2010–2019
Гэр орондоо заах нь баяр баясгалантай бөгөөд ариун нандин үүрэг хариуцлага юм
2018 оны 4-р сар


Гэр орондоо заах нь баяр баясгалантай бөгөөд ариун нандин үүрэг хариуцлага юм

Биднийг гэр орондоо Христтэй адил багш байхаар хичээн чармайх үед тэнгэрийн тусламж өгөгдөөсэй хэмээн би гуйж байна.

Миний хайрт эхнэр Жюли бид хоёр эрдэнэ мэт эрхэм сайхан зургаан хүүхэд өсгөсөн бөгөөд саяхнаас хүүхдүүд минь бүгд тусдаа гарсан тул хоосон үүрэндээ үлдсэн мэт болоод байгаа. Хүүхдүүд маань бидний гэрт байнга хамт амьдардаг байсан тэр үеийг би ямар их санаж байна вэ. Би хүүхдүүдээсээ суралцаж, тэдэнд заадаг байснаа үгүйлж байна.

Өнөөдөр би бүх эцэг эхэд болон эцэг эх болохыг хүсэж буй бүх хүнд хандаж үг хэлье. Та нарын ихэнх нь одоо хүүхэд өсгөж байгаа. Зарим нэгэнд нь энэ цаг тун удахгүй ирж магадгүй. Өөр бусдад нь эцэг эх байх нь ирээдүйн адислал ч байж магадгүй юм. Хүүхдэд заах нь ямар баяр баясгалантай, ариун нандин үүрэг хариуцлага болохыг бид бүгд ухаараасай гэж би залбирч байна.1

Эцэг эхчүүдийн хувьд бид хүүхдүүдээ Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд танилцуулдаг. Бид хүүхдүүддээ анхныхаа залбирлыг хэлэхэд нь тусалдаг. Бид тэднийг баптисмаар дамжуулан гэрээний зам дээр2 гарахад нь тусалж, дэмждэг. Бид тэдэнд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахыг зааж өгдөг. Бид Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний талаар тэдэнд зааж сурган, Ариун Сүнсний шивнээг танихад тусалдаг. Бид тэдэнд эрт цагийн бошиглогчдын түүхийг ярьж өгч, амьд бошиглогчдыг дагахад урамшуулдаг. Бид тэдний амжилтын төлөө залбирч, сорилт бэрхшээл тохиолдсон үед нь хамтдаа зовж шаналдаг. Бид хүүхдүүддээ ариун сүмийн адислалуудын талаар гэрчилж, тэднийг бүрэн цагийн номлолд үйлчлэхэд нь сайн бэлтгэхийг хичээдэг. Хүүхдүүдээ эцэг эх болох үед бид хайр халамжаар дүүрэн зөвлөгөө өгдөг. Гэвч тэгсний дараа ч бид тэдний эцэг эх байхаа больдоггүй. Бид тэдний багш байхаа хэзээ ч больдоггүй. Бид эдгээр мөнхийн дуудлагаас хэзээ ч чөлөөлөгддөггүй юм.

Бидний гэр орондоо хүүхдүүддээ заах ёстой зарим гайхалтай боломжоос өнөөдөр дэлгэрэнгүй авч үзэцгээе.

Гэр бүлийн үдшээр заах нь

Бүгдээрээ миний өсөж торнисон, итгэлээр дүүрэн гэр оронд эн тэргүүнд тавигддаг байсан гэр бүлийн үдшээс эхэлцгээе. Би гэр бүлийн үдшээр заалгасан тодорхой хичээлүүдийг санахгүй байгаа ч бид нэг ч долоо хоног алгасалгүй гэр бүлийн үдэш хийдэг байсныг санадаг.3 Би эцэг эхийн маань хувьд юу чухал болохыг мэддэг байв.4

Би гэр бүлийн үдшийн дуртай үйл ажиллагааны нэгийг санаж байна. Аав маань хүүхдүүдийнхээ хэн нэгийг “Сорил” өгөхөд уриад, “Эхлээд, гал тогооны өрөө рүү орж, хөргөгчийг нээж, хаа. Дараа нь миний унтлагын өрөө рүү гүйж ороод, хувцасны шүүгээнээс маань хос оймс ав. Тэгээд над руу эргэн ирж, гурван удаа дээш доош үсрээд, ‘Аав аа, би хийчихлээ!’ гэж хэл” гэх мэт хэсэг хэсэг зааврыг өгдөг байв.

Би өөрийнхөө ээлж ирэхэд их баяртай байдагсан. Би алхам бүрийг яг таг зөв хийж, “Аав аа, би хийчихлээ!” гэж хэлэх тэр мөчийг ихэд нандигнадаг байсан. Энэ үйл ажиллагаа надад өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэхэд их тусалсан бөгөөд ингэснээр ээж юм уу аавыг сайн мэдээний зарчмыг заах үеэр хөдөлгөөнтэй хүүгийнх нь анхаарал төвлөрөхөд амар болдог байж билээ.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Хэрэв танд гэр бүлийн үдшийн ач холбогдлын талаар ямар нэгэн эргэлзээ байвал, үүнийг хийхийг оролдоод үз. Хүүхдүүдээ цуглуулаад, тэдэнд заа, гэрчлэлээ хуваалц, хамтдаа судар уншиж, цагийг хамтдаа сайхан өнгөрүүл”5 гэж зөвлөсөн.

Гэр бүлийн үдэш хийхэд эсэргүүцэл үргэлж тулгарах болно.6 Тийм байлаа ч гэсэн та бүгдийг эдгээр саад тотгорыг тойрон гарч, гэр бүлийн үдшийг эн тэргүүнд тавьж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх гол хүчин зүйлээ болгоход би урьж байна.

Гэр бүлийн залбирлаар заах нь

Гэр бүлийн залбирал бол заах өөр нэг онцгой боломж юм.

Ерөнхийлөгч Н.Элдон Таннэрын эцэг түүнийг гэр бүлийн залбирлын үеэр хэрхэн сургадаг байсан нь надад таалагддаг. Ерөнхийлөгч Таннэр дараах зүйлийг ярьсан байдаг.

“Нэгэн орой бид гэр бүлээрээ залбирахаар өвдөг сөгдөн сууж байх үед аав маань Их Эзэнд хандан ‘Элдон өнөөдөр хэрэг тарьсан. Тэр гэмшиж байгаа, хэрэв та түүнийг өршөөвөл тэр дахиж ийм хэрэг тарихгүй’ гэж хэлэв.

Энэ нь зодож шийтгэхээс илүү үр дүнтэй болж, намайг дахиж тийм хэрэг хэзээ ч хийхгүй гэсэн шийдвэр гаргахад хүргэсэн юм.”7

Бага байхад минь заримдаа бид гэр бүлийн залбирлыг хэтэрхий их хийгээд байгаа мэт санагдаж, “Бид хэдхэн минутын өмнө залбирсан биш бил үү?” гэж бодон унтууцдаг байж билээ. Одоо би эцэг хүний хувьд бид гэр бүлээрээ хэзээ ч хэтэрхий их залбирна гэж байдаггүйг мэднэ.8

Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг Өөрийнхөө Хайрт Хүү гэж хэрхэн танилцуулдаг нь надад үргэлж гүн сэтгэгдэл төрүүлсээр ирсэн.9 Намайг Тэнгэрлэг Эцэгт хандан, өөрсдөд нь ямар их хайртай болохоо илэрхийлж байгааг хүүхдүүд маань сонсож байх тэр үед би тэднийхээ төлөө нэрийг нь дурдан залбирах дуртай. Хүүхдүүдтэйгээ хамт залбирах юм уу тэднийгээ адислах үед хайраа илэрхийлэхээс илүү сайхан цаг байдаггүй мэт санагддаг. Гэр бүлүүд даруухнаар залбирахаар цуглахад хүчирхэг бөгөөд удаан үргэлжлэх хичээлүүд заагдаж байдаг.

Дуудлагаар заах нь

Эцэг эхчүүдийн зааж сургах нь дуудлагын эмч байхтай төстэй. Бид хүүхдүүддээ заахад үргэлж бэлэн байх ёстой. Яагаад гэвэл хэзээ тийм боломж гарахыг бид хэлж мэдэхгүй юм.

Зураг
Есүс худгийн дэргэд буй эмэгтэйд зааж байгаа нь

Бид Аврагчтай төстэй байх бөгөөд Тэрээр “ихэнх сургаалаа “синагогт биш, харин өдөр тутмын энгийн орчинд буюу шавь нартайгаа хооллох үед болон худгаас ус авч мөн инжир модны хажуугаар өнгөрч байхдаа заасан байдаг.”10

Олон жилийн өмнө ээж маань миний ах Мэттэд сайн мэдээний талаар хуваалцахдаа хамгийн шилдэг хоёр ярилцлага хийсний нэг нь угаасан зүйлээ эвхэж байхад, нөгөөх нь түүнийг шүдний эмчид хүргэж өгөхөөр машинаа бариад явж байхад болсон байв. Ээжийнхээ талаар миний биширдэг олон зүйлийн нэг нь түүний хүүхдүүддээ заахад хэзээд бэлэн байдаг явдал юм.

Ээжийн маань хувьд эцэг эхийн үүднээс заадаг зүйл нь хэзээ ч дуусаагүй. Намайг бишопоор үйлчилж байхад тухайн үед 78 настай байсан ээж минь намайг үсээ засуулах хэрэгтэй гэж хэлж байсан. Тэрээр намайг үлгэр жишээч байх хэрэгтэй гэдгийг мэддэг байсан бөгөөд тэгж хэлэхдээ эргэлзээгүй юм. Ээж ээ, би танд хайртай шүү!

Би эцэг хүний хувьд хүүхдүүд, ач зээ нартаа заахаар дуудагдах боломж гарах тохиолдол бүрд хариулах чадвартай байхын тулд судраасаа хувиараа судалж, тунгаан бодохдоо урам зориг дүүрэн байдаг.11 “Заах хамгийн сайн мөч [гэр бүлийн] гишүүний маань зүрхэнд ямар нэгэн асуулт эсвэл санаа зовох зүйл үүссэн тэр үеэс эхэлдэг.”12 Бид тэдгээр цаг мөчид сонсож чаддаг уу?13

Би төлөөлөгч Петрийн “Та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд [мөн хүүхдэд гэж би нэмж хэлмээр байна] хариу өгөхөд ямагт бэлэн бай”14 гэсэн урилгад дуртай.

Намайг өсвөр насны хүүхэд байхад аав бид хоёр хэн нь хамгийн чанга атгахаа үзэж тоглох дуртай байж билээ. Бид хоёр бие биенийхээ гарыг өвдтөл чанга атгаж, царай нь яаж хувирахыг харах гэж байдаг чадлаараа хичээдэг байсансан. Энэ нь одоо тийм ч хөгжилтэй биш санагдаж байгаа боловч тухайн үедээ их л хөгжилтэй байдагсан. Нэг тийм тулааны дараа аав нүд рүү минь хараад, “Хүү минь, чи хүчтэй гартай юм байна. Чиний гар залуу эмэгтэйд хэзээ ч зохисгүйгээр хүрэхгүй байх тийм чадалтай байгаасай гэж би найдаж байна” гэж хэлсэн билээ. Тэгээд намайг ёс суртахууны хувьд үргэлж цэвэр ариун байж, бусдад мөн тийм байхад нь тусалж байхад урьсан юм.

Ахлагч Дуглас Л.Каллистэр аавынхаа тухай “Бид нэгэн өдөр ажлаасаа харьж явтал аав ‘Би өнөөдөр аравны нэгээ төлсөн. Би өргөлийн чек дээрээ “Танд баярлалаа” гэж бичсэн. Манай гэр бүлийг адисалдагт нь Их Эзэнд би маш их талархдаг’ гэж санамсаргүй байдлаар хэлж билээ” гэж хуваалцсан.

Тэгээд ахлагч Каллистэр өөрийнхөө аав болох багшийг дурсан, “Тэр дуулгавартай байх үйлдэл, хандлага хоёрыг хоёуланг нь заасан”15 гэж хэлжээ.

Заримдаа бид өөрсдөөсөө “Би өөрийнхөө дуулгавартай байдал болон үйлдлээр хүүхдүүддээ юу заах бол эсвэл юу зааж байна вэ?” гэж асуух нь ухаалаг хэрэг гэж би боддог.

Гэр бүлээрээ судар судлах үеэр заах нь

Гэр бүлээрээ судар судлах нь гэр орондоо сургаалыг заах хамгийн тохиромжтой боломж юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Эцэг эхчүүд Бурханы үгийг үнэнчээр дагаад зогсохгүй, үүнийг хүүхдүүддээ заах үүрэг хариуцлагыг Их Эзэнээс хүлээн авсан байдаг”16 гэж хэлжээ.

Жюли бид хоёр хүүхдүүдээ өсгөхдөө тууштай, бүтээлч байхыг хичээж ирсэн. Нэг жил бид гэр бүлээрээ Мормоны Номыг испани хэл дээр уншихаар шийдсэн юм. Их Эзэн бүрэн цагийн номлолд үйлчилсэн хүүхэд бүрийг маань испани хэлний номлолд дуудсаны шалтгаан нь энэ байж болох уу? Es posible. [Магадгүй]

Брайан К.Аштон ах ахлах сургуулийн төгсөх ангид байхдаа Мормоны Номын бүх хуудсыг аавтайгаа хамт уншсан талаар хуваалцахад миний сэтгэл их хөдөлж билээ. Аштон ах судруудад хайртай. Судрууд түүний оюун ухаан, зүрх сэтгэлд бичигдсэн байдаг. Аштон ахыг өсвөр насны хүүхэд байхад аав нь тэрхүү үрийг суулгасан бөгөөд тэр үр17 гүн гүнзгий үндэслэж, үнэний мод болон ургасан юм. Аштон ах ч гэсэн өөрийнхөө том хүүхдүүдэд ийм зүйлийг хийсэн.18 Түүний найман настай хүү саяхан түүнээс “Аав аа, би хэзээ тантай хамт Мормоны Номоос унших юм бэ?” гэж асуусан байна.

Үлгэр жишээгээр заах нь

Эцэст нь, эцэг эхийн хувьд зааж сургах хамгийн үр нөлөөтэй арга бол бидний үлгэр жишээ юм. Бидэнд “итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл [болохыг]”19 зөвлөсөн байдаг.

Саяхан нэгэн аяллын үеэр Жюли бид хоёр сүмд очиж, энэ шүлэг үйлдэл болон хэрэгжиж байгааг харсан. Удахгүй номлолд гарах гэж буй нэгэн залуу эрэгтэй ариун ёслолын цуглаан дээр үг хэлэв.

Тэрээр “Та нар бүгд миний аавыг сүм дээр байхдаа их сайн хүн байдаг гэж боддог байх аа, гэвч …” гээд хэлэхээ түр азнахад нь би үргэлжлүүлээд юу хэлэх бол гэж сэтгэл түгшин байлаа. Тэр цааш үргэлжлүүлэн “Тэр гэртээ байхдаа бүр илүү сайн хүн байдаг юм” гэж хэлсэн.

Зураг
Стюартын гэр бүлийнхэн

Би ариун ёслолын дараа энэ залуу эрэгтэйд аавынхаа тухайд сүнслэг урамшуулал бүхий хүндэтгэл үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн билээ. Тэр үед би түүний аавыг тухайн тойргийн бишоп болохыг олж мэдсэн юм. Хэдийгээр энэ бишоп маань тойрогтоо итгэлтэйгээр үйлчилж байсан боловч хүү нь түүнийг гэртээ байхдаа бүр хамгийн сайн ажил хийдэг гэж дүгнэсэн байв.20

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Бидэнд … өсвөр үеийнхэнд заах олон арга байдаг бөгөөд бид тэдгээр аргын ач тусыг бүрэн авахын тулд өөрсдийн хамгийн сайн санал бодол, хичээл зүтгэлийг зориулах хэрэгтэй. Юуны өмнө, бид эцэг эхчүүдийг … ялангуяа үлгэр жишээгээрээ илүү сайн, илүү тууштай багш нар байхад нь үргэлжлүүлэн урамшуулж, туслах ёстой”21 гэж зөвлөжээ.

Аврагч ингэж л заадаг.22

Ноднин биднийг хамгийн бага хоёр хүүхдийнхээ хамт аялж байхад Жюли бидэнд Сэнт Жорж болон Сан Диего ариун сүмүүдэд нас барагсдын төлөөх баптисм хийхийг санал болгосон юм. Би дотроо “Бид гэртээ байхдаа ариун сүмд ордог, одоо бид аяллаар явж байна. Яагаад аялал амралтад зориулсан юм хийж болдоггүй юм бэ?” гэж бувтнасан юм. Баптисмын дараа Жюли ариун сүмийн гадаа зургаа даруулмаар байна гэж хүсэв. Би дахиад л дотроо бувтнав. Тэгээд дараа нь юу болсныг та бүгд таа даа. Бид зургаа авхуулсан.

Зураг
Дуррантынхан Калифорнийн Сан Диегогийн ариун сүмийн дэргэд
Зураг
Дуррантынхан Ютагийн Сэнт Жоржийн ариун сүмийн дэргэд

Жюли хүүхдүүдийг өвөг дээдсээ аврахад хэрхэн тусалсан талаараа дурсамжтай байгаасай гэж хүсдэг. Би ч мөн адил тэгж хүсдэг. Бид ариун сүмийн чухлын талаар албан ёсны хичээл заалгах шаардлагагүй байсан. Ариун сүмд хайртай, хүүхдүүдээ тэрхүү хайрыг хуваалцаасай гэж хүсдэг ээжийн ачаар бид үүгээр амьдарч байлаа.

Эцэг эхчүүд бие биенээ энхрийлэн хайрлаж, зөв шударгын үлгэр жишээг үзүүлэх үед хүүхдүүд нь мөнхөд адислагддаг.

Дүгнэлт

Гэр орондоо зааж сургахыг хамгийн сайнаараа хичээж байдаг та бүхэн энэхүү хичээл зүтгэлдээ амар амгалан, баяр баясгаланг олох болтугай. Мөн та нарт өөрсдийгөө сайжруулах шаардлагатай эсвэл илүү сайн бэлтгэх хэрэгтэй гэж санагдвал Сүнсийг өөрсдөд тань нөлөөлөх үед даруухнаар хариу үзүүлж мөн үйлдэхийн тулд та нар өөрсдөө үүрэг хүлээгээрэй.23

Ахлагч Л.Том Пэрри “Аливаа нийгмийн эрүүл мэнд мөн ард түмнийх нь аз жаргал, амжилт, амар амгалан байдал зэрэг нь бүгд гэр орондоо үр хүүхдэдээ зааж сургахад үндэслэгдсэн байдаг”24 гэж хэлсэн.

Тийм ээ, миний гэр орон хоосон үүр мэт эзгүйрсэн боловч би өсөж том болсон хүүхдүүддээ мөн хүүхдүүдийнхээ хүүхдүүдэд, магадгүй хэзээ нэгэн цагт тэдний хүүхдүүдэд заах нэмэлт үнэ цэнтэй боломжуудыг олохыг хичээн, бэлтгэлтэй байж, дуудлага хүлээн авахад бэлэн байх болно.

Биднийг гэр орондоо Христтэй адил багш байхаар хичээн чармайх үед тэнгэрийн тусламж өгөгдөөсэй хэмээн би гуйж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Сургаал ба Гэрээ 68:25; 93:40-ийг үзнэ үү.

    Ахлагч Л.Том Пэрри: “Дайсны нөлөө хүрээгээ тэлсээр байна. Тэр манай нийгмийн хамгийн чухал үндэс суурь болох гэр бүлийг дайран довтолж, аажмаар доройтуулан сөнөөхийг хичээж байна. Эцэг эхчүүд гэр орондоо зааж сургах нь хамгийн ариун үүрэг гэдгийг баттай шийдэх ёстой” гэж заасан (“Ээж нар гэр орондоо хүүхдүүддээ зааж сургах нь,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34).

    Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга: “Эхнэр, нөхөр хоёр нь бие биеэ болон үр хүүхдээ хайрлан халамжлах хариуцлага хүлээнэ. ‘Үр хүүхэд бол Эзэнээс ирдэг бэлэг мөн’ (Дуулал 127:3). Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж, бие бялдар, оюун санааных нь хэрэгцээг хангаж, бие биеэ хайрлан, үйлчилж, Бурханы зарлигуудыг дагаж, хаана ч амьдарсан хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байхыг зааж сургах нандин үүрэгтэй юм. Эхнэр, нөхөр—эцэг эхчүүд үүргээ хэрхэн биелүүлснээрээ Бурханы өмнө хариуцлага хүлээнэ” гэж заасан билээ (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”).

  2. Russell M. Nelson, “As We Go Forward Together,” Liahona, Apr. 2018, 7-г үзнэ үү.

  3. Ахлагч Дэвид А.Бэднар: “Өнөөдөр та нар манай хөвгүүдээс гэр бүлийн залбирал, судрын уншлага, гэр бүлийн үдшийн талаар асуувал, тэдний юу гэж хариулахыг би мэднэ гэдэгтээ итгэлтэй байна. Тэд, тодорхой нэг залбирал, судрын тодорхой нэг эшлэл эсвэл гэр бүлийн аль нэг үдшийг өөрсдийн сүнслэг хөгжил дэвшилд хэрэгтэй байсан яг тэр мөч хэмээн тодорхойлохгүй байх. Харин бид гэр бүлээрээ тогтмол байсан гэдгийг санаж байна гэж хэлэх байх” гэсэн байдаг (“Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 20).

  4. “Home Can Be a Heaven on Earth,” Hymns, no. 298-ыг үзнэ үү.

  5. Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley (2016), 171.

  6. 2 Нифай 2:11-ийг үзнэ үү.

  7. N. Eldon Tanner, “Never Be Ashamed of the Gospel of Christ,” Ensign, Feb. 1980, 4.

  8. 3 Нифай 18:21-ийг үзнэ үү.

  9. Матай 3:16–17; 3 Нифай 11:6–8; Сургаал ба Гэрээ 18:34–36; Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү.

  10. “Гэнэт гарч ирсэн заах боломжийг ашигла,” Аврагчийн арга барилаар заах нь (2016), 16. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагад гэр орондоо заахад туслах төрөл бүрийн зөвлөгөө, зааварчилгаа байдаг.

  11. Сургаал ба Гэрээ 11:21; 84:85.

  12. Аврагчийн арга барилаар заах нь, 16.

  13. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), “Сонсох,” 210–211-ийг үзнэ үү.

  14. 1 Петр 3:15.

  15. Douglas L. Callister, “Most Influential Teacher—Emeritus Seventy Pays Tribute to Father,” Church News section of LDS.org, Aug. 29, 2016, LDS.org/news.

  16. Russell M. Nelson, “Set in Order Thy House,” Liahona, Jan. 2002, 81.

  17. Aлма 32:28–43-ыг үзнэ үү.

  18. Мэлинда Аштон эгч өөрийн нөхөр Аштон ахыг хотоос гадагш явсан үеэр энэ үүргийг гүйцэтгэдэг.

  19. 1 Тимот 4:12; Алма 17:11-ийг үзнэ үү.

  20. Бишоп Жэффри Л.Стюарт Ютагийн Сэнт Жорж хотын Саутгэйт Хоёрдугаар тойрогт үйлчилдэг. Түүний хүү Самуел одоо Колумбын Меделин номлолд үйлчилж байна.

  21. D. Todd Christofferson, “Strengthening the Faith and Long-Term Conversion of the Rising Generation,” in General Conference Leadership Meeting, Sept. 27, 2017.

  22. 3 Нифай 27:21, 27-г үзнэ үү.

  23. Сургаал ба Гэрээ 43:8–9-ийг үзнэ үү.

  24. L. Tom Perry, “Mothers Teaching Children in the Home,” 35.