Судрууд
Мозая 18


Бүлэг 18

Алма нууцаар номлов—Тэрээр баптисмын гэрээг тайлбарлаж мөн Мормоны Усанд баптисм хүртээв—Тэрээр Христийн сүмийг байгуулж мөн пристүүдийг томилов—Тэд өөрсдийгөө тэтгэж мөн хүмүүст сургав—Алма мөн түүний хүмүүс аглаг буйд тийш Ноа хаанаас зугтав. Ойролцоогоор МЭӨ 147–145 он.

1 Мөн эдүгээ, улиран тохиох дор Ноа хааны зарц нараас зугтсан Алма нүглүүд бас алдсуудаа наманчлав, мөн хүмүүсийн дунд нууцаар явж, Абинадайн үгсийг сургаж эхлэв—

2 Тийм ээ, ирэх зүйлсийн талаар, мөн түүнчлэн Христийн хүч чадал, тарчлал, мөн үхлээр, мөн түүний амилалт мөн тэнгэрт дээшлэн одсоноор тохиох нас барагсдын амилуулалтын, мөн хүмүүсийн гэтэлгэлийн талаар буюу.

3 Мөн түүний үгийг сонсох болгонд тэрээр заасан болой. Мөн тэрээр хааны сонорт хүрэхгүй байж болохын тулд тэдэнд нууцаар сургажээ. Мөн олон нь түүний үгсэд итгэв.

4 Мөнхүү улиран тохиох дор түүнд итгэсэн болгон нь хаанаар Мормон гэж нэрлэгдсэн нутагт очиж байв, мөн энэ нь нутгийн хязгаар бөгөөд цагаас цагт зэрлэг амьтад хөлхөлдсөн газар байв.

5 Эдүгээ, Мормонд цэвэр устай булаг байв, мөн өдрийн цагт хааны эрлээс тэрээр өөрийгөө далдлан нуудаг байсан жижиг модтой төгөл уг усны ойролцоо байсан тул Алма тэнд очсон бөлгөө.

6 Мөнхүү улиран тохиох дор түүнд итгэсэн болгон түүний үгсийг сонсохоор тийш очиж байв.

7 Мөнхүү улиран тохиох дор олон өдрийн дараа нилээд тооны хүмүүс Алмагийн үгсийг сонсохоор Мормоны нутагт цугларсан байв. Тийм ээ, түүний үгэнд итгэсэн бүгд түүнийг сонсохоор цугларсан байлаа. Мөн тэрээр тэдэнд сургаж, мөн тэдэнд наманчлал, гэтэлгэл, мөн Их Эзэнд итгэх итгэлийг номлосон ажээ.

8 Мөнхүү улиран тохиох дор тэрээр тэдэнд хэлсэн нь: Болгоогтун, Мормоны Ус энд байна (учир нь энэ нь ийн нэрлэгдсэн байв) мөн эдүгээ, та нар Бурханы сүрэгт орж, мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй, мөн нэг нэгнийх нь ачаа хөнгөн байж болохын тулд тэдгээрийг үүрэлцэхэд бэлэн учир;

9 Тийм ээ, мөн гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлэн учир буюу, тэгснээр та нар Бурханаар гэтэлгэгдэж, мөн анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болохын тулд, тийн мөнх амьдралыг авч болохын тулд буюу—

10 Эдүгээ би та нарт хэлнэ, хэрэв энэ нь та нарын зүрхний хүслэн байх аваас, тэр өөрийн Сүнсийг та нар дээр илүү элбэгээр юүлж болохын тулд, та нар түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг сахина хэмээн гэрээ хийснээ түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ?

11 Мөн эдүгээ хүмүүс эдгээр үгийг дуулаад, тэд баярласнаас алгаа ташин, мөн ийн хашхирцгаав: Энэ бол бидний зүрхний хүслэн билээ.

12 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма анхны хэдийн нэг байсан Хеламыг авч, мөн явж усан дотор зогсоод, мөн хашхирч, хэлсэн нь: Ай Их Эзэн, би энэ ажлыг зүрх сэтгэлийн ариунаар хийж болохын тулд та өөрийн Сүнсийг үйлчлэгчийнхээ дээр юүлээч.

13 Мөн тэр эдгээр үгийг хэлэхэд, Их Эзэний Сүнс түүн дээр ирэв, мөн тэр хэлэв: Хелам, Бүхнийг Чадагч Бурханаас эрх мэдлийг хүлээн авсны учир, та зуурдын биеэ үхэн үхтэл түүнд үйлчлэхээр түүнтэй гэрээнд орсны гэрч болгон би танд баптисм хүртээж байна; мөн Их Эзэний Сүнс таны дээр юүлэгдэг; мөн тэрээр дэлхийн үүслээс бэлтгэсэн Христийн гэтэлгэлээр дамжуулан танд мөнх амьдралыг соёрхох болтугай.

14 Мөн Алма эдгээр үгийг хэлсний дараа, Алма, Хелам хоёр хоёул усанд далд ортлоо оров; мөн тэд босож, мөн тэд Сүнсээр дүүргэгдэн, уснаас баясан гарч ирэв.

15 Мөн түүнчлэн, Алма өөр нэгийг авч, мөн хоёр дахь удаагаа усанд ороод, мөн түүнд эхний адилаар баптисм хүртээв, харин тэр өөрөө усанд доош дахин орсонгүй.

16 Мөн энэ маягаар тэр Мормоны нутагт ирсэн болгонд баптисм хүртээв; мөн тэд тоогоор хоёр зуун дөрөв орчим бодгаль байв; тийм ээ, мөн тэд Мормоны усанд баптисм хүртэж, мөн Бурханы ач ивээлээр дүүргэгдэв.

17 Мөн тэд тэр цагаас эхлэн Бурханы сүм буюу Христийн сүм гэж нэрлэгдэв. Мөнхүү улиран тохиох дор Бурханы хүч болон эрх мэдлээр баптисм хүртсэн хэн боловч түүний сүмд нэмэгдэж байв.

18 Мөнхүү улиран тохиох дор Алма Бурханаас эрх мэдэл хүлээн авсан тул, пристүүдийг томилов; тэрээр тэдэнд номлох, мөн тэдэнд Бурханы хаант улсад хамаатай зүйлсийн талаар сургах нэг пристийг, бүр тэдний тавь тутамд томилсон бөлгөө.

19 Мөн тэрээр тэд өөрийнх нь зааснаас, мөн ариун бошиглогчдын амаар яригдсанаас өөр юуг ч заах ёсгүй хэмээн тэдэнд зарлиг буулгав.

20 Тийм ээ, бүр тэрээр тэд наманчлалаас мөн өөрийн хүмүүсийг гэтэлгэсэн Их Эзэнд итгэх итгэлээс өөр юуг ч номлох ёсгүйг тэдэнд зарлиг болгов.

21 Мөн тэрээр тэдний өөр хооронд зөрчилдөөн байх ёсгүй, харин нэг итгэл мөн нэг баптисмтай байж, зүрх сэтгэлээ эв нэгдэлд болон нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгтгэн, тэд нэг нүдээр урагш харах ёстой хэмээн тэдэнд зарлиг болгов.

22 Мөн тэр тэдэнд ийн номлохыг зарлиглав. Мөн тийн тэд Бурханы хүүхдүүд болов.

23 Мөн тэд хүндэтгэлийн өдрийг сахиж, мөн үүнийг ариун байлгах, мөн түүнчлэн өдөр бүр тэд Их Эзэн Бурхандаа талархлаа илэрхийлэх ёстойг тэрээр тэдэнд зарлиг болгов.

24 Мөн түүнчлэн тэрээр түүний томилсон пристүүд өөрсдийн гараар хөдөлмөрлөж өөрсдийгөө тэтгэх ёстой хэмээн тэдэнд зарлиг болгов.

25 Мөн долоо хоног бүрийн нэг өдрийг тэд хүмүүст зааж, мөн Их Эзэн Бурханаа шүтэхээр нэгдэн цугларах ёстой болгож мөн түүнчлэн, өөрсдийн боломжоор ойр ойрхон чуулахаар тогтоогдов.

26 Мөн пристүүд өөрсдийгөө тэтгэхийн тулд хүмүүст түшиглэх биш; харин хөдөлмөрийнхөө хариуд Бурханы ач ивээлийг авах байв, тэд Бурханаас хүлээн авсан хүчтэйгээр мөн эрх мэдэлтэйгээр сургаж болохын тулд, Бурханы мэдлэгтэй байж, Сүнсэнд хүчтэй болж болохын тулд бөлгөө.

27 Мөн түүнчлэн сүмийн хүмүүс хөрөнгөөсөө, хүн бүр өөрт байгаагийнхаа хэрээр хуваалцвал зохино; хэрэв түүнд илүү их хөрөнгө байваас илүү ихийг хуваалцах ёстой; мөн харин түүнд бага байвал, түүнээс багыг л шаардах ёстой; мөн юмгүй түүнд өгөгдөх ёстой хэмээн Алма зарлиг болгов.

28 Мөн тэд өөрсдийн чөлөөт хүсэл, мөн Бурханд хандах сайн хүслийн учир, мөн гачигдаж буй тэдгээр пристэд, тийм ээ, мөн гачигдалтай, нүцгэн бодгаль бүрд хөрөнгөөсөө тийн өглөг болговол зохино.

29 Мөн Бурханаар зарлигдуулсны учир, тэр үүнийг тэдэнд хэлэв; мөн нэг нэгэндээ тэдний гачигдал мөн тэдний хүслийн дагуу, эд зүйлсийн мөн сүнслэг зүйлсийн аль алиных нь тусламжийг өгөн, тэд Бурханы өмнө зөв шударгаар алхаж байв.

30 Мөн эдүгээ улиран тохиох дор энэ бүгд Мормон нутагт хийгдэв, тийм ээ, Мормоны усны ойролцоо, Мормоны усны дэргэдэх төгөлд бөлгөө; тийм ээ, Мормоны нутаг, Мормоны ус, Мормоны төгөл, тэнд Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирсэн тэдний нүдэнд тэдгээр нь хэчнээн үзэсгэлэнтэй билээ; тийм ээ, мөн тэд ямар их адислагдсан билээ, учир нь тэд үүрд түүнийг магтан дуулах болно.

31 Мөн эдгээр зүйл, тэдгээр нь хааны сонорт хүрэхгүй байж болохын тулд нутгийн хязгаарт болсон аж.

32 Гэвч болгоогтун, улиран тохиох дор хаан, хүмүүсийн дундах хөдөлгөөнийг олж мэдээд, тэднийг тандуулахаар зарц нараа илгээв. Тиймийн тул Их Эзэний үгийг сонсохоор нэгдэн цугларцгаасан тэр өдрөө тэд хаанд мэдэгдэв.

33 Мөн эдүгээ Алма хүмүүсийг өөрийнх нь эсрэг босгохоор өдөөн хатгаж байна хэмээн хаан хэлэв; тиймийн тул тэрээр тэднийг устгахаар их цэргээ илгээв.

34 Мөнхүү улиран тохиох дор Алмад мөн Их Эзэний хүмүүст хааны их цэрэг ирж буй талаар мэдээ хүргэгдэв; тиймийн тул тэд майхнуудаа мөн гэр бүлээ авч аглаг буйд тийш одсон болой.

35 Мөн тэд тоогоороо дөрвөн зуун тавь орчим бодгаль байсан бөлгөө.

Хэвлэх