уриалсан бөгөөд тэгснээр Хятадын ард түмэнд өөрсдийн мэргэжлийн дагуу дэмжлэг үзүүлж болох юм хэмээн хэлжээ.

Надад ерөнхийлөгч Кимбаллын уриалга нь бошиглолын зарлиг мэт санагдсан. Тэр оройдоо би эхнэр Данцэлээс надтай хамт хятад хэл сурах уу гэж асуусан. Тэр ч зөвшөөрч, заах цагийн багшийг бид олсон. Мэдээж, бид хятадаар тийм сайн ярьж сураагүй боловч дараагийн жил нь (урьдчилан төлөвлөөгүй байсан олон үйл явдлаас болж) намайг Хятадад зүрхний нээлттэй мэс заслын талаар заах айлчлагч профессороор урьсан урилгыг хүлээн авах үед би арай дээр бэлтгэгдсэн байлаа.

Зургаан жилийн дараа буюу 1985 оны талаар яривал энэ нь намайг Арванхоёрын Чуулгад дуудагдсаны дараах жил байлаа. Нэг өдөр би яаралтай Хятад руу явж, тэдний дуурийн алдартай од жүжигчин, Хятад даяар үндэсний баатар болох нэгэнд зүрхний нээлттэй мэс засал хийх хүсэлт хүлээн авсан юм. Би бүрэн цагийн шашны үүрэг хариуцлагаасаа болоод очих боломжгүй байна гэдгээ тайлбарласан. Гэтэл хятадын эмч нар амь насыг нь аврах мэс засал хийж өгөхөөр даруй ирэхийг гуйв.

Би Чуулгын ерөнхийлөгч болон Тэргүүн Зөвлөлтэй энэ асуудлыг хэлэлцсэн. Намайг Хятадын ард түмэнд туслахын тулд тийш явж, мэс засал хийх хэрэгтэй юм байна гэсэн мэдрэмж тэдэнд төржээ.

Би тэр мэс заслыг хийсэн. Талархалтай нь мэс засал маш амжилттай болов! Хачирхалтай нь тэр бол миний хийсэн хамгийн сүүлчийн зүрхний нээлттэй хагалгаа байлаа. Энэ нь 1985 оны 3-р сарын 4-ний өдөр Хятадын Жинанд болсон юм.

Одоо цаашлаад, энэ удаад 2015 оны 10-р сар буюу гуравхан сарын өмнөх байдлын талаар яръя. Вэнди бид хоёр Жинан дахь Шандоны Анагаах ухааны их сургуульд очихоор уригдсан. Намайг Хятадын “хуучин анд” мэт маш халуун дотноор хүлээн авахад мөн 35 жилийн өмнө миний заасан мэс засалч эмч нартай дахин уулзуулахад эхнэр бид хоёр ихэд гайхаж билээ. Бид дуурийн тэрхүү алдартай жүжигчний хүүтэй болон ачтай нь уулзсан явдал айлчлалын маань баярт мөч байлаа. Эдгээр бүх гайхамшигтай туршлага нь нэг шалтгааны ачаар боломжтой болсон: Би бошиглогчийн хятад хэл сур гэсэн зөвлөгөөг дагасан учраас юм!

Бошиглогчид ирээдүйг урьдаас хардаг. Тэд дайсны бидний замд тавьсан эсвэл тавих гэж байгаа аймшигт аюул заналыг хардаг. Бошиглогчид дуулгавартай байх зорилготойгоор сонсдог хүмүүст ирэх агуу боломжуудыг болон эрх мэдлийг урьдчилж хардаг. Энэ нь үнэн гэдгийг би мэднэ! Үүнийг би өөрөө ахин дахин мэдэрсэн билээ.

Их Эзэн бошиглогч биднийг төөрөгдүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг амласан. Ерөнхийлөгч Харолд Б.Лий “Та нар Сүмийн эрх мэдлээс ирж буй зүйлд дургүй байж магадгүй. Энэ нь та нарын улс төрийн үзэлтэй нийцэхгүй байж болно. Энэ нь та нарын нийгмийн талаарх үзэл бодолтой мөн нийгмийн амьдралтай зөрчилдөж магадгүй. Гэхдээ хэрэв та нар эдгээр зүйлийг Их Эзэний Өөрийнх нь амнаас гарсан хэмээн үзэж, тэвчээртэй, итгэлтэй сонсох аваас ‘тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно’ (С ба Г 21:6) гэж амлагдсан байдаг”10 хэмээн хэлжээ.

Та нар амьд бошиглогчийн хийж буй мэдэгдэл болгоныг үргэлж ойлгодоггүй байж болно. Гэвч та нар бошиглогчийг бошиглогч мөн гэдгийг мэдэх юм бол Их Эзэнд даруухан, итгэлтэй хандаж, Түүний бошиглогчийн тунхагласан юуны ч талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болохыг гуйн асууж болно.

МЭӨ 41 оны үед нифайчуудаас олон нь Сүмд нэгдэж мөн Сүм хөгжсөн. Гэвч нууц хуйвалдаанууд бас өсөж эхэлсэн бөгөөд тэдгээрийн зальт удирдагчид нь хүмүүсийн дунд нуугдаж, тэднийг илрүүлэхэд хэцүү болсон байсан. Хүмүүс улам бүр бардам болохын хэрээр нифайчуудаас олон нь ариун нандиныг элэг доог болгосон, бошиглолын болон илчлэлтийн суу билгийг үгүйсгэсэн.”11

Үүнтэй яг адилхан аюул занал эдүгээ бидэнд тулгараад байна. Нийгэмд “Сатаны зарц нар” 12 нуугдсан байдаг нь бодит ноцтой байдал юм. Тиймээс хэний зөвлөгөөг анхаарч байгаадаа сэрэмжтэй ханд.13

Миний хайрт ах, эгч нар минь, та бүхэн Жинхэнэ Мянган жилийнхэн болохоор төрсөн юм! Та нар бол сонгогдсон үеийнхэн14, энэ дэлхийн хүмүүсийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх гайхалтай ажлыг хийж гүйцэтгэхээр Бурханы бүр урьдаас тодорхойлсон үеийнхэн билээ.

Одоо Есүс Христийн Төлөөлөгчийнхөө хувьд би хүн бүрийг та нарын толгой дээр гараа тавьж байгаа мэт та нарыг хувь заяаныхаа дагуу Жинхэнэ Мянган жилийнхэн болох чадвараар адисалж байна. Би та нарыг өөрсдийн хэн болохыг бас зорилгынхоо талаар суралцах хүсэл эрмэлзэл, сурах чадвартай байхаар адисалж байна. Мөн та нар “боломжгүй” зүйлсийг хийнэ гэдгээ санаж, бэлтгэж болохын тулд; мөн та нарт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд болон асуултуудынхаа хариултыг авахад туслах тэнгэрийн хүчийг хэрхэн хүртэж, хүлээн авахад суралцах талаар хичээл зүтгэл гаргахдаа шийдэмгий байхаар адисалж байна. Та бүхнийг бошиглогчдыг чанд дагаж, ингэснээрээ зүрхэндээ амар тайванг мэдрэхээр адисалж байна. Та бүхэнд Их Эзэн ямар их хайртай болохыг, Тэр та нарт ямар их итгэж найдаж байгааг мэдэх, бас мэдрэх боломжоор адисалж байна.

Бүхнээс хүчит Бурханы энэ ариун ажилд би ерөнхийлөгч Томас С.Монсоныг дэмжин баталдаг бөгөөд би түүнд хайртай. Есүс Христ бол бидний Аврагч. Энэ бол Түүний Сүм. Бид бол Түүний хүмүүс! Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Хэвлэх