Ёслолууд ба тунхгууд
Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг


Гэр бүл

Дэлхий дахинаа өргөх тунхаг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Зөвлөл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Зөвлөлийнхөн бид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяасан бөгөөд гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг чин сэтгэлээсээ тунхаглаж байна.

Бүх хүн төрөлхтөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан, өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлиг шинж чанар, хувь тавилантай юм. Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм.

Мөнх бус байдлын өмнөх амьдралд сүнслэг охид хөвгүүд Бурханыг Мөнхийн Эцэг хэмээн мэдэж, биширч, мөнхийн амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн ухааран ойлгож төгс төгөлдөр болон хөгжин дэвшихийн тулд бие махбодтой болж энэ дэлхийд амьдрах тухай Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм. Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог мөнхжүүлдэг. Ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүд нь хувь хүн Бурханы оршихуйд эргэн очих, гэр бүлүүд мөнхөд нэгдэх боломжийг олгодог.

Бурханы Адам, Ева хоёрт өгсөн анхны зарлиг нь эхнэр нөхрийн хувьд эцэг эх болох талаар байлаа. Өдгөө бид Бурханы хүүхдүүддээ “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ” хэмээсэн зарлиг нь хүчин төгөлдөр байгааг тунхаглаж байна. Түүнчлэн “үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой” хэмээсэн Бурханы зарлигийг тунхаглаж байна.

Мөнх бус амьдралын арга зам нь тэнгэрээс тогтоогдсон гэдгийг бид тунхагладаг. Бурханы мөнхийн төлөвлөгөөн дэх амьдралын цэвэр ариун байдал, түүний ач холбогдлын чухлыг бид батлан хэлж байна.

Эхнэр нөхөр хоёр нь бие биеэ болон үр хүүхдээ хайрлан халамжлах хариуцлага хүлээнэ. “Үр хүүхэд бол Их Эзэний өв юм” (Дуулал 127:3). Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж бие бялдар болон оюун санааных нь хэрэгцээг хангаж, бие биеэ хайрлан, үйлчилж, Бурханы зарлигуудыг дагаж, хаана ч амьдарсан хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байхыг зааж сургах нандин үүрэгтэй юм. Эхнэр нөхөр, эцэг эхчүүд үүргээ хэрхэн биелүүлснээрээ Бурханы өмнө хариуцлага хүлээнэ.

Гэр бүл Бурханаас заяагддаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Түүний мөнхийн төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг юм. Хүүхдүүд нь гэр бүлд төрж, гэрлэлтийн тангарагаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй. Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно. Аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зарчмуудыг баримтлан амьдарна. Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой. Хувь хүн тахир дутуу болох, нас нөгчих болон бусад нөхцөл байдалд зайлшгүй дасан зохицох шаардлага гарч болно. Төрөл төрөгсөддөө шаардлагатай үед туслан дэмжих ёстой.

Ариун явдлын гэрээгээ зөрчин, хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хувь хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болохыг бид анхааруулж байна. Түүнчлэн гэр бүлээ сарниулбал эрт эдүгээгийн бошиглогчдын зөгнөн хэлснээр хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно гэдгийг бид сануулж байна.

Итгэл хүлээсэн иргэд, төрийн албан хаагч та бүхнийг нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүлэн авч явах арга замуудыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудаж байна.

Хэвлэх