Өсвөр үеийнхэн болон залуучуудад заах нь
Үнэн тэсэж үлддэг


Үнэн тэсэж үлддэг

Ахлагч Д.Тодд Кристоффэрсонтой хамт нэгэн үдэш

СБС-ийн шашны багш нарт хандан хэлсэн үг • 2018 оны 1-р сарын 26 • Солт Лэйк Табернекл

Би энэ үдшийг та нартай хамт өнгөрүүлэх боломж олгосон Тэнгэрлэг Эцэгтээ талархаж байна. Түүнчлэн ахлагч Ким Б.Кларк болон Чадд Х.Вэбб ахад талархаж байгаагаа илэрхийлье. Энэ дашрамд би энэ үдэш нэр нь дурдагдаж, хэвлэмэл хөтөлбөрт орсон бүх хүнийг хүндэлж явдгаа хэлэх гэсэн юм. Би Сүмийн Боловсролын Систем, институт, семинарт гүнээ талархаж явдаг. Хамтран ажилладаг хүмүүс, сайн дурынхныг мөн хувь нэмэр оруулан үйлчилдэг бүх хүнийг би гүнээ хүндэлдэг. Та нарын үйлчлэл магадгүй Сүмийн гишүүдэд, ялангуяа өсөн өндийж буй үеийнхэнд үзүүлдэг маш чухал бөгөөд үнэ цэнтэй үйлчлэл гэдэгт би итгэдэг бөгөөд та бүхэнд талархаж явдаг.

Өнөөдөр би та бүхэнтэй үнэний талаар ярихыг хүсэж байна. Сүмийн Боловсролын Систем нь үнэнийг, ялангуяа мөнх амьдралын суурь болсон хамгийн онцгой, үндсэн үнэнийг зааж, ойлгуулахад зориулагдсан. Үнэнийг заахын зэрэгцээ хамгаалах нь үргэлж чухал байсан бөгөөд бидний энэ үед уг хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байх шиг санагддаг.

Есүсийг яллахаар Пилатын өмнө авчрахад өрнөсөн Иоханы ном дээрх яриаг бид бүгд санаж байгаа. Тэрээр ертөнцөд “үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно”1 хэмээн хэлэхэд Пилат “Үнэн гэж юу вэ?”2 хэмээн үл итгэсэн байдалтай асуудаг. Энэ нь хариулт авах гэж тавьсан асуулт байгаагүй нь илт байв. Магадгүй тэр үнэн байдаг гэдэгт итгэдэггүй байсан эсвэл насаараа улс төрийн хуйвалдаанд орооцолдсоны эцэст үнэнийг хүлээж авах ямар ч чадваргүй болсон байж болох юм. Ямар ч байсан түүний энэ асуулт сайн асуулт байсан бөгөөд энэ талаар бодож байх нь зүйтэй.

Их Эзэн сүүлчийн зоог дээр бусдын өмнөөс хийсэн гайхамшигт залбиралдаа Эцэгийн үг үнэн болохыг гэрчилдэг.3 Тэрээр Ариун Сүнсний гэрч үнэн бөгөөд “үнэн үүрд мөн үргэлж оршино”4 хэмээн тунхагласан. Мөн Эцэг, Хүү хоёр хоёулаа “ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн”5 гэдгийг тунхагласан байдаг. Бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтээр дамжуулан Аврагч үнэний тухай “Мөн үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг юм” гэсэн хамгийн товч тодорхой тодорхойлолтыг өгсөн.6

Хэдийгээр энэ тодорхойлолт ойлгомжтой ч цаад утгаараа Бурханы тусламжгүйгээр мөнх бус хүмүүний үнэнийг ойлгох чадвар өсөн тэлж чадахгүй гэдгийг хэлж байгаа юм. БЯИС-ийн нэртэй профессор Чаунси К.Риддл үүнийг дараах байдлаар тайлбарласан. Тэрээр

“Ямар ч мөнх бус хүмүүн байгаа, байсан мөн ирэх зүйлүүдийн тухай үнэний өчүүхэн хэсгийг л ойлгох чадвартай. Мөнх бус бид аливаа зүйлийг харилцан уялдуулж ойлгодог тул үнэндээ өөрсдийн мэдэх тэрхүү [үнэний] өчүүхэн хэсгийг бүрэн бүтнээр нь ойлгож чадахгүй. Учир нь өчүүхэн хэсэг нь зөвхөн үлдсэн бүх хэсэгтэй мөн тэдгээрийн өнгөрсөн, [одоо] болон ирээдүйтэй холбогдож байж л бүрэн утга агуулгатай болж ирдэг.

Тиймээс, үнэнийг зөвхөн өнгөрсөн, одоо, ирээдүйг харж, мэддэг, бүхнийг мэдэх чадвартай нэгэн л бүрэн бүтнээр нь ойлгож чадна”7 гэжээ.

Профессор Риддл цааш нь

“Хүн төрөлхтөнг энэхүү үнэнийг ялган таних хязгаарлагдмал чадвараас гаргахын тулд Эцэг маань Аврагч Есүс Христийг болон Ариун Сүнсийг бидэнд өгсөн. Бидний Аврагч дэлхийд төрсөн бүх эрэгтэй, эмэгтэй хүнд Христийн Гэрлийг өгсөн ба түүгээр дамжуулан тэд сайныг хилэнцтээс ялган таньж чадна. Хэрэв хэн нэгэн нь Христийн гэрлийг хүлээн авч, хайрлан, сайныг хилэнцтээс ялган танихад дадал хэвшил болгон ашиглаж сурах юм бол Ариун Сүнсний гэрчийг хүлээн авахад бэлэн болсон байна гэсэн үг. … [Ариун Сүнсний бэлэгтэй] хүн Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг хүлээн авах эрхтэй. Ийм байнгын нөхөрлөлтэй болсон хүн бүх үнэн рүү нэвтрэн орох боломжтой. ‘Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно [Моронай 10:5].’”8

Аврагч Сүүлчийн зоог дээр “Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана”9 хэмээн энэхүү мэдэгдлийг баталсан. Тэрээр Иосеф Смитэд “Түүний зарлигуудыг сахидаг тэрээр, үнэнд тэрээр алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой”10 хэмээн нэмж хэлсэн.

Бид үнэний талаар гүн гүнзгий мэдлэг олж авахын тулд эхлээд тэнгэрлэг тусламжийг Христийн гэрлээр дамжуулан авах эсвэл Ариун Сүнсний туслалцааг авах шаардлагатай гэдгээ ойлгох ёстой. Мөнх бус хязгаарлагдмал чадавх, эх сурвалжтай бид илчлэлтээр дамжуулан тусламж хүлээн аваагүй бол энгийнээр хэлэхэд аливаа зүйлийг байсан, байгаа, ирээдүйд бий болох талаар мөн тухайн зүйл хэрхэн бусад бүх зүйлийн байсан, байгаа, ирээдүйд бий болох байдалтай холбогдох талаар бүрэн мэдлэг олж авах боломжгүй юм.

Гэсэн хэдий ч Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд “судалж мөн суралц, мөн бүх сайн номнууд, хэлнүүд, мөн хүмүүстэй танилц”11 хэмээн зөвлөжээ. Дараа нь Тэрээр уг зөвлөгөөг “та нар хичээнгүйлэн эрэлхийлж …; тийм ээ, мэргэн ухааны үгсийг [эсвэл бидний нөхцөлд “үнэнийг”] шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн”12 хэмээн бидэнд өгсөн билээ. Тиймээс бид үүнийг Түүний хэлснээр “хичээнгүйлэн”13 хийх ёстой. Бид чадлынхаа хэрээр хөдөлмөрлөх ёстой бөгөөд үүнд итгэлээ хөгжүүлэх буюу Бурханаас ирэх үнэн хийгээд гэрлийг өөрсдөдөө нээхийн тулд идэвхтэй асууж, эрэлхийлж, тогших ёстой.14 Энэ бол ахлагч Ким Кларкийн энэ үдэш дүрсэлсэн “гүн гүнзгий мэдлэгийг олж авах” явдал юм.

Бидний хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран бүгд биш юм аа гэхэд ихэнх үнэнийг тэнгэрлэг тусламжаар дамжуулан олж нээдэг гэдэгт би итгэдэг. Ерөнхийлөгч Боид К.Пакэр Христийн гэрэл буюу Христийн Сүнсний талаар:

“Христийн Сүнс агуу, бүр сүнсээр өдөөгдсөн зүйлийг бүх хүн төрөлхтнийг адисалж, сайн сайхны төлөө бүтээхэд нь зохион бүтээгч, эрдэмтэн, уран зураач, барималчин, хөгжмийн зохиолч, жүжигчин, архитектор, зохиолчдыг гэгээрүүлж болно.

Энэхүү Сүнс талбайд байх тариачинд мөн завин дээр байх загасчинд сануулга өгч чадна. Энэ нь анги дахь багшид мөн номлогчид хичээлээ танилцуулахад нь сүнслэгээр өдөөж болно. Энэ нь мөн оюутанд сонсох хүслийг төрүүлж болно. Хамгийн чухал нь энэ нь эхнэр, нөхөр, эх эцэг, эхэд сүнслэгээр нөлөөлж чадна” хэмээн бичиж тэмдэглэжээ.15

Бид бусдаас илүү даруу байж мөн аливаа зүйлд бодитой хандаж, аврал “бидний хийж чадах бүхний дараа” ач ивээлээр ирэхийн зэрэгцээ үнэнийг ойлгох чадвар “бидний хийж чадах бүхний дараа”16 ач ивээлээр мөн адил ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. “Учир нь Их Эзэний үг бол үнэн мөн ямар ч үнэн нь гэрэл юм, мөн ямар ч гэрэл нь Сүнс, бүр Есүс Христийн Сүнс билээ.”17

Одоо би Аврагчийн “үнэн үүрд мөн үргэлж оршино” 18 хэмээх мэдэгдлийн талаар ярья. Сургаал ба Гэрээ номны 93-р хэсэгт Их Эзэн “Бүх үнэн нь Бурхан байрлуулсан тэрхүү хүрээнд, тэрчлэн бүх оюун билгийн адил өөрийнхөө төлөө бие даасан байдалтай байдаг; эс тэгвээс оршин тогтнол байх нь үгүй болой”19 хэмээн тунхагласан. Би үүгээр бүх үнэн, ялангуяа бидний одоогийн хүрээг захирдаг үнэн хараат бус, тусгаар оршдог болохыг хэлэх гэсэн юм. Үүнд миний сонирхол, таны үзэл бодол ч нөлөөлөхгүй. Энэ нь хараат бус ба үүнийг ямар ч хүч хянаж эсвэл өөрчилж чадахгүй. Үүнийг лоббидох юм уу үүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Энэ нь өөрчлөгдөшгүй бодит байдал юм.

Энэхүү үнэний өөрчлөгдөшгүй бодит байдалгүйгээр “оршин тогтнол байх нь үгүй болой”20 хэмээн Аврагч хэлсэн. Лихай дараах зүйлийг зааж байхдаа энэ талаар бодож байсан гэдэгт би итгэдэг. Тэрээр

“Мөн хэрэв та нар хууль [энд хэрэглэгдэж байгаа хууль нь ‘Бурханы тавьсан хүрээнд хараат бус орших’ буюу үнэнтэй адил утгатай үг болно] үгүй хэмээвээс, та нар түүнчлэн нүгэл гэж үгүй гэх болно. Хэрэв та нар нүгэл үгүй хэмээн хэлэх аваас, та нар түүнчлэн зөв шударга [зөв шударга гэдэг нь хуульд дуулгавартай байх] гэж үгүй гэх болно. Өөрөөр хэлбэл, хууль, үнэн гэж байхгүй бол дагах, эс дагах гэсэн ойлголт байхгүй. Мөн хэрэв зөв шударга гэж үгүй аваас аз жаргал [аз жаргал гэдэг нь зөв шударга байсны үр дүн] ч үгүй байх буюу. Мөн хэрэв зөв шударга бас аз жаргал ч үгүй бол шийтгэл бас зовлон [шийтгэл, зовлон нь нүглийн үр дүн] ч үгүй бөлгөө. Мөн хэрэв эдгээр зүйлүүд үгүй бөгөөс Бурхан гэж үгүй. Мөн хэрэв Бурхан үгүй бөгөөс бид ч, мөн дэлхий ч үгүй байх байсан; учир нь юмсын бүтээл байхгүй, үйлдэх нь ч үйлдүүлэх нь ч бас үгүй бөлгөө; иймийн тул, бүх зүйл алга болох ёстой буюу.”21

Эдгээр зүйлээр бид үнэн оршдог, өөрчлөгдөшгүй бөгөөд хувиршгүй бодит байдлыг илэрхийлдэг, тусламж дэмжлэг шаардлагагүй бөгөөд мөнх бус хүмүүсийн ойлгох үнэний тоо хэмжээ харьцангуй бага ба бид “бүх зүйлийн үнэнийг мэдэ[хэд]”22 тэнгэрлэг илчлэлт дээр тулгуурладаг, бид болон Бурхан үйлдэж, бүтээхийн тулдүнэн дээр тулгуурладаг, “эс тэгвээс оршин тогтнол байх нь үгүй болой”23 гэдгийг мэдэж авдаг. Цаашилбал, үнэн нь өөр үнэнтэй харшилдаггүй бөгөөд үнэндээ бүх үнэнийг нэг агуу нэгтгэсэн үнэнээр тодорхойлж болно гэдгийг бид бас ойлгож мэддэг.

Бид үнэнийг, ялангуяа сүнслэг үнэнийг зааж, нотлохыг эрэлхийлэхдээ өнөөдрийн ертөнцөд яг хаана нь байна вэ?

Дэлхийн ихэнх хэсэг релативист сэтгэлгээ давамгайлах философи болсон байна. Релативист гэдгээр би ёс суртахуун эсвэл ёс зүйн үнэн нь харьцангүй ойлголт бөгөөд тухайн хүний хандлага, мэдрэмжээс шалтгаалан өөр өөр байдаг мөн хэн ч өөр хүний “үнэн” үндэслэлтэй эсэхийг шүүх эрхгүй гэсэн үзлийг хэлж байгаа юм. Сүүлийн үед “миний үнэн,” “түүний үнэн” гэсэн яриа олон сонсогдох болж. Норт Дамын сэтгэл зүйч Кристиан Смитийн болон бусад хүний бичсэн Lost in Transition буюу “Орчуулгын явцад алдагдсан нь” номын тоймыг бичиж байхдаа сонины редактор Давид Брүкс энэ маягийн сэтгэлгээг тайлбарлажээ. Брүкс тайлбарлахдаа

“Ихэнх хүний [Смитийн ярилцлага өгсөн хүмүүс] дахин дахин илэрхийлж байсан өгөгдмөл байр суурь бол ёс зүйн сонголт нь хувь хүний сонирхлын асуудал байсанд оршино. Хариулж буй хүмүүс ихэвчлэн ‘Энэ бол хувийн асуудал,’ ‘Хувь хүнээс л шалтгаална шүү дээ. Өрөөлд үг хэлдэг би хэн билээ?’ гэх мэтээр хариулсан байв.

Эрх мэдлийг сохроор шүтэн бишрэхийг үл хүлээн зөвшөөрснөөр олон залуу нөгөө тал руу хэт туйлширч, “Намайг аз жаргалтай болгодог гэж бодож байгаа эсвэл надад тийм мэдрэмж төрүүлдэг зүйлээ л би хийнэ. Би юу хийхээ төрж байгаа мэдрэмжээсээ өөр ямар ч арга замаар мэдэх боломжгүй” хэмээдэг.

Зарим нь ёс суртахууны талаарх бодол санаагаа ярихад бэлэн байдаг ч тэдгээр бодол санаагаа хамтын ёс суртахууны хүрээ буюу үүргийн талаарх илүү өргөн ойлголттой холбохоосоо тээнэгэлздэг. Нэг хүний хэлснээр ‘Миний хувьд, надад төрсөн мэдрэмж тухайн зүйлийг зөв болгодог. Гэвч өөр өөр хүн өөр өөр бодолтой байдаг учраас надад хэн нэгний өмнөөс буруу, зөвийг хэлэх эрх байхгүй’ гэдэг.”24

Ёс суртахууны релативизм нь бидний энэ цаг үед өргөн тархсан байна гэдэгтэй та нар санал нэгдэх байх. “Бусдыг шүүмжлэхгүй” гэх чиг хандлага хэл яриа, биеэ авч явах байдлын бараг үнэмлэхүй жишиг болж тогтсон байна. Гэхдээ бодит байдал дээр бид бүгдээрээ зөвхөн өөртөө биш, харин эргэн тойрны хүмүүст болон нийгэмд юу зөв, юу буруу болох талаар дүгнэлт гаргадаг. Хууль болон хуулийн тогтолцоо, тэр ч бүү хэл улс төрийн тогтолцоо нь ёс суртахууны үнэт зүйлс, хүлээн зөвшөөрөгдсөн үнэнүүдийг нэгтгэсэн нэг хэлбэр юм. Олон үндэстний улсын онолыг баримтлагч нийгэмд ямар үнэт зүйлсийг хууль эсвэл дүрэм журамд оруулах хэрэгтэй вэ мөн юу нь зөв, юу нь буруу эсвэл юу нь үнэн гэдгийн талаар маргаж болох ч эцсийн эцэст ямар ч асуудалд хэн нэгний үзэл бодол эсвэл аль нэгэн бүлэглэлийн үнэнийг харах өнцөг давамгайлах үед түүнийг бүгд дагах хэрэгтэй болдог.

Ёс суртахууны релативизм нь нийгэмд эмх цэгц, шударга ёс байхгүй бол ажиллахгүй. Аллага ихэнхийн хувьд буруу байхад заримынх нь хувьд зөв байж болох уу? Хулгайч нь, ялангуяа ядуу тарчиг нөхцөл байдалд өссөн болохоор гэж өөрийгөө зөвтгөн бодож байгаа учраас хулгайлсан зүйлээ өөртөө үлдээх төдийгүй цаашид ч хулгай хийсэн хэвээр байх эрхтэй юү? Эсвэл сүүлийн үед мэдээгээр хамгийн их цацагдаж байгаа зүйл дээр тулгуурлан ярихад, эрэгтэй хүн зөв, буруу зүйлийн талаарх өөрийнх нь ойлголттой нийцэж байгаа болохоор эмэгтэй хүнийг бэлгийн замаар хүчирхийлэх эрхтэй гэж үү?

Зарим нь “Үнэндээ та нийтээр буруу хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн зүйлийн талаар ярьж байна шүү дээ. Аллага, хүчирхийлэл, хулгай, хүмүүсийг гэмтээх эсвэл хуулийн дагуу аз жаргалыг эрэлхийлэхэд нь саад болох гэсэн аливаа үйлдлийг хориглодог үнэт зүйлс энд, хүмүүний оршихуйд бие даан оршин тогтнодог билээ. Эдгээр нь хүмүүний амин чухал, нийтлэг эрх бөгөөд хувь хүний ямар ч эрхээс давуу юм. Зөвхөн эдгээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн гадуур, ёс зүйн релативизм хамаатай байдаг бөгөөд хувь хүн бүр юу зөв, юу буруу гэдгээ өөрсдөө тодорхойлох боломжтой” гэж хэлж болох юм. Гэхдээ ийнхүү эргэцүүлэн бодох юм бол энэ нь та нарын хүний нийтлэг эрх эсвэл өөр юу гэж ч нэрлэсэн бай, ёс суртахууны үнэмлэхүй хууль гэх зүйл үнэхээр байдгийг харуулж байна. Ямар ч байсан зарим үнэн ба ёс зүйн ойлголт хувь хүний сонирхол, сонголтоос ангид оршдог. Үнэндээ зөвхөн тэдгээр нь юу болох мөн хэр хэмжээ нь ямар байх дээр л мэтгэлцэж болох юм. Бидний ёс суртахууны релативизм хэмээн нэрлэдэг зүйл үнэндээ өнөөг хүртэл хэлэлцсээр байгаа хүлээцтэй байдал буюу “Нийгэмд болон хүмүүсийн хоорондын харилцаанд ямар ямар үйлдэл, онцлог шинж чанарт хүлээцтэй хандах ёстой вэ?” гэх асуулт юм.

Бидний дуудлага, тэр тусмаа энэ хүрээнд ёс суртахууны ойлголтын талаарх үнэн гэж юу болох мөн тэдгээрийн хэр хэмжээ юу болохыг заадаг. Бид ямар ч үнэнийг аль сэдэв, аль эх сурвалжаас байсан хамаагүй үнэлдэг ч мөнхийн үнэнийг, ялангуяа амьдралын утга учир, зорилго, удирдан залах талаарх үнэнийг Бурханаас л авах ёстой. Ёс суртахууны релативист үзэлтнүүд ерөнхийдөө энэ мэтгэлцээнд Бурханы үүрэг эсвэл ач холбогдлыг олж хардаггүй бөгөөд тэр ч бүү хэл Бурхан байдаг гэдэгт ихэвчлэн эргэлздэг. Хэрэв тэдний хувьд Тэрээр үнэхээр байдаг бол, тэр ч байтугай хүнтэй ярьдаг бол тэдэнд ихээхэн таагүй байх байсан. Учир нь Бурхан байхгүй бол үнэнийг хүмүүн зөвхөн харьцангуй ойлголт гэж үзэх боломжтой.

Пью Рисөрч саяхан америкчуудын ихэнх (56 хувь) нь түүхэнд анх удаа, сайн хүн байхын тулд шашин шүтлэгтэй байх шаардлагагүй хэмээн хэлсэн талаар нийтэлжээ. “Пьюгийн дэд захирал Грэг Смит олж тогтоосон зүйлсийнхээ талаарх нийтлэлдээ ’Бурхан бол сайн үнэт зүйлс, ёс суртахуунтай байхын урьдчилсан нөхцөл биш юм’ хэмээн хэлжээ.”25

Шашин шүтлэггүй эсвэл аливаа шашин шүтлэгт хамааралгүй хүмүүсийн дунд олон сайн, шударга хүмүүс байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Харин энэ нь Бурханы оролцоогүйгээр болдог гэдэгтэй бид санал нийлэхгүй. Өмнө нь цохон тэмдэглэснээр, хэн нэгний дуртай дургүй, итгэдэг итгэдэггүй эсвэл бүр мэддэг мэддэггүйгээс үл хамааран хүн бүрийн дотор Христийн гэрэл байдаг учраас тэдэнд зөв, буруу зүйлийн талаар нийтлэг ойлголт буюу бидний заримдаа нэрлэдэгчлэн ухамсар гэж байдаг. Аврагч “Мөн би бол дэлхийд ирдэг хүн болгоныг гэрэлтүүлдэг үнэн гэрэл”26 гэж хэлсэн. Түүнчлэн бид “Мөн Сүнс нь дэлхийд ирдэг хүн болгонд гэрлийг өгдөг; мөн Сүнс нь дэлхий даяар Сүнсний дуу хоолойг анхаардаг хүн болгоныг гэгээрүүлдэг бөлгөө”27 хэмээснийг уншиж болно.

Миний өмнө нь эш татсан үгэн дээр ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Улс үндэстэн, итгэл үнэмшил, угсаа болгоны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд бүр, хаана амьдардаг, юунд итгэдэг, юу хийдгээс үл хамааран тэдний дотор дуусашгүй Христийн гэрэл оршдог. Үүний хувьд бүх хүн эрх тэгш бүтээгддэг. Хүн бүрд Христийн гэрэл байгаа нь Бурханыг хүмүүсийг ялгаварлан нүүр тал харагч биш гэдгийн гэрчлэл мөн” (С ба Г 1:35-ыг үзнэ үү). Тэрээр хүн нэг бүрд Христийн гэрлийг өгснөөр хэнийг ч алагчилж үзээгүй.”28

Лихай “Мөн хүмүүн нь тэд сайныг муугаас ялгаж мэдэхээр хангалттай зааварлагдсан буюу. … Мөн тэд уналтаас гэтэлгэгдсэний учир тэд үүрдийн чөлөөт, сайныг муугаас ялгаж мэдэх болсон”29 хэмээн хэлэхдээ мөнх бус хүн бүрд байдаг Христийн гэрлийн талаар өгүүлсэн болов уу. Мормон “Иймийн тул, ах дүүс минь, та нар сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тул Христийн гэрлээр шаргуу судлахыг би та нараас гуйя; мөн хэрэв та нар сайн зүйл болгоноос зууран барьж, мөн үүнийг үл буруушаах аваас, та нар гарцаагүй Христийн хүүхэд байх болно”30 хэмээн уриалжээ.

Ёс суртахууны релативизм нь ухамсрыг үгүйсгэдэг тул хор хөнөөлтэй. Хэрэв бид ухамсрыг хүлээн зөвшөөрөөд, дагах юм бол энэ нь биднийг илүү агуу гэрэл хийгээд үнэн рүү хөтөлнө. Харин ухамсраа үл тоон, дарах юм бол энэ нь хүмүүнийг гэрэл болон үнэнээс холдуулан, үгүйсгэл, алдаа, харамсалд хүргэх нь гарцаагүй. Өөрчлөгдөшгүй, бодит үнэн гэж байхгүй хэмээн дүр эсгэх нь үүрэг хариуцлагаас зугтах гэсэн оролдлогоос өөр юу ч биш. Энэ бол аз жаргалын жор биш билээ.

20 жилийн өмнө Остоны Техасын Их Сургуулийн засаглал, гүн ухааны профессор Ж.Будзижевский Fist Thnigs нэртэй католик сэтгүүлд “The Revenge of Conscience” буюу “Ухамсрын өшөө авалт” нэртэй нэгэн сонирхолтой нийтлэл бичжээ. Тэр ухамсрыг “хүмүүн бүрийн зүрх сэтгэлд бичигдсэн байдаг” байгалийн хуулийн нэгэн хэсэг хэмээн хэлсэн. Мэдээж, бид үүнийг Христийн гэрэл хэмээн дүрслэх байсан байх. Ямар ч байлаа гэсэн ухамсрыг үгүйсгэх гэсэн оролдлогын талаар түүний олж ажигласан зүйл сонирхолтой санагдсан.

Тэр “суурь зарчмуудын [Арван хуульд орсон гэх мэт] талаарх бидний мэдлэг алга болдоггүй. Тэдгээр хуулийг мэдэхгүй байх аргагүй”31 хэмээн бичсэн байв. Ёс суртахууны релативизм нь эдгээр суурь зарчим оршин тогтнодог гэдгийг үгүйсгэдэг буюу байдаг байлаа гэхэд бүх хүний хувьд тохирдог гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Ёс суртахууны реализм нь бид үнэн гэж юу болохыг үнэндээ мэдэхгүй гэдэг ч, бид чин сэтгэлээсээ эрэлхийлэн, шөнө манан дундуур харах гэж хичээдгийн адил чадах бүхнээ хийдэг. Ж.Будзижевский Бид чадлынхаа хэрээр хичээхгүй бол үнэн гэж юу болохыг олж мэдэхгүй гэдгийг илүү сайн мэддэг шүү дээ. … Бид үнэндээ юу зөв, юу буруу болохыг сайн мэддэг ч мэдэхийг хүсдэггүй. Бид зөвхөн буруу зүйл хийх боломжийг өөртөө олгож, буруугаа зөвтгөн, өмнө нь хийсэн буруу үйлдлийнхээ зовлон шаналлыг дарахын тулд үнэнийг эрэлхийлж байна гэдэгт өөрөө өөрсдийгөө итгүүлдэг. Бид ёс суртахууны мэдлэггүйгээсээ болж биш, харин ёс суртахууныг дарж далдлах гэснээсээ болж унадаг. Бид зааж сургагдаагүй биш, харин үүнийг ‘үгүйсгэж’ байгаа хэрэг юм. Бидэнд ёс суртахууны мэдлэг дутагдаж байгаа юм биш, харин бид үүнийг дарж байгаа хэрэг”32 гэсэн байна.

Алмагийн өөрийн хүү Кориантонд “ухамсрын гэмш[ил]”33 хэмээн дүрслэн хэлсэн зүйл бодит бөгөөд Будзижевскийн онцолсноор ухамсрыг дарах буюу шаналлаас зугтах, наманчлахгүй байх зэрэг нь эцсийн эцэст сайн зүйлд хүргэдэггүй. Бид үүнийг буруу гэдгийг нь мэдсээр байж буруу биш гэх дүр эсгэгчдээс харж болно. Тэд ухамсрын дуу хоолойг дарах гэж зүтгэн, нүглээ санаатайгаар ахин дахин үйлддэг. Зарим нь сошиал медиа, видео тоглоомд автагдах эсвэл чихэн дээрээ байнга хөгжим тавьж сонсох зэргээр өөрсдийгөө тасралтгүй сатааруулж, ухамсарт өөрсөдтэйгөө ярих боломжийг олгох нам гүм орчноос зайлсхийхийг эрэлхийлдэг. Бид үүнийг эцэс төгсгөлгүй мэт хөврөх ухаалаг тайлбарын тоо хэмжээ эсвэл бүтээлч байдлаас харж болно. Будзижевский үүнийг “Би [гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцаа] зүгээр, учир нь би найз охиноо (залуугаа) надтай гэрлээсэй гэж хүсэж байгаа учраас түүнтэйгээ гэрлэнэ, бас бид гэрлээд аз жаргалтай байх эсэхээ мэдмээр байна, … [эсвэл] ‘бид нэг нэгэндээ хайртай тул амлалт өгөх хэрэггүй’ гэж өөрөө өөртөө хэлдэг. Асуудал нь юунд оршиж байна вэ гэвэл, амлалт өгөхийг [хүссэн эсвэл] амлалт авах гэсэн хүн цэвэр ариунаар хайрлахгүй байгаад оршиж байгаа юм” хэмээн цохон тэмдэглэжээ.34

Дүр эсгэх, анхаарлаа сарниулах, ухаалаг тайлбар олох гэж оролдохоос гадна хүмүүс өөрсдийгөө зөвтгөхийн тулд бусдыг энэ буруу үйлдэлдээ уруу татаж оролцуулах гэдэг. Тэд “ганцаараа нүгэл үйлддэггүй харин бусдыг эгнээндээ элсүүлдэг.”35 Сатан бол эгнээндээ элсүүлэгчдийн багш, “учир нь тэрээр бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг бөлгөө”36 Хамгийн сэтгэл сэртхийлгэм зүйл бол “хэнийг ч аймшигт шүүхээр шүүхгүйн тулд нийгэм өөрчлөгдөх хэрэгтэй” хэмээн хэлдэг хүмүүс юм. Тиймээс тэд л хуулийг өөрчлөн, сургуулиудад нэвтрэн орж, нийгмийн халамжийн түвэгтэй хүнд суртлыг үүсгэдэг.” Исаиа “Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа!”38 хэмээн гайхалтайгаар сэрэмжлүүлсэн.

Тиймээс Будзижевскийн дүгнэн хэлснээр бидний ухамсрын хүчирхэг хүчийг дарж, гэм бурууд ухаалаг тайлбар өгөхийн тулд гаргадаг хүчин чармайлт маань нийгмийг ёс суртахууны харанхуй ангал руу улам гүнзгий түлхдэг хэмээжээ.39 Үүн дээр нэмж хэлэхэд, энэ нь нийгмийн жишиг, хэм хэмжүүртэй холбоотой асуудлыг авч хэлэлцэх үед улам бүр ширүүсдэг уур хилэнгийн цаад шалтгааныг тайлбарлах байх.

Есүс Никодемуст хандан

“Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм.

Учир нь өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэл рүү гарч ирдэггүй.

Харин үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл уруу ирдэг”40 хэмээн хэлсэн.

Ухамсрыг дарах гэсэн оролдлого үр дүнгүй байхаас гадна, хүмүүс аливаа зүйлийг үнэн байдлаар нь ойлгосон бол оролдож үзэх ч үгүй байх байсан. Нүглийн бодит байдлыг үгүйсгэн, —“хэрэв та нар хууль үгүй хэмээвээс, та нар … нүгэл гэж үгүй гэх болно”41 хэмээн шийтгэл, зовлонгоос зайлсхийхийг оролдох талаар Лихайн заасан сургамжийг үгийнхээ эхэнд би дурдсан. Хэрэв бид ухамсрынхаа эсрэг дайтаж буй хүмүүсийн хэрхэн хичээж байгаагийн адил хуулийг буюу үнэнийг арчин үгүй хийсэн бол үнэхээр гэмшил эсвэл шийтгэл эсвэл зовлонгоос салж чадах байсан. Гэхдээ Лихайн сэрэмжлүүлснээр хууль байхгүй бол бидний амьдрал ч гэсэн үнэ цэнгүй болно гэдгийг бүү мартаарай. Бид зөв шударга, аз жаргалтай байх боломжоо алдах байсан. Түүнчлэн бид бүтээлт болоод амьдралыг үгүйсгэх байсан. Мэдээж, үнэнийг арилган, үгүй хийх гэсэн ойлголт үндэслэлгүй хэдий ч зовж шаналахгүй байхын зэрэгцээ аз жаргалтай байх боломжоо хадгалан авч үлдэх боломж бий. Үүнийг Христийн сургаал, сайн мэдээ буюу Христэд итгэх итгэл, наманчлал, усан болон Сүнсний баптисм хэмээн нэрлэдэг.42

Бид суралцагчдадаа Аврагчийн нөхцөлөөр “үнэнийг үйлдэгчид”43 байж— өөрсөд дотор байх Христийн гэрлийг чин сэтгэлээсээ хүлээн авч, Ариун Сүнсээр дамжин ирэх нэмэлт гэрэл, үнэнийг хүлээн авахад нь туслах ёстой. Эсэргүүцэх, ухаалаг тайлбар олох гэж эрэлхийлэх, дүр эсгэснээр үүнийг хийхгүй. Зөвхөн наманчилж, үнэнийг дуулгавартай дагах нь хүмүүсийн хүсэн хүлээдэг “үнэн зөв байдалд” хүргэнэ. Мөн зөвхөн наманчлах, үнэнийг дуулгавартай дагах зэрэг нь бидний аз жаргал, эрх чөлөөг хадгалан хамгаалж, өсгөн нэмэгдүүлдэг.

Хуулийн мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн эхний үед ухамсраа уландаа гишгэхийн эмгэнэлт үнэнийг би өөрийн нүдээр харж байсан. Би Вашингтоны Колумби дүүргийн НУ-ын дүүргийн шүүхийн шүүгч Жон Ж.Сирикагийн хуулийн бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан юм. Намайг бичиг хэргийн ажилтнаар томилогдсоны дараахан Вотэргэйт нэртэй үндэсний хэмжээний гутамшигт үйл явдал болж, Вотэргэйттэй холбоотой шүүх хурлууд шүүгч Сирикагийн болон миний цаг завыг бараг 2 жил хагасын хугацаанд үрэх болсон юм. Нарийн ширийн зүйл тоочилгүй, энгийнээр тайлбарлавал, 1972 оны ерөнхийлөгч Ричард Никсоны нөхөн сонгуулийн компанит ажлыг хариуцсан Ерөнхийлөгчийг дахин сонгох хорооны ажилтнууд хууль бусаар нэвтрэн орох, нууцаар чагнах зэрэг арга хэрэглэн Ардчилсан Үндэсний Хорооны мэдээллийг хулгайлахыг завдсан байлаа. Баривчилгаа ч явагдаж, ерөнхийлөгч Никсоны сонгуулийн компанит ажилтай болон Цагаан ордны аливаа албаны хүмүүс энэхүү хууль бус үйлдэлтэй холбоотой гэсэн аливаа сэжүүрийг далдлан нуух ажиллагаа тэр даруй явагдаж эхэлсэн юм. Энэхүү далдлан нуух гэсэн үйл ажиллагаа шүүхийн шударга ёсыг боогдуулах гэмт хэргийн чанартай болсон бөгөөд тэр ч бүү хэл үүнд ерөнхийлөгч Никсон хүртэл оролцсон байлаа.

Дараагийн хоёр жилийн хугацаанд, суудлаа хүлээлгэж өгөхийнхөө өмнө Никсонд ухамсраа даган, уг ажиллагааг зогсоож, “Энэ бол буруу. Тиймээс бид цааш үргэлжлүүлэхгүй. Бүх зүйл болдгоороо болог” гэж хэлж болох олон боломж байсан. Тэгсэн бол тэр улс төрийн шившигт байдалд оролгүй мөн шүүмжлэлд өртөлгүй үлдсэн хугацаагаа дуусгаж чадах байсан. Харин тэр зогсоо гэж хэлээгүй. Үүний оронд тэр өөрийн биеэр далдлан нуух нууц ажиллагаанд гүн гүнзгий орсон байсан юм. Миний хувьд амьдралын маань хэцүү үеийн нэг бол шүүгч Сирика бид хоёр 1973 оны 3-р сарын 21-ний өдөр ерөнхийлөгч болон Цагаан ордны хуулийн зөвлөх Жон Дийн хоёрын хооронд Зууван тасалгаанд өрнөсөн ярианы бичлэгийг сонссон явдал байлаа.

Дийн Цагаан ордон доторх зүйлийг далдлан нуух ажлыг хариуцан хийж байсан бөгөөд уг ажил нь бүтэлгүйтэж эхлэхийг мэдэрсэн байв. Харин тэр яавал зөв болохыг асуухаар Никсон дээр иржээ. Бичигдсэн яриан дээр Дийн хэдэн сарын өмнө явагдсан шүүх хурлын үеэр Вотэргэйтийн хууль бусаар орсон ажиллагаан дахь гэм буруугаа хүлээсэн хүмүүсийн гэр бүлд мөнгө тараах ажлыг зохицуулах гэх мэт авсан арга хэмжээнийхээ талаар тайлагнасан байлаа. Хууль бусаар орох ажиллагааг төлөвлөж, тушаал буулгасан ерөнхийлөгчийг дахин сонгох зөвлөлийн дээд албан тушаалтнуудын талаар амаа хамхисны төлбөрт уг мөнгийг өгсөн байв. Тэр хүмүүс гэр бүлд нь өгнө хэмээн амласан мөнгөө аваагүй эсвэл авсан мөнгө нь хангалтгүй гэж үзсэн тул нууцыг задруулна хэмээн сүрдүүлж байжээ.

Шүүгч Сирика бид хоёр Никсон гуайн тайван гэгч “Хэр хэмжээний мөнгө шаардлагатай вэ?” хэмээн асуухыг сонсоод, цочирдож билээ. Дийнийн хоолойны өнгөнөөс тэр өөрөө ч өгсөн хариултад нь гайхсан бололтой байгаа нь илт байв. Ийнхүү асуухад тэр агаараас нэг тоо бодож олсон байдалтай “Сая доллар” гэж хэлэв. Никсон хариуд нь тэр хэмжээний мөнгийг босгох амархан ч ямар ч ул мөр үлдээлгүй хэрхэн тарааж болох вэ гэдэгт л санаа зовж байна хэмээн хариулав. Шүүгч бид хоёр сонссон зүйлдээ итгэсэнгүй буюу итгэхийг хүссэнгүй. Тэр надад бичлэгийг эргүүлэн тавьж, дахин сонсъё гэж бичсэн цаасаа өгөв. Бид яриаг дахин сонсож дуусаад, бие биендээ бараг л үг дуугаралгүй хуурцгийг хурааж, гэртээ эртхэн харьж билээ. Одоо ч гэсэн би тэр үед хэрхэн итгэл алдарч, уй гашууд автсан байснаа мартдаггүй. Энэ үйл явдал Никсоныг суудлаа тавьж өгөхөөс хэдхэн сарын өмнө болсон ч түрүүлж суудлаа тавьж өгөхгүй бол ерөнхийлөгч хуулийг ноцтой зөрчсөн гэдэгт буруутгагдана гэдгийг бид аль хэдийн мэдэж байлаа.

Би тухайн үед мөн одоо ч гэсэн яагаад Никсон уг шившигт үйл явдлыг даамжруулан, ялзруулсан юм бол гэж боддог. Цаг хугацаа өнгөрсөөр, ухамсраа уландаа гишгэсэн тул Вотэргэйтийн хулгайчид бүр давран мөн өөрийг нь сүрдүүлж байхад хүртэл Нэгдсэн Улсын ерөнхийлөгч огтхон ч эгдүүцэж уурлаагүйд би одоо ч гэсэн гайхдаг. Би үүний адил сүйрэл авчрахгүйн тулд ямар ч үед тайлбар бүү тавь гэдгийг буюу үргэлж, ямагт ухамсартаа захирагдаж бай хэмээх амьдралын сургамжийг энэ үйл явдлаас олж авсан юм. Өчүүхэн мэт үйлдэл, шалихгүй мэт асуудлаас болж үнэнч шударга байдлаа хойш тавих нь эцсийн эцэст хүмүүсийг ухамсрын үзүүлдэг ач тус, хамгаалалтыг бүрмөсөн алдахад хүргэх аюултай. Бизнес, ажил мэргэжил, улс төрийн амьдралдаа шударга бус эсвэл хууль бус үйлдэл хийсэн ч хариуцлага үүрэлгүй өнгөрч (ядаж энэ амьдралдаа), “хариуцлагаас мултарч чадсан” хүмүүс байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ сул дорой, тэр тусмаа мэдрэмжээ алдсан ухамсар нь жижиг, том, бүлэглэл эсвэл хувь хүн гэсэн “вотэргэйтчүүдэд” буюу аюулд буруутан, гэмгүй хүмүүсийн аль алиныг нь сүйтгэх үүд хаалгыг нээж өгдөг билээ.

Иохан “Өөрт нь итгэсэн иудейчүүдэд—Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө”44 хэмээх Аврагчийн хүчирхэг амлалтыг цэдэглэсэн байдаг. Үнэнийг мэдэж, дагах нь биднийг эхлээд мунхаг байдал, нүглээс баттай чөлөөлдөг 45, харин дараа нь Эцэгийн хаант улсыг болон Түүний бидэнд өгч чадах бүх зүйлийг хүлээн авах хүртлээ бүхий л сайн сайхан гэснийг эрэлхийлэх эрх чөлөөтэй байх болно.46 Есүс Өөрөө “зам, үнэн, амь”47 юм бол, Тэрээр ач ивээлээрээ биднийг үхлээс болон тамаас чөлөөлдөг48 гэсэн үнэн биднийг чөлөөлдөг хамгийн ач холбогдол бүхий үнэн байж болох юм.

Их Эзэн “Гэрэл ба үнэн нь тэрхүү хилэнцэт нэгнийг орхи[н нүглийн хүлээсийг тайлдаг]. … [Гэхдээ] тэрхүү ёс бус нэгэн ирж, дуулгаваргүй байдлаар дамжуулан мөн эцгүүдийнх нь уламжлалын улмаас гэрэл ба үнэнийг хүмүүний үрсээс холдуулан аваачдаг бөлгөө”49 хэмээн хэлсэн.

Мормоны Номон дээр ёс бус хүмүүн худал хуурмаг ёс заншил, дуулгаваргүй байдлаар гэрэл ба үнэнийг бусдаас авсан тод томруун жишээг өгсөн байдаг. Христийг ирэхээс ойролцоогоор 150 жилийн өмнө леменчүүдийг худал хуурмаг ёс заншилд автсан, “Их Эзэний талаар юу ч эс мэддэг”50 хэмээн дүрсэлсэн байдаг. Зөвхөн Мозаягийн хөвгүүдийг гайхалтай номлол хийсний дараа олон лемен хүн авралын төлөвлөгөөний талаар сонсож, үнэнийг олж мэдсэн юм.51

Хаан Лемонайгийн хувьд худал хуурмагийн гүн харанхуйгаас гайхамшигт үнэний гэрэлд гарч ирсэндээ баясах баяр хөөр түүнийг эзэмдэн байв. “Мөн түүний оюуныг гэрэлтүүлсэн гэрэл, Бурханы алдар суугийн гэрэл болох тэр, … харанхуйн үүлс ярагдсаны дараа энэ гэрэл түүний бодгальд маш их баяслыг төрүүлснийг мөн үүрдийн амьдралын гэрэл түүний бодгальд гэрэлтсэнийг … энэ нь [түүнд] буй биеийг хальж, мөн тэрээр оюун санааныхаа хувьд Бурханаар аваачигдсаныг тэрээр мэдсэн бөлгөө.”52

Үнэндээ хоёрхон сонголт бий. Нэг нь хүмүүн Христийн үгийг чих тавин сонсох замаар үнэнийг олох. Учир нь “Түүний зарлигуудыг сахьдаг тэрээр, үнэнд тэрээр алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой.”53 Нөгөөх нь дайсны мэдэлд орж, боломжгүй зүйлийг буюу түүний зохиомол зүйлээс аз жаргалыг олж авах гэж оролдох аж. Хүмүүс энэ болон дараах амьдралд бодит үнэнийг үл ойшоосноор амжилтад хүрэх боломжгүй юм. Үнэндээ энэ нь наманчлахаас хамаагүй хялбар харагддаг тул олон хүн энэ замаар явах гэж оролддог. Зөвхөн наманчлах, Бурханы үнэнд дуулгавартай байх зэрэг нь биднийг “эвдрэл нь асар их”54, унах тавилантай мөрөөдлийн ертөнцөөс чөлөөлнө.

Бидний оршихуйн бодит байдлын цөм болсон дараах суурь үнэнүүдийг бид итгэл дүүрэн, Бурханы бидэнд өгдөг бүхий л хүчээр ахин дахин заах ёстой. Тухайлбал:55

  1. Бурхан, Тэнгэрлэг Эцэг амьд бөгөөд Тэрээр цорын ганц үнэн хийгээд амьд Бурхан мөн.

  2. Есүс Христ бол Бурханы Төрсөн Ганц Хүү болой.

  3. Есүс Христ дэлхий дээр Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирсэн. Тэрээр тэдний нүглийг цагаатгахын тулд зовж мөн егүүтгэгдсэн.

  4. Тэрээр үхлээс босож, Амилалтыг урагш авчирсан.

  5. Бүх хүмүүн эцсийн хийгээд шүүлтийн өдөр Түүний өмнө зогсож, үйлийнхээ дагуу шүүгдэх болно.

Бид эдгээр үнэнийг хайрлаж, эдгээрийн дагуу амьдрах болтугай. Эдгээр нь үнэн гэдгийг би чин сэтгэлээсээ гэрчилж байна. Бид үнэнийг идэвхтэй, өөдрөгөөр эрэлхийлэн, зааж, түүний дагуу амьдрах болтугай. Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.