Мормоны Ном


Хиламаны Ном

Бүлэг 10

Их Эзэн лацдах хүчийг Нифайд өгөв—Тэрээр газарт мөн тэнгэрт холбох мөн цуцлах хүчийг хүлээн авав—Тэрээр наманчлахыг эс бөгөөс мөхөхийг хүмүүст зарлиглав—Сүнс түүнийг цугласан олноос цугласан олонд хүргэж байв. Ойролцоогоор мэө 21–20 он.

1Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн дунд хагарал үүсч, үүний хэрээр тэд нааш цааш хуваагдаж мөн тэдний дунд зогсож байхад нь Нифайг ганцааранг нь орхин, тэд замаараа одоцгоов.

2Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн өөрт нь үзүүлсэн зүйлүүдийн талаар эргэцүүлсээр Нифай гэр рүүгээ чиглэн замаараа одов.

3Мөнхүү улиран тохиох дор түүнийг ийн эргэцүүлэх зуур—тэрээр Нифайн хүмүүсийн ёс бус үйлүүд, тэдний харанхуйн нууц ажлууд, мөн тэдний аллагууд мөн тэдний тонуулууд, мөн бүх төрлийн алдсуудынх нь учир ихэд гутарч байв—мөн улиран тохиох дор түүнийг зүрх сэтгэлдээ ийн эргэцүүлж байх зуур, болгоогтун, нэгэн дуу хоолой түүнд ирж хэлрүүн:

4Адислагдсан болой чи, Нифай, чиний хийсэн зүйлүүдийн учир; учир нь чамд миний өгсөн үгийг энэ хүмүүст ядрахаа мэдэхгүй яаж тунхагласныг чинь би болгоосон. Мөн чи тэднээс айсангүй, мөн амьдралаа эрэлхийлсэнгүй, харин миний тааллыг, мөн зарлигуудыг минь дагахыг эрэлхийллээ.

5Мөн эдүгээ, чи үүнийг ингэж ядрахаа мартан хийсэн учир, болгоогтун, би чамайг үүрд адислах болно; мөн би чамайг үгэнд мөн үйлэнд, итгэлд мөн ажилд ч хүчирхэг болгох болно; тийм ээ, бүр бүх зүйл чиний үгийн дагуу чамд хийгдэх болно, учир нь тааллын минь эсрэг зүйлийг чи эс гуйдаг билээ.

6Болгоогтун, чи бол Нифай, мөн бибээр Бурхан. Болгоогтун, чи энэ хүмүүсийн дээр хүчтэй байна, мөн энэ хүмүүсийн ёс бус үйлүүдийн дагуу газрыг өлсгөлөнгөөр, мөн тахлаар, мөн устгалаар цохих болно хэмээн тэнгэр элчүүдийнхээ дэргэд би үүнийг чамд тунхаглаж байна.

7Болгоогтун, Би чамд хүчийг өгье, иймээс газарт лацадсан болгон чинь тэнгэрт лацдагдах болно; мөн газарт цуцалсан бүхэн чинь тэнгэрт цуцлагдах болно; мөн энэ хүмүүсийн дунд чамд тийм хүч байх болно.

8Мөн тийн, хэрэв чи энэ ариун сүмд хоёр хуваагдан цуур гэж хэлэх аваас энэ нь хийгдэх болно.

9Мөн хэрэв чи энэ ууланд, чи нурж мөн тал бол гэж хэлбэл, энэ нь хийгдэх болно.

10Мөн болгоогтун, хэрэв Бурхан энэ хүмүүсийг цохих болно гэж чи хэлэх аваас, энэ нь улиран тохиох болно.

11Мөн эдүгээ болгоогтун, чи явж, та нар наманчлахгүй аваас, бүр устгалд хүргэн цохигдох болно гэж Бүхнийг чадагч Их Эзэн Бурхан ийн хэлж байна хэмээн мөн энэ хүмүүст тунхаглахыг би чамд зарлиг болгож байна буюу.

12Мөн болгоогтун, эдүгээ улиран тохиох дор Их Эзэн эдгээр үгсийг Нифайд ярьсны дараа, тэрээр зогсож мөн гэртээ одсонгүй, харин нутгийн гадаргуу дээр тархсан хүмүүсийн зүг эргэж очоод, мөн хэрэв тэд наманчлахгүй аваас тэдний устгалын талаарх түүнд яригдсан Их Эзэний үгийг тэдэнд тунхаглаж эхлэв.

13Эдүгээ болгоогтун, Нифай тэдэнд ерөнхий шүүгчийн үхлийн талаар хэлсэн нь агуу гайхамшиг байсан хэдий ч, тэд зүрх сэтгэлээ хатууруулж мөн Их Эзэний үгсийг анхааран сонссонгүй.

14Тиймийн тул Нифай тэдэнд Их Эзэний үгийг тунхаглаж, өгүүлсэн нь: Та нар наманчлахгүй аваас, та нар бүр устгалд хүргэн цохигдох болно хэмээн Их Эзэн хэлэв.

15Мөнхүү улиран тохиох дор тэрхүү үгийг Нифай тэдэнд тунхаглахад, болгоогтун, тэд зүрх сэтгэлээ хатууруулсан хэвээр байж мөн түүний үгсийг анхааран сонсохгүй байв; тиймийн тул тэд түүний эсрэг доромжлон, мөн түүнийг шоронд хаяж болохын тулд түүнд гар хүрэхийг завдав.

16Гэвч болгоогтун, Бурханы хүч түүн дээр оршиж, мөн тэд түүнийг шоронд хаяхаар баривчилж чадсангүй, учир нь тэрээр Сүнсээр авагдаж мөн тэдний дундаас зөөгдөн одов.

17Мөнхүү улиран тохиох дор тэрээр тийн Сүнсний нөлөөн дор, цугласан олноос цугласан олонд очиж, Бурханы үгийг, бүр тэдэнд бүгдэд нь тунхаглаж, өөрөөр хэлбэл бүх хүмүүсийн дунд илгээх хүртлээ тунхагласан билээ.

18Мөнхүү улиран тохиох дор тэд түүний үгсийг анхааран сонсохгүй байв; мөн зөрчилдөөнүүд эхэлж, үүний хэрээр тэд өөр хоорондоо хуваагдаж мөн нэг нэгнээ илдээр хөнөөж эхлэв.

19Мөн Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын далан нэгдүгээр он ийн төгсөв.