Судрууд
Моронай 9


Хүү Моронайдаа илгээсэн Мормоны хоёр дахь захидал оршвой.

9-р бүлэгт агуулагдав.

Бүлэг 9

Нифайчууд мөн леменчүүд аль аль нь завхарч мөн харгис болцгоов—Тэд бие биеэ тамлан мөн хөнөөж байв—Моронай дээр ач ивээл мөн сайн сайхан үүрд байгаасай хэмээн Мормон залбирав. Ойролцоогоор МЭ 401 он.

1 Хайрт хүү минь, би амьд хэвээр гэдгийг чи мэдэж болохын тулд би чамд дахин бичиж байна; гэвч би эмгэнэлт болох тэрний талаар заримыг бичье.

2 Учир нь болгоогтун, бид ялж чадаагүй тэрхүү ширүүн тулалдаанд би леменчүүдтэй орсон; мөн Аркеантус, мөн түүнчлэн Лурам мөн Эмрон илдэнд унасан болой; тийм ээ, мөн бид агуу олон тооны сонгомол эрчүүдээ алдсан.

3 Мөн эдүгээ болгоогтун, хүү минь, леменчүүд энэ хүмүүсийг устгах вий хэмээн айна би; учир нь тэд наманчилдаггүй, мөн Сатан тэднийг үргэлж нэг нэгэнтэй нь уур хилэнд өдөөн хатгадаг.

4 Болгоогтун, би тэдэнтэй үргэлж ажиллаж байна; мөн би Бурханы үгийг хурц ширүүнээр хэлэхэд тэд салгалан мөн миний эсрэг хилэгнэдэг; мөн би хурц ширүүнээр ярихгүй бол тэд үүний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулдаг; иймийн тул, би Их Эзэний Сүнс тэдэнд нөлөөлөхийг хичээхээ больсон болов уу хэмээн айна.

5 Учир нь тэд үхлээс үл эмээх мэт надад санагдахаар тийм үлэмж ихээр хилэгнэдэг; мөн тэд нэг нэгэндээ хандах хайраа гээжээ; мөн тэд цусанд мөн өшөө авахаар үргэлжлэн улайрдаг.

6 Мөн эдүгээ, хайрт хүү минь, тэд хатуурсан хэдий ч, хичээнгүйгээр хөдөлмөрлөцгөөе; учир нь хэрэв бид хөдөлмөрлөхөө боливол, бид буруутгал дор аваачигдах болно; учир нь бид бүх зөв шударгын дайсныг ялж, мөн өөрсдийн бодгалийг Бурханы хаант улсад амрааж болохын тулд энэ махбодын асарт байх зуураа гүйцэтгэх хөдөлмөр бидэнд байна.

7 Мөн эдүгээ би энэ хүмүүсийн зовлон зүдгүүрийн талаар заримыг бичье. Учир нь Амороноос хүлээн авсан миний мэдлэгийн дагуу, болгоогтун, леменчүүдэд Шеризагийн цамхгаас авсан олон хоригдол бий; мөн эрчүүд, эмэгтэйчүүд, мөн хүүхдүүд байсан болой.

8 Мөн тэр эмэгтэйчүүдийн нөхрүүд мөн хүүхдүүдийн эцгийг нь тэд хөнөөсөн; мөн тэд эмэгтэйчүүдийг өөрсдийнх нь нөхрүүдийн цогцсоор, мөн хүүхдүүдийг өөрсдийнх нь эцгүүдийн цогцсоор тэжээдэг; мөн тэд тэдэнд ус бараг өгдөггүй.

9 Мөн леменчүүдийн энэхүү агуу жигшүүрт хэрэг байгаа хэдий ч, энэ нь Мориантум дахь бидний хүмүүсийнхээс давж гараагүй юм. Учир нь болгоогтун, леменчүүдийн охидын олныг тэд олзлон авсан бөлгөө; мөн бүхнээс илүү хамгийн эрхэм мөн чухал, ариун явдал болон онгон байдлаас нь тэднийг салгасны дараа—

10 Мөн тэд энэ зүйлийг хийсний дараа, тэд биеийг нь бүр үхэлд хүртэл нь тамлан, хамгийн хэрцгий балмадаар тэднийг хөнөөсөн билээ; мөн тэд үүнийг хийснийхээ дараа, зүрх сэтгэлийнхээ хатуугийн улмаас, тэд цогцсыг нь зэрлэг араатнууд адил цөлмөн иджээ; мөн тэд үүнийг эр зоригийн тэмдэг болгон хийдэг бөлгөө.

11 Ай хайрт хүү минь, иргэншилгүй ийм хүмүүс хэрхэн—

12 (Мөн зөвхөн цөөн хэдэн жил улирч одсон буюу, мөн тэд соёлтой мөн тааламжит сайхан хүмүүс байсан болой)

13 Гэвч ай хүү минь, ийм их жигшүүрт хэрэгт баясдаг ийм хүмүүс хэрхэн—

14 Бурхан бидний эсрэг шүүлтэд өөрийн мутрыг үл хөдөлгөнө хэмээн бид хэрхэн бодож чадах билээ?

15 Болгоогтун, зүрх сэтгэл минь дуу алднам: Энэ хүмүүст халаг. Шүүлтэд гарч ирээч, ай Бурхан минь, мөн тэдний нүглүүдийг, ёс бусыг, мөн жигшүүрт хэргүүдийг нүүрнээсээ далдлаач!

16 Мөн түүнчлэн, хүү минь, Шеризад үлдсэн олон бэлэвсэн эмэгтэй мөн тэдний охид буй; мөн леменчүүдийн авч одоогүй хоол хүнсний тэр хэсгийг, болгоогтун, Зенефайн их цэрэг авч одсон бөлгөө, мөн хоол хайн чадах газраараа тэнүүчлүүлэхээр тэднийг орхисон ажээ; мөн настай олон эмэгтэй замдаа сульдан мөн үхэж байна.

17 Мөн надтай буй их цэрэг сул дорой; мөн леменчүүдийн их цэрэг Шериза болон миний хооронд буй; мөн Аароны их цэрэгт зугтан очсон болгон нь, тэд тэдний аймшигт харгислалын хохирогч болон унацгаасан билээ.

18 Ай миний хүмүүсийн завхрал! Тэдэнд эмх журам бөгөөд нигүүлсэл гэж үгүй болжээ. Болгоогтун, би энгийн хүн, мөн би энгийн хүний хүч тэнхээтэй, мөн би өөрийн тушаалуудыг цаашид тулгаж чадахгүй.

19 Мөн тэд гажуу байдалдаа хүчирхэг болж; мөн тэд залуу, хөгшин хэнийг ч үл хэлтрүүлэгч харгис хэрцгий болжээ; мөн тэд сайн болох тэрнээс өөр бусад бүх зүйлд баясдаг; мөн энэ нутгийн бүх гадаргуу дээрх бидний эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн зовлон юунаас ч давуу болжээ; тийм ээ, хэл үүнийг ярьж үл чадна, мөн энэ нь бичигдэж эс чадна.

20 Мөн эдүгээ, хүү минь, энэ аймшигт дүр зургийг би үргэлжлүүлэн бичихээ больё. Болгоогтун, энэ хүмүүсийн ёс бусыг чи мэднэ; тэд зарчимгүй, мөн мэдрэхээс өнгөрснийг чи мэднэ; мөн тэдний ёс бус нь леменчүүдийнхээс ч илүү болой.

21 Болгоогтун, хүү минь, тэрбээр намайг цохих вий хэмээн би тэднийг Бурханд сайшааж чадахгүй бөлгөө.

22 Гэвч болгоогтун, хүү минь, би чамайг Бурханд сайшаана, мөн чамайг аврагдана хэмээн Христэд би найддаг; мөн түүний хүмүүс өөрт нь буцахын, эсвээс тэдний бүрмөсөн устгалын гэрч болгохоор амийг чинь хэлтрүүлээсэй хэмээн би Бурханд залбирна; учир нь тэд наманчилж мөн түүнд буцахгүй аваас тэд мөхөх ёстойг би мэднэ.

23 Мөн хэрэв тэд мөхөх аваас энэ нь, зүрх сэтгэлийнхээ зөрүүдийн улмаас цус болон өс хонзонг эрэлхийлэгч жаредчуудын адил байх болно.

24 Мөн хэрэв тэд мөхөх аваас, бидний ах дүүсийн олон нь леменчүүдэд урвасан, мөн илүү олон нь түүнчлэн тэдэнд урвах болно гэдгийг бид мэднэ; иймийн тул, хэрэв чи хэлтрүүлэгдэж мөн би мөхөн, чамайг эс харах аваас, зарим цөөн зүйлийг бичигтүн; гэвч би чамайг удахгүй харна хэмээн найдна; учир нь чамд өгөхийг хүссэн ариун нандин цэдгүүд надад буй.

25 Хүү минь, Христэд үнэнч бай; мөн миний бичсэн зүйлс чамайг үхэлд хүргэх болтол гашуудуулахгүй байгаасай; харин Христ чамайг өргөн, мөн түүний зовлон болон үхэл, мөн бидний өвөг дээдэст өөрийн биеийг үзүүлсэн нь, мөн түүний нигүүлсэл болон тэсвэр тэвчээр, мөн түүний сүр жавхлангийн мөн мөнх амьдралын найдвар оюунд чинь үүрд байх болтугай.

26 Мөн хаан сэнтий нь тэнгэрийн өндөрт байх Бурхан Эцэгийн, мөн бүх зүйл түүнд харьяалагдах хүртэл түүний хүчний баруун гар талд залрах бидний Их Эзэн Есүс Христийн ач ивээл чамтай байж, мөн үүрд мөнх хамт орших болтугай. Амен.

Хэвлэх