Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 84


Хэсэг 84

1832 оны есдүгээр сарын 22, 23-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Есдүгээр сарын туршид, ахлагчид дорнод мужууд дахь номлолоосоо эргэн ирж, мөн хөдөлмөрүүдийнхээ талаар тайлангаа тавьж эхэлжээ. Баяр хөөрийн энэ үед тэд хамтдаа байх үед дараах захиас хүлээн авагдсан ажээ. Бошиглогч үүнийг санваарын талаарх илчлэл хэмээн үзжээ.

1–5, Шинэ Иерусалим мөн ариун сүм Миссурид баригдах болно; 6–17, Мосегоос Адам хүртэлх санваарыг дамжуулагсдын нэрс өгөгдөв; 18–25, Дээд санваар Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг; 26–32, Доод санваар тэнгэр элч нарын тохинууллын болон бэлтгэл сайн мэдээний түлхүүрийг атгадаг; 33–44, Санваарын тангараг болон гэрээгээр дамжуулан хүмүүс мөнх амьдралыг олдог; 45–53, Христийн Сүнс хүмүүсийг гэгээрүүлдэг, мөн дэлхий нүгэлд байдаг бөлгөө; 54–61, Гэгээнтнүүд хүлээж авсан тэдгээр зүйлийнхээ талаар гэрчлэх ёстой; 62–76, Тэд сайн мэдээг номлох ёстой, мөн тэмдгүүд дагалдах болно; 77–91, Ахлагчид хэтэвч юм уу аяны цүнхгүйгээр урагш одох ёстой, мөн Их Эзэн тэдний хэрэгцээг хангах болно; 92–97, Сайн мэдээг эсэргүүцдэг тэдэнд өвчин тахлууд болон зүхлүүд тохиох болно; 98–102, Сионы гэтэлгэлийн шинэ дуу өгөгдөв; 103–110, Хүн болгон өөр өөрсдийн албан тушаалд үүргээ биелүүлж мөн дуудлагадаа хөдөлмөрлөг; 111–120, Их Эзэний үйлчлэгчид эцсийн өдрүүдийн үгүйрлийн жигшүүрт хэргийг тунхаглах ёстой.

1 Өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитэд мөн зургаан ахлагчид, зүрх сэтгэлээ нэгтгэж, тэнгэрт дуу хоолойгоо өргөхөд нь өгсөн Есүс Христийн илчлэл оршвой.

2 Тийм ээ, Шинэ Иерусалим хот байх Сионы Уулан дээр зогсоохоор өөрийн гэгээнтнүүдийг цуглуулахын тулд, мөн бошиглогчдынхоо амаар хэлсэнчлэн өөрийн хүмүүсийн сэргээлтийн төлөө, түүний эцсийн өдрүүдэд байгуулсан өөрийн сүмийн талаарх Их Эзэний үг оршвой.

3 Миссури мужийн өрнөд хязгаарт, Их Эзэний хуруугаар тогтоогдсон, мөн Бага Иосеф Смит болон Их Эзэний таалалд нийцсэн бусад тэднээр онцгойлон адислагдсан ариун сүмийн газраас эхлэн баригдах тэр хот буюу.

4 Үнэнээр, Их Эзэний үг нь энэ болой, бүр энэ үед босгогдох тэрхүү ариун сүм болох ариун сүмийн газраас, энэ газраас эхлэн, гэгээнтнүүдийн цугларалтаар Шинэ Иерусалим хот баригдах болно.

5 Учир нь Их Эзэнд өргөө баригдаж, мөн уг өргөөг дүүргэх тэр, бүр Их Эзэний сүр жавхлан болох тэрхүү үүл үүн дээр тогтох хүртэл үнэнээр энэ үеийнхэн бүгдээрээ улиран одох нь үгүй.

6 Мөн Мосегийн хөвгүүд, хадам эцэг Иетрогийн гар дор тэрээр хүлээн авсан тэрхүү Ариун Санваарын дагуу;

7 Мөн Иетро үүнийг Калебын гар дор хүлээн авчээ;

8 Мөн Калеб үүнийг Елайхугийн гар дор хүлээн авчээ;

9 Мөн Елайху Иеремиагийн гар дор;

10 Мөн Иеремиа Гадын гар дор;

11 Мөн Гад Есаиасын гар дор;

12 Мөн Есаиас үүнийг Бурханы гар дор хүлээн авчээ.

13 Есаиас тэрчлэн Абрахамын өдрүүдэд амьдарч байв, мөн түүгээр адислагдсан байжээ—

14 Бүр Ноа хүртэл эцэг өвгөдийнхээ удмаар дамжуулан үүнийг хүлээн авсан Мелкизедекээс Абрахам санваарыг хүлээн авчээ;

15 Мөн Ноагаас Енох хүртэл эцэг өвгөдийнхөө удмаар дамжуулан;

16 Мөн Енохоос, ахынхаа хуйвалдаанаар егүүтгэгдсэн, анхны хүн асан өөрийн эцэг Адамын гараар, Бурханы зарлигуудаар санваарыг хүлээн авсан Абелыг хүртэл—

17 Бурханы сүмд бүх үед үргэлжилдэг, мөн өдрүүдийн эхлэл буюу жилүүдийн төгсгөлгүй тэрхүү санваарыг болой.

18 Мөн Их Эзэн нэгэн санваарыг тэрчлэн Аарон болон түүний үр удам дээр, тэдний бүх үеийнхэнд дамжуулан тогтоосон бөлгөө, энэ санваар нь тэрчлэн Бурханы хамгийн ариун жаягийн дагуух санваартай үүрд хамт үргэлжилж мөн үлдэх болно.

19 Мөн энэхүү дээд санваар нь сайн мэдээг зааж мөн хаант улсын нууцуудын түлхүүрийг, бүр Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг болой.

20 Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг.

21 Мөн үүний ёслолуудгүйгээр, мөн санваарын эрх мэдэлгүйгээр, бурханлаг чанарын хүч хүмүүст маханбодод илэрхийлэгдэх нь үгүй бөлгөө;

22 Учир нь үүнгүйгээр ямар ч хүмүүн Бурханы, бүр Эцэгийн нүүрийг үзэж, мөн амьдарч чадах нь үгүй.

23 Эдүгээ Мосе аглаг буйдад Израилын хүүхдүүдэд үүнийг тодорхойгоор заасан болой, мөн тэд Бурханы нүүрийг болгоож болохын тулд өөрийн хүмүүсийг ариусгахын тулд хичээнгүйлэн эрэлхийлсэн бөлгөө;

24 Гэвч тэд зүрх сэтгэлээ хатууруулсан ба түүний дэргэд байж чадахааргүй байв; тиймийн тул, Их Эзэн хилэгнэлдээ, учир нь түүний уур тэдний эсрэг дүрэлзэж байв, түүний сүр жавхлангийн бүрэн байдал болох тэрхүү амралт болох өөрийнх нь амралтад тэд аглаг буйдад байхдаа орохгүй хэмээн тангарагласан билээ.

25 Тиймийн тул, тэрээр тэдний дундаас Мосег, мөн тэрчлэн Ариун Санваарыг гаргаж авчээ;

26 Мөн тэнгэр элч нарын тохинуулал болон бэлтгэл сайн мэдээний түлхүүрийг атгадаг доод санваар үргэлжилсээр байсан болой;

27 Уг сайн мэдээ нь наманчлалын болон баптисмын, мөн нүглүүдийн ангижралын сайн мэдээ бөгөөд зуурдын зарлигуудын хууль бөлгөө, эхийнхээ хэвлийд байхаас эхлэн Ариун Сүнсээр дүүргэгдсэн байсан тэр, Бурханд өссөн тэр Иоханыг хүртэл Израилын хүүхдүүдийн дунд, Их Эзэн хилэгнэлдээ Аароны угсааныханд үргэлжлүүлэхээр болгосон уг сайн мэдээ бөлгөө.

28 Учир нь тэрээр бүр хүүхэд ахуй үедээ баптисм хүртсэн байлаа, мөн төрөөд найман өдөр болж байхдаа Бурханы тэнгэр элчээр энэхүү хүчинд, иудейчүүдийн хаант улсыг түлхэн унагаахаар, мөн Их Эзэний замыг түүний хүмүүсийн нүүрний өмнө шулуун болгохоор, мутарт нь бүх хүч өгөгдсөн Их Эзэний ирэлтэд тэднийг бэлтгэхээр томилогдсон болой.

29 Мөн түүнчлэн, ахлагчдын болон бишопын албан тушаалууд нь дээд санваарт харьяалагддаг зайлшгүй хавсралтууд болой.

30 Мөн түүнчлэн, багш болон диконы албан тушаалууд нь Аарон болон түүний хөвгүүдэд тогтоогдсон санваар болох доод санваарт харьяалагддаг зайлшгүй хавсралтууд болой.

31 Тиймийн тул, Мосегийн хөвгүүдийн талаар би хэлсэнчлэн—Мосегийн хөвгүүд мөн тэрчлэн Аароны хөвгүүд Их Эзэний өргөөнд таалалд нийцэм өргөл болон тахилыг өргөх болно, миний тогтоосон тэрхүү ариулан адислагдсан газарт, энэ үед Их Эзэнд баригдах тэрхүү өргөөнд болой—

32 Мөн Мосегийн хөвгүүд болон Аароны хөвгүүд Сионы Уулан дээр, Их Эзэний өргөөнд Их Эзэний сүр жавхлангаар дүүргэгдэх болно, та нар тэдний хөвгүүд болой; мөн тэрчлэн өөрийн сүмийг өсгөн бэхжүүлэхийн тулд миний дуудсан мөн урагш илгээсэн олон нь тэдний хөвгүүд бөлгөө.

33 Учир нь миний ярьсан энэхүү хоёр санваарыг хүртэхэд, мөн дуудлагаа эрхэмлэн биелүүлэхэд үнэнч хэн боловч, бие нь шинэчлэгдтэл Сүнсээр ариусгагддаг бөлгөө.

34 Тэд Мосегийн болон Аароны хөвгүүд мөн Абрахамын удам, мөн сүм ба хаант улс, мөн Бурханы сонгомол хүмүүс болдог.

35 Мөн тэрчлэн энэхүү санваарыг хүлээн авдаг тэд бүгд намайг хүлээн авдаг хэмээн Их Эзэн хэлдэг;

36 Учир нь миний үйлчлэгчдийг хүлээн авдаг тэр нь намайг хүлээн авдаг болой;

37 Мөн намайг хүлээн авдаг тэр нь Эцэгийг минь хүлээн авдаг болой;

38 Мөн Эцэгийг минь хүлээн авдаг тэр нь Эцэгийн минь хаант улсыг хүлээн авдаг; тиймийн тул Эцэгт минь байгаа бүхэн түүнд өгөгдөх болно.

39 Мөн энэ нь санваарт хамаарагддаг тангараг болон гэрээний дагуу болой.

40 Тиймийн тул, санваарыг хүлээн авдаг тэд бүгд зөрчиж ч үл болох, мөн хөдөлгөж ч үл болох, Эцэгийн минь энэхүү тангараг болон гэрээг хүлээн авдаг бөлгөө.

41 Гэвч үүнийг хүлээн авсныхаа дараа уг гэрээг зөрчдөг, мөн үүнээс бүрмөсөн нүүр буруулах хэн боловч, энэ дэлхийд ч, мөн ирэх дэлхийд ч нүглүүдийн өршөөлийг авах нь үгүй.

42 Мөн энэхүү санваарт үл ирэх тэд бүгдэд халаг, та нарын хүлээн авсан, энэ өдөр энд байгаа та нарын дээр тэнгэрээс ирэх өөрийн дуу хоолойгоор баталж байгаа тэрхүү санваарт буюу; мөн та нарт санаа тавих үүргийг бүр тэнгэрийн түмэнд болон тэнгэр элч нартаа би өгсөн билээ.

43 Мөн өөрсдийн тухайд болгоомжтой байж, мөнх амьдралын үгсэд хичээнгүйлэн анхаарал тавих зарлигийг бибээр эдүгээ та нарт өгч байна.

44 Учир нь та нар Бурханы амнаас урагш гарах үг бүрээр амьдрах ёстой.

45 Учир нь Их Эзэний үг бол үнэн мөн ямар ч үнэн нь гэрэл юм, мөн ямар ч гэрэл нь Сүнс, бүр Есүс Христийн Сүнс билээ.

46 Мөн Сүнс нь дэлхийд ирдэг хүн болгонд гэрлийг өгдөг; мөн дэлхий даяар Сүнсний дуу хоолойг анхаардаг хүн болгоныг Сүнс нь гэгээрүүлдэг бөлгөө.

47 Мөн Сүнсний дуу хоолойг анхаардаг хүн болгон Бурханд, бүр Эцэгт ирдэг болой.

48 Мөн Эцэг өөрийн шинэчилсэн болон та нар дээр баталсан гэрээний тухай түүнд заадаг, та нарын тусын тулд, зөвхөн та нарын тусын тулд ч бус, харин бүхэл дэлхийн тусын тулд тогтоогдсон түүний тухай болой.

49 Мөн бүхэл дэлхий нүгэлд байна, мөн харанхуйн дор мөн нүглийн боолчлол дор ёолж байна.

50 Мөн тэд нүглийн боолчлол дор байгааг үүгээр та нар мэдэж болно, учир нь тэд надад ирдэггүй бөлгөө.

51 Учир нь надад үл ирдэг хэн боловч нүглийн боолчлол дор байдаг билээ.

52 Мөн миний дуу хоолойг үл хүлээн авах хэн боловч миний дуу хоолойг таньдаггүй, мөн минийх бус юм.

53 Мөн үүгээр та нар зөв шударга хүмүүсийг ёс бусыг үйлдэгчдээс ялган таньж мөн бүхэл дэлхий нүгэлд мөн бүр эдүгээ харанхуй дор ёолж буйг мэдэж болно.

54 Мөн итгэлгүйн улмаас, мөн та нар өөрсдийнхөө хүлээн авсан зүйлсэд хөнгөмсгөөр хандсаны улмаас та нарын оюун өнгөрсөн үед харанхуйлагдсан байлаа—

55 Энэхүү хоосон болон итгэлгүй байдал нь бүхэл сүмийг буруутгал дор авчирсан буюу.

56 Мөн энэхүү буруутгал Сионы хүүхдүүд, бүр бүгд дээр байна.

57 Мөн тэд энэхүү буруутгал дор үлдэх болно, тэд наманчилж мөн тэрхүү шинэ гэрээ, бүр Мормоны Номыг мөн тэдэнд миний өгсөн урьдын зарлигуудыг зөвхөн хэлэхээр төдийгүй, харин миний бичсэний дагуу үйлдэхээр санах хүртлээ буюу—

58 Тэд Эцэгийнхээ хаант улсад тохирох үр жимсийг урагш гаргаж болохын тулд буюу; эс бөгөөс Сионы хүүхдүүд дээр цутгагдах цээрлэл болон шүүлт хэвээр үлдэх болно.

59 Учир нь хаант улсын хүүхдүүд миний ариун нутгийг бохирлох уу? Үнэнээр би та нарт хэлнэ, Үгүй.

60 Үнэнээр, үнэнээр бибээр, миний дуу хоолой болох үгсийг минь эдүгээ сонсож буй та нарт хэлж байна, та нар эдгээр зүйлийг хүлээн авахын хэрээр адислагдсан болой та нар;

61 Учир нь энэхүү зарлигаар бибээр нүглүүдийг чинь та нарт өршөөх болно—та нарт өгөгдсөн тэдгээр зүйлийг бүх дэлхийнхэнд гэрчлэхдээ та нар оюундаа чанд байдалд болон залбиралт байдалд гуйвшгүй хэвээр үлдэх ёстой.

62 Тиймийн тул, та нар бүх дэлхийгээр явагтун; мөн уг гэрчлэл та нараас бүх дэлхийд хүн болгонд очиж болохын тулд та нар явж үл чадах аливаа газарт гэрчлэлээ илгээх ёстой.

63 Мөн бибээр төлөөлөгчдөдөө хэлсэнчлэн, бүр та нарт би үүнчлэн хэлж байна, учир нь та нар миний төлөөлөгчид, бүр Бурханы дээд пристүүд билээ; та нар бол Эцэгийн минь надад өгсөн тэд юм; та нар миний найз нар билээ;

64 Тиймийн тул, бибээр төлөөлөгчдөдөө хэлсэнчлэн та нарт дахин хэлж байна, та нарын үгсэд итгэдэг мөн нүглүүдийн ангижралын төлөө усаар баптисм хүртдэг бодгаль бүр Ариун Сүнсийг хүлээн авах болно.

65 Мөн итгэдэг тэднийг энэ тэмдгүүд дагалдах болно—

66 Миний нэрээр тэд олон гайхамшигт ажлыг хийх болно;

67 Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулах болно;

68 Миний нэрээр тэд өвчтэйг эдгээх болно;

69 Миний нэрээр тэд сохрын нүдийг нээж, мөн дүлий хүний чихний бөглөөсийг гаргах болно;

70 Мөн хэлгүйчүүдийн хэл ярих болно;

71 Мөн хэн нэгэн нь тэдэнд хор өгөх аваас энэ нь тэднийг гэмтээхгүй байх болно;

72 Мөн хорт могойн хор тэднийг гэмтээх хүчгүй байх болно.

73 Гэвч эдгээр зүйлээр тэд өөрсдөө сагсуурах ч, мөн дэлхийнхний өмнө тэдгээрийг ярих ч ёсгүй хэмээх зарлигийг би тэдэнд өгч байна; учир нь эдгээр зүйл та нарын ашиг тус болон авралын төлөө та нарт өгөгдсөн бөлгөө.

74 Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, та нарын үгсэд үл итгэдэг, мөн Ариун Сүнсийг хүлээн авч болохын тулд мөн миний нэрээр, нүглүүдийнхээ ангижралын тулд усанд баптисм хүртээгүй тэд яллагдах болно, мөн миний Эцэг болон бибээр оршдог Эцэгийн минь хаант улсад ирэхгүй байх болно.

75 Мөн та нарт өгөх энэхүү илчлэл, мөн зарлиг нь яг энэ цагаас бүх дэлхийнхэнд хүчин төгөлдөр бөлгөө, мөн сайн мэдээ нь үүнийг хүлээн аваагүй тэд бүгдэд хандах болой.

76 Гэвч хаант улс өгөгдсөн тэд бүгдэд бибээр үнэнээр хэлж байна—тэд урьдах хилэнцэт ажлуудаасаа наманчилж болохын тулд энэ нь та нараас тэдэнд номлогдох ёстой; учир нь тэд итгэлгүй хилэнцэт зүрх сэтгэлийнхээ төлөө, мөн би та нарыг илгээхэд Сион дахь та нарын ах дүүс та нарыг эсэргүүцсэний төлөө зэмлэгдэх ёстой.

77 Мөн түүнчлэн би та нарт хэлж байна, найз нар минь, учир нь энэ цагаас хойш та нарыг бибээр найз нараа хэмээн дуудна, энэхүү зарлигийг бибээр та нарт өгөх нь зүйтэй байна, бибээр тэдэнтэй хамт байсан тэр өдрүүдэд сайн мэдээг миний сүр хүчинд номлохоор аялж байсан миний найз нарын адил та нар байгтун гэсэн зарлигийг буюу;

78 Учир нь тэдэнд мөнгөний хэтэвч юм уу аяны цүнх, бас хоёр хүрэм байхыг би үл зөвшөөрсөн болой.

79 Болгоогтун, дэлхийнхнийг сорихын тулд би та нарыг илгээж байна, мөн хөдөлмөрлөгч нь хөлсөө авах нь зохистой буюу.

80 Мөн явж хаант улсын энэхүү сайн мэдээг тунхаглах, мөн бүх зүйлд итгэлтэй байдлаа үргэлжлүүлэхээ болихгүй ямар ч хүмүүн оюундаа харанхуйлагдах нь үгүй, мөн биедээ ч, үендээ ч, мөчиндөө ч тэр ядарсан байх нь үгүй; мөн толгойнх нь нэг ширхэг үс ч ажиглагдалгүй газарт унах нь үгүй билээ. Мөн тэр өлсөх нь ч, бас цангах нь ч үгүй байх болно.

81 Тиймийн тул, маргаашийн төлөө, та нар юу идэхийнхээ, эсвээс юу уухынхаа, эсвээс юугаар хувцасласан байхынхаа төлөө санаа бүү зов.

82 Учир нь талбайн сараана цэцгүүд хэрхэн ургаж буйг ажиглаач, тэдгээр нь ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй болой; мөн дэлхийн хаант улсууд, бүхий л сүр жавхландаа эдгээрийн нэгнийх нь ч адил хувцасладаггүй билээ.

83 Учир нь тэнгэрт байдаг та нарын Эцэг, та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг билээ.

84 Тиймийн тул, маргаашийн зүйлсийн талаар маргааш нь санаа тавиг.

85 Мөн та нар юу хэлэхээ урьдаас бүү бод; харин амьдралын үгсийг оюундаа ямагт нөөцөл, мөн хүн болгонд тараагдах тэрхүү хэсэг нь яг тэр цагт та нарт өгөгдөх болно.

86 Тиймийн тул, хаант улсын энэхүү сайн мэдээг тунхаглахаар урагш одох та нарын дундах ямар ч хүн энэ цагаас эхлэн хэтэвч юм уу аяны цүнх бүү авч яваг, учир нь энэхүү зарлиг нь сүмд Бурханаас тохинуулалд дуудагддаг итгэлтэй тэд бүгдэд зориулагдсан бөлгөө.

87 Болгоогтун, дэлхийнхнийг бүхий л шударга бус үйлсийнх нь төлөө зэмлэхийн тулд мөн ирэх шүүлтийн тухай тэдэнд заахын тулд бибээр та нарыг илгээж байна.

88 Мөн та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно, учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элч нар та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно.

89 Та нарыг хүлээн авах хэн боловч намайг хүлээн авдаг бөлгөө; бас мөнхүү тэр нь та нарыг хооллож мөн та нарыг хувцаслаж, мөн та нарт мөнгө өгөх болно.

90 Мөн та нарыг хооллох, эсвээс та нарыг хувцаслах, эсвээс та нарт мөнгө өгөх тэр нь шагналаа яасан ч алдахгүй болой.

91 Мөн эдгээр зүйлийг үл хийх тэрээр миний шавь биш бөлгөө; үүгээр нь та нар миний шавь нарыг мэдэж болох авай.

92 Та нарыг үл хүлээн авдаг түүнээс та нар дангаараа өөрсдөө холдон явагтун, мөн халуунд ч, эсвээс хүйтэнд ч усаар, бүр цэвэр усаар хөлөө цэвэрлэ, мөн энэ тухай тэнгэр дэх Эцэгтээ гэрчил, мөн тэр хүн дээр дахин эргэж бүү оч.

93 Мөн ямар ч тосгон эсвэл хотод та нар орлоо гэсэн, үүний адилаар үйлдэгтүн.

94 Гэсэн хэдий ч, хичээнгүйлэн эрж хайгтун мөн өөрсдийгөө бүү хорь; мөн та нарыг, эсвээс та нарын үгсийг, эсвээс миний тухай гэрчлэлийг тань эсэргүүцэх тэр айлд, эсвээс тэр тосгонд эсвэл хотод халаг.

95 Би дахин хэлж байна, та нарыг эсвээс та нарын үгсийг, эсвээс миний тухай гэрчлэлийг тань эсэргүүцэх тэр айлд, эсвээс тэр тосгонд эсвэл хотод халаг;

96 Учир нь Бүхнийг Чадагч бибээр тэдний ёс бусын учир тэдэнд цээрлэл тохиолгохоор үндэстнүүд дээр мутраа хөдөлгөсөн билээ.

97 Мөн тахал тархах болно, мөн зөв шударга ёсонд түргэссэн байх ёстой өөрийн ажлыг намайг дуусгах хүртэл тэдгээр нь дэлхийгээс авагдах нь үгүй—

98 Бүр хамгийн дордоосоо хамгийн агууг хүртэл, үлдэх тэд бүгд намайг мэдэх хүртэл мөн Их Эзэний тухай мэдлэгээр дүүргэгдэж мөн нүдээр үзэх болно, мөн дуу хоолойгоо өргөх болно, мөн тэрхүү дуу хоолойгоор энэхүү шинэ дууг хамтдаа дуулж, хэлэх нь:

99 Их Эзэн Сионыг дахин авчирлаа;Их Эзэн өөрийн хүмүүс, Израилыг гэтэлгэлээ,Тэдний өвөг дээдсийн итгэлээр мөн гэрээгээрУлиран тохиогдохоор авчрагдсанАч ивээлийн сонголтын дагуу буюу.

100 Их Эзэн өөрийн хүмүүсийг гэтэлгэлээ;Мөн Сатан хүлэгдсэн болой мөн цаг хугацаа дахиад байхгүй.Их Эзэн бүх зүйлийг нэгд цуглууллаа.Их Эзэн Сионыг дээрээс доош аваачлаа.Их Эзэн Сионыг доороос дээш аваачлаа.

101 Дэлхий дуншиж мөн хүч чадлаа урагш авчирлаа;Мөн үнэн үүний хэвлийд үндэслэгдэн бий боллоо;Мөн тэнгэр түүн дээр инээмсэглэв;Мөн тэрээр Бурханыхаа сүр жавхлангаар хувцаслажээ;Учир нь тэрээр өөрийн хүмүүсийн дунд зогсох бөлгөө.

102 Алдар суу, хүндэтгэл, сүр хүч, мөн чадал,Бидний Бурханд оршин байх болтугай; учир нь тэрээр нигүүлсэл,Шударга ёс, ач ивээл, үнэн, мөн амар амгалангаар,Үүрд мөн мөнхөд дүүрэн болой, Амен.

103 Мөн түүнчлэн үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, миний үүрдийн сайн мэдээг тунхаглахаар урагш одох хүн бүр, тэд гэр бүлтэй байхын, мөн бэлгээр мөнгө хүлээн авахын хэрээр Их Эзэн өөрсдийг нь удирдан чиглүүлснээр үүнийг тэдэнд илгээх, эсвээс тэдний тусын тулд ашиглах нь зүйтэй болой, учир нь ингэх нь надад сайн санагдах ажгуу.

104 Мөн гэр бүлгүй, мөнгө хүлээн авах тэд бүгд илчлэлийг урагш авчрахын тулд мөн тэдгээрийг хэвлэхийн тулд, мөн Сионыг байгуулахын тулд энэ нь зориулагдаж болохын тулд үүнийг Сион дахь бишопт, эсвээс Охайо дахь бишопт илгээг.

105 Мөн хэн нэгэн нь та нарын хэн нэгэнд цув, эсвээс хүрэм өгөх аваас хуучныгаа авч мөн үүнийг ядууст өгөөд мөн замаараа баясан одогтун.

106 Мөн хэрэв та нарын дунд хэн нэгэн нь Сүнсэнд хүчтэй байх аваас, тэрээр сул дорой болох түүнийг өөртэйгөө хамт авч яваг, тэрээр бүхий л номхон даруу байдалд сэнхэрч болохын тулд, тэрээр тэрчлэн хүчирхэг болж болохын тулд буюу.

107 Тиймийн тул, доод санваарт томилогдсон тэднийг өөрсөдтэйгөө хамт авч яв, мөн тэднийг өөрсдийнхөө өмнө уулзалтыг товлуулахаар мөн замыг бэлтгүүлэхээр, мөн та нар өөрсдөө хийх боломжгүй товлогдсон уулзалтуудыг хийлгүүлэхээр илгээгтүн.

108 Болгоогтун, энэ бол эрт дээр үед миний төлөөлөгчид миний сүмийг надад өсгөн бэхжүүлсэн тэрхүү зам бөлгөө.

109 Тиймийн тул, хүн болгон албан тушаалдаа үүргээ биелүүлж мөн дуудлагадаа хөдөлмөрлөг; мөн толгой нь хөлдөө өөрт нь хэрэггүй хэмээн бүү хэлэг; учир нь хөлгүйгээр бие хэрхэн зогсож чадах билээ?

110 Тэрчлэн бүгд хамтдаа гэгээрч болохын тулд, тогтолцоо нь төгс хадгалагдаж болохын тулд биед эрхтэн бүр хэрэгтэй.

111 Мөн болгоогтун, дээд пристүүд, тэрчлэн ахлагчид мөн тэрчлэн доод санваарын пристүүд аялах ёстой; харин диконууд мөн багш нар сүмийг харж хандахын тулд сүмд байнгын тохинуулагчид байхаар томилогдох ёстой.

112 Мөн бишоп Ньюел К.Витней баячууд болон бардамнагчдыг даруусгаснаар ядуусын хүслүүдэд туслахын тулд тэднийг эрж, тэрчлэн эргэн тойрондоо мөн сүмүүдийн дунд аялах ёстой.

113 Өөрийнхөө өдөр тутмын худалдааг өөрийн зааварласны дагуу хийх мөн хариуцаж байх төлөөний хүнийг тэрээр тэрчлэн ажилд авах ёстой.

114 Гэсэн хэдий ч, бишоп Нью-Йорк хот руу, тэрчлэн Албани хот руу, тэрчлэн Бостон хот руу явж, мөн тэдгээр хотын хүмүүст, хэрэв тэд эдгээр зүйлийг эсэргүүцэх аваас, тэднийг хүлээж буй эзгүйрэл болон бүрэн сүйрлийн тухай сайн мэдээний дуугаар, чанга дуу хоолойгоор сэрэмжлүүлэг.

115 Учир нь хэрэв тэд эдгээр зүйлийг эсэргүүцэх аваас, тэдний шүүлтийн цаг ойрхон байна, мөн тэдний гэр орон тэдэнд эзгүйрэн хоцрох болно.

116 Тэрээр надад найддаг байг мөн тэрээр няцаагдах нь үгүй; мөн түүний нэг ширхэг үс ч ажиглагдалгүйгээр газарт унахгүй байх болно.

117 Мөн үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгчдийн үлдсэн нь, та нар нөхцөл байдал чинь боломжтой байхын хэрээр, дэлхийнхний бүх зөв шударга бус бөгөөд бурханлаг бус үйлүүдийн талаар тэднийг зөв шударгаар зэмлэж, эцсийн өдрүүд дэх жигшүүрт байдлын эзгүйрлийг тодорхой бөгөөд ойлгомжтойгоор танилцуулан, тэрхүү агуу болон чухал хотуудад өөрсдийн хэд хэдэн дуудлагад урагш одогтун.

118 Учир нь Бүхнийг Чадагч Их Эзэн хэлж байна, бибээр та нараар дамжуулан тэдний хаант улсуудыг бутлан сөнөөх болно; бибээр зөвхөн газрыг хөдөлгөх төдийгүй, харин одод дүүрэн тэнгэрийг чичрэх болгоно.

119 Учир нь Их Эзэн бибээр тэнгэрийн хүчийг үзүүлэхээр мутраа сунгасан билээ; та нар үүнийг эдүгээ харж чадахгүй, хэсэгхэн хугацаа болоод мөн та нар үүнийг харах болно, мөн би байдгийг мэдэх болно, мөн би ирж мөн өөрийн хүмүүстэй хамт хаанчлах болно.

120 Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл. Амен.

Хэвлэх