Жил тутмын нэвтрүүлэг
Үнэнийг хайрын хэлээр заах нь


Үнэнийг хайрын хэлээр заах нь

2021 оны И& ба С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2021 оны 1-р сарын 19-ны мягмар гараг

Ах, эгч нар аа, энэ нь сонсож, суралцах гайхалтай боломж байлаа. Та нарын хэд нь цугларалтад нэгдсэнийг би мэдэхгүй ч энэхүү чухал бүлэг буюу өсөж буй үеийнхэнд заахаар институт, семинарын багшаар дуудагдсан бараг 56000 хүн, СБС-д ажилладаг 2200 гаруй институтийн багшид би маш их талархаж байгаагаа илэрхийлье! Та нарын зориулсан үйлчлэл, зоримог хүчин чармайлтын ачаар хайрт өсвөр үеийнхэн, залуучууд маань үнэнч байж, гэрээний зам дээр үлдэх сонголтыг хийдэг. Та нарын өгдөг сүнслэг удирдамж мөн туршлага тэдний гэрчлэлийг хөгжүүлэхэд нэн чухал билээ. Би мөн багш нарынхаа нэр нь дуудагддаггүй баатрууд буюу хань ижлийг онцгойлон хүндэтгэж, магтан сайшааж байна. Та нарын сэтгэл санааны болон сүнслэг байдлын мөн гэр оронд үзүүлдэг дэмжлэг тусламжгүйгээр энэ ажил амжилтад хүрэхгүй байх байсан. Тиймээс хүн нэг бүрд сэтгэлийнхээ угаас, чин сэтгэлээсээ, хэмжээлшгүй ихээр баярлаж байна!

Шинээр гарч буй жил сайн сайхан болно эсвэл өмнө жилийн зовлон зүдгүүр ард үлдэнэ хэмээн бид бүгдээрээ итгэж найддаг энэ үед хийж байгаа зүйлээ ахин нэг удаа өөр өнцгөөс харах нь зүйтэй. Мэдээж бид ажил мэргэжилдээ хариуцлагатай хандахыг эрмэлздэг ч суралцагчдынхаа амьдралд эерэг өөрчлөлт хийхийг юу юунаас илүү хүсдэг.

Та өсөж буй үеийнхэнтэй ажиллахдаа бурханлаг үүсэл гарал, мөнх бус амьдралын зорилго, хэн болж чадахаа ойлгоход нь суралцагчдадаа туслахыг хүсдэг. Таны хамгийн ихээр хүсдэг зүйл бол тэдэнд бурханлаг чадавхдаа хүрэхэд нь туслах явдал юм. Институт, семинарын албан ёсоор дурдсан зорилго бол Есүс Христийн Цагаатгалын талаар суралцаж, үүнд итгэж найдан, ариун сүмийн болон мөнх амьдралын санваарын ёслолуудад тэднийг бэлтгэх явдал юм. Та эдгээр зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд ажиллахдаа “хортны галт сумнууд[ын]”1 эсрэг тэднийг зэвсэглэхийн зэрэгцээ Аврагчийн ирэлтийг тэсэн ядан хүлээдэг, итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн байхад нь хүчирхэгжүүлдэг. Та тэднийг гэр бүл, Сүм, нийгэмд зөв шударга удирдагч байж, сайн сайхны үлгэр жишээ байх ирээдүйн үүрэгт нь бэлтгэн тусалдаг.

Ямар сэдэв өнөөдөр тустай байж болох талаар бодсоноор, семинарын сургалтын хөтөлбөрийг Ирээд, Намайг дага гарын авлагатай уялдуулан холбосон нь асар их адислал болох талаар мөн энэ нь өсвөр үеийнхнийг болон тэдний гэр бүлийг хэрхэн хүчирхэгжүүлж болох тухай бодсон. Би гэрээсээ хол амьдарч байгаа залуучуудын тухай мөн “гэрт төвлөрсөн” сайн мэдээг судлах хандлагыг институтэд хэрэгжүүлэх нь хэрхэн тэдэнд хамаатай болох талаар бодсон. Мөн би удирдамж зааврыг өсвөр үеийнхэн, залуучуудад зохицуулан тааруулах арга замын талаар бодсон. Эргэцүүлэн бодсоны дараа өөрийн илчлэлтийг эрэлхийлж, багш, удирдагчтайгаа зөвлөлдсөнөөр та нар эдгээр “хэрхэн хийх” хариултыг олох боломжтой гэсэн дүгнэлтэд би хүрсэн юм.

Үүний оронд би хоёр зарчим дээр төвлөрмөөр байна. Миний авч үзэх гэсэн зарчмууд нь “Семинарын багш байхдаа би юуг мэддэг байсан ч болоосой” гэдэг ангилалд орно. Өглөө эрт ордог семинарын багшаар үйлчилсэн зургаан жил маань гайхалтай боломж мөн адислал байсан юм. Зааж байсан тойрогт маань 10 өөр ахлах сургуульд явдаг суралцагчдын томоохон бүлэг байдаг байв. Тэд байршлын хувьд тархмал байсан ч нөхөрлөлийн хувьд нэгдмэл байв. Би өөрийгөө гайхалтай сайн багш байсан гэж хэлэхгүй ч тэр он жилүүдэд хэд хэдэн зүйл сурсан гэж хэлж чадах бөгөөд тэдгээрээс хоёрыг нь та нартай хуваалцахыг хүсэж байна.

Миний мэдэж авсан нэг зарчим бол суралцагчдыг сүнслэг “хоолоор” хооллох явдал юм. Энэхүү хожмын өдрүүдэд амьдарч буй өсвөр үеийнхэнд болон залуучуудад гарч ирэх хүнд хэцүү асуултуудад нь хариулж, гэрээний замаас холдуулж болох дарамт шахалтыг сөрж зогсоход нь туслах сайн мэдээний “хоол” хэрэгтэй. Тэд үүнийг шингээж чадна. Тэдэнд бас энэ хэрэгтэй! Бид зөвхөн хичээлийнхээ материалыг бэлтгэхдээ биш мөн суралцагчдад маань юу хэрэгтэй болохыг ойлгож, дараа нь бэлдсэн зүйлээсээ юуг заахдаа ашиглахаа мэдэхийн төлөө цаг гарган залбирах ёстой. Бид “Өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн”2 хэмээх дуудлагад хариулж чадна. Би хэдэн жишээ хуваалцъя.

Намайг өсвөр насандаа Нэгдсэн Улсын зүүн эрэгт семинарт суудаг байхад тойргийн гишүүд маань газар зүйн хувьд өргөн уудам газар нутагт тархан амьдардаг байсан юм. Манай томоохон ахлах сургуульд эгч нараас маань гадна өөр хоёр сурагч л Сүмийн гишүүн байв. Нийгмийн сөрөг нөлөө асар их байсан юм. Өргөн цар хүрээг хамарсан арьс өнгөөр ялгаварлахын эсрэг бослого, дэлхийн нөгөө өнцөгт өрнөсөн дайн дажин, дайны эсрэг эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн үүний дээр эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхлын зөрчил гээд хуваагдаж талцсан, үймээн самуунтай цаг үе байв. “Чөлөөтэй бэлгийн харилцаанд орох” амьдралын хэв маяг болон марихуана ба оюун ухааныг мансууруулагч хар тамхины чөлөөт хэрэглээ нь хувиа бодох үзлийг дэвэргэж, ёс зүйн хэм хэмжээг уландаа гишгэсэн орчныг бий болгосон юм. Улс төрийн аллага мөн засаг захиргааны үйл ажиллагаа хэрхэн явагдах талаарх асар их ялгаатай үзэл санаа нь хүмүүсийг өөр хоорондоо тэмцэлддэг үзэл бодлын хуаранд талцуулж байлаа. Энэхүү ороо бусгаа цаг үе саран дээр хүн анх хөл тавьснаар эцэс болсон юм.3 Энэ бүхэн өсвөр үеийнхэн, залуучуудын маань байгаа нийгмийн орчинтой аль нэгэн талаараа ижил төстэй сонсогдож байна уу?

Миний хувьд,гэр орон, гэр бүлээсээ гадуур илүү өргөн ертөнцөд нээлт, сонголт хийх цаг үе ахлах сургуулиас эхэлсэн. Би дэлхийн асар олон үзэл санаатай танилцан, бага насанд маань итгэлтэй эцэг эх, Сүмийн удирдагчдынхаа заасан зүйлийн үнэн мөнд эргэлзэж эхэлсэн юм. Семинарын анхны багш маань буурал үстэй, шулуун шударга, Сүмд асар их туршлагатай, сайн мэдээний талаар гүн гүнзгий гэрчлэлтэй Томандэр эгч байв. Тэр биднээс тэр жилдээ Мормоны Номыг бүхэлд нь уншиж, өдөр бүр уншсан зүйлээ ярилцахаар бэлдэж ирэхийг уриалдаг байлаа.

Томандэр эгч сайн мэдээний сургаалыг сайтар тунгаан бодож, сүнслэгээр өдөөн заадаг байсан нь миний гэрчлэлд асар ихээр нөлөөлсөн юм. Тэрээр уншсан шүлгийг маань ойлгомжтой тайлбарлахад сайтар бэлдэж ирдэг, тэдгээр үнэний талаар гэрчилдэг байсан тул Сүм үнэн гэдгийг мэддэгт нь би огтхон ч эргэлздэггүй байсан. Өөрийн мэдрэмжээс хамгийн хүчтэй нөлөөлж чадна гэсэн зүйлээ цаг гарган бэлдэж ирсэн нь илт байдаг байв. Ямар ч тоглоом, үдэшлэг, амттан санаанд маань орж ирдэггүй ч өдөр бүр сүнслэг байдлын хувьд соригдож, урам зориг орж, тэжээгддэг байснаа би санадаг. Хичээл бүр уулга алдаж, алга ташмаар байгаагүй ч тэр суралцагчдын тавьсан асуултуудад тэвчээртэй, урамшуулан зоригжуулж хариулдаг байсан нь өдөр бүр зөв гэдгийг батлан, итгэл найдвар өгдөг байсан юм. Түүний шулуухан урилга, өндөр хүлээлт миний амьдралыг хэмжээлшгүй ихээр өөрчилсөн. Томандэр эгч бол миний хөшигний нөгөө талд очихдоо уулзаж, талархлаа илэрхийлэхийг хүсэж буй хүмүүсийн маань нэг билээ!

Би тэр жилийг семинарын ахлах ангид байсан үетэйгээ харьцуулдаг. Семинарын багш маань хөгжилтэй, нөхөрсөг байсан ч үнэндээ би яг бодит харилцаа холбоо мэдэрдэггүй байлаа. Тэр материалаа маш энгийн хандлагаар заасаар хэдэн долоо хоног өнгөрөв. Суралцагчид түүнийг багш гэж үзэхгүй байгаа нь илт байв. Арай эгчмэд охид арын ширээнд суун хумсаа будаж байхад хөвгүүд нэг нэгнээрээ тоглоом шоглоом хийж, үлдсэн хэсэг нь өөрсдийгөө зугаацуулан нэг нэгэндээ зурвас илгээдэг байв. Хэдийгээр бид түүнийг буцаж ирсэн номлогч учраас сайн мэдээний гэрчлэлтэй гэдэгт нь эргэлздэггүй ч сургаалын талаарх асуултад ихэвчлэн өнгөцхөн, бүрхэг хариулдаг байсан нь мөн хариулж чадна гэдэгт нь итгэлгүй байсан тул сургаалтай холбоотой асуулт түүнээс асуухаа больсон юм. Семинар нь нийгэмшихэд чухал үүрэг гүйцэтгэж байсан ч сүнслэг туршлага өгөхгүй байлаа.

“Хэрэв бүрээ тодорхой бус дуу авиа гаргавал хэн тулалдаанд бэлдэх вэ?”4 гэсэн 1 Коринт дээрх Паулын асуултыг та нар мэдэх байх. Өсөж буй үеийнхний багш нарын хувьд бид “тодорхой дуу авиа гаргавал” зохино. Хуучин Гэрээний үед шофар гэдэг хуцны эврэн бүрээ байсан ба энэ нь энгийн бөгөөд өөр юутай ч андуурахааргүй дуу гаргадаг байж. Үүнийг Их Эзэний хүмүүсийг шүтэн бишрэхээр цугларахад дуудах, ирж буй аюулын талаар сэрэмжлүүлэх, дайны үед зааварчилгаа өгөхөд ашигладаг байжээ. Эрт дээр үед дайн тулааны дуу чимээ, шуугиан нь эмх замбараагүй байдлыг бий болгодог байв. Хэрэв удирдагч нь цэргүүдтэйгээ тодорхой харилцаж чадахгүй бол арми нь ялагдал хүлээх нь гарцаагүй. Иймээс “тодорхой бүрээ” хийсэн байв. Цэрэг бүрд уг дуу чимээг ялган танихыг заадаг байжээ. Ийн үймээн самуунаар хүн бүр давших уу эсвэл ухрах уу, зүүн талаас нь дайрах уу эсвэл баруун талаас нь дайрах уу гэдгээ мэдэх болно.5

Томандэр эгч миний хувьд тэрхүү бүрээ минь байсан юм. Бид асар хурдтай эргэж, өөрчлөгдөж байдаг дэлхийн үнэт зүйлсийн өмнөх тэр бүрээ нь, мөнхийн үнэний талаар батлах итгэл хүлээсэн тэр дуу хоолой нь байх ёстой. Бид суралцагчдадаа үнэнийг хэлж, юу болохыг заахын зэрэгцээ яагаад гэдгийг ойлгоход нь туслах ёстой. Үүнийг бид “эвтэй зөөлөн хийгээд номхон дөлгөөн”6 байдлаар хийж чадна. Хийх ч ёстой. Семинарын нэг багшийн хэлснээр, “Бид бүрээгээ өөр хэн нэгний чихэн дээр чанга үлээдэггүй мөн захиасыг нь яаруу тэвдүүхэн хэлээд байдаггүй. Харин дуудах дуу нь яруу, үнэн зөв, тодорхой байх ёстой.”7 Би семинарын ангидаа зааж байхдаа өсвөр үеийнхэн хөгжилтэй үйл ажиллагаанд дуртай, үеийнхэнтэйгээ харилцан ярилцах нь хэрэгтэй байхаас гадна сайн мэдээний талаарх асуултад “бодит” хариулт авч, сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх практик санаанууд авахыг хүсдэг болохыг мэдэж авсан.

Нэн чухал болохыг нь мэдэж авсан хоёр дахь зарчим маань бол үнэхээр санаа тавин холбогдох явдал юм. Бид хэрхэн суралцагчидтайгаа зохимжтой, үр дүнтэй арга замаар холбогдож болох вэ? Хэлээр нь ярих нь үр дүнд хүргэх нь гарцаагүй. Жишээлбэл, хэрэв би зөвхөн тагалог хэлээр ойлголцдог суралцагчидтай кэчи хэлээр ярих гэж оролдох юм бол хэлэх гэсэн зүйлээ хүргэж чадахгүй байх байсан. Азаар бүх өсвөр үеийнхэн болон залуучуудын ойлголцдог олон улсын Сүнсний, хайрын гэсэн хоёр хэл байдаг.

Эхнийх нь буюу Сүнсний хэлийг үнэнийг эрэлхийлэгч бүх хүн хүлээж авдаг. Ахлагч Жозэф Б.Вөртлин, “Сүмд хэлний бэрхшээл гэж байдаггүй. Зөвхөн үгээр илэрхийлсэн захиасын хүчээс илүү агуу хүч байдаг бөгөөд энэ нь хэл, аялгаас үл хамааран Сүнсээр бидний зүрх сэтгэлд хүргэгддэг захиасын хүч юм. … Энэ нь хөглөгдсөн зүрх бүрд хүрдэг нийтлэг мэдээ хүргэгч юм.”8

Сүнс нь нэг зүрхээс нөгөө зүрхэнд хүргэж харилцдаг. Ром дахь гэгээнтнүүдэд Паулын сануулснаар “Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг.”9 Ариун Сүнсний өдөөлтийг сонсож, дагахыг эрэлхийлснээр бид Сүнсээр дамжуулан суралцагчдадаа ойлгомжтой байдлаар хэрхэн ярих талаар сүнслэг өдөөлтийг хүлээн авах болно. Сайтар бэлдэж, сүнсээр өдөөгдсөн бичээчдийн зохиосон хичээлийн материалыг ашиглах нь зүрх сэтгэл, амь амьдралыг өөрчлөх хамгийн их хүчийг агуулдаг үндсэн сургаалын сууринаас хазайхгүй байхад бидэнд тусалдаг. Хамгийн чухал нь юуг хуваалцах мөн бэлдсэн зүйлээ хэрхэн хуваалцах тал дээр хувийн илчлэлт эрэлхийлэх явдал юм. Сүнсний хэл нь таны хэлснээс хавьгүй их зүйлийг ярьдаг.

Суралцагчидтай холбогдоход тань тусалдаг өөр нэгэн хэл бол хайрын хэл юм. Хайр нь бас л бурханлаг гарал үүсэлтэй тул нэг зүрхээс нөгөө зүрхэнд хүргэж харилцдаг. Аврагчийг өөрийн нүдээр харсан гэрч болох төлөөлөгч Иохан “Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг”10 хэмээх энэ энгийн үнэнийг хуваалцсан. Хүмүүсийн хоорондын харилцаанд ч гэсэн ийм л байдаг. Та нар “Хүмүүс таны тэдний талаар хэр их мэддэгийг биш хэр их халамжилдгийг анхаардаг”11 гэсэн үгийг сонссон л байх. Багшийн хувьд бидний урт хугацаанд үзүүлэх үр нөлөө суралцагчдаа гэх Христийнхтэй адил хайраас шууд хамааралтай.

Та нар “хайрын хэлнүүд”12 гэсэн ойлголтыг сайн мэдэх байх. Эдгээр нь хүмүүст өөрсдийнх нь зан ааш, өмнөх туршлагаас хамааран ойлгомжтой, хүлээн авч болохуйц байдлаар хайрыг илэрхийлэх арга замууд юм. Өөр өөр хүнд хайрын хэлний аль нэгэн төрөл бусдаасаа илүү хүрч болох ч таны бүх суралцагч миний хуваалцах гурван арга замын ядаж нэгээр нь чин сэтгэлээсээ хайрлан халамжилж байгааг тань таньж мэдэх болно.

Хайрын хэлний нэг төрөл бол урмын үгс юм. Эдгээр нь урам зориг, сэтгэлийн дэм өгдөг “Чи чадна,” “Чи үнэхээр сайжирч байна” эсвэл “Сайн ажиллаж байгаад чинь би бахархаж байна” гэсэн үгс юм. Эдгээр үг нь суралцагчдад тэд үнэ цэнтэй, чадвартай гэдгийг нь хэлдэг. Сургаал ба Гэрээн дээр цэдэглэгдсэн Жорж Миллерт хэлсэн Аврагчийн урмын үг бол энэ төрлийн хайрын хэлний нэгэн гайхалтай жишээ юм. Түүнийг “заль мэхгүй” хэмээн дүрсэлснээ Есүс Христ цааш нь “зүрх сэтгэлийнхээ үнэнч шударгын учир тэрээр итгэмжлэгдэж болох бөлгөө; мөн надаас ирэх гэрчлэлд тэрээр хайртайн учир Их Эзэн, бибээр түүнийг хайрладаг бөлгөө”13 хэмээн түүнд хэлсэн. Бидний ихэнх нь энэхүү эхэн үеийн хөрвөгчийн нэрийг санахгүй байж болох ч урмын энэ үгс сэргээгдсэн сайн мэдээний талаарх Жоржийн гэрчлэлээс гадна Аврагчийг гэх түүний хайрыг хэрхэн хүчирхэгжүүлснийг би төсөөлж байна.

Хамгийн хүчтэй үгсийн зарим нь “баярлалаа” болон өөр бусад талархлын үгс юм. Өсвөр үеийнхэн, залуучуудын ажигч гярхай, хайртай багшийн хувьд та суралцагчийнхаа танд болон ангийн бусад гишүүнд зориулж хийдэг энгийн зүйлийг анзаарч эсвэл сургууль, олон нийтэд хийж байгаа зүйлийнх нь талаар сонсож, талархлаа илэрхийлж болно. Суралцагчийнхаа эцэг эхэд хүүхдээс нь олж анзаарсан эерэг зүйлсийг бичсэн зурвас илгээх нь мөн л суралцагчийн ололт амжилт, өөрийнх нь үнэ цэнийг мэдрүүлнэ. Энэ бүх төрлийн урмын үгс нь харилцааг бий болгон, хүчирхэгжүүлж, багш шавийн барилдлагыг бэхжүүлдэг бөгөөд энэ нь эргээд тэдний амьдралд үзүүлдэг Сүнсний нөлөөг сайжруулдаг.

Хайрын хэлний өөр нэгэн төрөл бол үйлчлэл үзүүлэх юм. Өдөр бүр сүнслэг байдлын хувьд сэргээж, гэгээрүүлэх материалыг бэлдэх нь асар том үйлчлэл бөгөөд хайр юм! Таны өгсөн цаг хугацаа, хүчин чармайлтын бэлгийг өсвөр үеийнхэн өдөр бүр тэр болгон олж хардаггүй байж болох ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сүнслэг мэдрэмж нь нэмэгдэж, Томандэр эгчийг ерөөсөн над шиг “[таныг] ерөөнө.”14

Хоёр багш хэрхэн үйлчлэл үзүүлэх замаар өөрсдийн хайрыг үзүүлж байгааг хуваалцъя. Зимбабве дахь семинарын нэгэн багш дэлхийг хамарсан цар тахал болохын өмнөхөн дуудагдсан байна. Суралцагчид өдөр бүр хичээл орохын өмнө цугларахдаа баяртай байсан бөгөөд тэднийг хуваарьтаа дасаж эхэлж байтал цугларах боломжгүй болсон юм. Багш хүнд байдалд орсон байна: ихэнх суралцагч нь гэртээ интернэтгүй тул онлайнаар хичээл орох боломжгүй байлаа. Тиймээс суралцагчдадаа өдөр бүр сүнслэг хоол өгөхийн тулд тэр судраар хичээл боловсруулж, асуултууд бодож олон, мийм (meme), видеонуудыг суралцагчид нь шууд ашиглаж болох WhatsApp гэх олон нийтийн платформоор илгээсэн юм. Хүн хоорондын зайгаа барьж байгаа энэ цаг үед ч гэсэн16 түүний суралцагчид “Бурханы сайн үгээр тэжээгдэж”15 байгаа. Тэд түүний үзүүлдэг энэ үйлчлэлийг хайрынх нь илэрхийлэл гэж хүлээн авч, үүнд нь талархдаг. Тэд өөрсдөд нь төрсөн сүнслэг сэтгэгдлээрээ үүнд нь хариулж, судар дээр суурилсан сүнслэг удирдамж заавар, сэтгэлийн дэмийн хоногийн тунгаа хүртэхийг тэсэн ядан хүлээдэг.

Норвеги дахь нэгэн багшид өөр асуудал тулгарсан. Суралцагчид нь улс даяар тархсан байдаг тул анги нь зөвхөн онлайнаар ордог. Гэхдээ дэлхийн аль ч өнцөгт аялж байсан эсвэл байгаа газарт нь хэдэн цаг болж байгаагаас үл хамааран тэр өглөө эрт ордог ангийнхаа суралцагчдад үнэхээр мэдлэг өгье гэсэн сэтгэл хайраар заахад бэлэн байдаг. Тэр суралцагчдаасаа орон зайн хувьд хол, тэр болгон биечлэн уулздаггүй ч тэдний хүн бүрийн зан ааш, сонирхлынх нь талаар бага ч гэсэн мэдлэгтэй. Тэдний нүүр царайг камераар харсан ч хараагүй ч тэр тэднийг халуун дулаан угтан авч, санал бодлыг нь асуудаг. Тэр суралцагчдадаа мэдэхгүй чадахгүй байна гэдэгтээ айж эмээлгүй асуултаа тавих халуун дулаан орчныг бүрдүүлж өгдөг. Тэр тэднийг баялаг тэжээлтэй сүнслэг хоолоор хооллоод, дээрээс нь сайн мэдээний зарчмуудын талаарх гэрчлэлийг нь байнга сонсох боломж олгож, сүнслэг байдлын хувьд сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүсдэг.17 Та нарын адил эдгээр багш үнэнч үйлчлэлээрээ дамжуулан хайрын хэлээр ярьдаг.

Миний ярих хамгийн сүүлчийн хайрын хэл бол зориулан цаг гаргах явдал юм. Хичээлийн цагийг сүнслэг туршлага дээр төвлөрүүлэн, аль болох үнэ цэнтэй болгох нь дуусдаггүй бэлэг юм. Зүгээр л нэг нийтээрээ тоглох тоглоомд эсвэл гараад явахад нь шалан дээр хөглөрөн үлдэх тараах материалыг нарийн чамин хийхэд хичээлд бэлтгэх ихэнх цагаа зарцуулахын оронд суралцагчдын анхаарлыг хэрхэн Сүнсийг таньж мэдэн, сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэх талаар суралцахад төвлөрүүлэх нь хамгийн их үр ашиг өгөх юм. Асуултын хариуд утга учиртай, сэтгэл шингэсэн хариулт өгөх нь таны хүчин чармайлт хайрыг өөр юутай ч андуурахааргүй мэдрүүлнэ. Тухайн өдөр заавал заах ёстой гэсэн хандлагаар материалаа танилцуулахын оронд суралцагчдын оруулж буй хувь нэмрийг үнэлж, тэдний гаргасан санал, тавьсан асуултуудыг хүндэтгэн сонсож, түүнийгээ баталсан хариулт өгөх нь халамж анхаарал тавьдгийг тань мэдэхэд тэдэнд тусалдаг. Нийтлэг бус асуултад цаг гарган хариулж, бүрэн ойлгогдтол нь энгийн хариултыг өөр байдлаар давтан хэлэхэд бэлэн байх нь сүнслэг болон хувийн өсөлт хөгжилд нь чин сэтгэлээсээ санаа тавьж байгааг, өөрөөр хэлбэл Христийнхтэй адил хайрыг тань харуулдаг.

Нөгөө талаас, Сүмийн Боловсролын Системээс хэвлэн гаргасан чанартай материалуудыг судалж, тэдгээрээс суралцах боломж нь семинарын багшийн хувьд хамгийн агуу адислалуудын маань нэг байсан. Гэхдээ судалгааны маань зорилго хувиараа олж мэдсэн зүйлээ бахдалтай нь аргагүй тайлагнахын тулд биш, суралцагчдадаа хэрэгтэй гэсэн зүйлийг нь өгөхийн тулд бүхий л талаар бэлэн байхад оршиж байсан юм. Та нар семинар, институтэд сайн мэдээг судалж, заах боломжийнхоо ачаар адислагдсан, цаашид ч адислагдах болно. Харин өөрийнхөө биш суралцагчдынхаа боловсрол дээр анхаарлаа төвлөрүүлсний ачаар тэд бүр ч их адислагдах болно.

Өглөөний семинарын ангийн багшийн хувиар та бүхэнд хандан хэлэхэд, гэр бүлийн хэрэгцээ шаардлага, ажил мэргэжил, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа орхигдуулахгүй байхыг хичээх нь хэцүү гэдгийг би ойлгож байна. Өчнөөн үүрэг хариуцлага хүлээсэн та нар маань хичээлдээ хангалттай сайн бэлдэж, сайтар унтаж амрах цаг гаргах хэцүү байдгийг би ойлгож байна. Хэрвээ та гуйж, эрэлхийлж, тогших юм бол Их Эзэн танд туслах болно гэдгийг би гэрчилж байна. Та залбирч, суралцаж, хүлээн авсан сүнслэг удирдамжийнхаа дагуу үйлдсэнээр эрдэнэ мэт суралцагчдаа сайн мэдээний хоолоор хооллох буюу энэхүү хожмын өдрүүдэд болохыг хүсэж байгаа, болох ч ёстой тэрхүү удирдагч, эцэг, эх болоход тэдэнд хэрэгтэй сүнслэг хоол хүнсийг өгч чадна. Та Сүнсний болон хайрын хэлээр дамжуулан үнэнийг зааж чадна. Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тэднийг гэх хайрыг урмын үгс, хийсэн үйлчлэлээрээ мөн эрэлхийлж буй асуултыг нь сонсож, хариулахад зарцуулсан цаг хугацаагаараа дамжуулан чин сэтгэлээсээ санаа тавьж байгаагаар харуулан холбогдож чадна.

Та бүхэн цаашид ч өсөж буй үеийнхэнд үнэнийг зааж, Есүс Христийн сайн мэдээний талаарх гэрчлэлийг нь хөгжүүлэх арга замаар хайрыг өгөх болтугай. Та бүхэн энэхүү хожмын өдрүүдэд Израилыг цуглуулахдаа бурханлаг чадавхаа гүйцэлдүүлэхэд нь тэднийг бэлтгэхийг эрэлхийлэх болтугай хэмээн би үнэн сэтгэлээсээ залбирахын зэрэгцээ Есүс Христийн нэрээр уриалж байна.