Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 3

1828 оны долдугаар сард Пеннсильванийн Хармонид Лихайн ном хэмээн нэрлэгдэж байсан, Мормоны Номын нэгдүгээр хэсгээс орчуулагдсан гар бичмэлийн 116 хуудас алга болсонтой холбогдуулан, Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой. Бошиглогч эдгээр хуудсуудыг өөрийн хяналтаас гаргаж, Мормоны Номын орчуулганд богинохон хугацаагаар бичээчээр үйлчилж асан Мартин Харрист дурамжхан өгчээ. Уг илчлэлт Урим ба Туммимаар дамжин өгөгджээ. (History of the Church, 1:21–23.) (Хэсэг 10-ыг үз.)

1–4, Их Эзэний замнал нэгэн мөнхийн эргэлт авай; 5–15, Иосеф Смит наманчлах ёстой эс бөгөөс орчуулах бэлгийг алдана; 16–20, Лихайн удмыг аврахын тулд Мормоны Ном гарч ирэх болно.

1БУРХАНЫ ажлууд хийгээд төслүүд, мөн зорилгууд хясагдаж болохгүй, мөн тэдгээр нь юу ч биш болж болохгүй.

2Учир нь Бурхан тахиралдсан замуудаар явах нь үгүй, бас тэрээр баруун гар тийшээ ч, зүүн гар тийшээ ч эргэх нь үгүй, тэрээр бас хэлснээ өөрчлөх нь үгүй, тиймийн тул түүний зам шулуун бөгөөд замнал нь нэгэн мөнхийн эргэлт бөлгөө.

3Хясагддаг нь Бурханы ажил бус, харин хүмүүний ажил гэдгийг санагтун, санагтун;

4Учир нь хүн олон илчлэлттэй байж, мөн хүчирхэг олон ажлыг хийх хүчтэй байж болох хэдий ч, хэрэв тэр өөрийн хүчинд эрдэн сагсуурвал, мөн Бурханы зөвлөгөөг үл ойшоож, мөн хувийнхаа тааллын тулгалтад хийгээд зуурдын хүсэл бодолдоо автагдан дагавал, тэрээр өөр дээр нь ирэх шударга Бурханы өшөө авалтанд өртөн унах ёстой.

5Болгоогтун, эдгээр зүйлд чамд итгэл найдвар хүлээлгэсэн болой, гэвч чиний зарлиг хэр зэрэг чанд байсан бэ; мөн түүнчлэн чамд өгөгдсөн амлалтуудыг санагтун, хэрэв чи тэдгээрийг зөрчөөгүй бол.

6Мөн болгоогтун, Бурханы хуулиуд хийгээд зарлигуудыг чи хичнээн олон удаа зөрчиж, мөн хүмүүний ятгалгад хөтлөгдсөн билээ.

7Учрыг болгоогтун, чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ. Хэдийгээр хүмүүн нь Бурханы зөвлөгөөг үл ойшоон, мөн түүний үгсийг эс хэрэгслээ ч гэсэн тэр—

8Чи итгэлтэй байх ёстой байсан юм; мөн тэрбээр гараа сунган мөн дайсны бүх галт сумны эсрэг чамайг дэмжих байсан юм; мөн гай зовлон тохиолдох бүрийд тэрбээр чамтай хамт байх байсан юм.

9Болгоогтун, чи бол Иосеф, мөн чи Их Эзэний ажлыг хийхээр сонгогдсон байсан болой, харин гэм буруугийн улмаас, хэрэв чи сонор сэрэмжгүй байх аваас, чи унах болно.

10Гэвч санагтун, Бурхан нигүүлсэнгүй юм; тиймийн тул, миний чамд өгсөн зарлигийн эсрэг хийсэн зүйлээ наманчлагтун, мөн чи сонгогдсон хэвээр байгаа, мөн тэр ажилд дахин дуудагдсан бөлгөө;

11Чи үүнийг хийхгүй л бол чи чөлөөлөгдөн мөн бусад хүмүүсийн адил болох бөгөөд бэлэг чамд цаашид байхаа болино.

12Мөн чамд Бурханы соёрхсон орчуулах бэлэг хийгээд хүчийг гараасаа алдсанаараа, чи ариун нандин тэрхүү зүйлийг ёс бус хүний гарт оруулсан билээ,

13Бурханы зөвлөгөөг үл ойшоож, мөн Бурханы өмнө хийсэн хамгаас ариун нандин амлалтуудыг зөрчин, мөн өөрийн шүүлтэд итгэн мэргэн ухаандаа бардамнан сагсуурсан түүний буюу.

14Мөн энэ нь чи тэрхүү онцгой боломжоо богинохон хугацаанд алдсаны шалтгаан болой—

15Учир нь чи анхнаасаа л чиглүүлэгчийнхээ зөвлөгөөг улан дор гишгэгдэхийг нь хүлцлээ.

16Гэсэн хэдий ч, миний ажил урагш ахих болно, учир нь Аврагчийн тухай мэдлэг иудейчүүдийн гэрчлэлээр дамжин дэлхийд ирэхийн хэрээр, бүр тийнхүү Аврагчийн тухай мэдлэг миний хүмүүст ирэх бөлгөө—

17Мөн тэдний эцгүүдийнх нь гэрчлэлээр дамжин нифайчуудад, мөн иаковчуудад, мөн иосефчуудад, түүнчлэн зорамчуудад буюу—

18Мөн эцгүүдийнхээ ёсон бусын улмаас итгэлгүй байдалд алгуураар ууссан,өөрсдийн ахан дүүс нифайчуудыг алдсуудынх нь хийгээд жигшүүрт хэргүүдийнх нь учир устгахыг нь Их Эзэн зөвшөөрсөн леменчүүд, лемүелчүүд, мөн ишмэилчүүдийн мэдлэгт энэхүү гэрчлэл ирэх болно.

19Мөн чухамхүү энэ зорилгын учир эдгээр цэдгүүдийг агуулагч эдгээр ялтсууд хадгалагдан үлджээ–-өөрийнхөө хүмүүст Их Эзэний хийсэн тэрхүү амлалтууд биелэгдэж болохын тулд юм;

20Мөн деменчүүд эцгүүдийнхээ тухай мэдлэгт ирж, мөн тэд Их Эзэний амлалтуудыг мэдэж болох хийгээд тэд сайн мэдээнд итгэж, мөн Есүс Христийн ач гавьяанд найдан, мөн түүний нэрэн дэх итгэлээр дамжуулан алдаршиж, мөн наманчлалаараа дамжуулан тэд аврагдаж болохын тулд буюу. Амен.