Судрууд
Моронай 10


Бүлэг 10

Мормоны Номын тухай гэрчлэл Ариун Сүнсний хүчээр ирдэг—Сүнсний бэлгүүд итгэгчдэд өгөгддөг—Сүнсний бэлгүүд итгэлийг үргэлж дагалддаг—Моронайн үгс газар шорооноос ярих болно—Христэд ирэгтүн, Түүгээр төгөлдөржиж, мөн өөрсдийн бодгалийг ариусгагтун. Ойролцоогоор МЭ 421 он.

1 Эдүгээ Моронай би өөртөө зөв санагдах заримыг бичье; мөн би өөрийн ах дүүс леменчүүдэд бичнэ; мөн Христийн ирэлтийн тэмдэг өгөгдсөнөөс хойш дөрвөн зуун хорь гаруй жил улирч одсоныг тэд мэдээсэй хэмээн би хүснэ.

2 Мөн та нарт ухуулах үүднээс хэдэн үг хэлснийхээ дараа, би эдгээр цэдгийг лацдах болно.

3 Болгоогтун, та нар эдгээр зүйлийг уншихдаа, хэрэв та нар тэдгээрийг унших нь Бурханы мэргэн ухаанд нийцэх аваас, Адам бүтээгдсэнээс бүр та нар эдгээр зүйлийг хүлээн авах тэр цагийг хүртэл Их Эзэн хүмүүсийн үрсэд хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нар санан мөн үүнийг зүрх сэтгэлдээ тунгаахыг би та нарт ухуулъя.

4 Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйл үнэн эсэхийг асуухыг би та нарт ухуулъя; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, чин эрмэлзэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.

5 Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.

6 Мөн сайн болох аливаа зүйл шударга бөгөөд үнэн; иймийн тул, сайн юу ч Христийг үгүйсгэдэггүй, харин түүний байдгийг хүлээн зөвшөөрдөг.

7 Мөн Ариун Сүнсний хүчээр, түүний байдаг гэдгийг та нар мэдэж болно; иймийн тул Бурханы хүчийг та нар үгүйсгэхгүй байхыг би та нарт ухуулъя; учир нь тэрбээр хүмүүсийн үрсийн итгэлийн дагуу хүчээр үйлддэг, өнөөдөр мөн маргааш, мөн үүрд хэвээр бөлгөө.

8 Мөн тэрчлэн, ах дүүс минь, Бурханы бэлгүүдийг үгүйсгэхгүй байхыг би та нарт ухуулж байна, учир нь тэдгээр нь олон; мөн тэдгээр нь нэг Бурханаас ирдэг. Мөн уг бэлгүүд хүртээгдэх өөр өөр замууд буй; гэвч хэнд ч мөн юунд ч үйлдэгч нэг л Бурхан байдаг; мөн тэдгээр нь хүмүүст, тэдэнд тус болохын тулд, Бурханы Сүнсний үзүүлэлтээр өгөгддөг.

9 Учир нь болгоогтун, нэгэнд нь Бурханы Сүнсээр, тэрбээр мэргэн үгсийг зааж болох нь өгөгддөг;

10 Мөн өөр нэгэнд нь, тэрбээр мөнхүү Сүнсээр мэдлэгийн үгийг зааж болох нь;

11 Мөн өөр нэгэнд нь, үлэмж агуу итгэл; мөн өөр нэгэнд, мөнхүү Сүнсээр эдгээх бэлгүүд;

12 Мөн тэрчлэн, өөр нэгэнд нь, тэрбээр хүчит гайхамшгуудыг үйлдэж болох нь;

13 Мөн тэрчлэн, өөр нэгэнд нь, тэрбээр бүх зүйлийн талаар бошиглож болох нь;

14 Мөн тэрчлэн, өөр нэгэнд нь, тэнгэр элч нарыг мөн тохинуулах сүнснүүдийг болгоох нь;

15 Мөн тэрчлэн, өөр нэгэнд нь, бүх төрлийн хэл;

16 Мөн тэрчлэн, өөр нэгэнд нь, хэл ярианы мөн олон төрлийн хэлийг хөрвүүлэх нь өгөгддөг.

17 Мөн эдгээр бүх бэлэг нь Христийн Сүнсээр ирдэг; мөн тэдгээр нь түүний тааллын дагуу, хүмүүн бүрд тус бүрчлэн ирдэг.

18 Мөн хайрт ах дүү нар минь, сайн бэлэг болгон Христээс ирдгийг та нар санахыг би та нарт ухуулъя.

19 Мөн хайрт ах дүү нар минь, тэрбээр өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил гэдгийг, мөн миний ярьсан, сүнснийх болох эдгээр бүх бэлэг хэзээ ч, бүр дэлхий оршиж байгаа цагт төгсгөл болохгүй, хэрэв тэгвэл зөвхөн хүмүүсийн үрсийн итгэлгүйн улмаас л гэдгийг санахыг би та нарт ухуулъя.

20 Иймийн тул, итгэл байх учиртай; мөн хэрэв итгэл байх ёстой аваас түүнчлэн найдвар байх учиртай; мөн хэрэв найдвар байх ёстой аваас түүнчлэн төгс хайр байх учиртай.

21 Мөн та нарт төгс хайр байхгүй аваас Бурханы хаант улсад та нар яавч аврагдаж чадахгүй; бас хэрэв та нар итгэлгүй аваас Бурханы хаант улсад аврагдаж чадахгүй; мөн хэрэв та нар найдвар үгүй аваас мөн аврагдахгүй.

22 Мөн хэрэв та нар найдвар үгүй аваас шантрах нь гарцаагүй; мөн шантрал алдсын улмаас ирдэг.

23 Мөн Христ бидний өвөг дээдэст үнэхээр хэлсэн юм: Хэрэв та нарт итгэл байх аваас та нар миний хувьд зохистой болох аливаа зүйлийг хийж чадна.

24 Мөн эдүгээ би дэлхийн бүх хязгаарт хэлж байна—хэрэв Бурханы хүч мөн бэлгүүд та нарын дунд байхгүй болох тэр өдөр ирэх аваас, энэ нь итгэлгүйн улмаас байх болно.

25 Мөн хэрэв ийм байдалд байх аваас хүмүүсийн үрсэд халаг болог; учир нь та нарын дунд сайныг хийгч үгүй, үгүй, нэг ч үгүй байх болно. Учир нь хэрэв та нарын дунд сайныг үйлдэгч нэгэн байх аваас, тэрбээр Бурханы хүч болон бэлгүүдээр ажиллах болно.

26 Мөн эдгээр зүйлийг үгүй болгож мөн нас нөгчих тэдэнд халаг, учир нь тэд нүглүүддээ нас нөгчдөг, мөн тэд Бурханы хаант улсад аврагдаж эс чадах бөлгөө; мөн би үүнийг Христийн үгсийн дагуу ярьж байна; мөн би худал хэлэх нь үгүй.

27 Мөн эдгээр зүйлийг санахыг би та нарт ухуулж байна; учир нь миний худал хэлээгүйг та нар мэдэх тэр цаг хурдтайгаар ирж байна, учир нь та нар намайг Бурханы индэр дээр харах болно; мөн Их Эзэн Бурхан та нарт: Нас барагсдын дундаас хашхирах нэгэн мэтээр, тийм ээ, бүр газар шорооноос ярих нэгэн мэтээр, энэ хүнээр бичигдсэн өөрийн үгсийг би та нарт тунхаглаагүй гэж үү? хэмээн хэлнэ.

28 Бошиглолуудыг гүйцэлдүүлэхээр би эдгээр зүйлийг тунхаглаж байна. Мөн болгоогтун, эдгээр нь үүрдийн Бурханы амнаас гарах болно; мөн түүний үг үеэс үед исгэрэн тархах болно.

29 Мөн миний бичсэн үүнийг үнэн болохыг Бурхан та нарт үзүүлэх болно.

30 Мөн та нар Христэд ирж, мөн сайн бэлэг болгоноос барьж аван, мөн хилэнцэт бэлэгт, бас цэвэр бус зүйлд үл хүрэхийг та нарт ухуулъя би.

31 Мөн сэрэгтүн, мөн шорооноос өндийгтүн, ай Иерусалим; тийм ээ, мөн үзэсгэлэнт өмсгөлөө өмс, ай Сионы охин; мөн та нар цаашид шившиглэгдэхгүйн тул, ай Израилын угсаа, Мөнхийн Эцэгийн та нартай хийсэн гэрээнүүд биелэгдэж болохын тулд, үүрд гадаснуудаа бөхөлж мөн хилүүдээ тэлэгтүн.

32 Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзагтун; мөн хэрэв та нар бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх чадавх, оюун ухаан болон хүч чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттай, тиймээс түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно; мөн хэрэв Бурханы ач ивээлээр та нар Христээр төгс аваас, та нар Бурханы хүчийг яавч үгүйсгэж чадахгүй.

33 Мөн тэрчлэн, хэрэв Бурханы ач ивээлээр та нар Христээр төгс, мөн түүний хүчийг эс үгүйсгэх аваас, тэгвэл та нар Эцэгийн гэрээн дэх Христийн цус урсалтаар нүглээсээ ангижирч, тэгснээр та нар ариун, толбогүй болж Бурханы ач ивээлээр, Христээр дамжуулан ариусгагддаг билээ.

34 Мөн эдүгээ би бүгдтэй салах ёс гүйцэтгэе. Миний сүнс болон махбод дахин нэгдэж, мөн амьд үхсэний аль алиных нь Мөнхийн Шүүгч, агуу Иеховагийн таалалт индрийн өмнө та нартай уулзахаар би агаараар ялгуусан байдалтайгаар хүргэгдэх хүртэл, Бурханы диваажинд амрахаар удахгүй явах болно би. Амен.

Төгсөв

Хэвлэх