Номлолын дуудлагууд
7: Хавсралт


7

Хавсралт

7.0

Оршил

Таны номлолд төдийгүй нөхцөл байдалд тань тохирч байгаа бол мөн шаардлагатай бол энэ хавсралтад заасан нэмэлт удирдамжийг дагана уу.

7.1

Залуу номлогчдын удирдлагын үүрэг хариуцлага

Залуу номлогч удирдагчдын үүрэг даалгавар, хариуцлагыг доорх жагсаалтад багтаасан ба үүгээр хязгаарлагдахгүй.

Ахлах хамтрагч

Номлогчийн хамтрал бүрд нэг номлогчийг ахлах хамтрагчаар томилдог. Ахлах хамтрагч нь:

  • Заахаар хуваарилагдсан бүсэд ажлаа гүйцэтгэхдээ хамтрагчаа ахална.

  • Суралцаж, залбирч, өдөр тутмын хуваариа мөрдөж, бүртгэлээ нягт нямбай хөтлөхөд нь хамтрагчаа урамшуулна.

  • Илүү сайн номлогч болоход нь хамтрагчдаа тусална.

  • Хамтрагчийнхаа үр нөлөөтэй ур чадвар, авьяас, хүчин чармайлтыг олж харан, онцлон хэлж өгнө.

  • Номлогчийн хүчин чармайлтыг орон нутгийн удирдагчид болон гишүүдийнхтэй уялдуулахын тулд хэрхэн үр нөлөөтэй ажиллахыг үзүүлнэ.

Сургагч

Шинэ номлогч бүрд нэг номлогчийг сургагчаар болон ахлах хамтрагчаар үйлчлүүлэхээр томилно. Сургагч нь:

  • Шинэ номлогчтой хайрлах, тэвчих, энэрэх, өөрийгөө бусдын оронд тавьж ойлгох сэтгэлтэйгээр ажиллаж, түүнийг сургана.

  • Шинэ номлогчийн хувь нэмэр, зөн билгийг эн тэнцүү хамтрагчийн хувиар хүндэтгэн авч үзнэ.

  • Өдөр бүр нэмэлт сургалтын цагийг хамтрагчтайгаа хамт суралцахад зарцуулна (Танилцуулга: Миний сайн мэдээг номло номыг би хэрхэн хамгийн сайнаар ашиглаж чадах вэ?” хэсгээс “Шинэ номлогчдод: Хамтрагчтайгаа суралцах” гэдгийг Миний сайн мэдээг номло [2018]-ын ix–x хуудаснаас үзнэ үү).

  • Өдөр бүр хамтрагчтайгаа хамт энэ гарын авлагын жишгүүдээс суралцана.

  • Safeguards for Using Technology болон Adjusting to Missionary Life зэрэг эх сурвалжууд дахь сэдвүүдээр шинэ номлогчийг сургана.

  • Номлогчийн хүчин чармайлтыг орон нутгийн удирдагчид, гишүүдийнхтэй уялдуулахын тулд хэрхэн үр нөлөөтэй ажиллахыг үзүүлнэ.

Дүүргийн удирдагч

Заах хэд хэдэн хэсгээс бүрддэг дүүрэгт нэг ахлагч дүүргийн удирдагчаар үйлчлэхээр томилогддог. Дүүргийн удирдагч нь:

  • Долоо хоног тутмын дүүргийн зөвлөлөөр номлогчдыг удирдаж, сургаж, тэдэнтэй зөвлөлддөг.

  • Баптисмын ярилцлагыг хийнэ (2.3.6-г үзнэ үү).

  • Дүүргийнхээ ахлагчидтай хамт хамтрагч солилцооны ажлыг явуулна (2.3.1-ийг үзнэ үү).

  • Номлогчийн хүчин чармайлтыг орон нутгийн удирдагчид, гишүүдийнхтэй уялдуулан ажиллана.

  • Бүсийн удирдагчид шууд илтгэнэ.

Сургагч удирдагч номлогч эгч нар болон бүсийн удирдагчид

Нэг юм уу нэгээс илүү бүсэд хоёр эгчийг хамтралаар нь сургагч удирдагчдаар үйлчлүүлэхээр томилно. Тэд өөрсдөд нь хуваарилсан номлогч эгч нарыг сургаж, тэдний сайн сайхан байдлыг хариуцна. Түүнчлэн тэд дүүргийн болон бүсийн гишүүд бөгөөд номлолын ерөнхийлөгч, бүсийн удирдагчид болон дүүргийн удирдагчдад сургалтын хурал, бүсийн чуулган зэргийг явуулахад тусална.

Нэг бүсэд бүсийн удирдагчдаар үйлчлүүлэхээр хоёр ахлагчийг хамтралаар нь томилно. Тэд өөрсдийнх нь бүсэд хуваарилагдсан номлогчдыг сургаж, тэдний сайн сайхан байдлыг хариуцдаг. Түүнчлэн тэд сургалтын хурал, бүсийн чуулган зэргийг явуулахад номлолын ерөнхийлөгчид тусална.

Сургагч удирдагч номлогч эгч нар болон бүсийн удирдагчид:

  • Өөрсдийн томилогдсон бүс эсвэл бүсүүдэд номлогчдыг удирдаж, сурган, хамтрагч солилцооны ажлыг явуулна. Сургагч удирдагч эгч нар нь эгч нартай хамтрагчаа солилцох ба бүсийн удирдагчид ахлагчидтай солилцоно.

  • Номлогчийн хүчин чармайлтыг орон нутгийн удирдагчид, гишүүдийнхтэй уялдуулан ажиллана.

  • Номлолын удирдлагын зөвлөлд оролцоно.

  • Номлолын ерөнхийлөгчид шууд илтгэнэ.

Түүнчлэн бүсийн удирдагчид баптисмын ярилцлагыг хийнэ (2.3.6-г үзнэ үү).

Ерөнхийлөгчийн туслахууд

Хоёр ахлагч хамтралаараа номлолын ерөнхийлөгчийн туслахаар үйлчлэхээр томилогдоно. Туслахууд нь:

  • Бүсийн удирдагчидтай болон бусад ахлагчтай хамтрал солилцооны ажлыг явуулна. (2.3.1-ийг үзнэ үү).

  • Номлолын ерөнхийлөгчийн хүсэлтээр номлолын удирдлагын зөвлөлд болон бүсийн чуулганаар сургалт явуулна.

  • Номлогчийн шилжилтийн талаар эсвэл удирдлагын үүрэг даалгаврын талаар зөвлөгөө өгч болох ч тэд эцсийн шийдвэрийг гаргадаггүй.

  • Номлолын ерөнхийлөгчид шууд илтгэнэ.

7.2.

Үйлчлэл үзүүлэх удирдамж

Дараах дэд хэсгүүдэд заасны дагуу үйлчлэл үзүүлэх удирдамжийг дагана уу.

7.2.1.

Албан ёсоор зохион байгуулагдсан үйлчлэлийн үйл ажиллагаанууд

Та номлолын удирдагчдынхаа удирдамжийн дагуу, JustServe.org (боломжтой газарт) зэрэг байгууллагуудаар дамжуулан үйлчлэх боломжуудыг олж чадна.

Зохион байгуулалттай үйлчлэл үзүүлэхэд оролцохдоо, дараах жишгүүдийг санаарай. Үүнд:

  • Үйлчлэлийг өдрийн цагаар явуулна.

  • Номлолын ерөнхийлөгч удирдамж өгөөгүй л бол хүн олж, заах хамгийн үр дүнтэй цагуудын үеэр үйлчлэл үзүүлэхээс зайлсхийнэ.

  • Боломжтой үедээ орон нутгийн үйлчлэлийн төсөлд оролцоно.

  • Бэлтгэлийн өдөр эсвэл дүүргийн зөвлөлийн хурал, бүсийн чуулган болж байгаа цагаар үйлчлэлийн үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийнэ.

  • Номлолын ерөнхийлөгч удирдамж өгөөгүй л бол үйлчлэлийн төсөлд оролцохын тулд сонирхогчид заахаар товлосон цагаа цуцалж эсвэл өөрчилж болохгүй.

  • Үйлчлэх үедээ хамтрагчтайгаа хамт бай.

  • Ажлын хувцас өмссөн байлаа ч, хэрвээ зөвшөөрөгдсөн бол мөн тохиромжтой үед нэрийн тэмдгээ зүүнэ.

  • Өөрөө мөнгө төлөх хэрэгтэй юм уу өөрт тань мөнгө төлөх үйл ажиллагаанд бүү оролц.

  • Номлолын удирдагчдын зөвшөөрөлгүйгээр удаан хугацааны төсөлд оролцохоор амлаж болохгүй.

7.2.2.

Үйлчлэлийн боломж тохиох үед аюулгүй байх

Үйлчлэлийн боломж тохиох үед аюулгүй байхын тулд ухаалаг байж, Ариун Сүнсний өдөөлтийг болон дараах удирдамжийг дагана уу. Үүнд:

  • Биеэрээ хийж дуусгах боломжтой үйл ажиллагааг л хий.

  • Асаадаг багаж хэрэгслийг ашиглаж, бас машин механизмыг (трактор, чиргүүл, ачааны машины тэвш гэх мэт) ажиллуулж, унаж болохгүй.

  • Тохирсон хувцас (бээлий, урт ханцуйтай цамц гэх мэт) өмс.

  • Хэт өндрөөс (дээвэр дээр, модонд авирч гэх мэтчилэн) унаж болох газарт ажиллаж болохгүй.

  • Дотор нь ороод гацаж эсвэл гэмтэж болзошгүй давчуу газарт (гүн хонхор газар гэх мэт) бүү ажилла.

  • Сургууль, хүүхдийн өдөр өнжүүлэх бүлэг, Хүүхдийн хэсэг, хүүхдийн сувилал зэрэг хүүхэдтэй ганцаараа байх газарт үйлчилж болохгүй (3.5.2-ыг үзнэ үү).

Үйлчлэл үзүүлэх талаар нэмэлт мэдээлэл авахын тулд энэ видео бичлэгийг үзнэ үү.

7.3.

Бусдыг хүндэтгэх

Бусадтай найрсаг, хүндэтгэлтэй харьц. Түүнчлэн энэ хэсэг дэх нэмэлт удирдамжийг дагана уу.

7.3.1.

Ярилцах үедээ зайлсхийх сэдвүүд

Бусдыг хүндэтгэж мөн өөрийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд асуудал үүсгэж болох сэдвээр ярилцахаас зайлсхий. Тухайлбал, үйлчилж байгаа бүсийнхээ орон нутгийн эсвэл улсын улс төрийн бодлогын талаар ярихаас мөн хувиараа эсвэл олон нийтэд улс төрийн бодлогын талаар мэдэгдэл гаргахаас зайлсхий. Үүнээс гадна, хэзээ ч:

  • Терроризм эсвэл террорист үйлдлийн талаар бүү хошигно.

  • Хүмүүст өөр улс орон руу ажил эсвэл сургуульд явах байлаа ч нүүхийг бүү санал болго.

  • Номлолын бүс дэх хүмүүстээ санхүүгийн эсвэл визийн дэмжлэг үзүүлэх, ажил, сургууль, байраар хангах, үрчилж авахаар санал болгох юм уу амлалт өгч болохгүй.

7.3.2.

Орон нутгийн хууль ба соёл уламжлал

Материал тараах болон хил гаалийн хууль журам, паспорт, визийн шаардлагын талаар заасан орон нутгийн хууль дүрмийг дага. Хэрвээ та орон нутгийн хууль, уламжлал, нийтлэг дадлыг мэдэхгүй бол, номлолын удирдагчдаасаа тусламж хүс.

Зөв зохистой зан байдлын талаар нэмэлт мэдээлэл авахын тулд энэ видео бичлэгийг үзнэ үү.

7.4.

Ариун сүмд орох

Ариун сүмд орохдоо дараах зүйлсийг сана. Үүнд:

  • Хамтрагчтайгаа хамт бай.

  • Ариун сүмд гүйцэтгэдэг аль ч ёслолд оролцож болно. Гэхдээ сүнслэг мэдрэмжийг хайр дурлалын мэдрэмж гэж буруу ойлгохоос зайлсхийхийн тулд, лацдан холбох ёслолд эхнэр, нөхрийг төлөөлж эсвэл хишиг хүртэх ёслолд гэрчээр үйлчилж болохгүй.

  • Ариун сүмийн хувцас авч явах талаар санаа зовох хэрэггүй. Ариун сүмд номлогчдыг ариун сүмийн хувцсаар үнэ төлбөргүй хангадаг.

  • Утас авч явах зөв соёлыг дага. Та ёслолын картуудыг хэвлэхийн тулд ариун сүм дотор утсаа авч орж болно. Гэхдээ ариун сүм дотор байхдаа утасныхаа камерыг ашиглаж, утсаар ярьж эсвэл мессеж илгээж болохгүй.

  • Ариун сүм дотор хэрэглэхийн тулд камер, унших зүйлс, тухайлбал патриархын адислалаа авчирч болохгүй.

  • Номлогчдын хувьд нэг доор цугларч эсвэл селестиел өрөөнд өвдөг сөгдөн залбирч болохгүй.

Ариун сүмийн гарментыг зааврын дагуу өмсөхөө хэзээ ч бүү март. Хэрэв танд гармент өмсөх юм уу ариун сүмд орох талаар асуух зүйл байгаа бол номлолын удирдагчдаасаа асуу.

7.5.

Технологи

Дараах дэд хэсгүүдэд заасны дагуу технологийн стандартыг дагана уу.

7.5.1.

Технологийн ерөнхий стандартыг дагах

Технологид биш, хүмүүст анхаарлаа төвлөрүүл. Хүмүүстэй нүүр тулан уулзахдаа тэдэнд бүрэн анхаарлаа төвлөрүүл. Бусадтай байхдаа э-мэйлээ шалгах, мессеж бичих эсвэл олон нийтийн мэдээллийн хуудсаа шалгах зэрэг нь бусниулж бас үл хүндэтгэж байгаа хэрэг юм.

Та нар дараах зүйлсийг ашиглаж болно. Үүнд:

  • Сүмийн цуглааны байрууд болон Сүмийн бусад байгууламжид байдаг Wi-Fi

  • Номын сан, интернэт кафе зэрэг олон нийтийн газарт байдаг компьютер

  • Хэрэв заалгаж байгаа хүн тань зөвшөөрвөл уг хүний хувийн компьютер

  • Гэр бүлийнхэнтэйгээ ярих эсвэл номлогчийн цуврал хичээл авах зэрэг зөвхөн номлогчийн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанд хэрэглэх чихэвч зэрэг болно.

Орон нутгийн эсвэл гадасны технологи, вэб хуудас, блог эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх бүртгэлийг ашиглахгүй.

Номлолын ажилд гар утас ашиглах тухай нэмэлт мэдээлэл авахын тулд энэ видео бичлэгийг үзнэ үү.

7.5.2.

Технологийг аюулгүй ашиглах

Та Номлогчдыг бэлтгэх төвд байхдаа Технологийг аюулгүй ашиглах онлайн курсийг дуусгах хэрэгтэй. Түүнчлэн технологийг аюулгүй бөгөөд номлогчийн зорилгоор ашиглахад тань дараах жишгүүд тусална. Үүнд:

  • Технологийг зорилготой ашигла. Аврагчид ирэхэд нь бусдыг урихад туслах үйл ажиллагаануудыг төлөвлө.

  • Сэтгэлийн дарамт эсвэл уйтгар гунигаа арилгахын тулд технологийг бүү ашигла.

  • Ариун Сүнсний өдөөлтийг сонс мөн дага. Их Эзэний Сүнстэй бат бөх холбоотой болох нь технологийг зохисгүй ашиглахын эсрэг таны хамгийн чухал хамгаалалт болох болно.

  • Та байнга хамтрагчтайгаа бие биеийнхээ дэлгэцийг харж болох газарт бай. Угаалгын өрөө зэрэг газарт ганцаараа байхдаа гар утсаа бүү ашигла.

  • Онлайнаар заах хүн олж мөн заахдаа хамтрагчтайгаа хамтран ажилла. Мессеж илгээх юм уу олон нийтийн хэрэгсэл дээр пост тавихын өмнө нэг нэгийнхээ захиас, үгсийг шалга. Тэгснээр та хоёр хоёулаа санал солилцож тухайн харилцаанаас гарсан үр дүнд хамтдаа хариуцлага хүлээх болно. Тэмдэглэл: Гэр бүлтэйгээ (3.9.1-ийг үзнэ үү) болон номлолын алба эсвэл номлолын ерөнхийлөгчтэй холбоо барих нь үүнд хамаарахгүй.

  • Хувиараа болон хамтрагчтайгаа хамт суралцахдаа Технологийг аюулгүй ашиглах нь хэсгийг байнга давтан үз.

7.5.3.

Порнографаас зайлсхийх

Порнограф олон хэлбэрээр гарч ирдэг. Урьдаас төлөвлөх болон зөв сонголтуудыг хийх нь порнографаас зайлсхийхэд тань тусалж чадна (Технологийг аюулгүй ашиглах хэсгийг үзнэ үү). Ийм зүйл таарвал, холдож, цахим хэрэгслээ унтраах эсвэл уг нөхцөлөөс холдон яв. Порнографаас зайлсхийхэд тань туслах цөөн хэдэн санааг доор багтаав. Үүнд:

  • Порнографаас эсвэл үүнийг санал болгох зүйлсийг сонсох, унших эсвэл харах вэбсайт, материал, орчин нөхцөлөөс зайлсхий.

  • Технологийг буруу ашиглахаар хамгийн их уруу татагддаг үеүд болох ядарсан эсвэл уйдсан гэх мэт үеэ ялган таньж сур.

  • Оронд нь юу хийх талаараа төлөвлөгөө гарга. Номлолын тань удирдагчид тусалж чадна. Та түүнчлэн ChurchofJesusChrist.org/addressing-pornography дээрээс мэдээлэл авч болно.

Порнографаас зайлсхийж, салахыг эрэлхийлж байгаа хүн бүр Есүс Христийн Цагаатгалаар дамжин тусламж, эдгэрлийг олж авч чадна. Танд асуудал бэрхшээл байгаа бол номлолын ерөнхийлөгчтэйгөө ярилц. Тэрээр хайраар дэмжлэг, зөвлөгөө, тусламж үзүүлэх болно.

7.5.4.

Технологи ашиглан заах

Зөвшөөрөгдсөн бүсэд гишүүдтэй болон зааж байгаа хүмүүстэйгээ холбогдож, тэдэнд тусалж мөн тэдэнтэй сайн мэдээний захиасыг хуваалцахын тулд онлайн технологийг ашигладаг.

  • Сайн мэдээг хуваалцах үр нөлөөтэй арга замуудаас суралцахад нь бусдад тусалж, номлогчийн хүчин чармайлтдаа технологийг ашиглахад нь Сүмийн гишүүдийг дэмж.

  • Хуваарилагдсан бүсээс тань гадуур амьдардаг, зааж байгаа хүнтэйгээ онлайнаар ажиллаж, хөрвөгдөх явцад нь тусал.

  • Та хуваарилагдсан бүсийнхээ гадуур амьдардаг хүнд заахдаа уг хүний амьдардаг бүсэд хуваарилагдсан номлогчидтой нягт хамтран ажилла. Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртоход нь уг хүнд хамтдаа тусал.

  • Заах хүчин чармайлтдаа, тохиромжтой бол Сүмийн Media Library болон Сүмийн албан ёсны бусад сайтуудаас зураг, видео бичлэг, бусад мэдээллийн чанартай зүйлийг ашиглаарай. Холбоо харилцаандаа Сүмээс зөвшөөрөөгүй мэдээллийг бүү ашигла (жишээлбэл, орон нутгийн нэгжүүдийн эсвэл гишүүдийн хийсэн видео бичлэг).

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр нийтлэл оруулахдаа өөрийн явж буй газарт төвлөрөлгүй, харин сайн мэдээ болон номлолын туршлага бүхий захиас хуваалц.

Хүмүүсийн хувийн нууц болон мэдээллийг хамгаалах талаарх дараах удирдамжийг дагана уу.

  • Таны зааж байгаа хүмүүсийн овог нэр, гэрэл зураг (3.7-г үзнэ үү), холбоо барих мэдээлэл, хувийн нөхцөл байдал зэрэг нь нууц мэдээлэл гэдгийг мэдэж аваарай. Энэ мэдээллийг хуваалцах, нийтлэх нь мэдээллийн нууцлалын хуулийг зөрчиж болно. Гэр бүлийн гишүүд тань таны захиа болон э-мэйлийг онлайн дээр тавьж болох учраас тэдэнд бичихдээ болгоомжтой бай.

  • Хэн нэгэнтэй хуваалцах, онлайнд нийтлэхээсээ өмнө зураг, видео бичлэгт байгаа хүн бүрээс зөвшөөрөл ав. Хүүхдүүдийн зураг, видео бичлэгийг хуваалцахаасаа өмнө эцэг эхээс нь зөвшөөрөл ав (3.7-г үзнэ үү).

Бусдын мэдээллийн нууцыг хадгалах талаар нэмэлт мэдээлэл авахын тулд энэ видео бичлэгийг үзнэ үү.

7.5.5.

Э-мэйл ашиглах

Номлолын тань хугацаанд, бусад бүх хувийн э-мэйлийн оронд ашиглаж болох тусгай хувийн э-мэйлийг олгох болно. Номлолын ерөнхийлөгчид бичих долоо хоног тутмын захидалдаа Missionary Portal-ыг ашиглах бөгөөд бусад бүх тохиолдолд энэ э-мэйл хаягийг ашиглана уу.

7.5.6.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг сайн мэдээг хуваалцахад ашиглаж болно. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаарх хууль улс бүрд өөр байдаг учраас зөвхөн танай номлолд зөвшөөрөгдсөн олон нийтийн мэдээллийн хуудсыг ашиглахад анхаар.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаарх номлолд тань зориулсан тусгай жишиг болон дараах жишгүүдийг дагана уу. Үүнд:

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх бүртгэл тань таны номлогчийн зорилго, дуудлагыг харуулж байгааг нягтал.

  • Профайл зураг, дагадаг хүмүүс болон бүлгүүд тань таныг Их Эзэний номлогчдын нэг гэдгийг харуулж байгааг нягтал.

  • Одоо байгаа бүртгэлээ өөрчлөхгүй байхын тулд ахиад өөр нэг бүртгэл нээхээс зайлсхий. Ингэх нь олон нийтийн мэдээллийн сайт ашиглагчийн гэрээг зөрчиж байгаа хэрэг юм.

  • Өөрийн бүртгэл дээр “ахлагч,” “эгч” зэрэг нэрийг бүү хэрэглэ. Зарим олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бүртгэл дээр ийм нэрийг хэрэглэхийг зөвшөөрдөггүй.

  • “Like” авахад эсвэл захиасаа онлайн дээр хуваалцуулахад төвлөрөхийн оронд хүмүүстэй нэг бүрчлэн, ойр дотно харилцахад анхаар.

  • Таны хуваалцсан зүйл Сүмийн албан ёсны захиас юм гэсэн санааг багтааж болохгүй.

  • Та өөрийн нууцлалыг мөн хадгал. Та өөрийн хуваарь, байршлыг онлайн дээр хуваалцахдаа болгоомжтой ханд. Олон нийтийн сүлжээндээ хүмүүсийг оруулахдаа болгоомжтой ханд; зарим хүн номлогчдыг буруугаар ашиглах болно.

  • Бусдын мэдээллийн нууцлалыг хадгал. Хэрвээ та уулзаж байгаа хүнийхээ талаар ямар нэгэн мэдээлэл нийтлэхийг хүсвэл, түүний нэрийг дурдах, зургийг нь оруулсан (3.7-г үзнэ үү) ямар нэгэн зүйлийг нийтлэхээсээ өмнө түүний зөвшөөрлийг (үгээр эсвэл бичгээр) авах хэрэгтэй. Орон нутгийн нууцлалын тухай хуулиар, зарим номлолд номлогчдод зааж буй хүмүүсийнхээ зургийг олон нийттэй хуваалцахыг зөвшөөрдөггүй.

Бусдын мэдээллийн нууцлалыг хадгалах талаар нэмэлт мэдээлэл авахын тулд энэ видео бичлэгийг үзнэ үү.

7.6.

Бэрхшээлт нөхцөл байдал

Бэрхшээлт нөхцөл байдалд хандахдаа дараах удирдамжийг дагана уу.

7.6.1.

Сөрөг нөхцөл байдалд хандах

Аврагч шиг, бошиглогчид шиг мөн танаас өмнөх олон номлогчийн адилаар та номлогчийн хувьд эсэргүүцэл, бүр дорд үзэгдэх байдлын бусад хэлбэртэй тулгарч болзошгүй юм. Эсэргүүцэлтэй тулгарахад дараах удирдамжууд танд тусална. Үүнд:

  • Өөрийн сэтгэл хөдлөлийг тоохгүй өнгөрч болохгүй.

    • Хамтрагч, залуу номлогч удирдагчид, номлолын удирдагчид болон гэр бүлийн ойр дотнын гишүүддээ сэтгэл дундуур болон санаагаар унаж байгаагаа илэрхийлэх нь зүгээр гэдгийг ойлго.

    • Заримдаа сөрөг нөхцөл байдлын талаар ярих нь уг мэдрэмжээ даван туулахад тусалдаг гэдгийг ойлгоорой.

    • Сөрөг нөхцөл байдлын талаар бүү удаан бод, бас үүнээс болж өөрийн хандлагыг удаан хугацаанд бүү өөрчил.

  • Эсэргүүцлийг зөв талаас нь хар.

    • Сөрөг нөхцөл байдал нь таны хэн болох, юу хийхээр дуудагдсан эсвэл үүнийг хэр сайн хийх боломжтой зэргийг тань шийддэггүй гэдгийг мэдэж ав.

    • “Хүмүүс хэзээ ч сонсдоггүй” гэх мэт хэт нийтлэг зүйл хэлэхгүй байхыг хичээ.

    • Сонголт нь хувь хүмүүст таны захиасыг хүлээн авах юм уу эсэргүүцэх боломж олгодог гэдгийг ойлгоорой.

    • Хүмүүсийн амьдрал, нөхцөл байдал өөрчлөгддөг гэдгийг ухаар. Эсэргүүцэж байгаа нь уг хүн сэргээгдсэн сайн мэдээг хэзээ ч сонирхохгүй гэсэн үг биш.

  • Өөртөө болон бусдад энэрэнгүй сэтгэлээр ханд.

    • Залбирч байгаад, тайтгарахыг эрэлхийл. Их Эзэн таныг төдийгүй нөхцөл байдал, хэрэгцээг тань мэддэг гэдгийг сана.

    • Өөрийгөө болон нөхцөл байдлаа эсвэл хамрагдаж буй хүмүүсийг бүү шүүмжил.

    • Эерэг байхын тулд чадахаараа хичээ.

  • Туршлагаасаа суралц. Дараагийн удаа юуг өөрөөр хийж болох талаар бод.

7.6.2.

Сөргөлдөгч хүмүүстэй харьцах

Та сөргөлдөх дуртай, сөрөг бодолтой хүмүүстэй тааралдаж болно. Хэрэв хэн нэгэн бүдүүлэг хандвал, эелдэг байж, уг нөхцөл байдлаас холд. Хэрвээ танд аюул мэдрэгдвэл нэн даруй холдон яв. Таны хамтрагч, та хоёрын аюулгүй байдал (4.5-ыг үзнэ үү) хамгийн чухал зүйл юм.

Сөргөлдөгч хүмүүс, сөрөг харилцаа холбоо нь сэтгэлийн дарамтыг үүсгэдэг. Стрессээ зохицуулж (4.3-ыг үзнэ үү) мөн өөрийнхөө сэтгэл зүйн болоод сүнслэг байдалд санаа тавихын тулд шаардлагатай алхмуудыг хий.

Хэн нэгэн, тухайлбал хамтрагч тань үгээр төдийгүй сэтгэл зүйн хувьд эсвэл бие махбодын хувьд хүчирхийлэл үйлдвэл, энэ нь хүлээн зөвшөөрч боломгүй зүйл гэдгийг ойлго. Үүнд өөр хүнийг хүчирхийлэх, доромжлох үгс, хандлага, үйлдлүүд багтаж болно.

Хэрэв бие махбодын эсвэл бэлгийн замын хүчирхийлэл, доромжлол, заналхийлэлтэй тулгарах юм уу энэ талаар харж, сонсох юм бол номлолын ерөнхийлөгчтэй болон түүний эхнэртэй эсвэл итгэж найддаг өөр удирдагчтайгаа тэр даруй холбоо барина уу (7.8.2–7.8.4-ийг үзнэ үү).

7.7.

Бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудал

Дараах дэд хэсэгт заасан эрүүл мэндийн удирдамжийг дагана уу.

7.7.1.

Эрүүл мэндийн асуудлаар номлолын албатай холбоо барих

Өөрөө өөрийгөө оношилсон онош эсвэл бусдын бодолд бүү найд. Хамтрагч, Сүмийн бусад гишүүн, гэр бүлийнхэн эсвэл найз нөхдийн эрүүл мэндийн зөвлөгөө тустай байж болох ч ялангуяа ноцтой гэмтэл, эрүүл мэндийн асуудлаар асуух, санаа зовох зүйл байгаа бол номлолынхоо эрүүл мэндийн зохицуулагчтай холбоо барь. Таны номлолын ерөнхийлөгч ноцтой гэмтэл болон эрүүл мэндийн асуудлын талаар танай гадасны ерөнхийлөгчтэй болон гэр бүлтэй холбоо барих болно.

Эрүүл мэндийн дараах асуудлуудын аль нэг нь тулгарвал номлолынхоо эрүүл мэндийн зохицуулагчтай холбоо барина уу. Үүнд:

  • Өвчин нь энгийн ханиад болон түр зуурын шинж тэмдгээс илүү ноцтой бол

  • Ноцтой гэмтсэн бол

  • Дасгал хийгээгүй байхад зүрхний цохилт хурдан (нэг минутад 100-аас илүү цохилж) байвал

  • 38.3 хэм (101°F)-ээс илүү өндөр халуурч эсвэл хоёроос илүү өдөр 38.3 хэм (101°F)-ийн халуунтай байвал, эсвэл эм уугаад халуун буурахгүй бол

  • Жин хурдан багасаж эсвэл нэмэгдэж байгаа бол

  • Хэт их цангаж эсвэл их шээж байвал

  • Байнга бөөлжиж, толгой өвдөж, толгой эргэж, ханиаж байвал эсвэл биеэр тууралт гарсан бол

  • Хөл, шилбэ, гэдэс, нүүрээр хөөж хавагнаж байвал

  • Цус алдах юм уу цус өтгөн хар өнгөтэй байвал

  • Хоёроос дээш хоног өтгөн хатаж эсвэл гүйлгэж байгаа бол

  • Шүд өвдөж байвал

  • Хөлийн хумс арьс руу шигдэж ургасан бол

7.7.2.

Биеийн эрүүл мэндээ анхаарах

Та биеийн эрүүл мэндээ анхаарч санаа тавих үедээ Их Эзэнд илүү сайн үйлчилж, номлолын илүү таатай сэтгэгдэл туршлагыг олж авах болно. Номлогчийн ажилдаа хичээнгүйлэн зүтгэ, гэхдээ өөрийгөө хэт хүчилсний хэрэггүй.

Биеийн эрүүл мэндээ хамгаалахын тулд дараах зүйлсийг хийхэд анхаар. Үүнд:

  • Тогтмол дасгал хий.

  • Сайн унтаж амар.

  • Ногоо, жимс, бүхэл үр тариаг түлхүү хэрэглэж, эрүүл хоол ид.

  • Хангалттай их ус уу.

  • Гараа тогтмол угаа.

  • Хэрэгтэй үед нарнаас хамгаалах мөн шавж үргээх тос түрх.

  • Амрах арга замуудыг ол.

  • Бэлтгэлийн өдрүүдэд биед сайн, зугаатай зүйлсийг таашаан хий.

7.7.3.

Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах

Номлолд үйлчилж байхдаа үе үе уйтгарлах, түгших, гэрээ санах, санаагаар унах зэргийг мэдрэх нь хэвийн зүйл юм. Гэхдээ үр дүнтэй ажиллахад тань саад болж байгаа сэтгэл хөдлөл, ааш авирын талаар ярилцах хэрэгтэй. Эдгээрт дараах зан байдлууд орж болно. Үүнд:

  • Ааш байнга өөрчлөгдөх

  • Хэт их санаа зовж, өөрийгөө буруутгах

  • Сэтгэлээр унах

  • Эрүүл бус хооллолтын хэв маяг тогтох

  • Бэлгийн мэдрэмжээ хянахад бэрхшээлтэй байх

Эрүүл мэндийн аливаа асуудал, үүний дотор сэтгэлийн хөдөлгөөн эсвэл сэтгэл зүйн асуудлыг ялган таньж, эмчлүүлэхэд ичих зүйл байхгүй гэдгийг ойлгоорой. Танд эсвэл хамтрагчид тань тусламж хэрэгтэй байна гэж үзвэл номлолын ерөнхийлөгч болон түүний эхнэртэй эсвэл эрүүл мэндийн зохицуулагчтай ярь. Тэдэнд сэтгэл зүйн асуудалд туслах эх сурвалж бий. Та түүнчлэн Adjusting to Missionary Life дээрээс тустай зөвлөгөөг олж болно.

7.7.4.

Амьтан, хорхой шавжид хазуулсан үед арга хэмжээ авах

Амьтан, хорхой шавжид хазуулбал заримдаа аминд халтай, ноцтой өвчнийг үүсгэж болно. Шавжид хазуулсан хэсэг хавдаж, ердийн бус байдлаар өвдөж эхэлбэл, тэр даруй номлолын албатай холбоо барина уу.

Урьдчилан сэргийлэлт

Дараах удирдамжийг дагаснаар хачиг, шумуул, өөр бусад шавжид хазуулахаас сэргийлж болно. Үүнд:

  • Шумуул их байдаг, тогтонги устай газраас хол бай.

  • Хачиг их байдаг мод, бут ихтэй газраас зайлсхий.

  • Халуун дулаан уур амьсгалтай байсан ч гар хөлөө халхалсан хувцас өмс.

  • Шумуулаас үүдэлтэй өвчнөөс сэргийлэх тухай видео бичлэгийг үз.

  • Гадуур хувцасны гадна талд болон ил харагдах арьсандаа шавж үргээгч цац.

Эмчилгээ

Хачиг, шумуулд эсвэл өөр хорхой шавж, амьтанд хазуулж, маажуулсан бол дараах удирдамжийг дагана уу. Үүнд:

  • Хорхой шавжид хөнгөн хазуулсан бол мөсөөр жин тавьж, жороор олгодоггүй эмээр эмчилж болно.

  • Арьсанд шигдсэн хачгийг аюулгүй салгаж авахын тулд мөн лайм өвчний шинжилгээ хийлгэхээр мэргэжлийн эмчтэй уулзана уу.

  • Амьтанд хазуулж, шарх үүссэн бол савантай усаар угаа (болж өгвөл 15 минутын турш угаана) мөн номлолын албатай холбоо барь. Боломжтой бол тухайн амьтны эзнийг олж мэд, тэгснээр номлолын алба өөр бусад ноцтой өвчин, галзуу өвчин халдаагүй гэдгийг бататгахад тусалж чадна.

  • Хачиг, өөр бусад хорхой шавжид хазуулсан хэсэг хавдаж, ердийн бус байдлаар өвдөж, бай хэлбэртэй эсвэл ер бусын тууралт гарвал, номлолын албатай тэр даруй холбогд.

Хорхой шавж, амьтанд хазуулахаас өөрийгөө хамгаалах талаар нэмэлт мэдээлэл авахын тулд энэ видео бичлэгийг үзнэ үү.

7.8.

Аюултай нөхцөл байдал

Дараах дэд хэсгүүдэд зааснаар, аюулгүй байдлын удирдамжийг дагана уу.

7.8.1.

Аюултай нөхцөл байдалд бэлтгэх

Аюултай нөхцөл байдалд бэлтгэж, хариу үйлдэл үзүүлэхэд тань дараах удирдамж туслах болно. Үүнд:

  • Их Эзэнээс хамгаалахыг өдөр бүр гуйн залбир.

  • Аюулыг анхааруулж чадах Сүнсний өдөөлтүүдийг сонсож, дага.

  • Номлолынхоо онцгой нөхцөл байдлын төлөвлөгөөтэй танилц. Онцгой нөхцөл байдлын үед хэрхэн үйлдэх талаарх алхмуудыг дага.

  • Өөрийн байгаа бүс, улс дахь яаралтай тусламжийн холбоо барих дугаар, хүмүүсийн мэдээллийг утсандаа хадгал. Утсаа байнга цэнэгтэй байлгаж, биедээ авч яв.

  • Номлолынхоо аюултай гэж заасан бүсээс зайлсхий.

  • Үнэ цэнтэй зүйл авч яваа гэсэн сэтгэгдэл бүү төрүүл (жишээлбэл, дүүрэн том цүнх үүрч явах).

  • Хэн нэгэн өөрийг тань анхаарч ажиглах, хувийн чанартай асуулт тавих эсвэл өөрийг тань дагах гэх мэт хэвийн бус зүйлд гярхай ханд.

  • Та өөртөө итгэлтэй, айхгүй байгаагаа биеэ авч явах байдлаараа харуулахыг хичээ.

  • Холдон явахыг хүсэж байгаагаа хамтрагчдаа мэдэгдэхдээ ашиглах код үг, хэллэгтэй бай. Хэрвээ та өөрийгөө аюултай нөхцөлд байна гэж үзвэл тухайн үг, хэллэгээ ашигла.

Бусад хүн (үүнд бас бусад номлогч орно) номлолын ажлыг гүйцэтгэхийн тулд өөрсдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулахыг дэмжсэн ч гэсэн эдгээр удирдамжийг тогтмол хэрэгжүүлэх дадлага хий.

7.8.2.

Аюултай нөхцөл байдлыг ялган таних

Та ямар нэг төрлийн, биеийн эсвэл бэлгийн замын буруу үйлдлийг мэдэрч, харж, эсвэл энэ талаар сонсох аваас номлолын удирдагчдын нэгтэй юм уу өөр нэг итгэж найддаг удирдагчтайгаа тэр даруй холбоо барь. Үүнд хүчирхийлэл, заналхийлэл, дарамт багтаж болно. Дараах аюулт нөхцөл байдлыг орон нутгийн хуульд өөр өөрөөр зааж болох ч таны санааг зовоох аливаа зүйлийг мэдээл. Үүнд:

  • Хүчирхийлэл нь биеийн эсвэл бэлгийн замын үйлдлийг хэн нэгэнд хүчээр тулгахыг хэлнэ. Үүнд биед хамаагүй хүрэх, далд хэсэгт гар хүрэх, биеэр хүчирхийлэх зэрэг нь багтана.

  • Биеийн заналхийлэл гэдэг нь хүнийг бие махбодын хувьд гэмтээх, үхлийн айдаст автуулахыг хэлнэ. Үүнд үгээр болон өөр байдлаар заналхийлэх ааш авир багтана.

  • Бэлгийн дарамт гэдэгт бэлгийн хариу үйлдэл үзүүлэхийг шаардах, зохисгүй үг хэлэх юм уу үйлдэл үзүүлэх, ямар нэгэн хүсээгүй бэлгийн харьцааны үйлдлүүд багтана. Үүнд байнга мөрдөн мөшгөх (айлгаж, дургүйг нь хүргэх зорилготойгоор дагах) эсвэл биеийн далд хэсгээ ил харуулах явдал багтаж болно.

7.8.3.

Хүчирхийлэл, заналхийлэл, дарамтад хариу үйлдэл үзүүлэх

Хэрвээ таны хамтрагч та хоёрын хэн нэг нь дээрэмдүүлбэл дараахыг хий. Үүнд:

  • Эд зүйлээ тэр даруй гаргаж өг. Ингэснээр дээрэмдэгч таныг гэмтээлгүйгээр орхиод явж болно. Таны амь нас сайн сайхан эд зүйлээс тань илүү үнэ цэнтэй.

  • Уурлах юм уу сөргөөр хандахгүй байхыг хичээ. Эс бөгөөс байдал бүр дордож болно.

Та эсвэл таны хамтрагч заналхийлэл, дарамтыг мэдэрч байгаа бол мөн эд зүйлсээс тань илүү зүйлд эрсдэл учирч байна гэж бодвол дараахыг хий. Үүнд:

  • Нөхцөл байдалдаа хандах хамгийн сайн арга замыг зөвхөн та шийдэж чадна. Та зугтах, өөрийгөө хамгаалах юм уу үгийг нь дагахыг сонгож болно. Жишээ нь:

    • Хэрэв та гүйвэл, дайралтаас зайлсхийж болох юм.

    • Хэрвээ та өөрийгөө хамгаалъя гэвэл, хашхирч, цохиж, маажиж, хазаж, өшиглөж эсвэл залбирснаар биеэ хамгаалах боломжтой байж магад.

    • Хэрвээ та яахаа мэдэхгүй болон хөшиж, үгийг нь дагахыг сонговол, өөрийгөө хожим бүү буруутгаарай. Ийм хариу хандлага олонтоо тохиолддог.

  • Өөр хэн нэгнээс тусламж авч, анхаарлыг нь татахыг бод. Жишээ нь:

    • Бусдаас, ялангуяа таны байгаа газарт эрх мэдэлтэй хэн нэгнээс (автобусны жолооч гэх мэт) тусламж гуйж болно.

    • Эргэн тойрондоо хүнтэй олон нийтийн газарт байгаа бол мөн бие махбодын эсвэл бэлгийн замын хүчирхийллээс холдож чадахааргүй бол (жишээлбэл, олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол), уг хүнийг цааш үргэлжлүүлэн үйлдэх, дарамтлахаа больтол ятгахыг хичээж болно. Жишээлбэл, биеийн хурц хөдөлгөөн, үг хэлээ ашиглаж, уг хүн рүү харцаа хандуулж, чанга дуугаар ярьж болно. Та уг хүнд хандан, буруу үйлдлийг нь хэлж өгч, уг хүнээр хийлгэмээр байгаа зүйлээ “Хүүе, шар цамцтай хүн та, надад битгий гар хүр. Надаас холд” гэх мэтчилэн хэлж болно.

    • Хэрэв ойрхон хүн байхгүй бол, хашхирч, орилж, анхаарал татахыг оролдож болно. Хэн нэгэн анзаарч, туслах боломжтой байж магад.

7.8.4.

Хүчирхийлэл, заналхийлэл, дарамт шахалтын талаар мэдээлэх

Хэрэв та хэн нэгний хүчирхийлэл, заналхийлэл, дарамтад өртсөн бол (7.8.2-ыг үзнэ үү) номлолын удирдагчдын нэгтэй болон номлолын албан дахь хэн нэгэнтэй эсвэл итгэж найддаг удирдагчтайгаа нэн даруй холбоо барь. Танай номлолын удирдагчдад өөрт тань эмнэлгийн тусламж, мэргэжлийн зөвлөгөө өгөх, өөр газар луу шилжүүлэх эсвэл өөр шаардлагатай тусламж үзүүлэх боломж бий. Та уг үйл явдлын дараа цочирдсон байж болох бөгөөд түүнчлэн танд гэнэтийн хүнд явдал туулсны дараах шинж тэмдэг илэрч болно. Та аюулгүй гэдгээ мэдэрч эхлэх үедээ, тухайн явдлын талаар санаж байгаа бүх зүйлээ бичиж авахыг оролдоорой.

Хэрвээ та хүчирхийлэлд өртсөн бол, та юу ч хийж байсан гэсэн уг хүчирхийлэлд өртсөн нь таны буруу биш гэдгийг ойлгоорой. Өөрийн итгэдэг, ойр харилцаатай хэн нэгэнтэй буюу номлолын ерөнхийлөгч, түүний эхнэр, нийгэм төрийн эрх мэдэлтнүүд эсвэл гэр бүлийнхээ хүмүүстэй зөвлөх сонголт танд үргэлж бий. Цагдаагийн газрыг оролцуулах эсэх нь таны шийдвэр.

Өөртөө эргэлзэх, та эсвэл таны хамтрагч юуг өөрөөр хийж болох байсныг өөрөөсөө асуух нь ердийн зүйл. Уг хүнд нөхцөл байдалд та өөрийн чадах зүйлийг хийсэн гэдэгтээ итгэ. Хүмүүс гэнэтийн хүнд нөхцөл байдлыг өөр өөрөөр даван туулдаг. Эдгэрэх явцад тань Их Эзэн туслах болно.

Аюултай нөхцөл байдлуудад болон заналхийлэлд бэлтгэх, ялган таних, хяналтдаа байлгах талаар нэмэлт мэдээлэл авахын тулд энэ видео бичлэгийг үзнэ үү.

7.9.

Орон байрны аюулгүй байдал

Орон байраа нууцлалтай, аюулгүй, цэвэр байлгахын тулд дараах удирдамжийг дагана уу.

7.9.1.

Нууцлал ба аюулгүй байдал

Орон сууцаа нууцлалтай, аюулгүй байгаа гэдгийг баталгаажуулахдаа дараах удирдамжийг дага. Үүнд:

  • Нүүрстөрөгчийн дутуу исэл болон утаа мэдрэгч суулгаж, байнгын ажиллагаатай байлга. Номлолын орон байр зохицуулагчийн гаргасан хуваарийн дагуу утаа мэдрэгчийг шалгаж, зайг нь соль. Эдгээр амь аврах хэрэгслийг бүү унтраа.

  • Ямар ч төрлийн лаа асаах хэрэггүй.

  • Гадна талын бүх хаалга, цонхыг цоожил. Шаардлагатай бол, номлолын удирдагчид тань гаднаас агаар сэлгэх боломжуудыг санал болгож болох юм.

  • Харанхуй болсны дараа хөшгөө байнга хааж бай.

  • Хаягаа олон нийттэй эсвэл зааж байгаа хүмүүстэйгээ хуваалцаж болохгүй.

  • Хэрвээ гадна байгаа хүнийг таньж мэдэхгүй бол эсвэл уг хүн эвгүй сэтгэгдэл төрүүлбэл хаалгаа бүү онгойлго.

  • Номлогчид эсвэл номлолын удирдагчдын зөвшөөрөл олгосны дагуу зочилж байгаа орон нутгийн Сүмийн удирдагчид биш л бол хэзээ ч гэртээ хүмүүст заах эсвэл хүмүүсийг гэртээ оруулж болохгүй.

  • Эсрэг хүйсийн гэрлээгүй хүмүүс хамтран амьдардаг эсвэл тантай адил хүйсийн эхнэр эсвэл нөхөр нь гэртээ тэр бүр байдаггүй гэрт хэзээ ч бүү амьдар.

  • Таны орон байрыг байнга тагнан харж байгаа эсвэл таныг аюултай байдалд байгаа гэж санагдуулах, аливаа аюулгүй байдлын талаарх санаа зовоосон зүйлсийг номлолын албанд нэн даруй мэдэгд.

  • Ижил хүйсийн бусад номлогч л солилцоог зөвшөөрсөн үед орон байранд тань хонож болно.

  • Орон байраа аюулгүй байлгахын тулд шаардлагатай мөнгө зарцуул. Жишээлбэл, шаардлагатай бол шатсан гэрлийн чийдэнг соль.

7.9.2.

Цэвэрлэгээ ба засвар

Орон байраа цэвэр, эмх цэгцтэй байлга:

  • Бэлтгэлийн өдөр (2.5.1-ийг үзнэ үү) мөн шаардлагатай үед өдөр бүр цэвэрлэ.

  • Орон байран дотроо хорхой шавж (7.7.4-ийг үзнэ үү) байлгахаас сэргийлэх арга хэмжээ ав.

  • Зуух, халаагч зэрэг гэр ахуйн хэрэгслийг хэрхэн аюулгүй ашиглах тухай мэдэж ав.

  • Ямар ч төрлийн тэжээвэр амьтан байлгаж болохгүй.

Танай орон байрыг шаардлага хангасан, аюулгүй, сайн арчилж байгаа гэдгийг баталгаажуулахын тулд тогтмол шалгаж байх болно.

Орон байрны аюулгүй байдлын талаар нэмэлт мэдээлэл авахын тулд энэ хоёр видео бичлэгийг үзнэ үү.

7.10.

Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал

Дараах дэд хэсгүүдэд зааснаар аюулгүй байдлын удирдамжийг дагана уу.

7.10.1.

Алхах

Алхах үедээ:

  • Боломжтой бол, машин өөдөөс чинь ирэх талд алх.

  • Харанхуй болсон бол гэрэлтэй газраар яв.

  • Өөрийн бүс орчимд явахдаа явах зам, цагаа байнга өөрчил. Өөрийн явах зам, дадлаа өөрчлөхдөө сүнслэг өдөөлтийг дага.

Алхах үедээ аюулгүй байх талаар нэмэлт мэдээлэл авахын тулд энэ видео бичлэгийг үзнэ үү.

7.10.2.

Дугуй унах

Дугуй унах үедээ:

  • Аюулгүй байдлыг хангасан хамгаалалтын малгай болон цацруулагч зэрэг тоног хэрэгсэл мөн хэрэгтэй үед гар дохио гэх мэт дугуйн аюулгүй байдлын хууль, удирдамжийг дага.

  • Танд зам тавьж өгөх ёстой гэж хэзээ ч бүү бод.

  • Цаг агаар тааруу үед, зам түгжирсэн эсвэл харанхуй болсон бол дугуй унахаас зайлсхий. Хоорондоо зэрэгцэж эсвэл дэндүү ойрхон дугуй унахаас зайлсхий.

  • Хамтрагчаасаа аюулгүй зайд, гэхдээ харагдах зайд бай.

  • Дугуйгаа сайн тордож, урд гэрэл, арын гэрэл, хажуугийн болон арын цацруулагч ажиллаж байгаа эсэхийг анхаар.

  • Дугуйгаа унаагүй үедээ цоожтой байлга.

Дугуйн аюулгүй байдлын талаар нэмэлт мэдээлэл авахын тулд энэ видео бичлэгийг үзнэ үү.

7.10.3.

Автомашин жолоодох

Хэрэв таныг номлолдоо автомашин жолоодохоор томилсон бол зөвхөн номлолын автомашиныг ашигла. Номлолын автомашиныг жолоодохдоо та үйлчилж байгаа улсдаа автомашин жолоодох хууль ёсны эрхтэй байх ёстой бөгөөд номлолын унааны стандартыг ойлгодгоо харуулсан мөн номлолын удирдагчдаас зөвшөөрөл авсан байх ёстой. Түүнчлэн дараах удирдамжийг дага. Үүнд:

  • Хэн нь жолоодож байгаагаас үл хамааран, хамтрагч та хоёр хоёулаа аюулгүй байдлын хариуцлага хүлээнэ гэдгийг санаарай.

  • Бүсээ зүүж, болгоомжтой жолоодож, өдөр орой ч гэсэн ойрын гэрлээ асааж мөн жолоо барьж байна уу, хажууд нь сууж байна уу ялгаагүй анхааралтай, эргэн тойрноо сайтар харж явах хэрэгтэй.

  • Хэрэв та жолоодож байгаа бол гар утсаа ашиглах эсвэл машины хөгжмийг оролдох зэрэг ямар нэг байдлаар сатаарч болохгүй.

  • Хэрэв та хажууд нь сууж яваа бол анхаарал сэрэмжтэй байж, жолоочид тусал.

  • Хэрэв та хажууд нь сууж яваа бол, жолоочийг автомашинаа ухраах үед автомашины гадна ойролцоо, аюулгүй зайд зогсож, жолоочид ухрахад нь тусал.

  • Аюулгүйн болон хариуцлага хүлээх шалтгааны улмаас, өөрийн ижил хүйсийн бүрэн цагийн номлогчдоос өөр хэнийг ч хүргэж өгч болохгүй.

  • Зөвшөөрөгдсөн километрийн зайд багтаан автомашинаа ашигла.

  • Гүйлт хэмжигч юм уу автомашинд суулгасан аюулгүйн хэрэгслийг бүү оролд.

  • Автомашинаа цэвэрхэн, эвдрэл гэмтэлгүй байлга.

  • Хэрэв та осолд орвол, автомашины урд талын хайрцагт байх What to Do If You Have an Accident гарын авлагыг үзнэ үү. Аюулгүй болмогц номлолын унаа зохицуулагчтай холбоо барь.

Автомашины аюулгүй байдлын талаар нэмэлт мэдээлэл авахын тулд энэ видео бичлэгийг үзнэ үү.

7.10.4.

Нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах

Нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах үедээ:

  • Зөвхөн номлолд тань зөвшөөрөгдсөн нийтийн тээврийн хэрэгсэл ашигла.

  • Өөрийн явдаг хэсгийн нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлтэй танилц.

  • Боломжтой бол жолоочтой ойр суу. Хэрэв цүнхээ урдаа барих нь аюулгүй бол урдаа барь.

7.11.

Санваарын ёслол ба адислал

Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэхдээ дараах ерөнхий удирдамжийг ашигла. Энэ хэсэг дэх мэдээллийг Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010) гарын авлагын 20-р бүлгээс эмхэтгэн авсан болно.

Тэмдэглэл: Дараах хэсгүүдэд тайлбарласны дагуу, зарим ёслолыг зохих санваарын түлхүүрийг атгадаг тэргүүлэх эрх мэдэлтэн зөвшөөрсөн байх ёстой.

7.11.1.

Санваараар удирдах: Мелкизедек санваартанд зориулсан ерөнхий удирдамж

Мелкизедек санваартнууд үргэлж Ариун Сүнстэй байх зохистой байж мөн Түүгээр удирдуулахыг үргэлж хичээх ёстой. Тэд ёслол, адислал бүр дараах шаардлагуудыг хангах ёстойг анхаарч, хүндэтгэлтэйгээр гүйцэтгэх ёстой. Үүнд:

  1. Үүнийг Есүс Христийн нэрээр гүйцэтгэх ёстой.

  2. Үүнийг санваарын эрх мэдлээр гүйцэтгэх ёстой.

  3. Тусгайлан заасан үг хэллэг, ариулан адисалсан тос зэргийг хэрэглэн, шаардлагатай үйл явцын дагуу гүйцэтгэх ёстой.

  4. Энэ бүлэгт буй заавруудын дагуу, шаардлагатай бол зохих түлхүүрүүдийг эзэмшдэг тэргүүлэх эрх мэдэлтэн (ихэвчлэн бишоп, гадасны ерөнхийлөгч эсвэл номлолын ерөнхийлөгч) үүнд зөвшөөрөл олгох ёстой.

Санваарын адислал өгч байгаа хүмүүс (“Би [эсвэл бид] таныг … адисалж байна” гэх мэт) адислалын үгсийг хэлэх бөгөөд залбирлын үгсийг (“Тэнгэрлэг Эцэг минь ээ, энэ хүнийг … адислаач” гэх мэт) хэлэхгүй.

Ёслол, адислалуудад хэд хэдэн ах оролцож байгаа тохиолдолд хүн бүр баруун гараа тухайн хүний толгой дээр зөөлөн тавьж (эсвэл адислал авч байгаа нялх хүүхдийг доороос нь барьж), зүүн гараа зүүн талдаа байгаа ахын мөрөн дээр тавина.

Зохих санваартай, зохистой ах нар л ёслол, адислалыг гүйцэтгэж болно. Бишоп, гадасны ерөнхийлөгч Сүнсээр удирдуулан, ариун сүмд орохуйц бүрэн зохистой биш санваартан ах нарт зарим ёслол, адислалыг гүйцэтгэх эсвэл үүнд оролцох зөвшөөрлийг өгч болдог (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь, 20.1.2-ыг үзнэ үү).

Гэр бүл, найз нөхөд, удирдагчид гээд олон хүнийг ёслол, адислалд оролцуулахаар урихыг дэмждэггүй. Яагаад гэвэл, энэ нь зарим хүнд хачирхалтай харагдаж мөн ёслолыг гүйцэтгэхэд биечлэн оролцоход эвгүй байж магадгүй.

7.11.2

Баптисм хүртээх

Номлолын ерөнхийлөгч хөрвөгчдөд баптисм хүртээх түлхүүрүүдийг эзэмшдэг. Тэргүүлэх эрх мэдэлтний удирдлаган доор зохистой прист эсвэл Мелкизедек санваартан баптисмын ёслолыг гүйцэтгэж болно. Үүнийг гүйцэтгэхийн тулд тэрээр:

  1. Баптисм хүртэж байгаа хүнтэй хамт усан дотор орж зогсоно.

  2. Уг хүний баруун бугуйг зүүн гараараа (тухтай мөн аюулгүй байдлын үүднээс) барина. Баптисм хүртэж байгаа хүн санваартны зүүн бугуйг зүүн гараараа барина.

  3. Баруун гараа тэгш өнцөг гарган өргөнө.

  4. Уг хүний бүтэн нэрийг хэлээд, “Есүс Христийн итгэмжилснээр би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна. Амен” Сургаал ба Гэрээ 20:73-ыг үзнэ үү) гэж хэлнэ.

  5. Уг хүнд хамраа баруун гараараа чимхэх (дөхөмтэй байлгахын тулд) боломж олго. Санваартан баруун гараа уг хүний нуруун дээр тавьж, уг хүнийг бас хувцсыг нь усанд бүрэн умбуулна.

  6. Уснаас гарч ирэхэд нь тухайн хүнд тусална.

Гарын авлага 2: Сүмийг удирдах нь, 20.3.7-д тодорхойлсноор, хоёр гэрч нь баптисм бүрийг зөв гүйцэтгэж байгаа эсэхийг бататгана. Хэрэв үгс нь Сургаал ба Гэрээ 20:73-т өгөгдсөнтэй яг таараагүй, тухайн хүний биеийн эсвэл хувцасны аль нэг хэсэг усанд бүрэн ороогүй бол баптисмыг дахин үйлдэх ёстой.

7.11.3.

Гишүүнээр батлах

Номлолын ерөнхийлөгч хөрвөгчдийг гишүүнээр батлах түлхүүрүүдийг эзэмшдэг. Гэхдээ бишоп бүх гишүүний баталгааны гүйцэтгэлд хяналт тавина. Хөрвөгчдийг оршин суудаг газрынх нь тойргийн ариун ёслолын цуглаан дээр, болж өгвөл баптисм хүртсэний дараах ням гарагт гишүүнээр баталж байгааг тэрээр баталгаажуулна. Хөрвөгчдийг баптисмын ёслол дээр гишүүнээр баталдаггүй.

Нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан гишүүнээр батлахад оролцож болно. Тэд гараа уг хүний толгой дээр зөөлөн тавина. Тэгээд ёслол гүйцэтгэж байгаа хүн:

  1. Уг хүний овог нэрийг хэлнэ.

  2. Мелкизедек санваарын эрх мэдлээр ёслолыг гүйцэтгэж байгаагаа хэлнэ.

  3. Тухайн хүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батална.

  4. “Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэж хэлнэ (“Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна уу” гэхгүй).

  5. Сүнсний удирдамжаар адислалын үгсийг нэмж хэлнэ.

  6. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

7.11.4.

Тосыг ариулан адислах

Нэг юм уу түүнээс дээш Мелкизедек санваартан өвчтэй эсвэл зовж шаналсан хүмүүст чидуны тосыг түрхэж хэрэглэхээсээ өмнө үүнийг ариулан адислах ёстой. Өөр тос ашиглаж болохгүй. Тосыг ариулан адислахын тулд санваартан:

  1. Чидуны тосны онгойлгосон савыг гартаа барина.

  2. Тэнгэрлэг Эцэгт хандана.

  3. Тэрээр Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  4. Тосыг ариулан (савыг нь биш), өвдсөн болон зовж шаналсан хүмүүсийг тосолж, адислахын тулд онцгойлон адисална.

  5. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

7.11.5.

Өвчтэй, зовлонтой хүмүүсийг адислах

Есүс Өөрийн төлөөлөгчдөд “чөтгөрүүдийг зайлуулах, өвчнийг эдгээх” (Марк 3:15) эрх мэдлийг өгсөн. Мелкизедек санваартнууд үүнтэй адил эрх мэдэлтэй. Энэ бэлгийг зөв зохистойгоор, ойр ойрхон ашигла.

Зөвхөн Мелкизедек санваартнууд өвдсөн эсвэл зовж шаналсан хүмүүсийг адисалж болно. Ерөнхийдөө хоёр эсвэл түүнээс олон санваартан өвчтэй хүнийг адисалдаг боловч шаардлага гарвал нэг хүн тослох, лацдахын аль алиныг ганцаараа гүйцэтгэж болно.

Хэрэв ариулан адисалсан тос байхгүй бол тос түрхэлгүйгээр санваарын эрх мэдлээр адислал өгч болно.

Ер нь Мелкизедек санваартай зохистой нөхөр эсвэл эцэг нь гэр бүлийнхээ өвчтэй гишүүдийг адислах ёстой.

Ах нар өвчтэй хүний хүсэлтээр эсвэл уг хүнд маш ойр дотно хүмүүсийн хүсэлтээр өвчтөнийг адислах ёстой бөгөөд тийн үйлдсэнээр адислал нь тэдний өөрсдийн итгэлийн дагуу биелэх болно. Эмнэлэгт очиж байгаа Мелкизедек санваартнууд өвчтэй хүмүүсийг адислах боломжийг гуйх ёсгүй.

Хэрэв хүн нэг ижил өвчиндөө нэгээс илүү адислал авахыг хүсвэл санваартан эхний адислалаас хойш дахин тос түрхэх хэрэггүй. Үүний оронд тэрээр гар тавилтаар, Мелкизедек санваарын эрх мэдлээр адислал өгнө.

Өвчтөнийг адислах нь (1) ариулсан тосоор тослох, (2) түрхсэн тосоо лацдах гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

Ариулсан тосоор тослох

Мелкизедек санваартан тос түрхэнэ. Тэр:

  1. Тухайн хүний толгой дээр ариулан адисалсан тос дусаана.

  2. Уг хүний толгой дээр гараа зөөлөн тавьж, бүтэн овог нэрээр нь дуудна.

  3. Тэрээр Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  4. Өвдсөн болон зовж шаналсан хүмүүсийг тосолж, адислахад зориулан ариулан адисалсан тосоор тосолж байгаагаа хэлнэ.

  5. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Тосолгоог лацдах

Ерөнхийдөө, тосолгоог лацдахын тулд нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан уг хүний толгой дээр гараа зөөлөн тавина. Гэхдээ шаардлагатай бол нэг Мелкизедек санваартан уг адислалыг ганцаараа гүйцэтгэж болно. Тосолгоог лацдахдаа Мелкизедек санваартан:

  1. Тухайн хүнийг овог нэрээр нь дуудна.

  2. Мелкизедек санваарын эрх мэдлээр уг түрхсэн тосыг лацдаж байгаагаа хэлнэ.

  3. Сүнсний удирдамжаар адислалын үгсийг нэмж хэлнэ.

  4. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

7.11.6.

Тайтгаруулах болон зөвлөгөө өгөх адислал

Мелкизедек санваартнууд хүссэн хүмүүст тайтгаруулах, зөвлөгөө өгөх адислал өгч болно. Ийм адислал өгөхдөө нэг эсвэл түүнээс олон санваартан уг хүний толгой дээр гараа зөөлөн тавина. Тэгээд адислал өгч буй санваартан:

  1. Уг хүнийг овог нэрээр нь дуудна.

  2. Мелкизедек санваарын эрх мэдлээр адислалыг гүйцэтгэж байгаагаа хэлнэ.

  3. Сүнсний удирдамжаар адислалын үгсийг нэмж хэлнэ.

  4. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Гишүүдийг адисалж байгаа номлогчид уг адислалын талаар тухайн гишүүний бишопт биеэр мэдүүлж эсвэл ахлагчдын чуулгын ерөнхийлөгч юм уу тойргийн номлолын удирдагчаар дамжуулан цааш бишопт мэдэгдэнэ.