Жил тутмын нэвтрүүлэг
Институт, семинар ба үр дүнгээ өгдөг бусад зүйл


Институт, семинар ба үр дүнгээ өгдөг бусад зүйл

2023 оны И&С-ын жил тутмын нэвтрүүлэг

2023 оны 1-р сарын 27, баасан гараг

Ерөнхийлөгч Стивэн Ж.Ланд: Хүндэлж явдаг та бүхэндээ хандан, магадгүй, Сүмийн хамгийн агуу хоёр багшийн хамт гэрчлэлээ хуваалцах боломжтой байгаа маань ямар сайхан тохиол вэ!

Саяхан би Харвардын профессор Артур Брүксийн лекцэд суусан юм. Тэрээр “Бид багш нараас хүн төрөлхтний түүхэн замналыг өөрчлөхийг хүссэнээрээ тэдэнд хэт их ачаалал өгч байна” гэж хэлсэн. Түүний түмэн зөв байсан. Харин та нарын хувьд, бид хүн төрөлхтний түүхэд бус мөнхийн зүйлсэд санаа зовдог. Тиймээс ч бид та нараас их зүйл хүсэж, та нарын дуудлагад, хийж бүтээж буй бүхэнд тань, мөн үр дүндээ тууштай байгаад талархдаг.

Би сүүлд Ерөнхий чуулган дээр үг хэлэхдээ, номлолоосоо бууж буй хэрсүү номлогчийн мөрөн дээр гараа тавиад, түүнд чин сэтгэлийн үгээ хэлэхийг хүссэн тухайгаа ярьсан. Та нарт ч бас үг хэлэх даалгавар авахдаа би та нарын мөрөн дээр гараа тавиад, эгцэлж харан, та бүхний боломжууд хийгээд сорилт бэрхшээлийн талаар бодлоо хуваалцмаар санагдсан. Гэхдээ одоо бид тэгтлээ нухацтай ярилцахгүй. Хэрэв тийм боломж олдсон бол би та нарын тээж яваа бодлыг мэдэхийг хүсэх байсан.

Би өглөөний семинарын ангийг төгссөн. Бид ихэнхдээ Калифорнийн өсвөрийн коллежийн дэргэдэх жижигхэн зөөврийн ангид хичээллэдэг байв. Бидэнд манай бишопын зөвлөлийн гишүүний эхнэр болох швед гаралтай хөрвөгч эмэгтэй заадаг байсан ба дараагийн хэдэн жилд дал гаруй насны хоёр эмээ ээлжилж заасан юм. Тэдний үүрийн 5 цагаас өмнө босдог байсан золиос, Сэргээлтийн үнэний талаарх агуу итгэл нь тэр гурвыг тэнцэхүйц болгодог байв. Шулуухан хэлэхэд, би сайн мэдээний талаарх мэдлэгийнхээ ихэнх хэсгийг семинараас олж авсан. Одоо миний сайн мэдээнээс сурч мэдэж байгаа ихэнх зүйл тэр үед тэдний заахыг хичээдэг байсан зүйл юм.

Хийж байгаа бүхэнд тань мөн дуудлагад тань талархаж буйгаа илэрхийлээд, би яриагаа эхэлье. Ирээд, Намайг дага гарын авлагатай уялдуулан сургалтын хөтөлбөр, хичээлийн төлөвлөгөө, хуанлигаа өөрчлөхийн тулд хэмжээлшгүй их ажлын ард гарахад бэлэн байгаад тань баярлалаа. Сүмийн олон хүн та бүхнээс хүсэн хүлээж буй зүйлийг бүрэн мэдэхгүй байгаа. Сургалтын хөтөлбөрөө улам боловсронгуй болгож буйгаа ухаарч, энэ өөрчлөлтөд нөлөө үзүүлж, улам хүчтэй сэлүүрдэж байгаад баярлалаа. Та бүхний хөдөлмөр үр жимсээ өгч эхэлсэн.

Нийтлэг түүхийг өгүүлэх нэгэн захидал манай өрөөнд ирсэн юм. Захидалд “Үнэнийг хэлэхэд манайх гэр бүлийн үдшээ тогтмол хийдэггүй. Бид хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас тийм ч тогтмол уншаад байдаггүй. Бас сайн мэдээнээс хамтдаа суралцдаггүй. Бид Сүмдээ идэвхтэй оролцдог. Би сүүлийн үед семинарт явж байгаа болохоор тэнд сурч мэдсэн зүйлсээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж байгаа. Семинар намайг судраа уншихад нөлөөлөөд зогсохгүй гэр бүлдээ нөлөөлөхөд ч тусалсан гэдэгт би итгэдэг” гэжээ.

Энэ л бидний зорилго шүү дээ. Сүмийн дэмжлэг Сүмийн гэр бүлд төвлөрсөн байдлыг бэхжүүлэхийн тулд эргэх холбоотой ажиллана. Энэхүү үйл явц нь үргэлжилж буй Сэргээлтийн нэг хэсэг бөгөөд үр дүнтэй арга юм. Сүм юу үр дүнгээ өгдөг, юу өгдөггүйг ойлгох гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Та нар Их Эзэнтэй урт хугацааны холбоо тогтоож өгдөг бидний мэддэг хэд хэдэн зүйлийн эргүүлэг дээр байна.

Мөрөн дээр тань гараа тавиад эсвэл хүзүүдэж тэврэнгээ би та нарт хичээлийнхээ үеэр хамгийн тохиромжтой гэсэн үедээ ашиглаж болох үр дүнтэй цөөн хэдэн аргыг санал болгож болох уу? Ангидаа ирэх нь амжилтад хүрэх хамгийн эхний орц найрлага гэдэг үг бий. Олон жилийн дунджаас харахад, семинартаа явсан өсвөр үеийнхний амьдралд илүү сайн үр дүн гарсан байдаг. Тэдний хишиг хүртэж, номлолд үйлчлэн, ариун сүмд гэрлэх магадлал өсдөг. Семинарын дөрвөн жилдээ хамрагдсан суралцагчид сайн мэдээтэй үл тасрах холбоо тогтоодог. Хоёрдугаарт, өсвөр үеийнхэн аравны нэгээ бүрэн төлснөөр Тэнгэрлэг Эцэгтэй тогтвортой харилцаа тогтоодог. Тэд энэ зарлигийг дуулгавартай дагаж, аравны нэгээ төлөх тоолондоо золиос, харилцаа хамаарлын шинэ холбоог үүсгэж байдаг.

Институт, семинарын багш бүр аравны нэгийн холбох хүчийг зааж буй арга барилаа байнга сайжруулж байгаа гэдэгт би найдаж байна. Арав орчим настай байхад маань аав надаас аравны нэгээ байнга төлж байгаа эсэхийг минь асууж билээ. Би төлдөг байсан. Бидний амьдардаг байсан шороон зам дээр худалдаа наймаа бараг явагддаггүй байсан болохоор багахан л мөнгө төлдөг байв. Гэхдээ аав маань “Хэрэв чи төлье гэж шийдвэл энэ хуулийг төгс дагаж чадна. Тэнгисийн цэрэгт, усан онгоцон дээр хэдэн сар байхдаа аравны нэгээ төлөх газар байгаагүйн улмаас аравны нэг төлдөг зуршлаа хаясандаа би харамсаж явдаг. Би түүнээс хойш бүрэн төлж байгаа ч, төлж байгаагүй үеэ бодохоор ичих шиг болдог. Хэрэв чи төлөхөөр шийдсэн л бол бүрэн төлөгч болж чадна” гэж хэлсэн юм. Таны суралцагчид ч мөн адил бүрэн төлөгчид байж чадна.

Үнэхээр үр дүнгээ өгдөг, та нарын анхаарлыг хандуулмаар байгаа гурав дахь зүйл бол Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулган юм. Эдгээр ӨҮБББТ чуулган маш гайхалтай. Энэ өнгөрсөн зун, дэлхийн өнцөг булан бүр дэх 200 мянга гаруй 14-өөс 18 насны өсвөр үеийнхэн өөрсдийн хэн болох талаар, Их Эзэний тэдэнд тавьдаг хүлээлтийн талаар илүү баялаг, урам зоригтой ойлголттой болж ирсэн. Өсвөр үеийнхний чуулган ийм амжилттай болсон тул бид өөрсдөөсөө нууц нь юунд оршиж байгааг асуух хэрэгтэй болсон юм. Энэ чуулган ямар нөлөө үзүүлсэн бэ?

Чуулганы хэсгүүд нь оролцогчдыг долоо хоногийн турш өдөр тутмын сатааруулах зүйлсээс тусгаарладаг нь тэднийг маш сайн суралцаж, төвлөрөхөд нөлөөлдөг. Хүүхэд гэртээ байгаа мэт хоргодох газарт амар тайван байхдаа, таныг зүрх сэтгэлийн өөрчлөлтийг бий болгохын тулд оюун ухааныг нь ийм цэвэр, ач тустай сургаалаар гэрэлтүүлэх үед тэд голдуу институт, семинарын төлөөлөл болсон тантай мөн багш, хэсгийн удирдагчидтайгаа харилцах шаардлагатай болдог.

Та тэднийг бямба гарагт тодорхой бус амьдралдаа буцах үед нь тэдэнд хэрэг болох хэрэгслүүдээр хангах болно. Таны заасан хичээл, үлгэр жишээ мөн хэлсэн бүхэн тань тэдний амьдралын ур чадварын хайрцагт нэмэгдэн орно. Тэдний заримынх нь хувьд Өсвөр үеийнхний чуулган нь өөртэйгөө болон Бурхантай цагийг хамгийн тайван өнгөрүүлэх хамгийн сүүлийн боломж нь ч байж болох юм. Тэднийг сүнслэгээр сэнхрүүлж, сурган хүмүүжүүлэхдээ өөрийгөө дайчлах амлалт өгсөнд тань баярлалаа. Манай Сүмийн судалгаагаар, шавь хэвээр үлдэхэд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг нэг зүйл бол амьдралын сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулж, Христэд баяр баяслыг олохоо мэддэг тантай адил итгэл даахуйц насанд хүрсэн хүмүүстэй холбоотой үлдэх явдал гэдгийг баталсан байна.

Сар орчмын өмнө ерөнхийлөгч Бонни Кордон эгч бид хоёроос Өсвөр үеийнхний хөтөлбөрийн талаар болон өнгөрсөн зун Нэгдсэн Улс, Канадад хөтөлбөрөө хэрхэн танилцуулсан талаар Тэргүүн зөвлөлд тайлагнахыг хүссэн юм. Бид толилуулгаа дуусгаад, цаашид сайжруулах төлөвлөгөөнийхөө талаар цөөн хэдэн асуултад хариулахад хурал өндөрлөх дөхсөн байв. Биднийг сандлаасаа өндийж эхлэхэд ерөнхийлөгч Нэлсон урагш бөхийгөөд “Бид тэдэнд залбирахыг заах ёстой” гэж хэлэв. Бид тэр даруй буцаад сууцгаав. Тэрээр “Бид тэдэнд залбирахыг, хэнд хандан залбирахыг мөн залбирлын хэлийг заах хэрэгтэй байна” гэсэн. Дараа нь тэр биднийг Тэнгэрлэг Эцэгтээ хандахдаа хэтэрхий хайнга ханддаг болох вий гэж санаа зовж байгаа тухайгаа хэлсэн. Мөн “Бид тэдэнд залбирахыг, хэнд хандан залбирахыг, мөн залбирлын хэлийг заах хэрэгтэй байна” гэж давтан хэлсэн юм. Тиймээс тэдэнд залбирахыг заацгаая. Бид залбирах болгондоо Тэнгэрлэг Эцэгээ амьдралд маань оролцохыг урьдаг. Залбирал болгон гайхамшгийн залбирал болдог. Талархлын залбирал хүртэл тэнгэртэй харилцах харилцааг улам гүнзгий болгодог.

Тиймээс үр дүнтэй байдаг гэрчлэлийн өөр нэг зэмсэг рүү анхаарлаа хандуулцгаая. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч нь биднийг дүрэм журмаас илүүтэй Аврагчтай харилцах харилцааг болон Түүнтэй адил болоход анхаарлаа хандуулахыг заадаг. Есүс юу хийх байсан бэ? хэмээх хуучны хэллэг амьдралын гайхалтай дүрэм хэвээрээ. Бидний шийдвэр гаргахтай холбоотой нөхцөл байдлууд товхимол дээр байхаа больсон ба энэ нь Бурханаас өгөгдсөн зорилго болсон.

Энэ дэлхий дээр үргэлжилж буй хамгийн чухал зүйл, мөн бидний энэ дэлхийд энэ цаг үед ирэхээр хадгалагдан үлдсэн нэг шалтгаан бол Израилыг цуглуулах явдал юм гэж ерөнхийлөгч Нэлсон дахин дахин онцлон хэлсэн. Мөн бид амьдралаа авч явах ёстой гэж үзэж байгаачлан, шийдвэр гаргахдаа энэ шийдвэр мөнх бус амьдралын зорилгодоо хүрэхэд маань тус болох уу, саад болох уу? гэсэн асуултыг авч үзэх ёстой. Бид Их Эзэний батальонд зохистой амьдрах гэж хичээхдээ сонголтоо амьдралынхаа зорилготой нийцүүлэх гэж хичээдэг.

Тэгвэл Христ бошиглогчдоороо дамжуулан бидний бурханлаг байдлыг илчилсэнд бид итгэдэг үү? гэсэн асуулт гарч ирнэ. Хэрэв бид Түүнд итгэдэг бол агуу шийдвэр гаргах хүсэлтэй байх болно. ИС-ын багш нар тэдэнд энэ асуултад хариулахад нь сайн тусалдаг. Энэ өөрчлөгдөн хувьсаж буй дэлхийд болохгүй бүтэхгүй зүйлсийн жагсаалт бус харин сайн мэдээний зарчмууд биднийг хамгаалах болно.

Шийдвэр гаргахад зориулсан Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө шинэ удирдамж нь манай залуучуудыг нийгмийн тавьж буй өндөр хүлээлтүүдээс илүүтэй сүнслэг мэдрэмжүүдээ амьдралдаа хэрэгжүүлж сурахыг хүсдэг. Өсвөр үеийнхний энэ шинэ хөтөч нь насанд хүрсэн хүмүүсийн өсвөр үеийнхэнд үнэ цэнийн талаар байнга давтан ярьдаг зүйлсээс тэс өөр зүйл юм. Харин энэ нь тэд Бурханд өөрсдөөр нь хийлгэх ажил байгааг мөн тэд амьдралаа сайн мэдээн дээр суурилуулах онцгой зорилгын төлөө энд илгээгдсэн Бурханы охид, хөвгүүд болох жинхэнэ мөн чанараа олж мэдсэнээр амьдралаа авч явах арга зам юм. Тэдний хөл сайн мэдээний хөрсөнд суулгагдах болно.

Сонголт хийхэд туслах энэ шинэ хөтөч нь арав гаруй жил болж буй илчлэгдсэн загварын нэг хэсэг бөгөөд биднийг сүнслэг байдал руу улам бүр хөтөлдөг. Энэ нь урт хугацаанд сэргээгдэж буй сүүлийн цуврал бөгөөд үүнд тойрог гэрийн багшлалтыг тохинуулал, гэр бүлийн оройг гэр бүлийн үдэш болгохыг амжилттай заасан, Миний сайн мэдээг номло удирдамжийн номлогчийн цээжилсэн хичээлээс гишүүн бүр номлогч болгон түвшин ахиулсан, хүүхэд, скаутын болон хувийн ахиц дэвшлийг сүнслэг амьдралаа өөрсдөө удирдахад нь чиглүүлсэн хүүхэд, өсвөр үеийнхэн хөтөлбөрөөр орлуулсан тухай гардаг.

Семинарын шинэ унших шаардлагууд нь энэ зарчимд суурилсан сүнслэгээр удирдуулсан арга барилтай нягт холбоотой. Бид сүнсээр өдөөгдсөн шийдвэр гаргах илүү дээр, илүү ариун арга замдаа улам бүр урагшилж байна. Манай өсвөр үеийнхэн болон бид өөрсдөө тодорхой хоригуудад анхаарахаас илүүтэй ариун зарчмуудад хариулах замаар үйлдэл хийж сурах нь улам ач холбогдолтой болоод байна. Манай өсвөр үеийнхэн арваад жилийн өмнөхөн байгаагүй ёс суртахууны асуудлуудтай аль хэдийн нүүр тулаад эхэлсэн. Хэрэв тэд шивээсний талаар шийдвэрээ буруу гаргавал дэлхий өөр юугаар тэднийг сорихыг харах үлдэнэ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон эдгээр шийдвэрийг хэрхэн гаргах талаар дараах зүйлийг тайлбарласан. Та нар жагсаалт харах боломжгүй. “Хэрэв та нар Ариун Сүнсний шивнээг хэрхэн сонсоход суралцах хамгийн чухал, сүнслэг ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай сүнслэг ажлыг чин сэтгэлээсээ, уйгагүй хийвэл амьдралдаа хэрэгтэй бүхий л удирдамжийг авах болно.”1

Энэ түүхэд Ерөнхий чуулганы маргааш нь шинэ товхимол дээр биеэ цоолох тухай дурдаагүй тул пүрэв гарагт чихэндээ ээмэг нэмж зүүнэ гэж ээждээ хэлсэн 14 орчим настай охины талаар гардаг. Ээж нь гүн амьсгаа аваад, охиндоо “бид үүний талаар ямар бодолтой байгааг чи мэдэж байгаа. Гэхдээ энэ нь бид чамайг юу хийгээсэй гэж хүсэж байгаа талаар биш Тэнгэрлэг Эцэгээс чамайг юу хийгээсэй гэж хүсэж байгааг асуух боломж юм шүү. Чи өөрөөсөө шалтгаалах зүйлээ хийх хэрэгтэй. Чи судалгаа явуулж, энэ талаар залбирч, хариултаа хүлээх хэрэгтэй” гэв. 14 настай охин хариултаа олсон ба ээж нь охиныхоо амьдралыг өөрчилсөн юм.

Би номлолоосоо буусны дараа Нэгдсэн Улсын армид элссэн. Нэг өдөр би Оакландын цэрэг татлагын байранд очиж, цэргийн шинэ гэр бүлдээ нэгдлээ. Шинээр томилогдсон найзууд маань таны төсөөлж байгаачлан надаас болон өөр хоорондоо тэс өөр байв. Гэвч 24 цагийн дараа гэхэд бид бүгд үсээ адилхан засуулж, адилхан дүрэмт хувцас өмссөн байлаа. Бид тэр орой хуарандаа алхаж орохдоо бүгд нэг хэвэнд цутгасан мэт адилхан харагдаж байв. Дараагийн хэдэн сар хамт бэлтгэл хийхдээ цэрэг татлагад байсан тэр хүмүүс дунд хэн нь хэн байсныг би огт ялгаж хэлэхээргүй байлаа. Бид хамтдаа бэлтгэл хийж, хамтдаа гомдоллож, хамтдаа итгэл найдвар өвөрлөж байсан бөгөөд бидний дунд тэр энэ гэсэн тодотгол байсангүй. Би тэр үед биднийг тодорхойлж эсвэл нэгтгэж чадах дүрэмт хувцасны ач холбогдлын талаар насан туршдаа санаж явах сургамж авсан. Хувцас нь биднийг хэний талд байгааг болон өмссөн хүн нь юу хийдгийг илтгэдэг.

Саяхан би Ойрх Дорнодод гал унтраахад оролцсон Тэнгисийн цэргийн эмчийн талаар олж уншсан юм. Тэр шархадсан тэнгисийн цэргүүдийг агаарын нүүлгэн шилжүүлэх нисдэг тэргэнд хүргэж өгөөд дараа нь буцаж ирж, өөр нэг шархадсан цэрэг авч явж байв. Зарим орон нутгийн холбооны цэрэг түүнийг доромжлон, “Хөөе, Тэнгисийн цэрэг ээ, чи дайсныхаа нэгийг авч яваагаа мэдэхгүй байна уу?” гэхэд, тэр зүгээр л “Би бол тэнгисийн цэрэг; Тэр бас шархадсан байгааг чи анзаарахгүй байна уу?” гэжээ. Түүний дүрэмт хувцас ямар нэг зүйлийг илтгэж байв.

Бошиглогч эдгээр өсвөр үеийнхнийг Их Эзэний батальонд урьдаг. Та армид элссэнээр дүрэмт хувцас өмсдөг. Аюул, гамшиг тохиолдоход батальоны дүрэмт хувцас нь ард түмэнд тусламж ирсэн, зөв шударга арми дарлагсдыг чөлөөлсөн, цэцэгс тэдний замд шидэгдсэн, нулимс урссан, тусламж ирсэн гэдгийг илтгэн харуулдаг. Номлогчид дүрэмт хувцас өмсдөг. Бурханы арми бусдыг өргөж мөн чөлөөлөхөөр илгээгдсэн бөгөөд зорилгоо биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг.

Гарын авлага дээр Тэнгэрлэг Эцэгийн талаар “Тэр та нарыг дэлхийд өөрчлөлт гаргаж чадна гэдгийг мэддэг бөгөөд энэ нь олон тохиолдолд дэлхийгээс өөр байхыг шаарддаг”2 хэмээн хэлдэг.

Миний найз Рич бид хоёр армид байхдаа чөлөө авч, Иерусалимаар зугаалдаг байв. Поло цамц, жийнс өмсөөд Иерусалимын гудамжаар алхахад араб дэлгүүрийн эзэд биднийг БЯИС-ын Иерусалим төвийнх үү гэдэг байлаа. “Үгүй ээ, бид энгийн л америк цэргүүд” гэхэд

“Тийм л дээ, гэхдээ л та нар Иерусалим төвийнх шүү дээ” гэдэг.

“Та яагаад ингэж бодож байгаа юм бэ?” гэхэд

“Бид та нарыг холоос ч танина” гэдэг байв.

Биднийг бие бие рүүгээ харахад бид адилхан хувцасласан, адилхан үсээ засуулсан, бүх зүйл нь адилхан, хажуугаар зөрж буй Израилын Батлан хамгаалахын цэргүүдтэй адилхан харагдаж байв. Энэ бүхэн ойлгомжтой байлаа.

Их Эзэний дагалдагчид олон зуун жилийн турш ихэвчлэн өөр соёл, үнэт зүйл, баримталдаг зүйлстэй ард түмний дунд амьдарч байсан. Тэгвэл бид сайн мэдээний өвөрмөц соёлын дагуу амьдрангаа хөршүүддээ хэрхэн хүндэтгэлтэй хандах вэ? Их Эзэн Өөрийг нь эргэн ирэх үйл явцад бэлтгэж буй энэ хожмын үед Израилыг цуглуулахдаа биднийг дэлхийн гэрэл болгохыг хүсдэг. Сүмийн гишүүд өөрсдөдөө үл анзаарагдам ч бусдад анзаарагдахаар гэрлийг түгээдэг. Энэ нь заримдаа бүүдгэр ч, унасан биднээр дамжуулан гарцаагүй гэрэлтэх тэдэнд харагдахуйц Христийн Гэрэл гэдэгт би итгэдэг. Эцсийн эцэст Христ бол өсвөр үеийнхний бат бөх байдал мөн. Энэ гэрлийг сарниулах, багасгах, өнгөлөн далдлах, нуух зорилгоор бидний хийдэг аливаа зүйл энэ цаг үед хүн болж төрсөн зорилгыг маань мохоож байдаг.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж нь тэнгэрээс онцгойлон томилогдсон зорилгуудаа өөрийн амьдралаар болон амьдралдаа хэвшүүлсэн сонголтоороо чадах чинээгээрээ гүйцэлдүүлэх гэж сүнслэг өдөөлт эрэлхийлэх үед тэр гэрлийг дагахад тусалдаг. Бурханы онцгой хүмүүс болохоор илгээгдэнэ гэдэг нь бахархууштай хэрэг юм. Бид хэнийг дагаж буй сонголтоороо дэлхийгээс ялгарч байгаа гэж ойлгож болно. Сүмийн боловсрол дахь мөн Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр, дэлхий дээрх Бурханы хаант улс дахь бидний үүрэг бол энэ үеийнхнийг зөвхөн итгэлээ алдахаас мөн зохисгүй амьдралын хэв маяг руу гулсахаас хамгаалах явдал биш юм. Бошиглогч залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг дэлхийн шинэ үе байх чадавхтай болоход уриалж байна.

Их Эзэний бошиглогч эмэгтэйчүүдийг дэлхий дээр зөв байр сууриа эзлэхийг зохих ёсоор шаардаж, чухал, нөлөө бүхий байхыг зорьж байгаа олон эмэгтэйд үлгэрлэн, манлайлахыг уриалж байна. Сионы эмэгтэйчүүд өөрсдийгөө бурханлаг байдлын хүчээр бүрхүүлж, нүүлгэн шилжүүлэгдэхгүй.

Мөн сударт дүрсэлсэн Бурханы хөвгүүдийн бүхий л шинжийг олж авсан агуу хүчтэй хүмүүсийг бий болгоход бид Түүнд хэрэгтэй. Дэлхийд ганц л Ахмад Моронай байх ёстой гэж үү? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ язгууртан гаралтай үеийнхний тухай ингэж ярихыг би сонсож байгаагүй. Ерөнхийлөгч Нэлсон өсвөр үеийнхэнд онцгойлон хэлсэн үгэндээ “Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хамгийн нэр төртэй суутнуудаас олныг буюу хамгийн шилдэг багаа энэхүү сүүлчийн үед зориулан бэлтгэсэн. Тэдгээр нэр төртэй суутан, шилдэг тоглогч, баатрууд бол та нар!”3 гэж хэлсэн билээ.

Тиймээс танд Их Эзэний Сүмийн, мөн хаант улсын өсвөр үеийнхний мөнхийн хөрвөлтийн төлөөх зайлшгүй хүч болсонд дахин талархал илэрхийлье. Есүс Христийн нэрээр, амен.