Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 130


Хэсэг 130

1843 оны дөрөвдүгээр сарын 2-нд Иллинойн Рамуст бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн зааврын зүйлс оршвой.

1–3, Эцэг болон Хүү хүмүүс дээр биеэрээ залран ирж болно; 4–7, Тэнгэр элч нар селестиел хүрээнд оршин суудаг; 8–9, Селестиел дэлхий нь агуу Урим ба Туммим байх болно; 10–11, Селестиел дэлхийд ордог тэд бүгдэд цагаан чулуу өгөгддөг; 12–17, Хоёр дахь Ирэлтийн цаг бошиглогчид өгөгдөөгүй болой; 18–19, Энэ амьдралд хуримтлуулсан мэдлэг Амилуулалтад бидэнтэй хамт сэргэн босдог; 20–21, Бүх адислал хуулийг дуулгавартай дагаснаар ирдэг; 22–23, Эцэг, Хүү хоёр мах ба ясан биетэй.

1 Аврагчийг үзэгдэхэд бид түүнийг байгаагаар нь харах болно. Тэрээр бидэнтэй адилхан хүн гэдгийг бид харах болно.

2 Энд бидний дунд байгаа тэрхүү харилцаа тэнд бидний дунд байх болно, харин энэ нь эдүгээ бидний эдэлдэггүй тийм сүр жавхлан болох мөнхийн сүр жавхлантай хамтран нэгдэх болно.

3 Иохан 14:23—энэ шүлэгт Эцэг, Хүү хоёр үзэгдэх гэсэн нь биеэрээ үзэгдэхийг хэлж байгаа болой; мөн Эцэг, Хүү хоёр хүмүүний зүрх сэтгэлд оршдог гэсэн үзэл бодол нь хуучин шашны бүлэглэлийн төсөөлөл бөгөөд энэ нь буруу болой.

4 Бурханы цаг, тэнгэр элчийн цаг, бошиглогчийн цаг, мөн хүмүүний цагийн тоолол нь тэдний оршин суудаг гарагийн дагуу бус уу? хэмээх асуултын хариуд—

5 Тийм ээ, хэмээн би хариулна. Харин энэ дэлхийд харьяалагддаг юм уу харьяалагдаж ирснээс бусдаар энд тохинуулдаг тэнгэр элч нар гэж үгүй болой.

6 Тэнгэр элч нар энэ дэлхийтэй адилхан гараг дээр оршин суудаггүй бөлгөө;

7 Харин тэд Бурханы оршихуйд, тэдний сүр жавхлангийн тулд өнгөрсөн, одоо ба ирээдүйн бүх зүйл үзүүлэгдэн, мөн Их Эзэний өмнө үргэлжид байдаг шилэн бөгөөд галан тэнгис адил бөмбөрцөг дээр оршин суудаг бөлгөө.

8 Бурханы оршин суудаг газар бол агуу Урим ба Туммим болой.

9 Энэ дэлхий өөрийн ариусгагдсан бөгөөд үхэшгүй байдалд, болор адил болгогдон мөн үүн дээрх оршин суугчдад Урим ба Туммим байх болно, ингэснээр доод хаант улс буюу доогуур зэрэглэлийн бүх хаант улсад хамаарах бүх зүйл үүн дээр оршин суудаг тэдэнд үзүүлэгдэх болно, мөн энэ дэлхий Христийнх байх болно.

10 Тэгэхэд Илчлэл 2:17-д дурдагддаг цагаан чулуу нь, хүлээн авах хувь хүн болгонд Урим ба Туммим болох болно, ингэснээр илүү дээд зэрэглэлийн хаант улсуудад хамаарах зүйлс мэдүүлэгдэх болно;

11 Мөн цагаан чулуу селестиел хаант улсад ирдэг хүн болгонд өгөгддөг ажгуу, үүн дээр шинэ нэр бичигдсэн байдаг ба үүнийг хүлээн авч байгаа түүнээс өөр хэн ч үүнийг мэддэггүй болой. Тэрхүү шинэ нэр нь түлхүүр үг бөлгөө.

12 Хүний Хүүгийн ирэлтийн өмнө их цус урсгахад хүргэх тэрхүү бэрхшээлүүдийн эхлэл нь Өмнөд Каролинад байх болно гэдгийг Их Эзэн Бурханы нэрээр би бошиглож байна.

13 Энэ нь боолчлолын асуудлаар дамжин үүсэх магадлалтай болой. 1832 оны арван хоёрдугаар сарын 25-нд намайг шаргуугаар залбирч байхад нэгэн дуу хоолой үүнийг надад тунхагласан болой.

14 Хүний Хүүгийн ирэлтийн цагийг мэдэхээр нэг удаа би шаргуугаар залбирч байхдаа дараах зүйлийг тунхаглан өгүүлсэн дуу хоолойг сонсож билээ:

15 Иосеф, хүү минь, хэрэв чи наян таван нас хүртэл амьдрах аваас, чи Хүний Хүүгийн царайг харах болно; тиймийн тул, энэ нь хангалттай байг, мөн энэ асуудлаар надад дахин төвөг удахаа боль.

16 Ийнхүү энэхүү ирэлт нь мянган жилийн эхлэлд хамаарах уу эсвэл өмнө нь үзэгдэхийг хэлж байна уу гэдгийг, эсвээс би үхэж мөн тийн түүний нүүрийг үзэх учиртай эсэхийг шийдэж чадалгүйгээр би хоцров.

17 Хүний Хүүгийн ирэлт нь тэр цагаас яавч эрт байх нь үгүй гэдэгт би итгэнэ.

18 Бид энэ амьдралд оюун билгийн ямар ч түвшинд хүрлээ гэсэн, энэ нь амилуулалтад бидэнтэй хамт сэргэх болно.

19 Мөн хэрэв хүн өөрийн хичээл зүтгэл, мөн дуулгавартай байдлаар дамжуулан бусдаас илүү мэдлэг мөн оюун билгийг энэ амьдралд хуримтлуулах аваас тэрээр ирэх дэлхийд тийм их давуу талтай байх болно.

20 Энэ дэлхийн үүслээс өмнө, дээр нь бүх адислал тулгуурлагдсан нэгэн хууль тэнгэрт эргэлт буцалтгүй тогтоогдсон болой—

21 Мөн бид ямар нэгэн адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар ирдэг буюу.

22 Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх махан болон ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө; харин Ариун Сүнс бол махан болон ясан биегүй, харин Сүнсэн хүн буюу. Ийм бус байх аваас, Ариун Сүнс бидэн дотор оршиж чадах нь үгүй бөлгөө.

23 Хүн Ариун Сүнсийг хүлээн авч болно, мөн энэ нь түүн дээр бууж ирээд мөн түүнтэй хамт үлдэхгүй байж болно.

Хэвлэх