Ариун сүмийн бэлтгэл
Ариун сүмд ороход бэлтгэх нь


Ариун сүм рүү оч

Хүн яагаад ариун сүмд орох олон учир шалтгаан бий. Ариун сүмийн гаднах үзэсгэлэнтэй байдал хүртэл гүн гүнзгий сүнслэг зорилгуудыг нь сануулах мэт. Үүнийг ханануудын дотроос илүүтэй харж болно. Ариун сүмийн хаалганы дээд талд “Их Эзэнд ариуныг” гэсэн үгсийг бичсэн байдаг. Та онцгойлон адислагдсан аль нэг ариун сүмд орвол Их Эзэний өргөөнд орлоо гэсэн үг.

Бид олон янзын барилгыг Сүмд барьдаг. Тэдгээр барилга дотор бид шүтэн биширч, зааж сургаж, тоглон наадаж, зохион байгуулалт хийдэг. Энэ барилгуудад төдийгүй түрээсийн байруудад ч гэсэн бид гадас, тойрог, номлол, чуулгууд болон Халамжийн нийгэмлэгийг зохион байгуулах боломжтой байдаг. Гэхдээ Их Эзэний илчилсний дагуу гэр бүлүүдийг зохион байгуулахдаа тэднийг ариун сүмд зохион байгуулдаг. Лацдан холбох тэрхүү ёслол болох ариун сүмийн гэрлэлт нь ариун сүмд авч болох хамгийн эрхэм дээд адислал юм.

Сүмийн гишүүд өөрсдийгөө зохистой болговол ариун сүмүүдэд хийгддэг хүн төрөлхтөнд илчлэгдсэн гэтэлгэлийн хамгийн эрхэм дээд ёслолуудад оролцож чадна. Тэнд ариун ёслолоор хувь хүмүүс угаагдаж, тослогдон, заавар хүлээн авч, хувийн хишгээ хүртэн, лацдан холбуулж болно. Бид өөрсдийнхөө төлөө эдгээр адислалыг хүлээн авсны дараа, эдгээрийг хүлээн авах боломжгүйгээр нас барсан хүмүүсийг төлөөлөн ёслолуудыг хийлгэж болно. Ариун сүмүүдэд амьд хүмүүсийн болон нас барагсдын аль алиных нь төлөө ариун нандин ёслолуудыг хийж гүйцэтгэдэг. Энэ бол зохистой гишүүд хөшигний цаад талд байгаа нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэдэг баптисмын усан сан.

“Ариун сүмд ирж бай.” Одоо биш ч гэсэн удахгүй ир. Байнга залбирч, амьдралаа эмх цэгцэд оруулж, ирэх тэрхүү өдөрт найдан, чадах чинээгээрээ мөнгөө хуримтлуул. Зарим үед хүнд хэцүү бөгөөд урам хугарч, сэтгэл гонсойм наманчлалын тэр аяныг одооноос эхэл. Ариун сүм хувь хүмүүсийг өөрчлөн шинэчилдэг ба тэнд очихын тулд гаргасан бүхий л хичээл зүтгэлийг нь асар их үр ашигтай болгодог. Ариун сүмээс алс хол амьдардаг хүмүүст хандан хэлэхэд, ариун сүмд очихоос тань өмнө ариун сүм та нарт ирэх болно. Очно гэсэн итгэл найдвараа хадгалах буюу зохистой байж, ариун сүмд очно гэдэгтээ шийдвэр төгс бай.

Эдгээр нь ариун нандин зүйлс болой

Судруудыг анхааралтай унших нь Их Эзэн бүх зүйлийг бүх хүнд хэлээгүй гэдгийг илчилдэг. Ариун мэдээллийг хүлээн авахын өмнө хангавал зохих зарим шаардлага байдаг. Ариун сүмийн ёслолууд энэ ангилалд багтдаг.

Бид ариун сүмийн ёслолуудын талаар ариун сүмийн гадуур ярьж болохгүй. Ариун сүмийн ёслолуудын тухай мэдлэг сонгогдсон цөөн тооны хүнээр хязгаарлагдаж, бусад хүнд ёслолуудын тухай огт ярихгүй байх нь хэзээ ч Бурханы зорилго байгаагүй. Харин ч үнэн хэрэгтээ үүний эсрэг юм. Бид асар их хүчин чармайлт гарган, бодгаль бүрийг ариун сүмийн ёслолуудад бэлтгэн, орох шаардлагыг хангахад уриалж байна. Ариун сүмд орсон хүмүүст хэзээ нэгэн цагт амьд байгаа болон амьдарч байсан бүх бодгальд сайн мэдээг сонсох, ариун сүмүүдэд санал болгодог зүйлийг хүлээн авах юм уу няцаах боломж олгогдох болно гэсэн туйлын зорилгыг заадаг. Хэрэв энэхүү боломжоос татгалзвал энэ нь тухайн хүний сонголт байх ёстой.

Ариун сүмийн ёслол, зан үйлүүд энгийн бөгөөд эрхэм сайхан. Эдгээр ёслол ариун нандин. Бэлтгэгдээгүй хүмүүст өгөхгүйн тулд ёслолуудыг нууцалдаг. Сониуч зан бол бэлтгэл биш юм. Гүн гүнзгий сонирхох ч гэсэн бэлтгэл биш. Ариун сүмд ёслолууд хүлээн авах бэлтгэл үе шатуудад Их Эзэний өргөөнд зочноор уригдсан хүнд байвал зохих итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгаа, зохистой байдал, төлөвшилт болон нэр төртэй байдал зэрэг нь ордог.

Бид ариун сүмд орохынхоо өмнө бэлтгэгдсэн байх ёстой. Бид ариун сүмд орохоосоо өмнө зохистой байх ёстой. Үүнд тавигдсан хязгаарлалт, болзлууд бий. Тэдгээрийг хүмүүн биш, харин Их Эзэн тогтоосон юм. Мөнхүү ариун сүмтэй холбоотой асуудлуудыг ариун нандин, нууцлаг чигээр нь чанд сахих бүхий л эрх, эрх мэдэл Их Эзэнд байдаг.

Зохистой бөгөөд бүх талаар шаардлага хангасан хүн бүр ариун сүмд орж, ариун нандин зан үйл, ёслолуудыг хүлээн авч болно.

Ариун сүмд орох шаардлагыг хангахуйц зохистой байх

Та ариун сүмийн адислалын үнэ цэн, тэнд хийж гүйцэтгэгддэг ёслолуудын ариун мөн чанарыг ойлгодог болсныхоо дараа ариун сүмд ороход Их Эзэний тогтоосон өндөр жишгүүдэд эргэлзэхээ болино.

Та ариун сүмд орохыг зөвшөөрсөн хүчинтэй эрхийн бичигтэй байх ёстой. Уг эрхийн бичигт тойргийн тань бишоп ба гадасны ерөнхийлөгч гарын үсэг зурсан байх ёстой. Үнэндээ номлолын талбарт салбарын болон номлолын ерөнхийлөгч ариун сүмийн эрхийн бичиг олгох үүргийг хүлээдэг. Зөвхөн зохистой хүмүүс ариун сүмд орох ёстой. Бишоп нь бидний хувийн зохистой байдлыг шалгах үүрэгтэй. Их Эзэний томилсон үйлчлэгчтэй хамт амьдралынхаа хэв маягийг тодорхойлдог учраас энэ ярилцлага маш чухал юм. Хэрэв танд ямар нэг асуудал байвал үүнийг шийдвэрлэхэд тань бишоп туслах болно. Энэ үйл явцаар дамжуулан, Израилын олон нийтийн шүүгчтэй зөвлөлдсөнөөр танд Их Эзэний зөвшөөрөлтэйгөөр ариун сүмд орох зохистойг тань мэдэгдэнэ эсвэл зохистой болох тал дээр тусламж авч болдог.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Н.Элдон Таннэр санваарын ерөнхий хуралдаан дээр ярилцлагын тухай үг хэлсэн. Түүний өгсөн зөвлөгөө ярилцлагыг хөтлөн явуулдаг Сүмийн удирдагчид болон ярилцлагад орж буй гишүүдийн аль алинд ач холбогдолтой. Энэхүү зөвлөгөөг анхааралтай бодож үзнэ үү.

Бишоп болон гадасны ерөнхийлөгч та нар ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагаа дараах маягаар хандан эхлүүлэх хэрэгтэй.

“Та ариун сүмд орох эрхийн бичиг авахаар над дээр ирсэн байна. Би ярилцлага хийхдээ Их Эзэнийг төлөөлөх үүрэг хүлээдэг. Ярилцлагын дараа би таны эрхийн бичигт зурах ч миний гарын үсэг эрхийн бичиг дээр тань байх ёстой цорын ганц гарын үсэг биш юм. Эрхийн бичиг хүчинтэй болохын өмнө та өөрөө эрхийн бичигт гарын үсэг зурах ёстой.

Та өөрийн эрхийн бичигт гарын үсэг зурснаар энэхүү бичгийг хүлээн авсан хүмүүст олгогддог эрх ямбыг эдлэх зохистой байна гэсэн амлалт үүргийг Их Эзэнд өгдөг. Би танд хэд хэдэн жишиг асуулт тавих болно. … Та асуулт бүрд үнэнч шударгаар хариулах хэрэгтэй.” …

Та эрхийн бичиг авахыг хүссэн хүнд ийнхүү хэлснийхээ дараа “Их Эзэний өргөөнд ордог ямар ч хүн аливаа бохир бөгөөд ариун нандин биш, цэвэр бус, хэвийн бус буруу зан үйлээс хол байх ёстой” хэмээн нэмж хэлж болно. …

Бид ярилцлагаа хайрлах сэтгэлээр, даруу байж хийх ёстой. Хэрэв та “Өөрийн эрхийн бичигт гарын үсэг зурдаг байсан бол танд эвгүй санагдаж магадгүй буюу Их Эзэнд шударга бус байх шалтгаан байх байсан гэж бодож байна уу?

Та гарын үсэг зурахынхаа өмнө хувийн чанартай зарим асуудлаа цэгцлэхийн тулд хэсэг хугацаа авахыг хүсэж байна уу? Их Эзэн бүхнийг мэддэг бөгөөд хууртахгүй гэдгийг санаарай. Бид танд туслахыг хичээж байна. Их Эзэнээс дуудлага, заавар эсвэл адислал авахын тулд хэзээ ч бүү худал хэлээрэй” гэж хэлэх юм бол олон зүйлийг засаж залруулах боломжтой.

Та дээр тоймлон хэлснээр асуудалд хандвал гишүүн өөрөө өөрөөсөө ярилцлага авах үүрэг хүлээнэ. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч ялган таних хүчийг эзэмших эрхтэй. Тэрээр гарын үсэг зурахынхаа өмнө зохицуулах ёстой ямар нэгэн асуудал байгаа эсэхийг мэдэх болно. (“The Blessing of Church Interviews,”Ensign [November 1978]: 42–43.)

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг бишоп, ариун сүмд орох гэж байгаа гишүүн хоёр ганцаарчлан хийнэ. Ярилцлагаар гишүүний биеэ авч явах байдал болон зохистой байдал, Сүмийг болон Сүмийн албан тушаалтнуудыг хэрхэн итгэлээр дагадаг талаар олж тогтоох асуултуудыг түүнд тавьдаг. Гишүүн ёс суртахууны хувьд цэвэр ариун бөгөөд мэргэн ухааны үгийг дагадаг, аравны нэгээ бүрэн төлдөг, Сүмийн сургаалын дагуу амьдардаг, урвагч бүлгүүдэд аливаа хэлбэрээр холбогдож, дэмждэггүйгээ нотлох ёстой. Гишүүн бүртэй хийсэн ярилцлагын нууцыг хадгалах нь маш чухал болохыг бишопт зааварладаг.

Бишопын асуултуудад өгсөн боломжит хариултууд тухайн хүнийг ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахуйц зохистойг нотлох болно. Хэрэв хүсэлт гаргагч нь зарлигуудыг сахидаггүй эсвэл засаж залруулах ёстой ямар нэг зүйл амьдралд нь байгаа бол ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахаас өмнө хувь хүн чин сэтгэлээсээ наманчилснаа харуулах шаардлагатай.

Бишопыг ийм ярилцлага хийсний дараа гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ариун сүмд орох гэж буй хүн нэг бүртэй мөн адил ярилцлага хийнэ. Хэрэв бид анх удаа ариун сүмд орох гэж байгаа бол ихэвчлэн гадасны ерөнхийлөгч өөрөө уг ярилцлагыг хийдэг.

Мэдээж, бид ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагад орохоор ирэхдээ ариун нандин газар орох зүй зохистой эсэхийг тогтоохоор Их Эзэнийг төлөөлөхөөр томилогдсон Израилын шүүгчийн үүргийг хүлээн авсан хүний шийдвэрийг хүлээн авах болно.

Ариун сүмд анх удаа орохдоо болон орох болгондоо

Хэрэв та ариун сүм рүү анх удаа явж байгаа бол бага зэрэг сэтгэл түгших нь зүйн хэрэг юм. Бидэнд ер нь мэдэхгүй зүйлдээ сэтгэл түгших нь ердийн зүйл байдаг. Шинэ зүйлтэй учрахдаа бид үргэлж сандардаг.

Тайван бай. Та ариун сүм рүү явах гэж байна. Алхам бүрд тань хэн нэгэн танд туслахад бэлэн байгаа. Танд анхаарал тавьж, замчлах болно. Тиймээс тайван бай.

Бид ариун сүмд орохдоо бишрэл хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Ярих шаардлага гарах үед аяар, зөөлөн дуугаар ярилцвал зохино. Зааварчилгаа өгөх үед хүндэтгэл бишрэлтэй, чимээгүй байх нь мэдээж.

Хүндэтгэл бишрэлтэй, нам гүм орчинд бясалгах боломж олгодог хэд хэдэн газар бий. Зарим сүмд ёслолын ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө ариун сүмийн барилгын танхимд хүмүүс хэсэг бүлгээрээ ирж цуглардаг. Энд гишүүд бүх хүнийг цуглартал хүлээдэг. Амьдрал дээр бид ер нь хүлээхдээ тэвчээр алддаг. Өрөөнд түрүүлж ирээд, ёслолд оролцох сүүлчийн хүнийг иртэл хүлээх нь өөр нөхцөлд бол бухимдал төрүүлэх байсан. Харин ариун сүмд бол эсрэгээрээ. Энэ хүлээлтийг хамгийн сайхан боломж хэмээн үздэг. Юу ч ярилгүй чимээгүй сууж, оюун санаагаа хүндэтгэл бишрэлтэй сүнслэг бодолд хандуулах нь ямар эрхэм боломж гээч! Энэ нь бодгалийн хүчийг сэлбэдэг.

Та ариун сүмд орохдоо Их Эзэний өргөөнд зочлон ирж байгаагаа санаарай. Энэ бол баяр хөөртэй ч дотроо чимээгүй баярлан хөөрөх цаг мөч юм. Заримдаа ариун сүмийн гэрлэлтэн дээр хамаатан садан, найз нөхөд нь хайраа илэрхийлэн, баяр хүргэхдээ мөн удаан хугацаанд уулзаагүй гэр бүлийн гишүүд хоорондоо мэндчилэх үед аяархан, нам дуугаар ярихыг сануулах зайлшгүй хэрэг гардаг. Чанга ярих, инээх зэрэг нь Их Эзэний өргөөнд тохиромжгүй юм.

Ариун сүмийн ажилтнуудын зааврыг анхааралтай сонс. Хэн нэгэн юу хийхийг тань заан чиглүүлэх болно.

Дээрээс заалгах нь

Анх удаа ариун сүмд орохынхоо өмнө, тэр байтугай олон удаа орсныхоо дараа ч гэсэн ариун сүмд заадаг зүйлс бэлгэдлийн шинж чанартай болохыг ойлгох нь танд тустай байх болно. Их Эзэн, Багш Өөрийн зааврын ихээхэн хэсгийг ийм арга замаар өгсөн.

Ариун сүм бол агуу сургууль мөн. Энэ бол суралцахын өргөө мөн. Ариун сүм дэх уур амьсгалыг гүн гүнзгий сүнслэг асуудлуудын талаар заавар өгөхөд туйлын тохиромжтой байлгадаг. Арван хоёрын чуулгын гишүүн асан Жон А.Видцөү их сургуулийн гарамгай ерөнхийлөгч, дэлхийд нэрд гарсан эрдэмтэн байсан. Тэрээр ариун сүмийн ажилд гүн хүндэтгэлтэй ханддаг байсан бөгөөд нэг үйл явдлын үеэр ийн хэлсэн байдаг.

Ариун сүмийн ёслолууд нь Сүмийн үе үеийн удирдагчдын заасаар ирсэн авралын төлөвлөгөөг бүхэлд нь хамарч, ойлгоход хэцүү асуудлуудыг тодорхой болгож өгдөг. Ариун сүмийн сургаалуудыг авралын агуу төлөвлөгөөнд нийцүүлэх буюу тохируулдаггүй. Ариун сүмийн хишгийн философийн үзэл баримтлал бол ариун сүмийн ёслолуудын үнэн зөвийг дэмждэг хамгийн агуу тайлбарын нэг юм. Түүнээс гадна сайн мэдээний төлөвлөгөөг цогц байдлаар бүрэн хамран тайлбарладаг нь ариун сүмийн шүтлэг бишрэлийг сайн мэдээний бүтцийн тухай ой санамжийг сэргээн шинэчилдэг хамгийн үр ашигтай аргуудын нэг болгодог.

Сэтгэлийг маань татдаг өөр нэг баримт бол ариун сүмийн ажлын үнэний талаар дотоод сэтгэлд маань өгдөг хүчтэй гэрч юм. Их Эзэний бошиглогч Иосеф Смитэд илчилсэн ариун сүмийн ажил болон хишиг хүртэх ёслол нь … бэлтгэх ёслолууд, яриа болон танилцуулгаар өгөх зааврууд, гэрээнүүд мөн эцэст нь, мэдлэгийн шалгалтууд гэсэн дөрвөн тодорхой хэсэгт хуваагддаг. Мэдлэг боловсролгүй, логик ухааны талаар суралцаж заалгаагүй бошиглогч Иосеф энэ бүхнийг логик талаас ийм бүрэн цогц болгож чадсан гэдэгт би эргэлзэж байна. (John A. Widtsoe, “Temple Worship,” Utah Genealogical and Historical Magazine, 12 [April 1921], 58.)

Ахлагч Видцөүгийн нийтлэлээс дахин эш татъя.

Бид бэлгэ тэмдгийн ертөнцөд аж төрж байна. Бид бэлгэдлээс өөр юу ч мэддэггүй. Бид хуудас цаасан дээр хэдэн тэмдэг тавиад хайр, үзэн ядалт, халамж, Бурхан эсвэл мөнх амьдралыг илэрхийлсэн үгийг үүсгэдэг. Тэр тэмдгүүд нүдэнд их гоё харагддаггүй байж ч болох юм. Номын хуудсан дээрх эдгээр тэмдгээс хэн ч алдаа олж хардаггүй. Тэдгээр нь төлөөлж буй зүйлстэйгээ адил гоо сайхан биш учраас ийм байж болох юм. Б-у-р-х-а-н гэдэг тэмдгүүд тийм ч гоё биш ч гэлээ Бурханы сүр хүчийг төлөөлдөг. Энэ тэмдгүүдийн утга агуулга дангаараа биднийг гэрт маань авчирдаг байсан бол бид тэмдгүүд байдагт талархана. Би энэ үдэш та бүхэнд хандан үг хэлж байна. Та нар миний ярьж буй хэв маяг, үгийн сонголттой маргаагүй. Миний та бүхэнд ойлгуулах гэсэн оюун бодлын утга санааг дагахдаа та нар үгс болон хэв маягийг мартсан. …

Бид бэлгэ тэмдгийн ертөнцөд амьдардаг. Ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн бэлгэ тэмдгийн цаадах бэлгэ тэмдгийн төлөөлдөг хүчирхэг бодит зүйлсийг харалгүйгээр ариун сүмээс хишиг хүртэн гарч болохгүй. (“Temple Worship,” хуудас 62.)

Хэрэв та ариун сүмд орж, тэнд заагддаг зүйлс бэлгэдлийн шинжтэйг санах юм бол алсын хараа тань тэлэн, сэтгэл санаа, сүнслэг байдал тань өргөгдөж, сүнсний зүйлсийн талаарх мэдлэг тань өргөжин тэлснээр хэзээд зохих сүнстэй явах болно. Заах төлөвлөгөө нь ер бусын, сүнсээр өдөөгдсөн байдаг. Агуу Багш Их Эзэн дагалдагчдадаа сургаалаа байнга сургаалт зүйрлэлээр заадаг байсан бөгөөд өөр аргаар заахад ойлгоход хэцүү байж болох зүйлсийг бэлгэдлээр төлөөлүүлэн, аман яриан аргаар заадаг байсан. Тэрээр шавь нарынхаа амьдралын нийтлэг туршлага дээр үндэслэн ярьдаг байсан ба эм тахиа болон дэгдээхэй, шувуу, цэцэгс, үнэг, мод, заль мэхтэн, хулгайч, их замын дээрэмчин, нар жаргах, ядуу ба баян хүн, эмч, хувцсаа нөхөх, зэрлэг өвс зулгаах, гэрээ цэвэрлэх, гахай тэжээх, үр тариа цайруулах, саравчиндаа нөөцлөх, байшин барих, туслуулахаар хөлслөх зэрэг олон өөр зүйлийн тухай ярьдаг байсан. Тэрээр гичийн үр мөн сувдны тухай ярьсан. Есүс Өөрийн сонсогчдод заахыг хүсэж байсан тул бэлгэдлийн аргаар энгийн зүйлсийн талаар ярьдаг байв. Эдгээр зүйлийн аль нь ч учир битүүлэг буюу ойлгомжгүй биш бөгөөд бүгд бэлгэдлүүд юм.

Ариун сүм чухамдаа өөрөө ч бэлгэдэл. Хэрвээ та бүрэн гэрэлтсэн ариун сүмийг шөнийн цагаар харвал ямар сүрлэг сайхан харагддагийг мэдэх болно. Гэрэлд умбан, харанхуйгаас цойлон харагдах Их Эзэний өргөө Есүс Христийн сайн мэдээний хүч, сүнслэг нөлөөний бэлгэдэл болж, сүнсний харанхуй дахь гэрэлт цамхаг лугаа адил сүндэрлэдэг билээ.

Анх удаа ороод, ариун сүмийн ёслолыг бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Зөвхөн заримыг нь ойлгох болно. Ахин дахин, эргэн оч. Суралцахаар эргэн очигтун. Ухаж ойлгоход төвөгтэй буюу учир битүүлэг зүйлүүд танд ойлгогдож эхэлнэ. Тэдгээрийн олонх нь намуухан байх ба өөр хэн нэгэнд тайлбарлаж чадахааргүй хувийн шинжтэй зүйлүүд байх болно. Харин таны хувьд тэдгээр нь танил зүйлс байх юм.

Ариун сүмээс хүлээн авах зүйл маань даруу байдал, хүндэтгэл бишрэл, сурч мэдэх хүсэл зэрэг ариун сүмд бидний авчрах зүйлээс ихээхэн шалтгаалдаг. Хэрэв бид сурч мэдэхэд бэлэн байвал ариун сүмд Ариун Сүнс бидэнд заах болно.

Ариун сүмийн хишиг хүртэх хэсэгт оролцох эсвэл лацдан холболтын гэрч болох боломж та нарт гарсан үед эдгээр ёслол таны өмнө юуг илтгэн харуулж байгааг тунгаан бодоорой. Ариун сүмд орсны дараах өдрүүдэд эдгээр зүйлийн талаар эргэцүүлэн бодогтун мөн нам гүм хийгээд залбирч, тэдгээрийг дахин цэгнэж үзвэл мэдлэг тань өргөжин тэлнэ.

Ариун сүмийн туршлагын агуу үнэ цэнийн нэг нь энэ дэлхийтэй холбоотой Бурханы зорилгуудын өргөн, далайцтай цар хүрээг төлөөлдөг явдал мөн. Бид ариун сүмд орсныхоо (бид энд эргэн ирж, дурсамжаа сэргээж болно) дараа амьдралын үйл явдлууд Бурханы төлөвлөгөөтэй зохицдогийг ойлгодог. Бид Бурханы төлөвлөгөөний яг хаана байгаагаа болон юун дээр алдаж байгаагаа харж чадна.

Ариун сүм өөд хар. Хүүхдүүддээ ариун сүм өөд харахыг заа. Тэднийг бага балчир байхаас эхлэн үүнд анхаарлыг нь чиглүүлж, ариун сүмд орох өдөрт нь бэлтгээрэй.

Энэ хооронд өөрсдөө бишрэлтэй, заалгахад бэлэн бай. Бэлгэдлийн агуу сүнслэг сургаалаас залгилан уух боломж зөвхөн ариун сүмд бий.

Ариун сүмийн гэрлэлтийг төлөвлөхөд цаг хугацаа хэрэгтэй. Хянуур нямбай төлөвлөвөл зохино. Хайрлаж дурласан залуу хосууд эцэг эхийнхээ гуйлтыг үл хайхран, шууд л ганц хоёрхон долоо хоногийн дотор гэрлэх гэж зүтгэх нь ховор биш тохиолддог. Заримдаа залуу хосууд илүү их цаг гарган бэлд гэсэн эцэг эхийнхээ гуйлтыг гэрлэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хүлээн авдаг. Хэрэв тэд хүлээзнэвэл ямар нэгэн зүйл саад болчих вий гэдгээс айдаг. Зарим залуу хос өөрсдийгөө хэт төлөвшөөгүй, муу гэдгээ харуулан зөвхөн ихээхэн золиос гаргаж байж хийх боломжтой зүйлийг нэн даруй зохицуулж хийхийг шахаж шаарддаг ба үр дүн нь өөр нөхцөл байдалд байсан бол арай өөр байх байсан ч дурсан санах зүйлгүй үлддэг.

Хэрэв аливаа юмсыг хэт яаран, албадан хийлгүүлэх юм бол ариун сүмд анх удаа ороход эсвэл ариун сүмд гэрлэх өдөр нь тэдэнд ямар нэгэн зүйлийг орхигдуулсан мэт санагдах болно. Ариун сүмд анх орох эсвэл ариун сүмд гэрлэх өдрөө лацдан холбуулах нь амьдралд ганцхан л удаа болдог үйл явдал юм. Үүнд сайтар бэлтгэвэл зохино. Энэ нь маш чухал зүйл учир бэлтгэлийн аахар шаахар зүйлс, гэрийн ялимгүй жоохон ажил ч гэсэн үүнд нөлөөлөх ёсгүй. Иймээс бүх зүйлийг урьдчилан хийсэн байх хэрэгтэй. Товлосон өдөр болоход ямар нэгэн нэн чухал зүйлийг орхигдуулсан байвал ихээхэн бухимдлыг үүсгэж болох юм.

Хэрэв та цуглаанд эрт ирж, танхимд чимээгүйхэн суун, хүмүүсийн ирэхийг ажиглан харвал тэд ямар нэг зүйлийг авч ирж байгааг харах болно. Сүнсний илч нэмэгдэж, өрөө хоосон байснаа цугларсан олноор буюу хүсэн хүлээн, сэтгэл нь догдолсон ах, эгч нараар дүүрсэн өрөө болж хувирна.

Цаг завгүй өдрүүдэд бид цуглаанд очих болгондоо ингэх боломжгүй. Юу ч биднийг цуглаанд ийн хандахад хүргэсэн байлаа ч гэсэн бид ариун сүмд очихдоо үүнээс ч илүү ач холбогдол өгөх нь чухал юм. Ялангуяа анх удаа ариун сүмд орох гэж байгаа бол бүр ч чухал. Бид тэнд эрт очих хэрэгтэй.

Ийн эрт очих нь хамгаалалт болох төдийгүй удирдамж заавар болон бусад зүйл эмх цэгцтэй байгаа эсэхийг нягтлан үзэхэд мөн өөрсдийгөө шинэ туршлагад дасгахад тус болно. Энэ нь үүнээс ч илүү чухал зүйл юм. Энэ бол зөв газраа, зөв цагтаа тайван, зөв бодол санаатай суух буюу болох гэж буй үйл явдалд өөрсдийгөө бэлтгэх явдал юм.

Бид ариун сүмийн ажиллагаанд оролцох хүмүүсийн талаас авч ярилаа. Гэвч ариун сүмд гэрлэхээр төлөвлөхөд гэр бүлийн ойр дотнын гишүүд ариун сүмийн эрхийн бичиггүй байх тохиолдол гардаг. Сүйт бүсгүй, сүйт хархүү хоёр Сүмд хөрвөгдсөн ч эцэг эх нь Сүмийн гишүүн хараахан болоогүй эсвэл Сүмд дөнгөж нэгдсэн байгаа тул ариун сүмийн эрхийн бичиг авах болоогүй байж болно. Эсвэл эцэг эх нь Сүмийн гишүүд боловч аль нэг нь ариун сүмийн эрхийн бичиг авах шаардлагад нийцэхүйц сайн мэдээний жишгийн дагуу амьдардаггүй байж болно. Эдгээр хязгаарлалт ариун сүмийн гэрлэлтийн үеэр улам бүр илт мэдрэгддэг. Энэ бол гэр бүлүүд бие биетэйгээ улам ойртож, амьдралын нандин цаг мөчийг хуваалцахаар хамтдаа цугларах ёстой цаг үе юм. Ариун сүмийн эрхийн бичиг авах шаардлага хангаагүй хүнд эрхийн бичиг олгоогүй эсвэл гишүүн бус найз, хамаатнаа лацдан холбох үйл ажиллагаанд оролцуулах боломжгүй болмон зэргээс болж шууд асуудал гарч ирдэг. Бүх зүйл амар тайван болж өнгөрөн, хамгийн их эв нэгдэлтэй байх ёстой байтал энэ явдал уйтгар гуниг, хэрүүл маргаанд хүргэж болох юм.

Иймэрхүү тохиолдолд бид яах ёстой вэ? Бидний хийх ёсгүй нэг зүйл бол бишопт дарамт үзүүлэхгүй байх явдал юм. Бишоп Израилын олон нийтийн шүүгчийн хувьд чандлан сахих ёстой жишгийнхээ дагуу сайхан сэтгэлийн үүднээс шаардлага хангаагүй хүнд эрхийн бичиг өгөх ёсгүй. Ингэх нь эрхийн бичиг авсан хүндээ туслах биш, харин хор уршигтай хэрэг болно. Мөн бишоп ч гэсэн өөртөө шударга бус хандаж байгаа хэрэг.

Ариун сүмд гэрлэх өдрөө товлож мөн эцэг эхийнх нь нэг юм уу маш ойрын хамаатан садангийн хүн нь ариун сүмд орж чадахгүй тохиолдолд сайтар төлөвлөх нь асуудал үүсгэхийн оронд боломж бололцоо нээж өгч болох юм. Дараах саналуудыг бодож үзнэ үү. Гишүүн бус эцэг эх юм уу ариун сүмийн эрхийн бичиг авах эрхгүй гишүүнийг ариун сүм рүү хуримын цэнгүүнд ирэхэд урь. Ариун сүмийн талбайд өөр хаа ч байхгүй тийм сүнс, нөлөөлөл оршдог. Зарим ариун сүмд зочдод зориулсан төв бий. Ямар ч ариун сүмийн талбайн цэцэрлэгийг маш сайхан арчилж тордсон байдаг. Бүхий л талаараа энэ бол амар амгалан, гэгээн ариун газар юм.

Хэн нэгнийг гэр бүлийн тань гишүүнтэй хамт байхаар зохицуул. Мэдээж та тэр хүнийг ганцааранг нь орхихгүй. Ариун сүм орж, гэрлэлтийн ёслолд оролцох боломжтой ч гэсэн гэр бүлийн гишүүд ёслолд оролцохын оронд орох боломжгүй хүмүүстэйгээ хамт ариун сүмийн талбайд цагийг өнгөрүүлж байгаадаа сэтгэл хангалуун байсан олон тохиолдол бий. Ариун сүмийн эргэн тойрны талбайд тэд залуу хос яагаад Их Эзэний өргөөнд лацдан холбогдохыг хүссэн талаар тайлбарлах боломжтой.

Өөр үед мэдрэх боломжгүй асар их сүнсний нөлөөллийг яг тэр мөчид тэд мэдрэх болно. Жишээ нь, зарим томоохон ариун сүмд хөтөч тайлбарлагчтай аялал байдаг. Эртнээс төлөвлөх нь ямар нэгэн шалтгаанаар ариун сүмд орох боломжгүй гэр бүлийн ойрын гишүүнийхээ хэрэгцээнд нийцүүлэн тааруулахад анхаарлаа хандуулах боломжийг олгож болох юм. Ийм арга замаар гишүүн бус эсвэл Сүмийн гишүүн боловч ариун сүмд орох эрхгүй эцэг эхийн гомдол, гутрал, тэр ч бүү хэл дургүйцлийг зөөлрүүлэх боломжтой.

Зарим ариун сүмд орох эрхгүй эцэг эхчүүдэд зориулан бэлдсэн тусгай өрөө байдаг ба тэдэнтэй уулзан, асуултад нь хариулахад бэлтгэгдсэн хүмүүс тэнд байдаг.

Эцэг эх нь сүйт бүсгүй, сүйт залуугийн хуримыг бүх л амьдралынх нь туршид хүсэн хүлээж байсан гэдгийг залуу хос ойлгох хэрэгтэй. Хуриманд нь оролцох гэсэн тэдний хүсэл мөн оролцож чадахгүйн улмаас тээсэн гомдол нь эцэг эхийн үр хүүхдээ гэсэн сэтгэлийн илрэл юм. Үүнд залуу хос дургүйцэх хэрэггүй. Үүнийг ойлгож, гэрлэх ёслолынхоо нэгэн хэсэг болгон урьдаас сайтар төлөвлөх хэрэгтэй.

Заримдаа ариун сүмд орох боломжгүй эцэг эх нь гомдож, тайван хүлээж авахгүй байх тохиолдол бий. Энэ тохиолдолд залуу хос чадлынхаа хэрээр зөв гэсэн зүйлийг хийх хэрэгтэй. Бид тэгвэл тэднийг гэрлэх ёслолдоо оруулахын тулд иргэний хуулийн дагуу гэрлэвэл яаж байна? Тэгвэл бид ариун сүмд орох гэж дахин нэг жил хүлээх хэрэг гарах биш үү? гэсэн асуулт ийм үед гарч ирж болох юм. Гэхдээ энэ нь хамгийн сайн шийдэл биш юм. Ихэнх тохиолдолд залбирч, сайтар төлөвлөх нь асуудлыг өөрчлөн, боломж бололцоо болгодог ба энэ нь гэр бүлийг урьд өмнөхөөс ч илүү ойртуулан нэгтгэх болно.

Олон тооны найз нөхөд, тойргийн гишүүдийг хуримын гэрчээр урих хэрэггүй. Хуримд оролцох хүмүүсийн тоо цөөхөн, хоёр талын гэр бүлийн гишүүд, хосын хамгийн ойр дотнын хэдэн хүн л байх ёстой. Заримдаа хуримын талаар тойрогт зарлаж, гэрлэж буй хосод урам дэм өгөхөөр бүгдийг хүрэлцэн ирэхэд урьдаг. Үүнд зориулан хүлээн авалт хийдэг. Хуримын хүлээн авалт нь найз нөхдөд болон сайн сайхныг хүсэхээр ирсэн хүмүүст зориулсан цаг юм. Ариун сүмийн гэрлэлт өөрөө ариун нандин бөгөөд гэрлэж буй хүмүүс зөвхөн амьдралд нь хамгийн онцгой байр суурь эзэлдэг хүмүүстэйгээ л үүнийг хуваалцах хэрэгтэй.

Бид лацдан холболтын (гэрлэлтийн) ёслолын үгсийг ариун сүмээс гадуур ярьдаггүй ч, лацдан холбох өрөөг үзэсгэлэнтэй сайхан, нам гүм, амгалан тайван мөн хийгддэг ариун ёслолтойгоо адил ариун нандин хэмээн дүрслэн өгүүлж болно.

Лацдан холбох ёслол үйлдэхээр тахилын ширээнд хүрч ирэхийнх нь өмнө ёслол гүйцэтгэгч залуу хосод зөвлөгөө өгч, харин тэд зөвлөгөө авах боломжтой. Энэ үед залуу хосод хандан дараах зөвлөгөөг өгч болно.

“Өнөөдөр бол та хоёрын хуримын өдөр. Өрх гэрээ тусгаарлаж, гал голомтоо бадраах энгүй их хүсэл та хоёрыг эзэмдэж байгаа. Ариун сүм бол яг үүнтэй адил ёслолуудыг гүйцэтгэхийн тулд баригддаг ариун газар юм. Бид энэ үедээ дэлхийд байдаггүй. Дэлхийн юмс энд байдаггүй бөгөөд энд бидний хийж байгаа зүйлд нөлөөлөх ёсгүй. Бид дэлхийгээс гарч, Их Эзэний ариун сүмд орж ирээд байна. Энэ өдөр та хоёрын амьдралд хамгийн чухал өдөр юм.

Та хоёр энд уригдан, сүнс тань орших мөнх бус орон гэрийг бэлтгэсэн эцэг эхэд төрсөн билээ. Та хоёр хоёул баптисм хүртсэн. Ариун ёслол болох баптисм нь цэвэршилтийн бэлгэдэл, үхэл, амилалтын болон шинэ амийн дотор явахын бэлгэдэл юм. Үүнд наманчлал, нүглийн уучлал орно. Ариун ёслолоор баптисмын гэрээгээ шинэчилдэг бөгөөд хэрэв бид уг гэрээгээр амьдарвал нүглээсээ уучлагдаж чадна.

Сүйт залуу та санваарт томилогдсон байгаа. Танд эхлээд Аароны санваар хүртээж; та дикон, багш, пристийн бүх албан тушаалд шат ахин дэвшсэн байгаа байх. Дараа нь та зохистой байснаар нэг өдөр Мелкизедек санваар хүлээн авсан. Дээд санваар болох энэхүү санваарыг Бурханы ариун жаягийн дагуух эсвэл Бурханы Хүүгийн жаягийн дагуух Ариун санваар хэмээн нэрлэдэг. (Aлмa 13:18 болон Хиламан 8:18-ыг үзнэ үү.) Таныг санваарын албан тушаалд томилсон. Одоо бол та ахлагч.

Та хоёр хоёул хувийн хишгээ хүртсэн. Энэхүү хувийн хишиг нь үүрд мөнхийн чадавхыг та хоёрт бий болгосон юм. Эдгээр бүх зүйл энэ амьдралд болон үүрд мөнхөд эхнэр, нөхөр болж, тахилын ширээний өмнө лацдан холбуулахад та хоёрт нэг талаар бэлтгэл болсон. Одоо та хоёр гэр бүл болж, амьдралаа төвхнүүлэн, дэлхийд үр хүүхдүүдээ авчирч, өсгөн хүмүүжүүлэхийн төлөө бие сэтгэл бүхнээ зориулж, золиос хийн, аюулгүйгээр мөнх бус амьдралын туршлага хуримтлуулахад нь тэдэнд тусалбал нэгэн цагт өөрсдийнхөө адил ариун сүмийн эрхэм ариун ёслолуудыг хүлээн авахаар ирэхийг нь харах боломж та хоёрт тохиох болно.

Та нар энд өөрсдийн хүслээр ирсэн бөгөөд та хоёрыг зохистой хэмээн тодорхойлсон билээ. Энэхүү холбоо Амлалтын Ариун Сүнсээр лацдан холбогдсон байх ёстой.

Иймийн тул, би эдүгээ та нарт, бүр найз нартаа, өөр нэгэн Тайтгаруулагчийг, та нарын зүрх сэтгэлд оршиж болохын тулд бүр амлалтын Ариун Сүнсийг илгээнэ; тэрхүү өөр Тайтгаруулагч нь Иоханы гэрчлэлд цэдэглэгдсэнчлэн, шавь нартаа миний амласан түүнтэй адил билээ.

Энэхүү Тайтгаруулагч бол та нарт миний өгч буй мөнх амьдралын, бүр селестиел хаант улсын алдар суугийн амлалт юм. (С ба Г 88:3–4.)

Гэрлэлтийн гэрээгээр эхнэр, нөхөр болж байгаа нь агуу хариуцлага бөгөөд үүгээр хязгааргүй их адислал хүлээн авах болно.”

Сүйт бүсгүй, сүйт хархүү хоёр хуримандаа хамаг сэтгэл санаагаа хандуулснаас болж лацдан холбох ёслолын үгийг анхааралтай сонсохгүй байх нь элбэг. Хэдийгээр бид тэр үгсийг ариун сүмээс гадуур дахин сонсохгүй ч хуримд гэрчээр оролцохдоо дахин сонсож болно. Өгөөмөр Их Эзэн бидэнд үүнийг хийх эрхийг олгосон. Өөрсдөө нэг их оролцоод байх шаардлагагүй энэ тохиолдолд бид ёслолын үгийг сайн анхаарч сонсох боломжтой. Үүнчлэн, бид нас барагсдын төлөө ёслолыг хийж гүйцэтгэхээр хааяа ирэхдээ мөн хувийн хишиг хүртэж байснаа сүнс, оюун ухаандаа сэргээж болно.

Хэрэв та өмнө нь иргэний ёсоор гэрлэсэн бол мөнхөд лацдан холбуулахыг мөн хүүхдүүдтэй бол тэднийгээ өөрсөдтэйгөө мөнхийн гэр бүлийн харилцаанд лацдан холбуулахыг одоо хүсэж байж болно. Та шаардлагуудыг хангаж чадсан бол энэ агуу адислалыг хүлээн авах онцгой эрхтэй.

Цагаан хувцас өмсөх

Ариун сүмд ёслолын ажил гүйцэтгэхдээ бид цагаан хувцас өмсдөг. Энэ хувцас нь ариун, зохистой, цэвэр байдлын бэлгэдэл юм.

Та ариун сүмд ороод, ердийн хувцсаа ариун сүмийн цагаан хувцсаар сольж өмсөнө. Хүн бүр хувцсаа хийх цоожтой шүүгээтэй, хувцсаа солих зай бүхий хувийн жижигхэн тасалгаанд хувцсаа сольж өмсөх боломжтой. Ариун сүмд дээд зэргийн даруу байдлыг сахихад анхаарна. Та хувцсаа цоожтой шүүгээнд хийж үлдээхдээ асуудлаа, сэтгэлийг тань зовоож, анхаарлыг тань сарниулж байгаа зүйлсээ хамт орхин гардаг. Та хувцас солих энэхүү жижигхэн тасалгаанаас цагаан хувцсаар хувцаслан гарч ирэхдээ эргэн тойронд чинь байгаа бүх хүн тантай яг адилхан хувцасласныг хараад, тэдэнтэй нэгдмэл болсноо мэдрэх болно.

Хэрэв та ариун сүм рүү анх удаа орж байгаа бол бишоптойгоо зөвлөлдөөрэй. Тэрээр ариун сүмийн эрхийн бичгийг танд өгөхдөө ариун сүмд ямар хувцас өмсөх талаар тайлбарлаж өгнө. Уг хувцсыг авах талаар та санаа зовох хэрэггүй. Та үүнийг Сүмийн хангамжийн төвөөр дамжуулан худалдаж авах буюу эсвэл зарим тохиолдолд ариун сүмээс түрээслэн авч болно. Ариун сүмээс түрээслэх бол төлбөр нь зөвхөн хувцсыг угааж цэвэрлэхэд зарцуулах үнэтэй тэнцүү байна. Жижиг ариун сүмд хувцас түрээслэх боломжгүй.

Ариун сүмийн зан үйл, ёслолуудын адил бид ариун сүм дотор өмсдөг хувцасны талаар дэлгэрэнгүй яриад байдаггүй. Бид тэдгээрийг ёслолуудын адил агуу бэлгэдлийн шинж чанартай гэж хэлж болно.

Сүмийн гишүүн ариун сүмд ирэхдээ Их Эзэний оршихуйд байхад нүүр улайхгүй байхаар цэвэр, цэмцгэр хувцаслан ирэх нь бишрэл хүндэтгэлийн тэмдэг юм. Та өөрийгөө их нэр хүндтэй удирдагчийн гэрт уригдсан зочин хэмээн төсөөлөн бод. Тантай адил урилга авсан олонд танигдсан зочдын дунд орно гэдгээ та ойлго. Урьсан эзэн таныг маш өндөр үнэлдэг гэдгийг урилга илтгэж байгаа хэрэг. Өөр олон хүний хувьд энэ урилга асар их үнэтэй ч ямар нэгэн шалтгаанаар тэднийг таны адил уриагүй тул тэд оролцох боломжгүй байсан гэдгийг та ухааран ойлгож байгаа. Ийм нөхцөлд та ажлын хуучин хувцастайгаа эсвэл амралтаараа өмсдөг хувцастайгаа ирэхгүй нь тодорхой. Мөн эрэгтэй нь сахлаа хусалгүй, эмэгтэй нь үсээ самналгүй очихгүй л байх.

Нэр хүндтэй, соёлтой хүмүүс чухал цугларалтад оролцох урилга хүлээн авахдаа, ямар хувцас өмсөж очвол тохиромжтойг лавлаж асуудаг. Та ийм онцгой үйл явдалд сайтар бэлдэхгүй гэж үү? Магадгүй уг эрхэмсэг дээд хүрээнд ялгарч харагдахгүйн тулд та бүр шинэ хувцас худалдаж авч ч болно.

Хувцсаа угааж, индүүдсэн байдал тань хүртэл сэтгэл гаргасныг харуулдаг. Хэрэв тааруулж хувцаслаагүй бол танд л тавгүй байна.

Ариун сүмд орох боломжийг яг ийм урилгатай адилтган үзэж болох юм.

Ариун сүмд уригдан ирсэн Сүмийн гишүүд гадуур хувцастайгаа орж болох цорын ганц тохиолдол бол ариун сүмийн гэрлэлтэд гэрчээр ирэх үед байдаг. Энэ тохиолдолд зөвхөн гутлаа тайлж, цагаан гутлаар сольж өмсдөг. Гэрлэх ёслолын өмнө хувийн хишиг хүртэх цуглаанд оролцолгүй ирэх гэр бүлийн гишүүд, найз нөхдөд нь зориулан үүнийг Ах нар хэдэн жилийн өмнө зөвшөөрсөн юм.

Сүйт залуу, сүйт бүсгүй хоёр энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрлэхийн тулд ариун сүмд ордог. Ариун сүмд сүйт бүсгүй урт ханцуйтай, уран чамин хээ угалзгүй, энгийн даруу загвартай даавуун даашинз өмсдөг. Сүйт залуу мөн цагаан хувцас өмсдөг. Ариун сүмийн гэрлэлтэд гэрчээр ирж буй ах нар таксидо өмсдөггүй.

Ариун сүмд орохдоо гэрлэлтэд гэрчээр оролцож байгаа эсвэл ариун сүмийн цуглаанд ирж буй зарим хүн аялал зугаалга, спортын үйл ажиллагаанд ирж байгаа мэт хувцасласан байхыг хараад бид гайхаж, харамсдаг.

Ариун сүмд орох давуу эрх нь биднээс үүнээс илүү ихийг шаарддаг. Бид усанд орж, үнэтэй биш ч гэлээ цэвэрхэн хувцасласан байвал Их Эзэнд таатай байх болно. Бид ариун ёслолын цуглаанд эсвэл өөр аливаа зохистой, хүндэтгэлтэй цуглаанд санаа зоволгүй сууж болохоор хувцаслах ёстой.

Хуримын гэрчээр ирсэн хүмүүс дунд Ах нарын хувцаслалт, гаднах төрхөндөө анхаарах талаар өгсөн зөвлөмжийг мөн дэлхийн хувцасны этгээд чамин хэв загвар, үсний урт засалтыг дуурайхгүй байх зөвлөмжийг анхаарч сонсоогүй ганц нэг хүн хааяа байдаг. Ариун сүмд орох зөвшөөрөл авах насанд хүрсэн хүн дэлхийн арга замыг илүүд үзэн дагаж байгаагаа илт харуулж байгаа хүмүүсийг Их Эзэн таашаахгүй гэдгийг мэдэхгүй байгаад бид гайхдаг.

Эрхийн бичигтэй гишүүн хэрхэн ариун сүмд зохисгүй, дэлхийн маягаар хувцаслан ирж болох билээ? Тэд хэрхэн үсээ засаж янзлаагүй, хүндэтгэлгүй байдалтай ирж болох вэ дээ?

Та ёслолуудад оролцохоор эсвэл лацдан холбох ёслолд гэрчээр орохоор ариун сүмд очихдоо хаана байгаагаа санаарай. Та Их Эзэний өргөөнд ирсэн зочин. Та Эзэнийг ирэх үед эвгүй байдалд орохгүйн тулд өөрийгөө арчлан цэвэрлэж, аятайхан хувцасласан байх ёстой.

Хувийн хишиг хүртэх ёслолынх нь үеэр бошиглогч Иосеф Смитэд илчилснээр санваарын адислалуудыг хүлээн авч, хуваалцдаг хүмүүс биеэ халхалсан байх ёстой.

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авсныхаа дараа гишүүд тусгай дотуур хувцас буюу гармент өмсдөг. Гарментын хангамжийн асуудлыг Сүмийн харъяа байгууллага хариуцдаг бөгөөд Сүмийн удирдлаган доорх хангамжийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхий даяарх гишүүд авах боломжтой.

Гармент нь ариун гэрээнүүдийг төлөөлдөг. Энэ нь даруу төлөв байдлыг хөхиүлэн дэмждэг бөгөөд өмссөн хүнийхээ бамбай буюу хамгаалалт нь болдог.

Ийм гармент өмсөх нь дэлхийн улс орнуудад өмсдөг ганган дэгжин хувцас өмсөхөд гишүүдэд ихэвчлэн саад болдоггүй. Зөвхөн даруу бус эсвэл хэт онцгой загварын хувцас өмсөх нь гарментад зохицохгүй байх болно. Ариун сүмд орсон эсэхээс үл хамааран Сүмийн ямар ч гишүүн зөв сүнстэй байж, хэт онцгой эсвэл ил задгай загварын хувцас өмсөхөөс зайлсхийвэл зохино.

Хувийн хишиг хүртсэн Сүмийн гишүүдэд ч гэсэн гарментын талаар асуух зүйл гарч ирэх үе бий.

Нэгэн удаа ах нарын нэгийг Роуд Айландын Ньюпорт дахь Тэнгисийн цэргийн санваартныг бэлтгэх сургуулийн ажилтан, багш нарт үг хэлэхээр урьсан байжээ. Оролцогчид католик, протестант, еврей шашны тэнгисийн цэргийн дээд зиндааны хэдэн санваартнаас бүрдсэн байв.

Асуулт хариултын үеэр нэг санваартан “Та бидэнд зарим мормон цэргийн өмсдөг тусгай дотуур хувцасны талаар ямар нэг зүйл хэлж өгнө үү?” гэж асуужээ. Тэр үнэндээ “Яагаад та нар тийм хувцас өмсдөг юм бэ? Хачирхалтай биш гэж үү? Энэ нь асуудал үүсгэдэггүй гэж үү?” гэсэн үг байв.

Санваартны асуултын хариуд тэрээр “Та ямар сүмийг төлөөлж байгаа вэ?” гэж асуулаа. Хариуд нь тэр протестант сүмүүдийн нэгнийх нь нэрийг хэлэв.

Тэрээр “Та энгийн амьдрал дээр мөн цэргийн албанд цуглаан хөтлөхдөө албан ёсны хувцас өмсдөг, тийм үү?” гэв. Санваартан тийм гэлээ.

Тэрээр цааш нь “Миний ойлгож байгаагаар энэ нь таны хувьд чухал бөгөөд цугларсан бусад хүнээс таныг ялгаж байгаа хэрэг. Энэ бол таны дүрэмт хувцас буюу тохинууллын тань хувцас юм. Мөн миний үзэж байгаагаар энэ нь илүү чухал байр суурь эзэлдэг байх. Энэ нь таны хэн болохыг мөн таны үүрэг, гэрээнүүд юу болохыг сануулдаг. Энэ нь бас таныг Их Эзэний үйлчлэгч, санваартан гэдгийг болон сахилынхаа дагуу зохистой амьдрах үүрэгтэй гэдгийг тань танд байнга сануулдаг” гэж хариулсан юм.

Дараа нь тэр тэдэнд “Та нар үүнээс хожмын үеийн гэгээнтнүүд гарментыг тун итгэлтэй өмсдөг болохын ядаж нэг шалтгааныг ойлгож авсан байх. Манай болон танай сүмийн нэг том ялгаа бол манайд танай сүмийн адил цалинждаг санваартан байдаггүй. Цуглаануудыг орон нутгийн удирдагчид тэргүүлдэг. Тэр эрчүүд нийгмийн бүхий л давхаргаас дуудагдсан байдаг. Тийм байсан ч тэднийг санваарт томилдог. Тэд санваарын албан тушаалуудыг хашдаг. Тэднийг ерөнхийлөгч, зөвлөх, төрөл бүрийн албыг удирдан тэргүүлүүлэхээр томилдог юм. Эмэгтэйчүүд ч гэсэн тэдний адил үүрэг хариуцлага, даалгавруудтай. Бишопын хувьд манай цуглааныг ням гарагт удирддаг хүн даваа гарагт нь шуудангийн болон оффисын ажилтан, аж ахуйн эзэн, эмч эсвэл нисэх хүчний нисгэгч, тэнгисийн цэргийн офицерын албандаа явдаг байж болно. Бидний жишгээр бол тэр хүн танай сүмийн жишигтэй адилхан томилогдсон тохинуулагч юм. Тэр хүнийг ихэнх удирдах газарт ийн хүлээн зөвшөөрдөг. Та нарын ёслолын хувцаснаасаа авдагтай адил ашиг тусыг бид ч гэсэн энэ тусгай хувцаснаасаа авдаг. Ялгаа нь гэвэл, бид Сүмдээ үйлчлэхийн зэрэгцээ янз бүрийн ажил мэргэжил эрхэлдэг тул хувцсаа гадна талдаа бус дотуураа өмсдөг. Энэ ариун нандин зүйлээ бид олны өмнө дэлгэн үзүүлэхийг хүсдэггүй” гэв.

Тэр цааш нь, ариун сүмд гэрээнүүд байгуулахдаа гармент өмсдөгтэй холбоотой зарим гүн гүнзгий сүнслэг утга агуулга байдгийг мөн тайлбарлаж өгсөн юм. Бид эдгээрийн талаар ярилцах шаардлагагүй гэж үздэг. Учир нь нууцалж байгаадаа биш, харин ариун нандин гэж үздэг учраас юм хэмээн тэр давтан хэлсэн.

Бидний биеийг халхалдаг гармент бол эдгээр гэрээний нүдэнд харагдаж, биед мэдрэгдэх сануулагч юм. Сүмийн олон гишүүний хувьд гармент нь уруу таталтын эсрэг бамбай болж хамгаалдаг. Өөр бусад олон зүйлийн адил гармент нь Бурханы хуулиудыг, тухайлбал ёс суртахууны жишгийг гүнээ хүндэтгэдгийг бидэнд бэлгэдэн харуулдаг.

Лацдан холбох хүч

Хэрэв бид ариун сүмийн ажлын түүх, сургаалыг аль алиныг нь ойлгохыг хүсвэл лацдах хүч гэж юу болохыг ойлгох ёстой. Лацдах хүчний эрх мэдлийн түлхүүрүүдийг олгох нь яагаад шийдвэрлэгч ач холбогдолтойг бид ойлгох ёстой.

Христийг төрөхөөс бараг есөн зуугаад жилийн өмнө бошиглогч Елиа Израилын хааны ордонд ирсэн. Тэр өөртөө ариун эрх мэдлийг буюу лацдан холбох хүчийг авч явсан.

Елиа тохинууллаа хийж, Элишаг өөрийн залгамжлагчаар томилон тосолсон ч хамгийн чухал нь тэр үхээгүй. Өмнө нь амьдарч байсан Мосегийн адил тэр хувирсан.

Үүний дараа түүний нэр Хуучин Гэрээнд нэг л удаа, уг номын хамгийн сүүлчийн бүлгийн сүүлийн шүлгэн дээр гардаг. Энд Малахи Елиа ирж, “эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнх нь зүрхийг эцгүүд уруу нь эргүүлэх” бөгөөд эс бөгөөс бүхэл дэлхий зүхлээр цохигдох болно хэмээн бошиглосон байдаг. (Maлахи 4:5–6-г үзнэ үү.)

Есүс Цезарь Филиппийн нутагт очих үедээ шавь нараасаа—Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув.

Тэгэхэд нь тэд—Зарим нь баптисм хүртээгч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд,

Тэр -Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ гэсэнд,

Симон Петр: -Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.

Есүс түүнд хариуд нь, Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин Тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.

Би мөн чамд хэлье, Чи бол Петр. Энэ хадан дээр би өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй .

Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэлээ. (Матай 16:13–19.)

Петр, Иаков, Иохан нар Их Эзэний хамт Хувиралтын уулан дээр гарахад тэнд хувирсан Эзэн хоёр хүмүүн биестэй ярилцаж байх нь үзэгдсэн. Тэд бол тэрхүү зөвлөлд лацдан холбох хүчийг өгөхөөр ирсэн Елиа, Мосе хоёр болохыг таньсан. (Матай 17:1–8-ыг үзнэ үү. Елиас гэдэг нь Елиа гэсэн еврей нэрийг грек хэлнээ орчуулсан үг бөгөөд Хуучин Гэрээний бошиглогч Елиаг Шинэ Гэрээнд голдуу ингэж нэрлэсэн байдаг.)

Түлхүүрүүдийг эзэмших хүн нь Петр байв. Газар дээр холбох буюу лацдах эсвэл газар дээр тайлах хүч нь тэнгэрт мөн адил байдаг лацдан холболтын хүч, эрх мэдлийг Петр эзэмших ёстой байлаа.

МЭ 34 онд, Их Эзэн цовдлогдсоныхоо дараа нифайчуудад тохинуулсан. Тэрээр тэдэнд судрын түүхэнд маш чухал Малахийн сүүлчийн хоёр бүлгийг (Елиа эргэн ирэх тухай бошиглол орсон) хэлж бичүүлэн, дараа нь нарийн тайлбарлан ойлгуулсан.

Тэнгэр элч Моронай ялтаснуудын талаар бошиглогч Иосеф Смитэд хэлэхээр үзэгдэхдээ Елиа эргэн ирнэ гэсэн Малахийн бошиглолыг эш татсан. Энэхүү эшлэл нь эдүгээ Сургаал ба Гэрээний 2-р хэсэг болсон юм.

Моронайг үзэгдсэнээс 13 жилийн дараа уг зорилгыг биелүүлэхийн тулд ариун сүмийг барьсан бөгөөд Их Эзэн дахин үзэгдэж, Елиа Түүнтэй хамт ирэн, лацдан холбох түлхүүрүүдийг өгчээ.

Эдгээр түлхүүрийг Сүмийн ерөнхийлөгч болон бошиглогч, үзмэрч, илчлэгч эзэмшдэг. Лацдан холболтын энэхүү ариун хүч эдүгээ Сүмд байдаг. Энэхүү эрх мэдлийн ач холбогдлыг мэддэг хүмүүсийн үйлсээс илүү ариун зүйл гэж үгүй билээ. Өөр юу ч ийм эрхэм дотно биш юм. Лацдан холбох энэхүү хүчийг итгэмжлэн даалгасан эрчүүд аль ч цаг үед дэлхий дээр харьцангуй цөөн байсан бөгөөд ариун сүм бүрд лацдан холбох хүчийг цөөн ахад өгчээ. Үүнийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Сүмийн ерөнхийлөгч мөн үүнийг бусдад хүртээхээр түүний томилсон хүмүүсээс өөр хэн ч авч чадахгүй.

“Бид Их Эзэнийг харсан. …”

Елиагийн эргэн ирсэн өдөр бол 1836 оны 4-р сарын 3 байв. Көртландын ариун сүмд ариун ёслолын цуглаан болж байлаа. Бошиглогч энэ өдрийг энгийн үгээр ийн дүрсэлжээ.

Үдээс хойш энэ өдөр ариун ёслолын ширээний дэргэд ажиллах нь тэдний онцгой боломж байсан Арван хоёроос үүнийг хүлээж аван, Сүмд Их Эзэний Зоогийг түгээхэд нь бусад ерөнхийлөгчдөд би тусалж байлаа. Ах нартаа энэ үйлчлэлийг гүйцэтгэсний дараа, индэрт эргэн гарч ирэхэд хөшиг доош бууж мөн бибээр Оливер Каудерийн хамт онцгой хүндэтгэлийн хийгээд чимээгүй залбиралд өвдөг сөхрөв. Залбирлаас босч ирсний дараа бид хоёрт дараах үзэгдэл нээгдсэн болой. (С ба Г 110, оршил.)

Хөшиг бидний оюунаас авагдаж, мөн бидний ойлголтын мэлмий нээгдсэн байлаа.

Индрийн хашлага дээр, бидний өмнө зогсож буй Их Эзэнийг бид харав; мөн түүний хөлөн доор хув шиг өнгөтэй шижир алтаар бүрсэн тавцан байлаа.

Түүний мэлмий галын дөл лугаа адил байв; тэргүүнийх нь үс цэвэрхэн цас мэт цав цагаан байв; түүний төрх байдал нарны гэрлээс ч илүү хурцаар гялалзаж байлаа; мөн дуу хоолой нь агуу их ус хуйлрах мэт байв, бүр Иеховагийн дуу хоолой өгүүлэн;

Бибээр эхнийх мөн эцсийнх болой; Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө; бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ.

Болгоогтун, нүглүүд чинь өршөөгдсөн болой та нарт; миний өмнө цэвэр болой та нар; тиймийн тул, тэргүүнээ өргөж мөн баясагтун.

Ах дүүсийн чинь зүрх сэтгэл баясаг, мөн өөрсдийн хүчин чадлаар энэ өргөөг миний нэрэнд барьсан миний бүх хүмүүсийн зүрх сэтгэл баясаг.

Учрыг болгоогтун, би энэ өргөөг хүлээж авлаа, мөн миний нэр энд байх болно; мөн энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно.

Тийм ээ, хэрэв миний хүмүүс зарлигуудыг минь сахьж, мөн энэ ариун өргөөг бохирлохгүй байх аваас, би өөрийн үйлчлэгчдэд хүрч ирэх болно.

Тийм ээ, юүлэгдэх адислалуудын, мөн энэ өргөөнд миний үйлчлэгчдэд хүртээгдсэн хишгүүдийн улмаас мянга мянгын мөн хэдэн арван мянгын зүрх сэтгэл агуу ихээр баясах болно.

Мөн энэ өргөөний алдар нэр алс холын нутгуудад тархах болно; мөн энэ нь миний хүмүүсийн тэргүүн дээр юүлэгдэх адислалын эхлэл бөлгөө. Бүр тийм буюу. Амен.

Энэ үзэгдэл хаагдсаны дараа, тэнгэр бидэнд дахин нээгдэв; мөн Мосе бидний өмнө хүрч ирэн, мөн умардын нутгаас арван овгийг удирдан мөн дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түлхүүрүүдийг бидэнд даатгав.

Үүний дараа Елиас хүрч ирэн, мөн бид болон бидний дараах бидний бүх үр удам адислагдах болно гэдгийг хэлэн, Абрахамын сайн мэдээний эрин үеийг даатгав.

Энэ үзэгдэл хаагдсаны дараа, өөр нэгэн агуу хийгээд алдар суут үзэгдэл бидэн дээр гэнэт эхлэв; учир нь үхлийг үзэлгүйгээр тэнгэрт аваачигдсан бошиглогч Елиа бидний өмнө зогсч байв, мөн хэлсэн нь:

Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө тэр Елиа илгээгдэх болно хэмээн нотолж—Малахийн амаар яригдсан тэрхүү цаг бүрнээрээ ирлээ—

Бүхэл дэлхий зүхлээр арчигдахгүйн тулд эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүлэх нь буюу.

Тиймийн тул, энэ эрин үеийн түлхүүрүүд та нарын гарт даатгагдлаа; мөн үүгээр та нар Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ойрхон, бүр хаалган дээр ирээд байгааг мэдэж болох бөлгөө. (С ба Г 110:1–16.)

Ийм үйл явдал болсон! Энэхүү дохиог өгсөн үйл явдал дэлхийд мэдэгдэлгүй өнгөрсөн ч өмнө нь амьдарч байсан болоод дараа нь амьдрах бүх л бодгалийн хувь заяанд нөлөөлөх юм. Үйл явдлууд чимээгүй өрнөж эхэлсэн. Сүм ариун сүм барьж байгуулдаг сүм болсон.

Дэлхийн энд тэндгүй угийн бичгийг хөтлөх сонирхолтой хүмүүс болон байгууллага, нийгэмлэгүүд гэнэт гарч ирэх болсон. Энэ бүхэн Көртландын ариун сүмд Елиаг үзэгдсэнээс хойш өрнөсөн юм.

1836 оны 4-р сарын 3-ны тэр өдрөөс эхлэн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэж эхэлсэн. Энэ үеэс эхлэн ёслолууд нь цаг зуурын биш, харин үүрдийнх боллоо. Лацдан холбох хүч бидэнд байлаа. Энэ хүчнээс илүү эрх мэдэл гэж үгүй юм. Энэхүү хүч нь амьд байгаа болон нас барагсдын төлөө аль алинд зохих эрх мэдлийн дагуу гүйцэтгэгддэг бүх ёслолыг гүн гүнзгий утга учиртай, мөнхийн чанартай болгодог.

Бүх зүйл зохих дэс дарааллаар хийгдсэн

Көртландын ариун сүмд болсон онцгой үйл явдлаас хойш бэрхшээл, мөрдлөг хавчлагууд гэгээнтнүүд дээр нүүрлэж, тэд нүүх хэрэгтэй болсон юм. Тэднийг хаана байсан ч Их Эзэн ариун сүм барих төлөвлөгөөг тэдэнд илчилсээр байв. Индепенденс болон Миссурийн Фар Вэст хоёрт хоёуланд ариун сүм баригдсан юм. Энэ үед хавчлага мөрдлөг гэгээнтнүүдийн дээр урьд хожид байгаагүй ихээр гаарч, эцэст нь тэд Иллиноисын Науву руу зугтан гарсан билээ. Энд ч мөн илчлэлт ирж, ариун сүмийг барихыг Их Эзэн дахин зарлигласан юм.

Өргөөг барих болсон зорилго бол ёслолуудыг илчлэх явдал болохыг Эзэн тайлбарласан. “Мөн үнэнээр би та нарт хэлж байна, бибээр өөрийн ёслолуудыг энд өөрийн хүмүүст илчилж болохын тулд энэ өргөө миний нэрэнд баригдаг. Учир нь дэлхийн сууринаас өмнө нуугдмал байсан зүйлүүдийг, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед хамаарах зүйлүүдийг өөрийн хүмүүст илчлэхийн тулд би зохих ёсоор авч үзнэ.” (C ба Г 124:40–41.)

Тэрээр ариун сүм бол “тосолгоонууд мөн та нарын угаалгууд, нас барагсдын төлөөх та нарын баптисмууд, нас барагсдын төлөөх та нарын онцгой ариун хуралдайнууд мөн та нарын золиослолуудын төлөө Левийн хөвгүүдээр хийгдсэн та нарын дурсгалууд, мөн харилцааг та нар хүлээн авдаг хамгийн ариун газрууд дахь та нарын төлөөх илчлэгдсэн зөгнөлүүд, мөн Сионы суурь хийгээд илчлэлтүүдийн эхлэлийн тулд мөн миний ариун нэрэнд барихаар миний хүмүүст ямагт зарлигладаг миний ариун өргөөний ёслолоор тогтоогддог түүний бүх оршин суугчдын алдар суу, хүндэтгэл мөн хишгийн төлөөх дүрмүүд болон шүүлтүүд билээ” хэмээн дурдсан. (C ба Г 124:39.)

Сүмд хийж гүйцэтгэдэг ёслолууд нь баптисм, ариун ёслол, нялх хүүхдүүдийн нэрийн адислал, өвчтэй хүнд үйлчлэх, Сүмийн дуудлагад томилох, албуудад томилох зэрэг болно. Мөн үүнээс гадна ариун сүмд хийгддэг илүү дээд түвшний ёслолууд байдаг. Тэдгээрт угаалга, тосолгоо, хишиг болон ихэвчлэн ариун сүмийн гэрлэлт хэмээгддэг лацдан холбох ёслол ордог.

Сүмийн гишүүдийн хувьд ёслолууд нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

Ёслолгүйгээр та аз жаргалтай байж, аврагдаж, өргөмжлөл хүлээн авч чадах уу? Хариулт нь: Ёслолууд бол зүгээр нэг хүсүүштэй хэрэгцээтэй зүйл биш. Тэр ч бүү хэл чухал эсвэл амин чухал гэхээс ч илүү зүйл. Ёслолуудыг хүлээн авах нь бидний хүн нэг бүрийн хувьд амин чухал юм.

Бошиглогч Иосеф Смит

“Бид энэ бүх ёслолуудыг хүлээн авахгүй бол аврагдаж чадахгүй юү?” гэж түүнээс байнга асуудаг байсныг ярьсан байдаг. “Үгүй ээ, авралын бүрэн байдлыг олж чадахгүй” гэж би хариулдаг байлаа. Миний Эцэгийн өргөөнд олон байр бий. Иймээс би явж, та нарт зориулан байр бэлтгэе” гэж Есүс хэлсэн.” Энд дурдсан өргөө гэдэг үгийг хаант улс гэж орчуулах ёстой. Хамгийн дээд харшид өргөмжлөгдөх ямар ч хүн селестиел хуулиар мөн бүх хуулиар бүрэн амьдрах ёстой. (History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, ed. B. H. Roberts, 7 vols. [Salt Lake City: The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1949], 6:184.)

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит:

Та энэ Сүмд төлөөлөгч, магадгүй патриарх, дээд санваартан гээд ямар ч алба хашдаг бай Их Эзэний ариун сүмд орж, бошиглогчийн хэлсэн эдгээр ёслолыг хүлээн авахаас нааш санваарын бүрэн бүтэн байдлыг хүлээн авч чадахгүй. Хэн ч Их Эзэний ариун сүмээс гадуур санваарын бүрэн дүүрэн байдлыг авч чадахгүй. (Joseph Fielding Smith, Elijah the Prophet and His Mission [Salt Lake City: Deseret Book Co., 1957], page 46.)

Бид ариун сүмд гүйцэтгэдэг илүү дээд түвшний ёслолуудын талаар дээр дурдсан. Үүнд хишиг хүртэх ёслол ордог. Хишиг хүртээх гэдэг нь баяжуулах, нэг нь нөгөөхдөө мөнхийн, ихэд үнэ цэнтэй зүйлийг өгөх явдал юм. Ариун сүмийн хишиг хүртэх ёслолууд гурван аргаар баяждаг. (а) Ёслол хүлээн авч буй хүнд Бурханы хүч өгөгддөг. “Хүлээн авч буй хүмүүст дээрээс хүчний хишгийг хүртээдэг.” (б) Хүлээн авч буй хүн мөн мэдлэг, мэдээллийн хишгийг хүртдэг. “Тэд Их Эзэний зорилго, төлөвлөгөөнд хамаарах боловсролыг хүлээн авдаг.” (Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. [Salt Lake City: Bookcraft, 1966], page 227.) (в) Тахилын ширээний дэргэд лацдан холбогдохдоо тухайн хүн өөрийн хишгийн нэг хэсэг болгон алдар суут адислал, хүч чадал, нэр алдрыг хүлээн авагч болдог.

Хишгийн талаар хоёр тодорхойлолт буюу тайлбар байдаг бөгөөд эхнийхийг ерөнхийлөгч Бригам Янг ийнхүү өгсөн.

Би энд үүний товч тодорхойлолтыг өгье. Таны хишиг болон Их Эзэний өргөөнд хүлээн авдаг бүх ёслол танд зайлшгүй чухал бөгөөд энэ амьдралыг орхин одсоны тань дараа, харуул болон зогсох тэнгэр элчүүдийн дэргэдүүр өнгөрч, ариун санваарын түлхүүр үгс, тэмдэг, дохионуудыг тэдэнд өгч чадсанаар, Эцэгийн дэргэд эргэж очих боломжийг танд олгож, … дэлхий болон тамыг үл харгалзан мөнхийн өргөмжлөлд хүргэх болно: (Discourses of Brigham Young, comp. John A. Widtsoe [Salt Lake City: Deseret Book Co., 1971], page 416.)

Ахлагч Жэймс Э.Талмэйж хишгийн талаар ийн дүрсэлсэн байдаг.

Орчин үеийн ариун сүмүүдэд хийгддэг Ариун сүмийн хувийн хишиг хүртэх ёслол нь өнгөрсөн эрин үеүдийн ач холбогдол, эрэмбэ дараалал мөн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу, гайхамшигтай өнөө үеийн чухал ач холбогдолтой холбоотой удирдамжаас бүрддэг. Уг цуврал удирдамжид бүтээлтийн хамгийн чухал үйл явдлууд, Едений цэцэрлэг дэх анхны эцэг эхийн маань нөхцөл байдал, тэдний дуулгаваргүй байдал, улмаар аз жаргалтай байдлаас зайлуулагдаж, ганцаардмал уйтгарт дэлхийд хөдөлмөрлөн, хөлсөө дуслуулан байж амьдрах болсон, агуу гэм нүгэл ч цагаатгагдах боломжтой гэтэлгэлийн төлөвлөгөө, их урвалтын үе, сайн мэдээ эртний бүх хүч, эрх мэдлийнхээ хамт сэргээгдсэн, энэ амьдралын туйлын бөгөөд зайлшгүй тавигддаг нөхцөл болон хувийн цэвэр ариун байдал, зөв шударгад тууштай байх мөн сайн мэдээний шаардлагуудыг чанд мөрдөх зэрэг багтдаг. (James E. Talmage, The House of the Lord [Salt Lake City: Bookcraft, 1962], хууд. 99–100; hereafter cited as The House of the Lord.)

Ахлагч Талмэйжийн энэ мэдэгдэл дэлхийг бүтээж, хүмүүсийг дээр нь амьдруулах болсон Их Эзэний төлөвлөгөө, зорилготой холбоотой зааврыг та хувийн хишгээ хүртэхдээ хүлээн авдаг болохыг тодотгосон. Танд өргөмжлөлийг хүлээн авахын тулд юу хийх ёстойг заах болно.

Бүрэн өргөмжлөлийг хүлээн авахын тулд хишгийн адислалыг хүлээн авсан байх шаардлагатай. Хожмын үеийн гэгээнтэн бүр энэ адислалыг авахуйц зохистой байхыг эрэлхийлэх хэрэгтэй.

Угаалга, тосолгоо хийх ёслолуудыг анхдагч ёслолууд хэмээн ариун сүмд нэрлэдэг. Бидэнд хишигтэй холбоотой угаалга, тосолгоо нь ихэнхдээ бэлгэдлийн шинж чанартай ч тодорхой, шууд ирэх мөн ирээдүйн адислалуудыг амласан байдаг.

Эдгээр ёслолтой холбоотойгоор ариун сүмд танд албан ёсоор гармент өмсгөх бөгөөд ёслолуудыг дагалдан ирдэг гайхамшигт адислалуудыг амладаг. Эдгээр ёслолыг гүйцэтгэх үед анхааралтай сонсож, амласан адислалуудыг болон өгөгдөх нөхцөлүүдийг дурсан санахыг хичээх нь нэн чухал.

Лацдан холбогдох ёслол нь гэр бүлүүдийг мөнхөд холбох ёслол бөгөөд ариун сүмийн гэрлэлт бол лацдан холбох ёслол юм. Хосууд ариун сүмд лацдан холбуулахаасаа өмнө иргэний ёсоор гэрлэсэн бол төрсөн хүүхдүүдийг нь гэрээнд төрөөгүй гэж үзэх учраас тэднийг богино, нандин ёслолоор лацдан холбодог.

Амьдралаа бүхий л талаар эмх журамтай байлгахад анхаар. Энэ нь зөвхөн ариун сүмийн адислал, ёслолуудыг хүлээн авснаар боломжтой болдог. Учир нь “ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг.” (C ба Г 84:20.)

Нандин гэрээнүүд

Сургаал ба Гэрээний 132-р хэсэг гэдгээр нь бидний мэддэг Их Эзэний илчлэлтэд:

Учрыг болгоогтун, шинэ бөгөөд үүрдийн гэрээг би та нарт илчилж байна; мөн хэрэв та нар тэр гэрээг үл баримталбаас, тэгвэл та нар яллагдах болой; учир нь энэ гэрээг эсэргүүцэх хэнд ч гэсэн, мөн миний алдар сууд орох нь үл зөвшөөрөгдөх болно.

Учир нь миний гараас адислалыг хүлээн авахыг хүсэх тэд бүгд тэрхүү адислалын тулд өгөгдсөн хуулийг, мөн үүний нөхцөлүүдийг, дэлхийн сууринаас өмнө үндэслэгдэн бий болсноор нь баримтлах ёстой. (C ба Г 132:4–5.)

Ерөнхийлөгч Жозэф Фийлдинг Смит гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг ийн тодорхойлжээ.

Шинэ бөгөөд үүрдийн гэрээ гэж юу вэ? Сүмийн зарим гишүүн шинэ бөгөөд үүрдийн гэрээ гэдэг нь үнэндээ юу болох талаар буруу ташаа мэдээлэл, ойлголттой байгааг би хэлж байгаадаа харамсаж байна.Шинэ бөгөөд үүрдийн гэрээ нь сайн мэдээний бүх гэрээ болон үүргийн нийлбэр юм. (Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, 3 vols. [Salt Lake City: Bookcraft, 1954–56], 1:156; hereafter cited as Doctrines of Salvation.)

Энэ гэрээнд сайн мэдээний ариун сүмд хийгддэг хамгийн дээдийн дээд бүх ёслол ордог. Ерөнхийлөгч Смитийн хэлсэн үгийг дахин эш татъя.

Шинэ бөгөөд үүрдийн гэрээний нарийн учир агуулгын талаар товч тодорхой тодорхойлолт байдаг. Энэ бол бүх зүйл буюу сайн мэдээний бүрэн байдал юм. Тиймээс Түүний энд өгсөн хуулийн дагуу зохих ёсоор гүйцэтгэгдсэн гэрлэлт, баптисм, санваарын томилгоо болон Есүс Христийн сайн мэдээтэй холбоотой, амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан гэрээ, хэлцэл, гүйцэтгэл бүр шинэ бөгөөд үүрдийн гэрээний нэгэн хэсэг юм. (Doctrines of Salvation, 1:158.)

Дээр эш татсан шүлэгт (Сургаал ба Гэрээ 132:4) Их Эзэн буруугаар ойлгохын аргагүй тодорхой байдлаар “… гэрээг эсэргүүцэх хэнд ч гэсэн, мөн миний алдар сууд орох нь үл зөвшөөрөгдөх болно” хэмээн хэлсэн байдаг.

Ариун сүм рүү ордог хүмүүс өөрсдийн болон бусдын өргөмжлөлд хамаатай тодорхой гэрээ, үүрэг хариуцлагыг хүлээн авах давуу эрхтэй. Ахлагч Жэймс Э.Талмэйж:

Хишгийн ёслолууд нь ариун журам хийгээд ариун явдлын хуулийг чандаар сахихын тулд энэрэнгүй, нинжин сэтгэлтэй, тэвчээртэй, хүлцэнгүй мөн цэвэр ариун байж; үнэнийг дэлгэруулж, хүмүүний угсааг өргөн сайжруулахын тулд авьяас чадвар, эд хөрөнгөө зориулж; үнэний зарчимд үнэнчээр үлдэж; мөн газар дэлхий өөрийнхөө Хаан Их Эзэн Есүс Христийг хүлээн авахад бэлэн байж болохын төлөөх агуу бэлтгэлд бүхий л боломжтой аргаараа хувь нэмрээ оруулахыг эрэлхийлэх зэрэг тодорхой нөхцөлүүдийг хувь хүмүүс өөрсөд дээрээ хүлээн авч, гэрээ байгуулан, амлалт өгөхөөр болгодог билээ. Гэрээ бүрийг байгуулж мөн үүрэг болгоныг авч, тэдгээрийн нөхцөлүүдийг үнэнч итгэлтэйгээр сахиснаар ирэх адислал амлагдан, тунхаглагддаг билээ. (Их Эзэний өргөө, хуудас 100).

Бид цаг зав, авьяас чадвар, эд хөрөнгөө Их Эзэний хаант улсад зориулах гэрээг Түүнтэй байгуулдаг.

Бид гэрээт хүмүүс. Бид өөрсдийн боломж бололцоог буюу цаг зав, мөнгө төгрөг, авьяас чадвар гэх мэт өөрт байгаа бүхнийг Бурханы хаант улсын ашиг тусын тулд зориулах гэрээг байгуулдаг. Энгийн үгээр хэлэхэд, бид сайныг үйлдэх гэрээг байгуулдаг. Бид гэрээт хүмүүс бөгөөд ариун сүм бол бидний гэрээний төв юм. Энэ бол гэрээний эх сурвалж мѳн.

Ариун сүмд ирж бай. Та ариун сүмд орох ёстой. Энд та нас барсан хэн нэгний өмнөөс төлөөлөн үйлдэх ёслол хийлгэснээр байгуулсан гэрээнүүдээ дахин давтах боломжтой. Их Эзэний өргөөтэй холбоотой агуу сүнслэг адислалуудыг оюун ухаандаа тунгаан бодсоноор та улам хүчирхэгжих болно.

Сайн мэдээний гэрээ, ёслолуудад итгэлтэй, үнэнч бай. Амьдралынхаа туршид тэдгээр нандин гэрээнд орох шалгуурт алхам, алхмаар нийц. Тэдгээртэй холбоотой гэрээнүүдийг хүндэтгэн дээдэл. Үүнийг хийх юм бол та аз жаргалтай байх болно.

Амьдрал тань эмх журамтай болж, бүх зүйл зөв дэс дараалал, зэрэг дэв болон зохих байрандаа байх болно. Гэр бүл тань хэзээ ч салахгүйгээр холбогдоно.

Гэрээ, ёслолуудын төвд ариун сүмд авч болох адислалууд байдаг. Гэрээ сахигчид хэмээх нэрэндээ дүйцэхүйц зохистой байвал Их Эзэн баярлах нь гарцаагүй.

Эсэргүүцэлгүй байх нь үгүй

Ариун сүм бол Сүмийн сүнслэг хүчний гол төв мөн. Биднийг энэхүү эрхэм ариун, сүнслэг нөлөө бүхий ажлыг хэрэгжүүлэх үед Сүмд болон хувь хүмүүст дайсан саад учруулах гэж хичээх болно гэдгийг бид мэдэж байх ёстой. Эхэн үеийн аймшигт мөрдлөг хавчлагаас эхлэн ажилд хайхрамжгүй хандах гээд янз бүрийн саад байж болно. Ажилд хайхрамжгүй хандах гэдэг нь ариун сүмийн ажилд саад болох гэсэн хамгийн аюултай, хүчийг сулруулах оролдлого байж болох юм.

Ариун сүмийн ажил нь хожмын үеийн гэгээнтнүүдэд болон нийт Сүмд сүнслэг хүчний эх сурвалж болдог учраас их эсэргүүцэлтэй тулгардаг.

Ютагийн Логаны ариун сүмийн суурийн чулууг онцгойлон адислах үеэр ерөнхийлөгч Жорж К.Каннон ийн хэлжээ.

Ариун сүмийн суурийн чулуу тавигдах бүрд, Их Эзэний илчилсэн Түүний ариун Санваарын жаягийн дагуу ариун сүм баригдаж дуусах бүрд дэлхий дээр Сатаны хүч хумигдаж, Бурханы болон бурханлаг байдлын хүч өсөн нэмэгдэж, бидний төлөө тэнгэрийн хүч хөдөлгөөнд орж, тэдэнтэй хамт оршдог Мөнхийн Бурхадын адислалуудыг бидэн дээр ирүүлэх болно. (In “The Logan Temple,” Millennial Star, 12 Nov. 1877, page 743.)

Сүмийн гишүүдэд асуудал бэрхшээл тохиолдоход мөн чухал шийдвэр гаргахаар оюун санаанд нь ачаа дарамт учирсан үед тэд ариун сүмд орохоор явдаг нь нийтлэг зүйл юм. Ариун сүм бол сэтгэл санааны зовиураа тайлах аятай сайхан газар. Бид ариун сүмд сүнслэг хэтийн төлөвийг хүлээн авч чадна. Ариун сүмийн үйлчлэлийн үед бид “дэлхийнх биш” байдаг.

Эдгээр үйлчлэлийн гол үнэ цэн нь бид хэн нэгний өөрөө хийж чадахгүй зүйлийг тэдний өмнөөс хийж өгч байгаа явдал юм. Нас барсан хэн нэгний өмнөөс хувийн хишиг хүртэхдээ, яагаад ч юм бэ бид Их Эзэнээс тусламж гуйн чин сэтгэлээсээ залбирахаас татгалздаггүй. Гэрлэсэн залуу хос шийдвэр гаргахдаа, ариун сүмийн ойролцоо амьдардаг бол ариун сүмийн цугларалтад орох нь их ашигтай байх болно. Ариун сүмийн сүнслэг уур амьсгал цэвэршүүлж, тодруулах чанартай.

Заримдаа бидний оюун санаа янз бүрийн асуудалд дарагдан, анхаарал тавих шаардлагатай өдий төдий асуудалтай тулгарсан үед бид зөв бодож, тодорхой харж чаддаггүй. Ариун сүмд анхаарал сарниулах зүйлс алга болж, манан будан арилах адил бид өмнө нь харж чадахгүй байсан юмыг “харж,” урьд нь мэдэхгүй байсан асуудлуудаа шийдэх аргыг олж чаддаг.

Биднийг ариун сүмийн ёслолуудын ариун нандин ажилд оролцоход Их Эзэн адислах болно. Тэрхүү адислалууд нь бидний ариун сүмийн үйлчлэлээр хязгаарлагддаггүй. Бид бүх үйл хэрэгтээ адислагдах болно. Их Эзэн бидний сүнслэг болон дэлхийн ажил үйлст хоёуланд нь анхаарал тавих эрхийг бид олох болно.

Хөшигний зүг хандах

Бид ариун сүмүүдийг яагаад барьдаг болон биднээс яагаад ариун сүмийн ёслолуудыг шаарддаг талаар зарим ойлголтыг олж авах ёстой. Дараа нь бид сүнслэг ач холбогдолтой зүйлүүдийн талаар үргэлжлүүлэн заавар авч, энэ талаар ойлголттой болох болно. Бид гэрэл болоод мэдлэгийн бүрэн байдлыг олж авах хүртэл энэ нь шат шатаар, дүрэм дүрмээр ирдэг; Энэ нь бидэнд, бидний хүн нэг бүрийн хувьд агуу хамгаалалт болдог. Энэ нь мөн Сүмийн хамгаалалт болдог.

Сүмийн ивээн тэтгэж, дэмждэг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаас илүү энэ Сүмд хамгаалалт болдог ажил байхгүй. Сүнслэг байдлыг үүнээс илүү бэхжүүлдэг ажил гэж үгүй. Бидэнд үүнээс илүү хүч чадал өгдөг ажил гэж үгүй. Зөв шударга байдлын илүү өндөр жишгийг биднээс шаарддаг өөр ажил ч гэж үгүй юм.

Ариун сүмд бидний хийдэг ажил хүн нэг бүрд бас нийтэд нь хамгаалалт, хуяг дуулга болдог билээ.

Ариун сүмийн ёслолуудаар бид Түүнтэй гэрээ байгуулдаг бөгөөд гэрээт хүмүүс болдог.

Хэрэв бид ариун сүмийн ёслолын ажлын талаар илчлэлт хүлээн авбал, хэрэв бид шалтаг тоочилгүй, өөрийгөө зөвтгөлгүйгээр гэрээ байгуулбал Их Эзэн биднийг хамгаалах болно. Бид амьдралын бэрхшээлүүдийг давах хангалттай сүнслэг урмыг хүлээн авах болно.

Ариун сүмд хамаатай ажлууд үнэн юм. Үүнийг хөшигний цаанаас илчилсэн бөгөөд илчлэлтүүд ирсээр байна.

Сүмийн гишүүн бүрд ариун сүмийн ажилтай холбоотой хувийн илчлэлт ирж болно.

Иймээс ариун сүмд ирцгээ, адислалуудаа авцгаа. Энэ бол ариун ажил.

Зураг
Ютагийн Вернал ариун сүмийн селестиел өрөө

Ютагийн Вернал ариун сүмийн селестиел өрөө

Зураг
Вашингтон Ди Cи ариун сүмийн баптисмын усан сан

Вашингтон Ди Cи ариун сүмийн баптисмын усан сан

Зураг
Солт Лэйк ариун сүмийн лацдан холбох өрөө

Солт Лэйк ариун сүмийн лацдан холбох өрөө

Зураг
Калифорнийн Лос Анжелес ариун сүмийн цэцэрлэгийн өрөөнөөс харагдах дүр зураг

Калифорнийн Лос Анжелес ариун сүмийн цэцэрлэгийн өрөөнөөс харагдах дүр зураг

Зураг
Солт Лэйк ариун сүмийн террестриел өрөө

Солт Лэйк ариун сүмийн террестриел өрөө

Зураг
Вашингтоны Колумбиа Ривер ариун сүмийн селестиел өрөө

Вашингтоны Колумбиа Ривер ариун сүмийн селестиел өрөө,

Зураг
Солт Лэйк ариун сүмийн селестиел өрөө

Солт Лэйк ариун сүмийн селестиел өрөө

Зураг
Калифорнийн Сан Диего ариун сүмийн селестиел өрөө

Калифорнийн Сан Диего ариун сүмийн селестиел өрөө