Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 128


Хэсэг 128

1842 оны есдүгээр сарын 6-нд Иллинойн Наувуд, нас барагсдын өмнөөс хийх баптисмын талаарх цаашдын удирдамжуудыг агуулсан, бошиглогч Иосеф Смитээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хандсан захидал оршвой.

1–5, Орон нутгийн болон ерөнхий цэдэг үйлдэгчид нас барагсдын өмнөөс баптисмууд хийгдсэн нь үнэн гэдгийг нотлох ёстой; 6–9, Тэдний цэдгүүд хүчин төгөлдөр ба дэлхий дээр мөн тэнгэрт цэдэглэгддэг болой; 10–14, Баптисмын сан нь булшийг бэлгэддэг бөлгөө; 15–17, Нас барагсдын төлөөх баптисмд холбогдох хүчийг Елиа сэргээсэн бөлгөө; 18–21, Өнгөрсөн эрин үеүдийн бүх түлхүүр, хүч, мөн эрх мэдлүүд сэргээгдсэн бөлгөө; 22–25, Баярт мөн гайхамшигт мэдээ нь амьд байгаа хүмүүс болон нас барагсдын төлөө тунхаглагддаг болой.

1 Би гэр орноо орхин явахаас өмнө, та нарт цагаас цагт бичиж, мөн олон асуудалд холбогдох мэдээллийг та нарт өгнө хэмээн захидалдаа өгүүлсэнчлэн, эдүгээ нас барагсдын төлөөх баптисмын сэдэвт би дахиж оръё, миний бие дайснуудаараа мөрдөгдсөн цагаас хойш уг сэдэв миний оюун бодлыг эзэмдэж, мөн энэ нь бодол санааг минь нэн хүчтэйгээр хүндрүүлж байгаа гэж санагдаж байна.

2 Би та нарт цэдэг хөтлөгчийн талаарх илчлэлийн цөөн үгсийг бичсэн билээ. Энэ асуудалтай холбоотой цөөн хэдэн нэмэлт бодол төрснийг би одоо нотлоё. Энэ нь юу вэ гэвэл, миний өмнөх захидалд Их Эзэний өмнө тэрээр үнэн цэдгийг хөтөлж болохын тулд нүдээр гэрчлэгч, мөн тэрчлэн чихээр сонсох цэдэг хөтлөгч байх хэрэгтэй нь зарлагдсан билээ.

3 Эдүгээ, энэ асуудалтай холбогдон, нэг цэдэг хөтлөгч бүх цагт оролцох нь, мөн бүх ажил хэргийг гүйцэлдүүлэх нь түүний хувьд нэн хүнд байх буйза. Энэ хүндрэлээс зайлсхийхийн тулд, хотын тойрог болгонд тэмдэглэлийг нямбайгаар хөтлөхөд сайн мэргэшсэн нэг цэдэг хөтлөгч томилогдож болно, мөн тэрээр үйл ажиллагааг бүхэлд нь тэмдэглэхдээ нягт мөн туйлын тодорхой байг, нүдээр үзэж, мөн чихээр сонссоноо өөрийн цэдэгт нотлон, он сар өдөр, мөн нэрс, мөн энэ мэтчилэн цааш нь мөн бүхий л үйлдлийн түүхийг бичиж, тэрчлэн хэрэв тэнд хүмүүс байгаа бол, үүнийг хэдийд ч нотлохоор дуудагдаж болох тэнд байгаа гурван өөр хувь хүнийг нэрлэг, хоёр юм уу гурван гэрчийн аманд үг бүр нь батлагдаж болохын тулд буюу.

4 Тэгээд, ерөнхий цэдэг хөтлөгч байг, тэдний үйлдсэн цэдгүүд үнэн гэдгийг нотлох тэдний өөрсдийнх нь гарын үсгүүдтэй гэрчилгээнүүдийн хамт эдгээр бусад цэдэг түүнд гардуулагдаг. Дараа нь сүмийн ерөнхий цэдэг хөтлөгч сүмийн ерөнхий бүртгэлийн дэвтэрт цэдгийг оруулахдаа гэрчилгээнүүд болон оролцсон бүх гэрчийг багтааж, мөн тэдгээр хүний ерөнхий шинж чанарын талаарх болон тэд сүмээр томилогдсон мөн гэсэн өөрийн мэдлэг дээр үндэслэн, дээрх нотолгоо болон цэдгүүд үнэн гэдэгт тэр өөрөө чанд итгэдэг тухай өөрийн нотолгоог багтаана. Мөн энэ нь сүмийн ерөнхий бүртгэлийн дэвтэрт ормогц хүн өөрөө нүдээрээ үзэж мөн чихээрээ сонсож, мөн сүмийн ерөнхий бүртгэлийн номд үүний цэдгийг хийсэнтэй адил уг цэдэг нь ариунд, мөн уг ёслол хүчинтэйд тооцогдох болно.

5 Юмсын энэ дэг журам дэндүү нарийн хэмээн та нар бодож болох юм; харин энэ бол сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан тэдний авралын тулд дэлхийн үүслээс өмнө Их Эзэний томилж мөн бэлтгэсэн тэрхүү ёслол болон бэлтгэлийг дагаж мөрдсөнөөр Бурханы тааллыг гүйцэлдүүлэхийн тулд юм гэдгийг би та нарт хэлье.

6 Мөн цааш нь, Илчлэл 20:12-т та нарын уншдагаар—“Их, бага үхэгсдийг Бурханы өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв; Өөр нэгэн ном дэлгээстэй байсан нь амийн ном юм; Үхэгсэд үйлсийнхээ дагуу эдгээр номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв” хэмээн тунхаглахдаа Илчлэгч Иохан нас барагсадтай холбогдуулан чухамхүү энэ асуудлаар тунгаан бясалгаж байсныг санахыг тань би та нараас хүсэж байна.

7 Уг номууд дэлгээстэй байсныг та нар энэ эшлэлээс олж мэдэх болно; мөн амийн ном болох өөр нэг ном дэлгээстэй байлаа; гэвч нас барагсад нь өөрсдийн үйлсийн дагуу уг номуудад бичигдсэн тэдгээр зүйлээр шүүгдэв; иймээс, дурдагдсан тэрхүү номууд нь тэдний үйлсийн тухай цэдгийг агуулж, мөн дэлхий дээр хөтлөгддөг тэрхүү цэдгүүдээс бүрддэг тэрхүү номууд байх нь гарцаагүй. Мөн амийн ном болох тэр ном бол тэнгэрт хөтлөгддөг цэдэг болой; та нарын бүх цэдэгт энэ нь тэнгэрт цэдэглэгдэж болно хэмээн—гэр орноо орхиж явахаас өмнө та нарт бичсэн миний захидалд агуулагдсан илчлэлд та нарт зарлиг болгогдсон тэрхүү сургаалтай яг таарах зарчим буюу.

8 Эдүгээ, энэхүү ёслолын мөн чанар нь санваарын хүчнээс бүрддэг, та нар дэлхий дээр юуг ч холболоо гэсэн, тэнгэрт холбогдох болно, мөн та нар дэлхий дээр юуг ч цуцаллаа гэсэн тэнгэрт цуцлагдах болно гэдэг нь энд Есүс Христийн илчлэлээр өгөгддөг буюу. Эсвээс, өөрөөр хэлбэл, орчуулгыг өөр талаас нь авч үзэхэд, та нарын дэлхий дээр цэдэглэсэн юу ч тэнгэрт цэдэглэгдэх болно, мөн та нарын дэлхий дээр цэдэглээгүй юу ч тэнгэрт цэдэглэгдэх нь үгүй; учир нь уг номуудаас та нарын нас барагсад үйлсийнхээ дагуу шүүгдэх болно, уг ёслолуудад тэд өөрсдөө проприа персона буюу өөрсдийн биеэр оролцсон байлаа ч, эсвээс дэлхийн үүслээс өмнөх үеэс тэдний авралын тулд Бурханы бэлтгэсэн ёслолын дагуу, өөрсдийнхөө нас барагсдын талаар тэдний хөтөлсөн цэдгүүдийн дагуу, өөрсдийгөө төлөөлсөн тэднээр дамжуулан оролцсон байлаа ч буюу.

9 Дэлхий дээр цэдэглэдэг буюу холбодог мөн тэнгэрт холбодог хүч хэмээн бид ярьдаг нь нэн зоримог сургаал гэж заримд нь санагдаж болох юм. Гэсэн хэдий ч, дэлхийн бүх үед, Их Эзэн жинхэнэ илчлэлээр хүнд, эсвээс аливаа хэсэг хүнд санваарын эрхийг өгөх тутамд, энэхүү хүч цаг ямагт өгөгдсөөр ирсэн билээ. Иймээс, тэр хүмүүс Их Эзэний нэрээр эрх мэдлээр юуг ч хийлээ гэсэн, мөн үүнийг зөвөөр мөн итгэлтэйгээр хийж, мөн тэрхүү зүйлийн тухай зохих ёсны мөн үнэн зөв цэдэг хөтлөхөд, энэ нь дэлхий дээр бас тэнгэрт хууль болж, мөн агуу их Иеховагийн тогтоолуудын дагуу, хүчингүй болох нь үгүй бөлгөө. Энэ бол итгэмжит үг болой. Хэн үүнийг сонсож чадах билээ?

10 Мөн түүнчлэн, жишээ нь, Матай 16:18, 19-д: Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би өөрийн сүмийг босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаант улсын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг цуцална, тэр нь тэнгэрт цуцлагдах болно гэжээ.

11 Эдүгээ бидний өмнө байгаа бүхэл асуудлын агуу ба их нууц мөн бүхэл сэдвийн саммум бонум буюу хамгийн төгс тал нь Ариун Санваарын хүчнүүдийг олж авахад байдаг. Учир нь эдгээр түлхүүр өгөгдсөн түүнд хүмүүсийн үрсийн, амьд байгаа хүмүүс болон нас барагсдын аль алиных нь авралтай холбоотой мэдээллийн мэдлэгийг олж авах нь хэцүү биш болой.

12 Үүнд алдар суу болон хүндэтгэл, мөн үхэшгүй байдал бөгөөд мөнх амьдрал буй—усаар баптисм хүртэх ёслол, нас барагсадтай адилтган бэлгэдэхийн тулд усанд умбуулдаг нь нэг зарчим нөгөөтэйгөө нийцсэн байхын тулд буюу; усанд умбуулагдаж мөн уснаас гарч ирэх нь нас барагсад булшнаасаа амилан урагш гарч ирэхтэй адилтгагдсан буюу; эндээс харахад энэхүү ёслол нь нас барагсадтай адилтган бэлгэддэг тул нас барагсдын төлөөх баптисмын ёслолтой холбогдох хамаарлыг бий болгохоор үндэслэгдсэн болой.

13 Иймээс, баптисмын сан нь булшийг дуурайлган бий болгогдсон бөгөөд амьд байгаа хүмүүс цугларч дассан газрын дор байхаар зарлиглагдсан болой, энэ нь амьд байгаа хүмүүс болон нас барагсдыг урагш үзүүлэхийн тулд, мөн бүх зүйл өөрсдийн адил төстэй байдалд байж болохын тулд, мөн тэдгээр нь нэг нь нөгөөтэйгөө нийцсэн байж болохын тулд—1 Коринт 15:46, 47 мөн 48-д Паулын тунхагласанчлан, тэнгэрлэг болох тэрхүү зүйлд дэлхийн болох тэрхүү зүйлийг дагаж мөрдөхийн тулд буюу:

14 Харин эхлээд сүнслэг нь бус, эгэл нь байдаг. Дараа нь сүнслэг нь байдаг. Анхны хүн нь газрын хөрснөөс, хоёр дахь хүн нь тэнгэрээс ирсэн Их Эзэн юм. Хөрснөөс буй нь ямар байдагчлан хөрснөөс буй тэд тийм байх бөгөөд тэнгэрээс буй нь ямар байдагчлан тэнгэрээс буй тэд тийм байна. Мөн дэлхий дээрх та нарын нас барагсдын талаар цэдгүүд зөвөөр хийгдсэн шиг, түүнчлэн тэнгэр дэх цэдгүүд ч тийм болой. Тиймийн тул, энэ нь лацдах мөн холбох хүч бөлгөө, мөн энэхүү үгийн нэг утгаар бол, мэдлэгийн түлхүүрээс бүрддэг хаант улсын түлхүүрүүд билээ.

15 Мөн эдүгээ, эрхэм хайрт ах эгч нар минь, эдгээр нь бидний авралд хамааралтайн хувьд, нас барагсад болон амьд хүмүүстэй холбогдсон зарчмуудад хөнгөмсөг хандах ёсгүйг би баттай хэлж байна. Учир нь тэдний аврал бидний авралд шаардлагатай бөгөөд зайлшгүй чухал бөлгөө. Эцэг өвгөдийн талаар Паулын хэлсэнчлэн—бидэнгүйгээр тэд төгс болгогдож чадах нь үгүй—мөн өөрсдийн нас барагсадгүйгээр бид ч төгс болгогдож чадах нь үгүй болой.

16 Мөн эдүгээ, нас барагсдын төлөөх баптисмд холбогдуулан би та нарт Паулын өөр нэг эшлэл болох 1 Коринт 15:29-ийг дурдая: Тийм биш бол үхэгсдийн өмнөөс баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол юунд тэдний өмнөөс хүмүүс баптисм хүртдэг вэ?

17 Мөн түүнчлэн, энэ эшлэлтэй холбогдуулан бошиглогчдын нэгнээс нь би та нарт эш татъя, тэр санваарын сэргээлт, эцсийн өдрүүдэд онцгой маягаар илчлэгдэх ёстой нууц зүйлс, мөн үүрдийн сайн мэдээнд хамаарах бүх сэдвээс хамгийн гайхамшигтайд нь, нэрлэвэл нас барагсдын төлөөх баптисмд анхаарлаа хандуулсан болой; учир нь Малахи, сүүлчийн бүлгийн 5 мөн 6-р шүлэгт: Харагтун, Их Эзэний агуу, аймшигт өдөр ирэхээс өмнө Би бошиглогч Елиаг та нар луу илгээнэ. Тэрээр эцэг өвгөдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцэг өвгөд рүү нь эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг зүхлээр цохино хэмээн хэлсэн байдаг.

18 Би үүнд арай энгийн орчуулга хийж болох байсан, гэвч энэ нь миний зорилгод нийцэхүйц хангалттай энгийн билээ. Энэ тохиолдолд, хэрэв эцэг өвгөд болон хүүхдүүдийн хооронд ямар нэгэн төрлийн гагнагч холбоос байхгүй аваас дэлхий зүхлээр цохигдох болно гэдгийг мэдэх нь хангалттай юм, ямар нэгэн сэдвээр—мөн болгоогтун энэ сэдэв нь юу вэ? Энэ бол нас барагсдын төлөөх баптисм бөлгөө. Учир нь бид тэдэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй. Мөн тэд ч, бас бид ч, сайн мэдээнд тэрчлэн нас нөгчсөн тэдэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй; учир нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн эхлүүлэлтэд, эдүгээ ирж эхэлж буй эрин үед, Адамын өдрүүдээс бүр өнөө үеийг хүртэл илчлэгдэн, эрин үеүд, мөн түлхүүрүүд, хүчнүүд, мөн тэнгэрлэг үнэний гагнан холболт, бүрэн дүүрэн мөн төгс нэгдэл болох нь зайлшгүй чухал билээ. Мөн ганцхан энэ нь төдийгүй, харин дэлхийн үүслээс огт илчлэгдээгүй байсан, мөн ухаалаг цэцэн бас хашир хэрсүү тэднээс нуугдсан тэдгээр зүйл нялхас болон хөхүүл хүүхдүүдэд энэхүү цаг хугацааны бүрэн байдлын эрин үед илчлэгдэх болно.

19 Эдүгээ, бид өөрсдийн хүлээн авсан сайн мэдээнд юуг сонсдог вэ? Баяр баясгалангийн дуу хоолойг! Тэнгэрээс нигүүлслийн дуу хоолойг; мөн газраас үнэний дуу хоолойг; нас барагсдын төлөөх баярт мэдээнүүдийг; амьд хүмүүс болон нас барагсдын төлөөх баярт мэдээний дуу хоолойг; агуу их баясгалангийн баярт мэдээг буюу. Сионд, Болгоогтун, таны Бурхан хаанчилна хэмээн хэлдэг, сайн зүйлсийн баярт мэдээг авчирдаг тэдний хөл уулсын дээр хэчнээн үзэсгэлэнтэй билээ! Бурханы тухай мэдлэг тэдэн дээр Кармелын шүүдэр адил буух болно!

20 Мөн түүнчлэн, бид юуг сонсдог вэ? Куморагаас баярт мэдээг! Бошиглогчдын биелэлтийг—илчлэгдэх номыг тэнгэрээс тунхаглах тэнгэр элч Моронайг. Сенека гүнлэгийн Фэйетийн аглаг буйдад уг номын талаар гэрчлэх ёстой гурван гэрчийг зарлаж буй Их Эзэний дуу хоолойг! Саскүэханнагийн эрэг дээр гэрлийн тэнгэр элчийн дүрээр чөтгөр хүрч ирэхэд түүнийг таньсан Михаилын дуу хоолойг! Саскүэханна гүнлэгийн Хармони, мөн Брүм гүнлэгийн Колесвилл хоёрын хоорондох аглаг буйдад, Саскүэханна гол дээр өөрсдийгөө хаант улсын мөн цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн түлхүүрүүдийг эзэмшигчид хэмээн тунхаглагч Петр, Иаков, Иохан нарын дуу хоолойг буюу!

21 Мөн түүнчлэн, Сенека гүнлэгийн Фэйетэд өвгөн Эцэг Витмерийн өрөөнд, мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн энэ Сүмийн бүх аялал болон зовлон зүдгүүрийг туулахдаа, өөр өөр үед, мөн янз янзын газруудад Бурханы дуу хоолойг буюу! Мөн тэргүүн тэнгэр элч Михаилын дуу хоолойг; Габриелын мөн Рафаелын, мөн Михаил буюу Адамаас доош өнөө үеийг хүртэлх бусад тэнгэр элчийн дуу хоолойг буюу, тэд бүгд өөрсдийн эрин үе, өөрсдийн эрхүүд, түлхүүрүүд, өөрсдийн алдар хүндэтгэл, сүр жавхлан бөгөөд алдар суу, мөн өөрсдийн санваарын хүчийг тунхаглаж; шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг өгч; ирэх тэр зүйлийг урагш гаргаснаар бидний найдварыг батлан, бидэнд тайвшралыг өгдөг буюу!

22 Ах дүүс минь, ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явцгаая. Зоригтой бай, ах дүүс минь тэгээд ялалт өөд ахь, ахь! Зүрх сэтгэл чинь баясаг, мөн үлэмж баяртай байг. Дэлхий гэнэт дуу дуулж эхлэг. Нас барагсад Иммануел Хаанд мөнхийн магтаалын сүлд дууллыг урагш өргөг, тэр дэлхий байхаас өмнө, тэднийг шоронгоос гэтэлгэх боломжийг бидэнд олгох тэрхүү зүйлийг тогтоосон билээ; учир нь хоригдлууд чөлөөтэйгээр явах болно.

23 Баяр хөөрийн учир уулс хашхираг; мөн хөндийнүүд та нар бүгдээрээ чанга хашхираг; мөн тэнгис далайнууд болон хуурай газрууд та нар бүгд Мөнхийн Хааныхаа гайхамшгуудын тухай өгүүлэг! Мөн та нар, гол мөрнүүд мөн горхиуд мөн жижиг горхиуд та нар баяр хөөрөөр цутган урсагтун. Ойд болон хээрийн бүх мод Их Эзэнийг магтаг; цул хаднууд та нар баяр хөөрийн улмаас уйлаг! Мөн нар, сар, мөн үүрийн одод хамтдаа дуулаг, мөн Бурханы хөвгүүд бүгд баяр хөөрийн улмаас хашхираг! Мөн мөнхийн бүтээлүүд түүний нэрийг үүрд мөн мөнхөд тунхаглаг! Мөн түүнчлэн би хэлнэ, бидний чихэнд сүр жавхланг, авралыг, мөн алдар хүндэтгэл, үхэшгүй байдал, бас мөнх амьдралыг, хаант улсууд, вант улсууд мөн хүчнүүдийг тунхаглах, тэнгэрээс бидний сонсдог тэрхүү дуу хоолой хэчнээн гайхамшигтай билээ!

24 Болгоогтун, Их Эзэний агуу өдөр ойрхон байна; мөн хэн түүний ирэлтийн өдрийг тэсвэрлэж, мөн түүнийг үзэгдэхэд хэн амьд үлдэх вэ? Учир нь тэрбээр цэвэршүүлэгчийн гал адил, мөн хувцас угаагчийн саван адил болой; мөн тэрбээр мөнгө цэвэршүүлэгч мөн хайлагчаар суух болно, мөн тэд Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөж болохын тулд тэр Левийн хөвгүүдийг цэвэршүүлнэ, мөн тэднийг алт болоод мөнгө адил ангижруулан цэвэршүүлэх болно. Тиймийн тул, бид сүм болон хүмүүсийн хувьд, мөн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөцгөөе; түүний ариун сүмийг дуусахад, бүх талаас нь хүлээн зөвшөөрөхүйц болох бидний нас барагсдын цэдгүүдийг агуулагч номыг тэнд өргөцгөөе.

25 Ах дүүс минь, энэ сэдвээр та нарт хэлэх олон зүйл надад буй; гэвч энэ удаад эдүгээ өндөрлөж, мөн уг сэдвийг өөр үед үргэлжлүүлэх болно. Бибээр үргэлжид та нарын даруухан үйлчлэгч мөн хэзээ ч үл хувирах найз билээ,

Иосеф Смит.

Хэвлэх