Жил тутмын нэвтрүүлэг
Хэлэлцүүлэг


Хэлэлцүүлэг

Ерөнхийлөгч Баллардын оролцсон 2022 оны И & С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2022 оны 1-р сарын 21-ний баасан гараг

Бэки Скотт эгч: Институт, семинарын цуглаанд тавтай морилно уу. Та нарын харж байгаачлан, бид бүгд хүн хоорондын зайгаа барьсан болохоор би маскаа авлаа. Өнөөдөр та бүгдийг харах үнэхээр сайхан байна. Оролцсон хүн бүрд талархъя. Технологиор дамжуулан өнөөдөр И & С-ын цуглаанд дэлхий даяарх бүс бүрээс оролцогчид оролцож байгааг би дурдмаар байна. Өнөөдөр бидэнтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Тавтай морилно уу. Адам ах аа, та бидэнд өнөөдрийн хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?

Адам Смит ах: Тэгэлгүй яах вэ. Юуны түрүүнд өнөөдөр бид та нартай хамт байгаадаа маш их баяртай байна. Бид дэлхий даяарх Институт, семинарын бүх багш, зохицуулагч, удирдлагын туслах, номлогч, удирдагчдад хайртай ба тэдэнд талархдаг. Та нар маш их сайн зүйл хийж мөн маш олон хүнийг адисалдаг. Баярлалаа. Та нарын хүн нэг бүрийн зүрх сэтгэлд Институт, семинарын зорилгодоо хүрэх зүрх сэтгэл асаж байдгийг бид мэднэ. Та нар өсвөр үеийнхэн мөн залуу хүн бүрд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг ойлгож, тэдэнд тулгуурлахад нь мөн тэднийг илүү сайн мэддэг, хайрладаг болж илүү сайнаар дагадаг болоход нь туслахыг хүсдэг. Та нар суралцагчдадаа, ялангуяа Аврагчдаа хайртай учраас уг зорилгод хайртай шүү дээ. Маш олон жилийн туршид И & С нь суралцагч бүрд Есүс Христийг илүү мэддэг болоход нь амжилттай тусалж ирсэн билээ. Гэхдээ бид өнөөгийн дэлхийд илүү олон өсвөр үеийн хүүхэд, залуучуудыг Есүс Христэд цуглуулах хойшлуулшгүй хэрэгцээг харж байгаа бөгөөд хөрвөлт, хамаарал, харьяаллын суралцах туршлагыг бий болгох замаар ийн үйлдэхийг хүсэж байгаа юм. Бид суралцах туршлага бүрийг Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээ, Түүний цагаатгах зорилго дээр төвлөрүүлж мөн Христийн сургаалыг заахдаа ариун судрууд, амьд бошиглогчдын үгэнд төвлөрүүлэх үед эдгээр суралцах туршлага бий болохыг бид мэддэг. Бид эдгээр зүйлийг хийх үедээ Их Эзэнд хөрвөгдэж, Түүний гэрээт зам дээр үлдэхэд нь мөн үнэнийг буруугаас ялган танихад болон Аврагч Есүс Христэд аюулгүй цугларан ирж, Тэнгэр дэх Эцэгтээ буцан очиход нь эдгээр залуу хүнд туслахын тулд зөвхөн Ариун Сүнс гүйцэтгэж чадах үүргийг нь гүйцэтгүүлэхээр урих болно.

Өнөөдөр бидний та нарт танилцуулах эх сурвалжуудын зорилго нь суралцагчдад хөрвөлт, хамаарал, харьяаллыг мэдрэхэд туслах гэдэг нь юу гэсэн үг болохыг тодорхойлох явдал юм. Бид түүнчлэн дадлага хийж мөн ашиглаж болох загварыг сургалтын эх сурвалжийн хамт бүтээсэн. Мөн бид суралцагчдын амьдрал дахь үр нөлөөг илүү сайн хэмждэг болохыг хүсэж байна. Тэгснээр бид чухам аль тал дээр сайн ажиллаж байгаагаа харж, түүн дээрээ үргэлжлүүлэн сайжруулж, бас суралцагчдынхаа хэрэгцээг илүү сайн хангах боломжоо олж харж чадах юм. Бид өнөөдөр хамтдаа цагийг өнгөрүүлснээр, та бүхэн эдгээр эх сурвалжийг ойлгож, суралцагч бүрийг Есүс Христийг мэддэг болоход нь туслах цорын ганц зорилготойгоор тэдгээрийг ашиглаж мөн дахин хэрэгжүүлэх урам зориг, баттай найдварыг мэдрэх байх гэж бид найдаж байна. Тийм учраас л бид өнөөдөр цуглараад байна. Баярлалаа, Скотт эгч ээ.

Скотт эгч: Баярлалаа. Бид та бүхнийг өнөөдөр энд байгаад талархаж байна. Одоо эхний асуултдаа оръё. Хойд Америкийн баруун бүсээс оролцож буй Жэссика Брэндон эгч биднээс асуухыг хүсэж байна. Брэндон эгч ээ, та асуултаа тавина уу.

Жэссика Брэндон эгч: Баярлалаа. Сургалтын эдгээр материалыг уншиж байхад ийм асуулт гарлаа. Бид эдгээр ур чадвар, анхаарах чиглэлүүдийг тодорхой дарааллаар авч үзэх хэрэгтэй юү? Эдгээрт ямар нэг дараалал бий юү?

Лори Ниүболд эгч: Жэссика, энэ асуултыг тавьсанд баярлалаа. Товчхондоо “үгүй” гэж хариулмаар байна. Ямар дарааллаар явахаа шийдэх үедээ, хамгийн эхлээд та ямар ч зарчим, туршлагыг сонгосон байсан үүнийг хийхэд тань Аврагч Есүс Христ тусалж чадна гэдгийг мэдэж аван, Түүнд итгэх итгэлээр эхлэх хэрэгтэй. Мөн бидний өгсөн үнэлгээний аргыг ашиглан сонгох нь таны суралцагчид ямар туршлага олж байгааг олж мэдэх гайхалтай арга байх болно.

Брэндон эгч: Гайхалтай, баярлалаа. Баярлалаа.

Чад Вилкинсон ах: Надад нэмж хэлэх нэг зүйл байна. Маш их баярлалаа, Брэндон эгч ээ. Хэт төвөгтэй болгож, дэндүү их дүгнэх хэрэггүй. Эдгээр нь бол туслах хэрэгсэл, танд туслах ур чадварууд юм. Таны тавьсан асуулттай холбоотой нэг бодол орж ирлээ. Алма 48-р бүлэгт та бүхний мэддэг судрын нэг шүлэг байдаг. 17-р шүлэгт Мормон хөндлөнгөөс ийн хэлж байгаа. “Тийм ээ, үнэнээр, үнэнээр би та нарт хэлнэ, хэрэв бүх хүмүүн Моронайн адил байсан мөн байдаг, мөн байх аваас, болгоогтун, тамын чухамхүү хүчин чадал үүрд сэгсрэгдэн сулруулагдахсан; тийм ээ, хүмүүний үрсийн зүрх сэтгэлийг давах хүч чөтгөрт хэзээ ч байхгүй байхсан.”

Түүний ямар чанар Мормоныг хөндлөнгөөс оролцоход хүргэсэн байж болох вэ? Бидний ярьж болох олон зарчмын нэг нь гэвэл, Моронай сул дорой хотуудыг хүчирхэг хот болгоход цаг зарцуулсан. Тиймээс тэрээр сул дорой хэсгүүдэд анхаарлаа төвлөрүүлж, тэдгээрийг хүч чадалтай болгосон. Тиймээс өөрөө өөрийгөө үнэлэх арга, зохицуулагчдын ажиглалт, түүнчлэн тусламж хүссэн хамтран ажиллагсад, суралцагчдын санал асуулга зэргээр дамжуулан, та сул дорой хэсэг нь хаана байгааг тодорхойлж, тэндээс эхэлж болно.

Брэндон эгч: Нэг бодол байна. Би Ниүболд эгчийн хэлсэн зүйл дээр нэмэхийг хүссэн юм. Өөрчлөлт хэцүү санагдаж болно. Өөрсдийн үнэлж дүгнэх хэмжүүрийг баахан өсвөр үе, залуучуудад өгөөд, юуг буцааж авахаа мэдэхгүй байвал энэ нь түгшмээр байж мэднэ. Олон жилийн турш надад тусалсан зүйлсийн нэг нь, эдгээр өсвөр үе, залуучуудын хүн нэг бүр Тэнгэрлэг Эцэгийн эрхэм хүүхдүүдийн нэг гэдгийг ойлгосон явдал юм. Хэрвээ бид үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх аваас, би юу гээд бодогдуулчих бол гэж эгэл хүний хувьд айхын оронд, Тэнгэрлэг Эцэг тэдний хүн нэг бүрд маш их хайртай бөгөөд Аврагчийг өөрсдөө мэддэг болоход тэдэнд туслах нь бидний ажил, мөн дуудлагын нэг хэсэг гэдэгт анхаардаг. Энэ нь маш тустай байдгийг би олж мэдсэн. Суралцагчидтайгаа хувийн харилцаа тогтоох дээр, улмаар уг зорилгод хүрэхэд нь тэдэнд туслах тал дээр төвлөрч байгаад би талархаж байгаагаа хэлэхийг хүссэн юм.

Смит ах: Жэссика, баярлалаа. Эдгээр бүх материал эх сурвалжид, олон жилийн явцад сурч мэдсэн бүх зүйлдээ анхаарал төвлөрүүлэн, энгийн болгож, нэгтгэж, бүтээн босгох гэж бид үнэхээр хичээсэн гэж би боддог. Эдгээр эх сурвалжид та нар Сайн мэдээг заах болон суралцах үндсэн элементүүдийг харах болно гэж би бодож байна. Гүнзгий судлах элементүүдийг та нар харах болно. Аврагчид төвлөрч, сонсож, ажиглаж, ялган таньж, суралцагчдынхаа зүрх сэтгэлд гал асаахын тулд биднийг удирдан заадаг хүмүүсийн нөлөөг та нар олж харах болно. Мөн бид үүнийг энгийн болгож, гол анхаарлаа төвлөрүүлэхийг үнэхээр хичээсэн. Хэдийгээр эдгээр эх сурвалж өөр өөр бичиг баримтад тусгайлан орсон ч тэдгээрийг нэг зүйл хэмээн үзнэ гэж бид найдаж байна. Тэр нэг зүйл нь, бидний ажил бол Аврагчийг илүү сайн мэддэг болоход нь суралцагчдаа туслах явдал юм. Бид Ариун Сүнсний тусламжгүйгээр үүнийг хайж чадахгүй.

Ариун Сүнсийг урих хамгийн анхдагч арга зам бол суралцагчдаа хайрлаж, Есүс Христ дээр төвлөрч, Бурханы үгийн ариун журамд найдах явдал юм. Мөн бид Түүнийг тэдэнд туслахад нь туслахаар хичээж байхад Тэрээр бидэнд туслахад бэлэн, мөн хүсэж байдаг гэдгийг бид мэднэ. Бид өөрсдийгөө үнэлж дүгнэхдээ Тэнгэрлэг Эцэгт залбирч байгаад хандах үед, тэрхүү үнэлж дүгнэх хэмжүүрээр дамжуулан суралцагчдадаа юу хэрэгтэй байгааг асуух үед, зохицуулагч эсвэл хамт ажилладаг хүнээ ангид ирж, илүү мэдээлэл өгөхийг хүсэх үед, эдгээр нь бүгдээрээ илчлэлтийг урьж, тэгснээр бид залуу хүмүүст Есүс Христийг мэддэг болоход нь тусалж чадна.

Скотт эгч: Сара Брэдли эгч ээ, Юта Солт Лэйк бүсээс хэн бидэнтэй хамт байгаа вэ, туршлагаасаа хуваалцаач?

Сара Брэдли эгч: Дуртайяа ярья. Эдгээр эх сурвалжийг ашигласныхаа дараа би эдгээр нь ямар энгийн байдлаар заагдаж, ямар сайн төлөвлөгдсөн юм бэ гэж гайхаж байсан. Миний хувьд үйл явц нь маш энгийн байсан. Би дөнгөж саяхнаас үнэлгээний аргыг ашиглаж эхэлсэн юм. Би хувийн дүгнэлт болон суралцагчийн дүгнэлтийг ашиглаж үзсэн ба зохицуулагчид маань үүнд тусалсан юм. Мөн миний хаана байгааг бид дүгнэсэн. Дараа нь би хаана анхаарал төвлөрүүлэхийг хүсэж байгаагаа, хувийн дүгнэлт болон суралцагчдын дүгнэлт дээр үндэслэн өөрийгөө хаана байсныг зохицуулагчтайгаа хамт тодорхойлсон. Тэгээд би цааш үргэлжлүүллээ. Би Сайн мэдээг заахад сургах шинэ гарын авлагыг нээж, багшийн өсөлт хөгжлийн ур чадварын эх сурвалж дээр очсон. Энэ нь анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэж байгаа хэсэг рүү минь намайг аваачсан. Би тэдгээр зүйлийг уншиж, судлаад, ангидаа буцаж очсон. Тэгээд би уг дасгал ажлыг олон арга замаар хэрэгжүүлэхийг хичээсэн. Би суралцагчдынхаа хөрвөлт, хамаарал, харьяаллыг мэдрэх чадварыг өсгөж байгаа гэж найдаж байна. Нэг агуу зүйл нь, би эргээд өөрийн өсөлт хөгжлийг үнэлэхийн тулд мөн ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн эсэхийг харахаар үнэлгээний аргыг ахин ашигласан. Дараа нь юу хийхээ мэдэхийн тулд үнэлгээний аргыг хэд хэдэн удаа ашигласан. Цааш сайжирч, хөгжихийн тулд эх сурвалждаа дахин хандсан.

Гэри Ловэлл ах: Эдгээр аргыг ашиглахдаа эргэлзэж байгаа, мөн сул талаа олж тодорхойлон, тэдгээртэй нүүр тулахад хэцүү байгаа хүмүүст бид юуг санал болгох вэ? Мөн эдгээр санал асуулгыг ойр ойрхон явуулах үүрэгтэй мэргэжлийн эсвэл удирдах хүмүүс байх болов уу?

Лори Ниүболд эгч: Би үүнтэй холбоотой нэг зүйл хэлж болох уу? Би үүнийг маш нарийн тодорхой хэлмээр байна. Гэхдээ өөрийн туршлагаас харахад, бид заримдаа алдаа гаргахдаа ангид хэн нэгэн байх вий гэхээс маш их айдаг. Хэн нэгэн шүүмжлэлтэй хандахаас айх эгэл хүний туршлагыг бид заримдаа туулдаг. Би ихэд хайрладаг эдгээр залуу эрэгтэй, эмэгтэйд зүрх сэтгэл, оюунаа зориулж байгаа болохоор тэр юм. Тиймээс ирээд, “Лори, чи зүрх сэтгэлээ сайжруулах хэрэгтэй байна” гэж хэлэх хэцүү.

Гэхдээ бидний хэлж байгаа зүйл ихэнхдээ хэмжүүрээс үүдэлтэй гэж би бодохгүй байна. Энэ нь бид өөрчлөгдөж, хөгжихийн тулд Аврагч Есүс Христэд итгэдэг дадал суулгахаар үргэлжлүүлэн ажиллацгаая гэсэн утгатай гэж би бодож байна. Би хэн нэгэнд ингэж хэлэх байсан. Эдгээр хэрэгсэл бол өсөж хөгжих тухай юм. Өсөлт хөгжил наманчлалаар дамжин ирдэг. Наманчлал нь өөрчлөлтийн тухай юм. Аврагч л үүнийг боломжтой болгодог. Тиймээс, хэрэв тийм өдөр ирвэл, багш болгон хэн нэгэнд “Та манай ангид ирээд, намайг ажиглах уу? Эдгээр суралцагч миний өгч чадах хамгийн сайн зүйлийг авах эрхтэй, бас би тэдний заримд хүрч чадахгүй байгаагаа ч мэдэж байна. Та ирээд, надад туслаач?” гэж хэлэх юм.

Бөрт Вимпи ах: Би нэг зүйл нэмж болох уу? Энэ нөхцөлд, эдгээр гайхалтай өсвөр үеийнхний олонход зааж байгаа гадасны гайхалтай багш нар байгаа учраас эдгээр дүгнэх хэрэгсэл нь эх сурвалж юм. Бүрэн цагийн мэргэжлийн багш нарын маань хувьд энэ нь шаардагдах зүйл. Мөн бид эдгээрийг хэр сайн ашиглахад суралцаж, ийм уур амьсгалыг бий болгохыг хичээх болно. Гадаснаас дуудагдсан багш нарын маань хувьд, энэ нь та нарын хувьд өөрсдийн хэрэгцээ, хүслийн дагуу ашиглаж болох эх сурвалж юм. Өөрт тань тусалж чадна гэж бодож байгаа юу ч байж болно.

Вилкинсон ах: Гэри, маш сайн асуулт байлаа. Үүрэг хариуцлагадаа хийж байгаа бүхэнд тань бид талархдаг. Баярлалаа. Та хүн бүрийн асуумаар байгаа зүйлийг асууж байна. Хэмжүүрийн нэг нь юу болох тухайд, сударт сүнсээр өдөөгдсөн олон асуулт байдаг ч түүний дундаас гурав нь намайг маш ихээр адисалсан юм. Та нар энэ хэмжүүрийн нэг хэсгийг харах болно. Залуу баян захирагч “Надад юу дутагдаж байна вэ? 1 гэж асуусан. Энэ асуулт, энэ хэмжүүр Аврагчаас илчлэлтийг авчирсан. Түүнд үүнийг дагах уу, үгүй юү гэдэг сонголт байсан. Дамаск руу очих зам дээр Паул буюу Саул “Их Эзэн, та надаар юу хийлгэмээр байна вэ?” 2 гэж асуусан. Энэ нь бас хэмжүүр юм. Гурав дахь жишээ нь, Моронайг анх айлчилж очихоос өмнө Иосеф Смит үйлдсэн нүгэлдээ өршөөл эрэлхийлж, гуйж байсан. Гэхдээ асуулт нь, “би Их Эзэний өмнө ямар байр суурьтай вэ?” 3 гэсэн асуулт байсан. Хэмжин дүгнэж байгаа иймэрхүү эргэцүүлсэн асуултууд нь хэн нэгэн намайг дүгнэж байгаа хэрэг биш, харин Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид хүрч, Тэднээр өөрийн хаана байгааг хэлүүлэх гэсэн үг юм. Бид үүнд нээлттэй байвал, илчлэлт урсан орж ирж, бид өөрийнхөөрөө байхаас бүр илүү сайн болдог.

Жак Мэнез ах: Аврагчид найдах болон сайжруулах дадал соёлыг төлөвшүүлэх санааг, тэр байтугай заримдаа бид багш нарын хувьд хэт их ачаалалтай байдаг гэсэн санаа зовнилыг хэд хэдэн сэтгэгдлээс сонсоод би талархсан. Би одоо бусад багшид сайжрахад нь туслах үүрэг хариуцлага хүлээдэг. Миний сурсан нэг зүйл бол бусад багш, өөрсдийн эргэн тойрон дахь хүмүүс мөн хамт олондоо туслахад маань бидэнд тусалдаг Аврагчийн хүчинд талархдаг болсон минь юм. Эцэст нь энэ нь суралцагчдад маань тусалдаг. Багш нар маань Есүс Христэд түшиглэж тулгуурлах үедээ Түүний ач ивээлийн гэрчлэлийг илүү их гэрчилж байна.

Тиймээс, баян залуу удирдагчийн талаар дурдсан шиг, би Аврагчийн “Чи эдгээр зарим зүйлийг хийх хэрэгтэй, мөн та тэдгээр заримыг нь хийж байгаа. Энэ нь бидний сайжруулах хэрэгтэй өөр нэг зүйлийг заадаг. Тиймээс зохицуулагчдын хувьд бидний хийж чадах нэг зүйл бол “Сайн байна. Та Их Эзэнийг баярлуулж байгаа гэж би бодож байна. Таны хийж байгаа бүх сайн сайхан зүйлд Их Эзэн талархаж байгаа. Бид ахиад нэг зүйл хийхийн тулд Есүс Христэд итгэх итгэлээрээ нэгдэж болох уу?” гэж хэлэх явдал гэж би бодож байна. Биднийг өсөн дэгжих шинэ дадал соёлыг бий болгох үед энэ нь заримдаа тусалж болно. Энэ нь дутагдалтай байдлыг мэдэрч эсвэл сайн чадахгүй байгаа эсвэл хэзээ ч хангалттай сайн болж чадахгүй гэж бодуулахаас зайлсхийхэд тусалж чадах юм. Харин бид илүү үр дүнтэй зүйлийг гаргах замаар эдгээр хүчин зүтгэлийг Есүс Христийн ач ивээлээр өрнүүлж болох юм. Мөн тэгээд энэ нь ангиуд руу хальж, өөрсдийн хүчээр гүйцэтгэхэд дэндүү хэцүү зүйлийг хийхэд Есүс Христийн хүч биднийг хүчирхэгжүүлдэг талаар суралцагчдадаа илүү агуу гэрчлэлийг хуваалцаж чадна.

Скотт эгч: Сорэнсон эгч ээ, та бидэнтэй асуултаа хуваалцана уу?

Жэйми Сорэнсон эгч: Тэгэлгүй яах вэ. Бид зорилгоо мэдэж байгаа, бас хөрвөлт, хамаарал, харьяаллын талаарх суралцагчийн үр дүн, эдгээр үр дүнд хүрэхийн тулд багшийн хувьд ашиглах таван арга зам болон багшийн хувьд үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд туслах 25 дадлагыг мэдэж байгаа. Үүнээс гадна би Христэд төвлөрч, сударт суурилсан мөн суралцагчдаа анхаардаг байх хэрэгтэй. Мөн би мэргэжлийн хувьд өсөж хөгжих зорилгодоо хүрэхэд минь туслах гурван өөр үнэлгээний аргыг ашиглана. Энэ бүхэн дааж давшгүй мэт санагдаж байна. Маш их шүү. Тэгэхээр юунд голлон анхаарах хэрэгтэй вэ?

Вимпи ах: Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христийн сургаал болон Цагаатгалыг ойлгон, тэдгээрт тулгуурлаж, ариун сүмийн адислалыг хүртэхэд тэнцэж, мөнх амьдралд бэлтгэхэд нь туслах явдал юм. Бидний хийхийг хичээж байгаа зүйл бол энэ. Мөн энэ зорилгод хүрэхэд бидний үүрэг хариуцлага бол туслах явдал юм. Тэгэхээр би хэрхэн тусалж болох вэ? Ялангуяа гадасны багш нар маань энэ бүх эх сурвалжийг хараад “энэ нь дэндүү их байна” гэж хэлж болохыг би ойлгож байна. Тиймээс багш, “Зорилго нь энэ юм бол би үүнийг яаж хийх вэ?” гэж асууж болох юм. Таныг энэ талаар асуусанд би баяртай байна. Үүнийг хийх хамгийн сайн арга зам бол суралцагчдадаа хөрвүүлэг, хамаарал, харьяаллын туршлагыг мэдрэхэд нь туслах явдал юм. “За, баярлалаа, тэгвэл бид хэрхэн ийм туршлагатай болох вэ?” Таныг энэ талаар асуусанд би баяртай байна. Үүнийг хийх арга зам нь юу вэ гэвэл, би та нарыг заадаг хүмүүсээ хайрлаж, сүнсээр зааж мөн Есүс Христ дээр төвлөрч, сургаалыг зааж, хичээнгүйлэн суралцахад урихыг хүсэж байна. “За, тэгвэл би үүнийг яаж хийх вэ?” Таныг асуусанд баяртай байна. Одоо бидэнд туслах эдгээр дадлага болон ур чадвар байна шүү дээ. Энэ бүгдээрээ зорилго руу хөтөлдөг.

Тэгээд багш суугаад, судраа нээн, суралцагчдынхаа талаар бодох үедээ тэдний дааж давшгүй эдгээр бүх зүйлийн талаар бодолгүйгээр, “би хайртай энэ суралцагчдадаа хэрхэн туслах вэ? Би тэдэнд Есүс Христийн сургаал мөн Цагаатгалыг ойлгож, тэдгээрт тулгуурлахад нь, ариун сүмийн адислалуудыг авахад тэнцэхүйц байж, мөнх амьдралд бэлтгэхэд нь хэрхэн туслах вэ?” гэж бодож болно. Энэ талаар бодож үзэхэд, биднээс Израилын энэхүү цугларалтад оролцохыг хүссэн ерөнхийлөгч Нэлсоны гэрээний замын талаар ярьж байгаа билээ. Энэ нь дааж давшгүй мэт санагдвал, мөн “би энэ бүхнийг хийж чадах эсэхээ мэдэхгүй байна” гэж бодвол зүгээр зорилго дээрээ л төвлөр.

Жэйсон Виллард ах: Би Мормоны Номон дахь миний дуртай багш буюу ах Нифайн үгээс нэг зүйл нэмье. Тэрээр 1 Нифай 6:4-т дараах байдлаар хэлсэн байдаг. “Миний бүхий л зорилго бол Абрахамын Бурхан, мөн Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурханд ирж, аврагд хэмээн [өөрийн суралцагчдад] ятгах нь болой.” Нифайн хийсэн бүх зүйл Есүс Христэд өөрсдөд нь тусалсан тийм арга замаар найдаж, … эцэст нь мөнх амьдралыг хүлээн авч, аврагдахад нь өөрийн ах, эгч, дүү нарт туслахын тулд байсан юм.

Жэйми, зөв асуулт тавьсанд тань баярлалаа. Гэхдээ чи 7 үндсэн чанар, төгсгөлд буй 16 сургалт мөн энэ явцад тэдний Төгс эзэмших сургаалын туршлагын талаар мартсан байна. Тиймээс дараагийн удаа биднийг энэ тухай асуухад, өөрөөс тань хүссэн бүх зүйлийг багтаагаарай. Та нараас их зүйлийг хүсэж байгаа ч үнэндээ энэ нь нэг л зүйлд тулж ирдэг. Аврагч Мариа, Марта хоёртой ярьж байхдаа, “Үнэндээ ганцхан юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ” 4 хэмээн хэлсэнд би дуртай бөгөөд Жэйми, та Мариатай адил бололтой. Жэйми, та болон дэлхий даяарх багш нар та бүхнийг сайн зүйл сонгосонд бид талархаж байна. Аврагчийн хөлд сууж, өөрийн хийж байгаа бүхэнд Түүнийг төвд нь байлгахаар сайн зүйлийг та нар сонгосон. Тиймээс та бүхнийг ийнхүү хичээж зүтгэж байгаад тань адислаг.

Смит ах: Жэйми, би танаас шалгах асуулт тавихыг хүсэж байна. Вимпи ах, Виллард ах хоёр хамгийн чухал зүйл дээр буюу институт, семинарын зорилго дээр анхаарлаа төвлөрүүлэх талаар сайхан заавар өглөө. Гэхдээ Жэйми, багшийн хувьд, суралцагчдын тань амьдралд зорилго нь хэрэгжиж байгаа эсэхийг та хэрхэн мэдэх вэ?

Сорэнсон эгч: За. Энэ нь тустай хариулт эсэхийг мэдэхгүй байна, гэхдээ хүмүүсийг тайлбарлаж байх үед санаанд орж ирлээ. Бид хамаарал, харьяалал, хөрвүүлгийг тэдний амьдралд харна, тийм ээ? Энэ гурван зүйл үнэхээр биднийг зорилго руу хандуулдаг. Би үүнийг тэдний харилцан ярианаас хардаг. Би үүнийг семинараас гадуур хардаг. Би тэднийг семинарын туршид тэмдэглэл хөтөлж, туршлагаа бичиж байхад нь хардаг. Эдгээр нь өнөөх гурван зүйл юм. Тэдгээр нь үнэхээр биднийг зорилго руу чиглүүлдэг.

Смит ах: Маш их баярлалаа. Жэйми, та институт, семинарын туршлага нь тэднийг хөрвүүлэг, хамаарал, харьяалал руу хөтөлж байгаа эсэхийг суралцагчдаасаа шууд асуувал ач тустай гэж бодож байна уу?

Сорэнсон эгч: Тэгэлгүй яах вэ. Бидний тэдэнд өгдөг үнэлгээний арга, бас магадгүй хэр байгаа, хэр ажиллаж байгааг нь албан бусаар асууж болно. Энэ нь хэр боломжтой вэ? Уг зорилго нь хэрхэн ажиллаж байгааг хэмжих гайхалтай хэмжүүр болно гэж би бодож байна.

Смит ах: Баярлалаа. Одоо та нар ингэж төсөөл дөө. Таныг суралцагчдадаа энэ асуултыг тавихад, тэд харьяаллын тал дээр семинарыг илүү сайн болгоно гэж бодож байгаа нэг зүйлийг олж тодорхойллоо гэж бодъё. Тэд “Сорэнсэн эгч маш сайхан хүн, бид түүний ангид суух дуртай, тэр гайхалтай” гэж хэлэх болно. Гэхдээ та илүү их харьяалуулж болох боломжийг тэдний хариултын жижиг сажиг нарийн хэсгүүдээс олж харна. Тэр үед багшийн хувьд анги дотроо илүү харьяаллыг бий болгохын тулд танд чухам юу тустай байх вэ?

Сорэнсэн эгч: Багшийн хувьд энэ талаар ярилцах нь их тустай гэж би бодож байна. Дарга руугаа очоод, “Би ийм хэдэн санал хүсэлт авлаа, үүнийг шийдэхэд надад туслаач” гэж хэлж болно. Эсвэл хамт ажилладаг хүмүүстэйгээ “үүнийг шийдэхэд надад туслаач. Би үүнийг яах вэ? Би үүнийг хэрхэн илүү сайн хийж болох вэ?” гэж ярилцаж болох юм. Энэ нь тустай байх болно гэж би бодож байна.

Смит ах: Гайхалтай. Энэ асуултуудыг танаас асуухыг хүссэн шалтгаан маань зөвхөн үнэлж дүгнэх аргын цаана буй санаа биш бөгөөд түүнчлэн шинэчлэгдсэн Сайн мэдээнээс заах болон суралцах гарын авлага, сургалтын эх сурвалжууд юм. Тэгснээр багш “Би суралцагчдаа амьдралдаа энэ зорилгод хүрээсэй гэж хүсэж байна. Тэдэнд энэ хэрэгтэй гэж хэлж байсныг би анзаарсан, би үүнийг хэрхэн сайжруулах билээ?” гэж хэлж болох юм. Мөн тэгээд та бусад багштайгаа мөн даргатайгаа зөвлөлдөж, суралцагчидтайгаа ярилцсанаар өөрийн сайжруулж болох ямар нэгэн зүйлийг тодорхойлж болох юм. Гарын авлагад үүнийг дүрсэлж, сургалтын материалд загварыг нь үзүүлсэн байгаа. Танд одоо дадлага хийх болон хэрэгжүүлэх ур чадвар байгаа бөгөөд сайжирснаар Виллард ах, Вимпи ах хоёрын сая хэлсэнчлэн, суралцагчийн амьдралд Аврагч руу тэднийг ойртуулахад туслах зорилго нь хэрэгжинэ.

Винди Паркэр эгч: Энэ бүхэн бүгдээрээ зорилго руу чиглэж байна. Бидний зорилго Есүс Христээс эхэлдэг. Мөн Есүс Христ бол биднийг ариун сүм рүү, суралцагчид руу маань хөтлөх, эцэст нь биднийг Тэнгэр дэх Эцэгтэйгээ амьдрах амьдралд хүргэх арга зам билээ. Энэ шинэ хөтөлбөрөөс миний уншсан хэсэг бүр намайг Христ дээр төвлөрүүлсэн. Ур чадвар бүр Христ дээр төвлөрч байсан. Энэ нь миний хувьд маш хүчтэй зүйл байлаа. Би бусад багшийг зохицуулан, үүнтэй адил зүйлийг хөгжүүлэхэд нь тэдэнд туслах үед, энэ хэрэгсэл манай хөтөлбөрийг маш эерэг арга замаар өөрчилнө. Мөн би суралцагчдадаа маш их талархаж байна. Би зүгээр л маш их баярлалаа гэж хэлэхийг хүссэн юм.

Вимпи ах: Би Африк Баруун гадасны Шадрак ахыг мэднэ. Ангийнхаа нэгэн суралцагчид ийм туршлагыг мэдрэхэд нь тусалсан туршлага түүнд байгаа. Шадрак ах аа, та үүнийгээ бид бүгдтэй хуваалцах уу?

Шадрак Бэнтам ах: За тэгье, Бөрт ах аа, баярлалаа. Манай ангид нэг уншдаггүй, асуудаггүй, асуултад хариулдаггүй их ичимхий суралцагч байсан. Намайг “Суралцагч бүрийн нэр, нөхцөл байдал болон суралцах хэрэгцээг мэд” хэсэг дэх зарим зарчмыг хэрэгжүүлж эхлэх хүртэл тэр тийм байсан. “Багшийн өсөлт хөгжлийн ур чадвар” хэсэг дэх “Суралцагчийн сонирхлыг ажиглаж, тэдгээрийн талаар асуу” гэдэг дээр би анхаарсан. Уг суралцагч институтэд ирэхдээ ихэнхдээ сургуулийнхаа хичээл, шалгалтад бэлдэж байхыг би ажигласан. Тиймээс би түүний сурч байгаа хичээлийн талаар сонирхож, түүнтэй заримдаа хичээлийнх нь талаар ярьдаг байсан. Тэгээд би түүний нэг сайн найз манай ангид байдгийг олж мэдсэн. Тиймээс бүлгээр хийх үйл ажиллагааны үеэр би түүнийг найзтай нь хамт нэг бүлэгт ихэнхдээ оруулдаг байсан. Яваандаа тэр хичээлийн үеэр уншиж, асуултад хариулж мөн туршлагаа хуваалцаж эхэлсэн. Ангид суухдаа маш бүрэг ичимхий байдаг байсан бол одоо өөртөө илүү итгэлтэй байдаг болсон талаараа нэг удаа тэрээр хуваалцаж билээ. Одоо тэр ангид бүлгээ төлөөлөн бүлгийн даалгаврыг танилцуулдаг болсон бас ангийн хамгийн эхэнд ярьдаг хүмүүсийн нэг болсон. Түүний суралцах туршлага илүү сайжирсан.

Скотт эгч: Энэ нь Даглас Фрэнко ахын асуулт руу шууд хөтөлж байна гэж би бодлоо. Тэр Өмнөд Америкийн Баруун хойд бүсийнх бөгөөд бид одоо Фрэнко ахаас асуултаа тавихыг хүсэж байна.

Даглас Фрэнко ах: Баярлалаа. Бүгдээрээ сайн байцгаана уу! За, миний асуулт багшийн үүрэг хариуцлага ба суралцагчийн туршлагатай холбоотой. Бидний ангид хийж байгаа зүйл нь суралцагчдад хөрвүүлэг, хамаарал, харьяаллын туршлага сэтгэгдлийг авахад нь тусалж байгаа гэдгийг бид хэрхэн илүү сайн мэдэж болох вэ? Жишээлбэл, Христэд төвлөрсөн хичээл нь хөрвүүлэгт тусалж болох юм, гэхдээ үүний зэрэгцээ сүнсээр заах нь бас хөрвүүлэгт тусалж болно. Тиймээс багш нартаа туслахын тулд, тэдэнд асуулт байгаа үед эсвэл тэд эдгээр зарим зарчмыг сайжруулахыг хүсэх үед бид үүнийг хийж байгаагаа хэрхэн бататгах вэ?

Виллард ах: Фрэнко ах аа, та хаана заадаг вэ? Та хаана байгаа вэ?

Фрэнко ах: Баярлалаа. Би Боливийн Кочабамбад, Боливийн институтэд заадаг.

Виллард ах: Маш сайн, Фрэнко ах аа. Өнөөдөр та бидэнтэй хамт байгаа нь сайн хэрэг. Фрэнко ах аа, ангид чинь ийм хөрвүүлгийн туршлага болж байгаа гэдгийг та амжилттай мэдсэн гэж би таамаглаж байна. Ийм хөрвүүлгийн туршлагууд ангид чинь тохиолдож байгааг Ариун Сүнс танд заахыг мэдэрсэн үеэ та санаж байна уу?

Фрэнко ах: Тийм ээ. Заримдаа суралцагчид энэ талаар хичээлийн үеэр, заримдаа дараа нь дурддаг гэж би бодож байна. Жишээлбэл, заримдаа тэд над руу WhatsApp-аар холбогдон “Фрэнко ах аа, заасанд баярлалаа, би ийм зүйл хийхээр өдөөгдлөө” гэж хэлдэг. Зарим нь хичээлийн үед тэмдэглэлийн дэвтэр, судлах тэмдэглэл дээрээ юм бичих заавар өгөөгүй байхад ч бичиж байгааг би хардаг. Одоо ч бичсээр байгаа. Мөн тэдний хандлага нь тэдний үүнийг мэдэрч байгааг харуулдаг. Би үүнийг дурдаж болно гэж бодож байна.

Виллард ах: Маш сайн байна. Энэ нь олон жилийн өмнө ахлагч Бэднар бидэнд хичээл заахтай холбогдуулан, ялган таних, ажиглах, сонсох гэсэн гурван үгийг заасныг сануулж байна. 5 Миний хувьд, таны бидэнтэй хуваалцсан зүйлийн гол чухал зүйл нь энэ. Та хичээлийн туршид эсвэл хичээлийн дараа тохиолдсон зарим зүйлийг ялган таньж, ажигласан байна. Мөн ийн ажигласны улмаас, өнөөдөр тохиолдсон зүйл бол чухал зүйл гэж Ариун Сүнс танд зааж байгаатай адил юм. Фрэнко ах аа, та үүнийг сайжруулахын тулд юу хийж болох вэ? Та ингэхийн тулд юу хийж чадах вэ? Уучлаарай, юу гэдэг билээ дээ. Та ангидаа үүнийг илүү олон тохиолгох боломжийг өсгөхийн тулд юу хийх вэ?

Фрэнко ах: Би маш олон зүйлийн талаар бодож байна. Би үнэлгээний аргын талаар бодож байлаа. Хэн нэгнээр, хамт ажилладаг хүн юм уу эсвэл өөр хүнээр, зохицуулагчаараа ажиглуулах нь тустай гэж би бодож байна … тэгээд би өөрийн хичээх хэрэгтэй зүйлсийг мэдэрч мөн олж мэднэ. Үүний зэрэгцээ, суралцагчдад өгсөн үнэлэх арга бас тусалдаг—бид эдгээрийг ашиглаж мөн тэд ангидаа юуг мэдэрч, юу гэж ярьж байгаа нь, тэд багш, хичээл мөн бидний гүйцэтгэдэг үүргийн талаар юу бодож байдгийг харах нь гайхалтай. Үнэхээр гайхалтай. Бид үр дүнг нь хараад, “Өө, энэ миний сайжруулах хэрэгтэй зүйл байна” гэж хэлдэг. Эсвэл би үүнийг сайн хийж байна гэж хэлнэ. Үүнийг ашиглах нь тустай, бас үүний зэрэгцээ өөрийн тухай ярьж, чадах хэрээрээ үйлдэж мөн та нарын дурдсанаар, сүнсээр удирдуулах нь тустай гэж би бодож байна. Тэдэнд юу хэрэгтэй талаар, хийж байгаа зүйл маань тэдний хэрэгцээнд тусалж байгаа талаар анхаарлаа хандуул.

Виллард ах: Фрэнко ах аа, баярлалаа. Таныг гэрчлэлээ мөн илүү сайн байх хүслээ хуваалцах үед Тэнгэрлэг Эцэг танд төдийгүй дэлхий даяарх таны адил багш нарт хэчнээн их хайртай гэдгийг Ариун Сүнс надад гэрчлэхийг би мэдэрлээ. Бид Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлахаар хичээх үед Тэрээр биднийг адисалж, уг ангид бид ямар байгааг үзүүлж мөн хөрвүүлэг, хамаарал, харьяаллын ийм туршлага ангид тохиолдож байгаа эсэхийг бидэнд мэдүүлэх бөгөөд эдгээр бүх өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христэд ойртон ирэхэд нь туслах болно. Тиймээс Фрэнко ах аа, мөн та нартаа бүгдэд нь өсвөр үеийнхнийг маань адисалж байгаад маш их баярлалаа. Туршлагаа хуваалцсанд баярлалаа.

Фрэнко ах: Баярлалаа.

Ниүболд эгч: Виллард ах аа, Фрэнк ах та хоёрын ярьсан зүйлд баярлалаа. Би таныг болон бүх багш нараа хайрлаж, тэдэнд талархаж явдгаа дахин илэрхийлье. Би хөрвүүлэг, хамаарал, харьяаллын талаар ганц, хоёр зүйл бодож байлаа. Би үүнийг маш чухал гэж бодож байна. Маш олон хүн эдгээр тодорхой зүйл дээр биднээс сургалт авахыг хүсдэг бөгөөд энэ нь Аврагч Есүс Христэд болон Тэнгэрлэг Эцэгтээ хөрвөгдөх, хамааралтай байж, харьяалагдах нь бидний заах арга барилын үр дүн гэдгийг санаарай. Гэхдээ, хэрэв тэд энэ нь тэдний амьдралд хэрхэн хамаарахыг харж чадахгүй бол тэдэнд хэрэгтэй байгаа туршлагыг өгөх нь багшид илүү хэцүү байх болно. Мөн үүнийг хийдэг нь Ариун Сүнс юм.

Скотт эгч: Жэйми Скотт гайхамшигтай түүх хуваалцсан байсан. Скотт эгч ээ, та үүнийгээ бидэнтэй хуваалцах уу?

Жэйми Скотт эгч: Дуртайяа хуваалцъя. Би аливаа загвар эсвэл арга барилд баригддаггүй бөгөөд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, Түүнтэй илүү адил болохын тулд Христтэй адил багш нарт анхаарлаа төвлөрүүлж байсан. Нэг өдөр би зааж байхдаа, суралцагчдаасаа “Ямар төрлийн хичээл та нарт Аврагчтай илүү ойр болоход чинь туслах вэ?” гэж асуух өдөөлтийг мэдэрсэн юм. Тэгтэл дөрвөн ангийнхан маань бүгд дуу хөгжмийг дурдсан. Тиймээс бид дуу хөгжмөөр дамжуулан Аврагчийн талаар суралцахад нэг өдрийг зарцуулахаар шийдсэн юм. Суралцагчид өөрсдийг нь Есүс Христэд ойртоход тусалдаг ямар ч дуу, сүмийн дууллыг хуваалцаж болох байсан. Тэдний зарим нь хөгжим тоглосон. Зарим нь чанга яригчаар дуу тоглуулахыг надаас хүссэн. Мөн зарим нь өөрсдөө дуулсан. Тиймээс тэнд төрөл бүрийн дуу, дуулал хуваалцсан. Мөн тэд дуу хөгжмөө хуваалцахын өмнө эсвэл дараа нь Их Эзэн Аврагчийнхаа талаар ярьж, гэрчлэлээ хуваалцсан. Энэ нь үнэхээр бүх хүн сүнсийг мэдэрсэн өдөр байлаа. Зарим нь тэр үед туулж байсан туршлагаасаа хуваалцсан бол заримд нь өнгөрсөн үед мэдэрсэн үнэний дурсамжийг Сүнс сануулсан. Мөн Сүнс үүний үнэний талаар тэдэнд дахин гэрчилсэн.

Семинартаа дурамжхан ирдэг нэг залуу эрэгтэй байсан юм. Тэр гараа өргөн, “Би Сүнсийг дөрвөн жил гаруй хугацаанд мэдрээгүй. Харин Бэнийг гар хийлээрээ “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” гэдэг дууллыг тоглоход “би Сүнсийг мэдэрсэн, энэ нь сайхан санагдсан” гэж хэлсэн. Тиймээс Их Эзэн Өөрийн сонгомол хүмүүст яг юу хэрэгтэй байгааг мэддэгт би үнэхээр талархдаг. Би тэдний юу хүсэж байгааг асууж мөн сонссондоо, тэгснээр энэ залуу эр Аврагчийн хайрыг мэдэрч, өөрийн хэн гэдгийг мөн хайрлагддаг гэдгээ мэдэрсэнд нь би талархаж байна.

Скотт эгч: Хуваалцсанд баярлалаа. Жэймс ах аа, та гараа өргөсөн байна.

Жэймс ах: За баярлалаа. Өнөөдрийн ярилцсан зүйлс дээр би нэммээр байна. Энэ туршлага миний хувьд маш гайхалтай байлаа. Би өнгөрсөн хугацаанд бүх суралцагчид өгөгдсөн дүгнэх хэрэгсэл, ажиглах материалуудыг хэрэгжүүлэхийг хичээсэн. Би үүнийг ангидаа хэрэгжүүлдэг ба өнөөдөр энд заасан шиг, энэхүү хэмжүүрийн гол зорилго нь өөрсдийн өсөж хөгжиж чадах хэсэг дээр илүү их илчлэлт хүлээн авахад бидэнд туслах явдал юм.

Энэ санал асуулгын үед ангийн маань нэг суралцагчийн хамаарлын талаар хэлсэн нэг зүйлийг би уншмаар байна. Энэ санал асуулгын дараа би цуглуулсан материалуудаа дүгнэж байсан. Тэгж байхдаа би аль нэг асуултад суралцагчийн хариулсныг уншсан. Уг суралцагч “Сурсан сайн мэдээний сэдвээ хувийн амьдралтайгаа хамааруулахад багш надад тусалдаг учраас энэ анги надад хамаатай байлаа” гэж бичсэн байсан. Дараагийн хүн өөрийг нь сайжрахад миний зүгээс хэрхэн тусалж чадах талаар ярьсан. Тэр “Багш маань намайг ангийн ярилцлагад багтааж мөн асуулт тавьж байхыг хүсдэг” гэсэн байсан.

Суралцагчид мөн зохицуулагч ажиглаж мөн би өөрөө өөрийгөө дүгнэж, ийн би эдгээр материалыг хамтран дүгнэх үедээ өөрийн сайжрах хэрэгтэй байгаа хэсгүүдийг харсан нь миний ердийн үед хийж чадахааргүй байсан зүйл юм. Мөн эдгээр 25 ур чадвар, дадлага нь маш сайхан, хичээлийн туршид хэрэгжүүлэхэд ч амархан гэж би хэлж чадна. Баярлалаа.

Вилкинс ах: Зорилго дээр төвлөрөх, ур чадвар дээр төвлөрөх хоёрыг хослуулахын хүч чадлын талаар надад заасан нэг туршлагаа би хурдхан хуваалцахыг хүсэж байна. Нэг удаа бид ангидаа наманчлалын талаар Христэд төвлөрсөн ярилцлага явуулж байлаа. Бид зөвхөн ааш зангаа наманчлах тухай биш, харин Христэд хандаж, сул дорой талыг маань хүчирхэгжүүлэхийг Түүнээс гуйх зарчмын талаар ярилцаж байсан юм. Мөн би сургалтын материалд байсан зарим ур чадварын талаар бодож байв. Би суралцагчдын ярилцахыг ажиглаж байлаа. Энэ ур чадварын улмаас би нэг залуу эмэгтэйг ажигласан ба түүний нүд рүү харан, шалгах асуулт тавихыг хичээж байв. Би түүний нулимсаа арчихыг харсан. Тэгээд би “Никки, Сүнс чамд юу гэж заасан талаар бидэнтэй хуваалцах уу?” гэж асуумаар санагдсан юм. Энэ залуу эмэгтэй зүрх сэтгэлээ нээн уйлаад, таван жил залбирсан залбиралдаа хариулт авсан гэдгээ, мөн наманчлахыг хичээж байсан ч, зүрх сэтгэлийг нь өөрчлөхийг Их Эзэнээс хэзээ ч хүсэж байгаагүй гэдгээ хэлсэн.

Бүх л ангийн туршид би зорилго дээрээ анхаарал төвлөрүүлж байсанчлан, Христэд төвлөрсөн ярилцлага маш сайн байсан. Энэ ур чадварт анхаарсан учраас би дагалдах асуулт тавих, хүмүүсийн нүд рүү харах ур чадварт анхаарах боломжтой байсандаа баяртай байна. Энэ нь маш сайн туршлага байсан бөгөөд магадгүй амьдралыг өөрчлөх туршлага руу хөтөлсөн гэж найдаж байна. Тиймээс миний хувьд, зорилго бол эхлэх цэг, харин ур чадварууд дээр анхаарал тавих нь уг зорилгод гүн гүнзгий нөлөөлөх боломжийг олгоход бидэнд тусалдаг.

Скотт эгч: Вилкинс ах аа, баярлалаа. Хэн нэгэнтэй харцаараа холбогдох нь тэднийг өөртэйгөө ярилцахад болон хувийн туршлага хуваалцахад урьдаг. Гайхалтай дүрслэл байлаа. Марк Эспидита ах.

Марк Эспидита ах: Хоёр сар орчмын өмнөөс би бидэнд өгсөн материалыг Canvas-ийн шинэ зохицуулагчийн загвар сургалтдаа ашиглаж эхэлсэн. Би Сайн мэдээг заах болон суралцах хуучин гарын авлагыг ашиглан, өмнөх сургалтуудын талаар нийтэлсэн зүйлсэд багш нарын хэрхэн хандаж байсантай харьцуулсан. Манай ярилцлагын талбарт тийм ч их зүйл яригдаагүй. Харин сүүлийн үед намайг шинэ гарын авлага дээрх эдгээр сэдвийг ашиглаж эхлэх үед, багш нар илүү их оролцож, туршлагаа хуваалцахдаа илүү нээлттэй хандаж байгааг би мэдэрсэн.

Би багш нарынхаа нэгний хэлснийг хуваалцахыг хүсэж байна. Би энэ сургалтыг хэдхэн долоо хоногийн өмнө явуулсан. Энэ нь зааж буй хүмүүсийнхээ нэрийг дурдан залбирах тухай юм. Мөн би маш сайн, гайхалтай бодол санааг сонссон. Багш нарын маань нэгний хэлсэн зүйлийг би уншиж өгье. “Энэ бол багш нарт зориулсан сайн сануулга байлаа. Заримдаа бидэнд суралцагчдадаа заах, бэлтгэлээрээ дамжуулан ангийнхандаа сүнсийг мэдрүүлэх гэж яардаг цаг байдаг. Гэхдээ үнэхээр чухал зүйл нь тэдний хэрэгцээ шаардлагын дагуу хичээлийн захиасыг өөрчилж болдог явдал юм. Суралцагчид өөрсдөдөө хамаарах захиасыг сонсох хэрэгтэй. Тэдний хувь хүн бүрийн төлөө тусгайлан залбирах нь тэдэнд зориулан хичээлд бэлтгэх үед үнэхээр том өөрчлөлт оруулж чадна. Энэ нь сүнсэнд бидний ярьж, заахыг удирдах боломжийг олгодог” гэж бичсэн байсан. Энэ нь тэдэнд маш том нөлөө үзүүлнэ гэдгийг би ойлгоогүй байв. Тиймээс энд байгаа материалууд багш нарт маш тустай гэж би бодож байна. Үүнийг л хэлэх гэсэн юм.

Скотт эгч: Кэвин Браун ах аа, та бидэнтэй хуваалцахыг хүсэж байна уу?

Кэвин Браун ах: Энэ сургалтын туршид мөн бидэнд өгөгдсөн эдгээр бүх хэрэгсэлд шингэсэн илчлэлтийн үйл явцыг хүчтэй мэдэрсэндээ би талархаж байна. Хэрвээ би нэг зүйлийг Ариун Сүнсээр найдвар тээн олж мэдвэл, ялангуяа Ариун Сүнсээр дамжуулан сурч мэдсэн зүйлээ тухайн эх сурвалжаар дамжуулан олж мэдвэл, би хэр хурдан, хэр санаа тавин өөрчилж эсвэл хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй вэ? Суралцагчдыг хамааралтай болгодог нь Ариун Сүнс гэж хэн нэгэн урьд өмнө нь хэлсэн гэдгийг та нар мэднэ. Багшийг хамааралтай болгож өгдөг нь ч бас Ариун Сүнс юм байна гэдгийг би өнөөдөр ойлголоо. Тиймээс би хэрхэн үйлдэх, хэрэгжүүлэх талаар Сүнсээс суралцах юм бол үүнийг хурдхан гүйцэтгэх хэрэгтэй. Биднийг ийн үйлдэх үед ангид гайхамшгууд тохиох болно гэдгийг би маш хүчтэй мэдэрсэн. Мөн багш нар үүнийг гэрчлэх боломжтой болно.

Бэки Скотт эгч: Бидэнтэй хуваалцсанд маш их баярлалаа. Дахиад нэг хүн гараа өргөсөн байна. Кастро ах аа, та бидэнтэй хуваалцах уу?

Кастро ах: Тийм ээ, Скотт эгч ээ, баярлалаа. Ахлагч Дэвид А.Бэднарын заасан нэг зүйл санаанд минь орж ирлээ. Тэр “Есүс Христ бидний төлөө амиа өгөхөөр энэ дэлхийд ирснийг мэдэх нэг хэрэг. Энэ бол Христийн сургаалын үндэс, суурь юм. Гэвч Их Эзэн Өөрийн Цагаатгалаар болон Ариун Сүнсний хүчээр дамжуулан зөвхөн биднийг удирдан чиглүүлэхийн тулд төдийгүй бас бидэнд хүч чадал өгөхөөр бидний дотор оршихыг хүсдэгт бид бас талархах хэрэгтэй” 6 гэж хэлсэн. Энэ бол миний өнөөдөр мэдэрсэн зүйл. Их Эзэн үнэхээр энэ агуу ажилд бидэнд туслахыг хүсдэг. Мөн бид өсвөр үеийнхэнд болон дуудагдсан багш нартаа үүнийг мэдрэхэд нь тусалж чадна.

Скотт эгч: Кастро ах аа, маш их баярлалаа. Өнөөдөр оролцсон хүн нэг бүрд талархлаа илэрхийлье. Өнөөдрийн ярилцсан зүйлсийг хэрхэн хувийн арга замаар хэрэгжүүлэх талаар маш гайхалтай гэрчлэлүүдийг бид сонслоо. Би өөрийн даруухан гэрчлэлийг нэммээр байна. Мөн Тэрээр бидний хувийн өсөлт хөгжилд төдийгүй өөрсдийн заадаг өсвөр үеийнхэн ба залуучуудтай холбогдох чадварт анхаарал хандуулдаг гэдгийг би мэднэ. Өнөөдөр бидний хувь хувьдаа ярилцсан эдгээр өөр өөр аргыг хэрэгжүүлэхэд хүн нэг бүрд чинь Тэрээр тусална гэдгийг би мэднэ. Ариун Сүнсээр дамжуулан Христ бидэнд өнөөдрийн сонссон түүхүүд дээрх шиг яг юун дээр ажиллах хэрэгтэйг маань хэлэх бөгөөд энэ л тухайн хүний сонсох хэрэгтэй тэр зүйл юм. Мөн танаар дамжуулан тэд Христэд ирэх боломжтой байх болно. Би энэ бүх зүйлийн талаар Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.