Өсвөр үеийнхэн болон залуучуудад заах нь
Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш: Онцлох хэсгүүд


Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш: Онцлох хэсгүүд

Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш

2020 оны 2-р сарын 7, Баасан гараг

Хичээл заах нь зөвхөн ярих биш, сонсох, ажиглах, ялган таних явдал болохыг ахлагч Бэднар бидэнд сануулсан билээ. Ариун Сүнсийг бидэнд заахыг урих нь бас үүнд багтдаг.

Асуулт

Ерөнхийлөгч Нэлсон саяхан хувийн илчлэлтийн ач холбогдлын талаар заасан. Та бидэнд хувийн илчлэлт хүлээж авах талаар юу заах вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар

Биднийг гэрээнүүдээ сахих үед Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байх болно. Бид Их Эзэний үгийг Сүнсээр нь дамжуулан сонсохыг ховор тохиох үйл явдал мэтээр олонтоо ярьдаг. Бид Сүнсийг юу үргээж байгааг таньж мэдэхэд илүү анхаарах ёстой. Та бид чадах бүхнээ хийж, ноцтой гэм нүгэл үйлдэхгүй байвал Ариун Сүнс биднийг удирдан чиглүүлнэ гэдэгт найдаж болно.

Олон хүн Ариун Сүнснээс ирдэг мэдрэмжийг сэтгэл хөдлөм, хүчтэй, гэнэт мэдрэгддэг зүйл гэдэгт итгэдэг юм шиг санагддаг. Үнэндээ Ариун Сүнс намуухан, зөөлөн, цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгддэг мэдрэмжээр удирддаг. Мөн та илчлэлт хүлээн авч байгаа мөчдөө илчлэлт хүлээн авч байна гэдгээ мэдэхгүй байх нь олонтоо.

Нифай энэ загварын төгс жишээ юм. Тэр хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүйгээр явсан1 бөгөөд урагшлан явахдаа удирдан чиглүүлэгдсэн тохиолдол бүрийг мэдээгүй. Нифайд тохиолдсон зүйл бидэнд илчлэлт хэрхэн ирдэгтэй холбоотойг бид ойлгох ёстой.

Сүмийн гишүүд заримдаа алдаа гаргах вий гэж айн түгшээд, урагшилдаггүй. Нифай ах нартайгаа хамт шавга орхисон ч сайн үр дүнд хүрээгүй. Тэр явдал нь Нифайн хувьд алдаа байсан уу? Үгүй. Тэр чухал сургамж авсан. Тэд өөрсдийн бүх алт, эд хөрөнгийг ашиглан Лебенээс гуулин ялтаснуудыг авахыг хичээх үедээ Нифай хожим тохиох зүйлд өөрийг нь бэлтгэсэн өөр нэг сургамжийг авсан.

Илчлэлт хүлээн авахтай холбоотой зарчмууд бий. Жишээлбэл, ерөнхийлөгч Пакэр “Та хүлээн авах илчлэлттэйгээ холбоотой газарт байх юм бол илчлэлтээ илүү амархан таньж мэднэ гэж Харолд Б.Лий надад нэг удаа хэлж билээ. … Ерөнхийлөгч Лийгийн зөв байсан шүү!”2 гэж хэлсэн. Тухайн газарт байж, тунгаан бодож, залбирч, тусламж эрэлхийлэх нь чухал юм.

Энэ зарчим тохинууллын хүрээнд маш чухал ач холбогдолтой. Тохинууллын үүрэг хариуцлага хүлээсэн олон хүн текст мессеж бичих нь хангалттай гэж боддог. Гэвч гэрт нь очиж, хүмүүсийн нүд рүү харах шаардлагатай үе ч гардаг. Та өөр хаанаас ч хүлээн авах боломжгүй ойлголт, сүнслэг удирдамжийг гэрт нь байх үедээ авах болно.

Асуулт

Ерөнхийлөгч Нэлсон болон Сүмийн бусад удирдагчийн хүлээн авсан илчлэлтийн тухай бидний ойлголт дээр нэмж хэлэх зүйл танд байна уу?

Ахлагч Дэвид А.Бэднар

Ерөнхийлөгч Нэлсоныг Сүмийн ерөнхийлөгч болсноос хойш ямар их илчлэлт өгөгдсөн талаар Сүмийн олон гишүүн ярьцгааж байна. Одоо гарч буй өөрчлөлтүүдийн талаар зөвлөлд олон жил, бүр хэдэн арван жил ярилцаж, үүний тухай залбирч ирсэн. Олон тохиолдолд, илчлэлт нь юу хийх биш, харин хэзээ хийх талаар байдаг.

Асуулт

Хэзээ хийх талаар илчлэлт хүлээн авахаас гадна, бид юу хийх тухай илчлэлтийг үе үе хүлээн авна, тийм үү?

Ахлагч Дэвид А.Бэднар

Нэгийг нь нөгөөхөөс нь салгаж ойлгож болохгүй. Ихэнхдээ юу хийх талаарх илчлэлт маш тодорхой байдаг. Харин үүнийг хэзээ хийх тухайд, цаг хугацааны тал дээр л олон хүнд асуудал тулгардаг. Тиймээс шаардлагатай бол, бид зөвхөн аль нэгийг нь биш, харин юуг хийх мөн хэзээ хийх талаарх илчлэлтийн аль алиныг нь хүлээн авч болно.

Асуулт

Багш нарын хувьд бид хичээлдээ бэлтгэн, суралцагчдынхаа төлөө залбирдаг. Бид өөрсдийн заадаг, тохинуулдаг хүмүүсийнхээ төлөө авсан сүнслэг удирдамжийг хэрхэн ялган таних вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар

Бэлтгэж, залбирах үед тань гэнэтийн бодол, сүнслэг удирдамж төрөх бөгөөд санаанд тань хэн нэгний нэр орж ирэх юм уу бүр танил царай ч харагдаж магад. Бошиглогч Иосеф Смит үүнийг “гэнэтийн санаанууд”3 хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь гэнэт орж ирэх үед та өөртөө яг шаардлагатай байгаа зүйлийг хүлээн авлаа гэдгээ ухаарч болох бөгөөд тийм тохиолдлууд үнэхээр гайхалтай байдаг.

Та нарт байгаа ойлголтын хамгийн агуу эх сурвалжийн нэг бол суралцагчдын тань асуултууд юм. Хэдэн жилийн турш би мянга мянган өсвөр үеийнхэн болон залуучуудын асуултуудад хариулах дадлага хийсэн. Ийм цуглаануудад маш олон хүн оролцдог тул би тодорхой арга замаар асуултуудаа надад текст мессежээр илгээх боломжийг тэдэнд олгодог. (Гэхдээ та нарыг үүнийг яг ингэж хий гэж хэлж байгаа юм биш шүү.) Тэдний нэрээ бичилгүй тавьсан асуултуудыг унших нь залуучуудтай ажиллаж байгаа хэнд ч тохиож болох хамгийн гайхалтай суралцах туршлагын нэг юм. Тэд үнэхээр өөрсдийг нь зовоож буй, тусламж хэрэгтэй зүйлсийнхээ талаар асуудаг. Бид тэдний хаана байгааг мэдэхгүй бол юу гэж хэлэхээ эсвэл юуг заахаа хэрхэн мэдэх билээ?

Асуулт

Илчлэлт эрэлхийлэхдээ, бид хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг буюу хэзээ хийх талаарх зааврыг бичих ёсгүй. Энэ нь зарчим дээр илүү үндэслэгдсэн байх ёстой гэдэг нь зөв үү? Гэхдээ бидэнд судруудаас уншиж, бошиглогчийг сонсон, илчлэлт хүлээн авч байгаа Нифай, Иосеф Смит, Жозеф Ф.Смит нарын жишээ байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь зарчмууд уу, аль эсвэл загвар уу?

Ахлагч Дэвид А.Бэднар

Бид Их Эзэний дуу хоолойг сонсож, ялган танихын тулд Бурханы үгэн дээр найрладаг. Бид илчлэлт эрэлхийлэх үедээ жагсаалт гарган эдгээр зүйлийг хийх юм бол энэ нь тохиох болно гэвэл бид байж болохгүй газар оччихоод байна гэсэн үг юм. Бид Их Эзэнийг хүлээн, Түүний цаг хугацааг мэдэрч, анхаарлаа хандуулах ёстой бөгөөд өөрсдийн цаг хугацаанд үндэслэн илчлэлт хүлээн авахаар шаардах ёсгүй.

Асуулт

Бид хэрхэн ямар ч үед Их Эзэнийг илчлэлтээ бидэн дээр юүлэх үед хүлээн авахад бэлэн амьдарч чадах вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар

Авахад бэлэн байх гэдэг үг чухал юм. Бид “Түүний Сүнсийг үргэлж [өөрсөдтэйгээ] хамт бай[лгаж]”4 болохын тулд илчлэлт авахад үргэлж бэлэн байх ёстой.

Үүнд туйлширдаг хүмүүс байж магадгүй тул эрүүл ухаанаар хандаарай.

Оливер Каудери хэрхэн Иосеф Смитийн бичээч болсныг сана. Тэр алтан ялтаснууд болон Иосеф Смитийн тухай түүхийг сонсоод, түүнтэй уулзахыг хүссэн. Тэр энэ хүслийнхээ дагуу үйлдсэн.

Их Эзэн Оливерт тунхаглахдаа:

“Чи хийсэн тэр зүйлийнхээ төлөө адислагдсан болой; учир нь чи надаас асуусан билээ, мөн болгоогтун, чи асуух тоолондоо, чи миний Сүнснээс заавар хүлээж авсан бөлгөө. Хэрэв энэ нь ийм байгаагүй аваас, чи энэ цагт өөрийнхөө байгаа тэр газарт хүрч ирэхгүй байх байсан.

Болгоогтун, чи надаас асууснаа мэдэж байгаа мөн бибээр чиний оюуныг гэгээрүүлсэн билээ”5 гэсэн.

Энэ шүлгийн дараагийн өгүүлбэр миний хувьд маш чухал. Оливер сүнсээр өдөөгдсөн ч сүнсний нөлөөг мэдэрч байгаагаа мэдээгүй. Тэр илчлэлт хүлээн авсан хэрнээ, авч байгаагаа огт мэдээгүй. Тиймээс Оливерт сүнсээр өдөөгдөж илчлэлт хүлээн авч байгааг нь мэдүүлсэн илчлэлтийг Иосефоор дамжуулан өгсөн юм.

“Мөн үнэний Сүнсээр гэгээрсэн гэдгээ чамайг мэдээсэй гэсэндээ би эдгээр зүйлүүдийг чамд хэлж байна.”6

Түүний Сүнсийг өөрсөдтэйгээ үргэлж хамт байлгана гэдэг нь ийм утгатай гэж би боддог.

Асуулт

Нифай ах нарынхаа хамт хэн нь явж, гуулин ялтаснуудыг гуйх вэ гэдгийг шийдэхээр шавга орхисон, бас тэгээд алт мөнгөөр тэдгээр ялтсыг худалдаж авахаар оролдсон гэж та дурдсан. Бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй үедээ үүнийгээ зөв цагт хийж байгаагаа хэрхэн баттай мэдэх вэ? Бид үүнийгээ зөв хийж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар

Нифай алдаа гаргаагүй, бас буруу цагт ч хийгээгүй. Энэ нь шат шатаар, дүрэм дүрмээр суралцах туршлага болсон. “Тэр хийвэл зохих зүйлээ урьдаас мэдээгүй”7 бөгөөд оролдлого гаргах тусам бэлтгэгдэж байсан.

Хэрэв бид чадлаараа хичээж, бүхнээ зориулж, үнэнч тууштай байхаар хичээж байгаа бол бусдад буруугаар нөлөөлөхгүй. Энэ ажлыг та ч би ч биш, харин Бурхан хариуцдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний хувьд би өөрөө бие даан хийх боломжгүй үүрэг даалгавар надад байнга гарч ирдэг. Та нар хамгийн сайнаараа хичээвэл өсөж хөгжин, туршлагажих болно. Та нар дандаа зөв цаг нь хэзээ болохыг ухаарна гэж байхгүй. Зүгээр л чадах бүхнээ хий.

Ерөнхийлөгч Хинкли “Бүх зүйл болж бүтнэ дээ” гэж олон удаа заадаг байсан. Би итгэсэн ч гэсэн “Үгүй байлгүй дээ, өөр юм байж л таараа” гэж боддог байв. Нас явах тусам би тэр бол байж болох цорын ганц хариулт юм гэдгийг улам ихээр ухаарсан юм. Бурхан таныг хүүхдүүдийг нь халамжилж, өсгөн хүмүүжүүлж, тохинуулж байхад ганцааранг тань орхихгүй. Хэрвээ та нар зөв шударгыг үйлдэн, чадах бүхнээ хийвэл бүх зүйл бүтнэ. Та ч бас энэ явцад сургамж олж авна.

Асуулт

Илчлэлт хүлээн авахад өөрсдийгөө байнга бэлэн байж чадахгүй гэж бодож байгаа суралцагчдад бид хэрхэн заах вэ? Энэ нь тэдний хувьд дааж давшгүй үүрэг хариуцлага мэт санагдаж байж болох юм.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Би тэдэнд юу хэлэх вэ?” гэхийн оронд “Би тэднээс юу асуух вэ?” гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл. “Би тэднээс юу асуух вэ?” гэхээс гадна, “Би тэднийг юу хийхэд урих вэ?” гэж бод.

Тэдэнд асуулт тавих нь тэднийг үйлдэхэд урьж байгаа хэрэг. Тэгээд тухайн суралцагч ямар нэгэн хариулт өгвөл тэр нь Христэд итгэх итгэлийнх нь илрэл юм. Итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим. Бид Христийн сургаалын дагуу үйлдсэнээр Түүний хүч чадлаар адислагддаг. Бидний ихэнх нь үйлдэхийн тулд хүч чадалтай болохыг хүсдэг. Гэхдээ энэ нь ийм байдаггүй.

Бидний зорилго “Би тэдэнд юу гэж хэлэх вэ?” биш, харин бид өөрсдөөсөө “Би тэднийг юу хийхэд урих вэ? Тухайн хүний амьдралд Ариун Сүнсийг урин авчрах ямар сүнслэг асуултыг тавивал тэр дуртайяа хариулах бол?” гэж асуух ёстой. “Та юу сурч мэдсэн бэ?” гэх мэт маш энгийн асуулт тавь. Эдгээр асуултад хариулснаар, тухайн хүн хариултыг нь чиглүүлж өгөхөд Ариун Сүнсийг урьдаг юм. Харин бидний үүрэг бол эдгээр зүйлийн талаар ярилцах тав тухтай орчинг бүрдүүлж, Ариун Сүнсэнд заах боломж олгохын тулд тэднийг үйлдэхэд урих явдал юм.

Хэрэв та тэднийг хайрлаж, тэнгэрийн тааллыг дагахыг хичээх юм бол таныг хамгийн энгийн арга замаар удирдан чиглүүлэх болно. Асуултууд ярвигтай байх шаардлагагүй. Та тэдэнд анхаарал тавьдаг учраас тэдний ойлголтын түвшинг олж мэдэхийг хичээнэ.

Итгэлээ алдсан залуучуудын төлөө санаа зовж байх хэрэгтэй. Өөрсдөө сурч мэдэхэд уригдаагүй маш олон хүн байдаг бөгөөд тэд бусад хүний өөрсдөд нь хэлсэн зүйлд л тулгуурладаг. “Хэрвээ Есүс Христийн тухай болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар таны эсвэл миний мэддэг бүх зүйл бусад хүний бидэнд заасан юм уу хэлсэн зүйл байдаг бол Түүний … талаарх бидний гэрчлэлийн суурь элсэн дээр баригдсан гэсэн үг юм.”8 Иймээс тэднийг өөрсдөө үйлдэж, өөрсдөө мэддэг болоход урих нь тэдэнд илүү бат бөх суурийг тавихад тусалдаг.

Асуулт

Нэг залуу эрэгтэй Мормоны Номыг анх удаа уншаад, Сүнсийг мэдэрсэнгүй гэж боджээ. Тэрээр тэнгэр элчүүдийг тэнгэрээс бууж ирэн, энэ ном үнэн гэж зарлахыг хүсэн хүлээж байсан байж магадгүй. Бид иймэрхүү нөхцөл байдалд хэрхэн тусалж чадах вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар

Мацгийн болон гэрчлэлийн цуглаан дээр зарим хүний дүрслэн ярьдаг сүртэй туршлагыг туулаагүй болохоор өөрсдийгөө дутуу үнэлэн боддог, Сүмийн итгэлтэй, гайхалтай гишүүд байдаг. Сэтгэл хөдөлгөм туршлагууд бол өдөр тутмын энгийн зүйл биш юм. Хэрвээ та гэрээгээ сахиж, урагшилж байгаа л бол сайныг үйлдэж байгаа хэрэг бөгөөд бусдын адил байна гэсэн үг. Саул гэрлээр хөрвүүлэгдээгүй. Залуу Алма тэнгэр элчээр хөрвүүлэгдээгүй.

“Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг, тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болох болно.”9 Өөртөө биш, харин Тэдэнд итгэж найдсанаар бидний хэн нь ч хийж чадахааргүй зүйлийг хийх болно.

Чад Вэбб ах

“Биднийг сайн зүйл хийж, Христэд итгэхийг ухуулдаг зүйлүүд Бурханаас ирдэг.10 Бид хэзээ нэгэн өдөр биднийх гэж бодож байсан бодол маань яг үнэндээ Ариун Сүнснийх байсныг мэдээд гайхах байх. Биднийг сайныг үйлдэхээр хичээхэд бодол санаа, хүсэл эрмэлзлийг маань Ариун Сүнс удирдан залдаг.

Ерөнхийлөгч Нэлсон илчлэлтийн тухай үгэндээ, биднийг Тэнгэрлэг Эцэгт зүрх сэтгэлээ уудлан, Түүнтэй ярилцаж, илэн далангүй шударга байж, тэгээд сонсоход урьсан. Тэрээр төрсөн сэтгэгдлүүдээ бичиж аваад, тэдгээрийн дагуу үйлдэхийг биднээс хүссэн. Тэгээд тэр “Та энэ үйл явцыг өдөр тутам, сар бүр, жил болгон давтан үйлдсэнээр ‘илчлэлтийн зарчимд өсөн [хөгжих]’ болно”11 гэж хэлсэн.

Миний хувьд, амьдралд маань ирсэн сүнслэг удирдамжуудын ихэнх нь залбирч байхад ирээгүй. Би залбирч, тунгаан бодож, төрсөн сэтгэгдлээ бичихийг хичээдэг. Харин үйлдэх үед л сүнслэг удирдамж ирдэг юм. Хичээлийн үеэр, Сүмийн дуулал дуулж эсвэл хэн нэгэнтэй ярих юм уу өөр нөхцөл байдалд байх үед залбирлын хариулт ирж эхэлдэг.

Ахлагч Дэвид А.Бэднар

Нэг сануулах зүйл гэвэл, илчлэлтийн арга зам дэлхий даяарх хүмүүст янз янз байдаг. Жишээлбэл, Африк тивийн хүмүүст гайхалтай зүүд олонтоо зүүдлэгддэг. Хэн нэгэн нь номлогчидтой гудамжинд таараад, “Би таныг зүүдэндээ харсан, танд Бурханы захиас байгаа. Би таны хэлэх зүйлийг сонсохыг хүсэж байна” гэж хэлэх тохиолдол байнга гардаг. Африкт байдаг итгэлтэй зарим гэгээнтнийхтэй адил зүүд надад ирдэггүй.

Бид голчлон өөрсдийнхөө туршлагад үндэслэн заадаг учраас өөрсдийн туршлагын загварыг бусдад тулгахгүй байх хэрэгтэй. Энэ нь тэдний хэв загвар үндэслэл багатай, хэрэггүй гэсэн үг биш юм. Их Эзэний Сүнс хүний оюун ухаан, зүрх сэтгэлд олон янзын, өөр өөр арга замаар холбогддог гэдгийг санаарай.

Та хэн нэгнийг өөрсдөө үйлдэж, сурч мэдэхэд уриалан, урьж болохын тулд төрөл бүрийн арга замд нээлттэй хандах хэрэгтэй.

Асуулт

Бид хувийн илчлэлт хүлээн авах өөрсдийн чадварт итгэх итгэлээ хэрхэн нэмэгдүүлж мөн өөр хэн нэгнээс сонссон эсвэл уншсан үйл явцад найдахгүй байх вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн хэлсэн үг бол илчлэлт хүлээн авахдаа өөртөө итгэлтэй болох аянаа эхэлж байгаа хүний хувьд гайхалтай эх сурвалж юм:

“Сүмд тууштай, итгэлтэй байхын тулд гайхамшиг, үзэгдэл, тэмдгүүдэд найддаг хожмын үеийн гэгээнтнүүдийг надад үзүүл. Тэгвэл Бурханы өмнө сайн байж чадаагүй, найдваргүй зам дээр алхаж буй гишүүд хэн болохыг би та нарт харуулна. Үнэн бол бидэнд өгөгдсөн гайхамшигт илэрхийлэл дээр биш, харин Бурханы зарлиг болон хуульд итгэлтэй, даруу төлөв, дуулгавартай байдалд суурилагдсан байдаг. …

Би хөвгүүн байхдаа, гэрчлэлтэй болохын тулд Их Эзэнээс зарим гайхамшгийг надад үзүүлэхийг байнга гуйдаг байлаа. Гэвч Их Эзэн надаас гайхамшгуудыг нууж, … үнэний талаар А-аас Я хүртэл мэддэг болтол, эргэлзээ болон айдсаасаа бүрэн чөлөөлөгдөх хүртэл, үнэнийг надад шат шатаар үзүүлсэн юм. Үүнийг хийхийн тулд Тэр тэнгэрээс тэнгэр элчийг илгээгээгүй мөн сахиусан тэнгэрийн бүрээн дуугаар ч ярих хэрэг гараагүй. Тэрээр амьд Бурханы Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойгоор шивнэн, надад буй гэрчлэлийг өгсөн юм.

Энэ зарчим ба хүчээр Тэр хүмүүний бүх хүүхдэд тэдэнд хадгалагдан үлдэх үнэний тухай мэдлэгийг өгдөг. Мөн энэ нь тэдэнд Бурханы мэдэх үнэнийг мэдүүлж, Эцэгийн тааллыг Христийн адил гүйцэлдүүлэх хүслийг төрүүлэх болно. Өөр ямар ч гайхамшигтай илэрхийлэл үүнийг хэзээ ч гүйцэлдүүлж чадахгүй билээ.”12

Асуудалтай байгаа хэн ч бай анхны алхмаа хийж, Жозеф Ф.Смитийн хийсэн зүйлийг хийж чадна.

Сүмийн зарим гишүүн Дамаск орох зам дээрх гэрлийг харж байж л итгэх болно гэдэг. Нээрээ юү? Саул намуухан, зөөлөн дуу хоолойг таних нөхцөлд байсан гэж үү? Харин тэр сүнслэг байдлын хувьд сэрэх хэрэгтэй байсан. Олон хүн залуу Алмагийн адилаар тэнгэр элчийг харах байх гэж боддог. Нээрээ юү? Алма намуухан, зөөлөн дуу хоолойг таних нөхцөлд байгаагүй. Харин тэр сүнслэг байдлын хувьд сэрэх хэрэгтэй байсан. Мөн Жозеф Ф.Смит, гэрэл юм уу бас тэнгэр элчийг биш, харин намуухан зөөлөн дуу хоолойг таньж мэддэг болох нь өөртөө итгэх итгэлийг авчирдаг хэмээн гэрчилсэн. Зүгээр л явж мөн үйлд.

Хэрэв бид зарлигуудыг сахихгүй байгаа бол өөртөө итгэх тэр итгэлийг авч чадахгүй, Сүнсний нөхөрлөл ч бидэнд байхгүй байх болно. Наманчлах шаардлагатай залуу хүмүүс байдаг мөн өөрсдийгөө хангалттай сайн гэж огтхон ч боддоггүй, шүүмжлэлтэй ханддаг залуус ч бас байдаг. Та нар төгс байх шаардлагагүй, харин чин сэтгэлээсээ наманчилж, сайн байж, бүхий л чадлаараа хичээж, урагшлах хэрэгтэй.

Асуулт

Та суралцагч төвтэй байж, тэдний өсөлт хөгжилд анхаарах талаар олон удаа ярьж, бичсэн. Энэхүү үйл явцад Ариун Сүнсийг урих талаар бидэнд заахыг хүсэж байгаа өөр зүйл танд байна уу?

Ахлагч Дэвид А.Бэднар

“Өөрсдийнхөө дунд багшийг томил, мөн бүгдээрээ нэг зэрэг яригчид бүү байг; бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, мөн хүн болгон тэгш боломжтой байж болохын тулд харин нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог.”13 Бид биш, харин Ариун Сүнс багш юм. Энэ шүлэг нь Ариун Сүнсийг багшаар томилохыг сануулан хэлж байгаа хэрэг. Өгсөн “загвар” нь цорын ганц загвар биш бөгөөд энэ загварын дагуу нэг нь ярьж байхад, бусад нь үгсийг нь сонсох хэрэгтэй. Энэ нь тун энгийн, бүр амар хялбар мэт харагдаж магадгүй.

Хэрэв хүмүүс аюулгүй, тав тухтай нөхцөлийг мэдрэх юм бол тэд өөрсдийн зарим асуух зүйлийг асууж, мөн эргэлзэж байгаа зүйлийнхээ тухай ярьдаг. Тэд өрөөнд байгаа бусад хүнээс суралцдаг гэхээсээ илүү, хэн нэгний хэлэх зүйл тэдэнд хувьчлан заах боломжийг Ариун Сүнсэнд олгож болох юм. Тэд хүн бүр асууж, эрэлхийлж, тогших боломжтой орчинд, нийтээрээ Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ илэрхийлж байгаа хэрэг юм. Ийн хувиараа болон хамтдаа итгэлээ хөгжүүлэхэд бид бусдыг урьдаг. Томилох гэдэг нь дэвшүүлэх гэсэн үг биш юм. Бид Ариун Сүнсийг багшаар дэвшүүлж чадахгүй, харин багш байхад уриалан, дуудаж болно.

Номлогчийн хурал дээр бид хэд хэдэн асуудлыг ярилцсан ба би номлогчдоос “Энд огт дурдаагүй юуг та ойлгосон бэ?” гэж асуусан юм. Номлолын талбартаа гараад дөрвөн долоо хоног болж байгаа 18 настай номлогч “Ахлагч Бэднар аа, хэрэв би аливаа зүйлийг танаас эсвэл өөр номлогчоос сонссон бол үүнийг хүн бүрд зориулсан захиас гэж үзнэ. Харин би зүрх сэтгэлд минь мэдрэгдэх юм уу оюун санаанд минь бодол орж ирэх юм бол үүнийг Бурханаас ирсэн бөгөөд зөвхөн надад зориулагдсан гэж ойлгоно” гэж билээ. Та нар энэ хариултад гайхаж байна уу? 18 настай залууд ийм сүнслэг ойлголт өгөхийн тулд хэдэн жил лекц уншиж, ямар нэгэн жүжигчилсэн тоглолт үзүүлж эсвэл өөр бусад туршлага өгөх хэрэгтэй вэ?

Тиймээс тэднийг үйлдэж, итгэлээ хэрэгжүүлэхэд урих нь Ариун Сүнсийг тэдний хүн нэг бүрд ганцаарчлан заахад мөн бүх хүнд нийтэд нь заахад уриалан дагуулахад тусалдаг.

Суралцагч төвтэй байхад мөн Ариун Сүнсийг багш байхад урих нь маш чухал. Бидэнд гүйцэтгэх үүрэг бий. Бид урьж, уриалан дуудаж, чиглүүлж болно, харин Ариун Сүнс бүхнийг гайхалтай арга замаар хийдэг.

Асуулт

Нэг залуухан эмэгтэй надаас өөрт нь тодорхой зарчим зааж байснаа санаж байгаа эсэхийг асуусан. Тэр энэ нь өөрийнх нь амьдралыг үүрд өөрчилсөн гэж хэлсэн. Би тэр тохиолдлыг санаж байсан бөгөөд би түүнд заасан биш, харин тэр миний заахыг хичээж байсан зүйлийг өөр өнцгөөс авч үзэн ойлгосон байсан. Гэхдээ түүнд Сүнс заасан. Суралцагчид маань илчлэлтийг өөрсдөө илүү ихээр эрэлхийлэхдээ илүү итгэлтэй болж болохын тулд бид суралцагчдад илчлэлтийг хүлээн авч байгаа гэдгээ ойлгож ухаарахад нь хэрхэн туслах вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар

Та түүнийг юу хийхэд уривал тэр өмнө нь анзаарч хараагүй зүйлээ олж харах вэ?

Ариун Сүнс бүх зүйлийг бидэнд сануулах болно.14 Тэр эмэгтэйд гайхалтай зүйл тохиолдож, ямар нэгэн зүйлийг хэлээгүй байхад илүү ойлгомжтой байдлаар олж сонссон байна. Түүнд үүнийг олж тогтооход тусал. Түүнээс өөрийн туршлагын талаар бодож, иймэрхүү нэг, хоёр тохиолдлынхоо талаар бодохыг хүс. Тохиолдсон хоёр, гурван тохиолдлоосоо загвар олж, чухам юу сүнслэг ойлголт олж авахад хүргэснийг мэдэхэд түүнд тусал.

Залуучууд маань өөр хоорондоо огт өөр өөр бөгөөд тэдэнд янз бүрийн бэрхшээл, асуудлууд байдаг. Гэхдээ бид тэднээс бидний хэлсэн тийм л хүн байхыг хүсэн хүлээх хэрэгтэй. Мөн бид тэднийг үйлдэхэд урих ёстой. Тэгэх юм бол та тэдний юу хийхийг хараад, гайхширах болно. Тэдэнд сурч мэдэх ёстой зүйлээ сурч мэдэхэд нь туслахын тулд тэднийг юу хийхэд урих талаар эхлээд бод.

Асуулт

Та бидэнд хэрхэн илүү сайн сонсож, ажигладаг болохыг ойлгож, сурахад маань тусална уу?

Ахлагч Дэвид А.Бэднар

Та нарт Мормоны Номын хямд, нимгэн хавтастайгаас нь аваад, эхнээс нь дуустал уншин, “харах нүд, сонсох чих” гэсэн хэллэгийг, эсвэл үүнтэй ойролцоо утгатай жишээ болгоныг хайж олохыг санал болгож байна. Үүнийг Сургаал ба Гэрээ, Шинэ Гэрээн дээр ч бас хай. Та судрыг өөрийн гэсэн зорилготойгоор асууж, эрэлхийлж, тогшиж уншаад, мөн “Би ердийн үед анзаарч хардаггүй зүйлээ яаж олж харах вэ? Би ердийн үед сонсдоггүй зүйлээ хэрхэн сонсох вэ?” гэж асуух хэрэгтэй. Эдгээр асуултыг тавьж, судрыг судлах юм бол Ариун Сүнс танд ганцаарчлан зааж, асуултын тань хариултыг өгөх болно. Харин би хариулж чадахгүй. Ариун Сүнс таны асуултын хариулт юу болохыг хувь хүний тань хувьд, ганцаарчлан, өөрт тань зааж өгөх болно.

Би нэг жишээ хуваалцъя. Миний эхнэр Сюзан үргэлж маш итгэлтэй айлчлагч багш байсаар ирсэн. Ерөнхийлөгч Нэлсон тохинууллын арга замыг “илүү дээгүүр түвшний, илүү ариун” 15 болго хэмээн хүсэхийг Сюзан сонсоод, тэр нь яг юу болохыг мэдэхийг хүссэн юм. Тэр тунгаан бодож, залбирсныхаа дараа, өөрийн тохинуулдаг эгч нараас “Таны хувьд илүү дээгүүр түвшинд, илүү ариун байдлаар тохинуулна гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэж асууя гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Тэр нь түүний асууж болох хамгийн энгийн, ойлгомжтой асуулт бөгөөд эгч нарын хариултууд гайхалтай байлаа. Нэг эгч ариун сүм рүү хамт явахыг хүссэн. Өөр нэг эгч Ерөнхий чуулганы хэлсэн үгсийг уншаад, дараа нь хамтдаа өдрийн хоол идэхээр гарахдаа сурсан зүйлээ ярилцахыг хүссэн. Сюзан өмнө нь буруу зүйл хийж байсан юм болов уу гэж гайхширч байлаа. Тэр ямар ч буруу зүйл хийгээгүй. Тэр илүү дээгүүр түвшинд, илүү ариун байдлаар үйлддэг болж, нүд нь нээгдэж, урьд нь харж байгаагүй арга замуудыг л хардаг болсон.

Асуулт

Үлдсэн хэдэн минутад, та хуваалцахыг хүсэж байгаа зүйлээ болон гэрчлэлээ хуваалцана уу?

Ахлагч Дэвид А.Бэднар

Би та нарт хайртай. Би та нарыг байгаагаар тань, мөн ямар болохсон гэж хичээж буй тэр байдлаар тань хайрладаг. Би та нарын хийж бүтээж буй зүйлүүдэд хайртай. Бид бүгд сайжирч чадна, гэхдээ би “Баярлалаа” гэж хэлмээр байна. Би Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Сүмийн боловсролын хорооны нэрийн өмнөөс та нарт талархаж байгаагаа илэрхийлье.

Энэхүү цаг хугацааны бүрэн байдлын эрин үед дэлхий дээр амьдарна гэдэг нь хэзээ ч тэр болгон олдоод байдаггүй ховорхон адислал юм. Хэдэн жилийн өмнө ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Дэвид, энэ бол сэргээгдсэн Сүмийн түүхэн дэх хамгийн агуу цаг үе юм шүү” гэж олон удаа хэлж билээ. Үнэхээр түүний зөв байсан.

Харахаар адислагдсан зүйлсээ бодоод үз дээ. Энэ жил бид Анхны үзэгдлийн 200 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Папуа Шинэ Гвиней болон Камбожийн Пномпеньд ариун сүм барихаар зарлаад байна. Одоо Зөвлөлт Холбоот Улсад болон өмнө нь коммунист байсан улс орнуудад манай номлогчид байгаа бөгөөд Украинд ариун сүмтэй болсон. Энэ бол сэргээгдсэн Сүмийн түүхэн дэх хамгийн агуу цаг үе билээ.

Бидэнд энэ цаг үед онцгой үүрэг хариуцлага ноогдсон. Биднийг энэ өдөрт зориулан хадгалсан бол энэ нь бидэнд хийх зүйл их байгаа учраас, мөн өсвөр үеийнхэнд бэлэн байхад нь туслах үүрэг хариуцлагатай учраас тэр юм. Энэ бол сэргээгдсэн Сүмийн түүхэн дэх хамгийн агуу цаг үе, хамгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан, хамгийн агуу боломжийн цаг үе билээ. Бидэнд энэ өдөр хамтдаа үйлчлэх, гэрчлэлээ хуваалцах, тохинуулах, халамжлах боломж байна.

Ариун Сүнс миний илэрхийлэх гэсэн утга санаа, хэлж буй үгсийн хоорондын зайг нөхчих байх хэмээн би залбирч байна. Би Эцэг, Хүү хоёр 200 жилийн өмнө Иосеф Смитэд үзэгдсэн гэдгийг гэрчилж байна. Эцэг бол бидний Эцэг бөгөөд Тэрээр аз жаргалын төлөвлөгөөний зохиогч гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ бол Мөнхийн Эцэгийн Төрсөн Ганц Хүү гэдгийг би мэднэ, бас гэрчилнэ. Тэр амьд гэдгийг би гэрчилж байна. Тэр амилсан, булш нь хоосон байгаа. “Тэр энд байхгүй. Учир нь Тэр амилсан.”16

Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан санваарын эрх мэдэл, түлхүүрүүд энэ дэлхийд сэргээгдсэн бөгөөд Эцэг, Хүү хоёр үзэгдсэнээр сайн мэдээний сэргээлт эхэлж, одоо ч үргэлжлэн явагдаж байгааг би гэрчилж байна.

Би Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж, та бүхэнд хайртай гэдгээ илэрхийлж байна, амен.