Өсвөр үеийнхэн болон залуучуудад заах нь
Шашныг өсвөр үе, залуучуудад заах нь - Хэлэлцүүлэг


Шашныг өсвөр үе, залуучуудад заах нь - Хэлэлцүүлэг

Ярилцлагын хоёр дахь хэсэг – Ерөнхийлөгч Өүкс, Чад Вэбб, Адам Смит нар

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: Вэбб ах аа, тантай хамт байгаадаа баяртай байна. Смит ах аа. Үргэлжлүүлцгээе.

Чад Вэбб ах: За, баярлалаа. Өнөөдөр та нартай хамт байгаадаа бид үнэхээр баяртай байна. Бас гайхалтай захиас хуваалцсанд баярлалаа. Үнэндээ таны зөвлөгөөг сонсоод бидэнд ярилцмаар хэд хэдэн асуулт төрлөө. Та суралцагчдаа хайрлах хайрын талаар ярьсан болохоор суралцагчдаа хайрлахын нэг хэсэг бол тэдэнд сайн мэдээг зааж, хамгийн үнэ цэнтэй зүйлсийг ойлгоход нь туслах явдал юм гэдэг талаар яриагаа эхлүүлье. Зааж болох өөр өөр зүйлүүд дундаас суралцагчдадаа хамгийн үнэ цэнтэй болох зүйлсийг тодорхойлж байгаа гэдгээ бид хэрхэн бататгаж болох вэ?

Ерөнхийлөгч Өүкс: Манай Сүмийн боловсорлын системийг онцгой болгодог зүйл бол зөвхөн судлахаар бус, мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэх бидний судрын үүрэг хариуцлага юм.

Адам Смит ах: Бидний суралцагчдадаа зааж болох хамгийн үнэ цэнтэй зүйлсийн талаар бодох үед ерөнхийлөгч Айрингийн заасан зүйл намайг удирдан чиглүүлдэг. Үүнийг би одоо хуваалцмаар байна. Ерөнхийлөгч Айринг “судрын энэ хэсгийг заахдаа онцлон ярих бүх үнэн суралцагчдыг маань Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрт ойртуулж, аврал өөд хөтлөх үү?” гэж асуусан. Цааш нь ерөнхийлөгч Айринг “Та хичээл заахаар бэлдэхдээ хөрвүүлэх зарчмуудыг нь хайгаарай. … Хөрвүүлэх зарчим нь Бурханы хүслийг дуулгавартай дагахад чиглүүлдэг зарчим юм”1 гэж хэлсэн. Ерөнхийлөгч Айрингийн энэхүү гайхалтай сургаалаас миний суралцдаг зүйл бол суралцагчдад маань хамгийн агуу үнэ цэнтэй болох зүйлүүд тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хувийн болоод гүн гүнзгий арга замаар холбодогт оршино. Бид суралцагчдадаа сайн мэдээний үнэнийг, ялангуяа Есүс Христ, Түүний Цагаатгал, Амилалтын бодит байдлын талаарх үнэнийг мэдэрч, ойлгоход нь туслах мөн Есүс Христэд биднийг эдгээх, туслах, тайтгаруулах, ариусгах хүч байдаг гэдгийг тодорхой арга замаар мэдрэхэд нь туслах зүйлсийг заах хэрэгтэй. Миний бодлоор эдгээр нь бидний анхаарвал зохих хамгийн чухал зүйлс юм.

Ерөнхийлөгч Өүкс: Хүчирхэг бөгөөд үнэн зүйл.

Вэбб ах: Баярлалаа. Энэ нь тэд итгэлээр үйлдэж; тэдний суралцаж, амьдарч байгаа зүйлс үнэхээр Тэнгэрлэг Эцэгээс ирдэг гэх баталгааг Ариун Сүнснээс хүлээн авч, итгэлээр суралцахыг баттай болгох санаатай маш сайн холбогддог. Тиймээс танд баярлалаа. Ерөнхийлөгч өө, та бидний хичээлд Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэдгийг дурдсан. Тиймээс танаас Ариун Сүнсний тухай, ангид үзүүлэх Түүний нөлөө, гүйцэтгэх үүргийн талаар ямар нэмэлт үнэнийг бидэнтэй хуваалцмаар байгаа тухай асуумаар байна.

Ерөнхийлөгч Өүкс: Ариун Сүнсний өдөөлтүүдийн түлхүүр нь ариун ёслолоос хүртэхэд оршдог гэж би боддог. Учир нь бидний байгуулдаг гэрээнд ариун ёслолоос хүртэх үедээ бид “Түүний Сүнсийг үргэлж [өөрсөдтэйгөө] хамт байлгах болно” гэсэн амлалт байдаг. Энэ бол үндсэн зарчим.

Вэбб ах: Таны хэлсэн зүйл надад маш их таалагдлаа. Залуухан багш байх үедээ Ариун Сүнсний урилгыг удирддаг зарчмуудыг судлахаар олон сарыг зарцуулж байсан үе маань надад санагдлаа. Бид бүгдээрээ үүнийг үргэлжлүүлэн судлах ёстой гэдэг нь үнэхээр чухал боломж гэж би боддог. Гэхдээ миний олж мэдсэн цорын ганц, хамгийн чухал зүйл бол, хэрэв бид үргэлж Түүнийг санавал Түүний сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах болно гэж ариун ёслолын залбиралд гардаг бас таны дөнгөж сая хэлсэн тэр зүйл юм. Энэ нь зөвхөн ариун ёслолын үеэр ч юм уу зөвхөн ням гарагт ч бус, ангиудад маань ч бас үргэлж байх зүйл юм. Бид сайн мэдээний дагуу хэрхэн амьдрах жишээ болгон Түүнийг санаж, Түүний хүч, сургаалыг ойртуулахдаа Аврагч дээр төвлөрөх юм бол суралцах туршлагадаа Ариун Сүнсийг урьж оролцуулдаг. Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг болон Түүний төлөвлөгөөний гол цөм болох Есүс Христийн талаар гэрчлэх нь Ариун Сүнсний үндсэн хариуцлага эсвэл үүрэг гэж би боддог. Тиймээс, хэрэв бид ангидаа Ариун Сүнсийг урихыг хүсвэл, Түүний гэрчилж буй зүйлд анхаарах хэрэгтэй. Тийм болохоор надад таалагдлаа. Танд баярлалаа.

Ерөнхийлөгч Өүкс: Мөн ерөнхийлөгч Нэлсон энэ үгний өнөөгийн ач холбогдлыг ийнхүү баталсан. Тэрээр “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулж, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” хэмээн хэлсэн.2

Вэбб ах Баярлалаа. Саяын хуваалцсан бүх зүйлд талархаж байна. Энэ нь дараах асуулт тавих санааг төрүүлж байна. Багш нар Ариун Сүнсийг урьж болох арга замуудыг хэрхэн эрэмбэлэх талаар бид бага зэрэг ярилцлаа. Бид суралцагчдадаа амьдралд нь хамгийн чухал болох зүйлсийг эрэмбэлэхэд хэрхэн тусалж чадах вэ?

Ерөнхийлөгч Өүкс: Би өнөө үед энэ талаар бодохдоо, бидэнд болоод суралцагчдад маань хүрээлэн буй дэлхийн нөлөөлөл маш их байгаа үед дэлхийнхний үнэлдэг аливаа зүйлс буюу дэлхийн зүйлс түр зуурынх гэдгийг бид санах хэрэгтэй гэж боддог. Заримдаа тэдгээр нь энэ амьдралын зорилго, мөнхийн хувь заяаныхаа талаар суралцахад шаардлагатай зарчмуудыг бодвол ач холбогдол багатай байдаг. Смит ах аа, та юу нэмж хэлмээр байна вэ?

Адам Н.Смит ах: Ерөнхийлөгч Өүкс, таныг энэ талаар зааж байх үед Гетсеманид очихоосоо өмнө Аврагчийн ариун залбиралдаа хэлсэн “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн”3 хэмээх судар санаанд орлоо. Хэрэв бид цагаа хаана өнгөрүүлэх, анхаарлаа юунд хандуулахаа шийдэх хэрэгтэй гэдгийг ойлгоход нь суралцагчдадаа тусалбал, энэ нь тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэн, хайрлахад тус болох болов уу гэж би бодож байна. Ерөнхийлөгч Өүкс, таны саяхны Ерөнхий чуулган дээр заасан зүйлтэй буюу “Энэ нь хаашаа хөтлөх вэ?” гэсэн асуулттай холбож өгөх нэг бодол надад төрж байна. “Энэ нь намайг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход хөтөлж байна уу? Энэ нь намайг өөрийн бурханлаг шинж чанар, зорилгыг биелүүлэхэд удирдан чиглүүлж байна уу?” гэсэн утгаар уг асуултыг бодсон юм. Миний бодлоор, энэ нь бид бүгдийг хүчирхэг шүүлтүүрээр хангадаг. Цагаа хаана өнгөрүүлэх, юунд анхаарлаа хандуулах, юу үзэж, сонсож, харах өөрсдийн сонголт дахь энэ шүүлтүүрийг ойлгоход нь бид суралцагчдадаа тусалж чадна. Тэд өөрсдөө шийдвэр гаргах ёстой. Харин бид тэднийг өөрсдөөсөө “Энэ нь юунд хүргэх вэ, намайг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойртоход хөтөлж байна уу?” гэж асуухад нь тусалж чадна.

Ерөнхийлөгч Өүкс: Хэрэв бүх суралцагч маань уг зарчмыг ойлговол энэ нь үнэхээр чухал, ач холбогдолтой байх болно.

Вэбб ах: Багш нарын хувьд үүнийг онцолж, үүний үнэнийг төдийгүй өөрсдийнх нь амьдралд уг зарчмууд ямар ач холбогдолтой болохыг батлах Ариун Сүнсийг урихын тулд тэдгээрийг гэрчлэх нь чухал. Боломжтой бол хамааралтай байдлын талаар нэг санааг нэмж хэлмээр байна. Өөрсдийн амьдрал дахь тэдгээр зарчмын хамааралтай байдлыг олж мэдэхэд нь суралцагчдад туслах, бидний хийж чадах бүх зүйлийн талаар би бодож байна. Заримдаа бид эдгээр зүйлийг тэдний цаг завыг нь авч, анхаарлыг нь татах гэж тэмцэлдэж буй талаас нь ярьдаг юм шиг санагддаг. Заримдаа бид хамгийн үнэ цэнтэй зүйлсийг хамгийн түрүүнд тавих ёстой байдаг. Гэхдээ бид сайн мэдээ өдөр тутмынх нь амьдралд ямар үүрэг гүйцэтгэдгийг олж харахад тэдэнд тусалж болно гэж би бодож байна. Жишээлбэл, оюутан байхдаа би Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахиж, хичээлээ давтахаасаа өмнө судраас судалбал хавьгүй дээр, мөн “Би сүнслэг зүйлд цагаа зарцуулна, бас шашнаас гадуурх хичээлд цаг гаргана” гэж хооронд нь ялган салгах гэж оролдох шаардлагагүй гэдгийг сурсан. Гэхдээ амьдралынхаа бүх тал дээр Тэнгэрлэг Эцэгийг оролцуулахад буюу Түүний Сүнсийг өөртөө туслуулахаар урих үед, улмаар суралцагчдын маань амьдралдаа хийж бүтээх гэж хичээж буй зүйлсэд, тэр дундаа бүр материаллаг шинжтэй зүйлсэд хүртэл сайн мэдээний холбоо хамаарлыг тэд олж хардаг. Ингэснээр тэдний цаг завыг авах гэж тэмцэлдэх шаардлагагүй болж, тэд өөрсдөө цагаа зарцуулдаг болно.

Ерөнхийлөгч Өүкс: Их Эзэн бидэнд материаллаг шинжтэй зарлиг хэзээ ч өгч байгаагүй гэж заасныг бид санадаг. Түүний зарлиг, удирдамж бүгд сүнслэг.

Адам Н.Смит ах: Таныг энэ талаар дурдах үед, ядахдаа семинарын суралцагчдад маань Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр байдаг шүү гэсэн бодол орж ирсэн. Энэ бол сайн мэдээг хамааралтай болгож, амьдралынхаа ямар ч тал дээр Аврагчтай илүү адилхан болохоор хичээхэд туслах, сайн мэдээг хэрэгжүүлэх бодит зорилгуудыг тавих хүчирхэг арга зам юм.

Ерөнхийлөгч Өүкс: Яг үнэн. Одоо би шашны мэргэжлийн хоёр багшаас асуумаар байна. Ах нар аа, та нар болон та нарын хамтран ажиллагсад бид бүгдийн туулж байгаа энэ цар тахлын үеэр Есүс Христийн сайн мэдээг заах талаар юу сурсан бэ?

Адам Н.Смит ах: Юуны түрүүнд бидний сурч мэдсэн зүйл гэвэл, багш нар маань ямар гайхамшигтай болохыг мөн тэд Бурханыг болон суралцагчдаа үнэхээр хайрладаг, хийх ёстой зүйлээ давуулан биелүүлдэг гэдгийг бидэнд сануулсан явдал байсан бөгөөд бид үүнд гүнээ талархаж байна. Цар тахал сайн мэдээн дэх тохинууллын бүрэлдэхүүн хэсгийг онцолсон гэж би бодож байгаа. Миний бодлоор бид суралцагчдаа сонсож, тэдний хэрэгцээ, чадварыг тодорхойлж, хангаж мөн хаана байгаагаар нь хайрлаж, тэднийг Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй ойртоход туслах бүтээлч арга замуудыг олоход ахиц гаргаж байгаа. Мөн цар тахлын олон олон бэрхшээлтэй энэ цаг үед Бурханыг болон суралцагчдаа хайрлаж, хамгийн сайнаараа хийхийг үнэхээр хичээдэг багш нарыг бурханлаг тусламж дэмжиж байгааг бид харсан.

Вэбб ах: Үнэхээр сайхан хэллээ. Би та нарт баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна. Нүүр нүүрээ харж заах гэж хичээж байгаа, бас онлайнаар заахад суралцаж буй багш нар байгааг та нар мэднэ. Амны хаалт зүүх нь тэдэнд заримдаа тав тухгүй байдаг. Тэд заримдаа өөрсдийгөө эрсдэлд оруулж, суралцагчдаа болон Тэнгэрлэг Эцэгийг хайрлах агуу хайр, амлалттайгаар үүнийгээ хийдэг. Энэ хүнд хэцүү үед ийн үйлдэхийн тулд гаргадаг бүхий л золиос, хүчин чармайлтад тань талархаж байгаагаа би хэлмээр байна.

Ерөнхийлөгч Өүкс: Би Тэргүүн Зөвлөлийн өмнөөс хэлсэн зүйлд тань талархлаа илэрхийлэн, нэгдэж байна. Их сургууль, коллежийн шашны хичээлийн семинар, институт заадаг ах, эгч нарт бид хайртай.

Вэбб ах: Баярлалаа, энэ бол бидэнд тун утга учиртай юм шүү. Таны өөр газарт зааж байсан зарим зүйлээс улбаалан би танаас өөр нэг зүйл асуух гээд тэсэн ядан хүлээж байлаа. Яагаад дүрэм журам бус, зарчмуудыг заах нь чухал вэ?

Ерөнхийлөгч Өүкс: Энэ асуултыг тавьсанд чинь баяртай байна. Энэ бол миний дуртай асуулт. Church News буюу Сүмийн мэдээний онцлох буланд манай Ням гаргийн ангийн ерөнхийлөгч асан Тад Р.Каллистэр энэ сэдвийн талаар ийн хэлсэн байдаг. “Нэгдүгээрт, дүрмүүд нь ихэнхдээ тодорхой эсвэл цөөн хэдэн нөхцөл байдлаар хязгаарлагддаг бол зарчмууд ерөнхийдөө илүү өргөн цар хүрээтэй байдаг. Хоёрдугаарт, зарчмууд сонгох эрх чөлөөг нэмэгдүүлэх орчинг бий болгодог байхад дүрмүүд сонгох эрх чөлөөг хязгаарлаж, заримдаа бүр сонголтыг албаддаг.” Аврагч дүрэмд суурилсан Мосегийн хуулийг зарчимд суурилсан илүү өндөр түвшний Христийн хуулиар сольсон гэдгийг нэмж хэлмээр байна. Каллистэр ах дараах байдлаар уг зарчмыг дүрсэлсэн. Тэрээр “Зарчмууд илүү өндөр түвшний хуультай нийцдэг бол дүрмүүд нь доогуур түвшнийхтэй нийцдэг. Бид сургаалын зарчмуудыг заахад байнга анхаарах ёстой. Яагаад гэж үү? Учир нь зарчмууд биднийг селестиел өндөрлөг өөд өргөх хамгийн агуу чадамжтай бөгөөд эцэст нь дүрмүүд бус, зарчмууд тэнгэрийн хаант улсад захирах болно.”4 Эшлэл энд төгсөж байна.

Вэбб ах: Үнэхээр их баярлалаа. Үүний бас нэг ач тус бий. Саяхан хэдэн багштай уулзан ярилцаж байхад, хичээл дээр суралцагчдыг илүү ихийг асууж, юмсыг өөр өөрөөр ойлгож, өөр өнцгөөс харах тусам багш нарынх нь хэлснээр тэдний дунд илүү их “маргаан” үүсэж байсан гэж надад хэлсэн. Таны заасан зүйл надад маш их таалагдлаа. Учир нь энэ нь надад уг яриаг эргэн сануулсан бөгөөд сайн мэдээний зарчмыг заахын хэрээр өөрсдийн нөхцөл байдалд хэрэгжүүлэх талаар мэтгэлцэхэд өдөөж буй хэрэгжүүлэлтийн талаар заахгүй байх нь энэхүү асуудалд хандах нэг арга барил юм гэдгийг ойлгоход надад тусалсан. Тэгэхээр авралын төлөвлөгөө, Христийн сургаал, сайн мэдээний зарчмууд зэргийг зааж, Ариун Сүнсний тусламжтайгаар хувьдаа хэрэгжүүлэх боломж олгох нь чухал юм.

Ерөнхийлөгч Өүкс: Сайхан хэллээ.

Вэбб ах: Энэ бол үнэхээр бодитой бөгөөд бидний хийх гэж хичээж байгаа зүйлд тустай гэж бодож байна. Ерөнхийлөгч өө, Танд баярлалаа. Смит ах аа, та нэмж юм хэлэх үү?

Адам Н.Смит ах: Таны онцолсон зүйлтэй ойролцоо гэж бодож байна, Вэбб ах аа. Бас хэрхэн хэрэгжүүлэхийг заахын оронд зарчмыг заах замаар бид суралцагчийг сурах үйл явцад, өөрийн өсөлтийн үйл явцад төлөөлөгчөөр оролцоход урьдаг. Тэд зарчмыг хүлээн аваад, хувийн илчлэлт эрэлхийлж, өөрөө судлан, хувийн нөхцөл байдалдаа тухайн зарчмыг хэрэгжүүлэх хамгийн сайн алхмыг тодорхойлж чаддаг.

Вэбб ах: Баярлалаа. Тэгэхээр үүнийг дагалдан, “Дэлхий дээрх энэ бүх нөлөө, дуу хоолой байхад бид нийгэм дэх олон нөлөөг удирдахад нь суралцагчдадаа хэрхэн туслах вэ?” гэсэн асуулт гарч ирж байна.

Ерөнхийлөгч Өүкс: Судруудад өгүүлсэнчлэн, чөтгөр бол “эхлэлээс худалч асан”5 худал хуурмагийн Эцэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Түүний худал хуурмагийг хамгийн ухаалаг байдлаар хүргэх арга бол үнэнтэй хольж хутгах явдал юм. Тэгж хольсон үнэн, худлаараа сайн хүмүүсийн эрэл хайгуулыг өөртөө татаж, нөлөөлдөг. Тиймээс юу үнэн, юу худал болохыг сэрэмжлүүлэгч Ариун Сүнсний заадаг зүйлс мөнх бус амьдралдаа бидний сурахаар хичээж чадах хамгийн үнэ цэнтэй зүйлсийн дунд багтдаг.

Адам Н.Смит ах: Үүнтэй адилаар үнэн, худал сүлэлдсэн энэ байдалд дайсан үнэнийг мөнхийн агуулга, Бурханы төлөвлөгөөн дэх байр сууринаас нь арилгадаг. Энэ нь үнэнийг буруу ашиглах эсвэл буруу ойлгох магадлалыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, хэдхэн минутын өмнө ерөнхийлөгч Өүкс та бидэнд хайрын зарчим, үүний Бурханы төлөвлөгөөнд эзлэх байр суурийн талаар буюу Бурханыг болон хөршөө хайрлахын ач холбогдлыг, тухайлбал хайр бол бүх бэлгээс хамгийн агуу нь болох мөнх амьдралд биднийг бэлтгэх Тэнгэрлэг Эцэгийн хүслийг өдөөгч хүч гэсэн үнэхээр сайхан зүйлийг зааж өгсөн. Амин хувиа хичээлгүйгээр бусдыг хайрлаж, үйлчлэхэд биднийг өдөөдөг зүйл бол бидний Бурханыг хайрлах хайр юм. Дайсныг хайрын зарчмыг тухайн нөхцөл байдлаас амжилттай салгах үед энэ нь амархан гажууддаг. Хайрыг буруу ойлгосон хүн буруу шалтгааныг дэмжиж магадгүй юм. Тэд бүр Бурханы хуулиудын эсрэг, Түүний бошиглогчдын эсрэг байр сууринд байж болох юм, учир нь үнэнийг мөнхийн агуулгаас нь салгах нь хуурамч эсвэл далдлагдсан ойлголтод хүргэж болзошгүй. Дайсан үүнийг олон зарчим дээр хэрэгжүүлдэг.

Ерөнхийлөгч Өүкс: Бид үүний нотолгоог эргэн тойрон дахь дэлхийгээс олж хардаггүй гэж үү? Вэбб ах аа, багшийн хувьд та нар Сүмийн түүхийн ээдрээтэй сэдэв, ЛГБТ-тэй холбоотой асуудал, тахал өвчинтэй холбогдуулан гаргасан засгийн газрын хяналт удирдамжтай хэрхэн зохицон амьдрах зэрэг суралцагчдын тань санааг зовоосон асуултуудад хэрхэн хамгийн зөв байдлаар хандаж байгаа вэ? Асуух зүйл мундахгүй их гарна. Шашны ангийн агуулгадаа тохируулан тэдгээр асуултад хэрхэн зохимжтой байдлаар ханддаг вэ?

Вэбб ах: Үнэхээр сайхан асуулт байна. Энэ асуудал багш нарт байнга тулгардаг. Эхлээд би төлөөлөгч Паул бидэнд үнэнийг хайраар зааж, ярихыг зааварчилсан нь надад үнэхээр таалагддаг гэж хэлмээр байна. Мэдээж бид сайн мэдээг заах хэрэгтэй. Бид судруудаас болон өнөө үеийн бошиглогчдын сургаалыг заах хэрэгтэй. Бид үнэнийг заах хэрэгтэй. Үнэн бус зүйлийг заах нь хэнд ч таалагдахгүй бөгөөд аз жаргалд хүргэдэггүй. Гэхдээ нөгөөтээгүүр, таны өнөө орой дахин дурдсанчлан, Тэр үүнийг хайрын үндсэнд хий гэж хэлсэн нь миний бодлоор үнэхээр чухал зүйл юм. Харилцаанаас эхлэх нь чухал гэж би бодож байна. Суралцагчдын хувьд суралцах нь харилцаанаас ихээхэн хамааралтай болохыг бидэнд тодорхой харуулсан, маш олон судалгаа хийгдсэн байдаг. Миний хувьд тэрхүү харилцаа нь суралцагчдаа болон тэдний нөхцөл байдлыг ойлгон таньж, хэрэгцээг нь ойлгохыг хичээдэг өрөвч сэтгэлтэй, сонсох хүсэлтэй багшаас эхэлдэг гэж боддог. Бид бие биедээ хэрэгтэй, мөн нэг нэгнийхээ туршлагаас суралцаж, ашигладаг бөгөөд хүн бүрд хувь нэмэр оруулах, үнэт зүйл байдаг гэдгийг ойлгох нь чухал гэж би бодож байна. Энэ асуултын талаар хэлэх юм зөндөө байна. Их сайхан асуулт байна. Гэхдээ миний хувьд үнэнийг хайраар ярих нь хүмүүст итгэж найдан, хамтдаа суралцаж, Ариун Сүнсийг туршлагадаа урихад тусалдаг харилцаа гэсэн утгатай.

Ерөнхийлөгч Өүкс: Таны харилцааны талаар хэлсэн зүйл надад саяхны БЯИС-ийн Эмэгтэйчүүдийн чуулган дээр Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Стивэн Ж.Ландын хэлсэн гайхалтай үгийг санагдууллаа. Тэрээр харилцааг урам зориг өгөх нөлөө гэж тайлбарласан бөгөөд бид үлгэрлэн дуурайж болох зөвлөгчийг эрж хайж буй хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлж чадна гэж хэлсэн. Тэрээр хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхний оюун санааны хөгжил эцэг эх, үе тэнгийнхэн, багш нартайгаа харьцах харилцааны чанараас ихээхэн хамааралтай болохыг судлаачид тогтоосон болохыг хэлсэн. Удирдагчидтай харилцах харилцаа нь удирдагчдаа болон бусад гэгээнтнүүдийг хайрлаж хүндэлж сурдаг семинар, ням гаргийн анги болон чуулгын ангиудад хамгийн сайн хөгжсөн байдаг.6 Эшлэл энд төгсөж байна. Энэ бүхэн нь багш нар суралцагчдаа хайрлаж, тэдэнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг гайхалтайгаар баталж өгсөн гэж би дүгнэж байна. Ийм арга замаар үүссэн итгэлцэл сэтгэлийг нь зовоож буй асуултдаа өөрсдөө хариулахад тэднийг хүчирхэгжүүлэн зөвлөгч нөлөө байх болно.

Вэбб ах: Баярлалаа. Тийм ээ, энэ бол харилцаа үүсгэхийг, тухайлбал бидний гүйцэлдүүлэхийг хүсэж байгаа зүйлийн гол хүчин зүйл гэж би бодож байна. Саяхан таны бидэнтэй хуваалцсан зүйлээс бид бусад харилцааг бэхжүүлэхэд туслах зарим зүйлийг семинартаа явуулж болно. Та өсвөр үеийнхний хөгжлийн хөтөлбөрийн талаар дурдсан. Бид тэдгээрийг өсвөр үеийнхний удирдагч, бишоп, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид руу нь чиглүүлж өгч болно. Бид гэр бүлийн талаар ярих арга барилаараа тэдний эцэг эхтэйгээ харилцах харилцааг хүчирхэгжүүлж, тэднийг эцэг эхдээ ханддаг болоход нь тусалж чадна. Тэдэнтэй холбоо тогтоогоод зогсохгүй, тэднийг зөв тийш чиглүүлэх хүмүүстэй харилцах харилцааг нь хүчирхэгжүүлэх нь маш чухал. Үүнийг хуваалцсанд баярлалаа. Тэгэхээр бид эдгээр үндсэн суурь болох зүйлийг залуусыг гомдоохгүй, сайн мэдээнээс холдуулах юм уу орхиход хүргэхээргүй арга замаар хэрхэн заах талаар дахиад жаахан ярилцаж болох юм гэж бодлоо. Үнэндээ би толгойдоо байгаа асуултаа жаахан богинохон жишээ болгож хуваалцаж чадвал шүү дээ. Дахин хэлэхэд, өнгөрсөн долоо хоногт нэг багш над руу залгаад, гэр бүлийн тухай болон гэр бүлийн ач холбогдлын талаар зарим нэг зарчим заасны улмаас эцэг эх нь охиноо семинарт суухыг нь болиулах гэж ирсэн гэдгийг хэлсэн. Энэ эцэг эх өөрсдийн гэр бүл болон нөхцөл байдлаас болж гомдож, авралын төлөвлөгөөнд дэх гэр бүлийн гол үүргийг хүртэл хүүхдэдээ заалгахыг хүсээгүй. Тэр багш суралцагчаа алдсандаа туйлын их харамсаж, “Би үнэнийг хэрхэн заах вэ? Бид хүмүүсийг холдуулмааргүй байгаа ч суралцагчдадаа сайн мэдээг цэвэр ариунаар нь заах ёстой дэлхийд би үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?” гэж асуусан.

Ерөнхийлөгч Өүкс: Гайхалтай жишээ байна. Смит ах аа, энэ сэдвээр та юу хэлмээр байна даа?

Адам Н.Смит ах: Тэгэхээр, би бидний дөнгөж сая ярилцсан харилцааны талаар дахиад бодлоо. Гэхдээ багшдаа итгэдэг, багшийнхаа хайрыг мэдэрдэг суралцагч зүрх сэтгэлээ нээнэ гэж би боддог. Хэрэв бид суралцагчийн бодит байдлын талаар бус, хийсвэр зүйлийг зааж өгвөл заримдаа хамгаалалтын хана босдог. Харин суралцагч багшаа хайрлаж, итгэх юм бол тэрхүү хамгаалалтын ханыг хайлуулдаг. Тэгэхээр дахиад л энэ нь маш чухал. Суралцагчидтайгаа харилцаа үүсгэхийн тулд өмнөх асуултын тайлбарыг би онцолмоор байна.

Ерөнхийлөгч Өүкс: Яг үнэн. Суралцагчаас болон тэдний эцэг эхээс эсвэл нийгэм дэх бусад хүнээс бидний өмнө тавьсан бүх зүйлтэй санал нийлэх үүрэггүй гэдгээ ойлгох нь бидэнд маш чухал гэж бодож байна. Бид үзэл бодлын зах зээл дээрх бүх итгэл үнэмшлийг батлах бизнес эрхэлдэггүй. Бид үнэнийг хуваалцах үүрэгтэй. Гэхдээ ийн гүйцэтгэхдээ бид хөршөө хайрлах талаар Аврагчийн бидэнд өгсөн үүрэг хариуцлагаас хэзээ ч ухрах ёсгүй. Бид хэн нэгэнтэй сөргөлдөхгүйн тулд бүх зүйлийг хайрын үндсэнд хийх ёстой ч сургаалаа заахад сургаал маань буруу ташаа итгэл үнэмшилтэй сөргөлддөг. Бригам Янг хувь хүнийхээ хувьд нэлээн сөргөлддөг байсан бөгөөд түүний ялгааг нь маш сайн гаргаж тайлбарласан үгсээс буюу сургаалаас нь би саяхан уншсан. Түүний хэлсэн үгсээс эш татъя. “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс миний итгэдэг зүйлд итгэдэг эсвэл итгэдэггүй байхаас үл хамааран хувь хүмүүсийн талаарх миний мэдрэмж хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй. Та надтай хөрш болоод амьдарч чадах уу? Би таны хөрш байж чадна. Та надтай адил зүйлд итгэж байна уу, үгүй юу гэдэг бол миний санааг огт зовоохгүй.”7 Бригам Янгийн хэлсэн үгсээс авсан эшлэл энд төгсөж байна. Үүнийг бид санал нийлдэггүй хүмүүсээ хайрлаж амьдарч чадна гэсэн ийм ил тод мэдэгдэл бүхий урьдаас таамаглаагүй эх сурвалж гэж би бодсон.

Вэбб ах: Энэ нь багш нарын маань хувьд үнэхээр цаг үеэ олсон зүйл байна. Өнөө үед Аврагчийн дагалдагчийн хамгийн чухал шинж чанаруудын нэг бол санал зөрөлдсөн ч хүмүүсийг үргэлжлүүлэн хайрлаж, итгэл үнэмшлийн талаар санал зөрөлддөг хүмүүстэй харилцахдаа чин сэтгэлээсээ ханддаг байх боломжтой гэж би бодож байна.

Ерөнхийлөгч Өүкс: Үүний бас нэг хэсэг бол бидний хайрлаж, хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг, тэр ч байтугай зүгээр л холбоо харилцаатай байдаг хүмүүсийг хүлээн зөвшөөрч байгаа маань тэднийг сайшааж буй хэрэг гэж ойлгогдохгүй байхад анхаарах хэрэгтэй. Энэ бол хийхэд маш хэцүү зүйл юм. Бид улс төр, нийгмийн харилцааны ертөнцөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг олон өөр эх сурвалжаас олж хардаг. Үүнд холбогдсон хүмүүсийг бид хайрласаар байдаг болохоор хүмүүс биднийг тэдний ямар нэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн гэж боддог.

Вэбб ах: Энэ үнэхээр бүгдийг холбохгүй байна гэж үү? Энэ нь буцаад л харилцаа руу, сонсох, ойлгох руу хөтөлж байна. Бас зарчмыг заах руу буцаад хөтөлж байна. Авралын төлөвлөгөө, Христийн сургаал, тэдгээрийн холбоо, таны дүрсэлсэн тэр нарийн шугамаар алхах зэрэгт үндэслэн, бид хийдэг зүйлдээ яагаад итгэдэг талаарх анхны сэдэв рүү аваачиж байна.

Ерөнхийлөгч Өүкс: Энэ нь бас Бурханыг хайрлах анхны бөгөөд агуу зарлигтай эргээд холбогдож байгаа гэж би боддог ба Аврагч “хэрэв чи надад хайртай бол миний зарлигуудыг сахь”8 гэж заасан. Хоёр дахь зарлиг бол хөршөө хайрлах явдал юм. Хөршөө хайрлана гэдэг нь бид Бурханыг эхлээд хайрлахгүй, Түүний зарлигуудыг нэгд тавихгүй байна гэсэн үг биш юм.

Вэбб ах: Баярлалаа.

Адам Н.Смит ах: Үнэнийг хайраар хэлж, Христийн сургаалыг зоригтой хамгаалдаг, мөн суралцагчдаа хайрладаг учраас суралцагчид нь аюулгүй байдлыг мэдэрдэг тийм нэгэн багшийн болон багшдаа итгэж, хайрладаг суралцагчийн дүр зургийг би төсөөлж байна. Магадгүй Христийн сургаалын нэг бүрэлдэхүүн хэсэгтэй, өөрөөр хэлбэл сайн мэдээний нэг зарчимтай санал нийлдэггүй суралцагч байдаг ч хичээлдээ ирсээр л байдаг. Тэд өөрсдийгөө аюулгүй гэдгээ мэдэрч, уг орчинд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж чадна гэж мэдэрдэг учраас институт эсвэл семинартаа ирсээр байх болно. Тиймээс бидний яриад байгаа энэ тэнцвэрийг барих нь үнэнийг зоригтой хамгаалж; анги, семинар эсвэл институт нь суралцагчийн хувьд аюулгүй газар байж болохын тулд, үнэнтэй санал нийлэхгүй байж болох хүмүүсийг хайрлах нь маш чухал ач холбогдолтой гэж бодож байна.

Ерөнхийлөгч Өүкс: Институтэд хамрагддаг, их дээд сургууль, коллежид шашны хичээл заадаг, энд сууж байгаа хүмүүс энэ тал дээр илүү их бэрхшээлтэй тулгардаг. Жишээ нь илүү төлөвшсөн суралцагчид семинарын суралцагчдаас илүү өөрийн гэсэн бодолтой, эсэргүүцэх хандлагатай байдаг. Гэхдээ зарчим нь яг адилхан. Тухайн орчин нөхцөл, хувь хүний төлөвшлөөс хамаараад хэрэгжүүлэлт нь зарим талаараа ялгаатай байх боловч зарчмууд нь бидний ярилцаж байгаа тэр л зарчмууд юм.

Вэбб ах: Баярлалаа.

Ерөнхийлөгч Өүкс: Сэдвийг бага зэрэг өөрчлөх ч гэсэн бидний өнөөдрийн сэдэвтэй тун хамааралтай нэг асуулт байна. Биднийг заах гэж хичээж байх үед гар утсаа түр хойш тавих талаар суралцагчдадаа хэрхэн ойлгуулах вэ?

Вэбб ах: Наад асуулт чинь үнэн хэрэгтээ анги дээрх зөрчилдөөн, санал зөрөлдөөнтэй үнэхээр холбоотой гайхалтай асуулт байна, учир нь энэ нь заримдаа ийм асуудал үүсгэдэг шүү дээ. Тэгэхээр, Смит ах аа?

Адам Н.Смит ах: Тийм ээ, сурах орчинд суралцагчид гар утсаа салгаж, далд хийх шаардлагатай үе гарцаагүй байдаг гэж би бодож байна. Миний бодлоор тэдэнд үүнийг хийхэд хамгийн их тус болох зүйл бол анхаарал татсан, сонирхолтой байдлаар заах явдал юм. Ерөнхийлөгч Баллард бидэнд хичээлээ сонирхолтой болгох ёстой гэж хэлж байсан удаа бий. Гэхдээ бас суралцагчдыг гар утсаа суралцах явцдаа ашиглахыг хүсэх үе гардаг гэж би боддог. Бид зарим үед суралцагчийг утсан дээрээ ChurchofJesusChrist.org болон Gospel Library дээрх эх сурвалжаас итгэлийг бэхжүүлэх агуулгыг ашиглан суралцах үйл явцад оролцохыг урьж болно. Тэдний хувьд энэ төхөөрөмжийг зүгээр нэг тоглоомын болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эсвэл бүр уруу таталтын эх үүсвэр гэж үзэхээс илүүгээр харж эхлэн, тэдэнд хичээлээс гадуур эерэг нөлөө үзүүлэгч, адислал болж болох юм. Тэд уг төхөөрөмжийг Есүс Христэд итгэх итгэлтэй болгоход ашиглаж болохыг тухай бүрд мэдэж авч чадна. Миний бодлоор энэ нь багшийн зүгээс тэнцвэртэй байлгахад сүнслэг удирдамжийг шаарддаг. Гэхдээ Их Эзэн бидэнд уг төхөөрөмжийг ашиглан итгэлийг бий болгох боломжийг олоход мөн хэзээ унтрааж, далд хийх шаардлагатайг ойлгоход туслах болно гэж би бодож байна.

Ерөнхийлөгч Өүкс: Гар утас хэрэглэхийн эсрэг байх хэрэггүй гэсэн таны зөвлөгөө надад 10 юм уу 15 жилийн өмнө семинарын насны залуу эмэгтэй, эрэгтэйчүүдийн Ням гаргийн ангид ороход тохиолдож байсан эртний туршлагыг маань санагдуулж байна. Би гар утсыг эсэргүүцэх хандлагатай очсон. Гэхдээ арван хоёр орчим суралцагчтай ангийг тойруулан харахад бүхэл бүтэн ангид ганцхан судар байгааг би анзаарав. Бүгд л гар утаснаасаа судар уншиж, хичээлийн гарын авлагыг харж байсан. Тэр үеэс эхлээд би асуудал нь хориглоход биш, харин тэнцвэртэй байлгахад байдаг гэдгийг олж харж эхэлсэн.

Вэбб ах: Сайхан хэллээ, баярлалаа. Ерөнхийлөгч өө, тантай хамт байх бидэнд тун таатай байлаа. Өнөөдөр таны өгсөн зөвлөгөөнд баярлалаа. Бид ахиад хэдхэн минут зарцуулан гэрчлэлээ хуваалцаж болох юм. Смит ах аа, та эхлээд гэрчлэлээ хуваалцах уу? Дараа нь би хуваалцахдаа баяртай байх болно. Тэгээд үлдсэн хугацааг танд үлдээе, ерөнхийлөгч өө.

Вэбб ах Баярлалаа. Би Сүмийн өсвөр үеийнхэн, залуучууд, СБС-ийн байгууллагынханд заах ариун нандин боломжийнхоо талаар бодох үедээ хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасан зүйлийг санадаг. Тэрээр ийн хэлсэн. “[Бурханы] хамгийн нэр төртэй суутнуудаас олныг буюу хамгийн шилдгүүдийг … энэ цаг үед энэ дэлхийд илгээсэн. [Тэд] Их Эзэний энэ дэлхий рүү илгээж байсан хүмүүсийн хамгийн шилдгүүдийн нэг хэсэг юм.”9 Бидний харилцах боломжтой байгаа тэр залуучууд бол яг л Бурханы бошиглогчдын бидэнд заадаг тэр хүмүүс мөн гэдэгт би итгэдэг гэдгээ хуваалцмаар байна. Есүс Христ, Түүний Цагаатгал, Амилалтын бодит байдлыг тэдэнд гэрчлэх нь бидэнд байгаа ямар ариун нандин боломж вэ. Би өнөөдөр Есүс Христийн Цагаатгал, Амилалтын бодит байдлын талаар гэрчилж байна. Энэ бол Түүний Сүм. Бид Түүний амьд бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр удирдуулдаг бөгөөд хожмын өдрүүдэд өсвөр үеийнхэнд заахдаа Түүний үйл хэрэгт оролцдог. Би энэ гэрчлэлээ та нартай Есүс Христийн нэрээр хуваалцаж байна, амен.

Вэбб ах: Амен. Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг болон дэлхийн Аврагч, Гэтэлгэгч болох Есүс Христийн бодит байдлын тухай мөн энэ бол Түүний Сүм, дэлхий дээрх хаант улс мөн гэсэн гэрчлэлээ би нэмж хэлмээр байна. Амьдралынхаа өдөр бүрийг Түүнийг гэрчилж, Түүний сайн мэдээг бусдад заахад зориулж байгаадаа би маш их талархдаг. Аврагчид итгэх итгэл, гэрчлэлээрээ надад зааж, намайг адисалсан хүмүүст би талархдаг бөгөөд та нартай хамт Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заах энэ ажлын нэг хэсэг болж байгаадаа би маш их талархаж байна. Тэнгэр дэх Эцэгийнхээ хайрын тухай бодох үедээ бид Тэнгэрлэг Эцэг суралцагчдад маань хичнээн их хайртай болох тухай олонтаа ярьдаг гэдгийг хэлмээр байна. Гэхдээ би Тэнгэр дэх Эцэг та нарт хайртай, та нарыг Түүний хүүхдүүдэд заахад амьдралаа зориулж байгаад талархдаг, бас Тэр та нарын гэр бүлүүдэд хайртай бөгөөд та нарыг Түүний хүүхдүүдэд заахаар итгэлтэйгээр үргэлжлүүлэн үйлчлэх үед, өөрийн заадаг зүйлс, гэрчлэл, жишээгээр дамжуулан Түүний хүүхдүүдийг адисалдагтай адил Тэрбээр та нарыг, танай гэр бүлийг адислах болно гэдгийг би мэднэ гэдгээ нэмж хэлмээр байна. Тиймээс хэн байгаад тань, юу хийдэгт тань талархъя, Есүс Христийн нэрээр, амен.

Ерөнхийлөгч Өүкс: Амен. Би Их Эзэний энэ гайхамшигтай үйлчлэгчдийн хуваалцсан гэрчлэл дээр нэмж, өөрийнхөө гэрчлэлийг хэлье. Ариун Сүнсний хүчээр Эцэг, Хүүг мөн энэ бол Түүний ажил, та нар бол Түүний үйлчлэгчид, Есүс Христийн сайн мэдээний багш нар гэдгийг би гэрчилж байна. Их Эзэнд үйлчилж, мөн Бурханы зохистой үр хүүхдүүдэд нь зориулж урьдчилан бэлдсэн хувь тавилан болох мөнх амьдрал руу гэр бүлтэйгээ хамт урагшлахад тань та нарын дээр тэнгэрийн адислалуудыг би дуудаж байна. Би Есүс Христийн нэрээр ийнхүү гэрчилж байна, амен.

Бүгдээрээ: Амен.